| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2017/0371/Э |
| Дугаар | 362 |
| Огноо | 2017-12-06 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 362
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Л.Содномдорж хөтөлж,
улсын яллагч Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Мөнхжаргал /томилолтоор/,
шүүгдэгч Ц.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц-ийн Г-д холбогдох эрүүгийн 1703000010092 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1953 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн, 64 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто механик мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 6, охин, хүргэн, зээ нарын хамт Хан-Уул дүүрэг 6 дугаар хороо, ************** тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б овогт Ц-ийн Г
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Ц.Г нь 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 15 цагийн үед Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн урд Яармагийн замд **-** УБН улсын дугаартай Daewoo Matiz маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч З.Х-г мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт зэргийг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Нисэхээс Яармаг чиглэлтэй 3 дугаар эгнээгээр явж байсан. Гэтэл гэнэт л явган хүн орж ирж байгаа харагдсан. Би амжиж гарах байх гэж бодтол амжилгүй хохирогч эмэгтэй мөргөсөн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Мөн хавтаст хэргээс:
1. Шүүгдэгч Ц.Г мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Би 2017.09.22-ны өдрийн 15 цаг 04 минутын үед өөрийн “Даевоо матиз” маркийн **-** УБН улсын дугаартай автомашиныг жолоодон ХУД-ийн 6-р хороо Яармагийн 3-р буудлын баруун тал ХУД-ийн Цагдаагийн 2-р хэлтсийн урд замаар баруунаас зүүн тийш 3-р эгнээгээр явж байхдаа гарцаар гарч явсан явган зорчигчийг мөргөсөн. Би машинаасаа бууж хохирогчийн биеийг асуугаад 102-т дуудлага өгсөн. Намайг түргэн тусламж дуудах гэж байтал түргэн тусламжийн машин ирээд тэр хүнийг үзчихээд “гайгүй байна, яаралтай дуудлагатай явна” гээд орхиод явсан. Би хүүхдээ машинтай нь дуудаад хохирогчийг Гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсний дараа цагдаа нар осол гарсан газарт ирж үзлэг хэмжилт хийсэн. Осолд орсны улмаас тэр эмэгтэйн зүүн хөлийн шагайн үений хавчаар ясны далд хугаралттай гэсэн. Өөр ил гэмтэл байгаагүй. Би хохирогч З.Х-д эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг төлж хохирлыг бүрэн барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 68-70-р хуудас/
2. Хохирогч /иргэний нэхэмжлэгч/ З.Х 2017.09.18-ны өдөр мэдүүлэхдээ: Би 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 15.00 цаг өнгөрч байхад Яармагийн Цагдаагийн хэлтсийн замын урд талаас хойшоо явган хүний гарцаар гарах гэж байтал Нисэх талаас буюу баруун зүгээс нилээн их хурдтай машин ирээд намайг мөргөсөн. Би зам дээр унаад нэг хэсэгтээ ухаан алдаад сэрэхэд цагдаа болон түргэн тусламж ирсэн байсан. Түргэн тусламжийн эмч намайг үзээд өвдөж байсан зүүн хөлний шагайн хэсгийг гайгүй байна, гэмтээгүй юм шиг байна гэж хэлээд орхиод явсан. Жолооч Ц.Г “Гэмтлийн эмнэлэг орьё” гэхээр нь түүний охиноор Гэмтлийн эмнэлэгт хүргүүлж хөл, цээжний рентген зураг авахуулсан. Уг зургийг үзээд хүлээн авахын эмч нь “таны зүүн хөлний шагай тойг хэсгээрээ хугараад хойд хэсэг рүүгээ мушгираад эргэсэн байна, эмнэлэгт хэвт” гэж хэлээд хэвтүүлсэн. Би эмнэлгээс 2017.10.09-ний өдөр гарсан. Ослын улмаас миний зүүн хөлийн шагайн үений гадна хавчаар яс хугарсан, шагайн үений мултрал, зүүн гарын сарвуу зулгарсан, зүүн өвдөг шалбарч, хавдсан. Өөр ил харагдах гэмтэл байгаагүй. Миний эмчилгээний зардлыг төлчихвөл надад гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 46-48-р хуудас/,
2017.10.25-ны өдөр мэдүүлэхдээ: ...Ц.Г эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг төлсөн тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 49-р хуудас/,
3. Гэрч Г.Х 2017.11.15-ны өдөр мэдүүлэхдээ: ...Ц.Г нь манай аав ба би 2 дахь охин нь юм. Манай аав Ц.Г-д муу зуршил байхгүй. Хааяа найз нөхөдтэйгээ тааруулаад уудаг, тамхи татдаггүй. Манай ээж намайг 7 дугаар ангид байхад өнгөрснөөс хойш аав бид нар хамт амьдарч байгаа. “Даевоо матиз” маркийн **-** УБН улсын дугаартай автомашин аавынх...гэх мэдүүлэг /хх-ийн 53-54-р хууудас/,
4. Гэрч Ц.Б 2017.11.15-ны өдөр мэдүүлэхдээ: ...Ц.Г нь манай төрсөн ах ба бид эхээсээ 8-уулаа. Манай ах Ц.Г 1953.08.02-нд Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн. Хааяа найз нөхөдтэйгээ тааруулж архи уудаг, тамхи татдаггүй. Манай ахын эхнэр нь 2000 онд нас барсан. Манай ах Ц.Г 3 хүүхэдтэй, нэг хүүхэд нь нас барсан. Одоо дунд охинтойгоо хамт ХУД-ийн 6-р хороо НҮН-ийн 22-57 тоотод амьдардаг. Манай ах төлөв даруу, дуу цөөнтэй, үр хүүхэддээ халамжтай хүн юм. Манай ах Ц.Г урьд нь Багахангай дүүрэгт Мааньтын 79-р ангид дарга хийж байсан. Дараа нь УБ хотын Гал унтраах 10-р ангид ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. “Даевоо матиз” **-** УБН дугаарын машин өөрийнх нь эзэмшилд байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 53-54-р хуудас/
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №12201 дугаартай дүгнэлтэнд:
1. З.Х-гийн биед зүүн шагайн үений гадна хавчаар ясны далд хугарал, шагайн үений мултрал, зүүн сарвуунд зулгаралт, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 60-р хуудас/,
6. Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн №499 дугаартай дүгнэлтэнд:
1. Даевоо Матиз маркийн **-** УБН улсын дугаарын автомашины жолооч Цээнямбуу овогтой Ц.Г нь Монгол улсын Замын хөдөлгөөнхий дүрмийн 13.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Явган зорчигч Загд-Очир овогтой З.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийнн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. /хх-ийн 63-р хуудас/,
7. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 34-38-р хуудас/,
8. Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /хх-ийн 369-р хуудас/,
9. Баримт бичиг түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 42-р хуудас/,
10. Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 78-80, 95-р хуудас/,
11. Шүүгдэгч Ц.Г-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 81-92-р хуудас/,
12. Өвчний түүх /хх-ийн 97-104-р хуудас/,
13. Хохирол төлсөн баримт /хх-ийн 105-р хуудас/,
14. Шүүгдэгч Ц.Г-ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76-р хуудас/ зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Ц.Г-ыг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ц.Г нь 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 15 цагийн үед Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн урд Яармагийн замд **-** УБН улсын дугаартай Daewoo Matiz маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас хохирогч З.Х-г мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
Хохирогч З.Х-гийн ...Яармагийн Цагдаагийн хэлтсийн замын урд талаас хойшоо явган хүний гарцаар гарах гэж байтал Нисэх талаас буюу баруун зүгээс нилээн их хурдтай машин ирээд намайг мөргөсөн. Би зам дээр унаад нэг хэсэгтээ ухаан алдаад сэрэхэд цагдаа болон түргэн тусламж ирсэн байсан. Түргэн тусламжийн эмч намайг үзээд өвдөж байсан зүүн хөлний шагайн хэсгийг гайгүй байна, гэмтээгүй юм шиг байна гэж хэлээд орхиод явсан. Жолооч Ц.Г “Гэмтлийн эмнэлэг орьё” гэхээр нь түүний охиноор Гэмтлийн эмнэлэгт хүргүүлж ирээд хөл, цээжний рентген зураг авахуулсан. Уг зургийг үзээд хүлээн авахын эмч нь “таны зүүн хөлний шагай тойг хэсгээрээ хугараад хойд хэсэг рүүгээ мушгираад эргэсэн байна, эмнэлэгт хэвт” гэж хэлээд хэвтүүлсэн. Ослын улмаас миний зүүн хөлийн шагайн үений гадна хавчаар яс хугарсан, шагайн үений мултрал, зүүн гарын сарвуу зулгарсан, зүүн өвдөг шалбарч, хавдсан. Миний эмчилгээний зардлыг төлчихвөл надад гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 46-48-р хуудас/,
2017.10.25-ны өдөр: ...Эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг төлсөн тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 49-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №12201 дугаартай дүгнэлтэнд:
1. З.Х-гийн биед зүүн шагайн үений гадна хавчаар ясны далд хугарал, шагайн үений мултрал, зүүн сарвуунд зулгаралт, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 60-р хуудас/,
Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн №499 дугаартай дүгнэлтэнд:
1. Даевоо Матиз маркийн **-** УБН улсын дугаарын автомашины жолооч Цээнямбуу овогтой Ц.Г нь Монгол улсын Замын хөдөлгөөнхий дүрмийн 13.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Явган зорчигч Загд-Очир овогтой З.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийнн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна” /хх-ийн 63-р хуудас/ гэх дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд: шүүгдэгч Ц.Г-ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ц.Г нь 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 15 цагийн үед Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн урд Яармагийн замд **-** УБН улсын дугаартай “Daewoo Matiz” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас хохирогч З.Х-г мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хохирогч З.Х-гийн мэдүүлэг /хх-ийн 46-48-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №12201 дугаартай дүгнэлт /хх-ийн 60-р хуудас/, Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн №499 дугаартай дүгнэлт /хх-ийн 63-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн талаар:
Шүүгдэгч Ц.Г нь хохирогч З.Х-д эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг төлсөн ба хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 105-р хуудас/ гэсэн хүсэлтээ бичгээр гаргасан тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Ц.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон 60-аас дээш өндөр настай байдлыг харгалзан түүнд торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Г нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүлйгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Ц-ийн Г-ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Г-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Ц.Г-д оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 2 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Г-д мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц.Г-аас хохирогч З.Х-д 2.000.000 төгрөг төлсөн ба шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Ц.Г нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР