Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 360

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Т-ын Б-д холбогдох эрүүгийн 1710005060157 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Т.Мижиддорж, шүүгдэгч Т.Б, хохирогч Д.Ц, гэрч Э.Г нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, аав, дүүгийн хамт Чингэлтэй дүүрэг 6 дугаар хороо, *********** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, М овогт Т-ын Б,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Т.Б нь 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саарлын 8 дугаар байрны орчимд Д овогтой Ц-ыг зүүн хөлөн тус газарт нь нэг удаа өшиглөж, биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

                                                   

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж,  түүнд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүх уг эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв. 

 

1. Шүүгдэгч Т.Б-аас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  

“...Би бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийн талаар маргах зүйлгүй. 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүрэг 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саарлын 8 дугаар байрны орчимд Д.Ц-тай таарсан. Тэгээд би найз Э.Г-ыг Д.Ц-ын хойноос нь гүйгээд бариад ав гэсэн. Тухайн үед би Д.Ц-тай уулзаж юм ярьж маргалдаж байгаад түүний өвдгөн тус газарт нэг удаа өшиглөсөн. Хохирогч Д.Ц-ын утсыг нь янзлуулж өгсөн, мөн өвдөгний зургийг нь авхуулж, нийт 340.000 төгрөгийг төлсөн. Одоо би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд “Бадмаараг хаш” ХХК-ийн уурхайд рейс тоологчийн ажилд орсон. Сарын 1.000.000 төгрөгийн цалинтай.  Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин алдаа зөрчил гаргахгүй. Хохирогчоос уучлалт гуйсан. Улсын яллагчийн сонсгосон ялын саналыг зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогч Д.Ц-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 19-н үйлчилгээний төвийн хойд зам дээр найзуудтайгаа хамт, зам гараад явж байтал Т.Б хойноос “Цогоо” гээд дуудсан. Тэгэхэд манай найз “зодоон болно оо, явъя” гээд бид урагшаа алхаад яваад өгсөн. Гэтэл намайг булан тойроод гараад иртэл Т.Б-ы найз нь гарч ирээд, “миний цүнхний ар талаас бариад дагаад яв” гээд барьсан. Тэр үед Т.Б дөрвүүлээ явж байсан, Т.Б ирээд надад “дээр цохисон хүн хэн юм бэ” гэхээр нь би “манай найз” гэж хэлсэн. Тэгтэл Т.Б “найзыгаа уулзуулаарай” гэж хэлээд утасны дугаарыг нь аваад, миний зүүн хөл рүү өшиглөсөн. Би “за” гэж хэлсэн.

Тэгээд манай найзын утасны дугаарыг аваад салаад явсан. Т.Б намайг нэг удаа өшиглөсөн. Т.Б, бид хоёр 10-н жилдээ нэг сургуульд сурч байсан, манай дээд ангийн хүүхэд юм. Би одоо Хан-Уул дүүрэгт байдаг “Аварга” дээд сургуульд сурдаг Т.Б-д намайг зодох учир шалтгаан байхгүй, өс хонзон байхгүй. Т.Б надаас уучлалт гуйсан. Миний хувьд одоо түүнд гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг,

 

3. Гэрч Э.Г-ас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:   

“...2017 оны 08 дугаар сарын 28-ны орой, Т.Б, М.З, М.З-ын найз, бид  дөрөв явж байхад Д.Ц найзуудтайгаа явж таарсан. Т.Б өмнө нь “Д.Ц-ын ах нь намайг цохисон” гэж ярьж байсан. Тэгээд Т.Б “Д.Ц явж байна, тэр мөн байна” гээд намайг “бариад ав” гэхээр нь би Д.Ц-ыг барьж авах үед тэр унасан. Тэгээд босч ирээд хөлөө бариад байсан. Т.Б ирээд Д.Ц-ыг өшиглөсөн. Тэр өдөр хохирогч Д.Ц-ын биед би гар хүрээгүй. Би хохирогч Д.Ц-ыг гүйж байхад нь цүнхнээс нь татахад Д.Ц халтираад унасан юм уу, яасан юм мэдэхгүй уначихсан. Т.Б руу яв, бос гээд би Д.Ц-ыг дагуулж явсан. Надад хохирогч Д.Ц-ыг цохиж зодсон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, 

 

Эрүүгийн 1710005060157 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Д.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...2017 оны 08 сарын 28-ны өдөр 19-ийн үйлчилгээний төвийн ард дөрвөн найзтайгаа зам гарч байхад араас “Цогоо” гээд дуудахаар нь харахад Т.Б байсан. Тэгээд манай найзууд “зодоон болно явъя” гээд явсан. Т.Б, манай найзуутай юм ярьж байхад нь би түрүүлээд урагшаагаа явж байхад нэг найз нь гарч ирээд унагахад, Т.Б зүүн хөлөн дээр нэг удаа дэвссэн, тэгээд босоод байж байхад баруун талын ташаа руу нэг удаа өшиглөсөн. “Ах чинь намайг цохисон, ахыгаа уулзуул” гээд надад нэг утасны дугаар тэмдэглүүлээд яваад өгсөн. Цагдаа, энэ тэр гээд яваад үзэхгүй юу гэх мэт зүйлүүд яриад байсан. Баруун ташаа орчим өшиглөх үед нь миний баруун талын халаасанд байсан гар утас эвдэрсэн байсан. Би тэр утсыг 560.000 төгрөгөөр аваад, дөнгөж 12 хонож байсан юм.

Би утсаа янзлуулаад,  өвдөгний зураг авхуулсан 180.000 төгрөгөө авчихвал болно.  Хохирлоо барагдуулчихвал ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 18х/,

 

2. Гэрч Э.Г-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...2017 оны 08 сарын 28-ны өдөр би Хан-Уул дүүргийн 2-р хороо, 19-ийн үйлчилгээний төвийн хойд зам дээр найз Т.Б, М.З нарын хамтаар явж байхад Т.Б надад “нөгөө Д.Ц тэнд явж байна” гэхээр нь би гүйж очоод бариад авсан. Тэгэхэд Т.Б Д.Ц-тай цаахан талд уулзаж байгаад Д.Ц-ын гуя руу хөлөөрөө өшиглөж байсан, тэгээд удалгүй салцгаасан.

Т.Б Д.Ц-ын гуя руу нэг удаа хөлөөрөө өшиглөж байсан, дахиж цохиогүй, өөр цаана нь тэр хавьд явж байсан хүүхдүүд зөндөө байсан, гар утас байсан эсэхийг би хараагүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 22-23х/,

 

3. Гэрч М.З-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...2017 оны 08 сарын 28-ны өдөр Э.Г, Т.Б, найз охин Золзаяагийн хамт Хан-Уул дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Саарлын 8 дугаар байрны орчим Т.Б, Э.Г хоёрын нохойг салхилуулаад явж байтал Цогоо, ангийнхаа найзуудтай явж байсан. Тэгээд Т.Б Цогоог хараад “Цогоо нааш ир” гээд дуудсан чинь зугтаагаад байрныхаа ард зогсоод байсан. Э.Г байр тойрч гүйгээд бариад авсан.

Т.Б, Э.Г хоёр дагуулаад найзууд дээр нь авч ирээд Т.Б нь Цогоогоос “намайг аль дээр хэн цохисон юм бэ” гэсэн чинь Цогоо “мэдэхгүй шүү дээ, манай нэг найз л цохисон шүү дээ” гээд, тэгээд хөл рүү нь нэг удаа өшиглөсөн чинь “за за, би уулзуулъя, яаж уулзуулах юм” гэхэд Т.Б “Золоогийн дугаарыг ав” гээд миний утасны дугаарыг өгсөн. Тэгээд л салаад явсан. Т.Б Д.Ц-ыг нэг удаа хөл рүү нь өшиглөсөн. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Д.Ц утсан дээрээ миний дугаарыг тэмдэглэж авч байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 24х/,

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 11167 тоот дүгнэлтэд:

1. Д.Ц-ын биед зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хэргийн 27х/,

 

5. Шүүгдэгч Т.Б-ы мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:

“...2017 оны 08 сарын 28-ны өдөр ХУД-н 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Саарлын 8 дугаар байрны урд зам дээр М.З, Э.Г, Зоко гуравтай явж байсан. Д.Ц-ыг хараад дуудсан чинь надаас зугтаагаад явчихсан. Тэгээд Э.Г хойноос нь хөөгөөд барьж авсан. Тэгээд их хол зугтаагүй болохоор найзуудынх нь хажууд очоод, “чамтай байсан хүн чинь яагаад намайг цохисон юм бэ, хэн юм” гээд асуухад “мэдэхгүй” гээд байхаар нь “тэрийгээ олж ир” гэсэн чинь “за тэгнэ ээ” гэхээр нь зүүн хөл рүү нь нэг удаа өшиглөсөн. Намайг тухайн үед нэг удаа өшиглөснийг бүгд харсан. Би шүүх эмнэлгийн №11167 тоот дүгнэлттэй танилцлаа. миний учруулсан гэмтэл мөн байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгож байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 35х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 41х/ баримт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөн шүүх эмнэлгийн үзлэг шинжилгээ хийсэн №11167 тоот дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх шинжээч гаргасан, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй,  хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан тул шүүх тэдгээр баримтуудыг хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд үнэлэлт дүгнэлт өгч Т.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.  

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

1.1. Гэм буруугийн хувьд:

 

Шүүгдэгч Т.Б нь 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүрэг 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Саарлын 8 дугаар байрны орчимд иргэн Д.Ц-ыг “урьд чамтай байсан, намайг цохисон хүн хэн юм бэ, тэр хүнээ уулзуул, олж өг” гэж шаардан, түүний зүүн хөлөн тус газарт нь өшиглөсний улмаас биед нь “зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хохирогч Д.Ц, гэрч Э.Г, М.З нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн  11167 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Т.Б-ы үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, бэхжигдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Энэ хэргийн шүүгдэгч Т.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй. /хэргийн 35х/

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч Д.Ц-ын биед учирсан “зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч Т.Б түүнийг өшиглөсөн шууд санаатай гэмт үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон байна.  

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Б-ы дээрх гэмт үйлдэлд нь  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.  

 

Иймд шүүгдэгч Т.Б-ыг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох хуулийн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

 “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд хохирогч Д.Ц-ын эрүүл мэндэд учирсан “хөнгөн гэмтэл” гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд шууд учирсан үр дагавар буюу хохирол, учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхдээ холбоотой гарсан зайлшгүй бүх зардал нь хохирол учирсны улмаас шууд үүссэн хор уршиг болно.  

 

“Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” бөгөөд энэ хэргийн хохирогч Д.Ц-т гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцож шүүгдэгч Т.Б нь 340.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй тухайгаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ учир шүүгдэгч Т.Б-ы хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцож төлөх төлбөргүй гэж дүгнэлээ. 

 

  1.3. Эрүүгийн хариуцлагын талаархи:

 

Шүүгдэгч Т.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай хэргийн 41 талд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт авагдсан ба энэ нь түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх хуульд заасан үндэслэл болно.

 

Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.    

 Шүүгдэгч Т.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх эрүүгийн хариуцлагын зорилго, гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага гарцаагүй зарчимд тус тус нийцүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг харгалзан шүүх торгох ял шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв.  

 

Энэ хэрэгт Т.Б нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Д.Ц нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдав.      

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

 

                                                    ТОГТООХ нь:

 

1. М овогт Т-ын Б-ыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Б-ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Т.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан  шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт Т.Б нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон хохирол төлбөргүй, хохирогч Д.Ц гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Т.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.БАЗАРХАНД