Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2022/ДШМ/15

 

 

 

 

 

 

 

2022 оны 07 сарын 18-ны өдөр               Дугаар 2022/ДШМ/15                  Баруун-Урт

 

Н.Сэрээнэндоржид холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч О.Баатарсүх, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: прокурор М.Сумъяа,

нарийн бичгийн дарга Э.Ганжууржав нарыг оролцуулан Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 104 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хяналтын прокурор М.Сумъяагийн эсэргүүцлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Сэрээнэндоржид холбогдох эрүүгийн 2230000000103 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2022 оны  07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

1.1. Монгол Улсын иргэн, 1994 онд Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар сумын 5 дугаар баг, Чулуут-Ухаа гэх газар оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Боржигон овогт Намхайсангийн Сэрээнэндорж /РД:ЛЗ94031218/,

 

1.2.Шүүгдэгч Н.Сэрээнэндорж нь 2021 оны 04 дүгээр сард Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт хохирогч Ж.Эрдэнэ-Очирын эзэмшлийн хонгор зүсмийн гүүг хулгайлж 977400 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2021 оны 08 дугаар сард хохирогч Ж.Эрдэнэ-Очирын алдсан шаргал байдсан гүүг тус аймгийн Асгат сумын  нутгаас олж, улмаар бусдын эзэмшлийн алдуул мал гэдгийг мэдсээр байж завшиж, 706000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

1.3.Хяналтын прокурор М.Сумъяа шүүгдэгч Н.Сэрээнэндоржийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

1.4.Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Сэрээнэндоржийг мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нэг жил нэг сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан дээрх ялуудыг тус тусад нь эдлүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нэг жил нэг сарын хугацаагаар тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгож, ялтан Н.Сэрээнэндорж нь дээрх торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож тус тус хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч Ч.Эрдэнэ-Очирт учирсан хохирол нөхөн төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

1.5.Хяналтын прокурор М.Сумъяа эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь эрүүгийн хариуцлагын төрөл биш бөгөөд нийтлэг байдлаар хэрэглэгдэхгүй, зөвхөн хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж хязгаарлалт тогтоох арга хэмжээ авах нь хуульд нийцнэ. Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх журмыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлээр зохицуулсан бөгөөд тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ мөн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан 7 дугаар бүлэгт заасан журмыг баримтлах, 7.1 дүгээр зүйлд заасан тусгай журамд заасан шаардлага, хориглосон заалттай нийцэж буй эсэх талаар нягталж, шийдвэрлэх нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт хамаарахгүй” гэж хориглосон заалт байхад шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт хэргийг санаатай үйлдсэн шүүгдэгч Н.Сэрээнэндоржид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нэг жил нэг сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгож тус тус шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          2.1. Давж заалдах шатны шүүх хяналтын прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Н.Сэрээнэндоржид холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

          2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

          2.3. Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

2.4. Шүүгдэгч Н.Сэрээнэндорж нь 2021 оны 04 дүгээр сард Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт хохирогч Ж.Эрдэнэ-Очирын эзэмшлийн хонгор зүсмийн гүүг хулгайлж 977400 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2021 оны 08 дугаар сард шаргал байдсан гүүг тус аймгийн Асгат сумын  нутгаас олж, бусдын эзэмшлийн алдуул мал гэдгийг мэдсээр байж завшиж, хохирогч Ж.Эрдэнэ-Очирт 706000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          2.4.1.яллагдагч Н.Сэрээнэндоржийн “Миний бие 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 3 дугаар сар хүртэл Ж.Эрдэнэ-Очир гэх хүний адууг хариулж байсан юм. Тэр үед Гантулга ах “Нэг морь сургаад өгөөч” гэхээр нь гэрийнхээ гадаа авчраад уячихсан байсан чинь шонгоо хугалаад алга болсон. Хэд хоногийн дараа Гантулга ах “Миний морь хөдөө үхчихсэн байна” гэхээр нь үзсэн чинь хугархай шон хаа руу нь шаагаад үхсэн байсан. Гантулга ах морины оронд нэг адуу өгөөрэй гэхээр нь Эрдэнэ-Очирын адуунаас хонгор зүсмийн гүү аваачиж өгсөн. Тэр үед нь нэг шаргал байдас алга болсон байсан. 2021 оны 7 дугаар сард адууны эрэлд явж байсан чинь шаргал байдас нь айлын адуунд байхаар нь олж аваад Гантулга ахад аваачиж өгөөд мөнгө авсан” гэх /хх 56-57/,

          2.4.2.хохирогч Ж.Эрдэнэ-Очирын “2020 оны 8 дугаар сарын сүүлээр Д.Мөнхбат гэх хүнд өөрийн эзэмшлийн 48 тооны 3 азарга адуугаа маллуулахаар өгсөн. Ингээд 2021 оны 7 дугаар сарын дундуур адуугаа буцаан хүлээж авахад 4 адуу дутаж, алга болсон байсан. Миний сартай чандмань тамгатай хонгор гүү, шарга байдсан гүү алга болсон. Надад Мөнхбат: “Манай хадам дүү Сэрээнэн гэх залуу харж байгаа” гэж хэлж байсан.” гэх /хх 5-6/,

          2.4.3.иргэний нэхэмжлэгч Б.Гантулгын “Сэрээнэндорж гэх залууд нэг морь хөнгөрүүлээд өгөөч гээд өгөөд явуулсан чинь 6-7 хоногийн дараа: “Ахаа морийг чинь алдчихлаа” гэж хэлсэн. Сураг, ажиг тавиад байсан чинь шонгийн модныхоо хугархайг зоогоод үхчихсэн байсан. Тэгээд Сэрээнэндоржид “орон адууг нь өгөөрэй” гэсэн чинь 2021 оны 5 дугаар сард 1 гүү авчирч өгсөн. Тэр нь зөв талын гэр гуяндаа сартай чандмань тамгатай улаан хонгор гүү байсан. Дараа нь 2021 оны 9 дүгээр сарын эхээр сартай чандмань тамгатай шаргал зүсмийн шүдлэн байдас 500000 төгрөгөөр худалдаж авсан. Хонгор гүү нь манай адуунд байгаа. Шарга шүдлэн байдсыг нь би өвөл хүнсэндээ хэрэглэсэн.” гэх /хх 11, 17/,

          2.4.4.гэрч Д.Мөнхбатын “Би Эрдэнэ-Очир ахын 48 тооны адууг 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хариулж байгаад хадам дүү Сэрээнэндоржоор маллуулахаар хүлээлгэн өгсөн. Ингээд 2021 оны 3 дугаар сарын эхээр би өөрөө тус сумын 4 дүгээр багийн нутаг “Уулын тал” гэх газраас Сэрээнэндоржийн хамт хөөж, тус сумын 1 дүгээр багийн “Ваар” гэх газар авч ирсэн юм. 2021 оны 7 дугаар сарын дундуур Эрдэнэ-Очир ах адуугаа авахад 4 гүү дутсан. Адууг хүлээж авахдаа хүрэн азаргатай адуунаас шаргал байдас нь байхгүй байна гэж хараад Сэрээнэндоржоос асуухад “Азарга нь хассан юм шиг байна” гэж байсан. Өөр бусад адууг нь анзаараагүй, бүрэн л байх шиг байсан. Тухайн үед тоолж бүртгээгүй. Манай хүү цэрэгт яваад хүн хүч муутай болсон болохоор би Сэрээнэндоржид өгсөн” гэх /хх 15/ мэдүүлгүүд,

          2.4.5. хохирогч Ж.Эрдэнэ-Очирын хонгор зүсмийн гүүг 977400 төгрөгөөр, шарга зүсмийн байдсан гүүг 706900 төгрөгөөр тус тус үнэлсэн хөрөнгийн үнэлгээний дүгнэлтүүд /хх 20-42/          зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцжээ.

 

          2.5. Хэрэгт авагдсан шүүгдэгчийн харилцах дансны хуулга, иргэний үнэмлэх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хохирогч Ж.Эрдэнэ-Очирын “Хохирлоо бүрэн барагдуулж авсан. Гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт зэрэг нотлох баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, давхар нотолж байгаа болно. /хх 60-65, 67/

 

2.6. Прокуророос шүүгдэгч Н.Сэрээнэндоржийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг анхан шатны шүүх эдгээр зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсоныг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

 

2.7. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Сэрээнэндоржид оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан байдал, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирч байна.

 

2.8. Прокурор “Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх ёсгүй. Энэ хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч хоёр гэмт хэргийг санаатай үйлдсэн тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, эрүүгийн хууль буруу хэрэглэсэн” гэх агуулга бүхий эсэргүүцэл гаргасан.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” болон энэ хуулийн 7.1 дүгээр зүйлийн “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” зохицуулалтууд нь хоорондоо ялгаатай, тусад нь хэрэглэж болохоор байна. Прокурорын эсэргүүцэлд “Энэ хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг зөвхөн хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт хэрэглэнэ.” гэж дурдсан байгааг давж заалдах шатны шүүх хүлээн авах боломжгүй бөгөөд энэ зүйл нь хорих ялыг хөнгөрүүлж, бусад төрлийн ялаас чөлөөлөх агуулгатайг анхаарах шаардлагатай юм. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх”-ээр заасны дагуу анхан шатны шүүх эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

2.9. Түүнээс гадна Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийг баталж, энэ хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хүчингүй болгосноор давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт эсхүл дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах эрх хэмжээгүй болсон тул прокурорын “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх тухай” эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт болон энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 104 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

          Хоёр.Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          Гурав. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД                                                     О.БААТАРСҮХ

 

                                                                         Д.БАЙГАЛМАА