Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Өлзиймэндийн Болорчимэг |
Хэргийн индекс | 128/2023/0454/З |
Дугаар | 128/ШШ2024/0414 |
Огноо | 2024-05-14 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 128/ШШ2024/0414
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, шүүгч Д.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Ү*******
Хариуцагч: Нийслэлийн Дотоод аудитын алба,
Гуравдагч этгээд: Ч.Г нарын хоорондын төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч О.Э, нэхэмжлэгч Д.Ү*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Лхамноров нар оролцов.
Хэргийн индекс: 128/2023/0454/3
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч Д.Ү******* нь Нийслэлийн дотоод аудитын газрын даргын Ч.Г******* томилсон 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/04 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Нийслэлийн дотоод аудитын албаны Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалт явуулах захиалгыг хүргүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, захиалгыг Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлд хүргүүлэхийг Нийслэлийн дотоод аудитын албанд даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
2. Хэргийн үйл баримт, процессын түүх:
2.1 Нийслэлийн дотоод аудитын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/05 дугаартай тушаалаар тус байгууллагын бүтэц, орон тоо, зохион байгуулалтын нэгжийн чиг үүрэг өөрчлөгдсөн гэх үндэслэлээр Ч.Г******* Санхүүгийн аудитын хэлтсийн даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
2.2. Улмаар нэхэмжлэгч Д.Ү*******г Нийслэлийн дотоод аудитын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/08 дугаартай тушаалаар байгууллагын бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн төрийн албаны хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах шаардлагыг харгалзан төрийн албан хаагчийн тусгай шалгалт зохион байгуулж, томилох хүртэл Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргаар томилсон.
2.3. Иргэн Ч.Г нь Санхүүгийн аудитын хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн Б/05 дугаартай шийдвэрийн эсрэг тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2020/0738 дугаартай шийдвэрээр Б/05 дугаартай захиргааны актыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.
2.4. Дээр дурдсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх үндэслэлээр Нийслэлийн дотоод аудитын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/03 дугаартай тушаал гарч, уг тушаалаар 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/08 дугаартай тушаалыг дуусгавар болгон Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан үүрэг түр орлон гүйцэтгэгч Д.Ү*******г албан үүргээс нь чөлөөлсөн.
2.5. Харин Нийслэлийн дотоод аудитын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/04 дугаартай тушаал гарган Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд урьд нь Санхүүгийн аудитын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Г******* 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн томилжээ.
2.6. Нэхэмжлэгч Д.Ү******* нь Нийслэлийн дотоод аудитын газрын Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан үүрэг түр орлон гүйцэтгэгчээр томилсон Нийслэлийн дотоод аудитын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/08 дугаартай тушаалыг дуусгавар болгосон мөн газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/03 дугаартай тушаалтай маргасан.
2.7. Дээрх захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2021/0622 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 47 дугаартай магадлалаар нэхэмжлэгч Д.Ү*******гаас гаргасан Нийслэлийн дотоод аудитын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг ханган уг тушаалыг хүчингүй болгож, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.
2.8. Үүний дараа хариуцагч захиргааны байгууллага нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 47 дугаартай магадлалыг биелүүлж, Нийслэлийн дотоод аудитын албаны даргын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/18 дугаартай тушаалаар Нийслэлийн дотоод аудитын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгосон.
2.9. Нэхэмжлэгч Д.Ү******* нь Төрийн албаны зөвлөлд өргөдөл гаргасны дагуу Төрийн албаны зөвлөлөөс 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 15/58 дугаар албан бичгээр ...Нийслэлийн Дотоод аудитын албаны Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалын сул орон тооны мэдээлэл, сонгон шалгаруулалтын захиалга Салбар зөвлөлд одоогоор ирээгүй байна. гэх хариу өгсөн.
2.10. Мөн нэхэмжлэгч Д.Ү*******д Нийслэлийн Дотоод аудитын албанаас 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 1/50 дугаар албан бичгээр Тус албаны Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаал дээр сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлд хүргүүлэх хуульд заасан үндэслэл бүрдээгүй байх тул танаас ирүүлсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй болохыг мэдэгдье гэх хариу хүргүүлжээ.
2.11. Нэхэмжлэгч Д.Ү******* дээрх хариуг эс зөвшөөрч шүүхэд 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.
3. Нэхэмжлэгч Д.Ү******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ:
3.1. Д.Ү******* миний бие 2023 оны 01 сарын 10-ны өдөр Нийслэлийн Дотоод аудитын албанд "Нийслэлийн Дотоод аудитын албаны Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтыг зарлаж өгөх"-ийг хүссэн өргөдөл гаргасан. Нийслэлийн Дотоод аудитын алба нь 2023 оны 03 сарын 09-ны өдөр 1/50 дугаар албан бичгээр "Тус албаны Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаал дээр сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлд хүргүүлэх хуульд заасан үндэслэл бүрдээгүй байх тул танаас ирүүлсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй болохыг мэдэгдье" гэсэн хариу өгсөн.
3.2. Мөн миний бие Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлд "Нийслэлийн Дотоод аудитын албаны Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтыг зарлаж өгөх"-ийг хүссэн өргөдөл гаргасан бөгөөд Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөл нь 2023 оны 02 сарын 15-ны өдрийн 15/58 дугаар албан бичгээр "... Нийслэлийн Дотоод аудитын албаны Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалын сул орон тооны мэдээлэл, сонгон шалгаруулалтын захиалга Салбар зөвлөлд одоогоор ирээгүй байна." гэсэн хариу өгсөн.
3.3. Нийслэлийн Дотоод аудитын алба нь тус албаны Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалын сул орон тооны мэдээлэл, сонгон шалгаруулалтын захиалгыг Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлд хүргүүлэхгүй байгаа болно.
3.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4.захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох" гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3.5. Иймд Нийслэлийн Дотоод аудитын албаны Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалын тусгай шалгалтыг зарлан, зохион байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлд хүргүүлэхийг Нийслэлийн Дотоод аудитын албанд, Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтыг зохион байгуулахыг Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлд тус тус даалгаж өгнө үү. гэжээ.
4. Нэхэмжлэгч Д.Ү******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, түүний үндэслэлдээ:
4.1. Д.Ү******* миний бие Нийслэлийн дотоод аудитын газрын Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргаар /төрийн албаны хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах шаардлагыг харгалзан төрийн албан хаагчийн тусгай шалгалт зохион байгуулж, томилох хүртэл/ ажиллаж байтал Нийслэлийн дотоод аудитын газрын дарга Б.Ж******* нь 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Б/03 дугаар тушаал гарган, намайг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн. Миний бие Захиргааны хэргийн шүүхэд хандсан ба Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 47 дугаар Магадлалаар Нийслэлийн дотоод аудитын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн намайг ажлаас чөлөөлсөн Б/03 дугаар тушаал үндэслэлгүй болохыг тогтоож, хүчингүй болгосон. Нийслэлийн дотоод аудитын газар нь уг Магадлалд гомдол гаргаж, Улсын дээд шүүхэд хандсан ба Улсын дээд шүүх хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж, магадлалыг хэвээр үлдээсэн.
4.2 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 сарын 09-ний өдрийн 128/ГХ2022/0257 дугаар Гүйцэтгэх хуудас, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 6 сарын 20-ны өдрийн "Шүүхийн шийдвэр биелүүлэх талаар" 4-218/12593 дугаар албан бичиг, Нийслэлийн дотоод аудитын албаны даргын 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн "Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай" А/18 дугаар тушаалаар Нийслэлийн дотоод аудитын газрын даргын намайг ажлаас чөлөөлсөн Б/03 дугаар тушаал хүчингүй болсон Хүчингүй болсон 2021 оны 02 сарын 04-ний өдрийн Б/03 дугаар ...Нийслэлийн дотоод аудитын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/08 дугаар тушаалыг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөр дуусгавар болгож, Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан үүрэг түр орлон гүйцэтгэгчийн албан үүргээс Д. Ү*******г чөлөөлсүгэй." гэсэн ба Б/03 дугаар тушаал хүчингүй болсон болохоор Д.Ү*******г томилсон 2020 оны 01 сарын 31-ний өдрийн Б/08 дугаар тушаал хүчинтэй юм.
4.3 Миний бие Нийслэлийн дотоод аудитын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/08 тушаалын дагуу ажил үүргээ үргэлжлүүлэн хийх хүсэлт гаргасан боловч Нийслэлийн дотоод аудитын алба нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 1/94 дүгээр албан бичгээр "...ажилд үргэлжлүүлэн ажиллуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг үргэлжлүүлэн олгох үндэслэлгүй..." гэсэн хариу өгсөн.
4.4 Мөн Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөл болон Нийслэлийн Дотоод аудитын албанд "Нийслэлийн Дотоод аудитын албаны Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтыг зарлаж өгөх"-ийг хүсэн өргөдөл гаргасан. Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөл 2023 оны 02 сарын 15-ны өдрийн 15/58 дугаар албан бичигтээ "... Нийслэлийн Дотоод аудитын албаны Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалын сул орон тооны мэдээлэл, сонгон шалгаруулалтын захиалга Салбар зөвлөлд одоогоор ирээгүй байна." гэсэн хариу өгсөн. Мөн Нийслэлийн Дотоод аудитын алба нь 2023 оны 03 сарын 09-ны 1/50 дугаар албан бичигтээ "... танаас ирүүлсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй болохыг мэдэгдье" гэсэн хариу өгсөн.
4.5 Нийслэлийн Дотоод аудитын албаны Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалын тусгай шалгалтыг зарлан, зохион байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, тусгай шалгалтыг зарлан зохион байгуулахыг Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөл, Нийслэлийн Дотоод аудитын албанд даалгах нэхэмжлэл гаргасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2023/0555 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
4.7 Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 сарын 08-ны өдрийн 221/МА2023/0503 дугаар Магадлалын 5 дугаар нүүр 2.9 "...Д. Ү*******г Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон НДАГ-ын даргын 2020.01.31-ний өдрийн Б/08 дугаар тушаал....хүчин төгөлдөр гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий энэ тохиолдолд НДАА-ны АХШХ-ийн даргын албан тушаалын тусгай шалгалтыг зарлан зохион байгуулах боломжтой эсэх, энэ хэрэгт гаргасан шаардлага хангагдсанаар нэхэмжлэгчийн зөрчигдөн гэх эрх нь хэрхэн яаж сэргэх нь ойлгомжгүй байна. 2.10 ... дээрх тушаалууд аль аль нь хүчин төгөлдөр байгаа дээрх тохиолдолд тухайн албан тушаал дээр тусгай шалгалт зарлан зохион байгуулах боломжгүйгээс гадна.... 2.11... эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж маргаж буй этгээдийн хувьд эрх нь сэргэж болохуйц байх ёстой. гэсэн.
4.8. Ч.Г******* НДАА-ны Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд томилсон 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/04 дугаар тушаал хууль бус болох талаар: Нийслэлийн Засаг даргын захирамжаар Нийслэлийн Дотоод аудитын газрын Санхүүгийн аудитын хэлтэс, Гүйцэтгэлийн нийцлийн аудитын хэлтсүүдийг нэгтгэн Аудит, хяналт шалгалтын хэлтэс болгон өөрчилсөн. Бүтцийн өөрчлөлтөөр шинээр бий болсон Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2020/0738 дугаар шийдвэрийг гуйвуулан Ч.Г******* Тусгай шалгалт зарлахгүйгээр шүүхийн шийдвэрээр гэж томилсон нь дараах зүйлийг зөрчсөн.
4.9. Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн 2020 11.06-ны өдрийн 128/ШШ2020/0738 дугаар шийдвэр нь Ч.Г******* томил гэж шийдээгүй, Ч.Гын ажиллаж байсан Санхүүгийн аудитын хэлтэс нь Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу бүтцийн өөрчлөлтөөр татан буугдсан. Бүтцийн өөрчлөлтөөр шинээр бий болсон Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд Ч.Г нь тусгай шалгалт өгөөгүй. Ч.Г нь Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан "Дотоод аудитын дүрэм"-ийн 4.4. "Дотоод аудитор нь санхүү, нягтлан бодох бүртгэл, эдийн засаг, эрх зүйн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй...байна" заалтыг хангахгүй буюу Магистрын зэрэггүй. Ч.Г нь Төрийн албаны зөвлөлөөс албан ёсоор баталсан Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын Албан тушаалын тодорхойлолтын III. АЛБАН ТУШААЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА "Боловсрол-Магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй, Туршлага-төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх" тавигдах шаардлагыг хангахгүй. Ч.Г******* Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23.5 дахь хэсэгт заасны дагуу хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулалгүйгээр Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргаар томилсон. Ч.Г нь аливаа зүйлийг гуйвуулан өөрийн эрх ашгийн төлөө гуйвуулан ашигтайгаар шийдвэрлүүлдэг. Тухайлбал: 2016 онд Ч.Г Ажлын байранд тавигдах шаардлагын "Дээд боловсролын магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх" заалтыг хангаж чадахгүй болонгуут Бакалавр болгон түүнд тохируулан өөрчилж, аудитораас ахлах аудиторыг алгасуулан хэлтсийн даргаар томилсон. 2020 онд Ахлах аудитораар ажиллах санал тавихад хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг өгөлгүйгээр чөлөөлөгдөж, НДАА-аас 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авчхаад халсан гэж шүүхэдсэн. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 06-ны өдрийн 128/ШШ2020/0738 дугаар шийдвэрийн дагуу гэж шүүхийн шийдвэрийг гуйвуулан Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ч.Г******* Аудит, хяналт Шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон гэж гуйвуулан томилсон. Үүний дагуу Чингэлтэй дүүргийн Иргэний шүүхэд хандан 2021 оны 05 сарын өдрийн 25-ны өдрийн 182/ШШ2021/01156 дугаар шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны олговорт 18,903,406 төгрөгийг Ч.Г авсан. Дээр үйлдлүүд нь Шүүх хурал дээр У.Б******* шүүгчийн "... дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж байгаа нь Ч.Гын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байгаа гэсэн үг биш бөгөөд тушаал хүчингүй болох нь Ч.Г******* эргүүлэн томилох үндэслэл болохгүй." гэж онцгой анхааруулж хэлснийг зөрчсөн. /Шүүх хурлын аудио бичлэг ЗХАШШ байгаа байх/
4.10. Мөн шүүх Ч.Г******* томил гэж шийдээгүйг Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 47 дугаар Магадлалын ХЯНАВАЛ... 11 дүгээр нүүр 3.7. Үүнээс дүгнэхэд маргаан бүхий Б/03 дугаар тушаал гарах үндэслэл болсон шүүхийн шийдвэрээр гуравдагч этгээд Ч.Г******* маргаан бүхий Аудит, хяналтын хэлтсийн даргын албан тушаалд шууд томилох, түүнийг уг албан тушаалд томилсонтой холбоотойгоор нэхэмжлэгч Д.Ү*******г маргаан бүхий албан тушаалаас чөлөөлөх агуулгаар гараагүй, "Ч.Гын мэргэшлийн түвшин нь тухайн албан тушаалыг эрхлэх шаардлагыг хангахгүй болсон эсэхийг тогтоох, нэхэмжлэгчээс өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалынх нь орон тоо хасагдсан... гэдгийг төрийн алба мэргэшсэн тогтвортой байх, ил тод байх, захирах, захирагдах ёсны, төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах үүднээс бодит байдал дээр ямар байсан бэ гэдгийг тогтоох, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д ... гэж заасныг хариуцагчаас тодорхой болгох" замаар дахин шинэ захиргааны акт гаргахыг даалгасан агуулгаар гарсан байна.
4.11. Гэтэл хариуцагчаас шүүхийн шийдвэрийн агуулгаас өөрөөр уг шийдвэрийг биелүүлж, бүтэц орон тоо өөрчлөгдөхөөс өмнө Санхүүгийн аудитын хэлтсийн даргаар ажиллаж байсан гуравдагч этгээд Ч.Г******* маргаан бүхий шинэ албан тушаал болох Аудит, хяналтын хэлтсийн даргаар шууд томилон, маргаан бүхий албан тушаалд Ч.Г******* томилсонтой холбогдуулан нэхэмжлэгч Д.Ү*******г томилсон тушаалыг дуусгавар болгож, түүнийг албан үүргээс чөлөөлсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т "Захиргааны шүүхийн шийдвэрийг захиргааны байгууллага заавал биелүүлэх", Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д "захиргааны шийдвэр зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх", мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д заасан "захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах, оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох" зэрэг хуулийн заалттай тус тус нийцээгүй байна.
4.12. Ийнхүү маргаан бүхий Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгосны эрх зүйн дагаврыг хариуцагчаас биелүүлэхдээ Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 738 дугаар шийдвэрийг биелүүлж, маргаан бүхий албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д заасны дагуу нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын чадвар, ажлын дадлага зэргийг харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авахаар байгааг дурдах нь зүйтэй." гэсэн нь харуулж байна. Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гуйвуулан, тавигдах шаардлага хангахгүй Ч.Г******* тыусгай шалгалт зарлахгүйгээр шууд томилсон.
4.13. 2016 онд Ч.Г******* мөн хэлтсийн даргын Ажлын байранд тавигдах шаардлагын "Дээд боловсролын магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх" заалтыг хангаж чадахгүй болонгуут Бакалавр болгон түүнд тохируулан өөрчилж, аудитораас ахлах аудиторыг алгасуулан Санхүүгийн аудитын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж байсан. Үүнийг Авлигатай тэмцэх газрын 2021 оны 05 дугаар сарын 27-ний өдрийн 05/5780 албан бичигт "...2018 онд Нийслэлийн дотоод аудитын газрын тухайн үеийн дарга нь дээрх журамд заасан шаардлагыг хангаагүй Ч.Гын боловсролын зэрэгт албан тушаалын тодорхойлолтыг тохируулан боловсруулж, удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад оруулсан. Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөл ажлын байрны тодорхойлолтыг нягтлан хянаагүйн улмаас шаардлага хангаагүй этгээдийг удирдах албан тушаалд томилсон, түүнчлэн ажлын байрны тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлөөр батлуулаагүй асуудлыг ... харьяаллын дагуу Төрийн албаны зөвлөлд шалгуулахаар 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 05/3784 дугаар албан бичгээр шилжүүлсэн." гэсэн нь нотолж байна.
4.14. Төрийн албаны зөвлөлийн АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэст 2021.06.07-ний өдөр хүргүүлсэн 03/1356 дугаар албан бичигт "Нийслэлийн Нийслэлийн дотоод аудитын газрын Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолтыг батлах зөвшөөрлийг Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 07 дугаар тогтоолоор олгосон. Тухайн албан тушаалын тодорхойлолтод Төрийн албаны тухай хууль болон "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолд заасан тусгай шаардлагыг бүрэн тусгасан болно." гэсэн. Ч.Г гэх шаардлага хангахгүй этгээдийг ажиллуулахын тулд 2015 онд гарсан дүрмийн заалтыг 2020 онд буюу 5 жилийн дараа баталсан байна.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
5.1. Нийслэлийн Дотоод аудитын албанд холбогдуулан гаргасан Д.Ү*******гийн нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нийслэлийн Дотоод аудитын албаны Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалын тусгай шалгалтыг зарлан, зохион байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, уг албан тушаалын шалгалтыг зарлан зохион байгуулахыг Нийслэлийн Дотоод аудитын албанд даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд тус албаны Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаал дээр сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлд хүргүүлэх хуульд заасан үндэслэл бүрдээгүй байгаа юм.
5.2. Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж томилохдоо 27.1.1. төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс нөхөх зохицуулалттай байдаг. "Сул орон тоо" гэж төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан, өөр албан тушаалд сонгогдсон, томилогдсон, эсхүл төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын орон тоо суларсан байхыг хэлдэг. ) Гэтэл маргаан бүхий албан тушаал дээр албаны даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн "Ч.Г******* албан тушаалд эгүүлэн томилох тухай" Б/04 дүгээр тушаалаар холбогдох хууль, тогтоомжийн дагуу томилогдсон төрийн жинхэнэ албан хаагч Ч.Г ажиллаж байна.
5.3. Ч.Г нь Нийслэлийн дотоод аудитын алба /хуучин нэрээр/-ны Санхүүгийн аудитын хэлтсийн даргаар 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ажиллаж байгаад, Төрийн албаны тухай хуулийн 45.1.2, 45.1.3, 62.1.4 дэх үндэслэлээр Нийслэлийн дотоод аудитын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.С*******ийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Улмаар Ч.Г нь ажлаас чөлөөлсөн тушаал /захиргааны акт/-ыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөл, цаашлаад Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.
5.4. Ч.Гын нэхэмжлэлтэй Нийслэлийн Дотоод аудитын газарт холбогдох захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 11 дугаар хянан хэлэлцээд 128/ШШ2020/07/2020 маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж, 3 сарын дотор шинээр захиргааны акт гаргаж шийдвэрлэхийн даалгасан болно. Ийнхүү Ч.Гын ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлтэй хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрт зохигчид, тэдгээрийн төлөөлөгчид гомдол гаргаагүйн улмаас хуулийн хүчин төгөлдөр болсон болно.
5.5. Нэгэнт хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд, албан тушаалтан заавал биелүүлэх үүрэгтэй тул Ч.Г******* төрийн албанаас чөлөөлсөн асуудлыг нягтлан шалгаж, улмаар сонсох ажиллагаа явуулсны үр дүнд Ч.Г******* үндэслэлгүйгээр төрийн албанаас чөлөөлж, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байсан тул 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/04 дүгээр тушаалаар Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргаар томилох шийдвэрийг гаргасан.
5.6. Төрийн албаны тухай хууль тогтоомж зэрэг холбогдох үндэслэл, нөхцөл байдлуудыг судалсны үндсэн дээр Я.С*******ийн 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн Ч.Г******* ажлаас чөлөөлөх тухай Б/05 дугаар тушаалыг залруулан 2021 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн Б/03 дугаар тушаалаар Д.Ү*******г түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас чөлөөлж Ч.Г******* 2021 оны 2 дугаар сарын 04- ний өдрийн Б/04 дүгээр тушаалаар Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргаар томилсон болно.
5.7. Мөн Ч.Г******* тухайн үеийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн дагуу газрын даргын 2016 оны 12 сарын 26-ны өдрийн Б/24 дугаар тушаалаар Санхүүгийн аудитын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх Салбар зөвлөлийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 79 дүгээр тогтоолоор нэр дэвшүүлж, Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын 2018 оны 05 сарын 25-ны өдрийн Б/14 дугаар тушаалаар Санхүүгийн аудитын хэлтсийн даргын албан тушаалд томилсон, Ч.Г нь тухай үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хууль /2002 оны/, Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам"-д заасны дагуу удирдах албан тушаалын шалгалтыг өгч, тухайн албан тушаалд нэр дэвшин томилогдсон төрийн жинхэнэ албан хаагч юм.
5.8. Иймд тус албаны Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаал дээр сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлд хүргүүлэх хуульд заасан үндэслэл бүрдээгүй байх тул Д.Ү*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
6. Гуравдагч этгээд Ч.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
6.1. А******* тайж овгийн Ч******* Г миний бие 2001 оноос хойш Нийслэлийн санхүүгийн хяналт шалгалтын газрын харьяа Сүхбаатар дүүргийн Санхүүгийн хяналт шалгалтын тасаг, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Дотоод аудитын албанд санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч, улсын ахлах байцаагч, хэлтсийн ахлах, хэлтсийн даргаар 20 гаруй жил тасралтгүй санхүүгийн хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
6.2. Нийслэлийн дотоод аудитын газрын даргын 2016 оны 12 сарын 26-ны өдрийн Б/24 дугаар тушаалаар Санхүүгийн аудитын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хууль /2002 оны/, Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан "Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам"-д заасны дагуу удирдах албан тушаалын сонгон шалгаруулах шалгалтыг өгч тэнцэн Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх Салбар зөвлөлийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 79 дүгээр тогтоолоор тухайн албанд /хэлтсийн даргын/ нэр дэвшиж, Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын 2018 оны 05 сарын 25-ны өдрийн Б/14 дугаар тушаалаар Санхүүгийн аудитын хэлтсийн даргын албан тушаалд жинхлэн томилогдсон. Мөн 2019 оны онд Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан "Ахлах түшмэл"-ийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдсан.
6.3. Төсвийн тухай хууль 2012 онд батлагдаж, 2013 оны 01 дүгээр сарын 01- нээс хэрэгжиж эхэлснээс хойш Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.- т: "Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна." гэсэн заалтад нэг ч өөрчлөлт ороогүй, хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
6.4. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3. Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна, 11.1. Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий эдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно. гэж тус тус заасан.
6.5. Гэтэл Нийслэлийн дотоод аудитын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч захиргааны хэлтсийн дарга Я.С******* 10 албан үүргийг түр орлон өөрийн хамаарал бүхий Д.Ү*******г /нэхэмжлэл гаргагч/ ажилд авахын тулд 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар дээрх хуулиудын заалтыг зөрчин илт хууль бусаар намайг ажлаас чөлөөлсөн. Миний бие энэ шийдвэрийг зөвшөөрөлгүй Төрийн албаны зөвлөлд хандсан.
6.6. Төрийн албаны зөвлөл дээрх тушаал хууль эрх зүйн үндэслэлгүй байна гэсэн тогтоол гаргасан. Үүний дараа миний бие Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, шийдвэрлүүлсэн. Энэхүү шүүхийн шийдвэрийн дагуу дахин сонсох ажиллагаа явуулж Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын 2021 оны 02 сарын 04-ний өдрийн Б/04 дугаар тушаалаар Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажилдаа эгүүлэн томилогдсон. Миний бие Нийслэлийн дотоод аудитын албаны Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд хуулийн дагуу шалгалтаа өгч тэнцээд томилогдсон, Төрийн албаны хуульд заасны дагуу 2019 онд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдсан, шүүхийн шийдвэрийн дагуу хэлтсийн даргын албан тушаалд эргэн томилогдсон, сул орон тоо байхгүй гэж үзэж байна Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
7. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжтой гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
2. Нэхэмжлэгчээс ...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 47 дугаар магадлалын дагуу Нийслэлийн дотоод аудитын албаны даргаас 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/18 дугаартай тушаал гарган Нийслэлийн дотоод аудитын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгосноор намайг Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргаар түр томилсон Нийслэлийн дотоод аудитын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/08 дугаартай тушаалын үйлчлэл сэргэсэн, ...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2020/738 дугаар шийдвэрийг Ч.Г******* томил гэж шийдээгүй байхад шүүхийн шийдвэрийг гуйвуулан томилсон нь хууль бус, ...энэ албан тушаалд нэхэмжлэгч нь тусгай шалгалт зарлагдах хүртэл томилогдсон, Ч.Г энэ албан тушаал дээр ажиллаад байгаа учраас нэхэмжлэгчийн эрх сэргэхгүй байна, ...одоог болтол тусгай шалгалт зарлаагүй, ...Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн дагуу энэ тушаалд төрийн албаны тусгай шалгалт зарлаж зохион байгуулахыг хариуцагч нараас шаардах эрхтэй гэж маргаж байна.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, Нийслэлийн дотоод аудитын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/05 дугаартай тушаалаар тус байгууллагын бүтэц, орон тоо, зохион байгуулалтын нэгжийн чиг үүрэг өөрчлөгдсөн гэх үндэслэлээр Ч.Г******* Санхүүгийн аудитын хэлтсийн даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
4. Харин Нийслэлийн дотоод аудитын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/08 дугаартай тушаалаар нэхэмжлэгч Д.Ү*******г 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн төрийн албаны хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах шаардлагыг харгалзан төрийн албан хаагчийн тусгай шалгалт зохион байгуулж, томилох хүртэл тус газрын Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргаар томилсон.
5. Ч.Г нь захиргааны хэргийн шүүхэд Нийслэлийн дотоод аудитын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, тус газрын Аудит хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлс түүнтэй адилтгах олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гарган маргасан.
6. Уг маргааныг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2020/0738 дугаартай шийдвэрт ...энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллага Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлд зохицуулснаар нэхэмжлэгчийг мэргэшлийн түвшин нь тухайн албан тушаалыг эрхлэх шаардлагыг хангахгүй болсон эсэхийг тогтоож мөн хуулийн 45.2-д заасан бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргасан, эсхүл Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлд зохицуулснаар нэхэмжлэгчээс өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалынх нь орон тоо хасагдсан талаар дүгнэж 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг олгож төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг эдлүүлэхээр шийдвэр гаргасан гэдгийг ...бодит байдал дээр ямар байсан бэ гэдгийг шүүх тогтоох боломжгүй байна, ...Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах гэж заасныг хариуцагчаас хэрхэн хангасан нь тодорхой бус, уг заалтыг хэрэгжүүлэх боломжгүй тохиолдолд мөн хуулийн 62.1.4-д заасныг захиргаа авч хэрэгжүүлэх байсныг тэмдэглэх нь зүйтэй... гэж дүгнэж, маргаан бүхий тушаалыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн, хэргийн оролцогчдоос давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
7. Дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэх үндэслэлээр Нийслэлийн дотоод аудитын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/03 дугаартай тушаалаар Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан үүрэг түр орлон гүйцэтгэгч Д.Ү*******г томилсон 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/08 дугаартай тушаалыг дуусгавар болгон, түүнийг албан үүргээс нь чөлөөлж, мөн өдрөө Б/04 дугаартай тушаалаар Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд урьд нь Санхүүгийн аудитын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Г******* 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн томилсон.
8. Улмаар нэхэмжлэгч Д.Ү******* нь Нийслэлийн дотоод аудитын газрын Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан үүрэг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас чөлөөлсөн Нийслэлийн дотоод аудитын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/03 дугаартай тушаалыг хүчингүй болгуулаар шүүхэд нэхэмжлэл гарган маргасан, харин Ч.Г******* маргаан бүхий албан тушаалд томилсон Нийслэлийн дотоод аудитын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/04 дугаартай тушаалд тухайн үедээ маргаагүй байна.
9. Тухайн маргааныг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2021/0622 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 47 дугаартай магадлалаар нэхэмжлэгч Д.Ү*******гаас гаргасан Нийслэлийн дотоод аудитын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг ханган уг тушаалыг хүчингүй болгож, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
10. Дээрх магадлалд ...маргаан бүхий Б/03 дугаар тушаал гарах үндэслэл болсон шүүхийн шийдвэрээр гуравдагч этгээд Ч.Г******* маргаан бүхий Аудит, хяналтын хэлтсийн даргын албан тушаалд шууд томилох, түүнийг уг албан тушаалд томилсонтой холбоотойгоор нэхэмжлэгч Д.Ү*******г маргаан бүхий албан тушаалаас чөлөөлөх агуулгаар гараагүй, Ч.Гын мэргэшлийн түвшин нь тухайн албан тушаалыг эрхлэх шаардлагыг хангахгүй болсон эсэхийг тогтоох, нэхэмжлэгчээс өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалынх нь орон тоо хасагдсан ... гэдгийг төрийн алба мэргэшсэн тогтвортой байх, ил тод байх, захирах, захирагдах ёсны, төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах үүднээс бодит байдал дээр ямар байсан бэ гэдгийг тогтоох, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д ...гэж заасныг хариуцагчаас тодорхой болгох замаар дахин шинэ захиргааны акт гаргахыг даалгасан агуулгаар гарсан байна. Гэтэл хариуцагчаас шүүхийн шийдвэрийн агуулгаас өөрөөр уг шийдвэрийг биелүүлж, бүтэц орон тоо өөрчлөгдөхөөс өмнө Санхүүгийн аудитын хэлтсийн даргаар ажиллаж байсан гуравдагч этгээд Ч.Г******* маргаан бүхий шинэ албан тушаал болох Аудит, хяналтын хэлтсийн даргаар шууд томилон, маргаан бүхий албан тушаалд Ч.Г******* томилсонтой холбогдуулан нэхэмжлэгч Д.Ү*******г томилсон тушаалыг дуусгавар болгож, түүнийг албан үүргээс чөлөөлсөн нь ... хуулийн заалттай тус тус нийцээгүй байна. ...Ийнхүү маргаан бүхий Б/03 дугаар тушаалыг шүүхээс хүчингүй болгосны эрх зүйн дагаврыг хариуцагчаас биелүүлэхдээ Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 738 дугаар шийдвэрийг биелүүлж, маргаан бүхий албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д заасны дагуу нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авахаар байгааг дурдах нь зүйтэй. ...Энэхүү нэхэмжлэгчийг томилсон Б/08 дугаар тушаал гарахаас өмнө шинэ бүтцийн дагуу бий болсон маргаан бүхий Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зохион байгуулагдаагүй байх тул тухайн албан тушаалд түр томилогдсон, бүтэц өөрчлөгдөх үед ажиллаж байгаагүй зэргээс үл хамааран төрийн жинхэнэ албан хаагч нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д төрийн алба мэргэшсэн тогтвортой байх, 7.1.4-д Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах, 7.1.5-д төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах зэрэг зарчмын дагуу маргаан бүхий албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй юм... гэж дүгнэсэн байна.
11. Дээрх хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр, магадлалаар төрийн байгууллагын бүтцийн өөрчлөлтийн дагуу шинээр бий болсон маргаан бүхий Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Д.Ү*******, өмнө нь өөр хэлтсийн даргын албан тушаалд ажиллаж байсан Ч.Г нарын аль алийг Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албаны чадахуйн зарчмын дагуу тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан эсэхийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр шалгаруулж томилохыг дүгнэн шийдвэрлэсэн байхад хариуцагч захиргааны байгууллага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй... гэж заасныг зөрчин Ч.Г******* маргаан бүхий албан тушаалд сонгон шалгаруулалтгүйгээр шууд томилсон нь хууль бус бөгөөд үүний улмаас тухайн албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан нэхэмжлэгчийн төрийн албанд ажиллах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр болжээ.
12. Иймд Нийслэлийн дотоод аудитын газрын даргын Ч.Г******* Нийслэлийн дотоод, аудитын албаны Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд томилсон 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/04 дугаар тушаал нь дээрх үндэслэлээр хууль бус болох нь тогтоогдож байх тул хүчингүй болгох үндэслэлтэй.
13. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: гээд, мөн зүйлийн 3.1.4 дэх заалтад сул орон тоо гэж төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан, өөр албан тушаалд сонгогдсон, томилогдсон, эсхүл төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын орон тоо суларсан байхыг; гэж, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно., 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлнэ., 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх, төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах зорилгоор төрийн албаны мэргэшлийн шалгалтыг авна., мөн зүйлийн 33.2.2 дахь заалтад тусгай шалгалт гэж тус тус хуульчилсан.
14. Гэтэл хариуцагч захиргааны байгууллага нь шинэ бүтцийн дагуу бий болсон маргаан бүхий Нийслэлийн дотоод, аудитын албаны Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд гуравдагч этгээд Ч.Г******* шууд томилох үндэслэлгүй байхад түүнийг томилсон тушаал гаргасан, нэхэмжлэгч Д.Ү*******г тухайн албан тушаалаас чөлөөлсөн тушаалыг шүүхээс хүчингүй болгон шийдвэрлэсээр байхад Ч.Г******* үргэлжлүүлэн ажиллуулж, улмаар сул орон тооны сонгон шалгаруулалтын захиалгыг хүргүүлэхгүй байгаа нь дээрх хуульд нийцэхгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж дүгнэхээр байна.
15. Иймд хариуцагч нь тухайн албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтыг зарлах захиалгыг Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам-д нийцүүлэн хүргүүлэхийг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Дээрх үндэслэлүүдээр иргэдийн төлөөлөгчөөс нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж дүгнэснийг хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, 3.1.4 дэх заалт, 25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.2, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг, 33.2.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Ү*******гаас Нийслэлийн дотоод аудитын албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн дотоод аудитын газрын даргын Ч.Г******* томилсон 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/04 дугаар тушаалыг хүчингүй болгож, Нийслэлийн дотоод аудитын албаны Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалт явуулах захиалгыг хүргүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, захиалгыг Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлд хүргүүлэхийг Нийслэлийн дотоод аудитын албанд даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгасугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ
ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ