| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2017/0379/Э |
| Дугаар | 365 |
| Огноо | 2017-12-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 365
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Л.Содномдорж хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Пүрэвтогтох ,
шүүгдэгч /хохирогч/ Т.Н, Э.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц овогт Т-ийн Н, Ө овогт Э-ийн Н нарт холбогдох эрүүгийн 1710007730233 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1. Монгол улсын иргэн, 1972 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймагт төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Голомт констракшн” ХХК-нд хөлсөөр ажиллах гэрээгээр арматурчин ажилтай, ам бүл 2 охины хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, ********* тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Ц овогт Т-ийн Н
2. Монгол улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, “Голомт констракшн” ХХК-нд “Шинэ Монгол” ахлах сургуулийн барилга дээр хөлсөөр ажиллах гэрээгээр арматурчин ажилтай, ам бүл 5, ээж, 3 хүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, ******* тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Ө овогт Э-ийн Н
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Т.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “Хүннү молл” худалдааны төвийн замын эсрэг талд баригдаж байгаа барилгын гадна талбайд хамт ажилладаг Э.Н-тэй маргалдан улмаар зодож биед нь хөнгөн хохирол учруулсан
Шүүгдэгч Э.Н нь нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “Хүннү молл” худалдааны төвийн замын эсрэг талд баригдаж байгаа барилгын гадна талбайд хамт ажилладаг Т.Н-тэй маргалдан улмаар зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэв.
Шүүгдэгч Э.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэв.
Хохирогч Т.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Э.Н-тэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.
Хохирогч Э.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Т.Наранчмэгтэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.
Мөн хавтаст хэргээс:
1. Шүүдэгч Т.Н 2017.12.04-ний өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ: Би Э.Н-тэй “Голомт констракшн” ХХК-ийн барилга дээр 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс хойш хамт ажиллаж байна. Манай байгууллага энэ жил ажил ихтэй байсан учраас барилгачдын баярыг тэмдэглээгүй бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нөхөн тэмдэглэхээр болсон юм. Тэр өдөр барилгын хашаан дотор хорхог хийж идээд өдрийг өнгөрөөсөн. Орой ажлын байран дахь ажиллагаа дуусч манай бригад 17 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүннү молл” худалдааны төвийн хойно байрлах ресторанд орж баяраа тэмдэглэсэн. Тухайн өдөр би 5 хундага архи уугаад бага зэрэг согтолттой байсан. Бид нар тарахаар болж бүгдээрээ гарцгаасан. Э.Н, Ц.Э, Энхцэцэг нар араас гарч ирсэн ба намайг ажил дээр ирсний дараа тэд ирсэн. Манай ажлын ахлах тогооч Ц.Э над дээр ирээд “хэдүүлээ өнөөдөр архи ууя, наргиж цэнгэе” гэхээр нь “би өнөөдөр машингүй явна” гэж хэлсэн. Бид тогооч Ц.Э-гийн гэрт нь очихоор болоод би араас нь өөр машинтай явсан. Нэг мэдэхэд би Э.Н-тэй үснээсээ зулгаалцаад зогсож байсан. Ц.Э ирээд Э.Н бид хоёрын зодооныг салгах гэж байсныг би санаж байна. Тэр үед манай ажлын залуу Баасанжав зодооныг салгасан. Зодоон юунаас болсныг би хэлж мэдэхгүй байна. Бид хоёр урд өмнө нь маргалдаж, хэрэлдэж байгаагүй. Э.Н бид 2 нэг нэгнийгээ үсдэж газар өнхөрсөн. Би ихэнхдээ Э.Н-ийн доор байсан ба дээр нь гарах гээд чадаагүй. Харин Ц.Э зодооныг салгах гэж ирсэн. Зодоон хийсний дараа миний биед гэмтэл учирсан байсан болохоор Ц.Э эгчийг өшиглөсөн юм байна гэж бодсон. Зодоон дууссаны дараа би нүдний шил болон цүнхээ газраас хайж олсон. Миний нүдний шил болон цүнхэнд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Харин үсдэх явцад үсний болон хуйхны гэмтлүүд учирсан, мөн газарт өнхрөх явцад бусад гэмтлүүд нь үүссэн гэж бодож байна.. гэх мэдүүлэг /хх-ийн 60-62-р хуудас/,
2. Шүүгдэгч Э.Н 2017.12.04-ний өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ: Би “Голомт констракшн” ХХК-ийн барьж байгаа барилга дээр туслан гүйцэтгэгчээр 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ажиллаж эхэлсэн. 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ажил дээрээ барилгачдын баяр нөхөн тэмдэглэхээр ирсэн. Тэр өдөр манай компани барилгын хашаанд баяр тэмдэглэж өдөржингөө ажил дээрээ тэмцээн зохион байгуулж баярлаж өнжсөн. Тухайн өдрийн 16 цагийн үед манай ажлынхан барилгын хашаанаас гарч Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “Вива сити” хороолол дунд байдаг “Вива” пабд орж баяраа үргэлжлүүлсэн. Тэндээ бүгдээрээ архи ууж, хоол идэцгээсэн. Орой 18-19 цагийн үед манай ажлынхан пабаас гарцгаасан. Зарим нэг нь барилгын талбайн гадна очсон байсан. Би тухайн үед Ц.Э, Э.Э болон түүний 3 настай хүүхдийн хамт Мөнх-Эрдэнийн машинд суусан. Би “явлаа” гэдгээ Т.Н эгчид хэлээд түүнийг тэвэрчихээд машиндаа суух гэхэд араас ирээд миний дагз хэсгээс татаад орилж эхэлсэн. Т.Н эгчээс “та болиочээ миний үс зулгараад унаад байна” гэж хэлэхэд гартаа миний үсийг ороож байгаад татаад байсан. Тэгтэл машин дотор сууж байсан Э.Э, Ц.Э нар машинаасаа бууж ирээд зодооныг салгах гэж оролдсон. Би Т.Н эгчид “Та намайг яагаад ингэж байгаа юм бэ, би зүгээр явлаа гэдгээ хэлсэн шүү дээ” гэж хэлээд өмсөж явсан куртикнээс нь татахад “чи намайг ерөнхий инженертэй явалддаг гэж хүмүүст хэлсэн байна” гээд намайг үсдээд зодсон. Тэгэхээр нь би Т.Н эгчийн үснээс татаад үсдэлцсэн ба Т.Н эгч их согтсон байдалтай тэр хавьд байсан хүмүүс рүү дайрч давшилаад өнхөрч унаад байсан. Би Э.Э, Ц.Э нартай хамт такси бариад гэртээ харихаар явсан. Би Т.Н эгчтэй маргалдах ямар нэгэн шалтгаан байгаагүй. Т.Н эгчтэй нэг нэгнийгээ үсдэж л зодолдсоноос өөр ямар нэгэн байдлаар нэгнийгээ зодоогүй. Үсдэлцэж байхдаа газарт унаж өнхөрсөн. Тэр үед дээрх гэмтлүүд учирсан гэж бодож байна. Миний учруулсан гэмтэл учраас би өерийн үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 57-59-р хуудас/,
3. Хохирогч Э.Н 2017.11.04-ний өдөр мэдүүлэхдээ: ...2017.10.20-ны өдөр ажил дээрээ ирсэн Тухайн өдөр манай ажилчид Барилгачдын баярыг нөхөж тэмдэглэсэн. 16 цагийн үед манай ажлынхан ажлын талбайгаас гарч Хан- Уул дүүргийн 4 дүгээр хороо “Вива сити” хороолол дунд байрлах “Вива” пабд бүгдээрээ орсон. Орой 18-19 цагийн үед манай ажлынхан пабаас гарч барилгын үүдэнд ирсэн. Би тухайн үед тогооч эгч Э.Э, Ц.Э нарын хамтаар гэртээ харих гээд машинд суусан. Би “явлаа” гэдгээ Т.Н-т эгчид хэлээд түүнийг тэвэрчихээд машиндаа суух гэхэд араас ирээд миний дагз хэсгээс татаад орилж эхэлсэн. Би Т.Н эгчээс “та болиочээ, миний ус зулгараад унаад байна” гэхэд гартаа миний үсийг ороож байгаад татаад байсан. Тэгтэл машин дотор суусан байсан Э.Э, Ц.Э нар машинаасаа бууж ирээд зодооныг салгасан. Би Т.Н эгчид “та намайг яагаад ингэж байгаа юм бэ, би зүгээр явлаа гэдгээ хэлсэн шүү дээ” гэж хэлээд өмсөж явсан куртикнээс нь таттал куртикны ханцуйн хэсэг урагдсан. Т.Н эгч “чи намайг ерөнхий инженертэй явалддаг гэж хүмүүст хэлсэн байна” гээд намайг үсдээд зодохоор нь би Т.Н эгчийн үснээс татаад үсдэлцсэн. Тухайн үед манай ажлынхан зодооныг салгасан. Т.Н эгч намайг үсдсэнээс болж миний үс туг тугаараа унаж, зүүн гарын дунд хуруу нугарахгүй байна. Үс энд тэндээ халцараад хавантай болж толгой их өвдөж байна...гэх мэдүүлэг./хх-ийн 21-24-р хуудас/,
2017.11.16-ны өдөр мэдүүлэхдээ: ...Миний биед учирсан гэмтлийг Т.Н учруулсан. Өөр хэн нэгэн гэмтэл учруулаагүй. Би Т.Н эгчийн биед учирсан гэмтлийг учруулсан. Өөр хэн нэгэн Т.Н эгчид гэмтэл шарх учруулаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,
4. Хохирогч Т.Н 2017.11.07-ны өдөр мэдүүлэхдээ: ...Манай бригадын хамт олон 2017 оны 10 дугаар сарын 20-ны орой 17 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүннү молл” худалдааны төвийн хойд талын байрлах ресторанд орцгоосон. Орой харанхуй болсон байхад бид нар тарах гээд гарцгаасан ба би кранист залуугаар ажлын байранд хүргүүлсэн. Арматурчин Э.Н, тогооч Ц.Э, Энхцэцэг нар араас гарч ирсэн ба намайг ажил дээр ирсний дараа тэд нар ирсэн. Бид ахлах тогооч Ц.Э-гийн гэрт нь очихоор болсон ба Ц.Э өөр таксинд суугаад харин би араас нь өөр машинаар явах гэж байхад Э.Н газраас чулуу аваад шидэхэд миний толгой, зүүн талын мөр хэсэгт цохих шиг болсон. Өөр ямар нэгэн байдлаар хэрүүл маргаан хийж байгаагүй. Миний эмчилгээний зардалд 369.560 төгрөгийн зардал гарсан. Энэ мөнгөө нэхэмжилж байна. Хохирлын мөнгөө авчихвал ямар нэгэн гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг. /хх-ийн 25-28-рхуудас/,
2017.11.21-ний өдөр мэдүүлэхдээ: ...Миний биед учирсан гэмтлийг Э.Н учруулсан. Өөр хэн нэгэн гэмтэл учруулаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,
5. Гэрч Ж.М 2017.11.15-ны өдөр мэдүүлэхдээ: ...2017.10.20-ны өдөр манай албан байгууллага барилгачдын баяр нөхөж тэмдэглэсэн. Тухайн өдөр манай компаний ажил дууссан бөгөөд тэр өдөртөө барилгын хашаан дотроо хорхог хийж баяраа тэмдэглэсэн. Манай ажилчид 15 цагийн орчимд Вива сити хороолол дунд байрлах “Лондон” нэртэй пабд орж сууцгаасан. Тэндээ идэж ууцгаагаад орой 18-19 цагийн орчим гарцгаасан. Тухайн үед бид нар машингүй очсон. Ажлын газрын гадаа машинаа үлдээсэн байсан бөгөөд машинаа авахаар ажлын үүдэнд ирсэн. Эхлээд Т.Н өөрийн худ гэх хүмүүстэйгээ маргалдаад байсан. Мөнх-Эрдэнэ инженер өөрийнхөө блокийн ажилчдыг хүргэж өгнө гээд хүлээж байсан. Т.Н нь Мөнх- Эрдэнийн өөдөөс эсэргүүцээд өшиглөж байгаа юм шиг харагдсан. Э.Н, Ц.Э, Э.Э нарыг Мөнх-Эрдэнийн машинд суучихсан байхад хаалга үүдийг нь онгойлгоод сарвалзаад байгаа харагдаж байсан. Тэрнээс хойш юу болсон талаар би мэдэхгүй байна. Т.Н тухайн үед өөрийн худ болох Баасанжавтай маргалдаж байгаа харагдсан боловч нэг мэдсэн Э.Н-тэй маргалдаад эхэлсэн. Ямар ч байсан хэрүүл маргааныг Т.Н эхлүүлсэн. Би яг зодоон болох үед нь байгаагүй...гэх мэдүүлэг./хх-ийн 33-35-р хуудас/,
6. Гэрч Т.Б 2017.11.15-ны өдөр мэдүүлэхдээ: ...2017.10.20-ны өдөр би Шинэ Монгол ахлах сургуулийн барилга дээр харуулын үүрэг гүйцэтгэж ажилласан. Тухайн өдөр барилга дээр ажиллаж байсан хүмүүс өдөр ажлын байранд баяраа тэмдэглэж байгаад орой Вива сити хороолол орж баяраа үргэлжлүүлэн тэмдэглэсэн. Орой бүрэнхий болж байхад манай ажлынхан Вива сити хорооллоос ар араасаа гарч ирцгээсэн. Хамгийн эхлээд том Нараа /Т.Н-/ нь гарч ирээд харуулын байрны ойролцоо хашааны гадна талд зогсож байсан. Харин араас нь Э.Н болон 2 тогооч болон бусад хүмүүс гарч ирж харагдсан. Барилгын хашааны үүдэнд манай ажлын Ж.М-ын машин байсан. Э.Н Т.Н нар хоорондоо маргалдаад байгаа бололтой харагдсан. Э.Н нь Ж.М-ын машинд суугаад явах гэхэд Т.Н араас нь гүйж очоод машины хаалгыг нь онгойлгоод үсдээд буулгаад ирсэн. Тэгээд хоорондоо үсдэлцээд байсан. Би очоод тэр хоёрын зодооныг салгахад Т.Н нь над руу дайраад орилж хашгираад байсан. Миний харснаар Ц.Э, Э.Э нар зодоонд оролцоогүй. Харин Ц.Э эгч зодооныг салгах гэж оролдож “одоо болиоч, ичээч” гэх мэтийн үг хэлж байсан. Э.Н, Т.Н нар нэг нэгнийгээ үсдээд гараа тавихгүй болохоор нь би тэр хоёрыг салгасан юм...гэх мэдүүлэг./хх-ийн 36-38-р хуудас/,
7. Гэрч Ц.Э 2017.10.25-ны өдөр мэдүүлэхдээ: ...2017.10.20-ны өдөр манай байгууллага барилгачдын баяр тэмдэглэсэн. Барилгын хашаан дотор баярын үйл ажиллагаа болж өнгөрсөн. Би тухайн өдөр хамт тогооч хийдэг Э.Э-гийн хамтаар гал тогооны өрөөнд юмаа цэгцлээд байж байхад А блокын дарга Анхбаяр орж ирээд “бид нартай хамт явж баяр тэмдэглэе” гэж хэлэхээр нь би, Э.Э болон түүний 2 настай охины хамт барилгачидтай хамт Вива сити хороолол руу явсан. Бид нар нэг пабд орж архи пиво ууж, дуулж сууцгааж байгаад 19 цагийн үед гэр гэртээ харихаар пабаас гарсан. Би Э.Н, Э.Э нартай ойролцоо амьдардаг болохоор хамт гэртээ харихаар нэг машинд суух гээд Э.Э бид 2 түрүүлээд суусан байсан. Харин Э.Н сүүлд машинд суух гэж байхад Т.Н “Нараа” гэж муухай хашгираж ирээд Э.Н-ийн үснээс нь татаж газарт унагаагаад ноцолдож эхэлсэн. Би эхлээд машинаас буугаад зодооныг салгах гэж очоод дундуур нь ортол Т.Н намайг татаж унагаагаад миний уруул хэсэгт гараараа нэг удаа цохисон. Манай барилгын харуул залуу иртэл Т.Н нөгөө харуул залуу руу дайраад хэл амаар доромжлоход харуул залуу Т.Н-ийг түлхэж унагаагаад яваад өгсөн. Бид нар Т.Н-ээс салаад явсан. Манай ажлын хүмүүс надад хэлэхдээ “Архичин бүдүүн, согтуу авгай” гэж хэлсэн гэж байсан. Т.Н нь Э.Н-ийг явах гэж байхад явуулахгүй үсдээд зодоод байсан. Зодооныг салгах гэхэд Т.Н намайг түлхэж унагаагаад миний уруул хэсэгт гараараа нэг удаа цохисон. Т.Н тухайн өдөр хүн болгонтой хэрүүл маргаан хийгээд байсан. Т.Н-ийг барьж аваад зодож гэмтэл учруулсан хүн байхгүй. Харин Э.Н-тэй зууралдаад газарт унаад, дээр доороо оролцоод байсан...гэх мэдүүлэг./хх-ийн 39-41-р хуудас/,
2017.12.04-ний өдөр мэдүүлэхдээ: Т.Н-ийн нүдний шил, гар цүнхийг нь би мэдэхгүй. Т.Н, Э.Н нар хоорондоо ноцолдож байгаад эд зүйлээ газарт унагаасан байх...гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудас/,
8. Гэрч Э.Э 2017.10.25-ны өдөр мэдүүлэхдээ: ...2017.10.20-ны өдөр манай байгууллага барилгачдын баяр тэмдэглэж өдөржингөө хашаан дотор баярын үйл ажиллагаа болж өнгөрөөд 16 цагийн орчимд Ц.Э эгчтэй хамт цэвэрлэгээ хийж байхад Ариунаа болон Э.Н нар орж ирээд “хамт явъя, та хоёрыг яаж үлдээхэв дээ” гэж хэлсэн. Тухайн үед би өөрийн 2 настай охинтойгоо хамт явсан учраас Ц.Э эгчтэй ярилцаад хамт очих газарт нь очоод удахгүй явна гэж яриад хамт ажилладаг хүмүүстэй нь хамт Вива сити хороололд байдаг пабд орсон. Би тухайн үед үүдэн хэсэгт нь охиноо тоглуулаад нэг удаа архи хийж өгөхөөр нь уусан ба хүүхэдтэй явж байгаа учраас уухгүй гэж хэлээд дахин уугаагүй. Орой 19 цагийн орчимд тэнд байсан хүмүүс тарж гэр гэртээ харихаар болсон. Бүгдээрээ пабаас гарч, би Э.Н, Ц.Э эгчтэй хамт явахаар болсон бөгөөд Мөнх-Эрдэнээр хүргүүлэхээр машинд нь суусан. Э.Н эгч машинд суух гэхэд араас нь Т.Н муухай орилж ирээд түүнийг үсдээд авсан ба тэр 2 нэг нэгнийгээ үсдсэн. Тэр үед Ц.Э эгч Т.Н, Э.Н нарын маргааныг салгах гэж очсон. Намайг машинаас буугаад очих үед Ц.Э эгч намайг “хүүхдээ ав” гээд буцаагаад түлхэхээр нь би хүүхдээ аваад өөр хүний машины хажуу талд очоод зогссон. Тэр үед Т.Н, Э.Н нар нэг нэгнийгээ үсдээд газарт унаад дээр доороо ороод зууралдсан байдалтай байсан. Тухайн үед Ц.Э эгч салгах гэж очтол огт ойртуулахгүй нэг нэгнийгээ зодоод байсан. Харин Т.Н Ц.Э эгчийг татаад газарт унагааж байгаа харагдсан. Харуул залуу тэр хоёрын зодооныг салгах гэж очиход Т.Н нөгөө харуул залуу руу дайрч давшилаад байсан. Тэр үед харуул залуу түлхэж унагаагаад яваад өгсөн. Тэр хавьд явж байсан цагдаа ирээд зодооныг салган Т.Н-ийг цагдаагийн машинд суулгасан. Зодоон дууссаны дараа Т.Н нэг машинд суучихаад Ц.Э эгчийг “Архичин царайтай авгай, бүдүүн гахай, янхан гичий” гэх мэтийн үгээр хараахад Ц.Э эгч “юу гээд байгаа юм бэ” гэхэд Т.Н өөрөө яваад өгсөн. Бид нар гэртээ харьсан. Т.Н-ийг зодож цохисон хүн байхгүй. Харин Т.Н, Э.Н 2 нэг нэгнийгээ үсдэж газар унаж өнхөрсөн. Э.Н, Т.Н нар нэг нэгэндээ гэмтэл учруулсан гэж бодож байна. Э.Н эгч “Ц.Э эгч бид хоёртой явна гэдгээ Т.Н-т хэлэхэд тэрээр Э.Н-ийг үсдэж хэрүүл маргааныг эхлүүлсэн. Э.Н, Т.Н нарын биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 44-46-р хуудас/,
9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №13324 дугаартай дүгнэлтэнд:
1. Т.Н-ийн биед баруун уушганы няцрал, цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгний гадна хажууд цус хуралт, баруун тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохой зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрлээс хамаарна.
4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой./хх-ийн 48-р хуудас/,
10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №13421 дугаартай дүгнэлтэнд:
1. Э.Н-ийн биед баруун зулайн хуйхны үс халзралт, зөөлөн эдийн няцрал, зүүн булгага, баруун шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдангид нөлөөлөхгүй./хх-ийн 52-р хуудас/,
11. Шүүгдэгч Т.Н урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70-р хуудас/,
12. Шүүгдэгч Э.Н урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас./хх-ийн 64-р хуудас/ зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Т.Н, Э.Н нар нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “Хүннү молл” худалдааны төвийн замын урд талд баригдаж байгаа барилгын гадна харилцан зодолдсоны улмаас хохирогч Э.Н-ийн биед “...баруун зулайн хуйхны үс халзралт, зөөлөн эдийн няцрал, зүүн булгага, баруун шилбэнд цус хуралт” бүхий,
хохирогч Т.Н-ийн биед “...баруун уушганы няцрал, цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгний гадна хажууд цус хуралт, баруун тохойнд зулгаралт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь:
1. Хохирогч Э.Н-ийн ...16 цагийн үед манай ажлынхан ажлын талбайгаас гарч баяраа тэмдэглэхээр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “Вива сити” хороолол дунд байрлах “Вива” пабд бүгдээрээ орсон. Орой 18-19 цагийн үед манай ажлынхан пабаас гарч барилгын үүдэнд ирсэн. Би “явлаа” гэдгээ Т.Н-т эгчид хэлээд түүнийг тэвэрчихээд машиндаа суух гэхэд араас ирээд миний дагз хэсгээс татаад орилж эхэлсэн. Би Т.Н эгчээс “та болиочээ, миний ус зулгараад унаад байна” гэхэд гартаа миний үсийг ороож байгаад татаад байсан. Тэгтэл машин дотор суусан байсан Э.Э, Ц.Э нар машинаасаа бууж ирээд зодооныг салгасан. Би Т.Н эгчид “та намайг яагаад ингэж байгаа юм бэ, би зүгээр явлаа гэдгээ хэлсэн шүү дээ” гэж хэлээд өмсөж явсан куртикнээс нь таттал куртикны ханцуйн хэсэг урагдсан. Т.Н эгч “чи намайг ерөнхий инженертэй явалддаг гэж хүмүүст хэлсэн байна” гээд намайг үсдээд зодохоор нь би Т.Н эгчийн үснээс татаад үсдэлцсэн. Тухайн үед манай ажлынхан зодооныг салгасан. Т.Н эгч намайг үсдсэнээс болж миний үс туг тугаараа унаж, зүүн гарын дунд хуруу нугарахгүй байна. Үс энд тэндээ халцараад хавантай болж толгой их өвдөж байна...гэх мэдүүлэг./хх-ийн 21-24-р хуудас/,
2017.11.16-ны өдөр: ...Миний биед учирсан гэмтлийг Т.Н учруулсан. Өөр хэн нэгэн гэмтэл учруулаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,
2. Хохирогч Т.Н-ийн “...Манай бригадын хамт олон 2017 оны 10 дугаар сарын 20-ны орой 17 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүннү молл” худалдааны төвийн хойд талын байрлах ресторанд орцгоосон. Орой харанхуй болсон байхад бид нар тарах гээд гарцгаасан ба би кранист залуугаар ажлын байранд хүргүүлсэн. Бид ахлах тогооч Ц.Э-гийн гэрт нь очихоор болсон ба Ц.Э өөр таксинд суугаад харин би араас нь өөр машинаар явах гэж байхад Э.Н газраас чулуу аваад шидэхэд миний толгой, зүүн талын мөр хэсэгт цохих шиг болсон. Өөр ямар нэгэн байдлаар хэрүүл маргаан хийж байгаагүй. Миний эмчилгээний зардалд 369.560 төгрөгийн зардал гарсан. Энэ мөнгөө нэхэмжилж байна. Хохирлын мөнгөө авчихвал ямар нэгэн гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг. /хх-ийн 25-28-рхуудас/,
2017.11.21-ний өдөр: ...Миний биед учирсан гэмтлийг Э.Н учруулсан. Өөр хэн нэгэн гэмтэл учруулаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,
3. Гэрч Ж.М-ын “...Манай ажилчид баяраа тэмдэглэхээр 15 цагийн үед Вива сити хороолол дунд байрлах “Лондон” нэртэй пабд сууцгааж байгаад орой 18-19 цагийн үед гарцгаасан. Би ажлын гадаа машинаа үлдээсэн байсан тул машинаа авахаар ажлын үүдэнд ирсэн. Т.Н нь Мөнх-Эрдэнийн өөдөөс эсэргүүцээд өшиглөж байгаа юм шиг харагдсан. Э.Н, Ц.Э, Э.Э нарыг Мөнх-Эрдэнийн машинд суучихсан байхад хаалга үүдийг нь онгойлгоод сарвалзаад байгаа харагдсан. Ямар ч байсан хэрүүл маргааныг Т.Н эхлүүлсэн. Би яг зодоон болох үед нь байгаагүй...гэх мэдүүлэг./хх-ийн 33-35-р хуудас/,
4. Гэрч Т.Б-ийн “...Тухайн өдөр барилга дээр ажиллаж байсан хүмүүс өдөр ажлын байранд баяраа тэмдэглэж байгаад орой Вива сити хороолол орж баяраа үргэлжлүүлэн тэмдэглэсэн. Орой бүрэнхий болж байхад манай ажлынхан Вива сити хорооллоос ар араасаа гарч ирцгээсэн. Барилгын хашааны үүдэнд манай ажлын Ж.М-ын машин байсан. Э.Н нь Ж.М-ын машинд суугаад явах гэхэд Т.Н араас нь гүйж очоод машины хаалгыг нь онгойлгоод үсдээд буулгаад ирсэн. Тэгээд хоорондоо үсдэлцээд байсан. Би очоод тэр хоёрын зодооныг салгахад Т.Н нь над руу дайраад орилж хашгираад байсан. Э.Н, Т.Н нар нэг нэгнийгээ үсдээд гараа тавихгүй болохоор нь би тэр хоёрыг салгасан юм...гэх мэдүүлэг./хх-ийн 36-38-р хуудас/,
5. Гэрч Ц.Э-гийн “...Бид нар нэг пабд орж архи пиво ууж, дуулж сууцгааж байгаад 19 цагийн үед гэр гэртээ харихаар пабаас гарсан. Би Э.Н, Э.Э нартай ойролцоо амьдардаг болохоор хамт гэртээ харихаар нэг машинд суух гээд Э.Э бид 2 түрүүлээд суусан байсан. Харин Э.Н сүүлд машинд суух гэж байхад Т.Н “Нараа” гэж муухай хашгираж ирээд Э.Н-ийн үснээс нь татаж газарт унагаагаад ноцолдож эхэлсэн. Би эхлээд машинаас буугаад зодооныг салгах гэж очоод дундуур нь ортол Т.Н намайг татаж унагаагаад миний уруул хэсэгт гараараа нэг удаа цохисон. Т.Н нь Э.Н-ийг явах гэж байхад явуулахгүй үсдээд зодоод байсан. Т.Н тухайн өдөр хүн болгонтой хэрүүл маргаан хийгээд байсан. Т.Н-ийг зодож гэмтэл учруулсан хүн байхгүй. Харин Э.Н-тэй зууралдаад газарт унаад, дээр доороо оролцоод байсан...гэх мэдүүлэг./хх-ийн 39-41-р хуудас/,
2017.12.04-ний өдөр: Т.Н, Э.Н нар хоорондоо ноцолдож байгаад эд зүйлээ газарт унагаасан байх...гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудас/,
6. Гэрч Э.Э-гийн “...хамт ажилладаг хүмүүстэй нь хамт Вива сити хороололд байдаг пабд орсон. Орой 19 цагийн орчимд тэнд байсан хүмүүс тарж гэр гэртээ харихаар болсон. Бүгдээрээ пабаас гарч, би Э.Н, Ц.Э эгчтэй хамт явахаар болсон бөгөөд Мөнх-Эрдэнээр хүргүүлэхээр машинд нь суусан. Э.Н эгч машинд суух гэхэд араас нь Т.Н муухай орилж ирээд түүнийг үсдээд авсан ба тэр 2 нэг нэгнийгээ үсдсэн. Тэр үед Ц.Э эгч Т.Н, Э.Н нарын маргааныг салгах гэж очсон. Намайг машинаас буугаад очих үед Ц.Э эгч намайг “хүүхдээ ав” гээд буцаагаад түлхэхээр нь би хүүхдээ аваад өөр хүний машины хажуу талд очоод зогссон. Тэр үед Т.Н, Э.Н нар нэг нэгнийгээ үсдээд газар унаад дээр доороо ороод зууралдсан байдалтай байсан. Тухайн үед Ц.Э эгч салгах гэж очтол огт ойртуулахгүй нэг нэгнийгээ зодоод байсан. Харин Т.Н Ц.Э эгчийг татаад газарт унагааж байгаа харагдсан. Т.Н-ийг зодож цохисон хүн байхгүй. Харин Т.Н, Э.Н 2 нэг нэгнийгээ үсдэж газар унаж өнхөрсөн. Э.Н, Т.Н нар нэг нэгэндээ гэмтэл учруулсан гэж бодож байна. Э.Н эгч “Ц.Э эгч бид хоёртой явна гэдгээ Т.Н-т хэлэхэд тэрээр Э.Н-ийг үсдэж хэрүүл маргааныг эхлүүлсэн. Э.Н, Т.Н нарын биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 44-46-р хуудас/,
7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №13421 дугаартай дүгнэлтэнд:
1. Э.Н-ийн биед баруун зулайн хуйхны үс халзралт, зөөлөн эдийн няцрал, зүүн булгага, баруун шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдангид нөлөөлөхгүй./хх-ийн 52-р хуудас/,
8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №13324 дугаартай дүгнэлтэнд:
1. Т.Н-ийн биед баруун уушганы няцрал, цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгний гадна хажууд цус хуралт, баруун тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохой зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрлээс хамаарна.
4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой./хх-ийн 48-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Шүүгдэгч Т.Н, Э.Н нар нь харилцан бие биедээ хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, гэмт хэргийн хохирогч Т.Н, Э.Н нар нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдолгүй тухайгаа илэрхийлсэн, эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаарх хүсэлтээ шүүгдэгч нь илэрхийлснээр /хх-ийн 84-45-р хуудас/ 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 235 дугаартай прокурорын тогтоолоор Т.Н, Э.Н нарт холбогдох эрүүгийн 1710007730233 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна.
Шүүгдэгч Т.Н, Э.Н нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүхээс шүүгдэгч Т.Н, Э.Н нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нар нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч Т.Н, Э.Н нар нь хохирол нэхэмжлэхгүй, гомдолгүй талаар гэж мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Н, Э.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ц овогт Т-ийн Н, Ө овогт Э-ийн Н нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Н, Э.Н нарыг тус бүр 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Т.Н, Э.Н нарт оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс тогтоосон 1 /нэг/ жилийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.Н, Э.Н нарт мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Т.Н, Э.Н нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч нар, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Т.Н, Э.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр тус тус үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР