Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2022/ДШМ/1063

 

 

 

 

 

 

 

Т.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Мижиддорж,

цагаатгагдсан этгээд Т.Э-ын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/1050 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Т.Мижиддоржийн бичсэн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 32 дугаартай эсэргүүцлээр Т.Э-д холбогдох 2108020071527 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

............ овгийн Т.Э, ...... оны ..... дүгээр сарын .....-ны өдөр ................... төрсөн, .....настай, эрэгтэй, бүрэн дунд  боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ............................ ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ............................... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ................/;

Шүүгдэгч Т.Э нь Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ........ ..... тоотын орчим өөрийн өмчлөлийн “Тоёота Приус 20” маркийн 08-** УН* улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 21 цагийн орчим хохирогч Г.Ц-г согтуурсан, мансуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Т.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Боржигон овогт Т.Э-ыг Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108020071527 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж, шүүгдэгч Т.Э нь үндэслэлгүйгээр яллагдагчаар татагдсаны улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, учирсан хохирлоо төрөөс нэхэмжлэх бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Дөчин тавдугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу өөрийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй болохыг, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Э нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Т.Мижиддорж бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж дүгнэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд, шүүгдэгч Т.Э нь Сонгинохайрхан дүүргийн ..... дүгээр хороо, ...... тоотын орчим өөрийн өмчлөлийн 08-** УН* улсын дугаартай “Тоёота Приус 20” маркийн тээврийн хэрэгсэл дотор 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 21 цагийн орчимд хохирогч Г.Цг согтуурсан, мансуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчиндсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын авагдсан хохирогч Г.Ц, гэрч Ш.Б, Б.Ж, Ц.Б, Г.М, Э.Х нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 3998 дугаартай дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байхад шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гаргасан нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд зааснаар хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, нөхцөл байдлын улмаас хүчээр бэлгийн харилцаанд орсон, эсхүл бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн байхыг шаардаж байна. Дээрх хэрэгт хохирогч Г.Ц нь “архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, нэг мэдэхэд надтай хүчээр бэлгийн харилцаанд орж байсан, би түлхээд дийлээгүй, урьд өмнө бид хоёр бэлгийн харьцаатай байгаагүй” гэж удаа дараа тогтвортой мэдүүлж ирсэн. Мөн өмнө нь анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд хохирогч, шүүгдэгч нар нь урьд өмнө бэлгийн харилцаатай байсан талаар тодруулах шаардлагатай гэж захирамжаар буцаасан, захирамжийн дагуу холбогдох мөрдөн шалгах ажиллагаа явуулахад урьд өмнө бэлгийн харилцаатай байсан талаар тогтоогдоогүй, мөн шүүгдэгч Т.Э нь хохирол гэж 7.000.000 төгрөгийг хохирогчид шилжүүлсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдсоор байхад хэргийг цагаатгаж хэргийн бодит байдалтай нийцээгүй шийдвэр гаргасан нь хохирогчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт хүчингүй болсон хэдий ч мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.3 дахь заалтад заасан үндэслэл тогтоогдвол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө гэсэн хуулийн заалт хүчин төгөлдөр хэвээр байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн” гэв.

Цагаатгагдсан этгээд Т.Э-ын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улсын яллагчаас Т.Эыг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хүчиндсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн боловч энэ нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар няцаагдсан. Анхан шатны шүүхээс хэргийн үйл баримт болон хохирогчийн мэдүүлэг, тухайн үйл явдлыг дэргэдээс нь харсан гэрч Ц.С, Ц.Б нарын мэдүүлгээс үзэхэд тээврийн хэрэгсэл дотор эрэгтэй нь суугаа, эмэгтэй нь түүний дээр гарсан байдлаар бэлгийн харьцаанд орж байсан нь тогтоогдсон. Иймд хохирогч Г.Ц-гийн “миний гарыг барьж байгаад хүчиндсэн” гэх мэдүүлэг няцаагдаж байна гэж дүгнэсэн. Мөн шүүх хэргийг хянан хэлэлцээд хохирогч, шүүгдэгч нар урьд өмнө бэлгийн харилцаатай байсан талаар тодруулах шаардлагатай гэж захирамжаар буцаасан. Гэхдээ бэлгийн харьцаанд оролцсон гэх үндэслэлээр бус урьд өмнө гэр бүлээс гадуур харилцаатай байсан эсэхийг шалгаж тогтоо гэсэн үндэслэлийг дурдсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нэр бүхий 3 гэрч мэдүүлэг өгсний 2 гэрч урьд нь хохирогч Г.Ц, цагаатгагдсан этгээд Т.Э нар ажлаа тараад хамт олонтойгоо архи согтууруулах ундаа хэрэглэж, буудалд хамт хоносон талаар тодорхой мэдүүлсэн. Хэрэг явдал болсны дараа хохирогч Г.Ц, цагаатгагдсан этгээд Т.Э нарын хоорондын харилцсан зурвас, түүнээс 10.000 төгрөг шилжүүлж авсан нөхцөл байдлуудаас үзэхэд урьд өмнө гэр бүлээс гадуур харилцаатай байсан гэх дүгнэлтэд хүрч байна. Мөн гэрч Ц.С, Ц.Б нарын тодорхой эх сурвалжаа зааж өгсөн мэдүүлэгт “тээврийн хэрэгсэл дотор Т.Э нэг эмэгтэйтэй байсан. Ц.С буугаад ир гэж татаад уулзахад хохирогч Г.Ц хүчиндүүлчихлээ гэж яриагүй” гэсэн. Анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хэргийн бодит байдалд нийцсэн. Хохирогчид 7.000.000 төгрөг шилжүүлсэн тухайд, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ц.С, Т.Э-ын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдээр Г.Цгийн гэр бүлийн хүн болох нөхөр нь Т.Эыг дарамтлан, мөнгө нэхэж, эхнэрийнхээ данс руу 7.000.000 төгрөгийг шилжүүлж авсан нь тогтоогддог. Дээрх үндэслэлээр хүчиндэх гэмт хэргийг бусдын биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хүчиндсэн гэх шинж тогтоогддоггүй бөгөөд гэмт хэргийн шинжгүй байна. Мөн гэрч Ц.Б, Ц.С нарын өгсөн мэдүүлгийг үндэслэвэл Г.Ц, Т.Э нар нь бэлгийн харьцаанд орж байсан нь үнэн. Гэхдээ тэдний бэлгийн харьцаанд орж байсан байрлал нь хохирогч биеэ хамгаалах чадваргүй байсан, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд эсэргүүцэл үзүүлэх чадваргүй үед нь бэлгийн харьцаанд орсон гэх үйл баримтыг няцааж байна гэж шүүх шийтгэх тогтоолдоо дурдсан нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Прокуророос Т.Эыг Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ...... тоотын орчим өөрийн өмчлөлийн “Тоёота Приус 20” маркийн 08-** УНЯ* улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 21 цагийн орчим хохирогч Г.Цг согтуурсан, мансуурсны улмаас биеэ хамгаалах эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчиндсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтад эргэлзээтэй болон зөрүүтэй байдал үүсгээгүй, бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Анхан шатны шүүхийн шүүгдэгч Т.Э-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн гэм буруугийн шууд санаатай хэлбэр тодорхойлогдохгүй байх тул түүний үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгах нь зүйтэй гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн Т.Э-ын үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжээс хүчиндэх гэмт хэргийн объектив талын шинж болох биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдсэн, субъектив талын гэм буруугийн шууд санаатай хэлбэр нь гэрч Ц.Солонгын “...машин дээрээ очоод урд талын цонхоор нь хартал Г.Ц манай нөхөр Т.Э-ын дээр нь гараад суучихсан, тэр хоёр нүцгэн байдалтай бэлгийн харьцаанд орж байсан. ...”/1хх 54-55/, гэрч Ц.Б-ын “...Ц.С нөхрийнхөө машины жолоочийн эсрэг талын арын хаалгыг нь онгойлгоод муухай орилоод уйлаад “чи яагаад намайг муухай хуурч чадаж байна” гээд Т.Эын нүүр, нүд рүү нь 2-3 удаа цохиод авсан. Т.Э нэг эмэгтэйтэй хамт байсан. Тэр хоёр хоёулаа ямар ч хувцасгүй нүцгэн байсан. Нөгөө хүүхэн цээжээрээ цагаан өнгийн юм барьсан байсныг Ц.С буугаад ир гэж татаад урчих шиг болсон. Тухайн үед тэр хоёр бэлгийн харьцаанд орж байсан нь үнэн. ...” /1хх 60-62/ гэсэн мэдүүлгүүдээр үгүйсгэгдэн няцаагдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүчээр бэлгийн харьцаанд орсон” шинжийг хангахгүй төдийгүй шүүгдэгч, хохирогч нар нь харилцан тохиролцож бэлгийн харилцаанд орсон нь хүчиндэх гэмт хэргийн шинжийг хангахгүй гэж дүгнээд цагаатгах тогтоол гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Хохирогч Г.Ц нь ... би архинаас их уусан болохоор тасраад унасан байсан. Нэг сэрэхэд Т.Э ... надтай хүчээр бэлгийн харьцаанд орж байсан. ... Ингээд би Т.Э-ыг түлхэж болиулаад өмд дотоожоо өмсөх гэж байхад түүний эхнэр гэх хүн ирээд баахан зураг авч, намайг зодсон. ... гэсэн мэдүүлэг өгсөн байх боловч Т.Э, Г.Ц нарын бэлгийн харьцаанд орж байсан үйлдэл нь Т.Эын эхнэр Ц.Солонгын машины хаалгыг нээсэн үйлдлээр таслан зогсоогдсон байх бөгөөд хохирогч Г.Ц нь тухайн үед аливаа хүч хэрэглэсэн үйлдлийн эсрэг бие махбодын болон оюун санааны хувьд эсэргүүцэл үзүүлэх чадвартай байсан болох нь гэрч Ц.С, Ц.Б нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Яллах дүгнэлтэд хохирогчийг согтуурсан, мансуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчиндсэн гэсэн байх боловч хохирогчийг согтуурсан, мансуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байсныг нотолж чадаагүй байна гэж үзэв.

Т.Э, Г.Ц нартай хамт архи ууж байгаад орхиж явсан Ш.Б-г гэрчээр асуусан байх боловч түүнээс Г.Ц согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байсан эсэхийг тодруулаагүй бөгөөд хохирогчийн биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байсан эсэхийг тогтооход чиглэсэн бусад мөрдөн шалгах ажиллагааг хангалттай хэрэгжүүлээгүй нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн бодит байдал болон тухайн хэрэгт холбогдсон хүний гэм бурууг эргэлзээгүй тогтоох үүргийг мөрдөгч, прокурор хүлээдэг бөгөөд хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг хянан хэлэлцэхэд гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь нотлогдоогүй, түүнчлэн шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, тухайн хэрэгт холбогдсон хүнийг цагаатгах зарчмыг баримтлан гаргасан шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй болно.

Иймд, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах  тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

                 1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/1050 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Т.Мижиддоржийн бичсэн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 32 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

                 2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

                                    ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                    ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР