| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2024/04376/И |
| Дугаар | 183/ШШ2024/03871 |
| Огноо | 2024-09-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 183/ШШ2024/03871
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х дүүрэг, ** байрлах Х******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х дүүрэг, ** тоотод оршин суух, А******* овогт Б.Б /РД:*******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 32,596,979 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А*******,
Хариуцагч Б.Б*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х******* ХК нь зээлийн гэрээний үүрэгт 32,596,979 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б*******д холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Б.Б******* нь 30,130,732 төгрөгийг 1480100046 тоот зээлийн гэрээгээр жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, Өрхийн хэрэглээний зориулалтаар, онлайн зээлийг цахим хэлбэрээр авсан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д "Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно", 7.2-т "Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд загварыг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ” гэж тус тус заасны дагуу зээлдэгчид цахимаар зээл олгож, Зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлдэгч нь ямар нэгэн төлбөр хийгээгүй буюу зээлдэгч нь Банктай байгуулсан 1480100046 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг удаа дараа хоцрогдуулж төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 119 хоног хугацаа хэтрүүлээд байна. Х******* ХК нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс 88193719 утсаар шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон 1480100046 дугаартай зээлийн гэрээний холбогдох заалтын дагуу гэрээг цуцалж төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 30,130,732.30 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн байдлаарх хүү 2,436,826.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29,420.80 төгрөг, нийт 32,596,979.73 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний дунд ямар нэгэн бичгээр байгуулсан гэрээ байхгүй. Цахим хэлбэрээ байгуулсан. Хэрвээ хариуцагч хүүгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа бол хариуцагчийн мэйл хаягт үзлэг хийлгэх хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Гэрээний үүргээ биелүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Хувийн эрүүл мэндийн болон санхүүгийн асуудал гарсан. Одоо шинэ ажилд ороод 4 сар ажиллаж байна. Цалингийн хэмжээ бага буюу 2,000,000 төгрөг авч байгаа. Үүнээс Х*******ны гэрээгээр хүлээсэн төлбөрийг төлж хүрэлцэхгүй байгаа учраас шүүх дээр ирээд байж байна. Нэхэмжлэгч талаас 6 сараас илүү хугацаа өгөх юм бол гэрээний үүргээ биелүүлэх боломжтой гэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн баритм, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №1480100046 тоот Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, иргэний үнэмлэхний хуулбар гэсэн баримтуудыг гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х******* ХК нь зээлийн гэрээний үүрэгт 32,596,979 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б*******д холбогдуулан гаргаж байна.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь шүүх хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Х******* ХК нь Б.Б*******тай 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №1480100046 тоот Зээлийн гэрээ байгуулж, 30,130,732 төгрөгийг, жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай байхаар харилцан тохиролцож гэрээ байгуулагдсан нь хэрэгт авагджээ. /х.х 10-11 тал/
Хариуцагч Б.Б*******, нэхэмжлэгч Х******* ХК нар 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр №1480100046 дугаартай Зээлийн гэрээг байгуулсан, нэхэмжлэгч нь хариуцагч Б.Б*******д 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 30,130,732 төгрөгийг шилжүүлэн өгсөн, хариуцагч Б.Б******* нь зээл хүлээн авсан талаар хэн аль нь хүлээн зөвшөөрч маргаагүй байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж шүүх үзлээ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.
Түүнчлэн дээрх гэрээ нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно”, 7.2-т “Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ” гэж зааснаар цахим хэлбэрээр байгуулагдсан, гэрээнд гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй юм.
Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасан.
Иймд үндсэн зээлийн төлбөр 30,130,732 төгрөг, үндсэн хүү 2,436,826 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29,420 төгрөг, нийт 32,596,979 төгрөгийг хариуцагч Б.Б*******гаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 321 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс төлсөн хураамжийг улсын орлогод үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Б*******гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 32,596,979 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х******* ХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 321,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 321,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ