Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 517

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “С” ХХК

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Хариуцагч: Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар

Гуравдагч этгээд: “Д” ХХК

Гуравдагч этгээд: Эрчим хүчний хөгжлийн төв

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн А/89 дүгээр захирамжийг хүчингүй болгох, Хан-Уул дүүргийн 15-р хороо, Дөл хотхоны барилга байгууламжийг ашиглалтад оруулсан улсын комиссын 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 66/2016 дугаартай актыг хүчингүй болгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, П.Ц, Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Ц.Ц*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “С” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ:”...“С” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/752 захирамжаар Хан-уул дүүргийн 2-р хороонд ******* нэгж талбарын дугаартай 17000 м.кв газрыг эзэмших болсон. Манай компани уг газар дээрээ үйлчилгээ, цэцэрлэг бүхий орон сууцны хотхон барихаар төлөвлөж, холбогдох зөвшөөрөл, зураг төсөл, даалгаваруудыг авч, хуулийн дагуу ажиллаж байгаа ч бусдын хууль зөрчсөн үйлдлийн улмаас төлөвлөсний дагуу ажиллаж чадахгүйд хүрч, их хэмжээний хохирол амсаад байна.

Нэр бүхий компаниуд манай эзэмшлийн газар дээгүүр өөрийн барилгын хэсгээсээ оруулан барих, шугам сүлжээгээ татах зэргээр газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд ноцтой саад учруулж байгаа. Энэ тухай буюу манай эзэмлийн газарт бусад компаниуд зөвшөөрөлгүй нэвтрэн орсон талаар холбогдох мэргэжлийн байгууллагаас үзлэг, шалгалт, мэргэжлийн хэмжилтээр тогтоож дүгнэлт гаргасан байдаг. Гэвч Нийслэлийн Засаг дарга 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/89 дугаар бүхий захирамжаар манай эзэмшлийн газрыг 2500 м2 хэмжээгээр хассан байна.

Захирамжид үүний үндэслэлийг С ХХК-ийн газрын зарим хэсэг нь инженерийн шугам сүлжээ болон түүний хамгаалалтын зурваст орсон байх тул гээд тодорхой хуулийн зүйл заалтууд, тухайлбал Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.6, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6, 17.14, Эрчим хүчний тухай хуулийн 33.1 дэх хэсгүүдийг үндэслэжээ.

Эдгээр заалтууд нь шугам сүлжээнээс тодорхой зайд барилга байгууламж төлөвлөж, барьж болохгүй, хамгаалалтын зурвасыг нэвтэрч болохгүй гэх мэт хориглолтуудыг агуулжээ. Гэхдээ Нийслэлийн засаг даргын захирамжинд бодит нөхцөл байдал тусгагдаагүй байна. Үүнд:

-С ХХК нь 17000 м2 газар эзэмшиж байгаа, гэхдээ үүн дээр ямар ч барилга байгууламж, объект бариагүй байна. Өөрөөр хэлбэл, С ХХК чухам ямар байдлаар тэрхүү хамгаалалтын зурвасыг зөрчиж, шугам сүлжээтэй ойрхон барилга байгууламж барьсан бэ гэдгийг шалган тогтоож, бодит нөхцөлийг тооцолгүйгээр эзэмшил газраас шууд булаасан байна. Харин манай төлөвлөсөн барилга байгууламж шугам сүлжээ, хамгаалалтын зурвастай ойрхон, дүрэм журам зөрчигдөхөөр байгаа бол холбогдох архитектур төлөвлөлтийн даалгавар, зөвшөөрөл баталж өгөхдөө (үүнийг ч төрийн байгууллагаас баталдаг) зөрчлийг арилгуулах, эсвэл нэгэнт батлагдсан зөвшөөрлийг өөрчлөх, эсвэл хүчингүй болгох зэрэг байдлаар арга хэмжээ авах боломж байсан.

-Нийслэлийн Засаг дарга  захирамж гаргахдаа нөхцөл байдлыг хангалттай судлан тогтоосонгүй. Учир нь С ХХК нь 2013 оны 8 дугаар сарын 7-нд НЗД-ын өөрийнх нь захирамжаар газар эзэмших эрхтэй болсон. Гэвч үүнээс хойш нэр бүхий компаниуд барилга барихдаа хэсгээ оруулсан, шугам сүлжээгээ манай газар дээр дураараа барьсан. Бид өөрийн хэмжээнд хориглоод дийлээгүй, холбогдох газруудад нь хандсан ч арга хэмжээ аваагүй.

-Улаанбаатар дулааныы шугам сүлжээ ХХК-наас тодруулга авахад “Манай зүгээс дулааны шугамыг хаагуул барих талаар зөвшөөрөл өгдөггүй” гэдэг энэ шугам сүлжээ манай газар дээгүүр ямар нэгэн төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр баригдсан байдаг. Манай компани бусдын хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлэхээр иргэний шүүхэд хандсан, хэрэг маргаан хянан шийдвэрлэгдэж байгаа. 

Илэрхий хууль зөрчсөн асуудал буюу шугам сүлжээгээ бусдын газарт дураараа оруулж барингуут түүнийг нь таслан зогсоох биш, харин манай хууль ёсоор эзэмшиж байгаа газраас тэрхүү шугам сүлжээнд нь зориулж хасалт хийж байгаа явдал нь хууль бус гэж үзэж байгаа юм.

Манай компанийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас үргэлж хавчиж, харин манай эзэмшилийн газарт дураараа нэвтрэн орсон Т******* ХХК, Дөл Импекс ХХК-иудын хууль бус үйл ажиллагааг өөгшүүлж, дэмжин ажиллаж байгаа бөгөөд сүүлийн жил гаруйн хугацаанд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Засаг даргад маш олон удаа албан ёсоор хандаж байсан боловч шийдвэрлэж өгөөгүй явсаар өнөөдөр бүр эзэмшил газраас маань үндэслэлгүйгээр хасаж байна.

Иймд шүүхээс эрх хэмжээнийхээ хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/89 тоот “Эзэмшил газрын талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч “С” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, түүний үндэслэлдээ: “...Д ХХК нь үйл ажиллагаа явуулж барилга барихдаа хууль, дүрэм, журмыг олон удаа зөрчсөн бөгөөд энэ талаар удаа параа албан тоотоор Д ХХК, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт хандахадтухай бүрт нь арга хэмжээ авалгүй явсаар одоо барилгыг нь улсын комисс хүлээн авч, комиссын актыг батлаад байна. Д ХХК нь хууль дүрэм журам, техникийн нөхцлүүдийг зөрчсөн. 

Бусдын эзэмшлийн газарт нэвтэрч, барилга угсралтын ажил гүйцэтгэсэн нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 35 дугаар зүйлийн 35.3.5, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.13 дахь заалтыг тус тус зөрчсөн. Дулааны шугам сүлжээний трассын угсралтын ажил хийхдээ шугам сүлжээний угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй. Бичиг баримтын бүрдэл хангаагүй байхад улсын комисс ажиллуулж байгаа нь Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан Барилгын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх ашиглалтад оруулах дүрмийн 4.5 дахь заалт болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт Нийслэлийн нутаг дэьсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилогын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмын 8.1.3 дахь заалтыг тус тус зөрчсөн. 

Манай компанийн зүгээс Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1026 дугаар захирамжаар батлагдсанг Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх журмын 4.9.2.2-и заасны дагуу маргаан бүхий асуудал шүүхээр хянан шийдвэрлэгдэж дуусах хүртэл үүнтэй холбоотой ямар нэгэн өргөдөл хүсэлт хүлээн авахгүй байхыг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт мэдэгдсэн боловч Д ХХк-ийн Дөл хотхонд улсын комисс ажиллуулах хүсэлтийг хүлээн авч, 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 5-ны өдрийн хооронд улсын комисс ажлах хуваарийн 2 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө баталсан.

Иймд шүүхээс эрх хэмжээнийхээ хүрээнд Хан-Уул дүүргийн 15-р хорооо, Дөл хотхоын барилга байгууламжийг ашиглалтад оруулсан улсын комиссын 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 66/2016 дугаартай актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч  Нийслэлийн Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хариу тайобартаа” ...Хан-уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “С” ХХК-ийн эзэмшил газрын зарим хэсэг нь инженерийн шугам сүлжээ болон түүний хамгаалалтын зурваст орсон байх тул “Газар барилгажилтын зөвлөл”-ийн хурлын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дүгээр хурлаас гарсан дүгнэлтийг үндэслэн “С” ХХК-ийн нийслэлийн Засаг даргын 2013 оны А/752 дугаар захирамжаар эзэмшиж буй 17000 м2 газраас инженерийн шугам сүлжээний болон түүний хамгаалалтын зурвасыг хасч эзэмшил газрын талбай хэмжээг 14500м2 болгон өөрчилсөн байна.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн А/89 тоот захирамж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.6, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6, 17.14, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг үндэслэн гарсан нь хууль зүйн үндэслэлтэй холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна.

Инженерийн шугам сүлжээ болон түүний хамгаалалтын зурваст орсон 2500 м2 газрыг нийтийн эзэмшилийн зам талбайд шилжүүлэн төрийн өмчийн газарт бүртгэхийг нийслэлийн өмчийн харилцааны газарт үүрэг болгосон байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбатаа: “...Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын 2008 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 380 дугаар шийдвэрийг үндэслэн *******дугаартай нэгж талбарт 3480 м2 газрыг орон сууцны зориулалтаар эзэмших эрхийг “Дел импекс” ХХК-д олгосон байна.

“Д” ХХК нь 2011 оны 03 дугаар сарын 20-ны өдөр манай газарт барилга барих хүсэлт гаргаж, “Техникийн зөвлөлийн хурал”-аар хэлэлцэн дэмжигдэж, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “О*******” орог сууцны хорооллын 74-р байрны зүүн хойд талд 7.0 х 32.0м хэмжээтэй 3 блок, 15.0м х 32.0м хэмжээний 2 блок, 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга барихаар 2011 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 24/11 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан.

“Д” ХХК нь барилгын зөвшөөрөл авах хүсэлт гаргаж, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийн 4 дүгээр хавсралтад заасан баримт бичгийн бүрдлийг хангасан тул 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 214/ 2013  дугаартай Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгосон.

Манай газарт “Д” ХХК нь 420 айлийн орон сууцны барилга, 2 давхар хүүхдийн цэцэрлэгийн барилгаа ашиглалтанд оруулах комисс ажиллуулах хүсэлт ирүүлсний дагуу 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссажилласны дараа “Саруул шилтгээн” ХХК нь өөрсдийн эзэмшлийн газарт “Д” ХХК-ийг барилга барьж, инженерийн шугам сүлжээ татсан гэх гомдлыг удаа дараа манай байгууллагат гаргасан бөгөөд гомдлыг шалгах, тодруулах явцад Засгийн газрын 151 дүгээр тогтоолын 4.12.7-д “комиссын гишүүд мэргэжлийнхээ чиглэлээр илэрсэн зөрчил дутагдлыг бүрэн арилгуулсны дараа энэхүү дүрмийн 2 дугаар хавсралтад заасан актад гарын үсэг зурж баталгаажуулна. Зөрчил дутагдлыг 14 хоногт бүрэн арилгасан байна. Комиссын актыг баталгаажуулаагүй тохиолдолд комисс дахин ажиллах бөгөөд үүнтэй холбогдож гарах зардлыг захиалагч хариуцна;” гэж заасан 14 хоногийн хугацаа өнгөрсөн тул Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт баталгаажаагүй бөгөөд “Д”  ХХК-аас 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай албан бичгээр Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс дахин ажиллуулах хүсэлт гаргасан. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/89 дүгээр “Эзэмшил газрын талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай” захирамжийн 1-т Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Саруул шилтгээн ХХК-ийн эзэмшил газрын зарим хэсэг нь инженерийн шугам сүлжээ болон түүний хамгаалалтын зурваст орсон байх тул нийслэлийн Засаг даргын 2013 оны А/52 дугаар захирамжаар эзэмшиж буй 17000м2 газраас инженерийн шугам сүлжээ болон түүний хамгаалалтын зурвасыг хасч эзэмшил газрын талбайн хэмжээг 14500м2 болгон өөрчилсүгэй.” гэж газрын хэмжээг өөрчилсөн байна.

Дээрх захирамжаар Саруул шилтгээн ХХК Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан маргаан бүхий газрыг нийтийн эдэлбэр болгон өөрчилсөн шийдвэр гаргасан тул манай газраас 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын хууварьт Хан-Уул дүргийн 15 дугаар хороо, “Д” ХХК-ийн Дөл хотхоны үйлчилгээтэй 133 айлын орон сууцны барилгыг дахин комисс ажиллуулах хуваарьт оруулсан.

Улмаар 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 09:00 цагт “Д”  ХХК-ийн Дөл хотхоны үйлчилгээтэй 133 айлын орон сууцны барилгад Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс дахин ажиллаж 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр уг барилга байгууламжийн байнгын ашиглалтад оруулах комиссын өгсөн зөрчил, дутагдлыг арилгах үүрэг даалгаврын биелэлтийг хянан шалгаж, өгсөн үүрэг даалгавар 100%-ийн гүйцэтгэл, биелэлтэй байсан тул 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 66/2016 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актыг баталгаажуулсан.

Иймд “Саруул шилтгээн” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Д ХХК-ийн барилга байгууламжийн ашиглалтад оруулсан улсын комиссын, 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 66/2016 дугаартай актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “...Д ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2008 оны 380 дугаар захирамжаар 3480 м.кв газрын орон сууцны зориулалтаар эзэмших эрхийг олгосны дагуу тус компани нь 2011 онд архитектур төлөвлөлтийн даалагвар, эскИз зургийг батлуулан, холбогдох хууль тогтоомжийн дагуу орон сууцны барилга барих бүхий л технийкийн нөхцлүүдийг эрх бүхий байгууллагуудаас авснаар 2013 оноос 420 айлын орон сууцны барилга, 2 давхар хүүхдийн цэцэрлэгийн барилгыг барьж дуусгасан болно. 

Тус компани нь орон сууцны барилгыг дулааны сүлжээнд холбох тухай Эрчим хүчний газрын 2012 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 23/2012 тоот техникийн нөхцлийн авсан бөгөөд энэ нөхцөлд заасны дагуу Эрчим хүчний газрын ажилчдын орон сууцны барилгын дулаан шугам сүлжээнээс татаж холбохоор 2013 оноос уг барилгыг барьж гүйцэтгэсэн Тэнгэр апат ХХК, Улаанбаатар дулааны сүлжээ ХК-тай зөвшилцөж зохих зөвшөөрөл авч, тодорхой төлбөр төлсний үндсэн дээр дулааны шугам сүлжээг татсан бӨгөөд энэ үед нэхэмжлэгчийн маргаж буй газрыг эзэмшдэггүй байсан болно. Нэгэнт нэхэмжлэгч уг газрын эзэмшдэггүй байсан тул түүнтэй зөвшилцөх эрх зүйн үндэслэл байхгүй бөгөөд дулааны шугам сүлжээг татаад дуусмагц нхэмжлэгчийн зүгээс манай газар, манайхаас зөвшөөрөл аваагүй хэмээн их хэмжээний мөнгө нэхэн шаардах болсон. 

Үүний улмаас Эрчим хүчний газар /хуучнаар/-ын ажчилчдын орон сууцийг барьж гүйцэтгэсэн Т******* ХХК, Д ХХК нэхэмжлэгч нарын хооронд байнгийн хэрүүл маргаан өрнөж, нэхэмжлэгчийн зүгээс дээрх барилгуудын дулааны шугам сүлжээг эвдэх, нураах, дулаан хангамжийг хязгаарлахаар завдсан үйлдлийг байнга хийх болсон.

Түүнчлэн Нийслэлийн Засаг дарга нь С ХХК-д газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа Дөл Импекс ХХК, Эрчим хүчний газрын ажилчдын орон сууцны барилгуудын суурьт тулгаж олгосноор тухайн барилгууд руу нэвтрэн орох орц гарц, барилгын оршин суугчид  эрчим хүчээр хангагдах эрх ноцтой зөрчигдөж байсан төдийгүй эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, трассын дагуу баригдсан эрчим хүчний шугам, түүнээс дулаан хангамж авч буй барилгууд гэмтэх, хөлдөх эрсдэл үүссэн тул Нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай хуульд заасны дагуу хуульд нийцээгүй шийдвэрээ эргэн хянаж Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу сүлжээний хамгаалалтын зурвасын хэмжээгээр нэхэмжлэгчийн газраас хасч багасгасан байна.

Д ХХК нь орон сууцны барилгаа 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр барьж дуусгасан бөгөөд барилгын тухай хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан тул Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас уг орон сууцны барилгыг байнгийн ашиглалтад хүлээн авсан болно. 

Нэхэмжлэгч С ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, төлөвлөсний дагуу ажиллаж чадахгүй, өөрсдийнх нь төлөвлөсөн төсөл хэрэгжих боломжгүйд хүрч их хэмжээний хохирол амсаад байгаа мэтээр тодорхойлсон байх боловч энэ нь бодит байдалд нийцэхгүй бөгөөд гагцхүү бүтээн байгуулалт хийж буй бизнесийн байгууллыг хохироож цаг уях хүсэл зорилготой болох нь тодорхой харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Эрчим хүчний хөгжлийн төв шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “...Нийслэлийн Засаг дарга нь С ХХК-д газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа Дөл Импекс ХХК, Эрчим хүчний газрын ажилчдын орон сууцны барилгуудын суурьт тулгаж олгосноор тухайн барилгуудруу нэвтрэн орох орц гарц, барилгын оршин суугчид  эрчим хүчээр хангагдах эрх ноцтой зөрчигдөж байсан төдийгүй эрх бүхий байгуулагын зөвшөөрөл, трассын дагуу баригдсан эрчим хүчний шугам, түүнээс дулаан хангамж авч буй барилгууд гэмтэх, хөлдөх эрсдэл үүссэн тул Нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай хуульд заасны дагуу хуульд нийцээгүй шийдвэрээ эргэн хянаж Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу сүлжээний хамгаалалтын зурвасын хэмжээгээр нэхэмжлэгчийн газраас хасч багасгасан байна.

Д ХХК нь Эрчим хүчний газрын ажилчдын орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэсэн Тэнгэр апат ХХК, Улаанбаатар дулааны сүлжээ ХК-тай зөвшилцөж зохих зөвшөөрөл авч, тодорхой төлбөр төлсний үндсэн дээр дулааны шугам сүлжээг татсан бөгөөд энэ үед нэхэмжлэгчийн маргаж буй газрыг эзэмшдэггүй байсан болно.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн А/89 дүгээр захирамж нь холбогдох хууль тогтоомжийг үндэслэн гарсан хууль зүйн үндэслэлтэй, хууль тогтоомжийг зөрчөөгүй байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтууд шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбар зэргийг харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч тус шүүхэд хандаж “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн А/89 дүгээр захирамжийг хүчингүй болгох” шаардлага гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Хан-Уул дүүргийн 15-р хороо, Дөл хотхоны барилга байгууламжийг ашиглалтад оруулсан улсын комиссын 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 66/2016 дугаартай актыг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 8 дугаар сарын 07ны өдрийн А/752 дугаар захирамжаар “Улаанбаатар хотын банкны эзэмшлийн, Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 17000 м.кв газрыг талуудын хооронд байгуулсан “Эрх шилжүүлэх гэрээ”-г үндэслэн Саруул шилтгээн ХХК-д  шилжүүлэн 5 жилийн хугацаатай орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж улмаар Нийслэлийн газрын албатай газар эзэмшүүлэх гэрээг 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 5 жилийн хугацаатайгаар байгуулж газар эзэмших эрхийн гэрчилгээг олгон газрын кадастрын мэдээллийн санд нэгж талбарын ******* дугаартайгаар бүртгэсэн байна.

Нийслэлийн Засаг даргын 2008 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 380 дугаар захирамжаар “Д” ХХК-д 3480 м.кв газрыг Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж улмаар Нийслэлийн газрын албатай гэрээ байгуулснаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож газрын кадастрын мэдээллийн санд нэгж талбарын ******* дугаарт бүртгэсэн, мөн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 401 дүгээр захирамжаар “Эрчим хүчний газар” -т  ХанУул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 4193 м.кв газрыг ажилчдын орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн үйл баримтууд тогтоогдож байна.

Маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Эзэмшил газрын талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай” А/89 дүгээр захирамжаар “...”Саруул шилтгээн” ХХК-ийн эзэмшил газрын зарим хэсэг нь инженерийн шугам сүлжээ болон түүний хамгаалалтын зурваст орсон...тул Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/752 дугаар захирамжаар эзэмшиж буй 17000 м.кв газраас хасч эзэмшил газрын хэмжээг 14500 м.кв болгон өөрчилж шийдвэрлэжээ.

Хариуцагч ийнхүү шийдвэрлэсэн үндэслэлээ “инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүсэд орсон тул нийтийн эзэмшлийн зам талбайд шилжүүлэн бүртгэсэн гэж тайлбарлаж байгааг шүүх үндэслэлгүй гэж үзлээ. Тухайлбал хэрэгт авагдсан Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн Ерөнхий инженер Т.Алтангэрэлийн хянаж зөвшөөрсөн “Д” ХХК-ийн гадна дулаан хангамжийн шугамын зургаас үзвэл Эрчим хүчний газар болон Дөл Импекс ХХК-иуд нь өөрсдийн барьж буй барилгын инженерийн шугам сүлжээг  эрх бүхий байгууллагаас хянаж баталсан дулааны шугамын байгуулалтын зөвшөөрөгдсөн зургийн дагуу барьж байгуулалгүй түүнийг зөрчсөн болох нь тогтоогдож байна. 

Ийнхүү инженерийн шугам сүлжээг зөвшөөрөгдсөн зургийг зөрчиж улмаар газар эзэмшигч болон бусад эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр  “С” ХХК-ны эзэмшил газрын хилийн зааг дотор барьсан нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт, “Б*******” ХХК-ийн хийсэн хяналтын хэмжилтүүдээр нотлогдож байна.  Үүнээс үзвэл Эрчим хүчний газар болон “Дөл Импекс” ХХК-иуд нь инженерийн шугам сүлжээгээ зөвшөөрөгдсөн зургийн дагуу буюу “С” ХХК-ийн эзэмшил газраар дайруулахгүйгээр барих боломжтой байжээ.

Өөрөөр хэлбэл  Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02-р сарын 01-ний өдрийн А/89 тоот захирамжинд дурдсан “...С” ХХК-ийн эзэмшил газрын зарим хэсэг нь инженерийн шугам сүлжээ болон түүний хамгаалалтын зурваст орсон” хэрэг биш, харин инженерийн шугам сүлжээ нь “С” ХХК-ийн эзэмшлийн газарт эрх бүхий этгээдийн ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр баригдсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонмрхлыг зөрчсөн байна гэж шүүх үзлээ. 

Энэ тохиолдолд газрыг хуульд заасан журмын дагуу эзэмшиж байсан этгээдийн зөвшөөрөлгүйгээр барьсан инженерийн шугам сүлжээг чөлөөлөх үндэслэлээр “С” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээнд өөрчлөлт оруулах үндэслэлгүй юм. 

Түүнчлэн “С” ХХК-д 17000 м.кв газрыг эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/752 тоот захирамж гарах үед “С” ХХК-ийн эзэмшлийн газарт ямар нэгэн инженерийн шугам сүлжээ баригдаагүй байсан нь хавтаст хэрэгт цугласан нотлох баримтуудаар тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.

Хариуцагчийн тайлбарлаж байгаачлан тухайн газрыг нийтийн эзэмшилд авч байгаа тохиолдолд Газрын тухай хуулийн 42, 43  зүйлд зааснаар хууль ёсны эзэмшигчтэй тохиролцох буюу гэрээний хугацаа дуусахаас өмнө бусдын эзэмшил газрыг эргүүлэн авахдаа нөхөх олговор олгохоор байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаас үзвэл нэхэмжлэгчийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдээгүй, гэрээний хугацаа дуусаагүй, бусдын газар эзэмшихтэй холбогдсон хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй газрыг зохих журмын дагуу эзэмшиж байхад С ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг тэдэнтэй урьдчилан тохиролцолгүйгээр хасч шийдвэрлэсэн нь хууль бус болжээ.

Нэхэмжлэгчийн үлдэх шаардлагын тухайд, Эрчим хүчний газар болон Дөл Импекс ХХК-иуд инженерийн шугам сүлжээ болон орон сууцны барилгуудын тодорхой хэсгийг “С” ХХК-ны эзэмшил газарт дур мэдэн оруулан барьсан нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт болон “Б*******” ХХК-ийн хийсэн хяналтын хэмжилтүүдээр нотлогдсоны дээр эрчим хүч, дулааны техникийн нөхцлүүдэд заагдсан “Шугамын трасс сонголт, холболтыг хийхдээ газар эзэмшигч байгууллага, иргэдтэй зөвшөөрөлцсөн байх” даалгаврыг биелүүлээгүй байсан нь тогтоогдож байна.

 Өөрөөр хэлбэл, Засгийн Газрын 2012 оны 12 сарын 01-ний өдрийн 151-р тогтоолоор батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтанд оруулах дүрэм”-ийн 4.12.1- 4.12.3-т заасан шаардлагуудыг хангаагүй байхад улсын комисс нь “Дөл Импекс” ХХК-ийн барьсан орон сууцны хороолол болох “Дөл хотхон”-ыг байнгын ашиглалтанд хүлээн авч, акт гаргасан нь үндэслэлгүй байх боловч энэ нь нэхэмжлэгч С ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд хөндөөгүй байна.

Иймд Дөл хотхоны барилга байгууламжийг ашиглалтанд оруулсан улсын комиссын 2016 оны 02 дугаар сарын 03ны өдрийн 66/2016 дугаар актыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.2, 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/89 дугаар бүхий Эзэмшил газрын талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох Дөл хотхоны барилга байгууламжийг ашиглалтанд оруулсан улсын комиссын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 66/2016 дугаар актыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг гаргаж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114-.1-д заасны дагуу хэргийн оролцогчид нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.ДУЛАМСҮРЭН