Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2018/ШЦТ/07

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл,

Улсын яллагч Д.Оюунбилэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

Хохирогч Н.З,

Шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ц-д холбогдох эрүүгийн 1738003880004 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Ц. 

Шүүгдэгч Б.Ц нь 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн эхнэр Н.З-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Ц нь 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн эхнэр Н.З-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

       Хохирогч Н.З-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байсан санагдана. Би өөрийн хүү Ц-д хувцас авч өгье гэж яриад сууж байтал хажуунаас манай нөхрийн төрсөн дүү Д нь мөнгө төгрөг байхгүй та ер нь мөнгө төгрөгөө зөв зарцуулж чаддаггүй гээд бид хоёр түүнээс болж маргалдсан. Тэгээд бүр сүүлдээ бид хоёр хальт барилцаж аваад байж байтал гаднаас манай нөхөр Ц орж ирээд та нар юундаа хэрэлдээд байгаа юм бэ гээд намайг гартаа барьж байсан хаймраар миний нуруу руу ороолгоод хүзүү болон цээж рүү гараараа цохьсон. Тэгээд би энэ талаар цагдаагийн газарт хандан гомдол гаргасан. Манай нөхөр надаас уучлалт гуйгаад бид хоёр эвлэрсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 13, 15 дугаар хуудас/,

       Шүүгдэгч Б.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэр хоёрыг маргалдаад байхаар нь миний уур хүрээд аавынд ороод та хоёр болиоч юундаа хэрэлдээд маргалдаад байгаа юм бэ гээд гартаа барьж байсан цахилгааны утасны арзгар бүрээсээр эхнэрийнхээ нуруу руу нэг удаа ороолгосон. Тэгээд цээжний хэсэг рүү нь нэг удаа гараараа цохьсон. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

       Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Р.Ням-Осорын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 674 дугаартай

       1. Н.З-н биед гэмтэл тогтоогдлоо.

       2. Н.З-н биед баруун дал, мөр, зүүн өвдөг, хүзүү, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан байна.

       3. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Дээрх хүзүүний цус хуралт бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Бусад гэмтлүүд нь тус бүрдээ болон нийлээд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

       4. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

       5.  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

       6. Архаг хууч өвчин тогтоох боломжгүй гэх дүгнэлт /хх-ийн 23 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Б.Ц нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Хохирогч Н.З нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Б.Ц нь хохирогчоос уучлалт гуйж, одоо хамт амьдарч байгаа гэж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн 1738003880004 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Б.Ц-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Ц-т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 2018 оны 03 дугаар сарын 15-ны дотор хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтсугай.

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

      5. Ялтны ял эдлэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

      6.  Эрүүгийн 1738003880004 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.НЯМСҮРЭН