Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2022/ДШМ/42

 

С.Ж-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/135 дугаар шийтгэх тогтоолтой, 

шүүгдэгч С.Ж-т холбогдох эрүүгийн 2213001470155 дугаартай, 1 хавтастай хэргийг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Дорждэрэм, шүүгдэгч С.Ж-, шүүгдэгчийн  өмгөөлөгч Х.Бакен, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Арманбек нар оролцов.    

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс ***, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Баян-Өлгий аймгийн *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, *** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл **, ***, ***** багт оршин суух хаягтай, урьд нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн (1) 2006 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 200 цагийн албадан ажил хийлгэх ял, (2) 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял, (3) 2009 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 сар 13 хоногийн хорих ял, (4) 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар 13 хоногийн хорих ял, (5) 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ял, (6) Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 1386 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, (7) Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 8 хоногийн хорих ял, (8) мөн шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 663 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 8 сар 14 хоногийн хорих ял тус тус шийтгүүлж байсан, Б овогт С-ын Ж- /РД: БК********/

 

2. Шүүгдэгч С.Ж- нь 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 12 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Т” ХХК-ийн зах дотор үйл ажиллагаа явуулдаг “А” гэх нэртэй  дэлгүүрээс иргэн А.Е-ын “Samsung A12” загварын гар утсыг хулгайлж 440.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

3. Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 129 дүгээр яллах дүгнэлтээр шүүгдэгч С.Ж-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн  2022/ШЦТ/135 дугаар шийтгэх тогтоолоор:  

4.1. Шүүгдэгч Б овогт С-ын Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж-ыг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

4.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж-т Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ХМШЭ/23 дугаартай захирамжаар хорих ялаас хугацаанаас өмнө суллаж эдлээгүй үлдсэн 04 сар 26 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 4 сар 26 хоногийн хорих ялаар тогтоож,

4.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж-т оногдуулсан 1 жил 4 сар 26 хоногийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.  

 

5. Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/135 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Ж- надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ХМШЭ/23 дугаартай захирамжаар хорих ялаас хугацааны өмнө суллаж эдлээгүй үлдсэн 04 сар 26 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, миний биечлэн эдлэх ялыг 1 жил 4 сар 26 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэснийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

5.2. Миний бие 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 12 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр “Т” зах дотор үйл ажиллагаа явуулдаг “А” гэх нэртэй дэлгүүрээс иргэн А.Еын “Samsung A12” загварын гар утсыг хулгайлж 440,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн.

5.3. Би үйлдсэн гэмт хэргээ эхнээсээ хүлээн зөвшөөрч хохирогчийн гар утсыг буцааж өгч хохиролгүй болгосон. Би хэдийгээр өмнө нь хэд хэдэн удаа хулгайн хэргийн учир хорих ялаар шийтгүүлж байсан нь үнэн боловч цаашид засарч хүний дайтай амьдрах хүсэл сонирхолтой байгаа.

5.4. Анхан шатны шүүхээс миний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршиг, хохирлын шинж чанарыг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэх боломжтой байхад 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн.

5.5. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ХМШЭ/23 дугаартай захирамжаар хорих ялаас хугацааны өмнө суллаж эдлээгүй үлдсэн 04 сар 26 хоногийн хорих ялын тодорхой хэсгийг нэмж нэгтгэх боломжтой байхад бүхэлд нь нэмж нэгтгэсэн нь миний эрх зүйн байдлыг доордуулж байна.

5.6. Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр өөрчлөлт оруулж надад анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жил 4 сар 26 хоногийн хорих ялын хэмжээг багасгах шийдвэр гаргаж өгнө үү.

 

6. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:  

6.1. Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Учир нь шүүх шүүгдэгч С.Ж-ын урьд нь 8 удаа ял шийтгүүлсэн хувийн байдлыг болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзээд эрүүгийн хариуцлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж дүгнэж байна. Хоёрдугаарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хорих ялаас хугацаанаас өмнө суллаж эдлээгүй үлдсэн хорих ялыг шинээр оногдуулсан хорих ялд нэмж нэгтгэх хуулийн зохицуулалт байгаа. Иймд анхан шатны шүүхийн Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосноос үлдсэн 4 сар 26 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэсэн нь хуульд нийцсэн учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

7. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч С.Ж-ын гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

8. Шүүгдэгч С.Ж- нь 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 12 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Т” ХХК-ийн зах дотор үйл ажиллагаа явуулдаг “А” гэх нэртэй дэлгүүрээс иргэн А.Еын “Samsung A12” загварын 440.000 төгрөгийн үнэтэй гар утсыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар бүрэн нотлогджээ.

 

9. Хэрэгт цугларсан мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлүүд, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, гэрчийн мэдүүлгүүд, эд мөрийн баримтыг хураан авсан тогтоол, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан үнэлэхэд, шүүгдэгч С.Ж- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдэн, хохирогч А.Еын Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эд хөрөнгө өмчлөх үндсэн эрхэд халдсан нь тогтоогдсон байна.

Иймээс С.Ж-ыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, уг үйлдэлд нь шүүхийн шийтгэх тогтоолоор хуульд зааснаар нэг жилийн хорих ял шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд нь тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзлээ. Иймд шүүгдэгчийн “...6 сарын хугацаагаар хорих ял шийтгэх боломжтой байхад 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн” гэх гомдлыг хангах буюу түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй.

 

10. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

11. Түүнчлэн шүүгдэгч С.Ж-аас “...Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ХМШЭ/23 дугаартай захирамжаар хорих ялаас хугацааны өмнө суллаж эдлээгүй үлдсэн 04 сар 26 хоногийн хорих ялын тодорхой хэсгийг нэмж нэгтгэх боломжтой байхад бүхэлд нь нэмж нэгтгэсэн нь миний эрх зүйн байдлыг доордуулж байна” гэх гомдлыг гаргажээ.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ” гэж, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн хэмжээнээс их байна” гэж тус тус хуульчилсан.

 

12. Шүүгдэгч С.Ж- нь хорих ялаас хугацаанаас өмнө суллагдаж, хяналтын хугацаанд байхдаа санаатай гэмт хэрэг үйлдсэн тул мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж-т Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ХМШЭ/23 дугаартай захирамжаар хорих ялаас хугацаанаас өмнө суллаж эдлээгүй үлдсэн 4 сар 26 хоногийн хорих ял дээр Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/135 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 4 сар 26 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж-ын  цагдан хоригдсон 4 хоногийг түүний эдлэх хорих ялаас хасаж тооцсон нь хуульд нийцсэн гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

12. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/135 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Ж-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                            М.НЯМБАЯР

                       

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК