Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2024/03992

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

               Х******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А аймаг, ** хаягт оршин суух, Б овогт Б.З /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: Х  дүүрэг, ** тоотод оршин суух, Б овогт Т.Б /РД:*******/-д  холбогдох,

 Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, орон сууцны захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

           Нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц*******,

Хариуцагчийн өмгөөлөгч Т.М*******,

Гэрч Ж.Ж*******,

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.З******* орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.Б*******д холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Талууд 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр №20\ХА2-79 тоот “Орон сууц захиалгын гэрээ”-г байгуулж тус гэрээгээр Х******* дүүрэг, А тоотын 69.76 м.кв 3 өрөө орон сууцыг нийт 90,688,000 төгрөгөөр захиалсан болно. Тухайн байрыг н.С гэх залуу хариуцагчаас төлбөртөө тооцон авсан хэмээн талуудыг зуучилж төлбөрийн гэрээ байгуулсан даруй бүхэлд нь бэлнээр н.Сд төлсөн бөгөөд энэ талаар гэрээний 5.1 дэх хэсэгт төлбөр тооцоо дууссан хэмээн заасан болно. Тухайн гэрээний 6 дугаар зүйлд орон сууцыг 2021 оны 1 дүгээр улиралд бүрэн ашиглалтад оруулан нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхөөр заасан болно. Тухайн орон сууцыг 2021 оны дундуур нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, өнөөдрийг хүртэл өөрийн гэр бүлийн хамт тус байранд амьдарч байх боловч орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцагчийн зүгээс гаргаж өгөөгүй болно. Хариуцагч н.Стай төлбөрийн маргаантай байгаа гэх үндэслэлээр орон сууцны өмчлөх эрхийг гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргаж өгөлгүй өнөөдрийг хүрээд байна. Тухайн хоёр этгээдийн хооронд үүссэн маргаан нь нэхэмжлэгчид хамааралгүй бөгөөд түүний зүгээс гэрээгээр хүлээсэн ямар нэгэн үүргээ зөрчсөн зүйлгүй болно. Гэвч үүнээс үүдэн нэхэмжлэгчийн эд хөрөнгө өмчлөх эрхээ эдлэх боломжгүй болж өмчлөх эрх нь зөрчигдөөд байна. Иймд нэхэжлэгч Б.З*******ыг Х******* дүүрэг, хотхоны 5 давхарын А тоотын 69.76 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Т.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Энэхүү орон сууцны төлөх төлбөрийг яаж төлөх вэ? гэдэг асуудалд н.С болохоор хариуцагчид ямар нэгэн байдлаар төлсөн шилжүүлсэн зүйл огт байхгүй. Өнөөдрийн тухайн орон сууцны төлбөрийг нэхэмжлэгч талаас хариуцагчид төлөөгүй. н.С гэж мөнгө шилжүүлсэн хүн өмчлөх эрх шилжих тохиролцоо байсан. Тэр тохиролцоог нэхэмжлэгч хариуцагч нар тусгаагүй. Төлсөн төлбөрөө захиалагчийн маргаан бүхий орон сууц болон 4 байр авахаар гэрээ байгуулсан. Тухайн бараа материалын үнийг бүрэн төлөөгүй. Тухайн орон сууцны өмчлөлийг нэхэмжлэгч өөрийн нэр дээр авах боломжгүй гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц******* шүүхэд гаргасан сөрөг шаардлагадаа: “... 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн №20/ХА2-79 тоот “Орон сууц захиалгын гэрээ”-ний дагуу нэхэмжлэгч Б.З*******аас хариуцагч Т.Б******* орон сууцны үнэнд нэг ч төгрөг хүлээн аваагүй. Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1 дэх хэсэг, 343-р зүйлийн 343.1 дэх хэсэгт тус тус зааснаар үл хөдлөх эд хөрөнгө худалдан авагч, орон сууцыг захиалан бариулж буй тал болох Б.З******* орон сууцны үнийг бүрэн төлснөөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр гүйцэтгэгч Т.Б*******гаас шаардах эрх үүснэ. Гэтэл Б.З******* болон орон сууцны үнийг хүлээн авсан гэх Ц.С нар нэхэмжлэлд дурдсан Х******* дүүрэг, 4-р хорооны нутаг дэвсгэрт баригдсан ы 5 давхрын А тоот 69.76 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны үнэнд тооцон хариуцагч Т.Б*******д нэг ч төгрөг төлөөгүй, үнийг төлсөнтэй адилтгах үүргийг гүйцэтгээгүй бөгөөд аливаа үүргийг Т.Б******* Б.З******* болон Ц.С нараас хүлээн аваагүй. Мөн хариуцагч Т.Б******* Ц.Сд өөрийгөө төлөөлж орон сууцны үнийг хүлээн авах бүрэн эрх олгосон итгэмжлэл, хэлцэл, үүрэг даалгавар өгөөгүй бөгөөд Б.З*******аас Ц.Сд 90,688,000 төгрөг шилжүүлсэн үйлдэлд хамааралгүй.  2020 оны 9 дүгээр  сарын 22-ны өдрийн №20/ХА2-79 тоот “орон сууц захиалгын гэрээ” бүхэлдээ талууд эрх зүйн үр дагавар үүсгэх хүсэл зорилгогүйгээр хүсэл зоригоо илэрхийлсэн “дүр үзүүлсэн хэлцэл”, “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” мөн. Учир нь дээрх гэрээний захиалагч тал болох Б.З******* гэрээний үнэ 90,688,000 төгрөгийг гүйцэтгэгч Т.Б******* төлөөгүй атал 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн №20/ХА2-79 тоот “орон сууц захиалгын гэрээ”-ний 5.1-д “төлбөр тооцоо дууссан” гэж бичсэн нь талууд эрх зүйн үр дагавар үүсгэх хүсэл зорилгогүйгээр хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Орон сууцны үнийг нэхэмжлэгч төлөөгүй тул 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн №20/ХА2-79 тоот “орон сууц захиалгын гэрээ”-ний 5.1-д “төлбөр тооцоо дууссан” гэсэн заалт нь орон сууцны үнэ төлөгдсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл, 56.1.3-т хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж заасныг үндэслэн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн №20/ХА2-79 тоот Орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, 90,688,000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлтэй холбоотой тайлбартаа: Хариуцагчийн зүгээс энэ гэрээний дагуу Сд төлбөрийг төлчих гэсэн дагуу төлсөн. Төлбөр төлсөн учраас байрыг хүлээлгэн өгч, өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. тодорхой шаардлага тавьсан. Дансаар бүх төлбөрийг хүлээлгэж өгсөн. Ямар ч маргаангүй хүлээлгэж өгсөн. Төлбөрийг бүрэн хүлээлгэн өгсөн учраас гэрээндээ төлбөр бүрэн төлсөн гэсэн заалт оруулсан. Иймээс сөрөг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

 Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, 2020.09.22-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээ, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Х******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.01.18-ны өдрийн 183/ШЗ2024/01965 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж зэрэг бичгийн баримтуудыг,

 

Хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хариу тайлбар, мөнгөн шилжүүлгийн баримт, 2022.11 сарын Бараа материал бартераар бэлтгэн нийлүүлэх гэрээ, сөрөг нэхэмжлэлийн шаардлага, 08.10-ны өдрийн Бараа, материал бартераар бэлтгэн нийлүүлэх гэрээ, 09 сарын Бараа материал бартераар бэлтгэн нийлүүлэх гэрээ зэрэг бичгийн баримтуудыг,

 

Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр гэрчээр Хаан банк ХК-иас Ц.Сгийн эзэмшлийн 5011 тоот дансны 2020.09.01-2020.10.31-ний өдрийг хүртэлх хугацааны дансны хуулга, хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Ж.Ж*******г гэрчээр асуусан тэмдэглэл зэрэг бичгийн баримтуудыг гаргаж өгсөн.  

 ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Б.З******* нь хариуцагч Т.Б*******д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэл гаргасныг эс зөвшөөрч хариуцагч Т.Б******* нь орон сууцны захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, 90,688,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

 

Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Талуудын хооронд 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн №20/ХА2-79 тоот Орон сууц захиалгын гэрээ бичгээр байгуулагдаж, уг гэрээний дагуу худалдагч нь Х******* дүүрэг, , , , 5 давхрын А тоотын 69.76 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд, худалдан авагч нь 90,688,000 төгрөгийг худалдагчид шилжүүлэхээр харилцан тохиролцсон байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж шүүх үзэв.

 

Зохигчид гэрээ байгуулсан, гэрээнд гарын үсэг зурсан, маргаан бүхий орон сууцыг Б.З******* хүлээн авсан, уг орон сууцандаа амьдарч байгаа талаар маргаагүй, харин нэхэмжлэгч Б.З******* орон сууцны төлбөр 90,688,000 төгрөгийг худалдагч буюу хариуцагч Т.Б*******д төлөөгүй гэж хариуцагч маргаж, үүний улмаас орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэх үүргээ гэрээнд заасан хугацаанд нь хариуцагч Т.Б******* биелүүлээгүйгээс маргаан үүссэн байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ”,  мөн хуулийн  211 дүгээр зүйлийн 211.2-т “Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно” гэж зааснаар Б.З******* нь Ц.Сгийн Хаан банк ХК-ийн эзэмшлийн 5011 тоот дансанд орон сууцны төлбөрийг шилжүүлсэн байна. /х.х-ийн 34-39 тал/

Зохигчдын хооронд байгуулсан 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн №20/ХА2-79 тоот Орон сууц захиалгын гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-т “Гэрээний 1.2-т заасан байгаа Худалдагч Х******* дүүрэг,ны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Х 2 хотхон, /1блок/, хойд орц, 5 давхрын 69.76 м.кв /А/ тоот 3 өрөө орон сууцны гэрээний нийт үнэ 90,688,000 төгрөг болно. Төлбөр тооцоо дууссан болно. Энэ үнэнд Захиалагч орон сууцыг хүлээн авах хүртэлх барилга угсралт үйлдвэрлэлийн бүх зардал багтсан болно” гэжээ.

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэж заасан бөгөөд хэлцлийн 5.1-д ... Х******* дүүрэг,ны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Х 2 хотхон, /1блок/, хойд орц, 5 давхрын 69.76 м.кв /А/ тоот 3 өрөө орон сууцны гэрээний нийт үнэ 90,688,000 төгрөг болно. Төлбөр тооцоо дууссан болно... гэж зааснаас үзвэл төлбөр тооцоо дууссан гэж  дүгнэнэ. Өөрөөр хэлбэл хариуцагч Т.Б*******  маргаан бүхий орон сууцны төлбөрийг Ц.Сгийн дансанд шилжүүлэхийг өөрөө зөвшөөрч, гэрээнд төлбөр тооцоо дууссан болохыг дурдсан нь үүрэг гүйцэтгүүлэгч худалдан авагчид зөвшөөрсөн  болохыг нотолж байна.

Хариуцагч Т.Б******* нь барилга барьж ашиглалтад оруулж байгаатай холбогдуулан Азийн лифт ХХК-ийн захирал Ц.Стай худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаанд оролцож байсан болох нь гэрч Ж.Ж*******гийн мэдүүлэгээр тогтоогддог.

 Өөрөөр хэлцэл Т.Б*******д хөлсөөр ажил гүйцэтгэж байсан гэрч А.Ж******* “... Ц.С манай барьж буюу барилгад бараа материал нийлүүлж байсан бөгөөд нийлүүлэх байсан бараагаа өнөөдрийг хүртэл бүрэн нийлүүлээгүй  ...” гэх тайлбараас үзвэл хариуцагч Т.Б******* орон сууц барьж ашиглалтад оруулах явцдаа бараа материал Ц.Сгаас худалдан авч, түүнд төлөх төлбөрийг хариуцагч Б.З*******аар төлүүлсэн уг гүйлгээг хариуцахгүй, орон сууцны төлбөрийг төлөөгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй юм.

Учир нь орон сууцны төлбөрийг анхнаасаа Б.З*******ыг Ц.Сд шилжүүлэхийг Т.Б******* өөрөө зөвшөөрч, гэрээнд төлбөр тооцоо дууссан гэж, орон сууцны төлбөр тооцоог хааж, гэрээ байгуулж, гэрээнд гарын үсэг зурсан, гэрээнд зурсан гарын үсгэнд маргаагүй атлаа төлбөр төлөөгүй гэх хариуцагч Т.Б*******гийн тайлбар шударга ёсонд нийцэхгүй юм. Харин хариуцагч Т.Б******* Азийн лифт ХХК-ийн захирал Ц.С гэх этгээдтэй гэрээний харилцаанд тусдаа оролцсон бол шаардах эрхээ хэрэгжүүлэхэд уг шийдвэр саад болохгүй юм.

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.З******* нь хүсэл зоригийн дагуу орон сууцыг хууль ёсоор мэдэлдээ авч, төлбөрийг бүрэн төлсөн байх тул Х******* дүүрэг, , , , 5 давхрын А тоотын 69.76 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй этгээд болжээ.

 

Иймээс талуудын хооронд байгуулсан 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн №20/ХА2-79 тоот Орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Дээрхийг нэгтгэвэл  нэхэмжлэгч Б.З*******ыг Х******* дүүрэг, , , , 5 давхрын А тоотын 69.76 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгаж, 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн №20/ХА2-79 тоот Орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, 90,688,000 төгрөг гаргуулах сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 611,390 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 611,390 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  611,390 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б овогт ийн З******* /РД:*******/-ийг Х******* дүүрэг, , , , 5 давхрын А тоотын 69.76 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай.

 

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн №20/ХА2-79 тоот Орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 90,688,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 611,390 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 611,390 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  611,390 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

  

ШҮҮГЧ                                      Ц.ОЮУНБИЛЭГ