| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2024/00192/И |
| Дугаар | 183/ШШ2024/04078 |
| Огноо | 2024-10-09 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 183/ШШ2024/04078
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С дүүрэг, *** байранд байрлах А******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х дүүрэг, ** тоотод байрлах Б******* ХХК /РД:*******/,
Хариуцагч: Б дүүрэг, ** тоотод оршин суух Б овогт Ц.Ц /РД:*******/,
Хариуцагч: Т аймаг, *** хаягт оршин суух Ч овогт Д.Н /РД:*******/,
Хариуцагч: Х дүүрэг, ** тоотод байрлах Н******* ХХК /РД:*******/ нарт холбогдох
1,967,044,020 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц,
Хариуцагч Ц.Ц,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А******* ХХК нь 1,967,044,020 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б******* ХХК, Н******* ХХК, Ц.Ц, Д.Н нарт холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Манай компани нь 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Б******* ХХК-тай №21-2020/ 1С1С дугаар “Шатахуун дараа төлбөрт нөхцөлөөр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу тохиролцсон бараа /шатахуун/-г тогтоосон хугацаанд бүрэн нийлүүлсэн юм. Мөн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан иргэн Ц.Дгийн болон хариуцагчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн болно. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.3-т "Тухайн зээлээр худалдан авсан шатахууны төлбөрийг Худалдан авагч хүлээн авсан өдрөөс хойш 45 хоногийн дотор... бүрэн шилжүүлнэ" гэж заасан боловч хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй юм. Гэрээгээр тохиролцсоны дагуу төлбөр төлөх үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардаж, мэдэгдэж байсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр төлбөрийг төлөхөөс татгалзсан. Гэрээний 3.4-д "...худалдан авагч 3.3-т заасан хугацаанд төлбөрөө барагдуулаагүй бол төлбөр төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд зээлийн төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төлнө..." гэж заасан. 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар дээрх гэрээний дагуу хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр гэрээний үлдэгдэл төлбөрийг тооцоход нийт үндсэн төлбөр 911,382,880 төгрөг, алдангийг хариуцагчийн хүсэлтээр бууруулсан хэмжээгээр тооцоход 300,000,000 төгрөг, нийт 1,211,382,880 /шаардах эрх шилжүүлэх гэрээний үнийн дүн ороогүй байдлаар/ төгрөгийн үлдэгдэлтэй харилцан тооцоо нийлж, баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан болно. Хариуцагч нь 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн дотор төлбөрийг бүрэн төлж барагдуулах тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хамааран үүссэн алдангийг 300,000,000 төгрөг болтол бууруулж өгөхийг хүссэн. Манай компанийн зүгээс хариуцагч нь хэрэв өөрийн хүсэлтэд дурдсан хугацаанд гэрээний төлбөр, алдангийг төлөх тохиолдолд алдангийн хэмжээг 300,000,000 төгрөгөөр тооцож авч болох талаар мэдэгдэж байсан. Манай компанийн зүгээс гэрээний харилцаанаас үүссэн маргааныг эвийн журмаар хэлэлцэн шийдвэрлэхийг эрмэлзэж жил гаруйн хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргалгүй явсан ч хариуцагч нь төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүйгээр өнөөдрийг хүрээд байна. Ийнхүү хариуцагч нь төлбөр төлөх үүргээ тохирсон хугацаанд гүйцэтгээгүй, алдангийн хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул өнөөдрийн байдлаар нийт 455,691,440 төгрөгийн алданги үүсээд байна. Мөн хариуцагч Б******* ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн З ХХК-тай №108/2019/БЗС/01 дугаар "Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ" байгуулж, уг гэрээний дагуу хариуцагч нь З ХХК-д 599,969,700 төгрөгийн төлбөр төлөх үүрэг хүлээж байсан. Манай компани нь З ХХК-ийн хариуцагчаас авах ёстой төлбөрийн эрхийг 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Шаардах эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлэн авсан. Мөн хариуцагч үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор иргэн Ц.Ц, Д.Н, Н******* ХХК-ийн нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд шүүхэд хандах, нэхэмжлэх эрхийн хамт шилжүүлэн авсан болно. Шаардах эрхийг шилжүүлэн авсан болохыг хариуцагчид мэдэгдэж, төлбөр төлөх мэдэгдэл хүргүүлсэн боловч уг төлбөрийг мөн барагдуулаагүй байгаа болно. Иймд 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр З ХХК болон А******* ХХК нарын хооронд байгуулагдсан 108/2021//С/01 дугаартай “Шаардах эрх шилжүүлэх гэрээ”-ний дагуу шилжүүлэн авсан “Б*******” ХХК-ийн төлөх ёстой 599,969,700 төгрөгийг тус компаниас гаргуулахаар мөн нэхэмжилж байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн №21- 2020/1С1С дугаарын Шатахуун дараа төлбөрт нөхцөлөөр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,367,074,320 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 108/2021/IC/01 тоот Шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу 599,969,700 төгрөг, нийт 1,967,044,020 төгрөгийг гаргуулах, хариуцагч төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч нэхэмжлэгч тал мөнгө гаргуулах гэж байгаа эсвэл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах гэж байгаа аль нь болох нь тодорхойгүй салаа утга бүхий нэхэмжлэл гаргажээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б******* ХХК-ийн урьд нь ч хэлж байсан. Үеэлээрээ дамжуулж, үеэлдээ тусалж байна гэж бодож орхисон байсан. Тэгтэл ингэж дам дамаараа дамжиж ийм зүйл болсон байна. Шүүх яаж шийднэ, дараа нь өөрийнхөө юмыг шүүхийн журмаар яаж салгаж авч болох уу тиймэрхүү зүйл бодоод л байж байна гэв.
Хариуцагч Н******* ХХК-ийн төлөөлөгч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.
Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, төлбөрийн даалгавар, 2020.08.25-ны өдрийн Шатахуун дараа төлбөрт нөхцөлөөр худалдах, худалдан авах гэрээ, 2020.09.09-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хариу албан бичиг, Ү-2206 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хариу албан бичиг, Ү-22030 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ, 2020.08.12-ны өдрийн итгэмжлэл, 2019.10.28-ны өдрийн Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, хавсралт, 2019.10.28-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, Н******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар, З ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ү-22030 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хариу албан бичиг, Ү-2204 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ, итгэмжлэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хариу албан бичиг, Ү-220 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ, №02 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, нэхэмжлэх, 2021.07.26-ны өдрийн Шаардах эрх шилжүүлэх гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаа, тооцооны баримтын жагсаалт, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, зарлагын падаан, Х дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.01.27-ны өдрийн 183/ШЗ2023/02164 дүгээр Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.04.11-ний өдрийн 181/ШШ2023/01109 дүгээр шийдвэр, Хил хамгаалах ерөнхий газрын албан бичиг, Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.02.15-ны өдрийн 183ШЗ2022/02398 дугаар шүүгчийн захирамж, нэхэмжлэлийн хувь гардуулсан баримт, итгэмжлэл, нэхэмжлэл гардуулсан баримт, итгэмжлэл, Х дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.08.12-ны өдрийн 183/ШЗ2022/13556 дугаар шүүгчийн захирамж, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзах тухай хүсэлт,
Хариуцагч А ХХК-иас шүүхэд төлөөлөх итгэмжлэл,
Хариуцагч Б******* ХХК-иас шүүхэд төлөөлөх итгэмжлэл,
Хариуцагч Д.Нээс хариу тайлбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч А******* ХХК нь хариуцагч Б******* ХХК, Н******* ХХК, Ц.Ц, Д.Нт нарт холбогдуулан 1,967,044,020 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасан.
А******* ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Нт холбогдох Б дүүргийн , 26 тоот хаягтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204 дугаартай үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, үлдэх шаардлагаа дэмжин шүүх хуралдаанд мэтгэлцлээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
А******* ХХК хариуцагч Б******* ХХК нарын хооронд 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр, №21-2020/ICIC дугаартай Шатахуун дараа төлбөрт нөхцлөөр худалдах, худалдан авах гэх нэртэй гэрээг А******* ХХК-ийг төлөөлөн дэд захирал Б.Б, Б******* ХХК-ийг төлөөлөн захирал У.Б нар байгуулж, уг гэрээний дагуу худалдагч нь чанарын стандарын шаардлага хангасан, цаг уурын нөхцөл, чанарт нөлөөлөхөөргүй, эрхийн зөрчилгүй дизель түлшийг дараа төлбөрт нөхцлөөр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь гэрээнд заасан чанарын шаардлага хангасан шатахууныг хүлээн авсан өдрөөс хойш 45 хоногийн дотор худалдагчийн дансанд бүрэн шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Нэхэмжлэгч нь 911,382,880 төгрөгийн үнэ бүхий шатахууныг Б******* ХХК-д нийлүүлсэн, хариуцагч Б******* ХХК нь гэрээнд заасан шатахууныг хүлээн авсан болох нь зарлагын падаан, НӨАТ-ын падаан тооцооны үлдэгдлийн баталгаагаар тус тус тогтоогдох байх тул талуудын хооронд шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж, гэрээний 3.4-т “... заасан хугацаанд төлбөрөө барагдуулаагүй бол төлбөр хугацаа хэтэрсэн хоног тутамд зээлийн төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 худьтай тэнцэх хэмжээний торгуулийг үл маргах журмаар төлнө ” гэж тус тус заажээ. 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр, №21-2020/ICIC дугаартай хэлцлийн 3.4-т заасан анз шаардсан хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.
Өөрөөр хэлбэл А******* ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Д.Т болох нь тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /х.х-ийн 4 тал/
А******* ХХК -ийн компанийн дүрмийн 8.6.1-т “хувьцаа эзэмшигчдйин хурлаас олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийн өмч хөрөнгийг захиран зарцуулах”, 8.8-т “Гүйцэтгэх удирдлага нь ээлжийн амралт эдлэх, гадаад, дотоодод албан томилолтоор ажиллах, удаан хугацаагаар өвчлөх, чөлөө авах тохиолдолд өөрийн эрх, үүргийг бүхэлд нь хувьцаа эзэмшигч нартай зөвшилцөн, түүний томилсон этгээдэд түр шилжүүлнэ. Ийнхүү эрхээ итгэмжлэн шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаар тус компанийн захирал Д.Т дүрмээр олгосон гэрээ, хэлцэл хийх эрхээ дэд захирал Б.Бд итгэмжлэлээр олгоогүй, энэ талаарх баримтыг шүүхэд нэхэмжлэгч тал ирүүлээгүй байх тул 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Шатахуун дараа төлбөрт нөхцлөөр худалдах, худалдан авах хэлцлийн 3.4-т заасан хэлцэл болон 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр №22-2020/ICIC дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь тус тус Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн, хүчин төгөлдөр бус байх хэлцэлүүд юм.
Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т “Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ” гэж зааснаар 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр, №21-2020/ICIC дугаартай хэлцлийн 3.4-т заасан анз шаардсан хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл болсон бөгөөд хэлцлийн бусад хэсэг хүчин төгөлдөр хэвээр болно.
Харин 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр №22-2020/ICIC дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг гэрээ байгуулах эрхгүй этгээд гэрээ байгуулсан, мөн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д “барьцааны гэрээг бичгээр байгуулна”, 156.3-т “Энэ хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж зааснаар 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр №22-2020/ICIC дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Хариуцагч Б******* ХХК-ийн шатахуун худалдан авах хүсэл зоригийн илэрхийллийг нэхэмжлэгч А******* ХХК хүлээн авч, 911,382,880 төгрөгийн үнэ бүхий шатахууныг Б******* ХХК-нд нийлүүлсэн, худалдах- худалдан авах хэлцэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 243 дугаар зүйийн 243.1- заасантай тус тус нийцэж байна.
Харин нэхэмжлэгч А******* ХХК нь 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр, №21-2020/ICIC дугаартай Шатахуун дараа төлбөрт нөхцлөөр худалдах, худалдан авах гэрээний дагуу анз шаардсан. Иймэс шүүх анз шаардсан бичгийн хэлцэл нь Иргэний хуулийн 56.1, 232.3 -т заасантай нийцэж байгаа эсэхэд эрх зүйн дүгнэлт хийнэ. Өөрөөр хэлбэл анз шаардсан хэлцэлийг Иргэний хуульд зааснаар бичгээр заавал хийх хэлбэрийн шаардлага тавьсан байх тул уг бичгийн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т нийцсэн байна.
Шүүх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан бүрэн эрхээ 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хэрэгжүүлсэн болох нь тус шүүхийн 2024 оны 17369 дугаар захирамжаар тогтоогдож байна. Түүнчлэн нэхэмжлэгч тал өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар эрх зүйн дүгнэлт өгөх, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй талаар мэргэжлийн өмгөөлөгчөөс зөвлөгөө, үйлчилгээ авч байгаа болно. Иймээс хуульд зааснаар шүүх хуралдааныг нэг удаа шүүх хойшлуулах бүрэн эрхээ хэрэгжүүлсэн, дахин шүүх хуралдаан хойшлуулах эрхийг хуулиар олгоогүй тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд, хөндлөнгийн байр суурьнаас маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.
Нэхэмжлэгч нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №108/2019/БСЗ/01 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №108/2019/ББСЗ/01 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн №108/2021/IC/01 тоот Шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу 599,969,700 төгрөгийг гаргуулахаар Б******* ХХК-иас шаардсан нь Иргэний хуулийн 56.1, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.3, 123 дугаар зүйлийн 123.1, 123.8 заасантай нийцсэн, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Түүнчлэн хариуцагч Б******* ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №108/2019/БСЗ/01 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу 202,010 литр түлшийг нэг бүрийн 1980 төгрөгөөр нийт 399,979,800 төгрөгийн түлш авсан болох нь өглөг авлагын тайлан, нэхэмжлэх, зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.
Иймд дээрхийг нэгтгэн дүгнэвэл 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр, №21-2020/ICIC дугаартай Шатахуун дараа төлбөрт нөхцлөөр худалдах, худалдан авах гэрээний дагуу шаардсан анз болох 455,691,440 төгрөгийн шаардлага, 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр №22-2020/ICIC дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу шаардсан Б******* ХХК-ийн өмчлөлийн Х дүүрэг, , , тоот үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
Үлдэх шаардлага болох шатахууны төлбөр нийт 1,511,352,580 /911,382,800+599,969,700/ төгрөг, Ц.Цгийн өмчлөлийн улсын эрхийн бүртгэлийн Ү-22030 дугаартай С дүүрэг, , , 307в тоот хаягт байршилтай 72 м.кв талбайтай хувийн сууц, Н******* ХХК-ийн өмчлөлийн улсын эрхийн бүртгэлийн Ү-220 дугаартай, Б дүүрэг 3, 35 тоот хаягт байршилтай, үйлчилгээний зориуалтай, 332.8 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Гэрчилгээний 02 дугаартай, нэгж талбарын 18302 дугаартай, Б дүүрэг , 4590 м.кв үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж зааснаар нэхэмжлэгч А******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,993,171 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б******* ХХК-иас 7,714,713 төгрөг, Н******* ХХК, Ц.Ц нараас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А******* ХХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 123 дугаар зүйлийн 123.1, 232 дугаар зүйлийн 232.4, 56 дугаар зүйлийн 56.1.8, 156 дугаар зүйлийн 156.3-т заасныг баримтлан 455,691,440 төгрөг болон Б******* ХХК-ийн өмчлөлийн Х дүүрэг, , , тоот үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Б******* ХХК-иас шатахууны төлбөрт нийт 1,511,352,580 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
2. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар Ц.Цгийн өмчлөлийн улсын эрхийн бүртгэлийн Ү-22030 дугаартай С дүүрэг, , , 307в тоот хаягт байршилтай 72 м.кв талбайтай хувийн сууц, Н******* ХХК-ийн өмчлөлийн улсын эрхийн бүртгэлийн Ү-220 дугаартай, Б дүүрэг 3, 35 тоот хаягт байршилтай, үйлчилгээний зориуалтай, 332.8 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Гэрчилгээний 02 дугаартай, нэгж талбарын 18302 дугаартай, Б дүүрэг , 4590 м.кв үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Д.Нт холбогдох Б дүүргийн , 26 тоот хаягтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204 дугаартай үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт нэхэмжлэгч А******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,993,171 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б******* ХХК-иас 7,855,113 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А******* ХХК-д олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ