Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2024/0421

 

2024           05            16                                                    128/ШШ2024/0421

 

 

                             Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

                                баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа би,  Д.Х*******гийн нэхэмжлэлтэй, Монголын Нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлд холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  Д.Х*******гээс шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “...сахилгын шийтгэлийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаж одоо намайг сахилгын шийтгэлгүйд тооцсон тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.

   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Х*******гээс Нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 28 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай шийдвэрийг хүчингүй болгуулах гэх шаардлага бүхий нэхэмжлэлийг Монголын Нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлд холбогдуулан гаргасан.

Шүүх уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Х******* нь 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд бичгээр хүсэлт ирүүлж шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан байна.

Энэхүү хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д: ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д: нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т: ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасан хуулийн заалтад нийцэж байна гэж шүүх үзлээ.

Иймд нэхэмжлэгч Д.Х******* нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Мөн нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тус тус тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Х*******гийн нэхэмжлэлтэй, Монголын Нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлд холбогдох Нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 28 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй, 128/2021/0147/З индекстэй захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

         

 

ШҮҮГЧ                                            Ц.ОДМАА