Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогийн Одмаа |
Хэргийн индекс | 128/2019/0545/З |
Дугаар | 128/ШШ2022/0575 |
Огноо | 2022-08-02 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 128/ШШ2022/0575
2022 08 02 128/ШШ2022/0575
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Б******* /РД: ХГ*******/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.У
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: Э.З
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Ө, Г.У
Гуравдагч этгээд: М ХХК
Гуравдагч этгээдийн төлөөлөгчийн эрх залгамжлагч: Г.Б*******, Ш.А*******
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө, нарийн бичгийн дарга Б.Мэргэндарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Б******* нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан ...Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр шаравын гудамж, ******* тоотод байршилтай 500м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн газрын гэрчилгээг Б.Б******* руу шилжүүлж уг газар эзэмших эрхийн гэрчилгээг Б.Б*******гийн нэр дээр гаргахыг даалгах-аар маргаж байна.
2. Анх Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 183 дугаар шийдвэрээр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах М ХХК-ийн өргөтгөлийн хэсгийн 500м.кв талбай бүхий ноос угаах үйлдвэрлэлийн байрны өмчлөгчөөр У******* ХК-ийг тогтоож шийдвэрлэсэн байна.
3. Үүний дараагаар 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр У******* ХК нь Б.Г*******ьтай байгуулсан бэлэглэлийн гэрээгээр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр шарав гудамж, ******* тоотод байршилтай Ү-******* улсын бүртгэлийн дугаартай 20.000.000 төгрөгийн үнэ бүхий 500м.кв үл хөдлөх хөрөнгийг бэлэг хүлээн авагч буюу Б.Г*******ийн өмчлөлд шилжүүлжээ.
4. Улмаар 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Б.Г*******ь нь уг Ү-******* улсын бүртгэлийн дугаартай 500м.кв үл хөдлөх хөрөнгийг бэлэглэлийн гэрээгээр Б.Б*******гийн өмчлөлд шилжүүлсэн байна.
5. Б.Б*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г*******ь нь 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр шарав гудамж, ******* тоотод байршилтай 500м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн газар эзэмших эрхийн гэрчилгээг өмчлөгч Б.Б*******гийн нэр дээр гаргуулж өгнө үү гэх агуулга бүхий хүсэлт гаргасны хариуд Тус асуудал нь үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой байх тул Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т заасны дагуу шүүхэд хандана уу гэх агуулгатай хариуг авсан байна.
6. Уг хариуг эс зөвшөөрч 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр дээд шатны байгууллагад буюу Нийслэлийн Газар зохион байгуулалтанд албанд тухайн асуудлаараа гомдол гаргахад гомдлын хариуд ... М ХХК-ийн өргөтгөлийн хэсгийн өмчлөгчөөр У******* ХК-ийг тогтоосон ба газрыг шилжүүлэх талаар тус шийдвэрт дурдаагүй гэсэн бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр дахин дээд шатны байгууллага болох нийслэлийн Засаг даргад хүсэлт гаргажээ. Уг хүсэлтэд ... газар өмчлөхтэй холбоотой баримтыг бүрдүүлэхэд М ХХК олдохгүй, татан буугдсан байж болох тул нийслэлийн Засаг дарга та эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан журмын дагуу газар эзэмших эрхийг сэргээж газрын гэрчилгээ олгож өгнө үү гэхэд нийслэлийн
Засаг даргаас хариу өгөөгүй тул 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...У******* болон М ХХК-ийн хооронд 1997 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 500 м.кв бүхий ноос угаах үйлдвэрийн барилгыг худалдан авах гэрээ байгуулагдсанаар иргэний эрх зүйн харилцаа үүссэн. 2017 оноос хойш 3 жилийн хугацаанд холбогдох гэрээний дагуу шүүхэд удаа дараа хандсан боловч шийдэлд хүрч чадаагүй. Төрийн байгууллагад хандахад хуульд заасан хугацаанд хариугаа гаргаж өгдөггүй, шүүхэд ханд гэдэг. Шүүхэд хандахад Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд ханд гэсээр байгаад олон жилийн хугацааг алдсан. Хариуцагч нь маргаан бүхий газар дээр үл хөдлөх хөрөнгө байгаа гэдэг боловч Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т зааснаар газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна гэсэн байдаг. Мөн Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т заасны дагуу түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна гэж тус тус заасны дагуу маргаан бүхий газар нь үл хөдлөх хөрөнгөтэйгөө нэг хэсэг тул Б.Б*******д шилжүүлж өгөх эрхтэй гэж үзэж байна. Иймд маргаан бүхий газрыг Б.Б*******гийн нэр дээр шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.
8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б.Б*******гийн үл хөдлөх хөрөнгөд ноогдох газрын эрх шилжих болон газар эзэмших эрхийн үндэслэл нь М ХХК болон У******* ХК-ийн хооронд байгуулсан 1996 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1 дугаартай гэрээний 1.1-д зааснаар ноос угаах тоног төхөөрөмжийг хэвийн ажиллах нөхцөл байдлаар хангах, 12*136 м.кв бүхий 1632 м.кв бүхий газар, үйлдвэрийн байрны талбай, талуудын хооронд байгуулсан 1997 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн үйлдвэрийн байр худалдах, худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар энэхүү гэрээний үндсэн дээр худалдан авагч хөрөнгө нийлүүлэгчээс өөрийн ноос угаах шугамд суурилагдсан түрээсээр ашиглуулж байсан бөгөөд газрын түрээс болон тогтмол зардал өссөнтэй холбогдуулан 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн түрээсийн төлбөр нэмэгдүүлэх санал өгсөн зэргийг харгалзан ашиглаж буй 500 м.кв талбай бүхий байрыг худалдан авах гэж заасны дагуу талуудын анхны хүсэл зоригоо илэрхийлэхдээ холбогдох газрын хамт шилжүүлсэн нь үндэслэлтэй. 1994 он болон 2002 оны Газрын тухай хуульд зааснаар Монгол улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар төрийн өмчийн газар байна гэж заасан. Иймд гуравдагч этгээдээр оролцож байгаа М ХХК нь эзэмшил газрын өмчлөгч нь биш байх бөгөөд төр тухайн газрыг хэнд хэрхэн эзэмших, ашиглуулах нь түүний эрхийн асуудал. Иймд М ХХК газар өмчлөгчийн эрх эдлэхгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хуульд заасан үл хөдлөх хөрөнгийн бүрдэл хэсэг болох газрыг Б.Б*******д шилжүүлэхээс татгалзах эрхгүй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан 1990 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Бүгд найрамдах Монгол ард улсын Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан тухай хуулийн 79 дүгээр зүйлд зааснаар төрийн өмчлөл газар дээрх барилга байгууламж, орон сууцны байшин, хашааг өмчлөх эрх шилжүүлэхэд тэдгээрийн дэвсгэр газрын эзэмших эрх хамт шилжинэ гэж заасан. Мөн 1994 оны Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар үл хөдлөх хөрөнгийн газар нь түүнээс салгаж хэрэглэж үл болох зүйлд хамаарна гэж заасан, 105 дугаар зүйлийн 105.3-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэхэд түүний дэвсгэр газрыг ашиглах эрх өмчлөгчид өмнөх өмчлөгчийн ашиглах эрхийн хэмжээгээр шилжинэ гэж заасан. 2002 оны Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3, 85 дугаар зүйлийн 85.2, 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д зааснаар Б.Б******* нь тухайн газрыг эзэмших эрх үндэслэлтэй гэж үзэж байна. Гуравдагч этгээд нь маргаан бүхий газрыг шилжүүлэхгүй гэсэн байр суурьтай байдаг. Хуульд зааснаар тухайн үл хөдлөх хөрөнгө нь газраас салшгүй холбоотой нь хуулиар тогтоосон байдаг тул газар эзэмших эрхийг олгох бүрэн эрхтэй гэж үзэж байна. Шүүхээс Б.Б*******гийн нэр дээр маргаан бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгасан тохиолдолд Нийслэлийн Засаг даргаас өмнөх тушаалаа өөрчлөх байдлаар зохион байгуулалт хийж Б.Б*******гийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргах бүрэн боломжтой гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нийслэлийн Засаг даргад Б.Б*******д үл хөдлөх хөрөнгийн газрыг нь нэр шилжүүлж өгнө гэсэн хүсэлт гаргасан байдаг. Тухайн хүсэлтэд нь хоёр удаа хариу хүргүүлсэн байдаг. Хүсэлтэд хариу өгөхдөө Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасны дагуу бүрдэл нь хангагдаагүй байна гэсэн хариуг өгсөн. Хуульд заасан шаардлага нь хангагдсан тохиолдолд хурлаар хэлэлцүүлж болно гэжээ.
10. Гуравдагч этгээдийн төлөөлөгчийн эрх залгамжлагч: Г.Б*******, Ш.А******* нар шүүхэд гаргасан тайлбартаа: ...М ХХК нь үйл ажиллагаа эрхэлдэг хоёр давхар үйлдвэрлэлийн байртай. Маргаан бүхий 500м.кв газрыг эхлээд түрээсэлж байгаад худалдаж авсан байдаг. Түрээсэлж байх хугацаанд газрын төлбөрийг манай компани төлж байсан. н.С******* нь маргаан бүхий газар дээр үйлдвэр барьж байгаа гэхдээ танай байрыг зарахгүй, бидэнд өртэй байсан болохоор өрний хариудаа маргаан бүхий газрыг авч болно гэж манай нөхөр н.Ш*******тай аман тохиролцоо хийсэн байдаг. н.С*******ыг нүүж явсны дараагаар нэхэмжлэгч Б.Б******* нь маргаан бүхий 500м.кв газрыг худалдаж авсан гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Хоёр давхар байшин болон маргаан бүхий газрыг эзэмшдэг эзэнтэй нь эхэлж уулзаж тохиролцоо хийгээгүй байж яагаад шууд шүүхэд хандсан юм бэ гэтэл 2019 оны 08 дугаар сард анх ирж уулзсан байдаг. н.С*******ын ажиллуулж байсан ноос угаадаг үйлдвэрээс уур ихээр гарснаас болж хоёр давхар үйлдвэрийн байрны гадна талын хэсэг нурж эвдэрсэн. Манай нөхөр н.Ш*******тай н.С******* нь уулзаж үйлдвэрийн байрыг засаж өгнө гэж тохиролцсон баримт байдаг. Гэтэл манай үйлдвэрийн байрыг засаж өгөлгүйгээр маргаан бүхий газрыг зарсан. Нэхэмжлэгч Б.Б*******тай уулзаад маргаан бүхий 500м.кв газрыг өгье харин н.С*******тай биднийг холбож өгөөч эсвэл бидний үйлдвэрлэлийн байрыг буцаан засаж өг гэсэн шаардлага тавьсан гэтэл шүүхэд хандаж шийдвэрлүүлэх гэж байгаа учир маргаан бүхий газрыг өгөхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
- 1997 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр У******* ХК нь М ХХК-тай гэрээ байгуулан тухайн газарт байрлах ноос угаах үйлдвэрлэлийн байрыг худалдан авсан,
- Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 183 дугаар шийдвэрээр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах М ХХК-ийн өргөтгөлийн хэсгийн 500м.кв талбай бүхий ноос угаах үйлдвэрлэлийн байрны өмчлөгчөөр У******* ХК-ийг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхийг М ХХК-д даалгаж шийдвэрлэсэн,
- 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр У******* ХК нь Б.Г*******ьтай бэлэглэлийн гэрээ байгуулан Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр шарав гудамж, ******* тоотод байршилтай Ү-******* улсын бүртгэлийн дугаартай 20.000.000 төгрөгийн үнэ бүхий 500м.кв үл хөдлөх хөрөнгийг бэлэг хүлээн авагч буюу Б.Г*******ийн өмчлөлд шилжүүлсэн,
- 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Б.Г*******ь нь уг Ү-******* улсын бүртгэлийн дугаартай 500м.кв үл хөдлөх хөрөнгийг бэлэглэлийн гэрээгээр Б.Б*******гийн өмчлөлд шилжүүлсэн эдгээр үйл баримттай талууд маргаагүй.
2. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Иргэний хуулийн /1994/ 77 дугаар зүйлийн 77.2-т Үл хөдлөх эд хөрөнгөд газар, түүнээс салган хэрэглэж үл болох зүйл хамаарна, 105 дугаар зүйлийн 105.3-д Үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх шилжихэд түүний дэвсгэр газрыг ашиглах эрх өмнөх өмчлөгчийн ашиглах эрхийн хэмжээгээр шилжинэ, 107 дугаар зүйлийн 107.1-д Газар өмчлөгчийн өмчлөлд байсан барилга байгууламж, орон сууцны байшин зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх өөр этгээдэд шилжвэл түүний дэвсгэр газрыг эзэмших, ашиглах эрх шилжих эсэхийг талуудын тохиролцсоноор шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий газарт тус шүүхээс газрын үзлэгээс дүгнэвэл нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн өмчилж буй үл хөдлөх хөрөнгө нь тусдаа орц гарцтай, салгаж болох эд хөрөнгө байх бөгөөд М ХХК-ийн эзэмшиж буй 9960 м.кв газрын 500 м.кв дээр тухайн хөрөнгө байрлаж байна.
4. Анх У******* ХК-ийн зүгээс М ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж үл хөдлөх хөрөнгийг ашиглаж байгаад улмаар тухайн хөрөнгийг худалдан авсан бөгөөд Иргэний хуулийн /1994/ 105 дугаар зүйлийн 105.3-д Үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх шилжихэд түүний дэвсгэр газрыг ашиглах эрх өмнөх өмчлөгчийн ашиглах эрхийн хэмжээгээр шилжинэ гэж заасны дагуу газрыг худалдан авагч талд шилжүүлэх үүрэгтэй байсан байна.
5. Түүнчлэн талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах гэрээний агуулгаас дүгнэхэд ноос угаах үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангахад тусдаа орц гарц зайлшгүй шаардлагатай байсан болох нь тухайн гэрээ болон уг захиргааны хэрэгт нотлох баримтаар авагдсан иргэний хэрэг дэх баримтуудаар тогтоогдож байна.
6. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно. гэж заажээ.
7. Нэхэмжлэгч Б.Б******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хариуцагч Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандаж Нийслэлийн газрын албанд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр шаравын гудамж, ******* тоотод байршилтай 500м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн газрын гэрчилгээг Б.Б******* руу шилжүүлж уг газар эзэмших эрхийн гэрчилгээг Б.Б*******гийн нэр дээр гаргах-ыг даалгах асуудлаар 2018 оноос хойш удаа дараа хандсан боловч хариуцагчийн зүгээс Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана: нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ; эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо; албан татвар, хураамж төлсөн тухай баримт, татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт баримтуудыг шаардсан нь үндэслэлгүй байна.
8. Учир нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 183 дугаар шийдвэрээр маргаан бүхий газар дээрх үл хөдлөх хөрөнгийн асуудлыг шүүхээр нэгэнт шийдвэрлэсэн байхад тухайн хөрөнгийн дэвсгэр газрыг шилжүүлэхэд заавал гуравдагч этгээдийн зөвшөөрлийг шаардах боломжгүй юм.
9. Иймд шүүх дээр дурдсан нөхцөл байдлыг нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн /1994/ 105 дугаар зүйлийн 105.3, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б*******гаас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр шаравын гудамж, ******* тоотод байршилтай 500м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн газрын гэрчилгээг Б.Б******* руу шилжүүлж уг газар эзэмших эрхийн гэрчилгээг Б.Б*******гийн нэр дээр гаргахыг даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОДМАА