Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2024/04034

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: Б******* дүүрэг, ** тоотод оршин суух, Х овогт Б.О /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Х дүүрэг, ** тоотод оршин суух, Б овогт Г.Н /РД:*******/-т 

28,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.О*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.О******* нь 28,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Н*******т холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

Үүнд: Хариуцагч Г.Н*******тэй 2024.04.25-ны өдөр ******* УБЭ Prado-120 Toyota хөх өнгийн машиныг Б.О******* Би 43,000,000 төгрөгөөр худалдаж авсан боловч уг машин нь тойроод бүтэн будагтай байсан ба дотор талдаа лүүкний хажуугаараа дээвэр нь нумарч дунд хэсгээрээ доошоо унжсан мөн машины замаск хагарч цуурсан урд салхины шил сольсон байсныг уг машин нь маш мууг нэг цаг  гарны хугацаанд мэдэж 880******* утас руу нь залгаж хэлж буцаасан болно. ******* УБЭ машиныг аваачиж өгөхөд машины буцаалт мөнгө гэж 15,000,000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн. Үлдэгдэл 28,000,000 төгрөгийг одоог хүртэл өгөөгүй байна. Би Г.Н*******тэй удаа дараа утсаар ярьж биечлэн уулзаж үлдэгдэл мөнгөө өгөхийг сануулж шаардахад нөхөр  Булган аймаг Тэшиг суманд замын тендер авсан байгаа мөнгө орж ирэхээр өгнө гэсээр өдийг хүртэл хүрсэн болно. Миний хувьд уян хатан хандаж өгөх байлгүй одоохондоо мөнгөгүй байгаа бол түр хүлээе зэргээр хандаж ирсэн. Миний бие цаашид хүлээх боломжгүй бөгөөд үлдэгдэл 28,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагчаас  машин худалдаж  авсан юм.  Би ерөөсөө юу ч мэдэхгүй, машин мэддэг хүн дээр очоод үзүүлэхэд битүү тойруулаад будчихсан машин байна гэж хэлсэн. Нийт 43,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд буцаагаад машиныг нь аваачиж өгөхөд 15,000,000 төгрөг өгсөн. Үлдэгдлийг нь маргааш өглөө хийчихье гэхээр нь итгээд,  машиныг  нь өөрт нь үлдээчихээд яваад өгсөн  гэв.

 

Хариуцагчаас хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шилжүүлгийн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, 

Хариуцагчаас иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн.

                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Б.О******* нь 28,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Н*******т холбогдуулан гаргажээ.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Талуудын хооронд 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу ******* УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдагч худалдан авагчийн өмчлөлд, худалдан авагч нь 43,000,000 төгрөгийг худалдагчид шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.

           

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Худалдах, худалдан авах гэрээний зүйл болох тээврийн хэрэгсэл нь доголдолтой байсан тул нэхэмжлэгч Б.О******* гэрээнээсээ татгалзаж, тээврийн хэрэгслийг хариуцагч Г.Н*******т буцаан хүлээлгэн өгч, хариуцагч гэрээнээс татгалзсныг хүлээн зөвшөөрч тээврийн хэрэгслийг буцаан хүлээн авч, гэрээнээс татгалзсантай холбогдуулан 15,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид хариуцагч буцаан шилжүүлж өгсөн болох нь зохигчдын тайлбар, Хаан банкны депозит дансны хуулгаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заажээ.

Нэхэмжлэгч нь  хариуцагчид худалдах худалдан авах гэрээний төлбөрт нийт 43,000,000 төгрөгийг  шилжүүлсэн, хариуцагч нь 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 15,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн боловч үлдэх 28,000,000 төгрөгийг шилжүүлээгүй байх тул хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийг гардан авч эрх үүрэгтэйгээ танилцаж баримтад гарын үсгээ зурсан боловч хариу тайлбараа болон татгалзлын үндэслэл нотлох баримтаа хуульд заасан хугацааны дотор ирүүлээгүй, хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлээгүй хуульд заасан үүргээ биелүүлээгүй болно.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Г.Н*******ээс 28,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.О*******д олгож шийдвэрлэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 297,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

      

                                         ТОГТООХ нь:

 

1. Иргэний тухай хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Н*******ээс 28,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.О*******д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 297,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ШҮҮГЧ                                      Ц.ОЮУНБИЛЭГ