| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2017/0188/Э |
| Дугаар | 367 |
| Огноо | 2017-12-07 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Мөнхбаяр |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 367
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,
улсын яллагч Г.Мөнхбаяр,
хохирогч М.Э, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ /ҮД:0-642/,
шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч С.Батболд /ҮД:0-899/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Хан-Уул дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Э-ийн Тд холбогдох эрүүгийн 201626031594 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 4 дүгээр сарын 08-нд Дорнод аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, “Войд” ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл 5, эмэг эх, эх, 2 дүү нарын хамт, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, ********** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Х овогт Э-ийн Т
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Э.Т нь 2016 оны 10 дугаар сарын 11-ний шөнө 03:00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Минт” баарны гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчиж иргэн М.Б, М.Э нартай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар зодож М.Б-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл, иргэн М.Э-гийн биед хүндэвтэр зэргийн гэмтлийг учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Э.Т нь 2016 оны 10 дугаар сарын 11-ний шөнө 03:00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Минт” баарны гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн М.Б, М.Э нартай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар зодож М.Б-ийн биед хөнгөн хохирол, иргэн М.Э-гийн биед хүндэвтэр хохирол тус тус учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Э.Т-гийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, маргаан байхгүй. Хохирогч М.Э-гээс уучлалт гуйж байна. Миний хэргийг хөнгөн шийдвэрлэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч М.Э-гийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”Э.Т надад эхний эмчилгээний зардал төлж, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр үлдэгдэл мөнгийг нь төлөхөөр тохиролцсон. Э.Т цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө гэсэн, надад гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
3. Хохирогч М.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...2016 оны 11 дүгээр сарын 12-ны шөнө 01 цагийн орчим найз нар болох М.Э, Б.М, А.С-э нартай Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн 100 дугаар дэлгүүрийн орчим уулзсан юм. Тэгээд бид нар хамт бааранд орохоор болоод ZU нэртэй газар орох гэж байсан чинь хүлээн авалттай учраас гадны хүн оруулахгүй гэсэн. Тийм учраас бид нар Минт бааранд орохоор ярилцаад би өөрийн 39-57 УНМ улсын дугаартай хар өнгөтэй Ланд Круйзер 200 маркийн машинаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт баарлуу явсан. Тухайн үед Минт бааранд М.Э, Б.М, А.С бид дөрөв 01 цаг 30 минутын орчим орсон байгаа. Бааранд ороод эхлээд 0,75 литрийн нэг шил виски ундаа ус захиалаад уусан. Тэгээд баарнаас сүүлийн захиалга авна гэхээр нь дахиад нэг шил 0,75 литрийн виски ус ундаа авсан. Сүүлд авсан вискийг талд нь хүртэл уугаад жаахан бүжиглэж байгаад 03 цаг өнгөрч байхад баарнаас гарсан. Гараад дуудлагын жолооч хайсан. Энэ үед манай найз Б.М машин барих жолооч олчихлоо машин дээрээ хүрээд ир гэж дуудсан. Тэгээд надад машины түлхүүр байсан учраас араас нь очиж явсан. Ингээд машинруу явж байх замдаа мөсөн дээр хальтраад зогсоол дээр зогсож байсан машины толин дээр гараараа дараад цааш нь хаагдсан юм. Тэгсэн чинь ноосон малгайгаа дээш нь шуусан 30-40 орчим насны залуу гарч ирээд яаж байгаа юм бэ гээд надруу уурлаад байсан. Тэгэхээр нь юун сүртэй юм бэ согтуу хүн хальтирч унах гээд түшээд босч байгаа биздээ гээд өөдөөс нь жаахан хашгираад хэлсэн. Энэ үед нөгөө залуу машинаас бууж ирээд та нар ер нь хэдүүлээ явж байгаа юм бэ манай дүү нарыг амжихгүй шүү гэж хэлсэн чинь машины ар талаас нь хоёр залуу гараад ирсэн. Ингээд тэр залуутай хэрэлдэж байх үед найз М.Э ирж машины түлхүүр надаас авсан. М.Э түлхүүр аваад явсан чинь сүүлд гарч ирсэн хоёр залуу надруу дайраад хүрээд ирсэн. Тэгээд нэг залуу нь намайг бариад авсан чинь нөгөө залуу нь заамдаад авсан. Тэгээд яаж байгаа юм бэ гэсэн чинь надтай зууралдаж байх хооронд намайг үсээ хажуу тийш нь самнасан хар өнгийн куртиктэй сүүлд гарч ирсэн залуу миний хамар орчим цохиод авсан. Тэгээд хойшоо болоод зайгаа авах гэсэн чинь нөгөө хоёр залуу намайг тавихгүй байхаар нь гадуур куртикээ тайлаад тэд нараас зайгаа авсан. Ингээд хойшоо зайгаа авахдаа машиных нь копутан дээр нь өнхөрсөн чинь М.Э түлхүүр өгчихөөд буцаад хүрч ирээд боль гээд надтай зууралдаж байсан хоёр залуутай очиж уулзаад одоо бүгдээрээ салъя гээд байж байхад намайг цохьсон залуу ирээд хажуу талаас нь цохьсон байгаа. Энэ үед М.Э нүдээ таглаад машин руу гүйгээд орсон. Тэгээд найз Б.М машинаас бууж ирээд нөгөө 3 залуугийн дундуур нь салгах гэж орсон. Тэгсэн чинь машин дотор сууж байсан бүдүүн залуу бууж ирээд машин цохьчихлоо гээд жолоо барьж байсан залуу нь шууд дайраад ирсэн чинь нөгөө хоёр залуу надруу дайраад байхаар нь хойшоо зугтааж байгаад хальтраад унасан. Тэгээд цаанаас хоёр залуу ирээд газар унасан байхад нийлээд цохиод байсан. Энэ үед найз Б.М орж ирээд намайг босгож авсан байгаа. Энэ үед найз М.Э машинаас бууж ирээд миний нүд юм харахаа больчихлоо гээд тэрүүгээр хашгирсан чинь тэр залуучууд бүгдээрээ зугтаад яваад өгсөн. Тэгээд бид нар цагдаа дээр ирээд шууд гэмтлийн эмнэлэг орсон байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-22, 23-24/
4. Хохирогч М.Э-гийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...2016 оны 11 дүгээр сарын 12-ны шөнө 01 цагийн орчим найз нар болох М.Б, Б.М, А.С нартай Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн 100 дугаар дэлгүүрийн орчим уулзсан юм. Тэгээд бид нар хамт бааранд орохоор болоод ZU нэртэй газар орох гэж байсан чинь хүлээн авалттай учраас гадны хүн оруулахгүй гэсэн. Ингээд бид нар Минт бааранд орохоор ярилцаад найз М.Б-ийн 39-57 УНМ улсын дугаартай Ланд Круйзер 200 маркийн машинаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт баарлуу явсан. Минт бааранд М.Б, Б.М, А.С бид дөрөв 01 цаг 30 минутын орчим орсон байгаа. Бааранд ороод эхлээд 0.75 литрийн нэг шил виски, ундаа, ус захиалаад уусан. Ингээд авсан виски архийг бид 4 хувааж уугаад дуусгасан. Тэгээд юм яриад сууж байгаад дахиад нэг шил виски архи захиалаад авсан. Сүүлд авсан вискинээс би нэг их уугаагүй ууж байсан архиа ундааны лаазанд буцааж хийгээд бага уусан. Тэгээд бид нар юм яриад сууж байгаад баар хаах цаг нь болоод 03 цаг 30 минутын орчим баарнаас гарсан байгаа. Минтээс гараад би найз М.Б-ийн машиныг бариулах жолооч олох гээд хүмүүстэй яриад зогсож байхад М.Б цаашаа машинруу явж байсан. Машин руу явж байхад М.Б-ийг харсан чинь өөр хүний машин налсан зогсож байх шиг байсан. Би жолоочтой 10.000 төгрөгөөр явахаар тохироод машины түлхүүрийг нь авах гээд очиход нэг машинтай залуучуудтай маргалдсан зогсож байсан. Би жолоочийн хамт машин дээр очоод машин асаагаад эргээд найз М.Б дээр яваад очсон чинь 3-4-үүлээ дайраад нэг залуу нь цохиж байгаа харагдсан. Ингээд би найз М.Б-ийг өөрлүүгээ татаад тухайн залуучуудаас салгаж аваад одоо больцгоо гээд зогсож байхад нэг залуу хажуу талаас цохиод авсан. Тэгээд нүдээ дарсан чинь миний нүднээс цус гараад байсан ба энэ үед нүдээ нээгээд харсан чинь баруун талын нүд харанхуй оргиод харахгүй байсан. Яг цохиулсны дараа нүдээ бариад доошоо тонгойж байсан чинь хажууд саарал өнгийн малгайтай цамц өмссөн залуу миний хажууд зогсоод зуурчихсан зогсож байхаар нь танай найзууд намайг цохьчихлоо гэж хэлсэн чинь намайг тоож юм ярихгүй байхаар нь машинруу яваад суусан байгаа. Тухайн үед би нүдээ цохиулчихаад 41-14 УБГ улсын дугаартай Волксваген Тоуарег маркийн машины дугаарыг нь цээжилсэн. Машинд сууж байхад найз Б.М, М.Б хоёр дуудлагын жолоочийн хамт ирээд шууд цагдаа дээр ирсэн байгаа. Цагдаа дээр ирэхэд гэмтлийн эмнэлэгт эхлээд очиж үзүүл гэхээр нь шууд гэмтлийн эмнэлэг орж үзүүлсэн чинь нэгдүгээр эмнэлэг дээр яаралтай очиж үзүүлээд толгойн томограф хийлгэ гэсэн. Үүний дагуу бид нар нэгдүгээр эмнэлэг дээр очиход харъяалалын бус гээд үзээгүй учраас Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар эмнэлэгт очиж үзүүлсэн. Уг эмнэлэгт үзүүлэхэд яаралтай хагалгаанд орох шаардлагатай гээд хагалгаанд оруулсан байгаа. Тэгээд хагалгаанд орсоны дараа 4 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-30, 31-32, 33-34, 35/
5. Гэрч Б.М-гийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...Минт бааранд М.Б, М.Э, А.С бид дөрөв 01 цаг 30 минутын орчим орсон байгаа. Бааранд ороод эхлээд 0,75 литрийн нэг шил виски, ундаа, ус захиалаад уусан. Бид нар бааранд байхдаа дахиж нэг шил виски авсан боловч дуусгаж чадаагүй. Бид нар бааран дотор байхдаа ямар нэгэн хүнтэй маргалдаж муудаагүй байгаа. Тэгээд баарнаас гараад найз М.Б-ийн машиныг барих жолооч авсан. Тухайн үед М.Э жолооч аваад би эхнэр А.С-эг суулгаад өөрөө суух гэж байхад найз М.Б-ийг нэг залуу нүүр орчим цохиж байсан. Тэгээд би очоод найз М.Б-ийг салгаад байж байхад ард найз М.Э-г нэг залуу цохьсон байсан. Би найз М.Э-г цохьсон залууг бол харж чадаагүй. Тухайн үед 4-5 залуучууд байсан бөгөөд би тэд нарыг салгах гэж оролдож байсан. Энэ үед найз М.Э миний нүднээс цус гараад байна гэж хэлээд зогсож байхад нэг залуу нь найз М.Э-г явуулахгүй зогсоод байсан. Тэнд байсан нэг залуу та нар манай дүү нарт алуулна шүү гээд дайраад байсан. Тухайн маргаан зодоон болж байхад нэг залуу нь бид нарлуу дайраад байсан. Нэг залуу нь онцгойроод дайраад цохиод байсан. Би найз М.Б-ийг салгах гэж байхад нэг залуу нь намайг цохьсон байсан. Тухайн үед миний биед гэмтэл учраагүй шүүх эмнэлэгт үзүүлж өргөдөл өгөөгүй байгаа. Ингээд найз М.Б-ийг салгаад байж байхад эхнэр А.С-э машинаас бууж ирээд М.Э-гийн нүд нь юм харахгүй байна та нар болиочээ эмнэлэг явъя гэхээр нь сандраад найз М.Б-ийг машинд суулгаад эмнэлэг орохоос өмнө цагдаа дээр ирсэн байгаа. Ингээд машин дотор явж байхдаа М.Э 41-14 УБГ улсын дугаартай машинтай хүн миний нүдрүү цохьсон гээд машины дугаарыг нь сайн мэдэж байсан. Ингээд цагдаа дээр ирж хэлээд гэмтлийн эмнэлэг явсан байгаа. Гэмтлийн эмнэлэг ороод бид хоёрыг Сансарт байх гэрт хүргэж өгөөд М.Б, М.Э жолооч нар яваад өгсөн байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-38/
6. Гэрч Б.Мб-ын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...Минт бааранд шөнө 00 цаг өнгөрч байхад орсон. Тухайн үед Э.Т гадуур хүнтэй уулзаад ирье гэж хэлээд миний машиныг аваад явсан байгаа. Бид 4 ороод бааранд...литрийн нэг шил виски, ундаа пиво авсан байгаа. Авсан вискигээ уугаад гарах гэж байхад Э.Т ирсэн юм. Ирээд ахын дүү машинаа дуудлагын жолоочоор бариулчих гэж хэлээд авсан вискинээс нэг татуулаад явахаар гараад гадаа тамхи татаад дуудлагын жолооч дуудаад машин дортоо суугаад байж байсан. Энэ үед дүү Э.Т гадаа тамхи татаад машины хажууд надтай юм яриад зогсож байсан чинь 10 орчим метрийн зайтай байсан хар өнгийн Ланд Круйзер 200 маркийн автомашин руу чиглээд нэг том биетэй залуу орилоод машинруугаа алхаад явж байсан. Тухайн үед машинруугаа явж байх замдаа бохь чихэр зарж байгаа болон дуудлагын жолооч нарыг цохих гээд агсам тавиад явж байгаад Э.Т-г ахын дүү наашаа хүрээд ир гэсэн чинь Тэмка яваад очсон чинь “чи дуудлагын жолооч уу” гэж асуухад бишээ ахаа гээд буцаад машинруу алхасан чинь араас нь хөөе чи яасан том бацаан бэ нааш ир гэсэн чинь жаахан айсан маягтай хүрээд ирсэн чинь өөдөөс нь нөгөө залуу томроод яасан овоо хулгайч вэ гээд хүрээд ирэхэд хамт явсан нэг залуу нь явъя гээд байсан. Ингээд тэр Э.Т та гай болов оо хол байгаарай гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө залуу нь уурлаад Э.Т руу дайрсан. Тэгээд нөгөө бүдүүн залуу нь Э.Т-г цохих гээд дайрсан чинь хамт явсан нэг залуу нь бүдүүн залуугаа бариад авсан чинь өөр нэг нүдний шилтэй залуу гүйж ирээд Э.Т-г заамдаад авсан. Тэгээд байж байх хооронд заамдуулсан байсан Э.Т-г барьж нөгөө бүдүүн залуу ирээд хэд хэд цохьсон чинь Тэмка нөгөө заамдуулсан байсан залуугаа цааш нь түлхэж байгаа харагдсан. Ингээд нэг харсан чинь түлхүүлсэн залуу газар уначихсан байдалтай байсан. Энэ үед Э.Т нөгөө цохьсон залууруу уурандаа дайрсан чинь хамт явсан нэг залуу нь нийлээд дайрах гээд байсан. Тэгээд болохоо болихоор нь П.М, Ц бид 3 буугаад нэг нь очоод Э.Т-г салгаж аваад одоо больцгоо гэж хэлсэн. Тэгээд хамт явсан охидууд нь машинаасаа буугаад салгасан. Ингээд байж байхад нэг охин хашгирч хамт явсан том биетэй залуу руу дайраад болиоч гэж хэлсэн байгаа. Тэгсэн чинь том биетэй залуу нөгөө охиныг нь мангасдаад унагасан чинь Э.Т барьж авсан. Тэгээд Э.Т чи эмэгтэй хүнд гар хүрээд ямар арчаагүй залуу бэ гэж хэлсэн чинь дахиж дайрахаар нь нөгөө хамт явсан найз нь явуулахгүй бариад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-43/
7. Гэрч А.С-ийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...2016 оны 11 дүгээр сарын 12-ны шөнийн 01 цагийн орчим найз нар болох М.Б, М.Э, Б.М нартай Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн 100 дугаар дэлгүүрийн орчим уулзсан юм. Тэгээд бид нар хамт бааранд орохоор болоод ZU нэртэй газар орох гэж байсан чинь хүлээн авалттай учраас гадны хүн оруулахгүй гэсэн. Ингээд бид нар Минт бааранд орохоор ярилцаад найз М.Б-ийн 39-57 УНМ улсын дугаартай Ланд Круйзер 200 маркийн машинаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт баарлуу явсан. Минт бааранд М.Б, М.Э, нөхөр Б.М бид дөрөв 01 цаг 30 минутын орчим орсон байгаа. Бааранд ороод эхлээд 0,75 литрийн нэг шил виски ундаа ус захиалаад уусан. Би тухайн үед авсан 2 шил вискинээс нь нэг их уугаагүй амсах төдий байсан. Ингээд байж байгаад баар хаах цаг болоод 03 цаг өнгөрч байхад баарнаас гарсан. Гараад бид нар жолооч авах гэж байсан чинь 15.000 төгрөгөөр явна гэхээр нь өөр жолооч авахаар боллоо би нөхөр Б.М-гийн хамт машин руу яваад найз М.Э яриад үлдсэн. Тэгээд машин дээр очоод байж байхад М.Э жолоочтой тохироод араас ирээд машин асаагаад би машин дотор суусан. Ингээд намайг машин дотор сууж байхад М.Э нүдээ цохиулсан орж ирээд ар талын сандал дээр суусан. Би тухайн үед урд талд нь сууж байсан юм. Ингээд М.Б болон өөр залуучуудыг салгах гээд байж байхад нэг нь намайг хойшоо гээд түлхсэн чинь би газар унаад байж байхад манай нөхөр Б.М ирээд намайг аваад машинд суулгасан. Ингээд М.Э юм харахгүй байна гэхээр нь тэр хоёрыг дуудаад бид нар бөөндөө цагдаа дээр ирсэн. Цагдаа дээр ирээд гэмтлийн эмнэлэг яв гэсэн учраас шууд явсан байгаа. Гэмтэл дээр очоод би жолоочтой үлдээд тэр 3 дотогшоо ороод хүлээж байх хооронд машинд унтсан байсан. Нэг мэдсэн чинь гэрийн гадаа ирсэн байхаар нь Б.М-гийн хамт гэртээ орсон байгаа. Мөн машин дотор сууж байхад өндөр шар царайтай залуу ирээд М.Б-ийн машиныг нь өшиглөөд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45/
8. Гэрч П.М-ийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...Бааранд Б.Мб, Ц-, Э бид 4 орсон байгаа. Тухайн бааранд ороод нэг шил виски хоол ус ундаа жимс аваад авсан вискигээ уусан байгаа. Тэгээд баарнаас гараад дуудлагын жолооч хүлээгээд машиндаа сууж байсан юм. Энэ үед хүмүүс хоорондоо маргалдаад чимээ шуугиан гараад байсан. Тэгээд дахиад орилоод байхаар нь машинаас буусан чинь Э.Т нэг согтуу залуутай заамдалдчихсан Б.Мб очоод салгаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47/
9. Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№15578/-ний дүгнэлт:
-М.Б-ийн биед хамрын ясны хугарал таславчийн мурийлт, хамрын нурууны зулгаралт, зүүн гарын 1-р хурууны өнгөц шарх гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 54/
10. Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№413/-ний дүгнэлт:
-ШШҮХ-ийн ШЭШГ-ын шинжээч эмч 2016.11.17-ны өдөр гаргасан №15579 тоот дүгнэлт болон 2017.01.25-ны өдөр шинжээч эмч С.Одончимэгийн гаргасан №155 тоот дүгнэлтүүд үндэслэлгүй байна. 2017.01.20-ны өдөр шинжээч эмч Ч.Эрдэмболор, О.Болороо нарын гаргасан №155 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.
-М.Э-гийн баруун нүдний эвэрлэг бүрхүүл нэвтэрсэн шарх гэмтлийн улмаас эвэрлэг бүрхүүл сорвижиж, баруун нүдний харааны бууралт 0,03 болсон байна.
-Дээрх гэмтэл мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
-Баруун нүдний эвэрлэг бүрхүүл болон болорыг солих мэс заслаар нүдний хараа сэргэх боломжтой тул ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд хэрхэн нөлөөлөх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна. /хх-ийн 71-73/
11. Таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “...гэрч Б.М-д 1-5 хүртэл харж байгаад 1 дугаарт байх Энхзул овогтой Э.Т-гийн зургыг заагаад энэ хүн найз М.Э-г цохьсон байгаа. Энэ залуу бол тухайн үед ганцаараа дайраад байсан залуу мөн байна...М.Б-: 1-5 хүртэл дугаарласан зургуудыг харж байгаад 3 дугаарт байрласан байсан хүнийг /Э.Т-г/ зааж энэ хүн эхлээд миний хамарлуу цохиод дараа нь салгах гээд ирсэн манай найз М.Э-г цохиж гэмтэл учруулсан залуу мөн байна гэж шууд заасан болно...хохирогч М.Э нь 1-5 хүртэл харж байгаад 5 дугаарт /Э.Т-/ байх хүний зургыг заагаад энэ хүн миний нүүрлүү нэг удаа цохьсон...найз М.Б-ийг 5 дугаар байгаа залуу цохьсон гэдгийг нь санаж байна. М.Б-ийн хувьд 5 дугаарт тэмдэглэсэн байгаа залуутай анхнаасаа маргалдаад байсан...” /хх-ийн 99-108/
12. Яллагдагч Э.Т-гийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “...Миний хувьд М.Э гэж залуугаас биеэ татаж авахын тулд түлхэсэн байгаа. Тэрнээс биш цохиж санаатай гэмтэл учруулсан асуудал байхгүй. Би М.Б гэж залуугийн биед...гэмтэл учруулаагүй...Намайг М.Б гээд өндөр том биетэй залуу нь надруу дайрах үед М.Э гээд залуу миний биенээс зуурчихаад тавихгүй байсан юм. Ингээд би өөрийгөө М.Б гэж залуугаас хамгаалахын тулд М.Э гээд залууг өөрөөсөө холдуулж түлхэсэн байгаа. Тэрнээс биш цохьсон зодсон асуудал байхгүй. М.Б гэж залууг би цохих ямар ч боломж байгаагүй. Харин эсрэгээрээ М.Б гээд өндөр том биетэй залуу намайг цохиод байсан. М.Э, М.Б гээд хоёр залуугийн хувьд их хэмжээний согтолттой тэр хавиар байсан хүмүүсрүү дайраад зодох гээд байсан байгаа...Би М.Э гээд залууг нүдний шилтэй байгааг нь анзаарч хараагүй. Учир нь М.Б гээд залуу нь гартаа пивоны шил барьчихаад цохих гээд дайраад байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 94-96/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Т нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 132/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№15578/-ний дүгнэлт, материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№413/-ний дүгнэлт зэргийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Харин 2015 оны Эрүүгийн хуулиар “танхайрах” гэмт хэргийг гэмт хэрэгт тооцохгүй болсон, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлсэн буюу эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй байна.
Тиймээс прокуророос шүүгдэгч Э.Т-д холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй.
Тодруулбал шүүгдэгч Э.Т нь 2016 оны 10 дугаар сарын 11-ний шөнө 03:00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Минт” баарны гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн М.Б-тай “...дуудлагын жолоочтой андуурч, 10.000 төгрөгөөр жолоо барь, ямар овоо бацаан юм бэ...” гэхэд нь нүүрэн тус газарт нь цохиж М.Б-ийн биед “...хамрын ясны хугарал таславчийн мурийлт, хамрын нурууны зулгаралт, зүүн гарын 1-р хурууны өнгөц шарх...” гэмтэл бүхий хөнгөн хохирол, иргэн М.Э-тэй шүүгдэгчийг М.Б-тай маргалдсан, заамдсан байдалтай байхад нь салгахаар очоод “...боль оо, маргалдаад яах юм бэ, явцгаая...” гэхэд нь нүүрэн тус газарт нь цохиж М.Э-гийн биед “...баруун нүдний эвэрлэг бүрхүүл нэвтэрсэн шарх гэмтлийн улмаас эвэрлэг бүрхүүл сорвижиж, баруун нүдний харааны бууралт 0,03 болсон...” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол тус тус учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Э.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх...” гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч Э.Т-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Т-гийн холбогдсон гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч М.Б-ын мөрдөн байцаалтын шатанд хэргийн материалтай танилцаад гаргасан “...Миний...гэмтлийг өөрийн мөнгөөр эмчилсэн болохоор төлбөрийг нэхэмжлэх бодолгүй байгаа...хуулийн дагуу гомдлыг шийдвэрлүүлмээр байна...” гэсэн тайлбар /хх-ийн 169/, хохирогч М.Э-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Э.Т надад эхний эмчилгээний зардал төлж, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр үлдэгдэл мөнгийг нь төлөхөөр тохиролцсон. Э.Т цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө гэсэн, надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, шүүгдэгчийн хувийн байдал /...22 настай, дээд боловсролтой, “Войд” ХХК-д туслах ажилтан ажилтай.../, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч М.Э-д шүүхийн өмнөх шатанд 1.572.700 төгрөг, шүүхийн шатанд 3.730.000 төгрөг, нийт 5.302.700 төгрөгийг сайн дураар нөхөн төлсөн, цаашид гарах 4.500.000 төгрөгийн зардлыг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны дотор төлж барагдуулахаа илэрхийлж бичгээр баталгаа гаргасан зэргийг харгалзан шүүгдэгч Э.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокуророос Х овогт Э-ийн Т-д холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Х овогт Э-ийн Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Х овогт Э-ийн Т-г мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.
4. Э.Т-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТБОЛОР