Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2022/ДШМ/13

 

 

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 22-ны өдөр       Дугаар 2022/ДШМ/13                        Баруун-Урт

 

Ч.Эрдэнэхүүд холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч О.Баатарсүх, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

              прокурор Х.Насанжаргал,

               шүүгдэгч*******,

   шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг, Д.Гансүх /цахимаар/,

               нарийн бичгийн дарга Б.Батзаяа нарыг оролцуулан Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг, Д.Гансүх нарын давж заалдах гомдлоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч*******д холбогдох эрүүгийн 2030003120334 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 1 дүгээр баг “Өлзийт” гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй, Орлой овгийн ******* /РД: ЛК84072412/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч******* нь 2020 оны 11 дүгээр сарын 19-өөс 20-нд шилжих шөнө 03 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар  аймгийн Уулбаян сумын 1 дүгээр багийн нутаг “Тарган цагаан” гэх газарт 13-84 СҮА улсын дугаартай Карина маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад *******ыг дайрч алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Сумъяа нь шүүгдэгч*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ. /2 хх 44-49/

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч*******г хүнийг алах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,*******гийн цагдан хоригдсон 151 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тооцож, хэрэгт иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч******* нь амь хохирогчийн оршуулгын зардалд 11300000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нөхөн төлсөн буюу энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2745000 төгрөгийн үнэлгээ бүхий, 13-84 СҮА улсын дугаартай Тоёота Карина маркийн тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулж, уг машиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдтал хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мөнхбаяр нь гэмт хэргийн улмаас бусад хохирол, хор уршиг учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж, хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааснаар прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх санаатай гэмт хэрэг гэж дүгнэн хэргийг анхан шатны шүүхэд буцаасан тул анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 83 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл ногдуулсан. Ийнхүү энэ хэргийг анхан шатны шүүх 3 удаа, давж заалдах шатны шүүх 2 удаа хэлэлцээд байна. Анхан шатны шүүх нь нэг бүрэлдэхүүнээр эрүүгийн хуулийн тусгай ангийн 3 өөр зүйл, заалтаар шийдвэрлэсэн байгаа юм. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тухайн тээврийн хэрэгслээр амь хохирогчийг дайрсан нь нотлогддог. Энэхүү үйл баримтад хэн ч маргадаггүй. Харин тухайн тээврийн хэрэгслээр хэрэг үйлдэгдсэн нь шүүгдэгчийн бусдын амь насыг санаатай хохироосон гэх санаа зорилгыг тодорхойлохгүй гэж өмгөөлөгчийн хувьд үздэг. Түүнчлэн*******, талийгаач нар нь садан төрлийн холбоотой, өмнө нь болон хэрэг гарсан өдөр тэдний хооронд хэрүүл маргаан үүсгэх, зодолдох зэрэг ямар нэгэн таарамжгүй харилцаа байгаагүй, түүний амь насыг хохироох санаа зорилго, хүсэл эрмэлзэл, сэдэл төрөх ямар ч нөхцөл бүрдээгүй, тухайн үед хэт согтсоны улмаас оюун ухаан, сэтгэцийн байдалд өөрчлөлт орж, өөрийн үйлдлийг хянах, мэдрэх, үйлдэлдээ дүгнэлт хийх чадвараа алдсан нь хэргийн үйл баримтаас тодорхой харагддаг, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Нэгэнт оюун ухаанаа удирдах, дүгнэлт хийх чадвараа алдсан нь тогтоогдсон, гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн гэх нөхцөл, үйл баримт тогтоогдоогүй байхад “түүнийг машины урд байгааг мэдсээр атлаа дайрсан үйл баримт тогтоогдсон”, “тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхэд зэвсэг хэрэгсэл болгон ашигласан” гэж дүгнэсэн нь шүүх хэргийн бодит нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөөгүй, зөвхөн яллах талыг баримтлан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүднээс хандаж, хэргийг шийдвэрлэсэн гэх дүгнэлтэд хүргэж байна. Шүүгдэгчийн гэм буруугийн сэдэл, санаатайгаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, гэм буруугийн хэлбэрт эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн тул шүүх хэргийн нөхцөл байдалд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийн, тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон шүүгдэгчид ашигтайгаар хэргийг шийдвэрлэх боломжтой байтал эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргалаа. Иймд*******д холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гансүх давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн,  дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй, мөн шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, шүүх хуулийн зүйл, хэсэг заалтыг буруу тайлбарлаж, хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлүүдээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Шүүхийн практикт алив гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтооход анхаарах гол асуудал бол гэмт хэрэг гарах үеийн орчин нөхцөл, хохирогч холбогдогчийн хоорондын харилцааны шинж чанар, санааны чиглэмж, хандлага, гэмт хэрэг үйлдэж байх цаг үеийн гэмт этгээдийн зан үйл, сэтгэл хөдлөлийн нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал ямар байсныг гүйцэд тогтоож, тэдгээр нөхцөл байдлыг хооронд нь жишиж,  харьцуулан дүгнэсний эцэст гэм буруугийн хэлбэрийг бодитой тогтоох ёстой. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд*******д хадам ахыгаа санаатай алсан гэх үндэслэл тогтоогдоогүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мөнхбаяр, гэрч ******* нарын мэдүүлэг, шүүгдэгчийн хувийн байдал, бусад нотлох баримтаас тодорхой харагдана. Өөрөөр хэлбэл шүүгдэгч хадам ахыгаа санаатай алахад хүргэсэн нөхцөл байдал, санааны чиглэмж, хандлага тодорхой бус байдаг. Тухайн хэрэг учрал болох үед Эрдэнэхүү хөдөө малчны хотод шөнийн цагаар бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөснөөс хадам ах Ч.Баатарынхаа амь насыг хохироосон нь тогтоогдсон боловч хэрэг учрал болохын өмнө болон тухайн үед хэрүүл маргаан үүсгэх, хэл амаар доромжлох, зодоон хийх зэрэг ямар нэг таагүй нөхцөл тэдний хооронд үүсээгүй, зөвхөн яллагдагчийн өгсөн мэдүүлгээс өөр хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлөх нотлох баримт хэрэгт авагдаагүй, өөрөөр хэлбэл тухайн гэмт хэргийг санаатай үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тухайн хэргийг зүйлчлэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн. Гэтэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг үндэслэн шүүгдэгчид ашигтайгаар авч үзээгүй. Удаа дараагийн шүүх хуралдаанд 5 удаа мэдүүлэгч өгөхдөө “Би хэргийн үйл явцыг хэт согтсоноос сайн мэдэхгүй, зарим зүйлийг санахгүй байна. Байцаагчийн асуултад заавал хариулах ёстой гэж ойлгосноос тухайн үед ийнхүү мэдүүлэг өгсөн” гэж анх яллагдагчаар өгсөн мэдүүлгээ тодотгодог. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “Шүүх хавтаст хэргийн материалд тусгагдсан мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй харьцуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэхийг шийдвэрлэнэ” гэснийг зөрчин өөрийнх нь мэдүүлгийг түүний эсрэг ашиглаж, шүүх зөвхөн яллагчийн байр сууринаас хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нөгөөтэйгүүр шүүхийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, энэ зүйлийн 8 дахь хэсгийн 8.3-д заасныг тус тус зөрчсөн учраас шүүхийн тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй байна.******* боловсролгүй, эрх зүйн мэдлэг дутмагаас байцаагчийн асуултад заавал хариулах ёстой гэдэг утгаар айж сандарсандаа арга буюу өөрийн үзсэн, харсан, сонссон нөхцөл байдлуудаас төсөөлөн таамаглан хариулт өгсөн байхыг үгүйсгэхээргүй нөхцөл байдал тогтоогддог. Тухайн гэмт хэрэгт******* холбогдолтой нь нэгэнт илэрхий байхад мөрдөгч түүнийг гэрчээр байцаасан мэдүүлгийг яллагдагчийн мэдүүлэг болгон хувиргаж бэхжүүлсэн тохиолдолд яллагдагчийн мэдүүлгийг хуульд заасан арга, журмаар бүрдүүлсэн нотлох баримт гэж үзэхгүй. Шүүхийн тогтоолын дүгнэлт болох “талийгаач машины урд гарч хориглосон үйлдэл хийсэн” гэх үйл баримт*******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлгээс өөр баримтаар огт тогтоогдоогүй. Хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэхийг хүссэн шүүгдэгчийн өмгөөлөгчдийн саналыг ямар үндэслэлээр няцааж буйг тогтоолдоо нарийвчлан заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан шаардлагыг хангахгүй байна. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээж, хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж, бусдад хохирол, хор уршиг учруулсандаа гэмшин харамсаж байгаа.Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, зүйлчлэлийг хуульд нийцүүлэн хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. Хэрэв хэргийн зүйлчлэлийг өөрчлөх боломжгүй нөхцөл байдал тус шүүхэд үүссэн гэж үзвэл дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүгдэгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ялыг маань хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

Прокурор Х.Насанжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч******* нь 2020 оны 11 дүгээр сарын 19-өөс 20-нд шилжих шөнө шөнийн 03 цагийн орчим архи согтууруулах зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 1-р багийн нутаг Тарган цагаан гэх газарт 13-84 СҮА улсын дугаартай Карина маркийн тээврийн хэрэгсэл жолоодон яваад зогсоох үйлдэл хийх үед хохирогч Баатар нь түүний урд гарч согтуугаар машин барихыг хориглоход түүнийг дайрч алсан болох нь хэрэгт авагдсан хууль журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан нотлох баримтууд нь хэргийн бодит байдалтай нийцсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Эрүүгийн хуулийг ноцтой зөрчөөгүй, анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэгт тохирсон. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг, Д.Гансүх нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр  шүүгдэгч*******д холбогдох эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хяналаа.  

 

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

          Шүүгдэгч******* нь 2020 оны 11 дүгээр сарын 19-өөс 20-нд шилжих шөнө 03 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 1 дүгээр багийн нутаг “Тарган цагаан” гэх газарт 13-84 СҮА улсын дугаартай Карина маркийн тээврийн хэрэгслээр хохирогч *******ыг  дайрч алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдсон талаарх дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцжээ.  Тодруулбал:

          Яллагдагч*******гийн “Би талийгаачийн гэрийн урд талд байсан машинаа асаагаад жорлонгийн хажууд очоод талийгаачийн хажууд зогсохдоо машинаа араатай нь  тоормос гишгэж зогсоосон. Талийгаач намайг согтуу байж машин бариад хэрэггүй гэж хэлэхээр нь үгэнд нь орж, машинаа гэрийн урд тавих санаатай тоормос дээрээс хөлөө автал машин огцом харайж, Баатарыг мөргөсөн” гэх мэдүүлэг /1 хх 78-81, 140-142, 2 хх 14-16, 41-43/,

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мөнхбаярын: “2020.11.19-ний өдөр талийгаач нөхөр *******ын хамт сумын төв рүү яваад оройны 21 цагийн үед хөдөө гэртээ ирсэн.*******, эхнэр *******ийн хамт манай гэрт орж ирээд танай хүү *******ынд та хоёрыг хүлээгээд 1 шил архи бид хоёр хувааж, ууж байгаад та хоёрыг ирэхээр чинь танайд орж ирлээ.  Өнөөдөр танайд хонохоор ирсэн шүү гэхээр нь тухайн хүмүүст цай чанаж өгөөд байж байтал Эрдэнэхүү нь танайд архи байна уу гэхэд талийгаач 0.75 литрийн нэг шил архи гаргаж ирээд тухайн архийг бид дөрөв уусан. Тухайн архи талаасаа дээгүүр байхад талийгаач намайг “Ор дэрээ засчих, бие засаад ирье” гэж хэлээд*******гийн хамт гэрээс гараад 10 гаруй минутын дараа******* нь ганцаараа орж ирэхээр нь манай нөхөр яагаад гэртээ орж ирэхгүй байгаа талаар асуухад миний өөдөөс юм хэлэхгүй байхаар нь би нөхрөө хүүгийндээ унтсан юм байхдаа гэж бодоод хүүгийн гэрт ороод асуухад манай том хүү: “Аав орж ирээгүй” гэсэн. Гэрийнхээ ойр орчмоор талийгаачийг хайсан. Тэгээд би гэрийнхээ баруун урд зүгт байрлах жорлонгийн хажууд жижиг суудлын тэрэгний доод талд хөндлөнгөөрөө хэвтсэн байхаар нь гайхаад хөлөөс нь татаж үзтэл хариу үзүүлэхгүй байхаар нь айж сандарсандаа хашхираад: “Аав чинь энэ машины доод талд болохгүй болчихсон юм биш үү” гээд уйлахад хүү гэрээсээ гарч ирсэн. Хүү тухайн машины урд талаас данхраадаар өргөж, талийгаачийн амьсгалыг чагнаад: “Амьсгалахгүй байна” гэж хэлсэн” гэх /1 хх 15-18, 20-21, 2 хх 1-3/,  

Гэрч *******ын:  “ Манайх тусдаа гараад удаагүй байгаа. 2020 оны 11 дүгээр сарын 19-ний орой гэртээ байж байхад аавын дүү Бадарч, түүний нөхөр Эрдэнэхүү нар манайд ирсэн. Тэр хоёр хоол, цай идчихээр нь 0.75 литрийн архи задалж өгсөн.******* ах, Бадарч эгч хоёр тухайн архийг хуваагаад уусан. Тэгээд манай аав, ээж хоёр 20 цагийн үед ирэхэд аавынх руу орцгоосон. Тэгээд шөнө манай гэрийн хаалгыг хүн тогшиж: “Ээж нь байна, аав чинь танайд оров уу” гэхээр нь би хаалгаа тавьж өгөөд: “аав орж ирээгүй” гэхэд ээж буцаад гарсан. Тэгээд удалгүй ээж: “Аав чинь машинд дайруулсан байна” гээд гэрийн баруун урдаас уйлчихсан ирж байсан. Тэгээд би Эрдэнэхүү ахын машин руу очиход манай аав машины дор орчихсон байсан. Тэгээд би аавыг машины дороос гаргах гээд урдаас нь данхраадахад тээглээд гарахгүй байсан. Аавын гүрээнийх нь судас дээр дарж үзэхэд амьсгалахгүй байсан.” гэх /1 хх 22-24/,

Гэрч *******ийн “Нөхрийн өгсөн архийг******* нь эхнэртэйгээ уусан. Хадам аав, ээж хоёр оройн 21 цагийн үед ирсэн. Тэгээд тэд манай гэрээс баруун талын гэр рүү орсон. Бид нарыг унтаж байхад хадам ээж Мөнхбаяр хаалга тогшихоор нь нээж өгөхөд: “Аав нь байна уу? гэж асуухад: “Байхгүй, орж ирээгүй” гэж хэлсэн. Хаалгаа цоожлоод унтах гэтэл хадам ээж уйлчихсан ирээд: Аавыг чинь Эрдэнэхүү машинаараа дайрчихсан байна гэсэн” гэх /1 хх 25-27/,

Гэрч *******: “2020 оны 11 дүгээр сарын 19-ны орой 16 цаг өнгөрч байхад би нөхөр Эрдэнэхүүгийн хамт ах Баатарын гэр рүү очсон. Баатар ах, эхнэрийн хамт сум руу явсан байсан тул  ахын хүү Бямбаа нь шинээр бариад удаагүй гэрээр нь орсон. Бямбаа эхнэртэйгээ цуг хоол, цай хийж өгсөн. Мөн  0.75 литрийн цагаан архи задалсан. Тухайн архийг би нөхөр Эрдэнэхүүтэй хувааж уугаад дууссан. Орой 20:00 цаг өнгөрч байхад Баатар ах, Мөнхбаяр эгч хоёр ирсэн. Бид дөрөв нэг шил архи хувааж уусан. Уулзаагүй удсан тул нэлээн ярьж суусан. Мөнхбаяр эгч ор дэр засаад байж байхад манай нөхөр Эрдэнэхүү, Баатар ах хоёр бие засна гээд гарсан. Удалгүй манай нөхөр Эрдэнэхүү ороод ирсэн. Мөнхбаяр эгч манай нөхрөөс: Баатар ах чинь яасан гэхэд дуугарахгүй суугаад байсан.  Мөнхбаяр эгч Баатар ахыг хайгаад гарч яваад удаагүй хүү Бямбаатайгаа цуг уйлсаар танай Эрдэнэхүү чинь Баатар ахыгаа дайрсан юм биш үү гэж хэлээд орж ирэхээр нь би Мөнхбаяр эгчийг дагаад Эрдэнэхүүг дагуулаад очиход манай машин доор Баатар ах хэвтэж байсан.” гэх /1 хх 29-30, 2 хх 5-6/,

Гэрч *******гийн “2020 оны 11 дүгээр сарын 19-өөс 20-нд шилжих шөнийн 03 цагийн үед манай охин Мөнхбаяр над руу залгаад: “Манай нөхөр Баатарыг Эрдэнэхүү өөрийнхөө машинаар дайраад амь насыг хохироосон байна” гэж хэлээд уйлахаар нь та нар Баатарыг амьд байвал түргэн ав, амьгүй бол битгий хөдөлгөөрэй гэж хэлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн” гэх /1 хх 35-36/,

Насанд хүрээгүй гэрч Б.Бумбабаярын: “Эрдэнэхүү, Баажий нар нь манай гэрт орж ирцгээсэн. Тэгээд архи нэхэж байгаад дахин нэг шил архи гаргуулж, ууж эхэлсэн. Ээж тухайн хүмүүст ор засаж өгч байсан. Талийгаач нь Эрдэнэхүүтэй хамт бие засаад ирье гээд гэрээс гарсан. Удалгүй ээж гаднаас уйлж орж ирээд Эрдэнэхүүд: Чи манай нөхрийг машинаараа дайраад алчихсан байна гэж хэлсэн” гэх /2 хх 9/,

Хэргийн газар, зам тээврийн ослын газар, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /1 хх 4-12/,

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 73 дугаартай: “... Талийгаач ******* нь цээж хэвлий дарагдах хэлбэрийн амьсгал бүтэлтийн улмаас амьсгалын хурц дутагдалд орж нас баржээ” гэх дүгнэлт,  гэрэл зургийн үзүүлэлтүүд, үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 44-51/,

Мөрдөгчийн магадалгаа /1 хх 63-64/,

Шүүх сэтгэц, эмгэг судлалын дүгнэлт шинжилгээ /1 хх 245-246/ зэрэг нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Тоёото-карина” загварын 13-84 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон бие засаад дөнгөж боссон амь хохирогчийн хажууд очиж, зогсож байснаа тоормос гишгэсэн хөлөө авч, дайрсан үйл баримт тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Мөн хэрэгт авагдсан гэрч *******, , , нарын мэдүүлэг, шинжээчийн 2020 оны 131, 609 дугаартай дүгнэлтүүд, хохирлын үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, давхар нотолж байгаа болно. /1-р хх 37-42, 57, 60, 226-237, 2-р хх 12, 30/

 

Шүүгдэгчийн энэ үйлдлийг прокуророос хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж ирүүлснийг анхан шатны шүүх хүн алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шийдвэрлэснийг эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүйлчлэлийг хөнгөрүүлж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахыг хүссэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн хохирлыг бүрэн төлсөн,  тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Анхан шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч******* нь 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс мөн оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 158 хоног цагдан хоригдсон байхад шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “151 хоног цагдан хоригдсон” гэж ташаа бичсэнийг залруулав. /1хх 153-161, 209-214х/

 

          Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4,  энэ зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах өөрчлөлтүүдийг оруулсугай:  

1.1. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******г 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.”  гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д  заасныг баримтлан энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******г 5 /тав/ жил 4 /дөрөв/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

1.2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******д оногдуулсан 8 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******д оногдуулсан 5 жил 4 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж,

1.3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч*******гийн цагдан хоригдсон 151 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч*******гийн цагдан хоригдсон 158 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай” гэж тус тус өөрчилсүгэй.

          1.4. Шийтгэх тогтоолын бусад хэсэг, заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

 Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол гарснаас хойш шүүгдэгч*******гийн цагдан хоригдсон 55 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

Гурав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн,  шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНТУНГАЛАГ

 

                        ШҮҮГЧИД                                                     О.БААТАРСҮХ                

                                                                                                                                                                                                                                    Д.БАЙГАЛМАА