Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2016/01026

 

П.Болорын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 154 дүгээр шийдвэр,      

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 10 дугаар магадлалтай,

П.Болорын нэхэмжлэлтэй

Г.Цэнгэл, Г.Жавзмаа нарт холбогдох,

Гэм хорын хохиролд 4.482.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бямбацэрэн, өмгөөлөгч Б.Цэрэнбат нар шүүхэд гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Болор, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бямбацэрэн, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч П.Болор шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...1980 оноос газар тариалан эрхэлж амьдарч ирсэн. 2014 онд Цэнгэл өдрийн цагаар туслах малчин Юмжаатайгаа малаа туугаад манай талбайн хажууд нүүж ирсэн. Тэгэхэд нь сахиултайгаа хамт очоод энд малтай айл бууж болохгүй гэж хэлэхэд манайх мал байхгүй тэгээд энд бууж байгаа гэсэн. Тэгээд байж байтал 2014 оны 09 дүгээр сарын 21-нд өглөө  манай талбайн урд талд 2 айл буучихсан байсан. Хэнийх юу болоод хүрээд ирэв гээд очиход Жавзмаагийн ээжийнх буучихсан байсан. Би  тариагаа хурааж дуусаагүй тул энд бууж болохгүй гэж хэлэхэд манайх мал байхгүй ээ гэсэн. Тэгээд маргааш нь ирэхэд манай талбайд мал орчихсон байсан. Энэ хэний мал юун мал орчихсон юм бол гээд зургийг нь авсан. 2014 оны 09 дүгээр сарын 23-нд дахиад мал орчихсон байсан. Сумын хохирол тогтоох комисс нь тухайн үеийн ургацын блансаар 4.482.000 төгрөгийн хохирлын акт тогтоож өгсөн тул үүнийг нэхэмжилж байна” гэжээ.

Хариуцагч Г.Цэнгэл шүүхэд гаргасан тайлбартаа: Би Булган аймгийн Хангал сумаас тариалан хураах үеэр нүүгээд энэ хүмүүстэй утсаар ярьж байгаад газар тарианы ажил дуусаж байна уу? айлууд намаржаандаа бууж байна уу? гэж асууж байгаад дуусчихлаа ганцхан энэ Болорын жижиг талбай үлдлээ бусад нь дуусчихлаа гэхээр нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумд 10 сарын 23-нд машинаар буусан. Манай өвөлжөө эдний тариан талбайгаас 2км 700 метр байсан. …Миний хувьд мөнгийг, мал бол малыг нь өгч болж байна, ганцхан малаа оруулаагүй байхад гүтгээд байхад гомдолтой гэжээ.

Хариуцагч Г.Жавзмаа шүүхэд гаргасан тайлбартаа: Манайх 09 дүгээр сарын 26-нд нүүж ирсэн ба манай мал ирээгүй байсан. Ирэхдээ харин 8 тугалтай үнээтэй ирсэн. 09 дүгээр сарын 27-ны өглөө манай гадаа ирж зураг авсан. Энэ зураг дээр он сарыг нь янз бүрээр биччихсэн байсан. Манай мал талбайд ороогүй тул  нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй  гэжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 154 дүгээр шийдвэрээр: Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар Г.Жавзмаагаас 1.120.500 төгрөг, Г.Цэнгэлээс 1.120.500 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч П.Болорт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.241.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч П.Болорын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86.670 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Жавзмаагаас 31.442 төгрөг, Г.Цэнгэлээс 31.442 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч П.Болорт олгохоор шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 10 дугаар магадлалаар: Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 154 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86.670 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.Цэнгэл, Г.Жавзмаа нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бямбацэрэн, өмгөөлөгч Б.Цэрэнбат нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 10 дугаар магадлалыг дараах байдлаар эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Нотлох баримтыг буруу үнэлж, үнэлэх ёсгүй байсан баримтыг үнлээгүй, логик холбоог буруу гаргасан зэргээс гэм буруугүй малчдыг төлбөрт унагасан байна. Болор нь тариагаа 5 сард тарьсан ба 9 сар гэхэд тариа нь хашаа хаалтгүй, хамгаалалтгүй байсан ба Болор нь шөнөдөө харуул манаа гаргадгүй байсан. Өглөө очиж тариагаа үздэг байсан талаараа шүүх хуралдаанд мэдүүлсэн байдаг. Талбайн ойролцоо байгаа худгаас ойр орчинд байдаг мал ус уудаг, төвийн айлын мал зуншиж тэр талбайгаар дайрдаг байсан талаар гэрч нар мэдүүлсэн байдаг. Болорын малын зургийг гэрийн гадаа байхад авчихаад тариан талбайд байгаа мэтээр мэдүүлсэн байна. Талбайд байгаа адууны зургийг хэний адуу гэдгийг нотлоогүй байж хариуцагч нараас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, зохигчдын хооронд үүссэн маргаантай харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч П.Болорын “...4.482.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хариуцагч Г.Цэнгэл, Г.Жавзмаа нар эс зөвшөөрөхдөө “...малаа тариалангийн талбайд оруулаагүй, ...нэхэмжлэгч талбайгаа хамгаалж хашаа бариагүй, талбайн ойролцоо малтай айл олон байдаг...” гэжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй талаар заажээ. Энэхүү гэм хорыг хариуцах үүрэг үүсэхийн тулд хариуцагчийн хууль бус үйлдэл, гэм буруу, учирсан гэм хор, гэм буруутай үйлдэл болон гэм хорын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх шаардлагатай.

Хариуцагч нарын үхэр, адуу нэхэмжлэгчийн тосны ургамал тарьсан талбайд орж, тариалсан ногоог сүйтгэсэн эсэх, үүнд хариуцагч нар гэм буруутай эсэх нь маргааны зүйл болсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын Тамгын газрын хохирол тогтоох комиссын 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 12 дугаар акт, фото зураг, Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн захирамжийг дурдаж, гэрч Р.Пүрэвдагва нотолно гэжээ.

Хэргийн 131 дүгээр талд авагдсан Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын Тамгын газрын хохирол тогтоох комиссын актад “...П.Болор 30 га-д рапс тариалсан, ...54 тооны үхэр 2014 оны 09 дүгээр сарын 23-наас эхлэн удаа дараа орж хохирол учруулсан...” гэжээ.

Гэрч Н.Пүрэвдагва шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “...2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр иргэн Болорын тариалангийн газарт мал орлоо гэж мэдэгдсэн, тэгээд хэсгийн төлөөлөгч Батхишиг, байгаль хамгаалагч Батсайхан бид нар очсон. Очиход мал байгаагүй, Болор өөрөө хөөж гаргасан байсан. ...талбайд мал орсон ул мөр зөндөө байсан, тэгэхэд Юмжаа, Цэнгэл, Жавзмаа гэдэг хүн байсан, тариалангийн бүс нутагт бууж болохгүйг анхааруулсан, Дамаасүрэн, Жүүгээ нарынх баруун хойд зүг рүүгээ буусан байсан...” гэжээ /хавтаст хэргийн 77-79 дүгээр тал/.

Дээрх акт болон гэрчийн мэдүүлгээс үзэхэд хариуцагч нарын мал нэхэмжлэгчийн тариалангийн талбайд орж тариалсан ургамлыг устгаж, хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, Г.Цэнгэл, Г.Жавзмаа нарын мал талбайд орсон талаар уг баримтад тусгагдаагүй байна.

Сэлэнгэ аймаг дах Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 02-ний өдрийн 26 дугаар захирамжаар П.Болор, Орхонтуул сумын Засаг даргад холбогдох Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын Тамгын газрын хохирол тогтоох комиссын 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 12 тоот актыг хүчингүй болгох тухай Г.Цэнгэл, Г.Жавзмаа нарын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхдээ гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэсэн үндэслэл дурджээ /хавтаст хэргийн 87-88 дугаар тал/.

Гэтэл шүүх “...Захиргааны хэргийн шүүхийн дээрх шийдвэрт Г.Цэнгэл, Г.Жавзмаа нар гомдол гаргаагүйгээс уг шийдвэр хүчин төгөлдөр болсноор ...хохирол тогтоох комиссын тосны ургамал  тариалсан 30 га талбайн 9 га-д 54 тооны үхэр орсноос 4.482.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзсэн захиргааны акт ч мөн хүчин төгөлдөр болсон тул ...хохирлын хэмжээ болон хариуцагч нарын мал орсон эсэх тал дээр дүгнэлт хийх үндэслэлгүй...” гэж дүгнэсэн нь буруу.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан бөгөөд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь захиргааны актыг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Түүнчлэн хариуцагч нар нь нэхэмжлэгчийн тариалангийн талбайн ойролцоо хэдийд нүүж ирсэн, ирэхдээ хичнээн тооны ямар малтай байсан, хэрэгт авагдсан фото зурагт дүрслэгдсэн мал хариуцагч нарынх мөн эсэх нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Нэхэмжлэгчийн тариалангийн талбайн ойролцоо тодорхой тооны малтай иргэд амьдардаг, тэдний мал талбайд ордог талаарх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй байна.

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Рашаант тосгоны захирагчийн 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/07 тоот захирамжаар таримал ургамал эрхэлж байгаа иргэн таримал ургамлаа мал, тэжээвэр амьтдаас хамгаалж хашаа барьж тэмдэгжүүлэх, 500 хүртэл га тутамд нэг манаач сахиул гаргах замаар байнгын манаа эргүүл, хамгаалалтад байлгахаар даалгасан ба нэхэмжлэгч дээрх үүргээ биелүүлээгүй, талбайг хамгаалж хашаа бариагүй болохоо хүлээн зөвшөөрчээ.

Хэрэгт цугларсан дээрх баримтуудаас үзвэл, нэхэмжлэгчийн тариалангийн талбайд хариуцагч нарын мал орсон, үүнээс болж хохирол учирсан, үүнд хариуцагчийн хууль бус үйлдэл, гэм буруутай байдал тогтоогдоогүй, энэ тохиолдолд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасан зохицуулалтаар түүнд гэм хорыг арилгах үүрэг үүсэхгүй болно.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нарын хууль бус үйлдэл, гэм буруугаас нэхэмжлэгч П.Болорт хохирол учирсан гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

Иймд хариуцагч нарын гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, П.Болорын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох  нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 154 дүгээр шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 10 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Г.Цэнгэл, Г.Жавзмаа нараас 4.482.000 төгрөг гаргуулах тухай П.Болорын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар хариуцагч нараас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 07 дугаар сарын 27-ний өдөр төлсөн 86.670 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                    ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ