| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигдэнгийн Батттогтох |
| Хэргийн индекс | 2224000000054 |
| Дугаар | 2022/ДШМ/31 |
| Огноо | 2022-11-03 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 2022/ДШМ/31
Ж.Отгонцагаанд холбогдох хэргийн талаар
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж,
Прокурор/Тосонцэнгэл сумаасZOOM/-р Б.Сансарбаяр
Шүүгдэгч Ж.Отгонцагаан
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Отгонцагааны давж заалдах гомдлоор Ж.Отгонцагаанд холбогдох 2224000000054 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 2003 оны 08 дугаар сарын 23-нд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт Гурван булаг амралтын газарт зохион байгуулагч ажилтай, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 1-р хороолол ГК-1-1 тоотод оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, ИЦ03282338 регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, Мутар овогтой Жүгдэрнамжилын Отгонцагаан.
Шүүгдэгч Ж. Отгонцагаан нь 2018 оны 10 дугаар сарын 20-25-ны өдрүүдэд Завхан аймгийн Нөмрөг сумын Хөдрөг багийн Ялаатын хэсгийн 3-2 тоот хашаанд байрлах Ч.Пунцагийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн тооноор нэвтрэн орж Орос улсад үйлдвэрлэгдсэн К1845 гол төмрийн дугаартай, 1845 замагны дугаартай Тоз-8 маркийн бууг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хохирогч Ч.Пунцагт 700,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх:
1. Шүүгдэгч Мутар овогт Жүгдэрнамжилын Отгонцагааныг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Жүгдэрнамжилын Отгонцагааныг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Жүгдэрнамжилын Отгонцагаанд оногдуулан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Жүгдэрнамжилын Отгонцагаанд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 2 дахин багасгаж, биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоосугай.
5. 2021 оны Өршөөлийн үзүүлэх тухай 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Жүгдэрнамжилын Отгонцагаанд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Отгонцагаанд оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг Улаанбаатар хотын бүсчлэлээс гарахгүй байхаар тогтоож, ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солих, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Отгонцагаанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүгдэгч Ж.Отгонцагаан нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ж.Отгонцагааны давж заалдах шүүхэд гаргасан гомдлын агуулга:
Миний бие Мутар овогт Жүгдэрнамжилын Отгонцагаан 2003.08 23-нд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн 18 настай, бүрэн дунд боловсролтой, регистр: иц03282338. Ам бул 2 /хоёр/ эцэг Х. Жүгдэрнамжилын хамт амьдардаг.
Гомдол гаргах учир нь: Шүүх хуралд өмгөөлөгч М.Гомборагчаагийн санал үндэслэлтэй байж болох талтай байна. Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг нь зөвхөн эрүүгийн хуулийн 8.6 дугаар зүйлд хамаарахаар байгаа ба эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарахааргүй байна.
Иймд эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь заалт: Арван найман насанд хүрсэн, хорин нэгэн нас хүрээгүй. Эрүүгийн хуулийн 8.7.1 дэх заалтыг тус тус үндэслэн
Ар гэрийн нөхцөл байдал: Аав Х.Жүгдэрнамжил 1958 онд Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн 64 настай, тэтгэврээс өөр нэмэлт эх үүсвэрийн орлого байхгүй. Өрх толгойлсон, даралт ихдэх өвчний улмаас эмнэлгийн хяналтад байдаг. Миний бие эцэг Жүгдэрнамжилын асран хамгаалагч ба ид сурч, ажиллаж амьдрах, хөдөлмөрлөх насан дээрээ яваа тул хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү. Би хийсэн хэрэгтээ туйлын ихээр гэмшиж байна гэжээ.
Шүүгдэгч Ж.Отгонцагаан давж заалдах шүүхэд гаргасан тайлбартаа:
Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэдэг нь Эрүүгийн хуулийн 8.1.5, 8.7.1 дахь хэсгүүдэд зааснаар надад оногдуулсан ялыг хөнгөрүүлэх боломжтой байна. Мөн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдахад миний бие 18 нас хүрэхэд 51 хоног дутуу байсан. Тус Өршөөлийн тухай хуулийн 6.3 дахь заалтад өсвөр насны хүнд оногдуулсан хорих ялаас 2 жил хасах гэсэн заалт байгаа гэв.
Прокурор Б.Сансарбаяр дүгнэлтдээ:
Ж.Отгонцагааны гомдлын хувьд зорчих эрх хязгаарлах ялыг Улаанбаатар хотоос өөр газар оршин сууж байгаа учраас тухайн зорчих эрхийг хязгаарлах ялыг харьяалал өөрчлүүлэхээр гомдол гаргасан гэж ойлгосон. Энэ асуудлын тухайд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад прокурортой уулзаж зорчих эрхийн ялаа эдлэх газраа өөрчлүүлэх боломж нь байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр хэсгийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны хүүхэд гэдэг нь 14-18 нас хүрсэн хүүхдийг ойлгож байгаа. Зарим тохиолдолд 18-21 насны хүнд албадлагын арга хэмжээ оногдуулж болохоор заасан байгаа. Ж.Отгонцагааны хувьд эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан хэлэлцэгдэх өдөр 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 18 насанд хүрсэн байсан. Яг одоогийн байдлаар 19 настай шүүгдэгч байгаа. Ж.Отгонцагааны хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад оюун ухаан, сэтгэхгүйн хоцрогдолтой байдал тогтоогдоогүй хэвийн хэмжээнд мөрдөн шалгах ажиллагаанд оролцож байсан. Хуульд заасан бүхий л боломжит нөхцөл байдлыг тухайн шийтгэх тогтоолд хамруулж гаргасан байгаа. Ийм учраас анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй болжээ.
1.Хэргийн үйл баримтын талаар
Шүүгдэгч Ж.Отгонцагаан нь 2018 оны 10 дугаар сарын 20-25-ны өдрүүдэд Завхан аймгийн Нөмрөг сумын Хөдрөг багийн Ялаатын хэсгийн 3-2 тоот хашаанд байрлах Ч.Пунцагийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн тооноор нэвтрэн орж Орос улсад үйлдвэрлэгдсэн К1845 гол төмрийн дугаартай, 1845 замгийн дугаартай Тоз-8 маркийн бууг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хохирогч Ч.Пунцагт 700,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь
Хохирогч Ч.Пунцагийн мэдүүлэгт “...2018 оны 10 дугаар сарын 20-25-ны үед Нөмрөг сумын Хайрхан багт хөдөө мал дээр байж байгаад сумын төв дээр байдаг гэртээ ирсэн чинь буу алга болсон байсан... 2018 онд манайх 2 гэртэй байсан. Нэг гэр нь Нөмрөг сумын Хөдрөг нэгдүгээр багт сумын төв дээр Ялаатын хэсэг 3-3 тоотод хашаанд байх монгол гэр байсан. Нэг гэр нь Нөмрөг сумын Хайрхан багт хөдөө намаржаандаа мал дээрээ байсан. 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хөдөө явж гэртээ байж байгаад 10 дугаар сарын 25-ны өдөр төвийн гэртээ ирэхэд гэрийн тооноор хүн ороод миний эзэмшлийн бичиг баримттай Тоз-8 маркийн бууг авсан байсан. Тухайн үед гэрийн цоож, унь, тооно бүтэн, эвдэрч хэмхэрсэн зүйл байхгүй байсан. Гэрийн цагаан бүрээсэн дээр нэг гутлын мөр байсан... 2022 оны 06 дугаар сарын 07-ны 19 цаг 20 минутад өөрийн эзэмшлийн Тоз-8 маркийн буугаа хүлээн авсан. Одоо нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 40-р тал/,
иргэний нэхэмжлэгч Т.Батсүх, гэрч Б.Төмөрчөдөр, гэрч Д.Анхмандах, шүүгдэгч Ж.Отгонцагаан нарын мэдүүлэг, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 13-14-р тал/,
Хурд-Од ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний дүгнэлт, /хх-ийн 65-66-р тал/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
2.Эрх зүйн дүгнэлт, давж заалдах гомдлын талаар
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж.Отгонцагаан нь хүний орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 -т зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.
Шүүгдэгч Ж.Отгонцагаан нь 2018 оны 10 дугаар сарын 20-25-ны өдрүүдэд гэмт хэрэг үйлдсэн бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар 3.1.3 дахь хэсэгт зааснаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.
Шүүгдэгч Ж.Отгонцагаан нь гэмт хэрэг үйлдэх үедээ 15 настай өсвөр насны хүн байсан түүний төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон мөрдөгчийн тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдсон байна.
Анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгчид Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэхдээ эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамааруулахгүйгээр, шүүгдэгчийн эрх зүйн байдлын дордуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн байна.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3т “ Өсвөр насны хүн 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах/Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйл/...гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн бол шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна” гэжээ.
Шүүгдэгч Ж.Отгонцагаан нь өсвөр насны шүүгдэгч байх ба Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээсэн тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасныг баримтлан шүүгдэгч Ж.Отгонцагаанд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялаас 2 жилийг хасаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.
5 дахь заалтыг “2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар шүүгдэгч Ж.Отгонцагаанд оногдуулсан 1 жилийн хорих ялаас 2 жилийг хасч, шүүгдэгч Ж.Отгонцагааныг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэж өөрчилж, тогтоох хэсгийн 6 дахь заалтыг хүчингүй болгож, 7, 8, 9, 10, 11 дахь заалтуудыг 6, 7, 8, 9, 10 гэж дугаарлаж, шүүгдэгч Ж.Отгонцагааны давж заалдах гомдлыг хангасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР
ШҮҮГЧИД Ш.БАТТОГТОХ
Ж.БАТТОГТОХ