Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 364

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүхийн хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Л.Содномдорж хөтөлж,

улсын яллагч Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ш.Баярбилэг,

шүүгдэгч  М.Б, түүний өмгөөлөгч  Ч.Пүрэвсүрэн  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М-ын Б-д холбогдох эрүүгийн 1710001700047 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Сант суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын  хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайнь 7-199 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо ******** тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б овогт М-ын Б,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч М.Б нь 2017 оны 06 дугаар сард мансууруулах, сэтгэцэт нөлөөт бодисын агууламж бүхий ургамалыг түүж бэлтгэх зорилгоор Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт очиж, Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэт нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинолын агууламж бүхий 415 грамм ургамалыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

Мөн 2017 оны 06 дугаар сард Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс хууль бусаар түүж бэлтгэсэн Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэт нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан тетрагидроканнабинолын агууламж бүхий 415 грамм ургамалыг 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд өөрийн оршин суух Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо ********* тоотод байх хашаандаа худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт зэргийг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.

 

Мөн хавтаст хэргээс:

1. Шүүгдэгч М.Б 2017.10.26-ны өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ: 2017 оны 6 сард интернетээс Каннабинол өвс Дархан явах замд ургадаг гэж мэдэж аваад А.Н бид хоёр Дархан чиглэлтэй явж байтал А.Н “бензин хийгээрэй” гээд 10.000 өгчихөөд унтаад өгсөн. Төв аймгийн Жаргалант сум гэсэн бичигтэй өндөр шар самбарын хажууд зогссон ба А.Н унтаад сэрэхгүй болохоор нь би өөрөө машинаас буугаад жалга руу ороод торонд Каннабинол өвс түүж авсан. Хотод ирээд А.Н-ыг сэрээгээд түүсэн өвснөөсөө тамхинд ороож татаад дараа нь А.Н-ыг гэрийх нь үүдэнд буулгаад би гэртээ харьсан. Би ууттай өвсөө нохойны үүрний араар шидээд, хэд хоногийн дараа ганц нэг ороож татсан. Аав хөдөөнөөс ирээд хашааны зэрлэг цэвэрлэж байгаад өвсийг олоод цагдаа дуудчихсан байсан. Би А.Н-т Каннабинол өвс, хориотой ургамал гэх мэт зүйл хэлээгүй. Харин “хөдөө ойрхон гараад юм түүгээд ирье” гэж хэлэхэд А.Н зөвшөөрсөн болохоор би түүнийг миний санааг ойлгосон болов уу гэж бодсон. А.Н ажил хийдэг, орой тардаг болохоор ядраад нам унтаж байсан болохоор би сэрээлгүй өөрөө түүгээд авчихсан. Би А.Н-т ууттай өвснөөсөө өгөөгүй. А.Н-ын хувьд түүж ирсэн ууттай өвснөөс тамхины голд ороож татахдаа 1 билүү 2 удаа л сорсон болохоор шээснээс нь илрээгүй байх. Харин миний хувьд А.Н-аас илүү хэрэглэхээс гадна тухайн үед тамхины мөнгө байгаагүй тул тамхи орлуулж байнга хэрэглэж байсан. Аав цагдаагийн байгууллагад мэдэгдсэн өдрийн өглөө нь хүртэл ууттай өвснөөсөө ороож татсан болохоор миний шээснээс энэ бодис илэрсэн. Тийм болохоор би түүж ирсэн өвснөөсөө хэн нэгэнтэй хамт хэрэглээгүй. Би дахиж ийм асуудал гаргахгүй гэж гэрийхэндээ амласан болохоор амлалтандаа хүрнэ, бас хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 62-63-р хуудас/,  

2. Гэрч Ш.М 2017.07.19-ний өдөр мэдүүлэхдээ: ...2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 11 цагийн үед би Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо ******* тоотод хашааны хог цэвэрлэж байхад манай нохойны үүрний хажууд цэнхэр өнгийн гялгар тортой зүйл байхаар нь задлаад үзэхэд ногоон өнгийн миний мэдэхгүй ургамал байсан. Би хүү М.Б-оос “чи түүж ирсэн үү” гэхэд “үгүй, би түүж ирээгүй” гэж хэлсэн. Боолтыг тайлаад үзэхэд ногоон өнгийн ургамал байсан. Би яг ямар ургамал гэдгийг мэдэхгүй. Хэзээнээс манай хашаанд байсныг мэдэхгүй байна. Ямар учиртай хэн, хэзээ авчирч тавьсан гэдгийг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг. /хх-ийн 29-30-р хуудас/,

3. Гэрч А.Н 2017.09.25-ны өдөр мэдүүлэхдээ: ...Би найз М.Б-той хамт 2017 оны 06 дугаар сарын сүүлээр хөдөө явж өвс түүхээр болоод намайг ажил тарсны дараа 120-н автобусны буудлаас 23 цаг өнгөрч байх үед хөдлөөд Дархан, Сэлэнгийн замаар ороод Төв аймгийн Баянчандмань сум өнгөрөөд нойр хүрээд унтчихсан байсан. М.Б Сэлэнгэ аймаг явдаг замаар яваад зам дагуу зогссон. Тухайн үед миний нойр хүрээд унтаж байсан болохоор М.Б машинаас буугаад торонд өвс түүгээд машинтайгаа буцаад хот руу хөдөлсөн. Ингээд бид хоёр үүрээр шинэ спортын цогцолборын үүдэнд ирээд М.Б намайг сэрээхээр нь хартал өвс түүж уутанд хийгээд машиныхаа арын суудал дээр тавьсан байсан. Би тэр өвснөөс нь тамхины цаасанд ороож байгаад нэг удаа сороод дахиж хэрэглээгүй. Би М.Б-д “машиндаа бензин хийгээрэй” гээд 10.000 төгрөг өгсөн. Харин түүсэн өвснөөс нь өөртөө аваагүй. Тэр өдрөөс хойш би нэг ч удаа өвс хэрэглээгүй, М.Б-той ч уулзаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/,

 

4. Гэрч С.С 2017.10.20-ны өдөр мэдүүлэхдээ: ...М.Б машин аваад “ойрхон голын эрэг орчихоод ирье” гэхээр нь зөвшөөрөөд машины түлхүүр өгөөд “болгоомжтой яваад ирээрэй” гэж хэлээд явуулсан. Тэгтэл оройдоо ирээгүй, шөнө дунд үүрээр шахуу гэртээ орж ирэхэд нь би сэрээд санаа амарсан. Тэгтэл манай нөхөр 06 дугаар сарын 27-ны өдөр уурхайгаас амралтаа аваад гэртээ ирсэн. 07 дугаар сарын 19-ний өдөр нөхөр хашаандаа зэрлэг зулгаагаад цэвэрлэгээ хийж байтал нохойны үүрний ард хөх өнгийн ууттай өвс ургамал шиг зүйл байхыг олж харсан байсан. Тухайн үед би гэртээ байхгүй хөдөө уурхай руу явах гээд гадуур хүнс цуглуулаад явж байсан бөгөөд манай нөхөр над руу залгаад “хашаанд нэг хөх өнгийн ууттай, ургамал шиг юм байна, энэ юу юм, хэнийх юм бол” гэхээр нь “мэдэхгүй байна” гэж хэлсэн. Орой нь гэртээ очиход цагдаа нар ирж үзлэг хийгээд нөгөө ууттай зүйлийг аваад явсан байсан. Надад цаг зав бага байсан болохоор ойр зуурын юм аа бэлдээд тэр оройдоо хөдөө гарсан. Үүнээс хойш хүүхдүүд зуны амралттай байсан болохоор 3-н дүүг нь агаарт байлгах гээд Өвөрхангай аймгийн Сант суманд дүүгийн гэрт 1 сар орчим байсан. Дараа нь хотод ирээд удаагүй байтал Завхан аймаг руу том тэрэгтээ жолоочтой хамт ачаа ачиж яваад хотод ирсэн. Тэгтэл цагдаагаас М.Б-ыг асууж сураглаад байхаар нь “очиж уулз” гээд явуулсан...гэх   мэдүүдэг /хх-ийн 34-35-р хуудас/,

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7264 дугаартай  дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн цайвар ногоон өнгийн ургамал мэт зүйл нь шинжилгээ тэнцэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн цайвар ногоон өнгийн ургамал мэт зүйлд дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/илэрч байна.

3. Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол tetrahydrocannabinol/ нь НҮБ-н “Сэтгэцэнд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно.

4. Шинжээчид тавьсан 2,3-р асуулт нь манай лабораторын хүрээнд хамаарахгүй болно. /хх-ийн 39-40-р хуудас/,

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №9598  дугаартай  дүгнэлтэнд:

1.  Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна.

2. “М.Б 2017.10.10 1110” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/-ийн агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд” нөлөөлөх бодисын тухай конвенц”–ийн жагсаалтанд багтдаг болно.

“А.Н-” гэсэн хаягтай шээснээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агуулга илрэхгүй байна. /хх-ийн 42-43-р хуудас/,

 

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №9817 дүгнэлт:

1.  Шинжилгээнд ирүүлсэн “Choko Pie” гэсэн хайрцагтай бор, шар өнгийн хатсан ургамал мэт зүйл нь 26 грамм байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн “Choke Pie” гэсэн хайрцагтай бор, шар өнгийн хатсан ургамал мэт зүйлд делта-9 тетрагидроканнабинол илэрсэн.

3.  Делта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно. / хх-ийн 51-52-р хуудас/,

 

8. Шүүх сэтгэц эмгэг судлалын №916 дугаартай дүгнэлт:

1. М.Б нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх нотолгоо байхгүй байна. 

2. М.Б нь сэтгэцийн ямар нэгэн төрлийн өвчин эмгэггүй байна.

3. М.Б нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4.  М.Б нь  сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

5. М.Б нь мансуурах донтой эсхүл мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралгүй байна.

6. Мансууруулах донтой эсхүл мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай бол Монгол Улсад эмчлэгдэх боломжтой. СЭМҮТ-д энэ төрлийн эмчилгээ хийж гүйцэтгэх боломжтой. /хх-ийн 45-46-р хуудас/

 

9. Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 26-р хуудас/,

10. Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 25, 28-р хуудас/,

11. Хэргийн газрын үзлэг хийсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн   8-13-р хуудас/,

12. Хүний биед үзлэг хийх тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-р хуудас/,

            13. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-24-р хуудас/

14. Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц /хх-ийн 77-78-р хуудас/,

15. Шүүгдэгч М.Б урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 103-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч М.Б-ыг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүгдэгч М.Б нь 2017 оны 06 дугаар сард Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэт нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинолын агууламж бүхий 415 грамм ургамалыг түүж худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн,

Уг тетрагидроканнабинолын агууламж бүхий 415 грамм ургамалыг 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд өөрийн оршин суух Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо ********* тоотод байх хашаандаа худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:

1. Гэрч Ш.М-ын ...өөрийн хашааны хог цэвэрлэж байхад манай нохойны үүрний хажууд цэнхэр өнгийн гялгар тортой зүйл байхаар нь задлаад үзэхэд ногоон өнгийн миний мэдэхгүй ургамал байсан. Би хүү М.Б-оос “чи түүж ирсэн үү” гэхэд “үгүй, би түүж ирээгүй” гэж хэлсэн. Боолтыг тайлаад үзэхэд ногоон өнгийн ургамал байсан...гэх мэдүүлэг. /хх-ийн 29-30-р хуудас/,

2. Гэрч А.Н-ын ...Би найз М.Б-той хамт 2017 оны 06 дугаар сарын сүүлээр 23 цаг өнгөрч байх үед хөдлөөд Дархан, Сэлэнгийн замаар ороод Төв аймгийн Баянчандмань сум өнгөрөөд нойр хүрээд унтчихсан байсан. М.Б Сэлэнгэ аймаг явдаг замаар яваад зам дагуу зогссон. М.Б машинаас буугаад торонд өвс түүгээд машинтайгаа буцаад хот руу хөдөлсөн. Ингээд бид хоёр үүрээр шинэ спортын цогцолборын үүдэнд ирээд М.Б намайг сэрээхээр нь хартал өвс түүж уутанд хийгээд машиныхаа арын суудал дээр тавьсан байсан. Би тэр өвснөөс нь тамхины цаасанд ороож байгаад нэг удаа сороод дахиж хэрэглээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/,

 

3. Гэрч С.С-ын ...М.Б машин аваад “ойрхон голын эрэг орчихоод ирье” гэхээр нь зөвшөөрөөд машины түлхүүр өгөөд “болгоомжтой яваад ирээрэй” гэж хэлээд явуулсан. Тэгтэл оройдоо ирээгүй, шөнө дунд үүрээр шахуу гэртээ орж ирэхэд нь би сэрээд санаа амарсан. Тэгтэл манай нөхөр 06 дугаар сарын 27-ны өдөр уурхайгаас амралтаа аваад гэртээ ирсэн. 07 дугаар сарын 19-ний өдөр нөхөр хашаандаа зэрлэг зулгаагаад цэвэрлэгээ хийж байтал нохойны үүрний ард хөх өнгийн ууттай өвс ургамал шиг зүйл байхыг олж харсан байсан. Тухайн үед би гэртээ байхгүй хөдөө уурхай руу явах гээд гадуур хүнс цуглуулаад явж байсан бөгөөд манай нөхөр над руу залгаад “хашаанд нэг хөх өнгийн ууттай, ургамал шиг юм байна, энэ юу юм, хэнийх юм бол” гэхээр нь “мэдэхгүй байна” гэж хэлсэн. Орой нь гэртээ очиход цагдаа нар ирж үзлэг хийгээд нөгөө ууттай зүйлийг аваад явсан байсан...гэх   мэдүүдэг /хх-ийн 34-35-р хуудас/,

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7264 дугаартай  дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн цайвар ногоон өнгийн ургамал мэт зүйл нь шинжилгээ тэнцэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн цайвар ногоон өнгийн ургамал мэт зүйлд дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/илэрч байна.

3. Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол tetrahydrocannabinol/ нь НҮБ-н “Сэтгэцэнд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно.

4. Шинжээчид тавьсан 2,3-р асуулт нь манай лабораторын хүрээнд хамаарахгүй болно. /хх-ийн 39-40-р хуудас/,

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №9598  дугаартай  дүгнэлтэнд:

1.  Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна.

2. “М.Б 2017.10.10 1110” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/-ийн агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд” нөлөөлөх бодисын тухай конвенц”–ийн жагсаалтанд багтдаг болно.

“А.Н-” гэсэн хаягтай шээснээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агуулга илрэхгүй байна. /хх-ийн 42-43-р хуудас/,

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №9817 дүгнэлт:

1.  Шинжилгээнд ирүүлсэн “Choko Pie” гэсэн хайрцагтай бор, шар өнгийн хатсан ургамал мэт зүйл нь 26 грамм байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн “Choke Pie” гэсэн хайрцагтай бор, шар өнгийн хатсан ургамал мэт зүйлд делта-9 тетрагидроканнабинол илэрсэн.

3.  Делта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно. /хх-ийн 51-52-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Монгол улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба “сэтгэцэд  нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 1, 2, 3, 4 дүгээр жагсаалтад орсон байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд “Бэлдмэл” гэж сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодис агуулж байгаа физикийн ямар ч байдалд байгаа аливаа уусмал буюу холимогийг, эсхүл тунгийн хэлбэрт байгаа сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодисыг ойлгох ба энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг хориглож олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцож хуульчилсан байна.  

 

Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж аван өөрийн эзэмшлийнх болгож буй аливаа үйлдлийг “хууль бусаар олж авсан” гэж, түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж тус тус үзэх юм.

 

Иймд шүүгдэгч М.Б нь “Сэтгэцэт нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинолын агууламж бүхий ургамалыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч М.Б нь “Сэтгэцэт нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинолын агууламж бүхий ургамалыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан үйл баримтад маргаагүй, хүлээн зөвшөөрсөн байдлаа шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн ба шүүх шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж дараах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно”, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т “...мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” гэж заасан. Иймд шүүгдэгч М.Б-ыг мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Сэтгэцэт нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинолын агууламж бүхий хөх өнгийн уут бүхий 114.1 грамм, “Choko Pie” гэсэн хайрцагтай 15 грамм ургамалыг тус тус зохих журмын дагуу устгуулахаар Эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдахн нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Б овогт М-ын Б-ыг “Сэтгэцэт нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинолын агууламж бүхий ургамалыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ыг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч М.Б-ыг мансууруулах бодис хэрэглэхийг  хориглох хязгаарлалт тогтоосугай.

 

4. Шүүгдэгч М.Б-д тэнссэн хугацаанд мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон хязгаарлалтыг зөрчвөл  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч М.Б-д танилцуулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч М.Б-д мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Сэтгэцэт нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинолын агууламж бүхий хөх өнгийн уут бүхий 114.1 грамм, “Choko Pie” гэсэн хайрцагтай 15 грамм ургамалыг тус тус  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Шүүгдэгч М.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тэнсэгдсэн этгээд, түүний өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд М.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.  

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.ОДБАЯР