Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2022/ДШМ/41

 

Р.А-т холбогдох эрүүгийн хэргийн тухай 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/117 дугаар шийтгэх тогтоолтой, 

шүүгдэгч Р.А-т холбогдох эрүүгийн 18130011600179 дугаартай, 2 хавтастай хэргийг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина, шүүгдэгч Р.А-, түүний  өмгөөлөгч Я.Сьезд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даулетжан нар оролцов.   

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс ***, ***оны **дугаар сарын **-ний өдөр Баян-Өлгий аймгийн *** суманд төрсөн, **настай, эрэгтэй, **** боловсролтой, мэргэжилгүй, **** ажилтай, ам бүл ** хүнтэй, **** хамт Баян-Өлгий аймгийн ***** багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Ж овогт  Р-ын А- /РД:БЖ********/ нь 2013 оны 6 дугаар сараас Баян-Өлгий аймгийн Д сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд байгуулагдсан Иргэний танхимын зохицуулагч, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгчээр ажилд орохдоо 2010 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль, Мэдээлэл Холбооны Технологийн сургуулийг “Цахилгаан холбоо” мэргэжил эзэмшиж төгссөн гэх D********** дугаартай бакалаврын дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглаж, төрд 62,266,519 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах  гэмт хэрэгт холбогджээ.

 

2. Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 108 дугаар яллах дүгнэлтээр шүүгдэгч Р.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн  2022/ШЦТ/117 дугаар шийтгэх тогтоолоор:  

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар улсын яллагчийн яллах дүгнэлтээс Р.А-ыг Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх иргэний танхимын зохицуулагчаар ажилд орохдоо Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их сургуулийн, Мэдээлэл холбооны технологийн их сургуулийг “Цахилгаан холбооны инженер” мэргэжлээр 2010 онд төгссөн гэх D********** дугаартай бакалаврын дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан” гэх хэсгийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

2. Шүүгдэгч   Ж овогт Р-ын А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

З. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.А-ыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.А-т оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 /тав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.А- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

6. Шүүгдэгч Р.А- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хувийн бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж,

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.А-ын өмчлөлийн, 2001 онд Герман Улсад үйлдвэрлэгдэж, 2011 онд Монгол Улсад орж ирсэн, ВМ\Л/ Х5 маркийн, ****БӨҮ улсын дугаартай, 8.800.000 төгрөгийн албан ёсны үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 27 дугаартай тогтоолыг шүүгдэгч Р.А-аас гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн гэмт хэргийн хор уршиг 49.626.019 төгрөг болон шүүхээс түүнд оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгийн торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж,

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн Р.А-ын нэр бүхий, Монгол Улсын Шинжпэх ухаан, технологийн их сургуулийн, Мэдээлэл холбооны технологийн их сургуулийг “Цахилгаан холбооны инженер” мэргэжлээр 2010 онд төгссөн гэх D********дугаартай, 1 ширхэг хуурамч бакалаврын дипломыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисст даалгаж,

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.А-аас гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого 49.626.019 /дөчин есөн сая зургаан зуун хорин зургаан мянга арван ес/ төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхээс надад гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэх 49.626.019 /дөчин есөн сая зургаан зуун хорин зургаа мянга арван ес/ төгрөг гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэсэн явдал нь бодит байдалд нийцэхгүй гэж үзэж байна. Учир нь Р.А- би төрийн жинхэнэ албан хаагч байгаагүй, төрийн албан хаагчийн тангараг өргөөгүй, уг албан тушаалд түр хугацаагаар ажиллаж байсан, ажил олгогчоос уг албан тушаалд удаа дараа сонгон шалгаруулалт явуулах тухай захиалгыг аймгийн Төрийн албаны зөвлөлд гаргаж байсан боловч надаас үл шалтгаалах замаар уг албан тушаалд сонгон шалгаруулалт явагдаж байгаагүй, уг албан тушаалыг түр хашиж байхад сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын зохицуулагчаар ажиллаж байсан, Р.А- надад холбогдох гэмт хэргийг 2018 онд аймгийн Прокурорын газраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байсан, хэргийг дахин ямар үндэслэлээр сэргээсэн нь тодорхой бус зэрэг бодит нөхцөл байдлуудыг харгалзан үзээгүй явдалд гомдолтой байна.

4.2. Иймээс анхан шатны шүүхээс шүүгдэгч Р.А- надаас 49.626.019 төгрөгийг төлүүлэхээр болсон хууль зүйн үндсийг хянан үзээд уг төлбөрийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтыг хүчингүй болгож өгөхийг хүсье.

5. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтэд:

5.1. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Р.А- нь хуурамч диплом ашиглаж төрийн албанд ажилласан нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл ямар нэгэн дээд сургуульд суралцаж төгсөөгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Үүний хүрээнд прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхээс холбогдох шийтгэх тогтоол нь гарсан.

5.2. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн тайлбарлаж буйгаар тухайн үед сонгон шалгаруулалт зарлагдаагүйн улмаас үргэлжлүүлэн ажилласан гэж тайлбарлаж байна. Хэдий сонгон шалгаруулалт зарлагдаагүй боловч шүүгдэгч өөрийнх нь хуурамч дипломоор төрийн албанд ажиллах ямар нэгэн боломж бололцоо өнөөдрийн Монгол Улсын хэмжээнд үйлчилж байгаа хууль, дүрэм, журамд байхгүй. Мөн хуурамч дипломоор ажилд орсон хэн нэгнийг буруутгах боломжгүй.

5.3. Шүүгдэгчийн хувьд тухайн үед ажил олгогч нь мэдэж байсан, түүнийг нь тухайн цаг хугацаанд энэ хүнийг ажилд авсан гэж тайлбарлаж байна. Гэтэл ажил олгогч ажил горилогчийн дипломыг хуурамч эсэхийг нарийн шалгах эрх бүхий субъект биш. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч болон өмгөөлөгч нарын зүгээс хохирол, хор уршгийг төлөх учраас зорчих эрхийг хязгаарлах ялаас өөр төрлийн ял оногдуулж өгнө үү, хохирол, хор уршгаа арилгана гэдэг байр сууринаас оролцсон. Гэтэл өнөөдөр анхан шатны шүүхээс гарсан тухайн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй, гомдол гаргаж байгаа явдал нь ойлгомжгүй байна. Шүүгдэгчийн хувьд анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анхан шатны шүүхээс тогтоосон хохирлыг төлнө, тийм учраас зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахгүйгээр өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэсэн санал, дүгнэлтийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гаргаж байсан байна.

5.4. Мөн 2018 онд тус хэргийг шалгаж хэрэгсэхгүй болгосон, төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаа байгаа гэж тайлбарлаад байгаа. Тухайн үед хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан эрх бүхий субъектүүд ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг мэдэхгүй. Шүүгдэгч Р.А-ын хувьд тухайн хуурамч дипломыг үйлдсэн үйлдлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан ч гэлээ, шүүгдэгч өнөөдөр хүртэл тухайн хуурамч дипломыг ашиглаж төрийн байгууллагад ажиллаж байгаа бөгөөд ашигласан үйлдэлд нь хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байгаа.

5.5. Уг хэргийг Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэгсэхгүй болгосон хэргийн хууль зүйн үндэслэлийг шалгах шалгалтын хүрээнд сэргээсэн. Гэмт хэргийн шинж нь үргэлжилж байхад тухайн хэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон хэмээн дээд шатны прокуророос хэргийг сэргээсэн. Тиймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн тайлбар, гомдол нь үндэслэлгүй байна.

5.6. Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, тус гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч тухайн хуурамч дипломыг ашиглаж, төрөөс тодорхой хэмжээний цалин хөлс авч байсан. Энэ үйлдэл нь хэдэн жилийн хугацаанд үргэлжилсэн. Шүүгдэгчид холбогдох хэргийн гэм бурууг тогтоож шийдвэрлэхэд хохирол, хор уршгийг гаргуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй. Иймд шүүгдэгчийн гаргасан гомдол нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

6. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Р.А-ын гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

7. Шүүгдэгч Р.А- нь 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс Баян-Өлгий аймгийн Д сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгчээр ажилд орохдоо 2010 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль, Мэдээлэл Холбооны Технологийн сургуулийг “Цахилгаан холбоо” мэргэжил эзэмшиж төгссөн гэх D********** дугаартай бакалаврын дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглаж, төрд 49.626.019 төгрөгийн хохирол учруулсан нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогджээ.

 

8. Р.А-ын гэм буруутай үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхдээ, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн мөн зүйл, хэсэгт зааснаар түүнийг “хуурамч диплом болохыг мэдсээр байж ашиглах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцохдоо тус тус хэргийн үйл баримтад Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэргийн зүйлчлэл тохирсон буюу хууль ёсны байх, гэм буруугийн болон хэргийн бодит байдлыг тогтоох зарчмууд тус тус хангагдсан байна.

 

            9. Хэрэгт цугларсан мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлүүд, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд, Монгол Улсын Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамны 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 9/1870 дугаартай албан тоот, Баян-Өлгий аймгийн Д сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 22 дугаартай тогтоол, Баян-Өлгий аймгийн Д сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дугаартай тогтоол, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Маргуланаас гаргаж өгсөн хохирлын тооцооны баримт, Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын ажлын байрны тодорхойлолтын хуулбар, Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Мэдээлэл холбооны технологийн их сургуулийн захирлын 2009 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 20 дугаартай тушаалын хуулбар зэрэг бичмэл нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан үнэлэхэд, шүүгдэгч Р.А- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хуурамч диплом болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай тогтоогджээ.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон оролцогч нарын тайлбар, мэдүүлэг, дүгнэлтүүд, бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлуудыг үндэслэн улсын яллагчийн “шүүгдэгч Р.А-ыг 2013 оны 6 дугаар сараас Баян-Өлгий аймгийн Д сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд байгуулагдсан иргэний танхимын зохицуулагчаар ажилд орохдоо Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Мэдээлэл холбооны технологийн их сургуулийг “Цахилгаан холбооны инженер” мэргэжлээр 2010 онд төгссөн гэх D201001121 дугаартай бакалаврын дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан” гэх хэсгийг хангалттай нотлогдон тогтоогдохгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт болон шүүгдэгч Р.А- нь 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс Баян-Өлгий аймгийн Д сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгчээр ажилд орохдоо 2010 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль, Мэдээлэл Холбооны Технологийн сургуулийг “Цахилгаан холбоо” мэргэжил эзэмшиж төгссөн гэх D********** дугаартай бакалаврын дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглаж, төрд 49.626.019 төгрөгийн хохирол учруулсан гэх дүгнэлтүүд хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль ёсны байх зарчмыг хангасан гэж дүгнэв.  

 

11. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна. 

 

12. Анхан шатны шүүх шүүгдэгч Р.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан нь мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт нийцсэн, хууль ёсны байх зарчмыг хангасан байна.

Шийтгэх тогтоолоор Р.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, тухайн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцжээ.

 

13. Шүүгдэгчээс давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “(1)... надаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэх 49.626.019 /дөчин есөн сая зургаан зуун хорин зургаа мянга арван ес/ төгрөг гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэсэн явдал нь бодит байдалд нийцэхгүй”, (2) “...Р.А- надад холбогдох гэмт хэргийг 2018 онд аймгийн Прокурорын газраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байсан, хэргийг дахин ямар үндэслэлээр сэргээсэн нь тодорхой бус” гэжээ.

(1) Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно гэж,  мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.  

Шүүгдэгч Р.А- нь 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс Баян-Өлгий аймгийн Д сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгчээр ажилд орохдоо 2010 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль, Мэдээлэл Холбооны Технологийн сургуулийг “Цахилгаан холбоо” мэргэжил эзэмшиж төгссөн гэх D********** дугаартай бакалаврын дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүгдэгч өөрийн энэ гэм бурууд маргаагүй. Түүнчлэн шүүгдэгч дээрх Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль, Мэдээлэл Холбооны Технологийн сургуулийг “Цахилгаан холбоо” мэргэжил эзэмшиж төгссөн гэх D********** дугаартай бакалаврын хуурамч дипломыг ашиглаж 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Д сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгчээр ажилд орж, өнөөг хүртэл ажиллахдаа 49.626.019 төгрөгийн цалин хөлс авч, төрд 49.626.019 төгрөгийн хохирол учруулжээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Р.А-аас гэмт хэрэг үйлдэх замаар олсон орлого болох түүний Баян-Өлгий аймгийн Д сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байх үеийн цалин хөлс 49.626.019 төгрөгийг хохиролд тооцож, гэм буруутай этгээдээс гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

(2) Хавтаст хэргийг шинжлэн судлахад Р.А-т холбогдох 1813001160179  дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 5/25 дугаартай прокурорын тогтоолоор “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Тус аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор дээрх 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 5/25 дугаартай прокурорын тогтоолыг “Р.А- нь Баян-Өлгий аймгийн Д сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргаар 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр томилогдон ажиллахдаа Шинжлэх Ухаан, Технологийн Их сургуулийг 2010 онд төгссөн гэх D********** дугаартай дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, уг дипломыг үргэлжлүүлэн ашиглаж, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албаны даргаар ажиллаж байгаа болох нь тодорхой байхад прокуророос Р.А- нь уг дипломыг 2010 оны 12 дугаар сард авсан ба 2013 оны 6 дугаар сард иргэний танхимын зохицуулагчаар анх ажилд орохдоо ашигласан байх ба уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан нөхцөл байдал тогтоогдсон” гэх илт үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн, уг дипломыг 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Д сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргаар томилогдох, үргэлжлүүлэн дээрх албан тушаалд ажиллахдаа ашиглаж байгаа үйлдэлд нь хууль ёсны, үндэслэл бүхий дүгнэлтийг хийхгүйгээр хэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн” гэх үндэслэлээр хүчингүй болгож, тус хэргийг мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт хүргүүлсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчимд нийцсэн байна.

 

14. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Харин шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн эхний заалтын “Баян-Өлгий аймгийн” гэсний дараа “Д сумын” гэх утгыг орхигдуулсан техникийн шинжтэй алдааг шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах замаар залруулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/117 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Баян-Өлгий аймгийн” гэсний дараа “Д сумын” гэж нэмж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Р.А-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР                   

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК