Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2022/ДШМ/1062

 

 

 

 

 

 

 

П.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Эрдэнэбаяр,

шүүгдэгч П.Г-ын өмгөөлөгч А.Золжаргал,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж, шүүгч Б.Бээжин, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/1353 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Г, түүний өмгөөлөгч А.Золжаргал нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор П.Г-д холбогдох 2106010721655 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

..... овгийн П.Г, ..... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ..........................төрсөн, ....настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхнэрийн хамт ........................................ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............................/;

Шүүгдэгч П.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэр, ..........................тоотод гэртээ байхдаа хамтран амьдрагч хохирогч Д.Д-тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохисноос эрүүл мэндэд нь зүүн нүдний нэвт гэмтэл, шилэнцрийн цус хуралт, нүдний алимны агууламж гадагшлалт, зүүн нүдний хараагүйдэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: П.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: П.Г-ыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар П.Гад оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Гаас 5.728.100 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Д-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Д нь гэм хорын хохиролд гарсан зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Гаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 176.000 төгрөгийг гаргуулан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт олгож, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, П.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.Г, түүний өмгөөлөгч А.Золжаргал нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч А.Золжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд хөгжлийн бэрхшээлтэй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, халамжийн мөнгөөр амьдрал ахуйгаа залгуулдаг. Өөрийн үйлдэлдээ гэмшиж байгаа бөгөөд анхан шатны шүүхэд гэмт хэргийн улмаас хохирогч Д.Дд учруулсан хохирол төлбөрөө боломжоороо төлж барагдуулахаа илэрхийлсэн боловч энэ байдлыг минь харгалзан үзээгүй гэж бодож байна. Би өөрийн буруутай үйлдэлдээ туйлаас их гэмшиж байгаа, хохирогч Д.Д-д учруулсан эрүүл мэндийн хохирлыг нөхөж баршгүй гэдгийг ухамсарлан ойлгож байгаа бөгөөд өөрийн чадлынхаа хэрээр ах дүү, хамаатан саднаасаа зээл авч шүүхээс хохиролд төлөхөөр тогтоосон төлбөрийг бүрэн буюу 5.750.000 төгрөгийг хохирогч Д.Д-д төлж барагдуулсан болно. Иймд миний гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэрэг анх удаа үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан нөхцөл байдлыг минь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар анхан шатны шүүхээс надад оногдуулсан 6 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.

П.Г-ыг хохирогчтой гэр бүлийн харилцаатай гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилсэн. Гэтэл шүүгдэгч нь хохирогчтой гэр бүлийн харилцаа үүсгэж амьдраагүй. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д зааснаар хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг ойлгохоор заасан. Гэр бүлийн харилцаа гэдгийг Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг” ойлгоно гэж заасан. Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч болон хохирогч нар нь гэр бүлийн болон хамтын амьдралын харилцаатай байгаагүй, ирэн очин байдаг байсан. П.Г нь эцэгтэйгээ амьдардаг. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасныг баримтлан зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Прокурор Б.Эрдэнэбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “П.Г нь хохирогч Д.Д-тай хамтран амьдарч байсан гэдэг нь гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай тогтоогдсон. Тэд танилцаад нэг гэрт амьдарч байсан бөгөөд хэрэг гарсны дараа салсан байдаг учир прокурорын зүгээс П.Гыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс түүнийг гэм буруутайд тооцсон. Анхан шатны шүүх хуралдааны шатанд хохирол 5.728.100 төгрөгийг төлөөгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн зүгээс гомдолтой гэсэн учир түүний хувийн байдлыг харгалзан үзэж 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Шүүгдэгч давж заалдах гомдолдоо хохирлоо бүрэн барагдуулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хорих ялыг багасгаж өгнө үү гэжээ. Хохирогчийн нэг нүд хараагүй болсон, хохирогчид учирсан хор уршиг арилах боломжгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч П.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэр, .................тоотод гэртээ байхдаа хамтран амьдрагч хохирогч Д.Д-тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохисноос эрүүл мэндэд нь зүүн нүдний нэвт гэмтэл, шилэнцрийн цус хуралт, нүдний алимны агууламж гадагшлалт, зүүн нүдний хараагүйдэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Д-гийн “...2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр гэртээ П.Гтай хамт сууж байтал гаднаас Д.Мөнхдөл, Д.Энхтайван нар ирсэн. П.Г, Д.М хоёр архи уухаар ярилцаад 0,75 литрийн хараа нэртэй архинаас 3 шил аваад би 3 хундагыг уугаад Энхтайван бас 3 хундагыг уусан. Үлдсэн архийг П.Г, Д.М нар хувааж уусан. Тэгээд 23 цагийн үед архи ууж дуусахаар нь П.Г-ыг “унт” гэж хэлтэл уурлаад гараараа зүүн нүд рүү нэг удаа цохисон. Өөр зодож цохисон зүйл байхгүй. ... тэгээд цохитол миний зүүн нүднээс цус гараад нүд хавдчихсан. Тухайн үед би нүдээ нээж чадаагүй. ... Манай нөхөр П.Г зодсон. Би гомдолтой байна. ... П.Г нь гараараа хацар руу алгаддаг байсан. П.Г өмнө нь намайг эрүүлдээ ч зоддог байсан, согтуудаа ч зоддог байсан. ...”  /1хх 25-26, 29-31/,

гэрч С.Х-ын “...Би 2021 оны 2 дугаар сарын 11-ний орой 19 цагийн үед гэртээ буюу Баянзүрх дүүргийн ...дүгээр хороо, ........... тоотод ирэх үед манай ээж Д.Д ганцаараа байсан. Тэгээд ээжийн унтаж байсан ор хөнжлийн даавуу болон шал цус болчихсон, надаас нүдээ нуугаад уйлаад байхаар нь би ээж рүү дөхөөд хартал ээжийн зүүн нүд нь хөхөрч хавдаад тагларчихсан байсан ба нүднээс цус гараад байхаар нь би шууд нагац эгч болох Долгорсүрэнд мэдэгдээд байж байтал гаднаас ээжийн найз болох эрэгтэй нэрийг нь мэдэхгүй хүн орж ирээд П.Г манай гэрт согтуу унтаж байгаа, ээжийг чинь цохисон гэж байна гэхээр нь ээжтэй хамт тэр ахын гэр рүү явсан юм. Тухайн үед байгаа газарт нь очоод П.Г гэх хүнийг цагдаа дуудаж өгөхөд цагдаа нар ирээд аваад явсан юм. Би тэрийг эхэндээ мэдээгүй бөгөөд сүүлд надад ээж хэлэхдээ П.Г гэх хүний хоёр найз нь хамт байсан гэж хэлсэн. Манай ээж тэр хүнтэй хамтран амьдраад 6-7 жил болж байгаа, өдөр болгон хамт байдаг бөгөөд ирэн очин байдаг байсан. ...”  /1хх 42/,

гэрч Д.М-ийн “...Би шөнийн 03 цагийн үед бие засах гээд сэрэхэд П.Г, Д.Д нар хоорондоо маргалдаж зодолдож байсан. Ингээд Би Д.Д, П.Г нарыг салгасан. Дараа нь би эхнэр Д.Э-г дуудаж сэргээгээд “энэ хоёр зодолдоод байна” гэж хэлсэн. Ингээд нэг харсан чинь Д.Д-гийн нүднээс нь цус гарч байсан. ...” /1хх 141- 42/,

шүүгдэгч П.Г-ын яллагдагчаар өгсөн “...Би 2021 оны 2 дугаар сарын 10-ны оройн 17 цагийн үед 3 дугаар сургуулийн хажууд буюу гадаа гудамжинд хамтран амьдрагч болох Д.Д, түүний хуучин нөхөр болох Д.М, мөн өөр нэг эмэгтэйн хамтаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Тэгээд оройн 18 цагийн үед бүгдээрээ Д.Д-гийн гэрт ороод үргэлжлүүлэн архи ууцгаасан ба хэдэн шил архи ууцгаасан талаар сайн мэдэхгүй байна. Тэгээд ууцгааж байхад Д.Д агсам согтуу тавиад байсан. Намайг хэвтэж байхад гараараа нэг удаа цохисон. Мөн намайг “гар, яв, зайл” гэж хөөгөөд байхаар нь би түүний нүүрэн хэсэгт нэг удаа гараараа цохиход нүднээс нь цус гарч байхыг нь би харсан. Тухайн үед Д.М хувин бариад нүүрийг нь арчиж угаалгасан ба Д.Д удалгүй тасраад унтаад өгсөн. Тэгээд бид нар хоорондоо “яах вэ” гэж ярилцаж байгаад унтаад үүрийн 06 цагийн үед Д.М болон түүнтэй хамт явсан эмэгтэйтэй гурвуулаа гараад дахин нэг шил архи хувааж уугаад салцгаасан. …” /1хх 119-120/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2356 дугаартай “...Д.Д-гийн биед зүүн нүдний нэвт гэмтэл, шилэнцрийн цус хуралт, нүдний алимны агууламж гадагшлалт, зүүн нүдний хараагүйдэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.7.31.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид 65 хувь нөлөөлөх тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” /1хх 48-50/ гэсэн дүгнэлт,

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2317 дугаартай өвчний түүхийн хуулбар /1хх 66-80, 84-86/ хохирогчоос гаргаж өгсөн хохирлын баримтууд /1хх 145-168/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч П.Г, түүний өмгөөлөгч А.Золжаргал нар “... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэрэг анх удаа үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар анхан шатны шүүхээс оногдуулсан 6 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ... Гэр бүлийн харилцаа гэдгийг Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг” ойлгоно гэж заасан. Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч болон хохирогч нар нь гэр бүлийн болон хамтын амьдралын харилцаатай байгаагүй, ирэн очин байдаг байсан. Зүйлчлэлийг өөрчилж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудын талаар шалгасан, уг мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудын хүрээнд хэргийг үйл баримтын талаар дүгнэлт хийх боломжтой буюу мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах хэм хэмжээнд нийцүүлэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгч П.Гад 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Шүүгдэгч П.Г-ын өмгөөлөгч А.Золжаргалаас хамтран амьдардаггүй байсан байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүндрүүлж зүйлчилсэн нь үндэслэлгүй гэсэн тайлбарыг нэмж гаргав.

Эрүүгийн хуулийн Арван Нэгдүгээр бүлэгт “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-үүдийн шинж, онцлог, түүнийг тодорхойлж буй нөхцөлийн бүрдэл зэргийг тогтоон хуульчилсан бөгөөд энэ хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон заасан.

 Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдэг нь гэр бүлийн харилцаа бүхий хамааралтай хүнийг өөрийн эрхшээлд байлгах, бие махбодод нь халдах, эсхүл айлган сүрдүүлэх, заналхийлэх, доромжлох, нэр төр, алдар хүндийг нь гутаах, ах дүү, хамт олноос нь тусгаарлах, хүсэл зоригийнх нь эсрэг үйлдэл хийлгэхийг албадах, тулган шаардах, үг яриа, үйл хөдлөлөөрөө сэтгэл санааны дарамтад оруулах зэрэг идэвхтэй үйлдлээр илэрдэг.

Хэрэгт авагдсан хохирогч Д.Д-гийн “Б.Г өмнө нь намайг эрүүлдээ ч зоддог байсан, согтуудаа ч зоддог байсан. Түүнээс хойш миний толгой өвддөг болсон”  /1хх 29-31/, гэрч С.Х-ын “манай ээж тэр хүнтэй хамтран амьдраад 6-7 жил болж байгаа бөгөөд өдөр болгон хамт байдаг, ирэн очин байдаг байсан” /1хх 42/ гэсэн мэдүүлгүүдээр шүүгдэгч П.Г нь хохирогч Д.Д-тай хамтран амьдардаг байсан болох нь тогтоогдож байх бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна" гэж заасанд хамаарахаар байна.

Иймд өмгөөлөгчийн давж заалдах гомдол дээрээ нэмж гаргасан тайлбарыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

Шүүгдэгч П.Г-ын хамтран амьдрагч Д.Д-тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохисноос эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Харин анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн зохих хэм хэмжээг хэрэглээгүй нь буруу болжээ.

Өөрөөр хэлбэл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуулийн үйлчлэлд дараах хүн, хуулийн этгээд хамаарна:” гээд 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэж зааснаас үзэхэд шүүгдэгч П.Гын үйлдсэн гэмт хэргийн цаг хугацаа хамаарч байна.

Шүүгдэгч П.Г-ын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас өршөөн хасах үндэслэлд хамаарагдаж байх тул энэ талаарх өөрчлөлтийг магадлалд оруулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан анхан шатны шүүхээс шүүгдэгч П.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, түүний нийт биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

Магадлалд заасан үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч П.Г, түүний өмгөөлөгч А.Золжаргал нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүгдэгч П.Г нь давж заалдах шатны шүүхээр хэрэг хэлэлцэгдэх үед хохирогч Д.Д-д 5.728.100 төгрөгийг төлсөн байгааг дурдаж байна. /2хх 23/.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч П.Г-ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 53 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/1353 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, түүний нийт биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоосугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч П.Г-аас хохирогч Д.Д-д 5.728.100 төгрөг төлснийг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г-ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 53 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

            ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР