Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2022/ДШМ/40

 

Ж.А- нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/119 дүгээр шийтгэх тогтоолтой, 

шүүгдэгч Ж.А- нарт холбогдох эрүүгийн 2113000980136 дугаартай, 2 хавтастай хэргийг хохирогч М.М-ы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Өрен, шүүгдэгчийн  өмгөөлөгч Х.Бакен, Т.Бахыт, хохирогч М.М-, түүний өмгөөлөгч А.Серикжан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Арманбек, орчуулагч Т.Баршагүл нар оролцов.    

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны *** дүгээр сарын **-ны өдөр Баян-Өлгий аймгийн *****суманд төрсөн, *** настай, эрэгтэй, *** боловсролтой, мэргэжилгүй, ам бүл *** хүнтэй, ***** хамт Баян-Өлгий аймгийн ***** оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай М овогт  Н-ийн А /РД:БЖ********/,

 

2. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Баян-Өлгий аймгийн **** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, *** боловсролтой, **** мэргэжилтэй, *****ажилтай, ам бүл ** хүнтэй, **** хамт *****оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Т овогт Ж-ийн А- /РД:БЭ********/.

 

3. Шүүгдэгч Н.Ж- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Б-ийн хашаанд спорт цогцолборын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэхдээ Барилгын тухай хуульд заасан барилгын ажлыг зөвшөөрлийн дагуу гүйцэтгэх, барилгын ажлын талбайд хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны горимыг дагаж мөрдөх, хөдөлмөр хамгааллын дэглэмийг сахиулах, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, ажилтанд хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа өгөх үүргээ биелүүлээгүйн улмаас тухайн барилга дээр ажиллаж байсан хохирогч Н.Н нь 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 6000 вт-ын өндөр хүчдэлийн агаарын шугамын тогонд цохиулж нас барсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Ж.А- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Б-ийн хашаанд спорт цогцолборын барилгын ажлыг шинээр эхлүүлж, барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгүүлэхдээ Барилгын тухай хуульд заасан зохих зөвшөөрөл авах, барилга, байгууламжийн зураг төсөлд магадлал хийлгүүлэх, эрх бүхий байгууллагаас өгсөн шаардлагыг биелүүлэх үүргээ тус тус биелүүлээгүйн улмаас тухайн барилга дээр ажиллаж байсан хохирогч Н.Н нь 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 6000 вт-ын өндөр хүчдэлийн агаарын шугамын тогонд цохиулж нас барсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

4. Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 91 дүгээр яллах дүгнэлтээр шүүгдэгч Ж.А-, Н.Ж- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

 

5. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн  2022/ШЦТ/119 дүгээр шийтгэх тогтоолоор:  

5.1. Шүүгдэгч Т овогт Ж-ийн А-, М овогт Н-ийн Ж- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон” буюу Хүний амь насыг болгоомжгүй хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

5.2. Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.2, 5 дугаар зүйлийн 5.1-т заасныг баримтлан шүүгдэгч Ж.А-, Н.Ж- нарыг өршөөн хэлтрүүлж,

5.3. Иргэний   хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлд зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр 32.400.000 (гучин хоёр сая дөрвөн зуун мянга)-н төгрөг, бага хүүхдээ 18 нас хүртэл шүүгдэгч Н.Ж-, Ж.А- нараар тэжээн тэтгүүлэх гэм хор учруулсны төлбөр нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, сэтгэл санааны хохиролд шүүгдэгч Ж.А- 5.000.000 (таван сая) төгрөг, шүүгдэгч Н.Ж- 5.000.000 (таван сая) төгрөгийг тус тус хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М-д төлснийг дурдаж шийдвэрлэжээ.

 

6. Хохирогч М.М-ы гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Шүүгдэгч Ж.А-, Н.Ж- нар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Б-ийн хашаанд спорт цогцолборын барилгын ажлыг шинээр эхлүүлж, барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгүүлэхдээ Барилгын тухай хуульд заасан зохих зөвшөөрөл авах, барилга, байгууламжийн зураг төсөлд магадлал хийлгүүлэх, эрх бүхий байгууллагаас өгсөн шаардлагыг биелүүлэх үүргээ тус тус биелүүлээгүйн улмаас тухайн барилга дээр ажиллаж байсан нөхөр Н.Н нь 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 6000 вт-ын өндөр хүчдэлийн агаарын шугамын тогонд цохиулж нас барсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон бөгөөд үүнд шүүгдэгч нарын аль аль нь маргаагүй.

6.2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын амь насанд хууль бусаар, болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол учирсан хохирлыг Иргэний хуулийн 508, 509 дүгээр зүйлүүдэд заасан арга, хэлбэрээр арилгахаар хуульчилсан. Гэтэл шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхээ Иргэний хуулийг буруу хэрэглэсэн, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

6.3. Мөн шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

6.4. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.

 

7. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:  

7.1. Шүүгдэгч Н.Ж- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Б-ийн хашаанд спорт цогцолборын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэхдээ Барилгын тухай хуульд заасан барилгын ажлыг зөвшөөрлийн дагуу гүйцэтгэх, барилгын ажлын талбайд хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны горимыг дагаж мөрдөх, хөдөлмөр хамгааллын дэглэмийг сахиулах, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, ажилтанд хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа өгөх үүргээ биелүүлээгүйн улмаас тухайн барилга дээр ажиллаж байсан хохирогч Н.Н нь 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 6000вт-ын өндөр хүчдэлийн агаарын шугамын тогонд цохиулж нас барсан гэмт хэрэгт, шүүгдэгч Ж.А- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Б-ийн хашаанд спорт цогцолборын барилгын ажлыг шинээр эхлүүлж, барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгүүлэхдээ Барилгын тухай хуульд заасан зохих зөвшөөрөл авах, барилга, байгууламжийн зураг төсөлд магадлал хийлгүүлэх, эрх бүхий байгууллагаас өгсөн шаардлагыг биелүүлэх үүргээ тус тус биелүүлээгүйн улмаас тухайн барилга дээр ажиллаж байсан хохирогч Н.Н нь 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 6000вт-ын өндөр хүчдэлийн агаарын шугамын тогонд цохиулж нас барсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдсон гэж прокуророос үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

7.2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тус хэргийг 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд шүүгдэгч Н.Ж-, Ж.А- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн.

7.3. Шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдана гэж үзээд шүүгдэгч Ж.А-, Н.Ж- нарыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн. Ингэж шийдвэрлэхдээ тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасныг харгалзсан үзсэн. Анхан шатны шүүх шүүхийн шийдвэрээр шүүгдэгч нараас гаргуулсан 10,000,000 төгрөгийг шүүгдэгч нар гэм буруугийн шүүх хуралдааны дараа, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааны үеэр төлж өгснийг харгалзан үзээд шүүгдэгч нар тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж дүгнэлт хийгээд хэргийг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамааруулан хэрэгсэхгүй болгосон.

7.4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М-аас шүүгдэгч нар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан хүний амь нас хохирсон хохирол арилаагүй байхад шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамааруулан хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцэхгүй гэж давж заалдах журмаар гомдол гаргасан. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэргийн талаар тусгайлан заасан ба шүүгдэгч Ж.А-, Н.Ж- нарын үйлдсэн гэмт хэрэг нь өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэгт орохгүй. Мөн энэхүү гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаардаг. Иймээс анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг болон Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн учраас Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 119 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

8. Давж заалдах шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М-ы давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд, шийтгэх тогтоолд дараах үндэслэлүүдээр буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахтай холбоотой иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэсэн хэсэгт нь зохих өөрчлөлтийг оруулж, дараах үндэслэлээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

9. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

 

10. Шүүгдэгч Н.Ж- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Б-ийн хашаанд Ж.А-ийн спорт цогцолборын барилгын ажлыг гүйцэтгэхдээ Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан барилгын ажил гүйцэтгэгчийн үүргийг зөрчиж барилгын ажлын талбайд хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны горимыг дагаж мөрдөх, хөдөлмөр хамгааллын дэглэмийг сахиулах, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан ажил олгогчийн үүргийг биелүүлээгүй буюу ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, ажилтанд хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа өгөх үүргээ биелүүлээгүйн улмаас;

Шүүгдэгч Ж.А- нь тус спорт цогцолборын барилгын ажлыг шинээр эхлүүлж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэхдээ Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан барилга байгууламжийг шинээр барих зохих зөвшөөрлийг аваагүй, барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийлгүүлээгүй, эрх бүхий мэргэжлийн байгууллагаас өгсөн шаардлагыг биелүүлээгүйн улмаас тус барилга байгууламж дээр ажиллаж байсан ажилтан Н.Н нь 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 6000 вт-ын өндөр хүчдэлтэй агаарын цахилгаан сүлжээ бүхий гүйдэлд цохиулж нас барсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудаар  тогтоогдсон ба мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд хэргийн бодит байдлыг тогтоох зарчим хангагдсан байна.

 

11. Тухайлбал, яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцыг бэхжүүлсэн болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлүүд, гэрч Т.Е, М.Ж, С.Б, А.С, Х.Х, Б.Ш, А.А нарын мэдүүлэг, Ж.А-, А.Ж- нарын хооронд 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 04-07-035/145 дугаар “Барилгын зураг төсөлд магадлал хийлгэж, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авах хүртэл барилга угсралтын ажил хийхгүй байх, Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсгийг хэрэгжүүлж ажиллах” гэх албан шаардлага, шинжээч нарын 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн “Ажилтан Н.Н нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7 дахь заалтад заасан нийтлэг үүргийг биелүүлээгүй, ажиллуулагч А.Ж- нь хариуцсан ажилтнуудыг аюулгүй ажиллах арга барилд сургаагүй, захиалагч Ж.А- нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны эрсдэлийн үнэлгээг хийгээгүй, дотоод хяналт сул” гэх 2 дугаар дүгнэлт, 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн “...осолдогч Н.Н нь үйлдвэрлэлийн осолд орж нас барсан хэмээн шийдвэрлэв” гэх Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх акт, шүүх эмнэлгийн задлан шинжилгээний шинжээчийн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “Талийгаач Н.Н-ийн биед дээрх задлан шинжилгээний оношинд тавигдсан гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь физикийн хүчин зүйлийн үйлчлэлээр, тухайлбал өндөр хүчдэл бүхий цахилгаан гүйдэлд цохиулснаас үүснэ. Талийгаач Н.Н нь дээрх цахилгаан гүйдэлд цохиулснаас үүссэн гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ” гэх 23 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар дээрх үйл баримтууд бүрэн тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Ж.А-, Н.Ж- нарын гэм буруутай дээрх эс үйлдэхүйг прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргээр зүйлчилж, тэдгээрийг тус тус уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хуульд нийцсэн, гэм буруугийн зарчмыг хангасан байна.

 

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчмын агуулгыг тодорхойлох бол, уг зарчмын дагуу мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээхгүй. Шүүгдэгч Ж.А-ийн хувьд  спорт цогцолборын барилгын ажлыг шинээр эхлүүлж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэхдээ Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан барилга байгууламжийг шинээр барих зохих зөвшөөрлийг аваагүй, барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийлгүүлээгүй, эрх бүхий мэргэжлийн байгууллагаас өгсөн шаардлагыг биелүүлээгүй эс үйлдэл;

шүүгдэгч Н.Ж-ын хувьд спорт цогцолборын барилгын ажлыг гүйцэтгэхдээ Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан барилгын ажил гүйцэтгэгчийн чиг үүргийг зөрчиж, ажлын талбайд хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны горимыг дагаж мөрдөх, хөдөлмөр хамгааллын дэглэмийг сахиулах, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан ажил олгогчийн үүргийг биелүүлээгүй, ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, ажилтанд хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа өгөх үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй зэргээс тус тус дүгнэвэл:

шүүгдэгч Ж.А-, Н.Ж- нар нь Барилгын тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар хүлээсэн барилга байгууламжийг тусгай зөвшөөрлийн дагуу эхлүүлэх, зураг төсөлд магадлал хийлгүүлэх, эрх бүхий мэргэжлийн байгууллагаас өгсөн шаардлагыг биелүүлэх, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны горимыг дагаж мөрдөх, хөдөлмөр хамгааллын дэглэмийг сахиулах хууль, журамд заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйдээ субьектив хандлагын хувьд санаатай хандаж, уг эс үйлдэхүйн улмаас хохирогч  Н.Н нь үйлдвэрлэлийн осолд орж, өндөр хүчдэл бүхий цахилгаан гүйдэлд цохиулснаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас барсан ба шүүгдэгч нар уг хохирол, хор уршгийг хүсээгүй боловч орчин, нөхцөлийг нь бий болгосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан санаатай эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэсэн буюу гэм буруугийн холимог хэлбэртэй байна. Энэ талаар буюу шүүгдэгч нарын сэдэлт, санаа зорилго, гэм буруугийн хэлбэрийн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 

13. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ж.А-, Н.Ж- нарын тус бүрийг 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг болгоомжгүй алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улмаар уг гэмт хэргийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Ж.А-, Н.Ж- нарыг өршөөн хэлтрүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, журамд нийцсэн, хууль ёсны байх шаардлагыг хангасан гэж үзнэ. Энэ талаар гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх давж заалдах гомдлын хэсэг үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

14. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М-ы “шүүхээс иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг шийдвэрлэхдээ Иргэний хууль тогтоомжийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх давж заалдах гомдол хууль зүйн болон бодит үндэслэлтэй байх тул хүлээн авч, дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулав. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар гэм буруутай этгээдээс (1) үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт 32.400.000 төгрөг гаргуулах, (2) бага хүүхдээ 18 нас хүртэл нь хуульд зааснаар тэжээн тэтгүүлэх, (3) эдийн бус гэм хор буюу сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг тус тус гаргуулахаар шаардлага гаргасныг анхан шатны шүүх зарим хэсгийг нь хангаж, үдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

15. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн иргэний нэхэмжлэлээс “бага хүүхдээ 18 нас хүртэл нь хуульд зааснаар тэжээн тэтгүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 130/ШШ2022/00198 дугаар шийдвэрээр, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт заасныг баримтлан, хохирогчийн сарын цалин хөлс, орлогыг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420.000 төгрөгөөр тооцож, үүнээс гэр бүлийн нийт 7 гишүүнээс нас барагч болон түүний эхнэр /хөдөлмөрийн чадвартай төлбөр авах эрхгүй хүн/-т ноогдох хэсгийг хасаад, үлдсэн 300.000 төгрөгийн мөнгөн дүнг тооцоход /420.000:7х5хүүхэд/ хохирогчийн хүүхдүүд болох Ж.Ө, Ж.Н, Ж.Г, Ж.А, Ж.Я нарт Халамжийн сангаас тогтоосон 376.000 төгрөгийн тэжээгчээ алдсаныг тэтгэмжээс илүү гараагүй тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 212/МА2022/00038 дугаар шийдвэрээр хэвээр нь үлдээж шийдвэрлэжээ. Иймээс эл асуудлыг урьд хуулийн хүчин төгөлдөр иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн байх тул давж заалдах шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас дахин шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй ба хуульд зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл үндэслэлтэй, хуульд нийцсэн байна.

 

16. Анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эдийн бус гэм хор буюу сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийг гэм буруутай этгээдээс хувь тэнцүүлж гаргуулахаар хангаж шийдвэрлэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын ... амь нас, ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасныг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх хуульчилсан зорилттой холбон тайлбарласан хууль хэрэглээний үндэслэлийг давж заалдах шатны шүүхээс үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Ж.А-, Н.Ж- нар нь анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдааны дараа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эдийн бус гэм хорын төлбөр гаргуулахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураараа төлж, барагдуулсан нь хэрэгт авагдсан банкны хуулгаар тогтоогджээ.

 

17. Харин шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүгдэгч нараас “үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт 32.400.000 төгрөг гаргуулах тухай” иргэний нэхэмжлэлийн хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо (1) амь хохирогч Н.Нийн сарын цалин хөлс, орлого нь баримтаар тогтоогдоогүй тул 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлд зааснаар түүний нэг сарын дундаж цалин хөлсийг тогтоох боломжгүй учраас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ гэж дүгнэсэн /шийтгэх тогтоолын 11 дэх хуудасны 9-т/ атлаа (2) Н.Нийн дундаж цалин хөлсийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 420.000 төгрөгөөр тооцож, шүүгдэгч нарын хохиролд төлсөн нийт 35.000.000 төгрөгөөс үйлдвэрлэлийн ослын нийт төлбөрт 15.200.000 төгрөгийг хасаж буюу уг нөхөн төлбөрийг хохирогчид төлсөнд тооцсон /шийтгэх тогтоолын 11 дэх хуудасны 10-т/ нь учир зүйн хувьд эрх зүйн алдаатай дүгнэлт болжээ. Тодруулбал, шүүхийн шийдвэрийн энэ хэсэг тодорхой, ойлгомжтой байх хуулийн шаардлагыг хангаагүй бөгөөд нэхэмжлэлийн уг шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь уг шаардлагыг хангах хуулийн урьдчилсан нөхцөлүүд нотлох баримтаар тогтоогдоогүй, эсхүл үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрийг шүүгдэгч нар сайн дураараа төлж барагдуулсны аль нь болох нь тодорхойгүй үлджээ.

 

18. Давж заалдах шатны шүүх хуралдаанаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт 32.400.000 төгрөг гаргуулах тухай” иргэний нэхэмжлэлийн зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэл тогтоогдсон гэж дүгнэв. Үүнд, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт “Үйлдвэрлэлийн осол, ... мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчилсөн ажилтан болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь дурдсан хэмжээний нөхөн төлбөр олгоно:”, мөн зүйлийн 97.1.2 дахь заалтад “үйлдвэрлэлийн осол, ... мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа” гэж хуульчилсан бол 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн, эсхүл нас барсан ажилтны үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг дараах хэмжээгээр нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг ажилтан, эсхүл түүний гэр бүлд нэг удаа олгоно:”, мөн зүйлийн 125.1.2 дахь заалтад “үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан бол 36 дахин” гэж тус тус зохицуулжээ.

 

19. Амь хохирогч Н.Н нь 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр үйлдвэрлэлийн осолд орж нас барсан нь 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх акт болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон ба шүүгдэгч Ж.А-, Н.Ж- нарын хэн аль нь тухайн барилга дээр ажиллаж байсан ажилтан Н.Нийн хувьд ажил олгогч мөн гэж дүгнэх үндэслэлтэй. Учир нь 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Ж.А- болон Н.Ж- нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, Н.Ж- нь хохирогч Н.Н-тэй тохиролцож Ж.А-ийн шинээр барьж буй барилга байгууламж дээр хөлсөөр ажиллуулж байсан үйл баримт тогтоогдсон, шүүгдэгч нарын хэн аль нь ажил олгогчийн хувьд ажилтны ажлын байр болох түүний ажиллаж байсан барилгын ажлын талбайд хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны горимыг дагаж мөрдөх, хөдөлмөр хамгааллын дэглэмийг сахиулах, ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, ажилтанд хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа өгөх, барилгын ажлыг шинээр эхлүүлж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэхдээ зохих зөвшөөрлийг авах, зураг төсөлд магадлал хийлгүүлэх, эрх бүхий мэргэжлийн байгууллагаас өгсөн шаардлагыг биелүүлэх үүргээ зөрчсөн эс үйлдэхүйдээ гэм буруутай байх тул ажилтанд олгох үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрийг хувь тэнцүүлэн төлөх үүрэгтэй.

 

20. Амь хохирогч Н.Нийн нас барахаас өмнө авч байсан нэг сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг хэрэгт цугларсан нотлох баримтаар шууд тогтоох боломжгүй хэдий ч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М-ы хохирогчийг хөлсөөр ажилладаг байсан гэх мэдүүлэг болон хохирогч Н.Нийн хөлсөөр ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осолд орж нас барсан нөхцөл байдлыг үнэлээд, түүний нэг сарын дундаж цалин хөлсний хэмжээг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420.000 төгрөгөөр тогтоож, нотлох баримтаар үнэлэх нь хэргийн бодит байдлыг тогтоох болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэж, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2 дахь заалтыг баримталж шүүгдэгч нараас амь хохирогчийн 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний буюу 15.120.000 төгрөгийн /36сар х 420.000 төгрөг/  үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрийг хувь тэнцүүлэн гаргуулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

21. Шүүгдэгч Ж.А-, Н.Ж- нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөр, хор уршигт тооцож нийт 45.000.000 төгрөг /мөрдөн шалгах ажиллагааны явцад 35.000.000 төгрөг, шүүхийн шатанд 10.000.000 төгрөг/ төлсөн нь тогтоогдож байх ба үүнтэй холбоотой баримтууд хэрэгт авагдсан байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 236 дугаар тал, 2 дугаар хавтасны 134, 135 дахь тал/

Тэдгээр баримтуудаас үзвэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд шүүгдэгч нарын төлсөн 35.000.000 төгрөгийн төлбөрт үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр болох 15.120.000 төгрөг орж тооцогдсон гэх үйл баримт тогтоогдоогүй, хэргийн 1 дүгээр хавтасны 235 дахь талд авагдсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М-ы үйлдсэн “36 сарын цалинд тэнцэх хэмжээний тэтгэмжийг иргэн Ж.А- бэлнээр төлж өгсөн” гэх баримтад мэдээлэл нь “шүүгдэгч нар үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрийг төлсөн гэж үзэх” үйл баримтыг нотлохгүй байх дараах үндэслэлүүд тогтоогдов. Үүнд:

(1) Уг баримтыг үйлдсэн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх акт гараагүй, харин 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн “...осолдогч Н.Н нь үйлдвэрлэлийн осолд орж нас барсан хэмээн шийдвэрлэв” гэх Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх акт үйлдэгдсэн нь хэрэгт авагдсан. Талийгаач Н.Нийн нас барсан нөхцөл шалтгаан нь үйлдвэрлэлийн осол мөн эсэх нь тогтоогдоогүй байхад түүний эхнэр буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг авлаа” гэх баримт бодит байдалд нийцээгүй бөгөөд энэ талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М- нь уг нөхөн төлбөрийг аваагүй гэж шүүхийн шатанд удаа дараа мэдүүлэг өгч, иргэний нэхэмжлэл гаргасан байна.

(2) Уг баримтад дурдсан мэдээллийн дагуу шүүгдэгч нараас “амь хохирогчийн 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг” хохирогчийн ар гэрт нь бодитой олгосон нь тогтоогдоогүй,  

(3) 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нараас амь хохирогч ажилтны ар гэрт буюу “гэр бүлийн гишүүнд нь” үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрийг тухайлан олгоогүй байна.

 

            22. Амь хохирогчийн эцэг К.Н-ийн үйлдсэн “Ж.А- ар гэрт нь тусламж болгож 35 сая төгрөг бэлнээр төлсөн” гэх баримтад дурдагдсан мэдээллийг үндэслэж талийгаач Н.Н-ийн үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрийг түүний гэр бүлд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад төлсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүхийн шүүгдэгч нарын нийт хохирол төлбөрт төлсөн 35.000.000 төгрөгөөс үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрийг хасаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М-ы нэхэмжлэлийн эл шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн болон бодит үндэслэлгүй, шүүгдэгч нарын хохирогчийн эцэг К.Н-д өгсөн 35.000.000 төгрөгийг амь хохирогчийн гэр бүлийн гишүүнд буюу түүний хууль ёсны төлөөлөгчид өгсөн үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолын холбогдох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдлыг зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/119 дүгээр шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр 32.400.000 (гучин хоёр сая дөрвөн зуун мянга) төгрөгийг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож” гэсэн хэсгийн агуулгыг “1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2 дахь заалтыг баримтлан шүүгдэгч Ж.А-, Н.Ж- нарын тус бүрээс амь хохирогч Н.Нийн үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт 7.560.000 төгрөг, нийт 15.120.000 төгрөг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу эхнэр М.М-д олгож, иргэний нэхэмжлэлээс үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт илүү нэхэмжилсэн /32.400.000-15.120.000/ 17.280.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож” гэж өөрчилж, мөн заалтын бусад агуулга болон шийдвэрийн Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М-ы давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                                

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

 

ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК