Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 366

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

улсын яллагч Д.Мөнхцэцэг,

шүүгдэгч М.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт М-ийн Т-д холбогдох эрүүгийн 1710005650190 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 05-нд Увс аймгийн Өлгий суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт,  Баянгол дүүргийн 20 дугаар, ******* тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Ш овогт М-ийн Т,

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч М.Т нь 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өглөө 9-10 цагийн орчим Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо ******* тоотод М.Э-ийн баруун гар руу сандлаар цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч М.Т нь 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өглөө 9-10 цагийн орчим Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо ******* тоотод өөрийн төрсөн эгч М.Э-д хандан “Цаг агаар удахгүй муудна гэж байна, гэр орноо барихгүй юм уу” гэж хэлэхэд нь хохирогч М.Э-ийг “үгүй” гэж хэллээ хэмээн маргалдаж түүний баруун гар хэсэгт нь сандлаар цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

1. Шүүгдэгч М.Т-ийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...Манай ээж, М.Э эгч, түүний хүү Чинзориг нар хамт амьдардаг. Би жил бүр гэрийн буулгаж өвлийн бэлтгэл хангаж өгдөг. Тухайн өдөр би ээждээ туслаад байж байтал манай эгч М.Э халамцуу орж ирсэн. Тэгээд М.Э эгч бид хоёрын хооронд ээждээ тусла, өвлийн бэлтгэл хангая, эрт гэрийн баръя гээд маргаан үүссэн. Тэгээд би М.Э эгчид та ээжид туслаарай гэхэд хэл амаар доромжилж заналхийлсэн. Тэгээд би эгчийгээ ээжид туслаарай гэхэд хөдлөхгүй, явлаа гэсэн. Тэгээд би айлгах гээд хажууд байсан сандал аваад өргөхөд М.Э эгч баруун гараараа хаагаад гар нь хугарсан байгаа. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, миний үйлдлээс болсон, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Хохирогч М.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 9 дүгээр сарын 19-ний өглөө 09 цагийн үед гэртээ ирсэн. Намайг гэрт иртэл миний төрсөн дүү М.Т манайд ирсэн байсан. Тэр өдөр манай дүү М.Т ээжийн гэрийг янзлах гэж ирсэн. Тэгээд би найз нартайгаа хамт зугаалгаар явах гээд гэртээ ирж хувцасаа солихоор ирсэн байсан бөгөөд хувцасаа өмсөөд буцаад гарах гэхэд манай дүү намайг гэр барих юм уу гэж асуухаар нь би...чадахгүй гэж хэлсэн. Тэгээд би дүү М.Т-тэй маргалдсан. Манай хашаанд нэг байшин байдаг, би тэр байшинд орж хувцасаа солиод гарах гэхэд манай дүү араас орж ирсэн. Дүү надад хандаад “Цаг агаар удахгүй муудна гэж байна, гэр орноо барихгүй юм уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би үгүй гэж хэлээд гарах гэхэд манай дүү намайг явуулахгүй гэж хэлсэн. Тэгээд манай дүү намайг цохих гээд газраас сандал аваад далайсан. Тэгэхээр нь би нүүрээ хаах гээд гараа өргөтөл миний баруун гарын шуу хэсэг сандалд цохигдсон. Би тэр үед дүүдээ хандаад намайг цохиж чадах уу гэж орилсон. Тэгээд намайг сандлаар цохьсоны дараа би гар гэж орилж байгаад гэрээс гараад явсан...Тэгээд миний гар хугарчихсан байсан. Тэгтэл манай дүү М.Т гэрт ирээд намайг гэмтлийн эмнэлэг рүү авч явж үзүүлсэн. Намайг гэмтлийн эмнэлэг дээр очиход гар хугарсан, гэмтлийн эмнэлэгт хэвтэх шаардлагатай гэж хэлсэн. Би 7 хоног эмнэлэгт хэвтээд гарсан...Миний баруун гарын шуу хэсэгт хугарал бүхий гэмтэл үүссэн. Харин өөр ямар нэгэн гэмтэл байхгүй...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, надад нэхэмжлэх зүйл байхгүй...Манай дүү намайг эмчлүүлж миний гарыг эдгээсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-13, 14-15/

            3. Гэрч Д.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр манай хүү М.Т миний гэрийг буулгаж өвлийн дулаалга хийх гэж ирсэн юм...өдөр 11 цагийн үед хаалга чанга цохьсон би очоод онгойлгосон чинь охин М.Э согтуу гэртээ ирсэн. Дүү М.Т нь гэр буулгаад ганцаараа ажил хийж байсан учраас охиныг ажил хийхэд тусла шал шүүрд гэж хэлсэн чинь М.Э хуц пиздануудаа чадахгүй гээд дүүтэйгээ маргалдсан. Би шалаа өөрөө шүүрдээд М.Э байшин руу орсон, манай хүү М.Т гэрээс юм авах гэж орсон. М.Т байшингаас гараад ирсэн араас нь М.Э чадахгүй пиздануудаа гээд орилсон чинь М.Т юу гээд байгаан гээд буцаад байшин руу орсон, тэгтэл байшин дотор М.Э чанга орилохоор нь би дотогшоо ортол М.Э гараа бариад зогсож байсан хартал баруун гар нь доошоо унжчихсан байсан ба М.Э хувцсаа өмсөөд гараад явсан...М.Э-...гараа юмаар сойгоод боочихсон гар өвдөөд байна гэж хэлсэн би хүү М.Т рүү утсаар яриад хурдан ирээ гар нь болохгүй байна гэж хэлээд М.Т ирээд бид 3 хамт гэмтлийн эмнэлэгт ирээд үзүүлэхэд гар нь хугарсан байна гээд эмнэлэгт хэвтсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-22/

                        4. Шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын №1065 тоот шинжээчийн дүгнэлт:

                                    -М.Э-ийн биед баруун гарын шуу, богтос ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, хугарлыг металл ялтсаар хадаж бэхэлсэн мэс заслын дараах байдал гэмтэл тогтоогдлоо.

                                    -Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн цохих, өшиглөх, унах, мөргөгдөх аль ч үед үүсгэгдэх боломжтой.

                                    -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

                                    -Цаашид биеийн эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

                                    -Дээрх гэмтэл нь 2017.09.19-ний өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно.

                                    -Дээрх гэмтэл нь нөхөн төлжиж сэргээгдэж хэвийн болох боломжтой. /хх-ийн 27-28/

            5. Яллагдагч М.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Манай ээж Д.Б нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо ******* тоотод манай төрсөн эгч М-ийн Э, түүний хүү Ц-ын Ч нарын хамт ам бүл 3-уулаа амьдардаг юм. Манай эгч М.Э нь нөхрөөсөө 20 жилийн өмнө салснаасаа хойш сүүлийн 16 жил тасралтгүй архи ууж байна. Одоо бол байнгын архины хамааралтай болсон. Гэр бүлийн хүрээнд эгчийг архинаас гаргах бүх л арга хэмжээг авдаг боловч гардаггүй. 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр би ээжийнхээ гэрийг өвлийн бэлтгэл хангах гээд гэрт нь өглөө 9 цагийн орчимд очоод гэрийг нь буулгаад шалыг нь тэгшлэх гээд байж байтал манай төрсөн эгч М.Э гаднаас халамцуу орж ирсэн. Урьд өдөр нь гэртээ хоноогүй гадуур хоноод орж ирж байсан юм. Би эгчид хандаж шалны шороо шүүрдэж ээжид туслаад өг гэтэл би чадахгүй пиздануудаа гээд уурлаж харааж зүхээд би явна гээд хойд талын байшин руу орсон. Би байшингаас багаж авах гээд дотогшоо ортол М.Э бас уурлаад хараал хэлээд явлаа гээд байшингаас гарах гэж байхад нь хаашаа явах гээд байгаан гээд эгчийг татаад газарт байсан жижиг модон сандлыг аваад эгч рүү далайсан чинь эгч баруун гараараа сандлыг хаагаад гараа цохиулчихаад ёооё гээд орилоод гэрээс гараад явсан. Би орой 16 цаг хүртэл ээжийн гэрийг янзалж өгөөд гэртээ харьсан. Энэ хугацаанд М.Э гэртээ ирээгүй. Маргааш нь 11 цагийн үед ээж над руу залгаад М.Э сая гэртээ ирсэн, гар нь хугарчихсан юм шиг байна гэхээр нь би машинтайгаа очоод ээж, эгч хоёрыг аваад гэмтлийн эмнэлэгт иртэл гар нь хугарчихсан байна хэвт гээд хэвтүүлсэн. Тэр өдөр бас согтуу байсан...Би цохиж зодсон асуудал байхгүй, харин модон сандлаар цохих гээд айлгах үед манай эгч баруун гараараа сандлыг хааж гар нь хугарсан. Шалтгаан нь гэвэл эгчийг битгий гар ээжид тусал архи битгий уу гэж хэлэхэд чадахгүй пиздануудаа, би явлаа гээд харааж зүхсэнээс болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-37/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч М.Т нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын №1065 тоот шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч М.Т нь 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өглөө 9-10 цагийн орчим Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо ******* тоотод өөрийн төрсөн эгч М.Э-д хандан “Цаг агаар удахгүй муудна гэж байна, гэр орноо барихгүй юм уу” гэж хэлэхэд нь хохирогч М.Э-ийг “үгүй” гэж хэллээ хэмээн маргалдаж түүний баруун гар хэсэгт нь сандлаар цохиж биед нь биед баруун гарын шуу, богтос ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, хугарлыг металл ялтсаар хадаж бэхэлсэн мэс заслын дараах байдал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч М.Т-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Т-ийн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдсон бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, оногдуулах ялыг /450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох/ хүлээн зөвшөөрсөн, хохирогч М.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, надад нэхэмжлэх зүйл байхгүй...Манай дүү намайг эмчлүүлж миний гарыг эдгээсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-13, 14-15/, “...Гомдол санал байхгүй, эмчилгээний зардлаа бүрэн авсан цаашид нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тайлбар /хх-ийн 54/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад шүүгдэгч М.Т-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ш овогт М-ийн Т-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш овогт М-ийн Т-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Т-д оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.  М.Т-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг сануулсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7.  Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд М.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР