Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2022/ДШМ/17

 

 

 

 

 

 

 2022           07          27                                      2022/ДШМ/17           

 

Б.Одонгэрэл нарт холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: орлогч прокурор Б.Батнасан,

                        шүүгдэгч З.Баянбилэг, түүний өмгөөлөгч Ж.Батзоригт,

шүүгдэгч Д.Энхтөр, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг,

шүүгдэгч Б.Одонгэрэлийн өмгөөлөгч Д.Намсрайжав /цахимаар/,

                        нарийн бичгийн дарга Э.Ганжууржав нарыг оролцуулан, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 182 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч Б.Одонгэрэлийн өмгөөлөгч Д.Намсрайжав, шүүгдэгч Д.Энхтөрийн өмгөөлөгч Д.Энхцэцэг, шүүгдэгч З.Баянбилэгийн өмгөөлөгч Ж.Батзоригт нарын давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.Одонгэрэл, Д.Энхтөр, З.Баянбилэг нарт холбогдох эрүүгийн 1841000510283 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

1.1. Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.1.а.Монгол улсын иргэн, 1977 онд төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Бичигт дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн ажилтай, ам бүл З, хоёр хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 18-р хорооны 366-5 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Арьяахан овогт Бодьгэрэлийн Одонгэрэл /ШЖ77О905О9/,

1.1.б.Монгол улсын иргэн, 1957 онд төрсөн, 65 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хайгуул, өрөмдлөгийн инженер мэргэжилтэй, Бичигт дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 5-р хорооны 06-07 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Боржигон Занданжавын Баянбилэг /ХД5710147З/,

1.1.в.Монгол улсын иргэн, 1963 онд төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулаан хангамжийн инженер мэргэжилтэй, Улаанбаатар хотын Гаалийн газрын гаалийн улсын байцаагч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 6-р хорооны 61-7 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Гурван бандийнхан овогт Дорлигийн Энхтөр /ДЭ6ЗОЗ1115/

 

1.2. Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

1.2.а.Шүүгдэгч, нийтийн албан тушаалтан Б.Одонгэрэл нь Сүхбаатар аймгийн Бичигт дэх Гаалийн газрын гаалийн хяналт, бүрдүүлэлтийн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа гаалийн улсын байцаагч З.Баянбилэг, Д.Энхтөр нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 1500KDL120250 арлын дугаартай ачигчийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр, 1500KDL120257 арлын дугаартай ачигчийг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гаалийн хяналтын бүсэд ирүүлээгүй байхад хилийн чанадад буцаан гаргах 300 горимд бүрдүүлэлт хийх үүрэг өгч, уг 2 ачигчийг гаалийн хяналтын бүсээс гаргах зөвшөөрөл олгосон атлаа Гаалийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.18, 97 дугаар зүйлийн 97.1, 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсгийг хэрэгжүүлэх арга хэмжээ аваагүй буюу Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1.1-д заасан бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлээгүйгээс түр дансанд байршуулсан 9901710 төгрөгийг Жи Шэн Энержи ХХК-д буцаан олгох нөхцөлийг бүрдүүлж, давуу байдал бий болгосны улмаас 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр уг мөнгийг тус компанийн данс руу шилжүүлж, улсын төсөвт 9901710 төгрөгийн хохирол учруулж, эрх мэдлээ урвуулан ашигласан,

1.2.б.Шүүгдэгч нийтийн албан тушаалтан З.Баянбилэг, Д.Энхтөр нар нь Сүхбаатар аймгийн Бичигт дэх Гаалийн газрын гаалийн хяналт шалгалтын улсын байцаагчаар ажиллаж байхдаа Б.Одонгэрэлтэй урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, тус бүр урдаа шанагатай нэг ачигчийг гаалийн хяналтын бүсэд ирээгүй байхад буюу 2017 оны 11 дүгээр сарын 22, 24-ний өдрүүдэд хилийн чанадад буцаан гаргах 300 горимд байршуулж, Гаалийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1,  97 дугаар зүйлийн 97.1,  98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсгийг хэрэгжүүлэх арга хэмжээ аваагүй буюу Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1.1-д заасан бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлээгүйгээс түр дансанд байршуулсан 4950855 төгрөгийг Жи Шэн Энержи ХХК-д буцаан олгох нөхцөлийг бүрдүүлж, давуу байдал бий болгосны улмаас 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр уг мөнгийг тус компанийн данс руу шилжүүлж, улсын төсөвт 4950855 төгрөгийн хохирол учруулж, эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

1.3.Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бүжинлхам нь шүүгдэгч Б.Одонгэрэлийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч З.Баянбилэг, Д.Энхтөр нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ. /4 хх 59-71/

 

1.4.Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Арьяахан овогт Бодьгэрэлийн Одонгэрэл, Боржигон овогт Занданжавын Баянбилэг, Гурванбандийхан овогт Дорлигийн Энхтөр нарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, бусдад давуу байдал бий болгох буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Одонгэрэл, З.Баянбилэг, Д.Энхтөр нарын нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, оногдуулсан торгох ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу иргэний хариуцагч Жи Шэн энержи ХХК-аас 9901710 төгрөгийг гаргуулж, Монгол Улсын Сангийн яаманд олгохоор, шүүгдэгч нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн болон иргэний баримт бичгээр хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй болохыг тус тус дурдаж  шийдвэрлэжээ.  /5 хх 156-183/

 

1.5.Шүүгдэгч Б.Одонгэрэлийн өмгөөлөгч Д.Намсрайжав давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан нотлох баримтууд нь Б.Одонгэрэл болон гаалийн байцаагчид нэгэнт гаалийн бүрдүүлэлт хийсэн тохиолдолд тухайн тээврийн хэрэгсэл хилээр гарсан эсэхэд хяналт тавих үүрэгтэй, тээврийн хэрэгсэл хилээр буцаж гараагүй байхад түр горимоор байршуулсан мөнгийг Жи Шен Энержи компани буцаан авсан үйл баримтыг нотолсон болохоос бус Б.Одонгэрэл нар тухайн компанийн тээврийн хэрэгслийг зориуд санаатайгаар хилээр гаргахгүй үлдээсэн гэж нотлоогүй. Тээврийн хэрэгсэл хилээр хугацаандаа буцаж гараагүй нь бодит шалтгаантай буюу түүний эвдрэлтэй холбоотой байсан нь үзлэгээр хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд энэ нөхцөл байдлыг улсын яллагч үгүйсгээгүй. Гаалийн хяналт шалгалт хийсэн Б.Одонгэрэл нар тээврийн хэрэгслийг засаад гаргачихна гэдэгт найдан араас нь хөөцөлдөлгүй, анхаарал тавилгүй орхисон нь зориуд санаатайгаар бусдад давуу эрх олгосон гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэхээсээ илүүтэй үүрэгт ажилдаа хайнга, хариуцлагагүй хандсан, Гаалийн тухай хуулийн 284 дүгээр зүйлд заасан сахилгын хариуцлага хүлээх зөрчил гэж өмгөөлөгчийн хувьд үздэг. Монгол улсын хилээр гаргахаар гаалийн бүрдүүлэлт нэгэнт хийсэн байхад эвдэрсэн техникээ нэн яаралтай засаж, гаргах арга хэмжээ аваагүй асуудалдаа “Жи Шэн энержи” ХХК зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авагдсан талаарх баримт хэрэгт байгаа. Ачигчийг улсын хилээр нэгэнт гаргасан байхад тухайн ачигчийг түр оруулаад гаргах баталгаа болгон байршуулсан 9.9 сая төгрөгийг улсын төсөвт үлдээх ёстой, хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шүүгдэгчийг буруутгасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тул Б.Одонгэрэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /5 хх 186-187/

 

1.6.Шүүгдэгч Энхтөрийн өмгөөлөгч Д.Энхцэцэг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгч Д.Энхтөрийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй төдийгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Гэм буруутайд тооцох үндэслэлээ болгосон нотлох баримтууд нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байхад дан ганц яллах дүгнэлтэд дурдсан яллах талын нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасанд нийцээгүй. Өөрөөр хэлбэл гэм буруутайд тооцох үндэслэл болсон нотлох баримтууд болон гэрчийн мэдүүлгүүд нь шүүгдэгч Д.Энхтөрийн гэмт хэрэг үйлдсэн болохыг бус, хувийн байдлыг нь тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн цаг хугацааны үйл баримтуудыг тодруулсан баримтууд ба гэмт хэрэг үйлдсэн эсэхийг нотолсон баримтууд биш юм. Шинжээч С.Ариунаагийн мэдүүлгээс үзэхэд Д.Энхтөр ажлын байранд тавигдсан үүргээ хэрэгжүүлээгүй бус, хяналт тавих ёстой байсан албаны дарга үүргээ хэрэгжүүлээгүй болох нь илэрхий байна.  “Жи Шэн энержи” ХХК-ийн урдаа шанагатай 2 ачигчийн арлын дугаарыг мэдүүлэгтэй тохирч байгаа эсэхийг шалгаад тохирч байсан тул биет шалгалт дууссан төлөвт оруулсан байдаг ба албаны дарга Одонгэрэл нь хянаад зөвшөөрөх товчийг дарж баталгаажуулсан. Хэрэгт авагдсан ээлжийн амралтын хуваариар миний үйлчлүүлэгч “Жи Шэн энержи” ХХК-ийн 2 ачигчид хяналт шалгалтыг хийгээд маргаашаас нь амралтаа аваад явсан үйл баримт тогтоогддог. Мөн Гааль, татварын Ерөнхий газрын даргын 2016 оны А/236 дугаар хавсралтаар батлагдсан нийтлэг журмыг зөрчсөн гэж буруутгаад байгаа нь ойлгомжгүй, харин ч Гаалийн тухай хууль болон ажлын байрны тодорхойлолтод тусгасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн байхад хууль биш, журмын заалтыг барьж буруутгаж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Өмгөөлөгчийн гаргаж байгаа цагаатгах байр суурийг нотлох баримтаар болон хууль зүйн талаас үгүйсгэсэн дүгнэлтээ шийтгэх тогтоолдоо тусгаагүй. Дээрх байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2, 3-д заасантай нийцээгүй байна. Анхан шатны шүүхийн дүгнэлт ойлгомжгүй, шүүгдэгч нарыг бүлэглэн үйлдээгүй гэж үзсэн бол хэн нь ямар үйлдлээр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон талаарх хууль зүйн дүгнэлтийг шийтгэх тогтоолд тусгаагүй, энэ талаар ямар ч дүгнэлт хийгээгүй. Иймд Д.Энхтөрд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэжээ. /5 хх 189-191/

 

1.7.Шүүгдэгч З.Баянбилэгийн өмгөөлөгч Ж.Батзоригт давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Шийтгэх тогтоолд хууль зүйн үндэслэлгүй, ойлгомжгүй дүгнэлт хийсэн байна. Шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүгдэгч тус бүрийн үйлдэл оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийн талаар дүгнэлт хийх бөгөөд шүүгдэгч нар нь “Жи Шэн энержи” ХХК-ийн 2 ачигчийг буцаан гаргах 300 горимд байршуулж, түр дансанд байршуулсан мөнгийг буцаан олгож давуу байдал бий болгох сэдэлт, санаа зорилгоор нэгдэж, үгсэн тохиролцон, бүлэглэн үйлдсэн гэж буруутгаж буй нь хэргийн баримтаар тогтоогдоогүй. Анхан шатны шүүхийн тогтоолд хэргийн нөхцөл байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн. Гэмт хэргийн нөхцөл байдал тогтоогдоогүй, хамтран оролцогч, гүйцэтгэгч биш бөгөөд “бүлэглэсэн” гэдгийг шүүхээс үгүйсгэсэн, гэмт хэрэг үйлдээгүй, харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүйг байгааг анхаарах ёстой гэж үзэж байна.Улсын ахлах байцаагч Б.Оюунгэрэл нь сүлжээгээр гаалийн улсын байцаагч Баянбилэгийг хуваарилан ажиллуулсан. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх, гаалийн хяналт шалгалтын үйл ажиллагааг горимын дагуу хийх, үйлчилгээний стандартыг мөрдөх хүрээнд Баянбилэг нь тээврийн хэрэгслийг шалгаж, 300 код горимын нөхцөлөөр гаалийн бүрдүүлэлт хийж, бүртгэн буцаан гарах нөхцөлөөр тамга дарж, ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн. Нотолбол зохих байдал тогтоогдсонгүй, мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй тул Баянбилэг нь гэмт хэрэг үйлдээгүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана гэснийг шүүх анхаарч үзэх ёстой байсан. Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, З.Баянбилэгийг гэм буруугүйд тооцож, цагаатгаж өгнө үү гэжээ. /5 хх 194-201/

 

1.8.Шүүгдэгч З.Баянбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гаалийн байгууллагад 25 жил, төрд 40 жил ажилласан. Хоёр жил, хагасын өмнө тэтгэвэрт гарсан. Тухайн үед албан үүргээ биелүүлж, гаалийн тухай хууль, дүрмийн дагуу ажилласан. Би өмгөөлөгчийнхөө гаргасан гомдлыг дэмжиж байна. Шүүх хэргийг шударгаар шийдвэрлэж өгнө гэдэгт итгэж байна гэв.

 

1.9.Шүүгдэгч Д.Энхтөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би төрд 40 орчим жил, гаалийн байгууллагад 16 жил ажиллаж байна. Тухайн үед би хуулийн дагуу ажилласан. 11 дүгээр сарын 22-ны өдөр би бүрдүүлэлт хийчхээд маргаашаас нь ээлжийн амралтаа авсан. 7 хоногийн дараа албаны дарга, зөрчлийн байцаагч нар шалгаад гарах хугацаандаа гараагүй байх юм бол өөр горимд оруулах эсвэл торгох гэсэн шаардлага тавих боломжтой байсан. Би тухайн үед байсан бол шалгах байсан. Өмгөөлөгч нартай санал нэг байна. Хэргийг шударгаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

1.10. Орлогч прокурор Б.Батнасан шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Одонгэрэл, З.Баянбилэг, Д.Энхтөр нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн хоёр ачигчийг гаалийн хяналтын бүсэд ирүүлээгүй байхад хилийн чанадад буцаан гаргах 300 горимд бүрдүүлэлт хийж, гаалийн хяналтын бүсээс гаргах зөвшөөрөл олгосон атлаа Гаалийн тухай хуульд заасан бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлээгүйгээс түр дансанд байршуулсан 9901710 төгрөгийг Жи Шэн энержи  компанид буцаан олгох нөхцөлийг бүрдүүлж, давуу байдал бий болгосны улмаас улсын төсөвт хохирол учруулж, эрх мэдлээ урвуулан ашигласан нь нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон гэж үзэж байна. Шүүгдэгч З.Баянбилэг нь бүрдүүлэлт хийхгүй талаар албаны дарга Б.Одонгэрэлд танилцуулахад бүрдүүлэлтийг хийчих, хилээр гарахад нь боомтын уурын зууханд нүүрс буулгуулна гэж хэлсэн байдаг. Мөн З.Баянбилэгийн мэдүүлэгт энэ талаар тусгагдсан. Шинжээчийн дүгнэлтээр гаалийн байцаагч нар Жи Шэн энержи  ХХК-ийн урдаа шанагатай ачигчуудад 300 горимд бүрдүүлэлт хийж, буцаан гаргаж байгаад хяналт тавих үүрэгтэй. Үүгээр энэ гэмт хэргийг үйлдэхэд гурван шүүгдэгч нар бүгд оролцсон гэж харагдаж байна. Урдаа шанагатай ачигч ирээгүй байхад бүрдүүлэлт хийж, тогтоосон хугацаанд Монгол Улсын хилээр буцаж гараагүй байхад нь барьцааны мөнгийг тухайн компанид буцаан олгож давуу байдал бий болгосон гэх үндэслэл тогтоогдож байна. Гэрч Д.Түвшинтөгс энэ талаар мэдүүлсэн. Гаалийн хяналт шалгалт хийсэн гаалийн байцаагч нар тухайн ковшийг эвдрэлтэй гэдгийг мэдэж байсан. Энэ эвдрэл засагдаж Монгол улсын хилээр гараагүй байхад нь 300 горимын мэдүүлгийг Д.Түвшинтөгсийн гуйлтаар буцааж өгч байгаа нь давуу байдал бий болгосон гэх үндэслэл тогтоогдож байна. Мөрдөн шалгах болон анхан шатны үйл ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан. Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримуудыг харьцуулан шинжлэн судалж, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          2.1.Давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын өмгөөлөгч тус бүрийн гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Б.Одонгэрэл, З.Баянбилэг, Д.Энхтөр нарт холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

          2.2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарлах зэргээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

          2.3. Шүүгдэгч Д.Энхтөр, З.Баянбилэг нарт холбогдох хэргийн талаар:

          2.3.1. Анхан шатны шүүх шүүгдэгч, нийтийн албан тушаалтан Д.Энхтөр, З.Баянбилэг нарыг Сүхбаатар аймгийн Бичигт дэх Гаалийн газрын гаалийн хяналт шалгалтын улсын байцаагчаар ажиллаж байхдаа тус бүр урдаа шанагатай ачигчийг гаалийн хяналтын бүсэд ирээгүй байхад 2017 оны 11 дүгээр сарын 22, 24-ний өдрүүдэд хилийн чанадад буцаан гаргах 300 горимд байршуулж, Гаалийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1,  97 дугаар зүйлийн 97.1,  98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсгийг хэрэгжүүлэх арга хэмжээ аваагүй буюу Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1.1-д заасан бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлээгүйгээс түр дансанд байршуулсан 4950855 төгрөгийг Жи Шэн Энержи ХХК-д буцаан олгох нөхцөлийг бүрдүүлж, давуу байдал бий болгосны улмаас 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр уг мөнгийг тус компанийн данс руу шилжүүлж, шүүгдэгч тус бүр улсын төсөвт 4950855 төгрөгийн хохирол учруулж, эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцээгүй, эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзлээ.

 

          2.3.2. Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Энхтөр, З.Баянбилэг нарт холбогдох хэргийн бодит байдлыг сэргээн тогтоохдоо хэрэгт цугларсан нотлох баримтуудын хоорондын болон хэргийн хамаарал, хуульд заагдсан арга хэрэгсэл, шаардлагын дагуу цугларсан эсэхийг дүгнэж, харьцуулан шинжилж, эсрэг болон холбогдогчтой нэг ашиг сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн агуулга, хэрхэн уялдаж байгаа зэргийг харьцуулан үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна. Тухайлбал:

          -яллагдагч З.Баянбилэгийн “Миний хувьд 11 дүгээр сарын 24-ний өдөр Жи Шэн Энержи ХХК-ийн экспортын ачилтад гарахдаа 1500KDL120257 арлын дугаартай, урдаа шанагатай нэг ачигчийг биечлэн үзэж, бүрдүүлэлтийг нь 300 горимоор хийсэн. Миний бие ачигчийн арал дугаар, техник үзүүлэлтүүд тохирч байсан учраас цахимаар “биет үзлэг дууссан” төлөвт шилжүүлсэн.“ гэх /1-р хх 10-11, 132-133, 2-р хх 149-150, 3-р хх 55-56, 77/

          -яллагдагч Д.Энхтөрийн “Би арлын 1500KDL120250 дугаартай, урдаа шанагатай нэг ачигчид 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 300 горимоор бүрдүүлэлт хийсэн.  Жи Шэн Энержи компанийн талбай дээр гаалийн хяналтын бүс байдаг учраас биечилсэн шалгалтыг хийж, цахимаар “биет үзлэг дууссан” төлөвт шилжүүлсэн. Дараа өдрөөс би ээлжийн амралтаа авсан”  гэх /1-р хх 134, 2-р хх 151, 3-р хх 57-58, 93-94/,

          -хохирогч Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын мэргэжилтэн Д.Ганбаяр, гэрч Ц.Түвшинбат, А.Гэрэлмаа, С.Батдамба, Д.Түвшинтөгс, П.Гантулга,  О.Сарангоо,  С.Отгонбаяр, Шин Жи Бин,  Лү Жианг Мин, М.Жамбалдорж нарын мэдүүлгүүд, тээврийн хэрэгсэлд 2018.10.26-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, Жи Шэн Энержи ХХК-ийн 2018.03.28-ны өдрийн төлбөрийн хүсэлт, Жи Шэн Энержи ХХК-ийн “барьцааны 9901710 төгрөгийг гаргуулах тухай” 2018.01.08-ны өдрийн болон 2018.03.26-ны өдрийн хүсэлт, Жи Шэн Энержи ХХК-ийн 2018.03.27-ны өдрийн нэхэмжлэх, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгүүд, мөнгөн шилжүүлгийн баримтууд зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд:  

          “Жи Шэн Энержи” компанийн нэр дээр түр горимоор оруулж ирсэн хоёр ачигчийн Гаалийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт заасан нэг жилийн хугацаа 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дуусах байсан тул мэдүүлэгчээс гаалийн нутаг дэвсгэрээс хилийн чанадад буцаан гаргахаар 300 кодтой горимоор бүрдүүлэлт хийн мэдүүлэхэд ахлах байцаагч Б.Одонгэрэл нь тухайн тээврийн хэрэгсэлд шалгалт хийлгэхээр гаалийн улсын байцаагч Д.Энхтөр, З.Баянбилэг нарыг сүлжээгээр томилсны дагуу тэд 2017 оны 11 дугаар сарын 22, 24-ний өдрүүдэд тухайн компанийн гаалийн хяналтын бүсэд очиж, шалгаж үзээд цахимаар “биет үзлэг дууссан” төлөвт шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон болохыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч талууд аль аль нь хүлээн зөвшөөрдөг.  

 

          2.3.3.Мөн гаалийн улсын байцаагч Д.Энхтөр нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс ээлжийн амралтаа авч 1 сар гаруй хугацаанд ажил үүргээ гүйцэтгээгүй, З.Баянбилэг нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 15-ны өдрийг дуустал газрын тосны гаалийн бүрдүүлэлтэд хяналт шалгалт хийхээр Дорнод аймаг дахь “Петро Чайна” ХХК-ийн талбайд томилогдон ажиллаж, цаашид хоёр ачигчийг улсын хилээр буцаан гаргахад гаалийн тухай хууль тогтоомжид заасны дагуу хяналт тавих боломжгүй нөхцөл байдалд байсан нь хэрэгт авагдсан Бичигт дэх гаалийн газрын гаалийн улсын байцаагч нарын ажил, үүргийн хуваарь, Сүхбаатар аймгийн Бичигт дэх гаалийн газрын даргын 2017 оны А/01 дугаар тушаалаар батлагдсан нийт ажилчдын ээлжийн амралтын хуваарь, цагийн бүртгэл зэрэг баримтаар нотлогдож байна. /4 хх 54-55, 137-141/

 

           2.3.4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж заасан бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон дээрх үйл баримт болон шүүгдэгч Д.Энхтөр 1500KDL120250 арлын дугаартай ачигчийг, шүүгдэгч З.Баянбилэг 1500KDL120257 арлын дугаартай ачигчийг “Жи Шэн Энержи” компанийн гаалийн хяналтын талбайд биечлэн шалгаж, “биет шалгалт дууссан” төлөвт шилжүүлсэн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжгүй байна.     

 

          2.3.5.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн объектив талын шинжийг энэ зүйлд “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэж хуульчилсан. “Албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдэл, эрх нөлөөгөө албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно гэж энэ хуульд тайлбарласан.

 

          2.3.6.Үүнээс үзэхэд шүүгдэгч Д.Энхтөр, З.Баянбилэг нарын үйлдэл гэмт хэргийн шинжгүй, гэм буруутайд тооцох хангалттай үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гомдлыг хүлээн авч шүүгдэгч Д.Энхтөр, З.Баянбилэг нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгах нь зүйтэй гэж үзлээ.

 

          2.4. Шүүгдэгч Б.Одонгэрэлд холбогдох хэргийн талаар:

          2.4.1. Харин шүүгдэгч, нийтийн албан тушаалтан Б.Одонгэрэл нь Сүхбаатар аймгийн Бичигт дэх Гаалийн газрын гаалийн хяналт, бүрдүүлэлтийн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа арлын 1500KDL120250, 1500KDL120257 дугаартай хоёр ачигчийг 2017 оны 11 дүгээр сарын 22, 24-ний өдрүүдэд гаалийн хяналтын бүсэд ирүүлээгүй байхад хилийн чанадад буцаан гаргах 300 горимд бүрдүүлэлт хийх үүрэг өгч, гаалийн хяналтын бүсээс гаргах зөвшөөрөл олгохдоо Гаалийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.18, 97 дугаар зүйлийн 97.1, 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсгийг хэрэгжүүлэх арга хэмжээ аваагүй буюу Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1.1-д заасан бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлээгүйгээс түр дансанд байршуулсан 9901710 төгрөгийг Жи Шэн Энержи ХХК-д буцаан олгох нөхцөлийг бүрдүүлж, давуу байдал бий болгосны улмаас 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр уг мөнгийг тус компанийн данс руу шилжүүлж, улсын төсөвт 9901710 төгрөгийн хохирол учруулж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалтай нийцжээ.  Тухайлбал:

          -яллагдагч Б.Одонгэрэлийн “Гаалийн хяналтын бүсэд Жи Шэн Энержи ХХК-ийн ачигчууд 2018 оны 04 дүгээр сарын эхээр хугацаа алдаж ирсэн боловч хуулийн байгууллагад шалгагдаж байгаа учраас хилээр гаргахгүй түр байлгаж байгаа... Хяналт шалгалт дуусаж, “Зөвшөөрөх” тэмдэг дарсны дараа 2 ковш гаалийн хяналтын бүсээс гарах ёстой байдаг. Би 2 ковш гаалийн хяналтын бүсэд ирсэн, ирээгүйг нь мэдэлгүй зөвшөөрөх тэмдэг дарсан. Гэтэл маргааш нь 2 ковш эвдрээд, хяналтын бүсэд ирээгүй болохыг мэдсэн. Гаальд бараа мэдүүлэгч Түвшинтөгсөд би: “Яаралтай гарга. “Монгол улсын хилээр гарсан” гэсэн бүрдүүлэлт хийгдсэн атлаа гараагүй байж болохгүй.” гэж хэлсэн...” гэх /1-р хх 7, 128-190, 3-р хх 85-87/,

          -яллагдагч З.Баянбилэгийн “Албаны дарга Одонгэрэл цахимаар “гааль зөвшөөрөв” төлөвт оруулсан. Гэтэл хугацаандаа ковшийг гаргаагүй. Түвшинтөгс миний өгсөн 300 горимын мэдүүлгийг ашиглаж, байршуулсан мөнгө авах хүсэлт гаргаж, нягтлан Гэрэлмаа, газрын дарга С.Батдамба  нараар шийдүүлж, мөнгийг авсан талаар сүүлд мэдсэн.“ гэх /1-р хх 10-11, 132-133, 2-р хх 149-150, 3-р хх 55-56, 77/

          -яллагдагч Д.Энхтөрийн “Би арлын 1500KDL120250 дугаартай, урдаа шанагатай нэг ачигчид 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 300 горимоор бүрдүүлэлт хийсэн. Жи Шэн Энержи компанийн талбай дээр гаалийн хяналтын бүс байдаг учраас биечилсэн шалгалтыг хийсэн. Албаны дарга Одонгэрэл цахимаар “гааль зөвшөөрөв” төлөвт оруулсан.”  гэх /1-р хх 134, 2-р хх 151, 3-р хх 57-58, 93-94/,

          -хохирогч, Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын мэргэжилтэн Д.Ганбаярын “Тухайн хоёр ачигчийг Монгол улсын хилээр гараагүй байхад хилээр гарсан мэтээр бүрдүүлэлт хийж, барьцаа мөнгийг олгосон байна. Хоёр ачигчийг хугацаандаа буцаан гаргаагүй бол төрийн сангийн түр дансанд байршуулсан мөнгийг улсын төсөвт шилжүүлэх ёстой. Улсын төсөвт шилжиж орох ёстой мөнгийг оруулаагүй байгаа учраас улсад хохирол учирсан гэж үзэж байна.” гэх /3-р хх 47/,

          -гэрч Ц.Түвшинбатын “Жи Шэн Энержи ХХК-ийн ачигчуудыг 2017 оны 11 дүгээр сарын 22, 24-ний өдрүүдэд буцааж гаргахаар тус компаниас мэдүүлсэн. Миний бие 300 горимоор бичиг баримтын хяналт тавьж, хяналт шалгалтын байцаагч руу шилжүүлсэн. Хяналт шалгалтын улсын байцаагч нар бичиг баримтад үндэслэж, биет шалгалт хийх ёстой.” гэх /1-р хх 135/,

          -гэрч А.Гэрэлмаагийн “2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр уг 2 ковш 300 горимоор Монгол улсын хилээр буцаж гарсан бүрдүүлэлтийг үндэслэж, 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Жи Шэн Энержи ХХК-ийн дансанд 9901710 төгрөгийг шилжүүлсэн. Энхтөр, Баянбилэг нар хяналт шалгалт хийгээд хувийн тэмдэг дарж баталгаажуулж, тус гаалийн газрын албаны дарга хянаж, баталгаажуулж, зөвшөөрсөн бүрдүүлэлт, компанийн 2018.03.26-ны өдрийн 16/2018 тоот хүсэлт, газрын дарга Батдамбын гарын үсэг зурсан, төлбөрийн хүсэлтийг тус тус үндэслэж, би барьцааны мөнгийг шилжүүлсэн. Тухайн үедээ би хилээр гараагүй болохыг мэдээгүй.” гэх /1-р хх 131/

          -гэрч С.Батдамбын “Бичигтийн боомтоос баруун хойд зүгт 30 гаруй км зайд байдаг “Өгөөмөр” нүүрсний уурхайд Жи Шэн Энержи ХХК үйл ажиллагаа явуулж, экспорт хийдэг. Энэ компани 2016 оны сүүлээр 500 горимоор оруулж ирсэн 2 ширхэг авто ачигчийг буцааж гаргахаар 2017.11.24-ний өдөр 300 горимоор бүрдүүлэлт хийсэн. Уг бүрдүүлэлтийн материалыг үзэхэд 2 авто ачигч машин хугацаандаа хилээр гарсан гэж ойлгогдож байна. Бичиг баримт нь бүрдсэн, улсын хилээр гарсан тухай баталгаажсан мэдүүлэг болон бусад бичиг баримтын бүрдэл хангагдсан тохиолдолд нягтлан бид хоёр барьцааны мөнгийг буцааж олгох ёстой.” гэх /1-р хх 148-153/,

          -гэрч Д.Түвшинтөгсийн “ Жилийн дараа хугацаа өнгөрөхөөс өмнө Б.Одонгэрэл залгаад: “Чамд 2 ковшийн бичиг баримт байгаа юм уу. Аваад ир.” гэж хэлсэн. Тэгээд аваачиж өгсөн. Шинэ жилийн дараа ирээд асуухад нөгөө 2 ковш гараагүй байсан. Гэгээрхүү утсаар яриад: “2 ковш буцах болчихсон. Буцах бүрдүүлэлтийг хийгээд гаргаад өг” гэж хэлсэн учраас би өөрт байсан горимын мэдүүлгийг гаальд буцахаар мэдүүлсэн.”  гэх /1-р хх 12-14, 140-141/,

          -гэрч П.Гантулгын “Бичигт боомт дээр Түвшинтөгс надтай уулзаад: “Хоёр ачигчийн барьцаа мөнгийг танай компанид шилжүүлмээр байна. Та компанийнхаа хүмүүстэй ярилцаад өгөөч” гэж хэлэхээр нь гаалийн нягтлангаас ямар баримт бичиг шаардлагатай болохыг тодруулаад Улаанбаатар хотод байрлах нягтлан нартайгаа утсаар холбогдож, шаардлагатай баримт материалыг бүрдүүлэн барьцаа мөнгийг Жи Шэн Энержи компанийн данс руу шилжүүлсэн.” гэх /1-р хх 139, 2-р хх 152/

          -гэрч, Жи Шэн Энержи ХХК-ийн нярав О.Сарангоогийн “2018 оны 03 дугаар сард гүйцэтгэх захирлын хэлснээр дансаа шалгахад 9 сая гаруй төгрөг орсон байсан.” гэх /1-р хх 136, 2-р хх 148/,

          -гэрч, Жи Шэн Энержи ХХК-ийн нягтлан бодогч С.Отгонбаярын “Гэтэл 2018 оны 3 сард манай уурхайд менежерээр ажиллаж байсан Тулга гэдэг залуу: “Хоёр ачигч хилээр буцаж гарсан. Байршуулсан барьцаа мөнгийг гаргаж өгөх хэрэгтэй байна. Нэхэмжлэх бичээд явуулаач” гэж хэлсэн. Би 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэл бичсэн. Манай компанийн дансанд барьцаа мөнгө орсныг кассын нярав Сарангоо бэлнээр гаргаж өгсөн.” гэх /1-р хх 137-138/

          -гэрч Шин Жи Биний: “Лү Жин Мен: “Манайх 2 ковшоо хилээр гаргахаар боллоо. Барьцаа мөнгөө авмаар байна” гэхээр нь би гаалийн газарт барьцаа мөнгөө шаардсан албан бичиг явуулсан. Удаагүй манай компанийн дансанд барьцаа мөнгө орсон.”  гэх /1-р хх 143-144/,

          -гэрч Лү Жианг Мингийн: “Хоёр ачигч эвдэрсэн тул Монгол улсын хилээр хугацаандаа гараагүй. Би Гэгээрхүүгээс “Барьцааны мөнгөө яаж авах вэ, 2 ковшоо засварлах мөнгө хэрэгтэй байна” гэхэд “Жи Шэн Энержи” ХХК-иас барьцаа мөнгө шаардсан бичиг аваад өг гэхээр нь би Улаанбаатар хотод байсан Ши Бинтэй утсаар яриад бичиг авсан.” гэх /1-р хх 146-147/,

          -гэрч Жи Шэн Энержи ХХК-ийн менежер, орчуулагч М.Жамбалдоржийн “2019.04.13-ны өдөр Лү Жианг Минаас тодруулахад: Барьцааны 9 сая гаруй төгрөгөө 2018 оны 04 дүгээр сарын эхээр авсан гэдгээ хэлсэн” гэх /2-р хх 153/ мэдүүлгүүд,

          -Тээврийн хэрэгсэлд 2018.10.26-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл /1-р 154-156/  -Жи Шэн Энержи ХХК-ийн 2018.03.28-ны өдрийн төлбөрийн хүсэлт /1-р хх 200/,

          -Жи Шэн Энержи ХХК-ийн “барьцааны 9901710 төгрөгийг гаргуулах тухай” 2018.01.08-ны өдрийн болон 2018.03.26-ны өдрийн хүсэлт /1-р хх 201, 214/,

          -Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгүүд /1-р хх 205-206, 208-209/,

          -мөнгөн шилжүүлгийн баримтууд /1-р хх 207, 210/ зэрэг болно.

 

          2.4.2. Хэрэгт авагдсан Гаалийн ерөнхий газрын 2018 оны 01-2/3185 тоот албан бичиг, ажлын байрны тодорхойлолтууд, Жи Шэн Энержи ХХК-ийн 2018.03.27-ны өдрийн нэхэмжлэх, Тооцооны үлдэгдлийн баталгаа, Гаалийн ерөнхий газрын статистикийн хэлтсийн лавлагаа, Жи Шэн Энержи ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ирсэн бичгийн бүртгэл, татвар төлсөн баримт зэрэг нотлох баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, давхар нотолж байгаа болно. /1 хх 37-38, 164-181, 202-204, 211, 216, 220/

          2.4.3.     Шүүгдэгч Б.Одонгэрэлийн өмгөөлөгч нь “Шүүгдэгч нар зориуд санаатайгаар албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй, бусдад давуу байдал олгосон гэдгийг хэрэгт авагдсан баримтаар нотлоогүй. Шүүгдэгч Б.Одонгэрэл үүрэгт ажилдаа хайнга, хариуцлагагүй хандсан нь гэмт хэргийн шинжгүй, зөрчлийн шинжтэй үйлдэл тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах”-ыг хүссэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй юм.

 

          2.4.4. Дээр дурдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Одонгэрэл нь албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа хоёр ачигчийг гаалийн хяналтын бүсэд ирүүлээгүй, хилийн чанадад буцаан гаргаагүй байхад 300 горимоор бүрдүүлэлт хийлгэн зөвшөөрөл олгож, “Монгол улсын хилээр гарсан” төлөвт шилжүүлж, гаалийн хяналтаас гадуур үлдээсэн атлаа түр дансанд байршуулсан барьцааны 9901710 төгрөгийг Жи Шэн Энержи ХХК-д буцаан олгосон үйл баримт тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

          2.4.5. Шүүгдэгч Б.Одонгэрэл нь Жи Шэн Энержи компани гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулж ирсэн хоёр ачигчийг улсын хилээр буцаан гаргах нэг жилийн хугацааг хэтрүүлсэн зөрчил гаргасныг мэдсэн атлаа холбогдох хууль тогтоомжийн дагуу зөрчлийг таслан зогсоох, шийтгэл оногдуулах болон Гаалийн тухай хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар барааг хилийн чанадад буцаан гаргаагүй, эсхүл өөр горимд шилжүүлэх арга хэмжээ аваагүйгээс гадна, энэ  хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1.1-д заасан ”гаалийн улсын байцаагч гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавьж, бүрдүүлэлт хийх” бүрэн эрхээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй байна.

 

          2.4.6. Түүний энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн”  гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэж, “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, бусдад давуу байдал бий болгох” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг эрүүгийн хууль зөв хэрэглэсэн гэж үзэв.  

 

          2.4.7. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Одонгэрэлд оногдуулсан ял нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

 

          2.5. Прокуророос “шүүгдэгч Б.Одонгэрэлийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

          шүүгдэгч З.Баянбилэг, Д.Энхтөр нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Шүүгдэгч нар санаатай нэгдэж, урьдчилан тохиролцож, бүлэглэж үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, улсын яллагчийн зүгээс нотолж чадаагүй, шүүгдэгч нар тухайн гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгээгүй” гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа “тогтоох хэсэг”-т эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох зүйл, заалтуудыг журамласныг хэрэгсэхгүй болгосон заалт оруулаагүй орхигдуулсныг залруулах нь зүйтэй гэж үзлээ. /4 хх 59-71, 5 хх 156-183/

         

          2.6. Иймд шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгахыг хүссэн шүүгдэгч Б.Одонгэрэлийн өмгөөлөгч Д.Намсрайжавын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Энхтөрийн өмгөөлөгч Д.Энхцэцэг, шүүгдэгч З.Баянбилэгийн өмгөөлөгч Ж.Батзоригт нарын давж заалдах гомдлуудыг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.  

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 182 дугаар шийтгэх тогтоолд дараах өөрчлөлтүүдийг оруулсугай:

          1.1. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Нийслэлийн прокурорын газраас З.Баянбилэг, Д.Энхтөр нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч З.Баянбилэг, Д.Энхтөр нарыг цагаатгасугай” гэсэн заалт нэмсүгэй.

          1.2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2, 3 дахь заалтуудын шүүгдэгч З.Баянбилэг, Д.Энхтөр нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

          1.3. Шийтгэх тогтоолын бусад хэсэг, заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

         

          Хоёр. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Одонгэрэлд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргээс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан” гэснийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          Гурав. Шүүгдэгч Б.Одонгэрэлийн өмгөөлөгч Д.Намсрайжавын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

       Дөрөв. Шүүгдэгч Д.Энхтөрийн өмгөөлөгч Д.Энхцэцэг, шүүгдэгч З.Баянбилэгийн өмгөөлөгч Ж.Батзоригт нарын давж заалдах гомдлуудыг хангасугай.

          Тав. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                                 О.БААТАРСҮХ

                                                                      Д.БАЙГАЛМАА