Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2016/01025

 

Т.Мягмарсүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2016/02560 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1105 дугаар магадлалтай,

Т.Мягмарсүрэнгийн нэхэмжлэлтэй

Д.Должинсүрэнд холбогдох,

Бусдын хууль бус эзэмшлээс газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Д.Должинсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Ганбилэг, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Мягмарсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 01-ний 291 тоот шийдвэрээр Сонгинохайрхан дүүргийн 32 хороо, 384-н гарам салаа замын хойно байрлах мэдээллийн санд нэгж талбарын 18623307713964 дугаараар бүртгэгдсэн, 9000 м2 газрыг аж ахуйн зориулалтаар, 5 жилийн хугацаатай 000419748 дугаартай гэрчилгээг Т.Мягмарсүрэнд олгож, газраа хуулийн дагуу эзэмшсэн. Д.Должинсүрэн гэдэг эмэгтэй дээрх газар дээр гэр барьж нүүхгүй байсан бөгөөд энэ талаар газрын албанд өргөдөл гаргасны дагуу Сонгинохайрхан дүүргийн өмч, газрын харилцааны албанаас чөлөөлөх тухай шаардах хуудас хэд хэдэн удаа хүргүүлсэн боловч нүүгээгүй. Газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргахад Нийслэлийн өмчийн харилцааны газар, Сонгинохайрхан дүүргийн өмч, газрын харилцааны алба, Геодези зураг зүйн газар зэрэг холбогдох байгууллагуудаас авсан лавлагаар маргаан бүхий газар нь Т.Мягмарсүрэнгийн нэр дээр гарч байсан. Гэтэл шүүх хуралдаан дээр Д.Должинсүрэн нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын хуулбар үнэн гэсэн тамга бүхий 2004 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 204 тоот захирамж болон СХД-ийн 20 дугаар хороо, 384-ийн гарам задгайд 4000 м2 газрыг аж ахуйн зориулалтаар, 5 жилийн хугацаатай олгосон 72235 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг шүүхэд баримтаар гаргасан учраас гэрчилгээнүүд нь давхцуулан олгосон байж болзошгүй нөхцөл байдлыг үүсгэж Дүүргийн иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн 2014 оны 20174 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад хандан "...шүүхийн дурдаад ...Д.Должинсүрэн, Т.Мягмарсүрэн нарт СХД-ийн 32 дугаар гарам салаа замын хойно байрлах газарт газар эзэмших эрхийн давхцуулан олгосон байж болзошгүй тул энэхүү асуудлыг нягтлан шалгаж, асуудлыг шийдвэрлэж өгнө үү" гэсэн өргөдөл гаргасан.

Өргөдлийг Сонгинохайрхан дүүргийн өмч, газрын харилцааны алба руу шилжүүлэн шалгаж, 2015 оны 10 дугаартай албан тоотоор “...иргэн Т.Мягмарсүрэнгийн эзэмшиж байгаа газартай давхцаагүй болно" гэжээ. Мөн тус албаны 2014 оны 1414 дугаартай албан бичигт “... Т.Мягмарсүрэнгээс манай албанд 72235 тоот гэрчилгээг хэнд эзэмшүүлсэн, ямар захирамж шийдвэртэй талаар лавлагаа ирүүлсний дагуу дараах хариуг өгч байна. Дүүргийн 2004 оны 204 тоот захирамжаар иргэн Соёлмаад тус дүүргийн 1 хороо, 106-2 тоот хаягтай газарт амины зориулалтаар 72235 тоот гэрчилгээг олгосон болно" гэжээ. Иймд нэхэмжлэгч Т.Мягмарсүрэнгийн эзэмшлийн газар дээр хууль бусаар, зөвшөөрөлгүйгээр барьсан Д.Должинсүрэнгийн эзэмшлийн модон шон, блокон суурь, гэр зэргийг албадан нүүлгэж,газар чөлөөлүүлэх тухай Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/269 дугаартай захирамж гарсан. Энэхүү захирамжийн дагуу нэхэмжлэгчийн газар дээр байрлах зүйлсийг албадан чөлөөлөх ажлыг Сонгинохайрхан дүүргийн 32 хорооны газар байгуулагч Отгонбаяр болон СХД-ийн цагдаа нарын төлөөлөл байлцан шаардсан боловч Д.Должинсүрэн нарын эсэргүүцлээс болоод өнөөдрийг хүртэл эд юмс нүүгдээгүй, газар бүрэн чөлөөлөгдөөгүй, захирамж хэрэгжихгүй байх тул Т.Мягмарсүрэнгийн эзэмшлийн газарт зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар буусан хариуцагчийг /гэр, тамбар, дутуу барьсан байшингийн суурь зэрэг зүйлс газар дээр байгаа/ албадан нүүлгэж, удаан хугацаагаар хохирч байгаа нэхэмжлэгчийн газраа хуулийн дагуу эзэмшиж, ашиглах боломжоор хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Должинсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: 2004 оноос эхлэн 384-р гарамд анх задгай гэсэн хаягаар оршин сууж, улмаар гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшихээр тухайн үеийн засаг дарга, хорооны дарга, хэсгийн ахлагч газрын албаны хүмүүсийн зөвшөөрлийн дагуу өнөөг хүртэл суурьшин эзэмшиж байна. Өөрийн эзэмшлийн газраа хамгаалах зорилгоор ах дүүсийн хамтын хүчээр тойруулан цементэн шонг цутган, 7.5х6 хэмжээтэй байшинг хувийн болгон барьсан. 2014 онд Мягмарсүрэн гэгч залуу манай эзэмшлийн газрыг өөрийн болгож, Япончуудад зарчихсан. Маргаан үүсэхээс өмнө Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын иргэний газар эзэмших 72235 тоот гэрчилгээг авсан. Давж заалдах шатны шүүхээс Мягмарсүрэн хуурамч баримт бүрдүүлсэн учир шийдвэрийг хүчингүй болгож, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг дахин хянаж үзэж, 2014.12.02-ны өдөр 20174 тоот шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгоход Мягмарсүрэн дахин хянуулахаар гомдол гаргасан боловч захирамжийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн. Захирамжийн дагуу өөрийн газар дээр бүтээн байгуулалт хийлгэхгүй, барьсан байшинг маш зэрлэгээр эвдэн нурааж, машинд ачиж явахаар зэхэж байхад нь тааралдаж зогсоож маш их хохирол учруулсанд гомдолтой байна. Газрын аж ахуйн төлбөрөө тухайн үед нь төлөх гээд удаа дараа Газрын албанд очсон боловч ямар нэгэн шалтгаан хэлээд төлбөрийг төлүүлэхгүй байсаар өдий хүрсэн. Энэ төлбөр бол бидний эзэмшлийн газарт ямар ч хамаагүй бөгөөд Мягмарсүрэн нь хуурамчаар төлбөр төлсөн болно. СХД-н засаг дарга Чинболд дээр энэ газрын маргааны асуудлаар ороход захирамжийг нь гаргаж өг гэж хэлсэн ч Засаг даргынхаа шийдвэрийг биелүүлээгүй болно. Иймд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг татгалзаж байна. Мягмарсүрэн гэгч нь өөрт гаргасан шүүхийн тогтоол, шийдвэр, захирамжийг үл ойшоосон, хуулийг хүндэтгэн үздэггүй, ухамсар дорой тул, энэ хүн миний эзэмшлийн газар луу танил тал ашиглан бүдүүлгээр дайрч, давшилж байгаа тул, биднийг байнга дарамтлан сэтгэл санааны хямралд оруулж, эгч болон үр хүүхдийг давхар хүнд байдалд оруулж байгааг би зохих газарт нь өгч арга хэмжээ авахуулах болно. Энэ хүмүүс бидэнд хохирол учруулж, эд хөрөнгийг эвдэн сүйтгэсэн болохыг бүгдийг нь фото зургаар баримтжуулсан болно. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2016/02560 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Т.Мягмарсүрэнгийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо 384-н гарам, салаа замын хойно байрлах 9000 м.кв талбай бүхий газрыг Д.Должинсүрэнгийн эзэмшлээс албадан чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1105 дугаар магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайран дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2016/02560 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа Д.Должинсүрэн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Должинсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: би 2004 оноос эхлэн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт орших 384-ийн гарамын задгайд 4000м2 газрыг аж ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар Газар эзэмших гэрчилгээг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 204 тоот захирамжийн дагуу гаргаж өгсөн тул өнөөг хүртэл тус газартаа амьдарч байна. Т.Мягмарсүрэн гэгч залуу 2014 оноос эхлэн миний эзэмшлийн газрыг авахаар зориудын хуурамч бичиг баримт бүрдүүлэн Газрын албаны ажилтан Отгонбаяр гэгчтэй хамтран дайрч давшилж ирснээр газрын маргаан үүсгэсэн болно. Т.Мягмарсүрэн нь Газрын албаны Отгонбаяр гэгчтэй хуйвалдан янз янзаар хуурамч бичиг баримт бүрдүүлэн Шүүхийн байгууллагад өгч шийдвэр захирамж гаргуулж байгаад үнэхээр гомдолтой байна. 2014 оны 20174 дугаар шүүгчийн захирамжаар Т.Мягмарсүрэнгийн нэхэмжлэлд Д.Должинсүрэнд холбогдох хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэхийг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иргэний шүүхээс гаргасан удаа дараагийн шийдвэр тогтоолыг үл тоомсорлон Т.Мягмарсүрэн гэгч нь байнгын худал хуурмаг бичиг баримт бүрдүүлэн Шүүхийн байгууллагаар тоглож, үнэмшүүлэн тогтоол шийдвэр гаргуулж байгаад нь дүгнэлт хийлгэх, мөн дахин бичиг баримтыг шалгуулах хүсэлтэй байна. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 102ШШ2016/02560 тоот шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. 2013 оны Газрын албаны Болорчулууны хэлснээр бичиг баримт болон цагаан гэрчилгээгээ захирамж гаргуулахаар 2014 онд өгсөн. Тэгээд захирамж гараагүй харин гэрчилгээ ч олдохгүй алга болоод удаж, хөөцөлдөж байгаад Газрын албаны байцаагч Отгонбаяр гэгч нь миний гэрчилгээг дарж байгаад жилийн дараа 2015 оны 05 дугаар сард гаргаж өгсөн болно. Дараагийн Газрын албаны дарга Баярсайханд өөрт нь материалаа бүрдүүлээд өгсөн. Миний материалыг манай байцаагч Отгонбаярт тамга тэмдэг дараад өгсөн байсан. Тэр үед өгсөн материалын тамга тэмдэгтэй баримт нь одоо хүртэл байж байгаа болно. Энэ хугацаанд Мягмарсүрэн нь Газрын албаны байцаагч Отгонбаяр болон нилээд хэдэн залуугийн хамт ямар ч албаны бичиг баримтгүй ирж манай барьж байгаа байшинг буулгаж байтал нь бид хотоос ирж хэрүүл маргаантайгаар зогсоосон юм. Ийм шалтгаануудаар Газрын албаны байцаагч Отгонбаяр нь миний газар эзэмшсэний төлбөрийг төлүүлэхгүйгээр өнөөг хүртэл саад хийж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.

Нэхэмжлэгч Т.Мягмарсүрэнгийн “...газар чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийг хариуцагч Д.Должинсүрэн эс зөвшөөрөхдөө “...газрын хууль ёсны эзэмшигч” гэж маргасан байна.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 10 дүгээр сарын 01-ний өдрийн 291 тоот захирамжаар нэхэмжлэгч Т.Мягмарсүрэнд тус дүүргийн 32 дугаар хороо, 384-н гарам салаа замын хойно 9000 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн боловч хариуцагч уг газрыг эзэмшиж байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ /хавтаст хэргийн 9-14 дүгээр тал/.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-т “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заажээ.

Хэргийн 50 дугаар талд авагдсан иргэний газар эзэмших гэрчилгээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 204 дугаар захирамжаар хариуцагч Д.Должинсүрэнд тус дүүргийн 20 дугаар хороо, 384-ын гарам задгайд 4000 ам дөрвөлжин метр газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн боловч дээрх захирамж хэрэгт авагдаагүйгээс гадна уг газар нэхэмжлэгчид эзэмшүүлсэн газартай давхцаагүй талаар Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2015 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн албан бичигт дурджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч татгалзлаа баримтаар нотолж чадаагүй, энэ тохиолдолд шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна. Харин өмчлөгчийн шаардах эрхийг зохицуулсан Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх заалтыг тухайн маргаанд буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргасан гэж үзэв.

Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний талаар өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1105 дугаар магадлал, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2016/02560 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...106 дугаар зүйлийн 106.1...” гэснийг “92 дугаар зүйлийн 92.1” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Должинсүрэнгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.         

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ