Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | А.Ганзориг |
Хэргийн индекс | 128/2023/0777/З |
Дугаар | 128/ШШ2024/0334 |
Огноо | 2024-04-12 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 128/ШШ2024/0334
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ганзориг даргалж тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ю ХХК /РД:/,
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,
Маргааны төрөл: 20.006 м.кв талбайг ойн бүсэд давхцалтай гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг хэсэгчилсэн цуцалсан шийдвэртэй маргасан,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М/цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюунбилэг нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний "Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай" ******* тоот тушаалын Ю ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Хоёр.Хэргийн үйл баримтын тухайд:
2.2.Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн дугаартай Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр иргэн, аж ахуй нэгжүүдэд ойн сан бүхий хамгаалалтын бүсэд байрших иргэн, хуулийн этгээдийн тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг хэсэгчлэн болон бүхэлд нь цуцлах болсныг мэдэгджээ.
2.3.Дээрх мэдэгдлийн дагуу нэхэмжлэгч Ю ХХК-иас Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хариу тайлбарыг хүргүүлжээ.
2.4.Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт хүргүүлсэн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн санал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны ******* дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 7 дугаар хурлын шийдвэрийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ******* дүгээр тушаалаар 36 иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хэсэгчлэн болон бүхэлд нь цуцалсны нэг нь нэхэмжлэгч Ю ХХК-ийн 20006 м.кв хэсэгчилсэн газар ашиглах эрх багтаж байна.
Гурав.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар:
3.1.Нэхэмжлэгч Ю ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Ю ХХК нь аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах зорилгоор анх Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүсэлт гаргаж улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ******* тоот тушаалаар Б уулын Түргэний аманд 2.9 га газар ашиглах эрхийг олж авсан.
Тус газарт зориулалтын дагуу "Ю" ХХК-ийн аялал жуулчлалын цогцолбор байгуулахаар төлөвлөж зураг төслийг зураг төслийн тусгай зөвшөөрөлтэй "Д" ХХК, Амралтын газар, жуулчны баазад тавих ерөнхий шаардлага" MNS 6043: стандартад нийцүүлэн боловсруулан, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга, Нийслэлийн хот хөгжлийн газрын Хот төлөвлөлтийн хэлтсээр батлагдсан. Б Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 10 дугаар сарын 22-ны "Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт" хандсан ******* тоот албан бичгээр "Газар ашиглагчид олгогдсон газар давхцалгүй, газар ашиглалтын зөрчилгүй, газрын төлбөрийн үлдэгдэлгүй тул Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д заасны дагуу "аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалттай орон байр барих, ашиглах" зориулалтаар, 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу газар ашиглах эрхийн тоот гэрчилгээний хугацааг сунгуулах саналыг уламжилж байна" гэсний дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар захирамжаар газар ашиглах эрхийг 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл сунгасан. Мөн Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тоот гэрчилгээний хавсралтад Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн дарга Н.Б, тус газрын мэргэжилтэн Э.Эрдэнэхүү нар зөвшөөрч гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулсан. Тус төсөлд тусгай зөвшөөрөл бүхий "И " ХХК-иар байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгүүлж тус тайлан 2020 онд Байгаль орчны яамны Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэргэжлийн зөвлөлөөр баталсан. Дээрх байдлаар холбогдох бүх зөвшөөрлийг холбогдох эрх бүхий төрийн захиргааны байгууллага албан тушаалтнуудаас авсны үндсэн дээр төслийн ажлаа эхлүүлж нийтдээ 1,552,227,728 төгрөгийн зардал гарган дараах үйл ажиллагааг явуулаад байна.
1.Нийслэлийн байгаль орчны газрын ойн хэлтсийн даргын олгосон 2020.07.01-ны өдрийн 805 тоот худаг гаргах зөвшөөрлөөр "Э" ХХК-иар 2020.06.25-ны өдөр Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 11,880,000 төгрөгөөр худаг гаргуулсан.
2.Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021.05.20-ны өдрийн дугаартай Хашаа барих зөвшөөрлийг авч нийт 197,748,700 төгрөгөөр хашаа бариулсан. Үүнд:
2.1."Т" ХХК-иар 36,000,000 төгрөгөөр хашааны суурь,
2.2.Т ХХК-иар 85,109,200 төгрөгөөр металл хийцийн хашаа,
2.3."Ж" ХХК-иас 14,689,500 төгрөгөөр хашлага түрээс,
2.4."А" ХХК-иас 61,950,000 төгрөгөөр бетон зуурмаг зэрэг болно.
3.Эрчим хүч татах ажилд нийтдээ 1,087,672,728 төгрөг зарцуулсан. Үүнд:
3.1."Э" ХХК-аар 32,672,728 төгрөгөөр 10 кВ-ын шугам, дэд өртөө, хуваарилах байгууламж, дизель станцын ажлын зураг төсөл хийлгэсэн.
3.2."Э" ХХК-иар 10 кв-ын 15,9 км ЦДАШ-ын барилга угсралт, 10/0,4кВ-ын 1000ква чадалтай дэд өртөөг суурилуулж угсарч холбуулах ажлыг 1,055,000,000 төгрөгөөр хийлгэсэн.
3.3.Батлагдсан зургийн дагуу 20*54 м.кв хэмжээтэй урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулах бетон задгай талбайг 66,700,000 төгрөгөөр барьж байгуулсан,
3.4.Аялал жуулчлалын цогцолбор байгуулахаар зураг төслийг зураг төслийн тусгай зөвшөөрөлтэй "Д" ХХК-иар 60,000,000 төгрөгөөр хийлгэсэн.
3.5. Бусад зардал 128,226,300 төгрөг болсон.
Мөн бид ашиглах эрхтэй газартаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэр бум мод үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж эхэлсэн ба одоогийн байдлаар 4,000 ширхэг мод тарьж ургуулан арчилж байгаа билээ. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны фэйсбүүк дээрх албан ёсны пэйж хуудас дээр 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр "Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай нийтлэлийг Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.10-д заасныг зөрчиж хамгаалалтын бүсийн ойд газар ашиглах эрх олгогдсон байх тул газар ашиглах эрх цуцлах болсныг мэдэгдсэн мэдэгдэл тавигдсаны дотор манай "Ю" ХХК-ийн газар ашиглах эрхтэй газар хамгаалалтын бүсийн ойд 20006 м.кв хэмжээтэйгээр давхацсан гэж дурдсан.
Манай компанийн ашиглалтын эрхтэй газарт ой байхгүй. Мөн анх газар ашиглах эрх авч, сунгуулж, хашаа барих зөвшөөрөл авахад, Худгийн зөвшөөрөл авахад, аялал жуулчлалын цогцолборын эх загвар зургийг батлуулахад зэрэг бүхий л цаг хугацаанд ойн бүстэй давхацсан гэх асуудал гарч байгаагүй. Энэ талаарх хариуг сонсох ажиллагааны үед 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн албан бичгээр хангалттай тайлбар, нотлох баримтыг хүргүүлсэн.
Гэвч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн "Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай" ******* тоот тушаал гарсныг 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Фэйсбүүк пэйж хуудас дээр байршуулсныг мэдсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ******* дүгээр захирамжийн хавсралтын 7 дугаарт Ю ХХК-ийн ашиглах эрхтэй газраас 20.006 м.кв талбайг ойн бүсэд давхцалтай гэсэн үндэслэлээр хэсэгчлэн цуцалсан байна. Тус захирамжид Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.10-д зааснаар "ойн сангийн талбайд давхцалтай үндэслэлээр" газар ашиглах эрхийг цуцалжээ.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40.4-д "Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дараах тохиолдолд хүчингүй болно: 1/Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3, 40.1.4, 40.1.5, 40.1.6, 40.1.7-д заасан үндэслэлээр; 2/Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан хувь хэмжээгээр тэмдэгтийн хураамж төлөөгүй" гэж тус тус заасан. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн "Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай" ******* тоот тушаалд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 болон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан аль ч үндэслэлийг нэрлэн заагаагүй бөгөөд тийм үндэслэл үүсээгүй байхад буюу хуульд байхгүй үндэслэл болох "Ойн сантай хэсэгчлэн давхцалтай гэх үндэслэлээр" газар ашиглах эрхийг цуцалж буй хуулийн дээрх заалтуудыг зөрчжээ. Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д "ой" гэж мод, бут, сөөг болон бусад ургамал, хаг хөвд, амьтан, бичил биетэн шүтэлцэн орших хам бүрдлийн экологи-газарзүйн онцлог нөхцөл бүхий орчныг хэлнэ гэж заасан бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд шийдвэр гаргахдаа бодит байдлыг бүрэн тогтоогоогүй бөгөөд манай ашиглалтын газар бодит байдал дээр ой биш, газрын мэдээллийн нэгдсэн сан болох egazar.gov.mn дээр ч ойн сан биш атал Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан ойд хориглох үйл ажиллагаа гэж заасныг үндэслэн газар ашиглах эрхийг цуцалсан нь үндэслэлгүй байна. Энэхүү хууль зөрчсөн шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална. 4.2.1.хуульд үндэслэх, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх 4.2.8-д хууль ёсны итгэлийг хамгаалах" гэж заасан зарчмуудыг илтэд зөрчсөн үйл ажиллагаа болсон байна. Иймд Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн "Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай" ******* тоот тушаалын "Ю" ХХК- д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2023 оны 05 дугаар сард Байгаль орчин, аялал жуулчлалын яам фейсбүүк хуудастаа сонсох ажиллагааны мэдэгдэл гэх зүйлийг байршуулсан байсан. Олон оролцогчид нэгэн зэрэг сонсох ажиллагааг явуулж байгаа тохиолдолд сонсох ажиллагааг хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулж сонсох ажиллагааг явуулж болно гэж хуульд заасан байдаг боловч фейсбүүк нь хэвлэл мэдээллийн байгууллага биш. Дээрх сонсох ажиллагааны мэдэгдэлд Ю ХХК-ийн газар ашиглах эрхээс хамгаалалтын бүсэд 2 га газар давхацсан гэж дурдсан байдаг. Ю ХХК энэ талаар мэдээд холбогдох баримтууд, тайлбаруудаа Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн. Улмаар тухайн албан бичигт ямар нэг хариу өгөхгүй байж байгаад 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ******* дугаар газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал гарсан. Уг тушаалын хавсралтад Ю ХХК-ийн газар ашиглах эрхийг 2 га газрыг ойн бүстэй давхацсан үндэслэлээр хэсэгчлэн цуцалж шийдвэрлэсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын ******* дүгээр тушаалд ямар үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалж байгаа талаар хууль зүйн үндэслэлгүйгээр газар ашиглах эрхийг цуцалчихсан. Газрын тухай хуульд Газар ашиглах эрхийг цуцлах үндэслэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар газар эзэмших эрхийг цуцлахтай нэгэн адил байна гэж заасан байдаг. Гэтэл ******* дүгээр тушаалд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлүүдээс газар ашиглах эрхийг цуцалж байгаа аль нэг үндэслэлийг нэрлэж заагаагүй хэр нь нэр нь газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай гэдэг. Б уулын дархан цаазат газрын ойн сантай давхцалтай талаарх Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны саналд үндэслэн тус газар ашиглах эрхийг цуцалсугай гэж дурдсан. Гэтэл Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа Ю ХХК-тай газар ашиглах эрхийн гуравласан гэрээ, үйл ажиллагаа явуулах зөвшөөрлүүд, хашаа барих зөвшөөрөл, худаг ашиглах зөвшөөрөл гэх мэт зөвшөөрөл олгож тухайн газарт Ю ХХК үйл ажиллагаа эхлүүлснийх нь дараа ойн бүстэй давхацсан гэж нэрлэн зааж байгаа нь бодит үндэслэл болохгүй. Маргаан бүхий 2 га газрыг хэсэгчлэн цуцалж байгаа газарт нь очиж бодитоор үзлэг хийсэн. Үзлэгээр тухайн газарт ой байхгүй. Харин Ю ХХК-ийн газрыг ашиглаж байгаагийн хувьд батлагдсан аялал жуулчлалын цогцолборын үйл ажиллагаатай уялдуулаад ногоон байгууламж, мод тарих үйл ажиллагаа явуулж байгаа. Ю ХХК-ийн хувьд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэрэгжүүлж буй Тэр-бум мод төслийн хүрээнд мод тарьж ургуулах, арчлах талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид амлалт өгсөн. ******* тушаалыг агуулгын хувьд ямар шийдвэр гаргаад байгааг ойлгох үндэслэл байхгүй байна. Газар ашиглах эрхийг цуцлаад байгаа юм уу, эсхүл газар ашиглах эрх олгосон шийдвэр нь Ойн тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр гэж үзээд хууль зөрчсөн шийдвэр учраас хүчингүй болгоод байгаа юм уу гэдэг нь ойлгомжгүй. Газар ашиглах эрх цуцалж байгаа бол Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль нэг заалтыг заах ёстой, Ойн тухай хуулийг нэрлэн зааснаар нь таагаад авч үзье гэх юм бол 2016 онд газар ашиглах эрх олгож байгаа учраас эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт. Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт учраас хууль бус байх юм бол 5 жилийн дотор хүчингүй болгох эрх нь байгаа. 2016-2023 онд дээрх 5 жилийн хугацаа өнгөрсөн. Мөн хууль ёсны итгэл хамгаалах зарчим зөрчигдөж байна. Ю ХХК эрхийг нь олгож байгаа байгууллагуудын өөрсдийнх нь зөвшөөрөлд итгээд 1 тэрбум 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд үйл ажиллагаа явуулж байгаа. Бодитоор энэ газарт ямар нэг хаус, хотхон, хороолол барьсан зүйл байхгүй, аялал жуулчлалын цогцолборын үйл ажиллагаа батлагдсан төсөл, төлөвлөгөөнийхөө дагуу явж байгаа. Тиймээс Ю ХХК-ийн газар ашиглах эрхийг ойн сантай давхацсан үндэслэлээр цуцлах үндэслэл огт байхгүй. Мөн сонсох ажиллагааны мэдэгдэл фейсбүүкт тавигдсанаас гадна газар дээр очиж нөхцөл байдлыг зөв тогтоох ёстой байсан боловч очоогүй. 2016 онд анх газар ашиглах эрх авахад тухайн газарт ямар нэг хуулийн зөрчил байгаагүй. Хууль ёсны итгэл хамгаалах зарчмыг зөрчиж байгаа учраас оны Засгийн газрын тогтоол хамаарахгүй. 2016 оноос хойш газрын төлбөрийг жил бүр төлж ирсэн, газар эзэмших гэрээний ямар нэг зөрчил гаргаагүй. Нэхэмжлэгч талаас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын ******* дүгээр тушаалын хууль зүйн үндэслэлүүдтэй маргаж байгаа. Цуцлах гэдэг агуулга нь иргэний эрх зүйн харилцаанд хэрэглэгддэг. Бусад тохиолдолд шийдвэр, зөвшөөрлийг хүчингүй болгодог. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т тодорхой заасан байдаг. 2016 онд уг газарт газар ашиглах эрх олгосон хэр нь онд ойн сан бүхий газарт оруулаад зурчихсан. Геодези зураг зүйн газраас ирүүлсэн сүүлийн хариугаар и-газар цахим системийн зургийг үндэслэнэ гэж ойлгож байгаа. и-газар цахим системийн зургаар ойн сан бүхий газарт ороогүй. Иймээс аль ч утгаараа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын шийдвэр хууль зүйн болон бодит үндэслэл байхгүй. Нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг ноцтой зөрчсөн. Хэрвээ онд ойн сан бүхий газарт багтаасан юм бол 2022 онд яагаад газар эрхийн хугацааг сунгасан юм бэ?, Ю ХХК-ийн хувьд ойн санд хохирол учруулахгүй, ойн санг баяжуулах, нөхөн сэргээх, хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын дэргэдэх мэргэжлийн зөвлөлөөр батлагдсан байгаль орчинд нөлөөлөх байдлын тайланд мөн энэ талаар тусгасан. Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 болон холбогдох заалтууд, Захиргааны ерөнхий хуулийг бүхэлд нь ноцтой зөрчиж гаргасан уг шийдвэр үйл ажиллагааг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг сэргээж өгнө үү гэв.
3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ******* дүгээр "Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай" тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.10 дахь заалтыг тус тус үндэслэн гарсан. "Ю" ХХК-ийн газар ашиглах эрхтэй газар нь Б уулын дархан цаазат газрын ойн сангийн талбайд давхцалтай гэсэн үндэслэлээр хэсэгчлэн цуцалсан ба Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт ирүүлсэн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн дугаар саналыг үндэслэсэн.
Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас нэхэмжлэгч компанид 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн дугаар албан бичгээр Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд тус тус зааснаар сонсох ажиллагааг явуулсан ба нэхэмжлэгч компаниас 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хариуг хүргүүлсэн байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ирүүлсэн дугаар "Сонсох ажиллагааны хариу хүргүүлэх тухай" албан бичгийг ирүүлсэн.
Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ******* дүгээр "Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай" тушаал хууль зүйн үндэслэлтэй байх тул "Ю" ХХК-аа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Бичгээр гаргасан хариу тайлбараа дэмжиж байна. Нэхэмжлэгч тал сонсох ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй гэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т заасны дагуу сонгох боломжоо ашиглаад албан ёсны фейсбүүк хуудастаа сонсох ажиллагааг байршуулж явуулсан. Үүний дагуу нэхэмжлэгч талаас хариу тайлбараа ирүүлсэн учраас сонсох ажиллагааг явуулсан гэж үзэж байна. Хэрвээ сонсох ажиллагааг хүлээн аваагүй, сонсох ажиллагаа хуулийн дагуу явуулаагүй бол үүнтэй холбоотой маргах, гомдол гаргах эрх нь нээлттэй байсан. ******* дүгээр тушаалтай маргахдаа манай газарт ой байхгүй гэдэг, ой байхгүй гэдгийг газар дээр ирж тогтоох ёстой байсан гэж байна. Ю ХХК-ийн хэсэгчлэн цуцалж байгаа талбай нь Ойн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан хамгаалалтын бүсийн ойд хамаарч байгаа. Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан байдаг. Мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.10-т энэ талаар тодорхой заасан иймд ******* дүгээр тушаал үндэслэлтэй. Нэхэмжлэгч талаас заавал Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцална гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинжтэй байх ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн ямар эрх ашиг сэргэх нь тодорхойгүй. Учир нь ойн сан бүхий газартай давхцалтай гэдэг нь эрх бүхий байгууллагуудын шийдвэрээр хангалттай тогтоогдсон. Нэхэмжлэгч талаас уг газар ойн сан бүхий газартай давхцалгүй байхад яагаад ингэж үзээд байгаа юм бэ гэж байна. Ойн сан бүхий газартай давхцалтай гэдгийг эрх бүхий байгууллагын судалгаа шинжилгээний дүгнэлтийн үндсэн дээр хангалттай тогтоосон. Хэрвээ нүдээр хараад тогтоох боломжтой зүйл байсан бол үүнийг тогтоохын тулд тусдаа байгууллага байх шаардлагагүй. Нэхэмжлэгч талаас тухайн газарт хуульд хориглоогүй үйл ажиллагаа бус аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эхлүүлсэн гэдгээ шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрсөн. Тиймээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын ******* дүгээр тушаалыг үндэслэлтэй байна гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбарыг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын тухайд:
2.1. дүүргийн нутагт орших Б уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутгийн Түргэний аманд байршилтай 29886.6 м.кв газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар тушаалаар аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах эрхийг нэхэмжлэгч Ю ХХК-д олгожээ.
2.2.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн дүгээр тушаалаар Монгол Улсын Засгийн газар, Кувейт Улсын Засгийн газар хооронд байгаль орчныг хамгаалах талаар байгуулсан санамж бичгийн хэрэгжилтийг хангах, гадаад дотоодын аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, жуулчдын тав тухтай аялах, амрах орчинг нэмэгдүүлэх хүрээнд Б уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Зайсангийн ам болон Түргэний аманд байрлах хавсралтад дурдсан 15 иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгосны дотор нэхэмжлэгч Ю ХХК-ийн 3 га газар багтсан байна./хх-2-37/
2.3.Эмерэлдтерра ХХК, Ю ХХК, Т ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан дээрх 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн дүгээр тогтоолоор хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг буцааснаар анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.
2.4.Ю ХХК-иас 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай удирдлагын газарт газар ашиглах эрхийн гэрчилгээг дахин олгож өгөх хүсэлт гаргаж, 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр А ХХК-иар нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг тодорхойлуулсан 29911 м.кв газрын кадастрын зураг, эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудсыг хүргүүлжээ.
2.5.Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай шийдвэрийн дагуу Ю ХХК-ийн газар ашиглах эрхийг анх эрх олгогдсон байршилд олгохоор шийдвэрлэх гэсэн боловч дархан цаазат газрын хамгаалалтын бүсийн хилийн заагт 2017 онд өөрчлөлт орсон тул компанийн хүсэлтийн дагуу газар дээр нь А ХХК-ийн хэмжилт хийсэн нэгж талбарын солбицлоор анх олгосон солибцлийг өөрчлөх боломжтой болохыг тогтоож, бусад иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газартай давхцалгүй учир яамны мэдээллийн санд байршлын өөрчлөлт оруулах татгалзах зүйлгүй талаарх агуулга бүхий саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргад хүргүүлсэн байна./хх-2-31/
2.6.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ******* дүгээр тушаалаар шүүхийн шийдвэрийг биелүүлж, Ю ХХК-ийн 3 га газар ашиглах эрхийг сэргээж, Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны саналыг үндэслэн тус компанид Түргэний аманд 3 га газрыг байрлал шилжүүлэн олгохыг зөвшөөрч, 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн дугаартай газар ашиглах гэрчилгээгээр дүүргийн нутаг дэвсгэрт орших Б уулын дархан цаазат газрын Түргэний аманд 3 га газрыг 5 жилийн хугацаатай олгосон бөгөөд уг газрын байршлыг А ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хийсэн кадастрын зургийн солбицлоор тодорхойлсон ба талууд энэ талаар маргаагүй.
2.7.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар тушаалаар Ю ХХК-ийн 29886.6 м.кв газар ашиглах эрхийг 2026 оны 5 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 5 жилийн хугацаагаар сунгаж, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дугаартай газар ашиглах гэрчилгээг олгожээ./хх-2-58-61/
2.8.Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн дугаартай албан бичгээр тус захиргаанаас иргэн, хуулийн этгээдийн газар ашиглалтын байдалд хийсэн хяналт шалгалтаар нэр бүхий иргэн, хуулийн этгээдэд Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, 29 дүгээр зүйлийн 29.1.10-т заасныг зөрчиж газар ашиглах эрх олгосон нь тогтоогдсон үндэслэлээр ойн сантай давхацсан газар ашиглагч иргэн, аж ахуй нэгж, байгууллагын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг хэсэгчлэн болон бүхэлд нь цуцлах болсныг мэдэгдэж, 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн дотор хавсралтад дурдсан газар ашиглагчид хариу тайлбараа албан бичгээр тус хамгаалалтын захиргаанд ирүүлэхийг дурджээ.
2.9.Улмаар тус хамгаалалтын захиргааны 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн дугаар албан бичгээр нэр бүхий 36 иргэн, хуулийн этгээдэд Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, 29 дүгээр зүйлийн 29.1.10-д заасныг зөрчиж газар ашиглах эрх олгосон нь тус захиргаанаас иргэн, хуулийн этгээдийн газар ашиглалтын байдалд хийсэн хяналт шалгалтаар тогтоогдсон үндэслэлээр ойн сантай давхацсан газар ашиглагч иргэн, аж ахуй нэгж, байгууллагын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг хэсэгчлэн болон бүхэлд нь цуцлах саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалтай газар нутгийн бодлогын газарт хүргүүлсний дотор нэхэмжлэгч Ю ХХК-ийн нэгж талбарын дугаартай Түргэний аманд байршилтай 29891 м.кв газраас 20006 м.кв газрыг хэсэгчлэн цуцлах санал багтжээ.
2.10.Нэхэмжлэгч Ю ХХК-иас 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн албан бичгээр Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандан хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаатай холбогдуулан хариу тайлбар хүргүүлснийг тус захиргааны 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалтай газар нутгийн бодлогын газарт хүргүүлсэн байна.
2.11.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ******* дүгээр тушаалаар Б уулсын дархан цаазат газрын ойн сангийн талбайд давхцалтай хавсралтад нэр дурдсан 36 иргэн, аж ахуй нэгж, байгууллагын 169405 м.кв газар ашиглах эрхийг Б уулсын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн дугаар албан бичгээр ирүүлсэн санал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны ******* дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 7 дугаар хурлын шийдвэрийн дагуу цуцалж шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч Ю ХХК-ийн 20006 м.кв хэсэгчлэн цуцлагдаж, 9885 м.кв газар ашиглах эрхтэй болжээ.
2.12.Нэхэмжлэгч талаас 2016 оноос хойш газрын төлбөрөө төлж ирсэн, ямар нэг газар ашиглах гэрээнд заасан болон хуульд заасан зөрчил гаргаагүй байхад захиргааны байгууллага өөрийн гаргасан шийдвэрийг 5 жилийн дараа нэхэмжлэгч цуцалсан, захиргааны шийдвэр гаргахад баримтлах бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй, газрын үзлэг хийлгүйгээр шийдвэр гаргасан нь хууль бус, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг ноцтой зөрчсөн, захиргааны байгууллагаас 2016, 2021 онуудад газар ашиглах эрхийг олгож, хугацааг сунгасан, нэхэмжлэгч компани Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайланд төлөвлөгдсөн, Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газраар баталгаажуулсан аялал жуулчлалын цогцолбор барих магадлал хийгдсэн эх загвар зургаар буюу төрийн эрх бүхий байгууллагын олгосон зохих зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж, 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн тул манай хууль ёсны итгэл хамгаалагдах ёстой гэж,
хариуцагч талаас ойн сан бүхий газартай давхцалтай эсэхийг 2021, 2022 оны эхэн үеэс Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Тусгай хамгаалалтын захиргаа шалгадаг болж, хяналт шалгалт хийж эхэлсэн, эрх бүхий байгууллагаас ирүүлсэн баримтаар нэхэмжлэгч компанийн газар ойн сан бүхий газартай давхцалтай байгаа нь тогтоогдож байгаа тул хууль ёсны итгэл хамгаалах зарчим үйлчлэхгүй, төрийн захиргааны байгууллага нэхэмжлэгчийн газар ашиглах эрх олгосон тушаалыг хүчингүй болгоогүй, харин газар ашиглах эрх олгосон гэрчилгээнд заасан газрын хэмжээнээс хэсэгчилж цуцалсан, түүнчлэн Ойн тухай хууль зөрчигдөж болзошгүй байгаа тул ойн сан бүхий газрыг хамгаалах зорилгоор урьдчилан шийдвэр гаргасан, нэхэмжлэгч уг маргаан бүхий газарт тодорхой үйл ажиллагаа явуулна гэдгээ хүлээн зөвшөөрсөн тул Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.10-т заасныг үндэслэн шийдвэр гаргасан үндэслэлтэй, шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинжтэй, гэтэл нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар нэхэмжлэгчийн ямар эрх сэргэх нь тодорхойгүй гэж тайлбарлан маргаж байна.
2.13.Засгийн газрын оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 323 дугаар Газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах газрын байршил, хэмжээг тогтоох тухай тогтоолыг баталж, Нийслэлд 76124.4 га, үүнээс дүүргийн нутаг дэвсгэрт 361.9 га газрыг ойн сан бүхий газрын ангилалд хамааруулан тогтоожээ.
2.14.Дээрх тогтоолын хүрээнд хийгдсэн тооллогын ажлын үр дүнг боловсруулан Газрын кадастрын мэдээллийн санд ойн сан бүхий газрын хилийн заагийг оруулсан бөгөөд нэхэмжлэгч Ю ХХК-ийн Б уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутгийн Түргэний аманд байршилтай 29886.6 м.кв талбайгаас 19989 м.кв нь ойн сан бүхий газартай, 9876 м.кв нь ой тэлэн ургах нөөц газартай давхцалтай болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр/хх-1-202/ тогтоогдож байна.
2.15.Гэхдээ Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаартай албан бичигт ...Тус газрын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дугаар албан бичигт дурдсан ойн сан бүхий газрын хилийн зааг нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2020-2021 онд хийж гүйцэтгэсэн Төрийн өмчийн газрыг зурагжуулж бүртгэн Газрын кадастрын мэдээллийн санд оруулж баталгаажуулах ажил-ын хүрээнд газрын нэгдмэл сангийн үндсэн болон дэлгэрэнгүй ангиллыг газар ашиглалтын зориулалт тус бүрээр тоолж, газрын нэгдмэл сангийн өгөгдөл, мэдээллийг шинэчлэн, Газрын нэгдмэл сангийн цахим системийг хэрэглээнд нэвтрүүлээд байна гэснээс үзвэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн ******* дүгээр тушаалаар нэхэмжлэгч Ю ХХК-ийн газар ашиглах эрхийг сэргээж, газрын байрлалыг шилжүүлэн /А ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хийсэн кадастрын зургийн солбицлоор/ 3 га газар олгох үед ойн сан бүхий газартай ямар нэг давхцалгүй байсан гэж үзэхээр байна.
2.16.Өөрөөр хэлбэл, маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ******* дүгээр тушаалд дурдсан Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай албан бичигт заасан Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, 29 дүгээр зүйлийн 29.1.10-д заасныг зөрчиж газар ашиглах эрх олгосон гэх үндэслэлд нэхэмжлэгч Ю ХХК хамаарахгүй буюу Засгийн газрын оны 323 дугаар тогтоолоор газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах газрын байршил, хэмжээг тогтоохоос өмнө Ю ХХК-д газар ашиглах эрхийг олгосон байна.
3.Хууль хэрэглээний хувьд:
3.1.Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ******* дүгээр тушаалд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.10 дахь заалтыг үндэслэжээ.
3.2.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах бүрэн эрхийг Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлэхээр, Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.10-т ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулах-ыг хориглохоор тус тус заажээ.
3.3.Мөн Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т ойн сан гэж энэ хуулийн 3.1.1-д заасан ой, ой дотор байгаа ойгоор бүрхэгдээгүй болон ойн тэлэн ургахад шаардлагатай талбай бүхий орчныг ойлгохоор, 5 дугаар зүйлийн 5.1-д Хамгаалалт, ашиглалтын хэлбэр, экологи эдийн засгийн ач холбогдлыг нь харгалзан ойн санг 5.1.1.хамгаалалтын бүсийн ой, 5.1.2.ашиглалтын бүсийн ой гэж ангилахаар, 8 дугаар зүйлийн 8.1-д Хамгаалалтын бүсийн ойд цармын бүслүүрийн ой, тусгай хамгаалалттай газрын болон сургалт, судалгааны зориулалттай ой, ногоон бүс, хориотой зурвасын ой, заган ой, баянбүрдийн ой, 100 га хүртэлх хэмжээний төгөл ой, бут, сөөг, З0 хэмээс илүү налуу газрын ой хамаарна, 8.6-д Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан байна.
3.4.Дээрх хуулийн хэм хэмжээнээс үзэхэд ой дотор байгаа ойгоор бүрхэгдээгүй болон ойн тэлэн ургахад шаардлагатай талбай бүхий газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулах, ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулах нь хуулиар хориглогдсон байна.
3.5.Хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий 20006 м.кв газар нь ойн сан бүхий газартай давхцалтай болох нь тогтоогдсон хэдий ч хариуцагч дээрх хуулийг зөрчиж нэхэмжлэгч компанид анхнаасаа хуулиар хориглосон газарт газар ашиглах эрх олгосон шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлгүй болох нь энэхүү шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2 дахь хэсэгт дурдсан үйл баримтаар тогтоогдож байна.
3.6.Өөрөөр хэлбэл, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нэхэмжлэгч Ю ХХК-д 2016 онд ******* дугаар тушаалаар 3 га газар ашиглах эрх анх олгосон, 2018 онд ******* дүгээр тушаалаар шүүхийн шийдвэрийг биелүүлж, 3 га газрын байрлалыг шилжүүлэн олгохыг зөвшөөрч, ашиглах эрхийг сэргээсэн, 2022 онд ******* дугаар тушаалаар Ю ХХК-ийн газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаагаар сунгасан зэргээс үзвэл нэхэмжлэгчид хууль зөрчиж газар ашиглах эрх олгосон гэж үзэх үндэслэлгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу газар ашиглах эрхийг олж авсан, маргаан бүхий 20006 м.кв ойн сан бүхий газарт хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулаагүй энэ нөхцөлд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д зааснаар нэхэмжлэгч Ю ХХК-ийн хууль ёсны итгэл хамгаалагдана.
3.7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд маргаан бүхий газарт үйл ажиллагаа явуулна, мод тарина гэж тайлбар гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч уг маргаан бүхий газарт тодорхой үйл ажиллагаа явуулна гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж буруутгаж байгаа боловч хариуцагч Ю ХХК-ийн маргаан бүхий 20006 м.кв ойн сан бүхий газарт хуулиар хориглосон ямар үйл ажиллагаа явуулж, хууль зөрчсөн болохыг тогтоогоогүй, шүүх хуралдаанд хэргийн оролцогч тайлбар гаргаж, үзэл бодлоо илэрхийлснийг хууль зөрчсөн гэж үзэхгүй, улмаар нэхэмжлэгч Ю ХХК-ийн газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах үндэслэл болохгүй.
3.8.Нөгөөтэйгүүр тусгай хамгаалалттай газарт газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэлийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 1/Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр, 2/тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, 3/тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх хүчингүй болсон гэж заасан буюу бусад үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгох хууль зүйн үндэслэлгүй байна.
3.9.Тодруулбал, газар ашиглах эрхийг цуцлах нь тухайн газрыг зориулалтын дагуу аливаа хэлбэрээр ашиглах боломжгүй болгож буй шинжээрээ газар ашиглах эрх дуусгавар болгосонтой адил эрх зүйн үр дагаврыг үүсгэж байна.
3.10.Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ******* дүгээр тушаалд газар ашиглах эрхийг дуусгавар болгосон хууль зүйн үндэслэлийг заагаагүй, нэхэмжлэгч компанийн хувьд хууль зөрчиж, хориглосон газарт газар ашиглах эрх олгосон гэх нөхцөл үгүйсгэгдэж байгаа тул уг шийдвэр нь хуульд үндэслэх Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан зарчмыг зөрчсөн гэж үзэхээр байна.
3.11.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Ойн тухай хууль зөрчигдөж болзошгүй байгаа тул ойн сан бүхий газрыг хамгаалах зорилгоор урьдчилан шийдвэр гаргасан гэж тайлбарладаг.
3.12.Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д Захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран түүнийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн цуцалж болно, 49.3-т Эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг түүнд гомдол гаргах боломжгүй болсон хэдий ч дараах тохиолдолд цуцалж болно гээд 49.3.1.цуцлах нөхцөлийг хууль, захиргааны хэм хэмжээний актад, эсхүл тухайн захиргааны актад заасан бол, 49.3.2.захиргааны актад нэмэлт зохицуулалт заасан бөгөөд түүнийг тухайн этгээд хуульд заасан хугацааны дотор биелүүлээгүй бол, 49.3.3.шинэ нөхцөл байдал бий болсноор нийтийн ашиг сонирхол зөрчигдөхөөр бол, 49.3.4.хууль, захиргааны хэм хэмжээний акт өөрчлөгдсөний үндсэн дээр захиргааны байгууллага тухайн захиргааны актыг гаргах эрхгүй болсон бөгөөд уг актаар эрх олгогдсон этгээд эрхээ хэрэгжүүлж эхлээгүй бол, 49.3.5.нийтийн ашиг сонирхолд ноцтой сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлэх, эсхүл түүнийг зайлуулахын тулд гэж эерэг нөлөөл бүхий захиргааны актыг цуцлах үндэслэлийг тусгайлан заажээ.
3.13.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбараас үзвэл хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.5-д заасан нийтийн ашиг сонирхолд ноцтой сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор маргаан бүхий 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ******* дүгээр тушаалыг гаргаж, нэхэмжлэгч компанийн 20006 м.кв газрыг хэсэгчлэн цуцалсан хууль зүйн үндэслэлээ тайлбарлаж байх боловч дээрх хуульд заасан нийтийн ашиг сонирхолд ноцтой сөрөг нөлөө үзүүлэх ямар нөхцөл байдлыг тогтоосон нь тодорхойгүй, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т заасан тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судалж, оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.
3.14.Дээрхээс нэгтгэн үзвэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ******* дүгээр тушаалаар нэхэмжлэгч Ю ХХК-ийн Б уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутагт 20006 м.кв газар ашиглах эрхийг цуцалсан шийдвэр нь Захиргааны ерөнхий хуульд заасан байгууллага үйл ажиллагаандаа хуульд үндэслэх, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.4, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, 29 дүгээр зүйлийн 29.1.10 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Ю ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ******* дүгээр тушаалын Ю ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ