| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2024/0146/З |
| Дугаар | 128/ШШ2024/0336 |
| Огноо | 2024-04-15 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 128/ШШ2024/0336
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: Н.Ц //;
Хариуцагч: Хотын стандарт, хяналтын газрын Дэд бүтцийн стандарт хяналтын хэлтсийн Газрын тос хийн хяналтын улсын байцаагч Ч.Г.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Л, хариуцагчийн Ч.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрмөрөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдлын шаардлага: Хотын стандарт, хяналтын газрын хяналтын улсын байцаагч Ч.Гийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1.Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Ө.Ж хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэх фейсбүүк хаягаас Чанартай дизель түлш зарна гэсэн зөрчил үйлдсэнийг илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон тэмдэглэл үйлдэж, иргэн Н Цг холбогдогчоор тогтоон мэдүүлэг авч, баримт цуглуулсан байна.
1.2.Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Б.М 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Н Ц нь 2021 оноос хойш түлш тээврийн үйл ажиллагаа явуулж байгаа боловч 2023 онд зөвшөөрөлгүй түлш тээврийн үйлчилгээ явуулсан нь мэдүүлэг, холбогдох бусад баримтаар Зөрчлийн тухай хуулийн 7.14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан зөрчил үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж, дугаартай зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг Хотын стандарт, хяналтын газарт харьяаллын дагуу шилжүүлэх саналыг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн даргад хүргүүлжээ.
1.3.2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтны тогтоолоор Н.Цгийн үйлдсэн зөвшөөрөлгүй дизель түлш жижиглэнгээр худалдан борлуулсан гэх зөрчлийн дугаартай гомдол, мэдээллийг шалгуулахаар Хотын стандарт, хяналтын газарт харьяаллын дагуу шилжүүлжээ.
1.4.Дээрх дугаартай зөрчлийн гомдол, мэдээллийг Хотын стандарт, хяналтын газрын Дэд бүтцийн стандарт хяналтын хэлтсийн Газрын тос хийн хяналтын улсын байцаагч Ч.Г хүлээн авч, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Н.Цд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 7.14 дүгээр зүйлийн 3.3 дахь заалтыг зөрчсөн байж болзошгүй үндэслэлээр дугаартай зөрчлийн хэрэг нээсэн байна.
1.5.Газрын тос хийн хяналтын улсын байцаагч Ч.Г 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсаар зөвшөөрөлгүй дизель түлш борлуулсан гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.14 дүгээр зүйлийн 3.3 дахь заалтыг үндэслэн Н.Цг 200 нэгжээр торгох шийтгэл оногдуулж, зөрчил үйлдэж олсон мөнгөн орлого 36,152,900 төгрөгийг улсын төсөвт хураан авахаар шийдвэрлэжээ.
1.6.Гомдол гаргагч Н.Цгээс дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч Нийслэлийн прокурорын газар, Уул уурхай, хүнд үйлдвэр яаманд тус тус гомдол гаргасан бөгөөд Нийслэлийн Прокурорын газрын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн дугаартай мэдэгдэх хуудас, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дугаартай албан бичгээр Н.Цгийн гомдлыг шийдвэрлэх боломжгүй бөгөөд шүүхэд хандах талаар хариу өгсөн байна.
1.5.Гомдол гаргагч Н.Цгээс Хотын стандарт, хяналтын газрын Дэд бүтцийн стандарт хяналтын хэлтсийн Газрын тос хийн хяналтын улсын байцаагч Ч.Гийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар тус шүүхэд 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргасан.
Хоёр.Гомдлын үндэслэл:
2.1.Гомдол гаргагч шүүхэд гаргасан гомдлын шаардлага, түүний үндэслэлдээ: ...Н.Ц миний бие Хотын стандарт, хяналтын газрын Дэд бүтцийн стандарт хяналтын хэлтсийн Газрын тос хийн хяналтын улсын байцаагч Ч.Гийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар бүхий шийтгэлийн хуудас бичихэд нь хүлээн зөвшөөрөхгүй зөрчил үйлдээгүй талаар тайлбарласан боловч Ч.Г чи зөрчил үйлдсэн, чамайг 200,000 төгрөгөөр торгоно гэж намайг загнаж харааж зандран орилж хашхирч гарын үсгээ зур гэж хүнлэг бус харьцаж хүчээр гарын үсэг зуруулсан. Гарын үсэг зуруулахдаа миний шийтгэлийн хуудас дууссан байна. Би шийтгэлийн хуудас авч ирнэ гэж яваад нэг шийтгэлийн хуудас авч ирээд надад уншиж танилцуулаагүй гарын үсэг зуруулсан. Гэтэл шийтгэлийн хуудас дээр намайг 200,000 төгрөгөөр торгож зөрчил үйлдэж олсон мөнгөн орлого гэж 36,152,900 төгрөгийг улсын төсөвт шилжүүлэх заалт оруулсан байна. Ч.Г нь надаас ямар нэгэн асуулт асууж тодруулсан зүйл байхгүй, мөн зөрчил үйлдэгдсэн талаар нэмэлт мэдүүлэг, худалдан авсан талаар баримт нотолгоо байхгүй байхад хүчээр шийтгэлийн хуудас бичиж арга хэмжээ авсан. Энэ асуудалд миний бие шийтгэлийн хуудасны хүлээн авснаас хойш Ч.Гаас өөрийн чинь дээд шатны удирдлага гэж хүн байна уу, гомдол гаргана гэхэд тийм хүн байхгүй, наадах гомдлыг чинь хэнд гаргахыг мэдэхгүй, надад дарга гэж байхгүй гэх мэтээр хариу хэлж байсан тул шийтгэлийн хуудсыг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан хэлтсийн дарга болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, хариуцаж буй Нийслэлийн прокурорт гомдол гаргасан боловч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхээр зохицуулсан тул танаас гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн.
Миний бие Х ХХК-тай гэрээ байгуулан тоног төхөөрөмжид нь түлш зөөж, ачиж хүргэж өгдөг. Худалдан борлуулдаг биш тухайн компаниас түлш авахдаа П ХХК-ийн бөөний төвд хэлж миний машины марк, дугаарыг хэлж шаардлагатай бичиг баримтын үндсэн дээр П ХХК-ийн агуулахад орж түлшийг авч Х******* ХХК-ийн өрмийн хошуунуудад хүргэж өгөөд хэдэн литр, нийт хэдэн төгрөгийн үнэ бүхий түлш өгсөн авсан талаар гарын үсэг зуруулан авч Х******* ХХК-ийн захиралд танилцуулан би тээврийн хөлсөө бодуулж авдаг байсан. Гэтэл уг баримтыг үндэслэн намайг Зөрчлийн тухай хуулийн 7.14 дүгээр зүйлийн 3.3 дахь заалтад жижиглэнгийн, эсхүл бөөний худалдаа эрхэлсэн бол хүнийг 200 нэгжээр торгож, олсон хөрөнгө, орлогыг хурааж, зөрчлийг арилгах хүртэл үйл ажиллагааг түр зогсооно гэж заасны дагуу арга хэмжээ авч шийтгэлийн хуудас бичсэнд гомдолтой байна. Мөн зөрчил үйлдэж олсон мөнгөн орлого гэх 36,152,900 төгрөг нь миний орлого биш байтал надаас хураахаар шийдвэрт тусгасан нь буруу тул 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Хотын стандарт, хяналтын газрын Дэд бүтцийн стандарт хяналтын хэлтсийн Газрын тос хийн хяналтын улсын байцаагч Ч.Гийн надад оногдуулсан шийтгэлийн хуудсыг бүхэлд хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2.2.Гомдол гаргагчийн өмгөөлөгч Г.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Гомдол гаргагчийн зүгээс Х******* ХХК-тай Худалдах, худалдан авах гэрээ, Түлш нийлүүлэх гэрээг байгуулсан. Түлш нийлүүлэх гэрээ гэсэн боловч захиалагч Х******* ХХК нь бөөний цэгүүд буюу П ХХК зэрэг бусад компани руу мөнгө шилжүүлж, манай түлшийг ийм дугаартай машин орж авна гэдэг зүйлийг нэхэмжлэгчид хэлдэг. Тус газар руу ороход тодорхой хэмжээний галын аюулгүй байдлын дүгнэлт болон түлш тээвэрлэх зөвшөөрлөө шалгуулж ордог. Ингэхдээ ямар нэг байдлаар дансанд мөнгөө шилжүүлж, дунд нь нэг хүн мөнгө аваад тухайн газарт мөнгө өгдөггүй. Х******* ХХК нь тухайн компанитай гэрээ байгуулсан байж байгаад өөрөө авах түлшний мөнгийг шатахуун түгээх газарт шилжүүлсний дараа нэхэмжлэгч зөвшөөрлөө шалгуулж ороод зөвхөн тухайн компанийн түлшийг ачиж, хүргэж өгдөг. 36 сая төгрөгийн шийтгэлийг оногдуулахдаа юуг үндэслэсэн гэхээр тус компанийн 2, 3 цэгт шатахуун өгсөн гэдгээ баталгаажуулж гарын үсэг зурдаг акт шиг зүйлийг үндэслээд, энэ таны олсон орлого гэж торгууль ногдуулсан байгаа нь үндэслэлгүй байна гэжээ.
2.4.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс 2023 оны 12 дугаар сарын 17-ны дугаартай зөрчлийн гомдол мэдээлэл 28 хуудас бүхий материал 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 08 цаг 30 минутад харьяаллын дагуу шилжин ирсэн ба холбогдогч иргэн Н.Цд дугаарын утсаар тухайн өдрийн 16 цагт хэргийн материал шилжиж ирсэн тухай, мөн ирж уулзах талаар мэдэгдсэн.Маргааш буюу 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ирж, хэрэг шилжиж ирсэн тухай танилцуулж дансны хуулга, нотлох баримт авч ирэхийг мэдэгдсэн боловч эрх бүхий албан тушаалтны дуудсан хугацаанд холбогдох баримт, нотолгоог гаргаж ирүүлээгүй. Ингээд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн прокурорын газрын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, дугаартай зөрчлийн хэрэг нээн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийн хүрээнд Нийслэлийн прокурорын газрын хяналт дор зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааг явуулсан.
Зөвшөөрөлгүй түлш болгуулах гэх зөрчил нь Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль зөрчих буюу Зөрчлийн тухай хуулийн 7.14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан жижиглэнгийн, эсхүл бөөний худалдаа эрхэлсэн бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Энэ зүйлд заасан зөрчлийг үйлдсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, зөрчлийг арилгах хүртэл үйл ажиллагааг түр зогсооно гэсний дагуу арга хэмжээ авч иргэн Н.Цг 200 нэгж буюу 200,000 төгрөг, мөн хуулийн тайлбар хэсэгт дурдсаны дагуу олсон орлого болох 36,152,900 төгрөгийг хураан авах шийтгэл оногдуулсан. Шийтгэлийн хуудасны тухайд зөрчлийн хэрэг нээн дугаар авч, эрх бүхий албан тушаалтнаас шаардах хуудасны дагуу шийтгэлийн хуудсыг бүртгүүлэн авдаг. Н.Ц нь 2021 оноос өөрийн охин болох Ж.Б гэх фэйсбүүк хуудсанд Дизель түлш зарна гэх зарыг тогтмол оруулж байсан нь Баянзүрх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн байцаагч, цагдаагийн дэслэгч Ө.Жийн цуглуулсан нотлох баримт, холбогдогчийн мэдүүлэг, мөн манай газар ирж өгсөн мэдүүлэг зэргээс харагдана. Н.Ц нь би тээвэрлэдэг гэж нэхэмжлэл дээрээ бичсэн. Гэтэл тээвэрлэлтийн биш бүтээгдэхүүн нийлүүлэх тухай гэрээ хэргийн материалд нотлох баримтаар авагдсан байдаг. Гэрээтэй хамт Х******* ХХК-д нийлүүлсэн түлшнийхээ хэмжээ үнийн дүнг бичсэн хүснэгт байгаа нь нотлох баримтаар хэрэгт авагдсан. Тус үнийн дүнг бодож Зөрчлийн тухай хуулийн 7.14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтын дагуу хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хураах заалтын дагуу шийтгэвэр оногдуулсан. Н.Ц нь 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр зөрчлийн хэрэгт гомдол гаргах тухай утсаар ярихад, би зөрчлийн хэрэг Нийслэлийн прокурорын газрын н.С прокурорт байгаа, миний дээд удирдлага Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны салбарын ерөнхий байцаагч н.М гэж хүн байгаа, гомдол гаргаж болно, таны эрхийн асуудал гэсэн мэдээллийг өгсөн.
Иймд 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудас хүчингүй болгохыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд гомдлын шаардлагаас татгалзаж байна гэжээ.
2.5.Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2023 оны сүүлээр түлшний хомсдолтой байх үед шатахуун түгээх газруудаар зөвшөөрөлгүй түлш жижиглэн борлуулж байна гэж үзээд дүүргүүдийн цагдаагийн байгууллагуудаас ажиллагаа хийж, Баянзүрх дүүргийн нэгдүгээр хэлтсээс над руу шилжиж ирсэн материал юм. Дээрх материал 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шилжиж ирэхэд нь Н.Цтэй утсаар яриад 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Н.Ц ирж уулзаж хэргийн материалтай танилцаад тайлбараа хүлээн зөвшөөрсөн. Миний зүгээс гомдол гаргагчийг тээвэрлэлт хийсэн гэдгээ нотлохын тулд банкны хуулгаа авчирч өгнө үү гэхэд татварын газарт 500, 600 сая төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвартай байдаг учраас боломжгүй гэсэн. Ингээд зөрчлийн хэрэг нээж, 2023 оны 12 дугаар сарын 30, 31, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрүүдэд амралтын өдөр байсан учраас 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Н.Цг дуудаж ирүүлээд холбогдогчийн мэдүүлэг авсан. Би өрөөндөө 14-15 хүнтэй хамт суудаг, орилж хашхираад хүн загнасан зүйл байхгүй. Би төрийн албан хаагч учраас хүн рүү орилж хашхирах зүйл байхгүй. Ж*******ийн Б******* гэх хаягаас 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс байнгын түлш нийлүүлнэ, хүргэж өгнө гэсэн зарыг оруулдаг байсан. Үүнийг цагдаагийн байгууллагаас нотлох баримтаар материалд хавсаргасан байгаа. Тээвэрлэлтийн гэрээнд хэмжээ, үнийн дүнтэй баримт зэргийг заасан. Үүнийг би түлш худалдан борлуулсан гэж үзэж байгаа. Нийлүүлэлтийн гэрээ гэсэн атлаа бодит байдал дээр худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Зөрчлийн тухай хуулийн 7.14 дүгээр зүйлийн 3.3-т жижиглэн, бөөний худалдаа эрхэлсэн бол хүнийг 200 нэгж, хуулийн этгээдийг 2000 нэгж гээд тайлбар хэсэгт хуульд заасан зөрчил үйлдсэн тохиолдолд хууль бус олсон орлого, хөрөнгийг хураана гэж заасны дагуу иргэн Н.Цг түлш худалдан борлуулсан гэж үзээд 200 мянган төгрөгөөр торгосон. Хуулийн тайлбарт дурдсаны дагуу цагдаагийн баримтаар тогтоогдсон 36 сая орчим төгрөгийн нөхөн төлбөр оногдуулсан.
Би ганцхан Н.Цтэй уулздаггүй, зөрчлийн хэрэг үүссэн тохиолдолд холбогдогчид хуулийг сануулдаг. Нэхэмжлэлд миний гарыг барьж байгаад гарын үсэг зурсан юм шигээр бичсэн байсан. Бодит байдал дээр үнэн гэдгээ хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан. Намайг зуруулсан гэж байгаа бол шүүх шинжилгээний байгууллагаар тогтоолгох хэрэгтэй. Гомдол гаргагчаас маргааш нь над руу залгаж 36 сая төгрөгийн торгуулиа 3.5 сая болгочих хоёулаа хоолонд оръё гэхэд нь би Төрийн албан хаагч гэж хэлээд дахин залгахад нь утсыг нь аваагүй... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбарыг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2.Гомдол гаргагч Н.Цгээс Х******* ХХК-тай гэрээ байгуулан П ХХК-ийн агуулахаас түлш авч, Х******* ХХК-ийн өрмийн хошуунд зөөвөрлөн хүргэн өгч, хэдэн төгрөгийн үнэ бүхий түлш өгсөн талаар холбогдох бүртгэлд гарын үсэг зуруулан тээврийн хөлсөө авдаг, миний олсон орлого биш байтал зөрчил үйлдэж олсон орлого гэж 36,125,900 төгрөгийг надаас хураахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, ...надад шийтгэлийн хуудсыг уншиж танилцуулалгүй гарын үсэг зуруулсан гэж, хариуцагчаас гомдол гаргагчийг дансны хуулга, нотлох баримтаа ирүүлэхийг мэдэгдсэн боловч ирүүлээгүй, ...дизель түлшийг жижиглэнгээр худалдан борлуулж байсан нь баримтаар нотлогдсон, Х******* ХХК-д нийлүүлсэн хэмжээ, үнийн дүнг бичсэн хүснэгтэд үндэслэн Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулж, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хураах шийдвэр гаргасан нь үндэслэлтэй гэж тайлбарлан маргаж байна.
3.Хариуцагч Хотын стандарт, хяналтын газрын Дэд бүтцийн стандарт хяналтын хэлтсийн Газрын тос хийн хяналтын улсын байцаагч Ч.Г шүүх хуралдаанд гомдол гаргагчийн 2023 оны түлш борлуулсан зөрчилд шийтгэл оногдуулсан гэсэн тайлбар гаргасан тул шүүх Н.Цгийн 2023 оноос өмнөх тусгай зөвшөөрөлгүй газрын тосны бүтээгдэхүүн худалдан борлуулсан гэх үйлдлийг дүгнээгүй бөгөөд түүнд холбогдох хэрэгт авагдсан баримтыг үнэлээгүй болно.
4.Стандарт, хэмжил зүйн газрын 2022 оны 04 дүгээр сарын 25-ын өдрийн Эзэлхүүн зарцуулалтын хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээгээр гомдол гаргагч Н.Цгийн эзэмшлийн ******* УНП улсын дугаартай Hyundai Mighty маркын шатахуун тээвэрлэгч автоцистерний түлш тээвэрлэх хэмжээг гурван мянган литр байхаар тогтоосон байна.
5.Х******* ХХК-ийн Герман улсын Bauer үйлдвэрийн BG25 маркийн өрмийн машин болон дагалдах механизмуудад өөрийн эзэмшлийн шатахуун тээврийн машинаар түлш нийлүүлж, машин механизмын тасралтгүй хэвийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, гэрээгээр тохиролцсоны дагуу түлшний үнийг олгох нөхцөлтэйгөөр Х******* ХХК-ийн менежер Ц.У******* болон гомдол гаргагч Н.Ц нар 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ******* дугаартай Дизель түлш нийлүүлэх гэрээг байгуулжээ.
6.Хэрэгт авагдсан Х******* гэсэн бүртгэлийн дэвтрийн хуулбараас үзвэл 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 28 удаа гомдол гаргагч Н.Ц Х******* ХХК-ийн өрмийн техник хэрэгсэлд түлш тээвэрлэн хүргэсэн бөгөөд нийт тээвэрлэсэн түлшний үнийн дүн 36,152,900 төгрөг болжээ.
7.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гомдол гаргагч Н.Ц газрын тосны бүтээгдэхүүн борлуулах тусгай зөвшөөрөлгүй, Х******* ХХК, З******* ХХК-д түлш хүргэх гэрээтэй ба зарим тохиолдолд тухайн компаниудын захиалаад аваагүй үлдэгдэл түлшийг зар тавьж борлуулдаг, зарж борлуулсан түлшний хэмжээ 36,152,900 төгрөг болохыг хүлээн зөвшөөрч байна гэх агуулга бүхий мэдүүлгийг өгсөн байна.
8.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно гээд мөн зүйлийн 8.4-т зааснаар Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бүх төрлийн шатахууны бөөний, жижиглэнгийн худалдаа эрхлэх зөвшөөрлийг олгохоор байна.
9.Мөн Зөрчлийн тухай хуулийн 7.14 дүгээр зүйлийн 3-т Тусгай зөвшөөрөлгүйгээр гээд 3.3-т жижиглэнгийн, эсхүл бөөний худалдаа эрхэлсэн бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох-оор, мөн зүйлийн тайлбарт Энэ зүйлд заасан зөрчлийг үйлдсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, зөрчлийг арилгах хүртэл үйл ажиллагааг түр зогсооно гэж тус тус заажээ.
10.Дээрх хуулийн хэм хэмжээ, тайлбараас үзэхэд газрын тосны бүтээгдэхүүний бөөний болон жижиглэнгийн худалдааг эрхлэх тусгай зөвшөөрлийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас олгох бөгөөд тусгай зөвшөөрөлгүйгээр газрын тосны бүтээгдэхүүнийг жижиглэнгээр, эсхүл бөөнөөр худалдсан бол зөрчил үйлдсэнд тооцож, тухайн худалдаа эрхэлж олсон орлого, хөрөнгийг хууль бус гэж үзэн хураан авч, хүнийг 200,000, хуулийг этгээдийг 20,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар байна.
11.Тодруулбал, энэхүү зөрчлийн шинж нь газрын тосны бүтээгдэхүүн худалдан борлуулах тусгай зөвшөөрөлгүй этгээд уг худалдааг эрхэлж, орлого болон хөрөнгө олсон үйлдлээр тодорхойлогдоно.
12.Гэтэл Хотын стандарт, хяналтын газрын Дэд бүтцийн стандарт хяналтын хэлтсийн Газрын тос хийн хяналтын улсын байцаагч Ч.Г гомдол гаргагч Н.Цгийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг, түлш нийлүүлэлтийн бүртгэлийн дэвтэр, дизель түлш нийлүүлэх гэрээ зэргийг үндэслэн түүнийг Зөрчлийн тухай хуулийн 7.14 дүгээр зүйлийн 3.3 дахь заалтад заасныг зөрчсөн гэж 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, зөрчил үйлдэж олсон орлого гэж үзэж 36,152,900 төгрөгийг Н.Цгээс гаргуулан хураан авахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
13.Учир нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно., 1.3 дугаар зүйлийн 1-д Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, ... нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна. гэж тус тус заасны дагуу эрх бүхий албан тушаалтны тогтоосон зөрчил нь Зөрчлийн тухай хууль болон захиргааны хэм хэмжээний актад заасан зөрчлийн шинжийг бүрэн хангасан, зөрчил үйлдсэн этгээдэд оногдуулах шийтгэл нь түүний зөрчлийн шинж, хохирлын хэмжээнд тохирсон байх бөгөөд үүнийг хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзнэ.
14.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ., 4.4 дүгээр зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан нь байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой мэдээлэл, баримт бичгийг холбогдох байгууллага, албан тушаалтан, хүнээс прокурорын зөвшөөрлөөр гаргуулан авна., 2-т Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад мэдээлэл, баримт бичгийг байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авч болно., 3-т Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хүн, байгууллага, албан тушаалтан прокурорын зөвшөөрөл, эсхүл эрх бүхий албан тушаалтны даалгаварт заасан хугацаа, хэлбэрийн дагуу мэдээлэл, баримт бичгийг гарган өгч, нууцыг хадгална. гэж зааснаас үзэхэд хариуцагч эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх явцад нотлох баримт цуглуулах үүргийн хүрээнд холбогдогчийн банкин дахь харилцах дансны хуулгыг банкнаас гаргуулан авах, Х******* ХХК-тай холбогдогч Н.Ц түлш нийлүүлэх, эсхүл тээвэрлэх гэрээ байгуулсан эсэхийг тодруулах эрхтэй бөгөөд холбогдогч тусгай зөвшөөрөлгүйгээр газрын тосны бүтээгдэхүүн худалдан мөнгөн хөрөнгийн орлого олсон эсэх, тухайн орлого нь зөрчил үйлдэж олсон хууль бус орлого мөн эсэхийг эцэслэн тогтоох үүрэгтэй байна.
15.Гэтэл хариуцагч Газрын тос хийн хяналтын улсын байцаагч Ч.Г тусгай зөвшөөрөлгүйгээр Н.Цгийн үйлдсэн дизель түлш худалдан борлуулсан гэх зөрчлийн гол шинж болох зөрчил үйлдэж олсон орлого, хөрөнгийг шалган тогтоох хуульд заасан үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй атлаа Х******* гэсэн түлшний хэмжээ, үнэ, нийт үнэ, хүлээлгэн өгсөн этгээд, огноо зэрэг мэдээллийг агуулсан бүртгэлийн дэвтэрт үндэслэн Н.Цг 36,152,900 төгрөгийн орлого олсон гэж үзэж, 200,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, 36,152,900 төгрөгийг хураан авах шийдвэр гаргасан нь дээрх хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцээгүй гэж үзлээ.
16.Өөрөөр хэлбэл, 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаарт Дизель түлш нийлүүлэх гэрээний үндсэн дээр Н.Ц өөрийн шатахуун тээвэрлэгч автоцистернээр Х******* ХХК-ийн өрмийн техник хэрэгсэлд түлш тээвэрлэн хүргэсэн буюу тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлсэн эсэх, эсхүл өөрийн худалдан авсан түлшинд үнэ нэмж Х******* ХХК-д худалдсан буюу бусад этгээдэд түлш худалдан орлого олсон эсэхийг хариуцагч нотлох баримтаар эцэслэн тогтоогоогүй байж гомдол гаргагчийг Зөрчлийн тухай хуулийн 7.14 дүгээр зүйлийн 3.3-т заасан жижиглэнгийн, эсхүл бөөний худалдаа эрхэлсэн зөрчил үйлдсэн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
17.Захиргааны байгууллага, албан тушаалтан үйл ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан ...бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх тусгай зарчмыг баримтлах бөгөөд мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т зааснаар бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.
18.Хариуцагч Газрын тос хийн хяналтын улсын байцаагч Ч.Г дээрх хуульд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, улмаар холбогдогч Н.Цг тусгай зөвшөөрөлгүй газрын тосны бүтээгдэхүүн худалдан борлуулж хууль бусаар хэдэн төгрөгийн орлого, эсхүл хөрөнгө олсон болохыг тогтоогоогүй атлаа Зөрчлийн тухай хуулийн 7.14 дүгээр зүйлийн 3.3 дахь заалтад заасан шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байх тул маргаан бүхий эрх бүхий албан тушаалтны 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
19.Гомдол гаргагч Н.Цгийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч зүй бусаар хандаж, хүч хэрэглэсэн гэх агуулга бүхий гомдол хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул энэ үндэслэлийг шүүх хүлээн авах боломжгүй гэж дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1, 1.3 дугаар зүйлийн 1, 7.14 дүгээр зүйлийн 3.3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус баримтлан гомдол гаргагч Н.Цгийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Хотын стандарт, хяналтын газрын Дэд бүтцийн стандарт хяналтын хэлтсийн Газрын тос хийн хяналтын улсын байцаагч Ч.Гийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан гомдол гаргагчаас урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хотын стандарт, хяналтын газрын Дэд бүтцийн стандарт хяналтын хэлтсийн Газрын тос хийн хяналтын улсын байцаагч Ч.Гаас 70.200 төгрөгийг гаргуулан гомдол гаргагчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ