Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2024/04051

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2024/04051

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, шүүгч Б.Ганцэцэг, Э.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ТАЗ-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Б-д холбогдох,

 

13,486,885 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хэрэг үүсгэсэн иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч ТАЗ нь Б.Б*д холбогдуулан 13,486,885 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “ТАЗ нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардах гаргуулах эрхтэй гэж заасныг баримтлан, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ" гэж, 50.2-т "Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана" гэж тус тус заасан. Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт "Аймаг, нийслэлийн хэмжил зүйн байгууллагын даргыг стандартчиллын төв байгууллагын даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлнө" гэж заасны дагуу **** аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн *** дүгээр захирамжаар тус аймгийн **** хэлтсийн дарга Г.А*******ыг төрийн албанаас халах шийдвэр гаргасан. Г.А******* нь дээрх захирамжийг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу **** аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 1*** дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн *** дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ** дугаар тогтоолоор **** аймгийн Засаг даргын 2019 оны *** дүгээр захирамжийг хүчингүй болгож, Г.А*******ыг тус аймгийн **** хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин хөлс, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн байна. Нөгөөтэйгүүр, Г.А******* нь **** аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ***** дугаар шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хассанаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу эгүүлэн ажил, албан тушаалдаа томилогдох боломжгүй болсон. Түүнчлэн Г.А******* нь **** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ***** дугаар шийтгэх тогтоолоор гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 11,948,600 төгрөгийг тус аймгийн **** хэлтэст тушаах байсан бөгөөд уг төлбөрөөсөө захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны мөнгө болох 4,590,861 төгрөгийг хасуулан үлдэх төлбөрөө төлж барагдуулсан байна. Гэтэл 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Стандартчилал техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт Аймаг, нийслэлийн стандартчилал, техникийн зохицуулалтын байгууллагын даргыг Төрийн албаны хуульд заасны дагуу сонгон шалгаруулж, аймаг, нийслэлийн Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга томилж, чөлөөлнө" гэж, мөн Хэмжил зүйн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт "Аймаг, нийслэлийн Хэмжил зүйн байгууллагын даргыг Төрийн албаны хуульд заасны дагуу сонгон шалгаруулж, аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэн Хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга томилж, чөлөөлнө" гэж заасны дагуу Г.А*******ыг **** аймгийн **** хэлтсийн даргаар томилоход татгалзах зүйлгүй гэсэн саналыг тус аймгийн Засаг даргын орлогч **** газрын даргад хүргүүлсэн байна. **** газрын дарга Б.Б* нь **** аймгийн Засаг даргаас тус аймгийн **** хэлтсийн даргаар Г.А*******ыг томилоход татгалзах зүйлгүй гэсэн саналыг үндэслэн захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу томилохгүй эс үйлдэхүй гаргасан байна. Иргэн Г.А******* нь иргэний хэргийн шүүхэд ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ нөхөн төлүүлэхээр хандсаны дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн **** дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 190 ний өдрийн *** дүгээр магадлалаар хариуцагч **** газраас Г.А*******од ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгож, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган, дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн байна. Дээрх иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу **** аймгийн **** хэлтсээс 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 13,486,885 төгрөгийг Г.А*******од ажилгүй байсан хугацааны хөлсөнд тооцож олгосон байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36. 1, 36.1.2-т "ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тостоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч, ажилтныг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй" гэж, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д "энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно" гэж. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д "Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ" гэж тус тус заасан. Нэхэмжлэгч Г.А******* Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь заалт, 60 дүгээр зүйлийн 60.1 дэх зүйлд зааснаар шаардах эрх нь үүссэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй хариуцагч **** газрын дарга Б. Б* нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс үүсэх эрх зүйн үр дагаврыг хариуцахаар байна. Томилох эрх бүхий албан тушаалтан болох Б.Б* нь цаг алдалгүй Г.А*******ыг **** аймгийн **** хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилохгүй эс үйлдэхүй гаргасны улмаас төрд хохирол учирсан гэж үзэхээр байна. Иймд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг Б.Б* нь цаг алдалгүй биелүүлээгүйн улмаас иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу олгосон 13,486,885 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Төрд учирсан хохирлыг ТАЗийн нэр дээрх төрийн сангийн ***** тоот дансанд буруутай албан тушаалтан Б.Б*ээс гаргуулж өгнө үү.” гэжээ.  

 

            Хариуцагч Б.Б* хариу тайлбартаа: “...Хариуцагч нь Засгийн газрын тохируулагч агентлаг **** газарт 2016 оноос дэд дарга, 2019 оны 4 дүгээр сараас газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад 2023 оны 01 дүгээр сараас чөлөөлөгдсөн. **** аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаар захирамжаар тус аймгийн **** хэлтсийн дарга Г.А*******ыг төрийн албанаас халах шийдвэр гаргасан байна. Улмаар Г.А******* нь **** аймгийн Засаг даргын дээрх захирамжийг эс зөвшөөрч, **** аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1*** дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн *** дугаар Магадлал, Улсын Дээд шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ** дугаар тогтоолоор *** аймгийн Засаг даргын 2019 оны *** дугаар захирамжийг хүчингүй болгож, Г.А*******ыг тус аймгийн **** хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байна. Энэхүү Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаагаар **** газар, түүний дарга буюу хариуцагчийн гаргасан ямар нэгэн захиргааны актыг шийдвэрлээгүй, Хариуцагчид үүрэг болгосон ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Улсын Дээд шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ** дугаар тогтоолоор **** аймгийн Засаг даргыг “хуулиар эрх олгоогүй асуудлаар захирамж гаргаж, нэхэмжлэгчид сахилгын шийтгэл хүлээлгэж ажлаас халсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т хамаарахаар илт хууль бус акт гаргасан гэж үзэхээр байна” хэмээн үндэслэлдээ дурдсан. Энэхүү **** аймгийн Засаг даргын илт хууль бус захиргааны акт болон Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг үндэслэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс Г.А*******ын ажилгүй байсан хугацааны цалин хөлс 13,486,885 төгрөгийг **** газраас гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд төрийн өөр чиг үүрэг бүхий албан тушаалтны гаргасан илт хууль бус захиргааны актын улмаас төрд учруулсан хохирлыг тухайн актыг гаргаагүй өөр албан тушаалтнаас гаргуулах хуулийн үндэслэлгүй болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь дээрх хууль бус шийдвэрийг гаргасан буруутай этгээд буюу **** аймгийн Засаг даргаас төрд учирсан хохирлыг нэхэмжлэх үндэслэлтэй бөгөөд **** газар нь **** аймгийн Засаг даргын гаргасан илт хууль бус захиргааны актын улмаас хохирол хүлээсэн байна. Иймд дээрх үндэслэлийг харгалзан үзсэний үндсэн дээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

            Нэхэмжлэгчээс шүүхэд төлөөлөх итгэмжлэл, **** аймгийн засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаар захирамжийн хуулбар, **** аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 1*** дүгээр шийдвэрийн хуулбар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн *** дугаар магадлалын хуулбар, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ** дугаар шүүх хуралдааны тогтоолын хуулбар, **** аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2**** дугаар шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар, **** аймгийн **** хэлтсийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 24 дүгээр хүсэлтийн хуулбар , Г.А*******ын хүсэлтийн хуулбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн **** дугаар шийдвэрийн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн *** дугаар магадлалын хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн **** дугаар төлбөрийн хүсэлтийн хуулбар, ТАЗийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн *** дүгээр мэдэгдэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ТАЗийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаар тогтоолын хуулбар зэргийг ирүүлжээ.

 

            Хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар зэргийг ирүүлжээ.

 

Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр ****** газраас **** аймгийн Засаг даргын орлогчийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ***дугаар албан бичиг, иргэн Г.А*******оос Стандарт, хэмжилзүйн газарт гаргасан өргөдөл, **** газрын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 01/367 дугаар албан бичиг гэсэн баримтуудыг бүрдүүлсэн.

 

Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр **** аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн архиваас **** аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9-р сарын 02-ны өдрийн 1*** дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн *** дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2020 оны 02-р сарын 10-ны өдрийн ** дугаартай тогтоол бүхий хэрэгт **** аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүтчид гаргаж байсан гомдол, тэрхүү гомдолд өгсөн Улсын Дээд шүүхийн хариу, **** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн архиваас **** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12-р сарын 21-ний өдрийн ***** дугаар шийтгэх тогтоол бүхий хэргээс иргэн Г.А*******ыг яллагдагчаар татсан тогтоол шийдвэр, яллах дүгнэлт, таслан сэргийлэх арга хэмжээ авч байсан холбогдох шийдвэр, тогтоолуудын хуулбарыг, **** аймгийн прокурорын газраас 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ***** дугаар шийтгэх тогтоол бүхий хэргээс иргэн Г.А*******ыг яллагдагчаар татсан тогтоол шийдвэр, яллах дүгнэлт, таслан сэргийлэх арга хэмжээ авч байсан холбогдох шийдвэр, тогтоолууд гэсэн баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч ТАЗ нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг цаг алдалгүй биелүүлээгүйн улмаас төрд учирсан хохирол 13,486,885 төгрөгийг хариуцагч Б.Б*ээс гаргуулахаар шаарджээ.

 

Хариуцагч Б.Б* нь хууль бус шийдвэрийг гаргасан **** аймгийн Засаг даргаас төрд учирсан хохирлыг нэхэмжлэх үндэслэлтэй бөгөөд **** аймгийн Засаг даргын гаргасан илт хууль бус захиргааны актын улмаас **** газар хохирол хүлээсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалздаг.

 

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

3.1.**** аймгийн засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаартай захирамжаар Г.А*******ыг ажлаас халсан байна.(хавтаст хэргийн 5 дахь тал)

 

3.2.**** аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 0024 дугаартай шийдвэрээр аймгийн засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаартай захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.А*******ыг урьд ажиллаж байсан албан тушаалд нь эргүүлэн томилсон.(хавтаст хэргийн 6-18 дахь тал)

 

3.3.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн *** дугаартай магадлалаар **** аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 0024 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.(хавтаст хэргийн 19-25 дахь тал)

 

3.4.Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн ** дугаартай тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн *** дугаартай магадлалыг хүчингүй болгож, **** аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 0024 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.(хавтаст хэргийн 26-29 дэх тал)

 

3.5.Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн ** дугаартай тогтоолыг эс зөвшөөрч, хариуцагч **** аймгийн засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б*******, гуравдагч этгээд *** газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М******* нь 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Монгол Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргасан бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн тамгын газрын 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаартай албан бичгээр “ ..2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн ** дугаартай тогтоолыг өөрчлөх, хүчингүй болгуулахаар дүгнэлт бичих үндэслэлгүй, энэ хэргийг шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхгүй гэж Ерөнхий шүүгч эцэслэн шийдвэрлэсэн” тухай хариу хүргүүлсэн.(хавтаст хэргийн 129-137 дахь тал)

 

3.6.**** аймгийн засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ***дугаартай “Аймгийн ****** хэлтсийн даргаар ажиллаж байсан Г******* А*******ын 3 шатны шүүхийн шийдвэр гарсан тул эгүүлэн томилоход татгалзах зүйлгүй болно” гэсэн албан бичгийг Стандарт хэмжил зүйн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Б*д ирүүлсэн.(хавтаст хэргийн 88 дахь тал)

 

3.7.**** аймгийн прокурорын газрын прокурорын 2020 оны 4 дүгээр сарын 01-ны өдрийн тогтоолоор Г.А*******ын үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 69 дугаартай яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн.(хавтаст хэргийн 156-186 дахь тал)

 

3.8.**** аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Г.А*******ыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, нийтийн албанд томилогдох эрхийг нь 3 жилийн хугацаагаар хасах ял оногдуулсан.(хавтаст хэргийн 30-47 дэх тал)

 

3.9.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн  **** дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн *** дугаартай магадлалаар хариуцагч ****** газраас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 16,130,910 төгрөгийг нэхэмжлэгч Г.А*******од олгож, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган төлж, зохих бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.(хавтаст хэргийн 50-65 дахь тал)

 

3.10.****** газраас 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрийн санд гүйлгээ хийж, 13,486,885 төгрөгийг Г.А*******од олгожээ.(хавтаст хэргийн 50-65 дахь тал)

 

4.Талууд **** аймгийн засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаартай захирамжаар Г.А*******ыг ажлаас халсан, 3 шатны шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн томилох шийдвэр гарсан, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дагуу 13,486,885 төгрөгийг Г.А*******од шилжүүлсэн тухайд маргаангүй.

 

Харин нэхэмжлэгч нь хариуцагчийг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу Г.А*******ыг эгүүлэн томилоогүй гэж, хариуцагч нь ажлаас чөлөөлөх тушаал гаргаагүй учраас учирсан хохирлыг хариуцахгүй гэж маргадаг. 

 

5.Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-т зааснаар ТАЗ нь төрийн албаны төв байгууллага тул мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасны дагуу төрийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

 

6.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2. “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана”, 498.5. “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж тус тус заасан.

 

Дээрх хуулийн зохицуулалт нь зөрчлийн улмаас үүсэх үүрэгт хамаарах бөгөөд зөрчлийн улмаас үүсэх үүрэг нь урьдчилан хэлэлцэн тохиролцсон ямар нэг гэрээ, хэлцлийг зөрчсөнтэй холбоогүйгээр бусдын амь нас, эрүүл мэнд, нэр төр, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд өөрийн хууль бус санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахтай холбоотойгоор үүсдэг бөгөөд энэ тохиолдолд гэм буруутай этгээдийн үйлдэл болон учирсан хохирлын хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байхыг шаардана.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д "Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ" гэж заасан.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн баримтуудаас үзэхэд хариуцагч Б.Б* нь Г.А*******ыг ажил эгүүлэн томилоогүй эс үйлдэхүй гаргасан байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “…Захиргааны хэргийн шүүхийн 3 шат, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хандсан 4 удаагийн шийдвэрийг биелүүлж, Б.А*******ыг цаг алдалгүй ажилд нь эргүүлэн томилсон бол Б.Б* төрд учирсан хохирлыг нөхөн төлөх асуудал яригдахгүй байсан” гэх тайлбар үндэслэлтэй байна.

 

Учир нь Монгол Улсын Дээд шүүхийн тамгын газрын 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн *** тоот албан бичгээр **** аймгийн засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, Г.А*******ыг ажилд эгүүлэн томилуулах тухай маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн байх тул 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн ****** газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б* нь Г.А*******ын ажилд эгүүлэн томилох үүргийг хүлээсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Мөн 19160001020021 дугаартай хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэгт Г.А*******од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх ба тодорхой ажил, албан тушаал эрхлэх эрхийг нь түдгэлзүүлээгүй байсан болохыг дурдах нь зүйтэй.(хавтаст хэргийн 222 дахь тал) 

 

Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй хариуцагч Б.Б*ий эс үйлдэхүй нь Г.А*******од олгох ажилгүй байсан хугацааны олговор 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн хүртэл ажлын 143 хоногийн хугацаанд нэмэгдэн тооцогдох шалтгаан болсон байх тул уг хугацаанд ногдох ажилгүй байсан хугацааны олговор 7,054,2920.1 (143хоног*нэг өдрийн цалин хөлс 49,330.70) төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

 

Харин тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1762 дугаар зүйлд хяналтын шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрхийг зохицуулсан байх ба уг эрхээ хэрэгжүүлж, тухайн хэргийн хариуцагч **** аймгийн засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б*******, гуравдагч этгээд Стандарт хэмжил зүйн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М******* нар нь Монгол Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргасан байсан тул маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй үндэслэлээр Г.А*******ыг ажилд эгүүлэн томилоогүй Б.Б*ий эс үйлдэхүйг буруутгах боломжгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б*ээс 7,054,290.1 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч ТАЗд олгож, үлдэх 6,432,594.9 төгрөгийг хэрэгсэхгүй үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

7.Хуульд заасан журмын дагуу сонгогдсон иргэдийн төлөөлөгч Г.Б*******эд шүүх хуралдааны товыг 2024.09.27-ний өдөр мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдааныг иргэдийн төлөөлөгчийн эзгүйд үргэлжлүүлэхэд татгалзахгүй гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дэх хэсэгт заасныг дагуу хуралдааныг үргэлжүүлсэн болно.

 

8.Нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэсэн тул хангасан үнийн дүнд ногдох хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг зохигчдод хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Б*ээс 7,054,290.1 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ТАЗд олгож, үлдэх 6,432,594.9 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч ТАЗ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Б.Б*ээс 127,819 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ш.ОТГОНБАЯР

 

                                            ШҮҮГЧ                                           Б.ГАНЦЭЦЭГ

 

                                                                                                   Э.ОЮУН-ЭРДЭНЭ