| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 183/2024/03020/И |
| Дугаар | 183/ШШ2024/03819 |
| Огноо | 2024-09-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 183/ШШ2024/03819
| 2024 оны 9 сарын 27 өдөр | Дугаар 183/ШШ2024/03819 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.П-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х ХХК-д холбогдох,
52,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хэрэг үүсгэсэн иргэний хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.П*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.П******* нь хариуцагч Х******* ******* ХХК-д холбогдуулан 52,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “Х******* ******* ХХК нь орон сууцны лифт оруулж ирж худалдан борлуулж, барилгын компанид нийлүүлдэг ба Э******* б******* ХХК-ийн хэрэгжүүлж байгаа төсөл болох Хан-Уул дүүргийн *** хороонд баригдаж байгаа Э******* апартмент хотхоны Б блокт 1 өрөө орон сууцыг лифт нийлүүлсэн төлбөртөө бартераар авч байгаа талаар хэлж энэ байрыг зарна гэсэн. Ингээд түүний хэлсэн зүйлд итгээд Хан-Уул дүүргийн *** хороонд баригдаж байгаа Э******* апартмент хотхоны Б блокны 2 дугаар орц, 9 дүгээр давхарын 917 тоот дахь 30,13 м,кв талбайтай 1 өрөө орон сууцыг нийт 52,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, барилга барьж байгаа Э******* б******* ХХК, Х******* ******* ХХК-тай гурвалсан гэрээг 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Орон сууц захиалгын *** дугаартай гэрээ"-г байгуулж, төлбөрт 52,000,000 төгрөгийг Хаан банк дахь өөрийн *** тоот данснаас Х******* ******* банк дахь Х******* ******* ХХК-ийн *** данс руу шилжүүлэн өгсөн. Тэгтэл тус барилгыг барьж байгаа Э******* б******* ХХК-ийн захирал 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр намайг дуудаж манай барилгад лифт нийлүүлэх гэрээ хийсэн Х******* ******* ХХК нь гэрээнийхээ дагуу лифтээ оруулж ирэхгүй маш их удаж бидний ажилд саад болж байгаа тул бид гэрээгээ цуцалж бартерт өгөх орон сууцнуудаа өгөхөө больсон, гэрээгээ цуцалсан чи мөнгөө Х******* ******* ХХК-аас олж аваарай гэсэн. Би Х******* ******* ХХК-руу холбогдож мөнгөө авах талаар хэлэхэд шүүх цагдаагаар яваад ав одоо төлөх мөнгө байхгүй гэсэн тул аргагүйн эрхэнд шүүхэд хандаж байна. Иймд Х******* Монголиа ХХК-иас 52,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Э******* б******* ХХК, Б.П*******, Х******* Монголиа ХХК нарын хооронд байгуулсан 2023.08.30-ний өдрийн орон сууц захиалгын гэрээ одоог хүртэл хүчин төгөлдөр хэвээрээ, цуцлагдаагүй байгаа. Өөрөөр хэлбэл нэг талын санаачлагаар тус гэрээг цуцлах үндэслэл болохгүй бөгөөд манай талаас шалтгаалсан гэрээ цуцлах зүйл болоогүй юм. Мөн дээрх гурвалсан гэрээний хугацаа 2023.04-р улирал гэж заасан боловч “Э******* б*******”ХХК-иас шалтгаалан одоог хүртэл лифт хүлээн авах ажил хийгдээгүй, зөвхөн карказаа ч дуусгаагүй 30 орчим хувийн гүйцэтгэлтэй явж байгаа юм. Лифтийг барилгын карказ бүрэн хийгдэж 75 % -ийн хэсэг баригдаж байж хүлээн авч суурилуулдаг. Хэрэв лифтийг суурилуулах болоогүй байхад гадаа талбайд хадгалахад 1 cap орчим бороо цасанд хүлээгд******* ашиглах боломжгүй болж 2 тал хохирох эрсдэл үүсдэг тул манай компани тус Э******* б******* ХХК-ийг тус Б блокийн карказ дуусгаж лифт хүлээн авах бүрэн нөхцөлийг дуусгасны дараа оруулж ирэхээр хүлээж байгаа болно. Э******* б******* ХХК нь тус Б блокий санхүүгийн байдлаас шалтгаалан барьж чадахгүй байгаа учраас өмнөх захиалагч нарын гэрээг цуцлах мэдэгдэл өгөнгүүт зарим захиалагч нар гэрээ цуцлагдсан гэж буруу ойлгосноос болж “Э******* б*******” ХХК нь энэ байдлыг ашиглаж тухайн байрыг дараагийн захиалагч нарт зарж санхүүгээ босгож, захиалагч нарын эрх ашгийг зөрчиж байгаа байдлыг нэхэмжлэгч талаас хүлээн зөвшөөрч болохгүй юм. Иймд манай компани хэдий ажиллаж байсан хүмүүсээсээ шалтгаалан асар их хохирол амсаж, санхүүгийн хүнд нөхцөлд байгаа боловч дараа дараагийн ажлаа явуулахаар бүх боломжоороо ажиллаж байна. Мөн “Э******* б*******” ХХК-тай 2022.07.07-ний өдрийн “Цахилгаан шат нийлүүлэх” гэрээг манай компанид гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батбаяр хийж асар их хохирол учирлуулсан асуудлыг манай компани цагдаагийн байгууллагад өргөдөл өгч эрүүгийн хэрэг үүсээд явж байгаа юм. Энэ байдлыг Э******* б******* ХХК нь буруугаар ашиглаж, өөр блок дээр хийсэн захиалгын гэрээний үүргийг зөрчиж, захиалагч нарыг өдөөн турхирч буруу ойлголт төрүүлж байгаа байдалд нэхэмжлэгч талаас зөв дүгнэлт хийж, өөрийгөө хөрөнгө мөнгөөрөө хохирох аливаа эрсдэлээс хамгаалах, хэмжээнд шийдвэрлэж бодит байдлыг дүгнээсэй гэж хүсэж байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байгаа тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно” гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаар орон сууц захиалгын гэрээний хуулбар хувь, иргэний үнэмлэхний хуулбар хувь, Х******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хувь, Х******* ******* ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн *** дугаар албан бичгийн хуулбар хувь, шилжүүлгийн мэдээллийн баримтын хуулбар хувь зэргийг ирүүлжээ.
Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хувь, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Э******* б******* ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаар албан бичиг, хариу тайлбар, Х******* ******* ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 24/71 дугаар өргөдөл, 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаар цахилгаан шат нийлүүлэх гэрээний хуулбар хувь, 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн *** дугаар цахилгаан шат нийлүүлэх гэрээний хуулбар хувь, шүүхэд төлөөлөх итгэмжлэл зэргийг ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Б.П******* нь Х******* ******* ХХК-д холбогдуулан 52,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ““Э******* б******* ХХК, Б.П*******, Х******* Монголиа ХХК нарын хооронд байгуулсан 2023 оны 8 дугаар сарын 30-ний өдрийн орон сууц захиалгын гэрээ одоог хүртэл хүчин төгөлдөр хэвээрээ, цуцлагдаагүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалздаг.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1.2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр *** дугаартай цахилгаан шат нийлүүлэх гэрээг Э******* б******* ХХК, Хонрайн ******* ХХК нар байгуулж, цахилгаан шат нийлүүлсний төлбөрийг нийт 901,190,730 төгрөгөөр бартерийн нөхцлөөр тохиролцжээ. (хавтаст хэргийн 29-30 дахь тал)
3.2.2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр *** дугаартай цахилгаан шат нийлүүлэх гэрээг Э******* б******* ХХК, Хонрайн ******* ХХК нар байгуулж, цахилгаан шат нийлүүлсний төлбөрийг нийт 108,597,811 төгрөгөөр бартерийн нөхцлөөр, Э******* апартмент хотхон төслөөс 1 мкв 2,500,000 төгрөгөөр тооцож, 43.4 мкв орон сууцыг авахаар тохиролцжээ.(хавтаст хэргийн 31-32 дахь тал)
3.3.2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр *** дугаартай Орон сууц захиалгын гэрээг нэг талаас Э******* б******* ХХК, Х******* ******* ХХК, нөгөө талаас Б.П******* нар байгуулж, Хан-Уул дүүргийн 21-р хороо, Э******* апартмент хотхоны Б блок, 2 орц, 9 давхарт 917 тоот хаягт байрлах 30,13 мкв талбайтай 1 өрөө орон сууцыг 69,299,000 төгрөгөөр худалдсан. Гэрээний дагуу захиалагч Б.П******* нь орон сууцны үнийг төлөх, гүйцэтгэгч Э******* б******* ХХК нь 2023 оны 4-р улиралд багтаан барьж, ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн. Х******* Монголиа ХХК нь ямар нэгэн үүрэг хүлээгээгүй.(хавтаст хэргийн 6-10 дахь тал)
3.4.2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Б.П******* 52,000,000 төгрөгийг Х******* ******* ХХК-д шилжүүлсэн.(хавтаст хэргийн 13 дахь тал)
4.Талууд 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр *** дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан, 52,000,000 төгрөгийг Х******* ******* ХХК-д төлсөн тухайд, Э******* б******* ХХК, Х******* ******* ХХК нарын хооронд байгуулсан цахилгаан шат нийлүүлэх гэрээний үүргийн зөрчлийн маргаан үүссэний улмаас Хан-Уул дүүргийн 21-р хороо, Э******* апартмент хотхоны Б блок, 2 орц, 9 давхарт 917 тоот хаягт байрлах 30,13 мкв талбайтай 1 өрөө орон сууцыг Э******* б******* ХХК-аас хугацаанд нь Б.П*******эд шилжүүлэн өгөөгүй байгаа тухайд маргаангүй.
Харин нэхэмжлэгч нь Орон сууц захиалгын гэрээ биелэгдэх боломжгүй болсон учраас гэрээ цуцлагдсан тул хариуцагч талд шилжүүлсэн 52,000,000 төгрөгийг буцаан гаргуулна гэж, хариуцагч нь орон сууц захиалгын гэрээ цуцлагдаагүй тул Э******* б******* ХХК-аас орон сууцаа ав гэж маргадаг.
5.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1. “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр *** дугаартай Орон сууц захиалгын гэрээний үндсэн шинж, агуулгаас үзэхэд Э******* б******* ХХК нь орон сууцыг захиалагч Б.П*******эд хүлээлгэн өгөх, Б.П******* нь орон сууцны үнийг Х******* ******* ХХК-ийн дансанд төлөх үүргийг тус тус хүлээсэн байгаа нь Э******* б******* ХХК болон Б.П******* нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээг байгуулагдсан байна.
Хэдийгээр гэрээнд хариуцагч Х******* Монголиа ХХК, түүнийг төлөөлж, захирал Б.Х******* гарын үсэг зурж, компанийн тамга дарагдсан, орон сууцны үнийг Х******* ******* банк дахь Х******* ******* ХХК-ийн *** тоот дансанд төлөхөөр тусгагдсан ч хариуцагч Х******* Монголиа ХХК нь дээрх гэрээгээр эрх, үүрэг хүлээгээгүй байх тул дээрх худалдах, худалдан авах гэрээний тал биш байна.
Харин нэхэмжлэгч Б.П******* болон хариуцагч Х******* Монголиа ХХК-ийн хооронд Э******* б******* ХХК-аас бартераар авч буй орон сууцыг худалдах, худалдан авах талаар амаар хэлцэл хийсэн байх ба хэлцэл хийснээ нотлох, эрх шилжүүлэх хүсэл зоригоо илэрхийлэх зорилгоор Х******* Монголиа ХХК нь 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр *** дугаартай Орон сууц захиалгын гэрээнд гарын үсэг зурж, тамга дарсан байна гэж шүүх үзлээ.
6.Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2. “Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана” гэж заасан
Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу холбогдох баримт бичиг үйлдээгүй, нотариатаар гэрчлүүлээгүй байх тул зохигчдын хооронд хийгдсэн амаар хийсэн хэлцэл, 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр *** дугаартай Орон сууц захиалгын гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус байна.
Иймд хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Б.П******* нь Хаан банк дахь өөрийн *** тоот данснаас Х******* ******* банк дахь Х******* ******* ХХК-ийн *** тоот дансанд шилжүүлсэн 52,000,000 төгрөгийн шилжүүлэг үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 52,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.П*******эд олгох нь үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 417,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 417,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.8, 492 дугаар зүйлийн 492.1.1 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Х******* ******* ХХК-аас 52,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.П*******эд олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 417,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 417,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.П*******эд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР