Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2022/0571

 

2022 08 01 128/ШШ2022/0571

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: "К******* ХХК /РД:*******/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Б*******, Ц.Г*******, Г.Э, Д.М

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын алба

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Э нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б*******, Ц.Г*******, Г.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нарийн бичгийн дарга А.Мэргэндарь нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. К******* ХХК нь 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасны дагуу Нийслэлийн Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 16/281 тоот албан бичиг /захиргааны акт/-г илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

2. Анх Хан-Уул дүүргийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 399 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 3.0 га газрыг 15 жилийн хугацаатайгаар амины орон сууцны зориулалтаар Гр******* ХХК-д эзэмших эрх олгосон байна.

3. Гр******* ХХК нь нэхэмжлэгчтэй 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 3053-2015/113 дугаартай зээлийн гэрээ байгуулан 156,000.00 ам долларын зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, жилийн 13.0 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай авсан байх ба тус компани нь К******* ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 429 дүгээр тогтоолоор ...хариуцагч Гр******* ХХК-иас 398,881,915 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К******* ХХК-д олгох-оор шийдвэрлэсэн.

4. Улмаар Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/302 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бугын аманд байрлах 3.0 га газрыг Гр******* ХХК-иас К******* ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн.

5. К******* ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны ГЗ/96 тоот албан бичгээр ...Тус банкны эзэмшлийн буюу Хан-уул дүүргийн 14 дүгээр хороонд байрлах гэрчилгээний 000017551 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Э-2206002234 дугаартай, нэгж талбарын 17******* тоот дугаартай, 29977 /3.0/ м.кв /га/ талбай бүхий амины орон сууцны зориулалттай газрын эзэмших эрхийг "Зе*******" ХХК-д шилжүүлэхээр харилцан тохиролцож, 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр "Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан болно. Иймд уг газрын эрхийг шилжүүлж, зохих бүртгэлийг хийж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан ба үүний хариуд Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 16/281 тоот албан бичгээр ...Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т "энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ" гэж заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй байх тул дуудлага худалдааны анхны үнийг төлж барагдуулахыг үүгээр мэдэгдэж байна гэх хариуг өгсөн байна.

6. К******* ХХК нь уг хариуг эс зөвшөөрч 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ГЗ/168 тоот албан бичгээр дээрх асуудлаар гомдол гаргасан ба нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 03-06/1331 тоот албан бичгээр ...танай компанийн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэх хариу авсны дагуу 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б*******, Ц.Г*******, Г.Э нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч нь газар эзэмших эрхээ бүхэлд нь "Зе*******" ХХК-нд шилжүүлэхээр хуулийн дагуу төрийн байгууллагад холбогдох баримтуудын хамт хүргүүлсэн боловч тус дүүргийн Газар зохион байгуулалтын алба 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 16/281 тоот хариу албан бичгээрээ дуудлага худалдааны анхны үнэ 264,000,000 төгрөгийг төлөхийг шаардсан. Нэхэмжлэгч нь дээрх хууль бус шаардлагын талаар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид гомдол гаргасан боловч Нийслэлийн газар зохион байгуулалтын алба 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 03-06/1331 тоот албан бичгээр "Газрын тухай хууль болон холбогдох хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлэсэн байх тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй" гэж мэдэгдээд байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль өдрийн 03-06/1331 тоот албан бичгээр "Газрын тухай хууль болон холбогдох хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлэсэн байх тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй" гэж мэдэгдээд байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж заасан ба энэхүү үндэслэлийн агуулгыг нь захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох, бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргасныг ойлгодог. Нийслэлийн Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын алба 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 16/281 тоот албан бичгээрээ тус банк газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэхийн тулд дуудлага худалдааны анхны үнэ нөхөж төлөхийг шаардсан үйлдэл нь "хуулиар тогтоосон шаардлага биш" бөгөөд "хуульд заагаагүй нэмэлт нөхцөл, шалгуур буюу хязгаарлалтыг тогтоох" замаар нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд хууль бусаар халдсан. Газрын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан аргачлалын дагуу тухайн шатны засаг дарга тогтооно", тус хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.5 дах хэсэгт "газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлалыг батлах" гэж заасны дагуу Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд 2010 оны 206 дугаар тушаалын хавсралтаараа "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны унийг тодорхойлох аргачлал" баталсан бөгөөд тус аргачлалд иргэн, аж ахуй нэгж амины орон сууцны зориулалтаар газар эзэмшүүлэхэд газрын дуудлага худалдааны анхны унийг тогтоох итгэлцүүрийг тогтоогоогүй болно. Өөрөөр хэлбэл амины орон сууцны газар эзэмшүүлэх тохиолдолд дуудлага худалдааны анхны үнэ төлөхөөс чөлөөлсөн байна. Түүнчлэн газрын эзэмших эрхийн гэрчилгээ олгогдох цаг хугацаанд хэрэгжиж байсан Засгийн газрын 2003.02.28-ны өдрийн 28 тоот "Хуулиудыг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" тогтоолын хавсралт 6-д "Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам"-г баталсан бөгөөд тус журмын 38 дугаар заалтад "Дуудлага худалдааны ялагч хуанлийн 14 хоногийн дотор төлбөрийг бүрэн хийнэ. Гэрээнд заасан үнийг бүрэн төлсний дараа тухайн шатны Засаг дарга газрыг өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргана" гэж заасан. Тус заалтаас үзвэл дуудлага худалдааны анхны үнийг "К*******" ХХК бус анхны эзэмшигч "Гр*******" ХХК-иар төлүүлэхээр зохицуулсан байна. Мөн Газрын тухай хуульд дуудлага худалдааны үнийг нөхөн төлүүлэх, нөхөн төлөөгүй тохиолдолд эзэмших эрхийн бусдад шилжүүлэхгүй тухай хязгаарласан хуулийн зохицуулалт байхгүй бөгөөд дээрх хязгаарлалт тогтоох эрхийг хуулиар хэн нэгэнд олгоогүй байна. Газрын тухай хуулийн 33.2-т зааснаар "энэ хуулийн 33.1.2-т заасан шийдвэрийн дагуу газар эзэмших эрх авсан этгээд нь заасан хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээний үнийг Мөлөөгүй бол уг эрхийн гэрчилгээг дахин дуудлага худалдаанд оруулна". Мөн хуулийн 36.2-т "Дуудлага худалдаагаар тогтоогдсон үнэ нь эрхийн гэрчилгээний бодит үнэ байна" хэмээн заасан байна. Өөрөөр хэлбэл дуудлага худалдааны үнийг "Гр*******" ХХК төлсөн тохиолдолд Хан-Уул дүүргийн Засаг даргаас газар эзэмших эрх олгох тухай захирамж/шийдвэрийг гаргахаар байна. Дээрх үндэслэлүүдээр Нийслэлийн Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын алба 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 16/281 тоот албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д "иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагvй" гэж заасны дагуу илт хууль бус болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл газар эзэмших эрхийн гэрчилгээний үнэ буюу дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй бол дахин дуудлага худалдаанд оруулж, эхний газар эзэмших эрх авсан этгээдэд газрын эзэмших эрхийн гэрчилгээ олгохооргүй байна гэжээ.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/302 дугаар захирамжаар "К*******" ХХК-д амины сууцны зориулалтаар тус дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 30000м.кв газрын эрхийг шилжүүлэн эзэмшүүлсэн байна. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т "... энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ... гэж заасны дагуу 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш газар эзэмших эрх олгогдсон иргэн, хуулийн этгээдээс нийслэлийн Засаг даргын 2013 оны А/307, A/309, 2016 оны А/697 дугаар захирамжаар газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг эрх олгогдох үед мөрдөгдөж байсан аргачлалын дагуу тооцон нөхөж төлүүлэхээр шийдвэрлэсэн болно. "Газрын тухай" хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.2-т заасны дагуу эзэмших эрхийн гэрчилгээг гэрээний дагуу шилжүүлж авсан этгээд нь тухайн газрын эрх, үүргийг мөн давхар шилжүүлж авсан гэж үзэх учир тус газартай холбоотой эрх үүрэг дурдагдсан байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг зөрчиж хуулиас давсан захиргааны актаар төлбөр тогтоосон ... шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад газрыг шилжүүлэхдээ бидэнд болон Гр******* ХХК-д мэдэгдээгүй, бид төлөх үүрэггүй... гэж тодорхойлсныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

3. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 399 дүгээр захирамжаар Гр******* ХХК-д тус дүүргийн 14 дүгээр хороонд амины орон сууцны зориулалт бүхий 30,000 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн,

- 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэгч К******* ХХК нь Гр******* ХХК-тай 3053-2015/113 дугаартай зээлийн гэрээ байгуулж 156,000 ам.долларыг 12 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн байх бөгөөд уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор дээрх Гр******* ХХК-ийн эзэмшиж буй Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд байрлах амины орон сууцны зориулалт бүхий 30,000 м.кв газрыг барьцаалсан,

- зээлийн гэрээ байгуулснаас хойш Гр******* ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч К******* ХХК-ийн зүгээс шүүхэд хандаж улмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 01361 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 305 дугаар магадлалаар ...Гр******* ХХК-иас 173,560 ам доллар буюу 387,373,770 төгрөгийн гаргуулж К*******инд олгох-оор шийдвэрлэснийг Улсын Дээд шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 429 дүгээр тогтоолоор 398,881,915 төгрөгийг гаргуулахаар үнийн дүнг өөрчлөн шийдвэрлэсэн үйл баримтуудтай талууд маргаагүй.

4. Гр******* ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул К*******ны зүгээс албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талууд эвлэрч төлбөр төлөгч Гр******* ХХК нь өөрийн эзэмшлийн нэгж талбарын 8041/5423 дугаартай Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд байрлах амины орон сууцны зориулалттай 30,000 м.кв газрыг төлбөрт тооцон шилжүүлэхээр тохиролцсоны дагуу нэхэмжлэгч К*******ны зүгээс 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ГЗ/518, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас мөн өдрийн 1/18145 дугаар албан бичгээр, Гр******* ХХК-ийн гүйцэтгэх захирал А.У*******ын зүгээс тус тус хариуцагч Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албанд хандаж тус газрыг шилжүүлэхээр хүсэлт гаргасныг хариуцагч Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын алба хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

5. Улмаар Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/302 дугаар захирамжаар дээрх газрыг нэхэмжлэгч К*******инд шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

6. Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Банк, энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2.1-6.2.6-д зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэхийг хориглох бөгөөд зээлийн барьцаалсан эд хөрөнгийг зээлийн төлбөр төлүүлэх, өр барагдуулах зорилгоор түр эзэмших болон өмчлөх, үйл ажиллагааны зардлаа нөхөх зориулалтаар хөлслүүлэх, түрээслүүлэх, худалдах үйл ажиллагаа үүнд хамаарахгүй гэж заасны дагуу К******* ХХК-ийн зүгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор шилжүүлэн авсан дээрх 30,000 м.кв газар эзэмших эрхийг З******* ХХК-тай 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ-г байгуулан шилжүүлэхээр тохиролцжээ.

7. Нэхэмжлэгчийн зүгээс 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ГЗ/609 дүгээр албан бичгээр хариуцагч Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандаж З******* ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлэх-ээр хүсэлт гаргасны хариуд маргаан бүхий акт болох 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 16/281 дүгээр албан бичгээр ....Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т ...заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй байх тул дуудлага худалдааны анхны үнийг төлж барагдуулахыг үүгээр мэдэгдэж байна гэжээ.

8. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна., 33 дугаар зүйлийн 33.1.2-т ... энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно гэж тус тус заасан байх бөгөөд 2003 оноос хойш Засгийн газрын зүгээс газрыг эзэмшүүлэх дуудлага худалдаа явуулах харилцааг удаа дараа журам гаргаж зохицуулсан байна.

9. Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 6 дугаар хавсралт, 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар тус тус батлагдсан журмын агуулгаас дүгнэхэд хуульд заасан хэмжээнээс илүү хэмжээгээр газрыг анх эзэмшүүлэхдээ дуудлага худалдаагаар эзэмшүүлэх, дуудлага худалдааны үнийг тогтоосон хугацаанд бүрэн төлсний дараа газар эзэмших эрхийн гэрчилгээг олгохоор зохицуулсан байна.

10. Хууль болон журмын дээрх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/309 дүгээр Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний анхны үнэ төлүүлэх тухай захирамжийн 2 дахь заалтаар Нийслэлийн Засаг даргын 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш гаргасан захирамжийн дагуу дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаас бусад хэлбэрээр газар эзэмшиж, ашиглаж буй иргэн, хуулийн этгээдээс газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 206 дугаар тушаалаар батлагдсан аргачлалын дагуу тодорхойлж, төлбөрийг авч төвлөрүүлэх-ийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болгосон байна.

11. Нийслэлийн Засаг даргын 2013 оны 915 дугаар 2013 оны А/307, А/309 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамжаар дуудлага худалдааны анхны үнийг төлүүлсний үндсэн дээр газар эзэмшүүлэх гэрээг шинэчлэн байгуулах, гэрээг шинэчлэн байгуулах мэдэгдэл удаа дараа хүргүүлсний дараа дуудлага худалдааны анхны үнэ төлөхөөс татгалзсан тохиолдолд газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох-оор шийдвэрлэж улмаар Нийслэлийн Засаг даргын 2013 оны 309 дүгээр захирамжийн 2 дахь заалтыг хүчингүй болгосон байна.

12. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/697 дугаар Төсвийн орлогын бүрдүүлэлтийг хангах зарим арга хэмжээний тухай захирамжийн 1 дэх заалтын 4-д нийслэлийн нутаг дэвсгэрт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаас бусад хэлбэрээр газар эзэмшиж, ашиглаж буй иргэн, хуулийн этгээд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах, нэр шилжүүлэх, зориулалтыг өөрчлөх хүсэлт гаргасан тохиолдолд зохих журмын дагуу дуудлага худалдааны анхны үнийг нөхөн авч төсөвт төвлөрүүлэх, анхны үнийг нөхөн төлүүлсний үндсэн дээр холбогдох эрхийг баталгаажуулах-ыг холбогдох газруудад үүрэг болгожээ.

13. Газар эзэмшүүлэх дуудлага худалдаа явуулах журам болон Нийслэлийн Засаг даргын дээрх захирамжуудаас нэгтгэн дүгнэвэл дуудлага худалдааны анхны үнийг тухайн газрын анхны эзэмшигч төлөх үүрэгтэй байх бөгөөд хариуцагч Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь 2013 оноос хойш дуудлага худалдааны анхны үнийг Гр******* ХХК-иар нөхөн төлүүлэх арга хэмжээ авах, улмаар нөхөн төлүүлсний үндсэн дээр газар эзэмших эрхийг шилжүүлэх, 2019 онд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Гр******* ХХК, төлбөр авагч К******* ХХК-иас тус тус хүсэлт гаргах үед ч энэ арга хэмжээг авах бүрэн боломжтой байсан атлаа одоо нэхэмжлэгчээс уг төлбөрийг төлүүлэхээр маргаан бүхий актыг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж заасны дагуу илт хууль бус захиргааны акт байна.

14. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т захиргааны акт, захиргааны гэрээ нь илт хууль бус болохыг тогтоох гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 16/281 дүгээр албан бичгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шийдвэр нь хариуцагчийн зүгээс холбогдох бусад этгээдээс төлбөр гаргуулахаар нэхэмжлэхэд саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.2, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч К******* ХХК-иас хариуцагч Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 16/281 дүгээр албан бичгийг илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан м*******а хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 /далан м*******а хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.ОДМАА