| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2017/0370/Э |
| Дугаар | 359 |
| Огноо | 2017-12-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ганчимэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 359
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,
улсын яллагч Г.Ганчимэг,
хохирогч Г.Б,
шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Б-н Н-д холбогдох эрүүгийн ******** дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Н нь 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 303 дугаар цэргийн ангийн хашаан дотор хамт ажилладаг Г.Б-ийг “дарга нарт өргөдөл бичиж өглөө” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.Н нь 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ****** дүүргийн ***** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний ***** дугаар цэргийн ангийн хашаан дотор тус ангийн ******н хамгаалалтын хэсгийн бүлгийн дарга ажилтай хохирогч Г.Б-д “дарга нарт өргөдөл бичиж өглөө, өргөдлөө буцааж ав” гэж хэлэн маргалдаж нүүрэн тус газарт нь гараараа цохих, гуя хэсэгт нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Б.Н-ын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “Тухайн хэрэг болохоос өмнөх өдөр буюу баасан гаригт би ээлжнээсээ буугаад явчихсан, дарга Г.Б над руу залгаад “чи яагаад буугаад явчихсан юм бэ” гэж хэлсэн. Г.Б дарга хуралтай байсан мөн хоногийн ээлж багаараа буугаад явсан учраас би ээлжнээсээ буугаад явсан гэдгээ хэлсэн. Г.Б надад “би чамайг хэн ч биш болгон ална шүү, чиний бүх шүдийг цөм цохиж, гэрт чинь очиж ална, батлан хамгаалахыг атгадаг” гэж хэлсэн. Тэгээд бид хоёрын хооронд маргаан үүссэн. Маргаан гардаг тухайн өдөр би ээлжнээс буугаад дэд хурандаа Зоригтбаатарт Г.Б-ийн талаар урьдчилан мэдэгдсэн. Би дэд хурандаад “Г.Б намайг заналхийлээд байна, зодолдох уу яах уу” гэхэд “чи юу ч гэсэн хүлээж бай, зодолдохгүй харь” гэж хэлсэн. Би шалган дээр хувцсаа сольж байтал Г.Б гаднаас орж ирсэн. Г.Б гаднаас орж ирээд намайг боогоод дайрсан. Шалган дотор бид хоёроос өөр хүн байгаагүй, бид хоёр 10 гаруй минут ноцолдсон. Сүүлдээ Г.Б тайвшраад холдсон. Тэгэхэд нь би “Г.Б-ээ тайвшир, чи намайг ингэх шаардлага байхгүй, дүрмээрээ байх хэрэгтэй, даргадаа өгсөн цаасаа авсан дээр шдээ” гэхэд “та нар намайг маш их бөөрөлхөж байна, би маш их дарамтанд байна, та нараас болж маш их шийтгэл авч байна” гээд над руу дахиад дайраад босоод ирсэн. Тэгээд Батдэлгэр намайг боогоод миний цамцыг урсан, би боолтонд орсон учраас зөрүүлээд гинжээр нь өөрийг нь боосон, Батдэлгэр цээж нүцгэн байсан. Гинж нь тасарсан, тэгээд Г.Б намайг дахиад бооход шалган нэвтүүлэх байрны жижүүр гарч зодолд гэсэн. Тэгээд Г.Б намайг чирээд аваад гарсан, би боолгож гарсан. Тэгээд шалганы үүдэн дээр гарч ирээд Г.Б-ийг хөнгөн цохьсон. Тэгээд Г.Б боолтоо тавиад холдсон, би баруун гуяанд нь нэг өшиглөж холдуулсан. Тэгээд Г.Б үсэрч ирж цохих үед нь би зөрүүлээд цохьсон. Тэгэхэд Г.Б миний урд дөрвөн хөллөөд суухад нь би нүүр рүү хоёр удаа цохьсон. Тэгээд Б.Э-аас араас ирж татаад би өөрөө холдсон. Тэгэх явцад би Г.Б-ийн шүдийг гэмтээсэн” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Г.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “Манайд шалгалт ирэх гээд бүх бие бүрэлдэхүүн, буусан ээлжүүд ажиллана бүх хүмүүсээ дуудаж цуглуул гэсэн. Би доороо 4 хүн удирдаж ажилладаг. 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өглөө би хуралтай байсан. Хуралд орчихоод гараад ирэхэд гарсан жижүүр нь буугаад явчихсан, ирсэн жижүүр нь гарч байсан. Тэгээд би яагаад надад хэлэхгүй буугаад явчихсан юм бэ гэхэд мэдэхгүй байна гэхээр нь Б.Н руу утастаад “яагаад явсан юм бэ, ажил гараад явсан бол чи надад заавал хэлэх хэрэгтэй, чи хэлээгүй явчихлаа” гэхэд Б.Н “би хууль дүрмээрээ явж байна” гэсэн зүйл ярьсан. Тэгэхэд нь би “чи хичнээн хууль дүрмээрээ явж байгаа хэдий ч ангийн захирагч цуглар гэсэн бол бид цугларах ёстой, бидний үүрэг дээр байдаг, би сайн дураараа дарга чинь болоогүй, томилогдсон дарга чинь гэж маргалдсан. Тэгээд миний утас руу 4-5 удаа залгахад нь би аваагүй. Гэтэл Б.Э-ын утсаар над руу залгасаар байгаад ярьсан. Тэгээд би хашааны гадаа гарч ярьсан. Өмнө нь бид хоёр 1-2 удаа ажлын талаар маргаж байсан. Өмнө нь олон дахин ийм асуудал болж байсан. Би 4 хүнээ удирдаж чадаагүй гэж цалингийн хувиар шийтгүүлж байсан, намайг хүмүүсээ захир гэсэн байгаа. Тэгээд би олон дахин үүрэг тавьсан, миний үгэнд орохгүй, урдаас хэрүүл хийгээд байна, би энэ хүнийг захирч чадахгүй, дахин хамтран ажиллаж чадахгүй, та цалингийн хувиар шийтгэдэг юм уу, цалинг нь хасдаг юм уу, шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг даргадаа тавьсан. Тэгээд 5 дахь өдөр ажил тараад гэртээ очсон. Тэгээд 1 өдрийн өглөө ирэхэд Б.Н дэд хурандаа Зоригтбаатар руу орж миний өгсөн өргөдөлтэй танилцсан байсан. Тэгээд намайг ирэхэд Б.Н “чи юу нь өргөдөл өгөөд байгаа юм бэ” гэхээр нь “өргөдөл өгөх нь миний үүрэг байдаг, би хууль журмынхаа дагуу өгсөн” гэхэд “чи тэрийгээ авчихаач инээдтэй юм биш үү” гэхээр нь би авах авахгүйгээ өөрөө мэднэ гэсэн. Тухайн үед би хувцсаа тайлаад фудвольктайгаа байсан. Тэгээд Б.Н дараа нь элдэв асуудал болгов гэхээр нь чи элдэв юм болгоод байх юм байхгүй, чи энэ ангид ирээд удаагүй байгаа, ингэж ярих болоогүй гээд заамдалцаж ноцолдсон байгаа. Тэгээд би Б.Н-д би чамайг түрүүлээд цохивол цохино гэхдээ чамайг би цохиж асуудал гаргахгүй, яагаад ч чамайг цохихгүй гэж хэлээд муудалцсан. Б.Э та хоёр гарч муудалц гэхээр нь заамдсан чигээрээ Б.Н-ыг түрээд гаргасан. Тэгээд хаалгаар гарах үед намайг цохьсон, би унасан. Унах үед дээрээс цохьсон. Тэгээд Б.Э гарч ирээд салгаад босч ирээд зодолдох гэхэд би унасан. Тэгээд би дэд хурандаад хэлсэн” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
3. Хохирогч Г.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Б.Н нь жижүүрээс буугаад надад мэдэгдэлгүй явчихсан байсан, яг тэр өдөр бүх ажилчид анги дээр цуглаад ажилтай байсан юм. Тэгээд би тэр өдрөө Б.Н руу...утсаар яриад чи яагаад хэлэхгүй яваад өгсөн юм бэ гэтэл өөдөөс чи намайг мэддэг юм уу гэхээр нь би чиний хариуцсан албан тушаалтан ирж ажлаа хийхгүй бол ажлаа тасалснаар авч цалинг чинь хасуулна шүү гэхэд чи миний цалинг хасдаг хэн юм бэ гээд надтай маргалдаж байгаад утсаа тасалсан. Би тэр өдрөө даргадаа Б.Н-ын талаар илтгэх хуудас бичээд цалинг нь тодорхой хувиар хасах саналыг бичиж өгсөн. Өчигдөр буюу 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн өглөө 10 цагийн үед Б.Н хувцасаа солиод зогсож байснаа надад хандаж даргад бичиж өгсөн өргөдлөө буцааж ав гэхээр нь би авахгүй харин цаашаа ангийн захирагчид мэдэгдэнэ гэтэл Б.Н хурдан авахгүй бол хэцүү юм болно шүү гэхэд нь чи ямар том юм бэ гээд бид хоёр харилцан бие биенийгээ заамдаж авсан. Энэ үед гаднаас дэд ахлагч Б.Э орж ирээд та хоёр гарч ноцолд гэж хэлэхээр нь би Б.Н-тай заамдалцсан чигээрээ би түрээд хаалгаар гартал яг гарангуутаа миний баруун нүд рүү гараараа 1 удаа цохьсон. Би хаалганы босгонд тээглэсэн үү хий гишгэсэн юм уу ямар ч гэсэн нэг юманд тээгэлдээд газарт унах гэж байсан би энэ үед гараараа тулж 4 хөллөсөн байдалтай байхад Б.Н миний нүд рүү гараараа 2 удаа цохьсон. Энэ үед Б.Э гүйж гарч ирээд салгасан. Би босож ирээд хөл дээрээ зогсох гэтэл зүүн хөл шагай хэсгээрээ өвчин орчихсон байсан. Тэгээд цагдаад хандсан...Миний баруун нүд рүү гараараа 1 удаа, уруул болон шүд рүү гараараа 2 удаа цохьсон. Өөрөөр зодож зодоогүй. Шалтгаан нь намайг даргад өөрийнх нь талаар юм бичиж өглөө гэснээс болж уурлан зодсон...Миний баруун нүдний доод хэсэгт 5 оёдол тавиулсан. Баруун талын соёо шүд голоороо хугарсан. Зүүн талын соёо шүд голоороо цуурсан гэмтэл байсан....Миний биеийн байдал одоо хэвийн байна, 2 шүдээ өөрийн зардлаар янзлуулсан...Надад гомдол санал байхгүй, эмчилгээний зардлаа нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-12, 13-14/
4. Гэрч Б.Э-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс маргаан гарсан юм, юу вэ гэхээр би 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Б.Н-ас ээлж хүлээж аваад Б.Н ажлаасаа буугаад яваад өгсөн. Бид нарыг хариуцсан хэсгийн дарга Г.Б тэр өдөр шалган дээр ирж надаас Б.Н хаана байна гэж асуухад нь яваад өгсөн гэж хэлсэн. Миний хажууд Б.Н руу залгаад утсаар ярьж байсан...хэсгийн дарга Г.Б чи яагаад явсан бэ анги нэгдэж хурал хийлээ гэж хэлээд утсаа тасалсан...2017 оны 9 дүгээр сарын 25-ны өглөө би ажилдаа ирээд Б.Н-ас ээлжээ хүлээж авсан. Тэгээд би дотогшоо шалганы байр луу ороход хэсгийн дарга Г.Б, Б.Н хоёр хоорондоо маргалддаад хоорондоо заамдалцаад зогсож байсан. Би боль гарцгаа гэж хэлсэн хоёулаа заамдалцсан чигээрээ гарсан. Үүдэнд гарч байгаад хэсгийн дарга Г.Б эвгүй гишгээд заамдсан гараа тавьсан чинь Б.Н Г.Б-ийн нүүр лүү нь гараараа цохиж аваад гуя руу нь 1 удаа өшиглөсөн, би очиж салгаад дэд хурандаа Зоригтбаатарт хэлсэн. Дахиж тэр өдөр маргаан зодоон цохион болоогүй...Шалганы байрны гадаа Б.Н нь Г.Б-ийн нүүр лүү гараараа 1 удаа цохиж гуя руу нь 1 удаа өшиглөсөн. Харин Г.Б Б.Н-ыг зодож цохиогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-26/
5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№12214/-ний дүгнэлт:
-Г.Б-ийн биед тархи доргилт, баруун нүдний доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацрын язарсан шарх, баруун дээд үүдэн 2-р шүдний хугарал, зүүн дээд 2-р шүдний хазах гадаргуу эмтрэл, зүүн хөлийн шагайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 33/
6. Яллагдагч Б.Н-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 10 цагийн орчим Г.Б шалган нэвтрүүлэх байранд орж ирээд шууд над руу дайраад цамцны энгэр хэсгээр боож намайг зодсон, энэ үед миний ээлжийг хүлээж авсан ахлагч Б.Э орж ирээд “та 2 гадаа гарч зодолд” гэж хэлээд Г.Б бид 2-ыг гаргасан. Г.Б тухайн үед намайг зуураад гарсан. Харин Г.Б өөрөө хувцасаа тайлаад шидчихсэн, шалган нэвтрүүлэх байрнаас гарахдаа цээж нүцгэн гарсан...шалган нэвтрүүлэх байрнаас гараад Г.Б-ийг шанаа хэсэгт нь нэг удаа гараараа цохиж боолтыг тавиулсан...Тэгтэл Г.Б хойшоо ухарсан. Тэр үед би зүүн талын гуя хэсэгт нэг удаа хөлөөрөө өшиглөж өөрөөсөө холдуулсан. Ингээд зодоон салсан. Тэгтэл Г.Б хойшоо хол зогсож байгаад эрчээ авч байгаад гүйж ирээд миний цээж хэсэгт нэг удаа гараараа цохьсон. Тэгэхээр нь би өлгөж ирээд нүүр хэсэгт нь цохьсон. Тэгтэл Г.Б өвдөг сөхрөөд миний урд суусан. Тэгэхээр нь би нүд хэсэгт нь 2 удаа гараараа цохиод холдсон. Тэгтэл Г.Б газраас босож ирээд хөл өвдөөд байна гэж орилоод буцаад суусан. Тэгээд болсон асуудлын талаар дарга нарт хэлж байсан...Би Г.Б-тэй 2 удаа маргалдаж байсан...би ажлаасаа гарах гээд хувцасаа сольж байхад Г.Б шууд орж ирээд намайг цохиж боож эхэлсэн. Тэгээд Г.Б бид 2-ын маргаан эхэлсэн...Намайг боогоод байхаар нь би нүүрэн хэсэгт нь цохиж боолтыг тавиулсан. Тэгээд гуя хэсэгт нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд Г.Б-ийг өөрөөсөө холдуулсан. Тэгтэл Г.Б буцаж ирээд намайг цээж хэсэгт цохьсон. Тэгээд би гараараа нүүр хэсэгт нь цохьсон. Тэгээд миний хөлийг авах гээд байхаар нь би болиулаад нүүрэн хэсэгт нь 2 удаа цохьсон...Г.Б эрүүл байсан. Тэр өдөр Г.Б ажлаасаа өөрөө хоцроод орж ирсэн...Би өөрийгөө хамгаалснаас болж Г.Б-д гэмтэл учруулсан. Г.Б-ийг санаатай зодож гэмтэл учруулаагүй, намайг боож аргагүй байдалд оруулснаас болж ийм асуудал үүссэн юм. Г.Б намайг байнга дарамталж харьцдаг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-41/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Н нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№1*****/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Б.Н нь 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний **** дугаар цэргийн ангийн хашаан дотор тус ангийн *****н хамгаалалтын хэсгийн бүлгийн дарга ажилтай хохирогч Г.Б-д “дарга нарт өргөдөл бичиж өглөө, өргөдлөө буцааж ав” гэж хэлэн маргалдаж нүүрэн тус газарт нь гараараа цохих, гуя хэсэгт нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож биед нь тархи доргилт, баруун нүдний доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацрын язарсан шарх, баруун дээд үүдэн 2-р шүдний хугарал, зүүн дээд 2-р шүдний хазах гадаргуу эмтрэл, зүүн хөлийн шагайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Н-ын гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдсон бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, оногдуулах ялыг /450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох/ хүлээн зөвшөөрсөн, хохирогч Г.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Б.Н хохирол төлбөрөө төлж барагдуулсан, нэхэмжлэх зүйлгүй, биеэ зөв авч яваарай, ажил дээрээ ийм асуудал битгий гаргаасай гэж хүсэж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад шүүгдэгч Б.Н-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Б-н Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар **** овогт ***** Б.Н-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Н-д оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Б.Н-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг сануулсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТБОЛОР