Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 1463

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Ц” ХХК, АНУ-ын иргэн Э

/Enghe Chimood/ нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/01214 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Ц” ХХК, АНУ-ын иргэн Э /Enghe Chimood/ нарын хариуцагч Г.Б-, Б.М-, Б.Б- нарт холбогдуулан гаргасан 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Ч” ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээ, “Ч” ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, “Ч” ХХК-ийн эрх болон 100 хувийн хувьцаа, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 3а хэсэг Улиастай 45а хаягт байршилтай, нэгж талбарын 1331704678 дугаартай, 4 436 м.кв талбай бүхий газрын, Баянзүрх дүүрэг 23 дугаар хороо 3а хэсэг Улиастай 45б хаягт байршилтай, нэгж талбарын 1331704679 дугаартай, 7 888 м.кв талбай бүхий газрын, Баянзүрх дүүрэг 23 дугаар хороо 3а хэсэг Улиастай 45в хаягт байршилтай, нэгж талбарын 1331704680 дугаартай, 2 448 м.кв талбай бүхий газрын эзэмших эрх, Баянзүрх дүүрэг 23 дугаар хороо Улиастай 3а хэсэг 45 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204017897 дугаарт бүртгэлтэй, хувийн орон сууцны зориулалттай 58.4 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, М.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, түүний өмгөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч нарын төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн үүсгэн байгуулсан “Ц” ХХК-ийн өмчлөлийн зүйл болох Монгол Улсын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 9011118035 дугаарт бүртгэгдсэн, 2765098 тоот регистрийн дугаартай “Ч” ХХК-ийн нийт хувьцааг таван зуун сая төгрөгөөр үнэлж хариуцагч Г.Б-д худалдахаар Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ гэх гэрээнүүдийг байгуулж, Чингэлтэй дүүргийн 187 дугаартай нотариатч У.Өнөрцэцэгээр гэрчлүүлсэн болно. Уг гэрээнүүдийг байгуулахаас өмнө хариуцагчтай бизнесийн харилцаатай байсан бөгөөд түүнд удаа дараа зээлээр мөнгө өгч авлага үүсээд байсан ба “Ч” ХХК-ийг худалдах тухай ярихад хариуцагч нь мөнгийг нь даруй төлөх нөхцөлтэйгөөр зээлээр худалдан авахаар заримдаа гуйж, заримдаа дарамталж шахсаар байгаад энэ гэрээнүүдийг хийж, мөн “Ц” ХХК-ийн нэрийн өмнөөс улсын бүртгэлд хандсан албан тоот зэрэг шаардагдах бичиг баримтыг хийлгэж аваад, өөрийн нэр дээр шилжүүлмэгцээ “Ч” ХХК-ийн эзэмшлийн зүйл болох Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Улиастайд орших 14 800 м.кв газрыг дээр нь орших объектын хамт банкны барьцаанд тавьж, 500 000 төгрөгийг зээлдэн аваад, тэр дариу компани худалдаж авсан мөнгө болох таван зуун сая төгрөгөө төлнө гэж хэлж итгэл төрүүлэн хуурч мэхлэн гэрээнүүдийг байгуулаад тэр үеэс хойш зугтааж булзаж алга болох болсон. Ингээд араас нь хөөцөлдсөөр улмаар өмгөөлөгч авч, 2017 оны нэгдүгээр сард цагдаагийн байгууллагад хандан гомдол гаргаж, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь зүйлд заасан хэрэг үүсгэн шалгаж байгаад Чингэлтэй дүүрэгт шилжүүлэн шалгаж, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 520 дугаартай, “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол гарч хэргийг хаасан тул одоо иргэний журмаар гэрээнүүдийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа болно. Прокурорын тогтоолд Г.Б-ийн хохирогч АНУ-ын иргэн Э /Enghe Chimood/-c “Ч” ХХК-н эрхийг эзэмшлийн зүйл болох газар объектынх нь хамт 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэрээ байгуулах замаар мэхлэн шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжтэй байх ба мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрч яллагдагчаар татах боломжгүй болсон...” үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг удирдлага болгон хэрэг бүртгэлтийн 201725010158 дугаартай хэргийг ЭХХШТХ-н 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хаасугай, хохирогч нь өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай... гэж тогтоосон болно. Иймд дээр дурдсан гэрээнүүдийг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасанчлан хууран мэхлэх замаар хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцуулахаар шаардаж байна. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж, шилжүүлэн өгсөн компанийн хувьцааг болон газар эзэмших эрхийн гэрчилгээг мөн үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг газар үл хөдлөх хөрөнгийн хамт буцаан шилжүүлэн өгөхийг хариуцагчид даалгуулахаар шаардаж байна. Нэгдүгээрт: Хариуцагч Г.Б-тэй 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хийсэн нэхэмжлэгчийн өмчлөлийн, 2765098 регистртэй “Ч” ХХК-ийн эрхийг шилжүүлэх тухай Компанийн эрх шилжүүлэх гэрээ" -г хүчин төгөлдөр бусад тооцуулах; Хоёрдугаарт: Хариуцагч Г.Б-тэй 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хийсэн, мөн “Ч” ХХК-ийн хувьцааг шилжүүлэх тухай “Хувьцаа худалдах,худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах, Гуравдугаарт: Хүчин төгөлдөр бус хэлцлүүдийн үр дагаврыг арилгуулж “Ч” ХХК-ийн эрхийг болон 100 хувь хувьцааг болон түүний эзэмшлийн, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 420 тоот захирамжаар олгогдсон, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд Улиастайн 345-16 хаягт байрлах, 3037Ю111 нэгж талбарын дугаартай, 0148552 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй, 14800 м.кв талбайтай газрыг, мөн энэ газар дээр байрлах, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо,Улиастайн 345/1 хаягтай, Ү-2201017897 бүртгэлийн дугаартай, 000181626 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй, хувийн орон сууцны зориулалттай, 58,4 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг тус тус буцаан шилжүүлэн өгөхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэл гаргаж байна.

Нэхэмжлэгч нарын төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа:

Тус шүүхэд нэхэмжлэгч “Ц” ХХК болон АНУ-ын иргэн Э /Enghe Chimood/ нараас хариуцагч Г.Б-д холбогдуулан дараах шаардлагыг гаргасан. 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хийгдсэн “Ч” ХХК-ийн эрхийг шилжүүлэх тухай компанийн эрх шилжүүлэх гэрээ, мөн өдрийн “Ч” ХХК-ийн хувьцааг шилжүүлэх тухай хувьцаа худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах, “Ч” ХХК-ийн өмчлөх эрхийг шилжүүлсэн 2019 оны 3 дугаар сарын 18-ны хувьцаа бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ, 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10 дахь хэсгүүдэд заасны дагуу хүчин төгөлдөр бусад тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлүүдийн үр дагаврыг арилгуулж “Ч” ХХК-ийн эрхийг болон 100 хувь хувьцааг болон түүний эзэмшлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/246 тоот захирамжаар олгогдсон, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд Улиастайн 3А хэсгийн 45А, 45Б, 45В тус тус хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Э-2204001861, Э-2204001862, Э-2204001860 дугаарт бүртгэлтэй нийт 14 784 м.кв талбайтай газрыг, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастайн 345/1 тоот хаягтай Ү-2201017897 бүртгэлийн дугаартай 000181626 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй, хувийн орон сууцны зориулалттай 58.4 метр квадрат талбайтай үл хөдлөх хөрөнгийг тус тус буцаан шилжүүлэн өгөхийг хариуцагч Г.Б-, Б.Б- нарт даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, өмнө уг иргэний хэрэгт Б.Мөнхтулгыг хариуцагчаар татсаныг татгалзаж байна.

Хууль буюу гэрээний дагуу “Ч” ХХК-ийг нэгээс нөгөөд бэлэглэлийн гэрээ эсхүл худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн байдаг. Гэтэл шүүхэд эсхүл цагдаагийн байгууллагад шалгагдах явцад Г.Б- нь Б.Б- гээд хамаатныхаа дүүдээ зүгээр хэлбэрийн төдий шилжүүлсэн харагдаж байгаа. Эхлээд Б.Б- рүү, дараа нь Б.М-д шилжүүлж, буцаад Б.Б- рүү шилжүүлж дүр үзүүлсэн хэлцэл хийсэн. Хэрэгт авагдсан баримтаар энэ компани нь Төрийн банкинд 1 000 000 000 орчим төгрөгийн зээлтэй байдаг. Иймд 1 000 000 000 төгрөгийн өрийг зүгээр л бусдад шилжүүлнэ гэж байхгүй. Хууль зүйн хувьд болон бодит байдалд ийм байх боломжгүй, үнэмшилгүй юм. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар дүр үзүүлсэн хэлцэл байх боломжтой юм. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсгийн тухайд, бид анхнаасаа энэ хэргийг эрүүгийн гэмт хэрэг гэж үзсэн. Тиймдээ Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст 2 жил орчим шалгуулсан. Үүний дагуу прокурорын шат шатны шийдвэрээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг цаашид үргэлжлүүлэн шалгах, Г.Б-ийг яллагдагчаар татах боломжгүй гэж үзээд, эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан. Хууль ёсны эсэхийг мэдэхгүй байна. Бүх шатны шийдвэр гарсан учир цааш хандах боломжгүй болсон. Арга буюу иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Цагдаагийн байгууллагад шалгуулах үед Эрүүгийн хуульд заасан залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн. Шат шатны прокурорын тогтоолд залилах гэмт хэргийн шинж байна гэдгийг өөрсдийн эрх хэмжээний хүрээнд дүгнэсэн. Иймд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар хууран мэхлэх хэлцэл хийсэн гэж үзэж байна. Үүний үндсэн дээр дараагийн гэрээнүүд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр байгуулсан гэж үзэх бүрэн боломжтой, хууль зүйн үндэслэлтэй байна. Л.Болдгэрэл нь 3 удаагийн ам.долларын шилжүүлгийн баримтаар 100 000 ам.доллар, 50 840 000 төгрөг шилжүүлснээрээ “Ч” ХХК-ийг худалдаж авсан мөнгөний төлбөр гэж өмгөөлөгчдөө ойлгуулсан учир ийм байдлаар тайлбарладаг. Хэрэгт авагдсан бичгэн нотлох баримтууд нь Г.Б-ийн тайлбарыг нотлохгүй харин ч эсрэг байдаг. 100 000 ам.долларыг “Ч” ХХК-ийг худалдан авсан төлбөрт оруулах байсан бол 2014 оны 01 сар болон 2014 оны 4 сард 2 хувааж зээлийн гэрээ хийхдээ 100 000 ам.доллараа хасуулах яриа ярих байсан. 2014 оны 1, 4 дүгээр сард зээлийн гэрээ маягаар байгуулж байгаа төлбөр тооцооны асуудал нь “Ч” ХХК-ийн эрхийг шилжүүлсэн гэрээнээс хойш хийгдсэн. Энэ компанийн хувьцааг худалдан авсан үнийн дүнг тодорхойлсон баримтууд болж харагдаж байгаа. Хавтаст хэрэгт эрүүгийн хэргээс татаж авсан материал, АНУ-ын иргэн Э /Enghe Chimood/-н эрүүгийн хэрэгт хохирогчоор өгч байсан тайлбар, гэрч н.Ариунболдын тайлбар, мэдүүлэг авагдсан. Үүнээс харахад, н.Ариунболд, Г.Б-, Enghe Chimood гурвын дундын өөр компани буюу “Эзу транс” ХХК-тай холбогдолтой өр авлагын тооцоо дуусч байгаа утгатай гэж харагдаж байгаа. Түүнээс “Ч” ХХК-ийг худалдан авсны төлбөр гэж харагддаггүй бөгөөд энэ төлбөр төлөгдөөгүй. М.Баяраа өмгөөлөгч энэ талаар сайн тайлбарласан. Сүүлийн 2 зээлийн гэрээг байгуулж байгаа асуудал нь залилан мэхлэх асуудлын шинж тэмдэг юм. 500 000 000 төгрөг буюу 240 000 орчим ам.доллараар компанийг чинь худалдаж авна, төлбөрийг удахгүй өгнө гэж АНУ-ын иргэн Э /Enghe Chimood/-д хэлсэн ч өгөөгүй. 2013 оны 8 сараас 2014 оны 01 сар хүртэл мөнгийг маань буцааж өгнө гэж тохирсон учир дуустал нь хараад байсан. Мөнгө өгөхгүй нь тодорхой болонгуут мөнгөө авах гэж явсаар өдийг хүрсэн. Хөөн хэлэлцэх хугацаа тасраагүй. 2016 оны 7 дугаар сард Төрийн банкинд “Ч” ХХК-ийн хөрөнгийг барьцаанд тавьж зээл авсан хэрнээ төлбөрөө төлөөгүй, шууд холбоо таслаад утсаа ч авахаа больсон. Энэ нөхцөл байдлаас Л.Болдгэрэл нь өмчлөх эрхийг шилжүүлж авахдаа анхнаасаа мөнгийг нь буцаан өгөх ямар ч санаа бодолгүй, итгэл эвдэж хуурч мэхлэх аргаар гэрээ хийсэн нь харагдаж байна. Энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч Г.Б-тэй 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хийсэн нэхэмжлэгчийн өмчлөлийн, 2765098 регистртэй “Ч” ХХК-ийн эрхийг шилжүүлэх тухай, “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах, Хариуцагч Г.Б-тэй 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хийсэн, мөн “Ч” ХХК-ийн хувьцааг шилжүүлэх тухай “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлүүдийн үр дагаврыг арилгуулж “Ч” ХХК-ийн эрхийг болон 100 хувь хувьцааг болон түүний эзэмшлийн, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 420 тоот захирамжаар олгогдсон, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд Улиастайн 345-1б хаягт байрлах, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо 345/1 хаягтай, Ү-2201017897 бүртгэлийн дугаартай, 000181626 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй, хувийн орон сууцны зориулалттай 58.4 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг тус тус буцаан шилжүүлэн өгөхийг хариуцагчид даалгуулах гэжээ. “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах болон “Ч” ХХК-ийн хувьцааг шилжүүлэх тухай “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа бөгөөд гуравдугаарт заасан ...дагалдах гэсэн шаардлага хангагдахгүй болж байна. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хууль зүйн хувьд тодорхойгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Нэхэмжлэлд дурдсан прокурорын тогтоолтой холбоотой асуудал нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагад дурдсан “Ч” ХХК-ийг бусдад шилжүүлэхийг зогсоох, Улсын бүртгэлд аливаа өөрчлөлт оруулахгүй байхыг, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улиастайн 345/1 хаягтай Ү-2201017897 бүртгэлийн дугаартай, 000181626 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй, хувийн орон сууцны зориулалттай 58,4м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийг бусдад шилжүүлэхийг зогсоох, тус хөрөнгөтэй холбоотой бүртгэл хийхгүй байхыг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт мөн “Ч” ХХК-ийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд Улиастайн 345-1б хаягт байрлах 3037/0111 нэгж талбарын дугаартай 0148552 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй 14 800 м.кв талбайтай газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэхийг зогсоох газар эзэмших эрхтэй холбоотой аливаа үйлдэл хийхгүй байхыг харьяа дүүргийн Засаг дарга, Газрын албанд тус тус даалгаж өгнө үү хэмээн хүсчээ. Уг хүсэлтэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-т зааснаар ...зогсоох... даалгаж өгнө үү гэсэн хүсэлт нь хууль зүйн хувьд дээрх хуулийн заалттайгаа нийцэхгүй байгаа тул хүсэлтийг хангах үндэслэлгүй, нотлох баримт бүрэн бус хүсэлт байна. Мөнгө авч шилжүүлсэн зээлийн гэрээн дээр тусгагдаагүй асуудлыг таамаглаж ярьж байна. Зээлийн гэрээ байгуулахад огт дурдагдаагүй зүйл ярьж байгаа нь үндэслэлгүй юм. Үнэхээр өр авлагатай, төлбөр төлөгдөөгүй байсан бол хамгийн сүүлд зээлийн гэрээг байгуулахдаа энэ тухай гэрээн дээр дурдаж, мөнгөн дүн өөр байх байсан гэж бодож байна. Гэрээнд тусгагдаагүй үндэслэлгүй тайлбар гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Эзу транс” ХХК, “Ч” ХХК хоёрын хоорондын нийлсэн тооцоо байгаа гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна. Улсын бүртгэлийн ерөнхий газраас “Эзу транс” ХХК-тай холбогдох материалыг нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн. Үүнээс харахад “Эзу транс” ХХК-ийн хувьцааг шилжүүлэхдээ 100 000 ам.доллар, 500 000 000 төгрөгийн талаар дурдаагүй. Д.Ариунболд, АНУ-ын иргэн Э /Enghe Chimood/ хоёрын хооронд хийсэн гэрээ, АНУ-ын иргэн Э /Enghe Chimood/, Г.Б- нарын хооронд байгуулсан хувьцаа шилжүүлэх гэрээг харахаар нийт 1 117 ам.доллараар шилжүүлэх гэрээ хийгдсэн байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл дээр ч байгаа. Нэхэмжлэлийн шаардлага нь 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Г.Б-тэй байгуулсан нэхэмжлэгчийн өмчлөлийн 27670198 регистртэй “Ч” ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай байгаа. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээн дээр төлбөрийн талаарх зүйл огт байхгүй. Хуульд заасан журмаар хэний ч нөлөөнд автахгүйгээр өөрийн хүсэл зоригийн хүрээнд байгууллаа гэж гэрээн дээр тусгасан. Компанийн хувьцаа шилжүүлэхээс өмнө “Ч” ХХК-ийн нэр дээр байдаг 14 800 м.кв зэрэг зөрүүтэй талбай бүхий газрын эрхийг тодорхой үнээр буюу 210,000 орчим ам доллароор үнэлсэн. Үүнээс 100,000 долларыг нь урьдчилж өгсөн. Урьдчилж өгсөн баримтан дээр газрын төлбөр гээд Г.Б-ээс АНУ-ын иргэн Э /Enghe Chimood/ руу шилжүүлсэн байгаа. Үүний үлдэгдэл дэээр талууд зээлийн гэрээ байгуулсан. Энэ талаар өөрсдөө ч эрүүгийн хэрэг шалгагдах явцад мэдүүлсэн. “Эзу транс” ХХК-ийн материалыг татуулж ирүүлчхээд “Эзу транс” ХХК, “Ч” ХХК хоёулангийнх нь нийлсэн төлбөр гэж ойлгомжгүй зүйл ярьж байна. Ерөөсөө тийм зүйл байхгүй. Танай нэхэмжлэлийн шаардлага дээр ч тийм зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлага дээр компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах талаар байгаа. Ямар ч үнэлгээний асуудал байхгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд нэхэмжлэл гаргах итгэмжлэлийн хэлбэр өөр байгааг өмнөх хурал дээр хэлсэн. Тэр тайлбар хэвээр байгаа. Нэхэмжлэгч нь анхны нэхэмжлэл дээрээ ч тэр, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа ч тэр Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгийг үндэслэж хуурч мэхлэх замаар байгуулсан учир хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэж байгаа. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан хэлцлийн тухайд, хүчин төгөлдөр бусд тооцуулахыг шаардахдаа 3 жилийн хугацаанд байх ёстой учир хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгийг анхаарч үзнэ үү. 14 800 м.кв талбай бүхий газар “Ч” ХХК-д үлдэж байгаа гэдэг утгаар газрыг “Ч” ХХК-д үлдээж байгаа нөхцөл дээр талууд тодорхой хэмжээний мөнгө ярьсан. Энэ мөнгөний тал хувийг шилжүүлсэн, үлдэгдэл- дээр нь зээлийн гэрээ байгуулсан. “Эзу транс” ХХК-тай холбоотой дараа нь төлбөрийг хэн нэгэн авна гэсэн ямар ч гэрээ хэлцэл байхгүй. Өөр гэрээ рүү чихэх гэж байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага дээр 500 000 000 үнэлсэн гэдэг ч үүнийг нотолсон зүйл хавтаст хэрэгт байхгүй. Газрын эрхтэй холбоотой маргаан нь иргэний хэргийн шүүхэд огт хамааралгүй асуудал юм гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Ажиг овогт Гаравын Болдгэрэл, Ажиг овогт Болд-Эрдэнийн Батмөнх нарт холбогдох 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Ч” ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээ, “Ч” ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, “Ч” ХХК-ийн эрх болон 100 хувийн хувьцаа, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 3а хэсэг Улиастай 45а хаягт байршилтай, нэгж талбарын 1331704678 дугаартай, 4 436 м.кв талбай бүхий газрын, Баянзүрх дүүрэг 23 дугаар хороо 3а хэсэг Улиастай 45б хаягт байршилтай, нэгж талбарын 1331704679 дугаартай, 7 888 м.кв талбай бүхий газрын, Баянзүрх дүүрэг 23 дугаар хороо 3а хэсэг Улиастай 45в хаягт байршилтай, нэгж талбарын 1331704680 дугаартай, 2448м2 талбай бүхий газрын эзэмших эрх, Баянзүрх дүүрэг 23 дугаар хороо Улиастай 3а хэсэг 45 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204017897 дугаарт бүртгэлтэй, хувийн орон сууцны зориулалттай 58.4 м2 талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч Enghe Chimood, “Ц” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Enghe Chimood, “Ц” ХХК нь хариуцагч Б.М-д холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 798 400 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, М.Б нар давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргахдаа шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Анхан шатны шүүх 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Ч” ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээний талаар “...хариу төлбөр болох гэрээний үнийг гэрээндээ заагаагүй” гэж үзсэн боловч “...хариу төлбөр төлөх үүрэгтэй болохоо хариуцагч хүлээн зөвшөөрөв” /шийдвэрийн 8 тал/ гэсэн үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн байна.

Хариуцагч Г.Б- нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст өгсөн удаа дараагийн мэдүүлэг болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбараас үзэхэд “Ц” ХХК-аас “Ч” ХХК-ийг яг хэдэн төгрөгөөр худалдан авсан болохоо нотлоогүй, уг компанийг худалдсан 500 000 000 төгрөгийн үнийг хүлээн зөвшөөрөхгүй явж ирсэн байхад шүүхээс хариу төлбөр төлөх үүрэгтэй болохоо хариуцагч хүлээн зөвшөөрсөн гэж үзэх нь хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3 дахь хэсэгт заасан гэрээний гол нөхцлийн талаар хариуцагч Г.Б- тохироогүй, гэрээний үнийн талаарх худалдагчийн саналыг анхнаасаа зөвшөөрөхгүй байснаа илэрхийлсэн байна. Гэтэл “Ч” ХХК-ийг Г.Б- нь худалдан авахдаа “Ц” ХХК, түүний захирал АНУ-ын иргэн Э /Chimood Enghe/ нь 500 000 000 төгрөгөөр зарах санал гаргаж худалдсан болохыг хариуцагч Г.Б-, гэрч Д.Ариунболд нар нь аль аль эрүүгийн хэрэгт өмнө өгсөн мэдүүлгээрээ нотолдог, уг баримт хэрэгт авагдсан. Дээр дурдсанаар “Ц” ХХК болон Г.Б- нарын хооронд “Ч” ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулахдаа талууд яагаад гэрээний үнийг тодорхойлоогүй болох, компани шилжүүлэн авсны дараа Г.Б- нь компанийн үнийг зөвшөөрөхгүй байгаагаар худалдагчийг анхнаасаа хууран мэхэлж компани шилжүүлсэн болохыг шүүх хэргийг шийдвэрлэхдээ анхаараагүй. Мөн шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг буруу хэрэглэсэн, мөн 195 дугаар зүйлийн 195.1-195-3 дахь заалтыг хэрэглэлгүй хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан.

2012-2013 онд АНУ-ын иргэн Э /Chimood Enghe/-д өгсөн 100 000 ам.долларыг 2014 онд “Ц” ХХК-аас “Ч” ХХК-ийг Г.Б- худалдан авсан төлбөрийн хэсэг гэж үзэх нь хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтыг буруу үнэлсэн.

Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч АНУ-ын иргэн Э /Chimood Enghe/-ийн цагдаагийн байгууллагад хохирогчоор өгсөн мэдүүлгээс дурдахдаа Компаниа зарахдаа гэрээ хийгээгүй” гэсэн нь хэрэгт авагдсан 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр АНУ-ын иргэн Э /Chimood Enghe/-ийн хохирогчоор өгсөн мэдүүлэгт байхгүй. Мөн Г.Б-ээс “газрын төлбөр” гэсэн утгаар шилжүүлсэн 2012 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 20 000 ам.доллар, 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 30 000 ам.доллар, 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 50 000 ам.доллар нийт 100 000 ам.доллар хүлээн авсан болохоо хүлээн зөвшөөрч байна” гэж АНУ-ын иргэн Э /Chimood Enghe/ нь 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ мэдүүлээгүй байхад шүүх хохирогчийн мэдүүлэгт байхгүй зүйлийг дэлгэрүүлж дурдсан нь буруу байна.

Шүүх дээр дурдсан эрүүгийн хэрэгт авагдсан хохирогч АНУ-ын иргэн Э /Chimood Enghe/ мэдүүлгийг шүүхийн шийдвэрт олон дахин дурдаж, үнэлсэн байтал “Ч” ХХК-ийн худалдахдаа “Ц” ХХК, түүний захирал Chimood Enghe /Чимүд овогтой Энхэ/ нь 500 000 000 төгрөгөөр зарах санал гаргаж худалдсан болохыг мэдүүлсэн, гэрчилсэн хариуцагч Г.Б-ийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст өгсөн удаа дараагийн мэдүүлэг гэрч Д.Ариунболдын мэдүүлэг, 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг хуульд зааснаар үнэлээгүй нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэснийг зөрчсөн, шүүх шийдвэр гаргахдаа хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан.

Шүүх 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Ч” ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээний талуудыг буруу тодорхойлсон бөгөөд “Ц” ХХК нь өмнө Г.Б-тэй “Ч” ХХК-ийг худалдах талаар гэрээ байгуулж байгаагүй болохыг шүүх анхаараагүй. Мөн “...гэрээний тохиролцоо 2012 онд хийгдсэн, ...гэрээг 2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр бичгээр хийж баталгаажуулсан” гэсэн нь ямар нотлох баримтад үндэслэсэн нь тодорхойгүй, хууль зүйн үндэслэлгүй буруу дүгнэлт болсон. Хариуцагч Г.Б- нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байх хугацаандаа “Ч” ХХК-ийн хувьцааг 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр БНХАУ-д байхдаа өөрийн эхнэр Б.М-д итгэмжлэл олгон хамаатны дүү болох иргэн Б.Б-ийн нэр дээр, Б.Б- нь 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр иргэн Б.Мөнхтулгын нэр дээр буцааж, Б.М- нь 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр буцааж Б.Б-ийн нэр дээр тус тус бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлж байгаа үйлдэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хэлцэл хийсэн. Учир нь өөрийн тодорхой хөрөнгө, эзэмшил газартай, Төрийн банкинд төлөх 1 000 000 000 төгрөгийн зээлтэй компанийг бусдад үнэ төлбөргүй, бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж байгаагийн бодитой бус, хууль зүйн үндэслэлгүй байгаа бөгөөд анхан шатны шүүх энэ талаар хариуцагч нараас тодруулаагүй нь хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч АНУ-ын иргэн Э /Enghe Chimood/ болон “Ц” ХХК нь хариуцагч Г.Б-, Б.Б-, Б.М- нарт холбогдуулан 2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн “Ч” ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээ, “Ч” ХХК“-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, “Ч” ХХК“-ийн эрх болон 100 хувийн хувьцаа, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 3а хэсэг Улиастай 45а хаягт байршилтай, нэгж талбарын 1331704678 дугаартай, 443 м.кв талбай бүхий газрын, мөн хорооны мөн хэсгийн 45б хаягт байршилтай нэгж талбарын 1331704679 дугаартай, 7888 м.кв талбай бүхий газрын, 45в хаягт байршилтай, нэгж талбарын 13311704680 дугаартай 2448 м.кв талбай бүхий газрын эзэмших эрх, мөн 45 хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2204017897 дугаар бүртгэлтэй, хувийн орон сууцны зориулалттай 58.4 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг буцаан шилжүүлэхийг даалгах шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Мөнхтулгад холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзсан байна.

 

            Нэхэмжлэгч дээрх шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн “Ч” ХХК-ийн хувьцаа бэлэглэх болон эрх шилжүүлэх гэрээ, 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн “Ч” ХХК-ийн хувьцаа бэлэглэх гэрээ, 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Ч” ХХК-ийн хувьцаа бэлэглэх болон эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох” гэж тодорхойлсныг шүүх нэхэмжлэлийн үндэслэлээ тодруулсан гэж дүгнэсэн нь зөв.

 

            Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн “Ч” ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээгээр нэхэмжлэгч АНУ-ын иргэн Э /Enghe Chimood/ нь компанийн 100 хувийн хувьцаа болон эрхийг Г.Б-д шилжүүлэх үүрэг хүлээсэн, гэрээнд үнийг тодорхойлоогүй боловч тус гэрээг хариу төлбөртэй гэрээ болохыг талууд хэн аль нь тайлбарласан.

 

            Дээрх гэрээний дагуу АНУ-ын иргэн Э /Enghe Chimood/ нь компанийн хувьцаа болон эрхийг Г.Б-д шилжүүлж, уг шилжилтийг улсын бүртгэлээр баталгаажуулж Г.Б- “Ч” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн үйл баримт тогтоогдсон байна.

 

            Мөн маргаан бүхий газрын эзэмших эрх, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх “Ч” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй талаарх баримтууд хэрэгт авагджээ. Дурдсан үйл баримтуудыг талууд үгүйсгээгүй.

 

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “компанийн нэр дээрх эд хөрөнгийг шилжүүлж аваад зээл авч төлбөрийг төлнө гэж итгэл үнэмшил төрүүлэн, гэрээ байгуулж, хууран мэхлэх замаар компанийн хувьцаа болон эрхийг шилжүүлэн авсан гэж тайлбарласан боловч хэргийн баримтаар хууран мэхэлсэн гэж үзэх Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй байна.

 

            Нэхэмжлэгч нь гэрээний төлбөрийг Г.Б- төлөөгүй гэж маргасан ч 2012 оны 10 дугаар сараас 2013 оны 1 дүгээр сарын хооронд 100 000 ам.доллар, 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 48 840 000 төгрөг, 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2000 000 төгрөгийг Г.Б-ээс шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдсон, ийм төлбөр хийгдсэн болохыг нэхэмжлэгч үгүйсгээгүй ч уг төлбөрийг “Ч” ХХК-ийн хувьцаа бэлэглэх болон эрх шилжүүлэх гэрээний төлбөр биш, өөр “Эзу транс” ХХК”тай холбоотой төлбөр гэж тайлбарласан.

 

            Харин хариуцагч Г.Б- нь уг төлбөрийг компанийн нэр дээрх 14 800 м.кв газрыг 210 000 орчим ам.доллараар үнэлж, 100 000 ам.долларыг төлсөн, үлдэгдэл төлбөр дээр талууд зээлийн гэрээ байгуулсан гэж тайлбарлав.

 

            Хэрэгт зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн  110 000 ам.долларын зээлийн гэрээ авагдсан уг гэрээнд заасан мөнгийг Г.Б- нь  мөн оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хэсэгчлэн хүүтэй төлөх үүрэг хүлээсэн, мөн 4 дүгээр 07-ны өдрийн 137 400 ам.долларын зээлийн гэрээ авагдсан ба уг гэрээнд заасан мөнгийг 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хэсэгчлэн хүүтэй төлөх үүргийг Г.Б- хүлээжээ. Зохигчид эдгээр зээлийн гэрээг бодитойгоор байгуулж, мөнгө зээлдүүлээгүй, төлбөрийн баталгаа болгож ийм гэрээ байгуулснаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргажээ.

 

            Түүнчлэн нэхэмжлэгч АНУ-ын иргэн Э /Enghe Chimood/ нь цагдаагийн байгууллагад 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “2012 оноос “Ч” ХХК-ийг авч, газрыг эзэмшихийг шаарддаг болсон, компаниа зарахдаа гэрээ хийгээгүй. 2017 оны 01 дүгээр сард бичгийн гэрээ байгуулсан, газрын төлбөрт 100 000 ам.доллар авсан” талаар мэдүүлж байжээ. /2хх-230-232, 252/

 

            Мөн хэрэгт “Ч” ХХК болон “Эзутранс” ХХК-ийн эрх шилжүүлэх тооцоо гэсэн талуудын гараар үйлдсэн 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Г.Б-ийг 242 500 ам.долларын төлбөрийн үүрэгтэй болохыг баталгаажуулсан баримт авагдсан байна.

                                                                                                /2хх-214/

 

            Түүнчлэн хариуцагч Г.Б- нь 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр цагдаагийн байгууллагад мэдүүлэхдээ АНУ-ын иргэн Э /Enghe Chimood/-аас компанийг худалдан авахаар тохиролцож, 2012 оны 12 дугаар сарын үед АНУ-ын иргэн Э /Enghe Chimood/-д 100 000 ам.долларыг төлсөн, үлдсэн 110 307 ам.долларыг төлөх гэхэд ханшийн өсөлтөөс болж хохиролтой болсон, Энхээ анх компани авахад 87 000 ам.доллар оруулсан, компани авсны дараа ямар ч ажилд оролцоогүй, гарахдаа 100 000 ам.доллараа аваад гарсан талаар мэдүүлжээ. /2хх-228/

 

            Дээрх бичгийн нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдлаас үзвэл Г.Б-ийг хууран мэхлэх замаар гэрээ байгуулж, компанийг өөр дээрээ шилжүүлэн, газар эзэмших эрх, эд хөрөнгө өмчлөх эрхийг хууль бусаар олж авсан гэж үзэх үндэслэлгүй, талууд хүсэл зоригоо илэрхийлэн худалдах худалдан авах гэрээг байгуулсан, харин хүчин төгөлдөр гэрээний төлбөрийн асуудлаар маргаантай байгаа гэж үзэхээр байна.

 

Г.Б- нь хууран мэхэлж гэрээг байгуулсан нь эрүүгийн хэрэг шалгах явцад тогтоогдсон гэж Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 520 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолыг үндэслэн нэхэмжлэгчийн тайлбарлаж байгааг шүүх гэм буруутайг тогтоож эцэслэн шийдвэрлэсэн баримт биш гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв болно.

 

            Иймд хариуцагч Г.Б-, Б.Б- нарт холбогдуулан гаргасан 2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн “Ч” ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээ, “Ч” ХХК“-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, “Ч” ХХК“-ийн эрх болон 100 хувийн хувьцаа, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 3а хэсэг Улиастай 45а хаягт байршилтай, нэгж талбарын 1331704678 дугаартай, 443 м.кв талбай бүхий газрын, мөн хорооны мөн хэсгийн 45б хаягт байршилтай нэгж талбарын 1331704679 дугаартай, 7888 м.кв талбай бүхий газрын, 45в хаягт байршилтай, нэгж талбарын 13311704680 дугаартай 2448 м.кв талбай бүхий газрын эзэмших эрх, мөн 45 хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2204017897 дугаар бүртгэлтэй, хувийн орон сууцны зориулалттай 58.4 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/01214 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 798 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

                                           ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

 

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ