| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2017/0357/Э |
| Дугаар | 363 |
| Огноо | 2017-12-06 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 363
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Хохирогч Б.М,
Шүүгдэгч А.Э, түүний өмгөөлөгч Б.Баясгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Б овогт А-ийн Э-т холбогдох эрүүгийн 1703000010061 тоот хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ........... өдөр Сэлэнгэ аймгийн Зүүн-Хараа суманд төрсөн, ..............настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, ам бүл 3, охин, зээ нарын хамт ................... дүгээр хороо, ***** тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт А-ийн Э.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч А.Э нь 2017 оны 07 дугаар сарын 31-ний орой 22 цагийн үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хан-Уул дүүргийн хойд замд **-** УНЦ улсын дугаартай “Тоуоtа prius” маркийн автомашиныг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.7 “…Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө”... гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.М-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв.
Хохирогч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирогч: 2017 оны 7 дугаар сарын 31-ний орой 21 цаг 30-40 минутын үед Хан-Уул дүүргийн Хан-уул tower-н хойд талын гарцаар зам хөндлөн гарах гээд замын голд зогсож байгаад мөргүүлсэн. Нийт 3.500.000 төгрөг нэхэмжилж байгаа. Баримтад эм авсан, эмнэлэгт хэвтсэн зэрэг зардал багтаж байгаа. Би их мөнгө нэхээгүй, цалингаа нэхэмжлээгүй. Гэтэл энэ хүн өнөөдрийг хүртэл хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй байна. Утсаар холбогдож ярихаар том охин нь гээд хүн намайг загнаад байдаг байсан. Яг хагалгаанд орох гэж байхад ирээд хагалгааны мөнгийг чинь өгнө гэж надад итгэл төрүүлчихээд яваад өгсөн. Сэтгэл санааны хохирол бол маш их байна. Одоогийн байдлаар таяггүйгээр алхаж чадахгүй байгаа. Хааяа толгой өвдөж байгаа. Хөлний эдгэрэх байдлыг хэзээ эдгэрэхийг сайн хэлж мэдэхгүй байна. Осол болсоноос хойш 3 сар гарангийн хугацаа өнгөрч байна. 200.000 төгрөгний баримт эгчид маань байгаа, авч амжаагүй байна. Эмчилгээний зардлаас 2.5000.000 төгрөгийг А.Э-аас авсан. Баримт гаргаж өгдөггүй зөндөө зардал гарсан байгаа. Мөн тархиндаа эмира зураг авахуулахад 1 сая төгрөг зарцуулагдах гэж байгаа гэв.
Хохирогч Б.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2017 оны 07 дугаар сарын 31-ний орой 22 цагийн орчимд би гэрээсээ ганцаараа гараад найзтайгаа Хан-Уул дүүргийн хажууханд уулзах гээд Дүүргийн хойд талын уулзварын баруун талын явган хүний гарцаар зам хөндлөн ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй зам хөндлөн гарахдаа явган хүний анивчсан ногоон гэрлээр зам хөндлөн гарч замын голд ирж зогсоход явган зорчигчийн гэрэл улаан асчихсан байсан. Тэгтэл ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун тийш чиглэлтэй ирж явсан машинд мөргүүлчихсэн...” гэжээ. / хх 37-38-р тал/,
Гэрч О.Ө мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2017 оны 07 дугаар сарын 31-ний орой 21-22 цагийн үед би найз залуугийн хамтаар Хан-Уул дүүргийн нутаг 120-ын автобусны буудлаас Саппоро орох гээд Т.Приус маркийн таксины хойд талын суудал дээр суугаад явж байсан. Тэгээд Хан-Уул дүүргийн нутаг дүүргийн хойд талын уулзвараар ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун тийш чиглэлтэй яг хэддүгээр эгнээгээр гэдгийг нь хэлж мэдэхгүй байна. Зүүн гар талын захын эгнээгээр уулзаврыг нэвтрэхэд машин явахыг зөвшөөрсөн ногоон гэрэл ассан. Тэгээд уулзварыг нэвтэртэл түс тас гээд явчихсан. Би тухайн үед хүн мөргөсөн гэж огт бодоогүй машинаас буугаад гараад ирэхэд нэг эрэгтэй хүн зам дээр уначихсан байсан...” гэжээ. / хх 40-41-р тал/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн №9818 тоот дүгнэлтэд: “...Б.М-ийн биед дотор жийргэвч мөгөөрсийн урагдал, урд чагт холбоосын урагдал, өвдөгт зөөлөн эдийн няцрал, баруун тавхайн эрхий хурууны шивнүүрт мултрал, тархи доргилт, дух, хуйханд шарх, баруун өвдөг, зүүн тохойнд зулгаралт, нуруунд цус хуралт 2 мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна ”...гэх дүгнэлт, / хх 50-р тал/,
Техникийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №462 тоот дүгнэлтэд: “...Тоёота приус маркийн **-** УНЦ дугаартай автомашиныг жолоодон явсан А.Э нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.7. /Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө / гэсэн ззалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Б.М нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас нөлөөлөөгүй байна...” гэх дүгнэлт, / хх 52-р тал /
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, / хх 18-25 /, Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, / хх 31 /, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-67/, Ял шийтгэлийн хуудас /хх-62/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-64-69/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч А.Э нь 2017 оны 07 дугаар сарын 31-ний орой 22 цагийн үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хан-Уул дүүргийн хойд замд **-** УНЦ улсын дугаартай “Тоуоtа prius” маркийн автомашиныг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.7 “…Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө”... гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.М-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болох зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-21 тал/, хэмжилт хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-23 тал/, камерийн бичлэгт үзлэг хийсэн “Хан-Уул” таурын хойд талын гэрлэн дохиотой уулзвар харагдах ба бичлэгийн 21 цаг 43 минут 05 секундэд замын хойд талаас явган зорчигч гүйж гарч ирээд замын голд зогсоход 21 цаг 43 минут 08 секундэд уулзварын зүүн талаас баруун тийш чиглэлтэй Тоёота приус маркын автомашин явган зорчигчийг мөргөж, бичлэг 21 цаг 43 минут 42 секундэд дууссан” талаарх тэмдэглэл /хх-30/, хэрэг учралын газарт байсан гэрч О.Ө-ын “...2017 оны 07 дугаар сарын 31-ний орой 21-22 цагийн үед би найз залуугийн хамтаар Хан-Уул дүүргийн нутаг 120-ын автобусны буудлаас Саппоро орох гээд Т.Приус маркийн таксины хойд талын суудал дээр суугаад явж байсан. Тэгээд Хан-Уул дүүргийн нутаг дүүргийн хойд талын уулзвараар ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун тийш чиглэлтэй яг хэддүгээр эгнээгээр гэдгийг нь хэлж мэдэхгүй байна. Зүүн гар талын захын эгнээгээр уулзаврыг нэвтрэхэд машин явахыг зөвшөөрсөн ногоон гэрэл ассан. Тэгээд уулзварыг нэвтэртэл түс тас гээд явчихсан. Би тухайн үед хүн мөргөсөн гэж огт бодоогүй машинаас буугаад гараад ирэхэд нэг эрэгтэй хүн зам дээр уначихсан байсан” мэдүүлэг, хохирогчийн биед гэмтэл учирсан талаарх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-50 тал/, Замын цагдаагийн газрын техникийн шинжээчийн дүгнэлт /хх-48тал/ болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч шүүх тухайн баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзэв.
Иймд шүүгдэгч А.Э-т Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэж шүүхээс түүнд шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч А.Э-т торгуулийн ял оногдуулах нь зүйтэй.
Хохирол төлбөрийн хувьд
Хохирогч Б.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 3.500.000 төгрөг нэхэмжилдэг бөгөөд мөрдөн байцаалтын шатанд 2.749.447 төгрөгний баримт гаргаж өгснийг шүүгдэгч А.Э нь 2.500.000 төгрөгийг төлж барагдуулсан ба шүүхийн хэлэлцүүлэгт 1 сая төгрөгний эмчилгээний зардал нэхэмжилсэн боловч үүнтэй холбоотой нотлох баримтаа гаргаж ирүүлээгүй, нотлох баримтын шаардлага хангасан баримтад дурдагдсан төлбөр болох 2.699.937 төгрөгнөөс шүүгдэгч нь 2.500.000 төгрөг төлснийг дурьдаж, үлдэх 199.937 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй гэж үзэв.
Хохирогч Б.М цаашид гаргах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.