Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2017/0824

 

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2017/0824 

Улаанбаатар хот

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2017/0699 дүгээр  шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал,газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2017/0699 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.1.4, 22.4, 31 дүгээр зүйлийн 31.1, 33.2-д заасныг тус тус баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 06 дугаар 28-ны өдрийн 467 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах, XV-015562 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэст даалгах” шаардлага бүхий “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “… Захиргааны актын агуулга нь ойлгомжтой, тодорхой байх гэсэн материаллаг эрх зүйн шаардлагыг Маргаан бүхий акт захиргааны акт нь хангаж чадаагүй.

Хэрэгт хавсаргагдсан нотлох баримтуудаас үзвэл Ашигт малтмалын газрын (хуучин нэрээр) Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 467 дугаар шийдвэрт тусгай зөвшөөрлийн хугацааг дараах үндэслэлээр сунгахаас татгалзсан: “Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-д заасныг үндэслэн шийдвэрлэх нь:

Өргөдлийн бүртгэлийн ЕХ-007486 дугаарт бүртгэгдсэн “Б” ХХК-ийн эзэмшлийн Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Анад нэртэй 2306,33 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-015562 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахыг хүссэн өргөдлийг хянан үзэхэд Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан нөхцөлийг хангаагүй байх тул тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзсугай.

Энэхүү шийдвэрийн дагуу тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд бүртгэхийг мэргэжилтэн /Д.Чинзориг/-д, дээрх аж ахуйн нэгжид болон холбогдох газруудад мэдэгдэн, өдөр тутмын сонинд нийтлэхийг тусгай зөвшөөрлийн сунгуулах, барьцаалах, буцаах, нөхөн олгох асуудал хариуцсан мэргэжилтэн /Н.Хэрлэнчимэгт даалгасугай.”

Нөгөөтэйгүүр Ашигт малтмалын тухай хуульд:

“53 дугаар зүйл.  Тусгай зөвшөөрөл дуусгавар болгох үндэслэл”

“53.1. Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дараахь тохиолдолд дуусгавар болно:

53.1.1. тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан;

53.1.2. тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь буцаан өгсөн;

53.1.3. төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцалсан.” гэж заасан.

Үйл  баримтаас үзвэл хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах тухай өргөдлийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг хоногийн өмнө буюу 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр “Б” ХХК гаргасан байдаг бөгөөд зардлын доод хэмжээг аудитын байгууллагаар баталгаажуулах шаардлага гарсны улмаас  хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулахыг хүссэн өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацаанд буюу нэг сарын өмнө гаргах боломжгүй байсан гэсэн агуулга бүхий хүсэлтийг мөн өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст гаргасан бөгөөд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах “Б” ХХК-ийн хүсэлтийг Ашигт малтмалын газар хүлээн авсан.

“Б” ХХК нь өөрийн хүсэлтээр хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг буцаан өгөөгүй нөхцөлд Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.3-т заасны дагуу “төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцалсан” гэсэн ганцхан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл дуусгавар болох боломжтой. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл журмыг Ашигт малтмалын тухай хуулийн (тусгай зөвшөөрөл дуусгавар болох тухай) Наймдугаар бүлгээр тухайлан зохицуулсан.

Гэвч “тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзах тухай” Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-д заасныг үндэслэн мөн хуулийн 31 дүгээр зүйлд заасан нөхцөлийг хангаагүй гэсэн хоёрхон заалтыг дурдан шийдвэр гаргасан бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн шаардлагатай бусад заалтыг маргаан бүхий захиргааны актад дурдаагүй, маргаан бүхий шийдвэрийн 2 дахь хэсэгт дурдсан тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэрийг өдөр тутмын сонинд нийтлэх тухай зохицуулалт Ашигт  малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд байдаггүй. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар мэдэгдэл хүргүүлсний дараа 56.4-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах эсэх асуудлыг шийдвэрлэх тухай журмыг хэрэгжүүлэх боломжийг захиргааны актад дурдаагүй. Өөрөөр хэлбэл маргаан бүхий захиргааны актын эрх зүйн үр дагавар нь (хариуцагч, нэхэмжлэгч талуудын аль алинд) бүрэн тодорхой бус, ойлгомжгүй байсан ба захиргааны актын агуулга нь тодорхой байх гэсэн материаллаг эрх зүйн шаардлага хангаж чадаагүй байна.

“Б” ХХК-ийн 2014, 2015 онуудад хуулиар тогтоосон хэмжээнээс багагүй зардал бүхий хайгуулын ажил хийсэн болох нь хэрэгт авагдсан  нотлох баримт болон шүүхэд талуудын гаргасан тайлбараар илэрхий болсон.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч “Б” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаас доошгүй хэмжээний хайгуулын ажил хийх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргийг бүрэн биелүүлсэн. Харин мөн хуулийн 33.2, 33.3-д заасан (i) геологи, хайгуулын ажлын жилийн тайлан, (ii) санхүүгийн тайлан тэнцэлд тулгуурлан, шаардлагатай тохиолдол (iii) хайгуулын ажилд зарцуулсан зардлын хэмжээг газар дээр нь шалгаж “баталгаажуулах” үүрэг нь төрийн захиргааны байгууллагад ноогдсон.

Үйл баримтаас үзвэл XV-15562 тоот тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор дор дурдсан үнийн дүн бүхий хайгуулын ажлын зардлыг “Б” ХХК гаргасан гэж 2014, 2015 оны тайлангуудад мэдүүлсэн.  Тоо баримтыг хүснэгтээр үзүүлбэл:

Хүснэгт 1. 2014,2015 онуудын хайгуулын ажлын зардлын доод хэмжээний талаарх мэдүүлэг

2014 онд гаргасан зардал

(5 дахь жил)

2015 онд гаргасан зардал

(6 дахь жил)

Хуулиар тогтоосон доод хэмжээ (AМтХ 33.1.2)

Нийт зардал

Га талбай

Нийт зардал

Га талбай

4-6 дахь жилд га талбай тутам 1 ам. доллар

₮280,204,900

₮121,493.8

₮5,456,000

₮2368.8

Өөрөөр хэлбэл холбогдох талбайд 2014 онд хуулиар тогтоосон зардлын доод хэмжээнээс 64 дахин их зардал, 2015 онд зардлын доод хэмжээнээс 1.18 дахин их зардал гаргасан гэж “Б” ХХК 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр мэдүүлсэн бөгөөд энэхүү мэдээллийн үнэн зөв байдал нь дараах үйл баримтуудаар баталгааждаг. Үүнд:

  • 2014, 2015 онуудад тусгай зөвшөөрөл бүхий талбайд “Б” ХХК-ийн зарцуулсан хайгуулын ажлын дүнгийн талаар аливаа маргаан гараагүй ба тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтээр мэдүүлсэн мөнгөн дүнг хоёр талын аль нь ч хожим засварлан, үндэслэлгүй байна гэж үзээгүй.
  •  Ашигт малтмалын газрын Геологийн алба нь 2014 оны хайгуулын ажлын тайланг, АМГ-ын Геологи судалгааны хэлтэс 2015 оны хайгуулын ажлын тайланг тус тус “хянаж, хүлээн авсан” гэж гарын үсэг зуран огноо, тэмдэг дарсан.
  • Анхан шатны шүүхэд 2017 оны 08 дугаар сарын 29-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын ирүүлсэн 9/6225 тоот албан бичгээр хавсарган хүргүүлсэн Ашигт малтмал, газрын тосны газрын ГХ хэлтсийн тодорхойлолтоос үзвэл Б ХХК-ийн 2014, 2015 оны тайлан тус бүрийг Ашигт малтмалын газраас “баталгаажуулсан” гэж тэмдэглэсэн байдаг.

Харин 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн энэхүү тодорхойлолтод 2015, 2016 оны жилийн төлөвлөгөөг “хянуулаагүй” гэж тэмдэглэсэн байх боловч төлөвлөгөөг “хянуулаагүй” гэх үндэслэл нь маргаан бүхий захиргааны актын үндэслэл болоогүй, жилийн төлөвлөгөө хянуулсан эсэх тухай асуудал нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийг цуцлаж болох долоон үндэслэлд ордоггүй,  2015, 2016 оны хайгуулын ажлын төлөвлөгөө батлуулаагүй гэсэн тодорхойлолт нь бодит үйл баримттай нийцдэггүй.

  • 2015 оны хайгуулын ажлын төлөвлөгөөг 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Ашигт малтмалын газрын Геологийн албаны мэргэжилтэн “хянаж, хүлээн авсан” гэж  гарын үсэг зуран, тэмдэг дарсан; мөн өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын улсын ахлах байцаагч “хянасан” гэж гарын үсэг зуран, огноо, тэмдэг дарсан;
  • 2016 оны хайгуулын ажлын төлөвлөгөөг 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр АМГ-ын Геологийн албаны мэргэжилтэн “хянаж, хүлээн авсан” гэж гарын үсэг зурж, огноо, тэмдэг дарсан; 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын улсын ахлах байцаагч “хянасан” гэж гарын үсэг зуран огноо, тэмдэг дарсан.

“Б” ХХК-ийн 2014, 2015 оны хайгуулын ажлын тайлангуудад дурдсан огноог хүснэгтээр үзүүлбэл:

Хүснэгт 2. Хайгуулын тайланг хянаж баталгаажуулсан огноо:

 

2014 оны хайгуулын  тайлан:

2015 оны хайгуулын тайлан:

Тайлан хянуулах төлбөр шилжүүлсэн огноо:

2015.02.12

2016.02.15

Тайланг хүлээн авсан огноог тайлангийн нүүрний хуудасны эсрэг талд гараар тэмдэглэсэн эсэх

 

2016.02.15 – гарын үсгийн тайлал: Б.Цацрал

“Хянаж, хүлээн авсан:” АМГ-ын Геологийн албаны мэргэжилтэн (2015); АМГ-ын Геологи Судалгааны хэлтсийн мэргэжилтэн (2016):

2015.12.17

2016.05.10

“Хянаж хүлээн авсан:” АМГ-ын Геологийн албаны мэргэжилтэн (2015); АМГ-ын Геологи Судалгааны хэлтсийн мэргэжилтэн (2016):

 

2016.06.08

2016.07.21

“Хянасан” МХЕГ-ын БОГУУХГ-ын Улсын (ахлах) байцаагч (2015); МХЕГ-ын ГУУХХ-ын Улсын (ахлах) байцаагч (2016):

2016.07.07

2016.07.21

Төрийн захиргааны байгууллага нь  тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай  өргөдлийг шийдвэрлэх үйл ажиллагааны талаар Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу явуулаагүй.

Хариуцагч нь хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг хянах талаарх Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасан хугацаанд хянаагүй.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн өргөдлийг ажлын 10 хоногийн дотор буюу 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн дотор хянах хугацааг хэтрүүлэн Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь заалтыг зөрчсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар илэрхий болсон.

“Тусгай Зөвшөөрлийн Хугацаа Сунгуулах Өргөдлийн Дотоод Хяналтын Хуудсан”-д  “Өргөдлийг хүлээн авч, бүрдлийг шалган УУККС болон өргөдлийн дэвтэрт бичих” гэсэн хүснэгтэд тусгай зөвшөөрлийг сунгуулах тухай хүсэлтийг “хүлээн авч бүртгэсэн” огноог 2016 оны 04 дүгээр сарын 08 гэж тэмдэглэсэн; “Бичиг баримтыг шалгаж шийдвэр, мэдэгдлийн төсөл боловсруулах, УУККС-д бүртгэх” гэсэн хүснэгтэд “шийдвэр, мэдэгдлийн төсөл боловсруулав” гэж шивэн 2016 оны 04 дүгээр сарын 12/13 –ны өдөр гэж тэмдэглэсэн; “шийдвэр мэдэгдлийн төсөл хянах” гэсэн хүснэгтэд шийдвэр, мэдэгдлийн төслийг хянаж хүлээлгэн өгсөн хугацааг 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гэж тэмдэглэсэн байдаг.

Нөгөөтөйгүүр 2016 оны хайгуулын ажлын төлөвлөгөөг 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Ашигт малтмалын газрын Геологийн албаны мэргэжилтэн “хянаж, хүлээн авсан” гэж гарын үсэг зурж, огноо, тэмдэг дарсан, 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байгаль орчин, уул уурхайн хяналтын газрын Улсын ахлах байцаагч “хянасан” гэж гарын үсэг зуран огноо, тэмдэг дарсан байдаг. 

2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр тусгай зөвшөөрөл бүхий талбайд хийгдэх хайгуулын ажлын жилийн төлөвлөгөөг Ашигт малтмалын газар хүлээн авсан тул тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг хүлээн авч эерэгээр шийдвэрлэнэ гэсэн хүлээлт “Б” ХХК-д байсан.

Хариуцагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4, 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай [бичгээр] мэдэгдэх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлийг тодорхой заана” гэсэн хуулийн шаардлагыг хангаж ажиллаагүй. 

Хэрэгт хавсарган өгсөн “Тусгай Зөвшөөрлийн Хугацаа Сунгуулах Өргөдлийн Дотоод Хяналтын Хуудсан”-ны “Бусад тэмдэглэл” гэсэн хэсэгт “Геологи, хайгуулын ажлын зардлын доод хэмжээ 2014, 2015 онд баталгаажуулаагүй байна” гэж 2016.04.21-ны өдөр тэмдэглэсэн гэж байгаа боловч энэхүү нөхцөл байдлыг ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдээгүй бөгөөд энэ нөхцөл байдал нь 2016.04.12/13-ны өдөр бэлтгэсэн шийдвэр мэдэгдлийн төслөөс ондоо агуулгатай юм байна гэж тайлбарлахаар байна.

“Тусгай Зөвшөөрлийн Хугацаа Сунгуулах Өргөдлийн Дотоод Хяналтын Хуудсан”-ны “Бусад тэмдэглэл” гэсэн хэсэгт “Геологи, хайгуулын ажлын зардлын доод хэмжээ 2014, 2015 онд баталгаажуулаагүй байна” гэж 2016.04.21-ны өдөр тэмдэглэсэн өдрөөс хойш ажлын 10 өдөрт буюу 2016.05.05-ны өдөр гэхэд  энэ нөхцөл байдлын талаар “Б” ХХК-д Ашигт малтмалын газраас бичгээр мэдэгдэх ёстой байсан боловч энэ мэдэгдэл ирээгүй. Харин “Тусгай Зөвшөөрлийн Хугацаа Сунгуулах Өргөдлийн Дотоод Хяналтын Хуудсан”-ны “Бусад тэмдэглэл” гэсэн хэсэгт 2016 оны 05 дугаар сарын 09 болон 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр утсаар мэдэгдсэн гэж утасны дугаарыг тэмдэглэсэн.

“Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн тогтоолд тус хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар ““мэдэгдэнэ” гэдэгт: “төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүний утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно” гэсэн заалтыг хариуцагчийн зүгээс биелүүлээгүй.

“Б” ХХК-ийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т заасныг зөрчиж төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн мэдэгдэлд заасан үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй бол түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлэх боломжоор хангаагүй

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь дээрх дурдсан хуулиар тогтоосон хүсэлтийг шийдвэрлэх үйл ажиллагааг явуулалгүйгээр 2016.06.28-ний өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзах тухай 467 дугаар шийдвэрийг гаргасан.

Хариуцагч гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн

Захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д заасны дагуу “захиргааны акт хууль тогтоомж болон зорилгодоо нийцсэн байхыг шалгах” ажиллагаа явуулах ёстой байсан.

Түүнчлэн  Захиргааны ерөнхий хуулийн 95 дугаар зүйлийн 95.3-д “захиргааны байгууллага шаардлагатай гэж үзвэл шинжээч томилон ажиллуулна” гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй.

Үйл баримтын хувьд 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаагүй тухай “Б” ХХК-д утсаар мэдэгдсэн. 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр “Б” ХХК нь Ашигт малтмалын газарт гомдол, хүсэлт гаргасан байдаг. Харин 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гэхэд “Б” ХХК-ийн 2014 оны хайгуулын ажлын тайлан, 2015 оны хайгуулын ажлын тайланг Ашигт малтмалын газap болон Мэргэжлийн хяналтын газар хянан баталгаажуулсан байдаг.

Нэхэмжлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайдаа нийт 6 жил хайгуулын ажил хийж гүйцэтгэж байгаа. Угтаа хайгуулын ажлын зорилго нь ашигт малтмал хайж тогтоох, тогтоосны үндсэн дээр ашиглалтын тусгай зөвшөөрөл авч улмаар ашигт малтмал олборлох зорилготой байдаг.

Хэрэв нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг харгалзан үзэлгүйгээр тусгай зөвшөөрлийг сунгахгүй орхисон тохиолдолд нэхэмжлэгч хайгуулын ажилд зарцуулсан 662 756 923 (зургаан зуун жаран хоёр сая долоон зуун тавин зургаан мянга есөн зуун хорин гурван) төгрөгийн зардлаараа хохирч үлдэхэд хүрнэ.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-д заасны дагуу хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах эрхээ нэхэмжлэгч эдэлж чадахгүй байх нөхцөлд хүргэж байна.

Түүнчлэн “Б” ХХК нь байгаль орчинд хохирол учруулсан эсхүл гуравдагч этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд халдсан ноцтой зөрчил гаргаагүй байхад нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзаж байгаа нь нэхэмжлэгчид илтэд хохиролтой байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь нотлох баримтыг буруу үнэлсэн, нэхэмжлэгчийн үндэслэлд зохих ёсны үнэлэлт дүгнэлт өгөөгүй

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайг онцлон дурдвал: “Ийнхүү “Б” ХХК нь хуульд заасан хугацааг хэтрүүлэн 2014 оны хайгуулын ажлын тайланг 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ирүүлж 2016 оны 06 дугаар сарын 08, 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр баталгаажуулж, 2015 оны хайгуулын ажлын тайланг 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ирүүлж 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр баталгаажуулсан нь өөрөөр хэлбэл 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлөө тухайн жилд гүйцэтгэсэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний хайгуулын ажил гүйцэтгэсэн талаарх баримт, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайланг хавсаргаж ирүүлээгүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 22.4-д заасан тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах үндэслэл болж байна.”

Маргаан бүхий захиргааны акт нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгах боломжгүй юм.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Б” ХХК-ийн гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 467 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, ХV-015562 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.”

Шүүхийн шийдвэрийн энэхүү үндэслэл нь бодит байдал болон хэрэгт авагдсан нотлох баримтад дурдсан үйл баримттай нийцэхгүй байгаа бөгөөд 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний хайгуулын ажил гүйцэтгэсэн талаарх баримт, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайланг хавсаргаж ирүүлсэн болно.

Энэ асуудлаар шүүх хуралдааны тэмдэглэлийн 6-7 дугаар хуудсанд дурдсан байдаг.  2015 оны хайгуулын ажлын тайланг 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Ашигт малтмалын газрын мэргэжилтэн Б.Цацрал хүлээж авсныг тайлангийн нүүрний хуудасны хойд хэсгийн буланд гараар тэмдэглэсэн байдаг.

Эцэст нь дурдахад Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хуралдааны тэмдэглэлийн 3 дугаар хуудасны 3 дахь догол мөрд   “[…] 2015 оны хайгуулын ажлын тайланг 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр тус тус баталгаажуулсан байна […]” гэснийг “2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр” гэж, шүүх хуралдааны тэмдэглэлийн 4 дүгээр хуудасны 1 дэх догол мөрд “[…] Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу […]” гэснийг “106.3.1-д заасны дагуу” гэж шүүх хуралдааны үед нэхэмжлэгч дурдсан болохыг тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.

Нэхэмжлэгч “Б” ХХК нь өөрийн эзэмшдэг ашигт малтмалын хайгуулын XV-015562 дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр дуусахаас өмнө 04 дүгээр сарын 08-ны өдөр сунгуулах өргөдлөө гаргасан боловч өргөдөлдөө Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4-д заасан хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримтыг хавсаргах шаардлагыг хангаагүй болох нь тогтоогдож байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д зааснаар хариуцагч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, хугацаа сунгах эсэхийг шийдвэрлэх үүрэгтэй.

Нэхэмжлэгч нь 2014 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайланг 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр, 2015 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайланг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр тус тус эрх бүхий этгээд буюу Ашит малтмалын газрын Геологи судалгааны хэлтэс, Мэргэжлийн хяналтын газраар баталгаажуулсан байх бөгөөд энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлд “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 33 дугаар зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангах үүрэгтэй” гэж, 33 дугаар зүйлийн 33.1-д “... дараах хэмжээнээс багагүй зардал бүхий хайгуулын ажлыг жил бүр хийж гүйцэтгэнэ”, 33.2-т хайгуулын ажлын жилийн тайланг төрийн захиргааны байгууллага баталгаажуулна” гэж тус тус заасныг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг хадгалах нөхцөл, шаардлага болох жил бүр гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайлангаа батлуулах үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагч Кадастрын хэлтсийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 467 дугаар шийдвэр нь хуульд нийцсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “... геологи, хайгуулын ажлын жилийн тайлан, санхүүгийн тайлан тэнцэлд тулгуурлан ... шаардлагатай тохиолдолд хайгуулын ажилд зарцуулсан зардлын хэмжээг газар дээр нь шалгаж баталгаажуулах үүрэг нь хуулиар төрийн захиргааны байгууллагад ноогдсон” гэжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2-т “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын ажлын жилийн тайланг төрийн захиргааны байгууллагаас баталсан зааврын дагуу гаргаж, дараа оны 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор төрийн захиргааны байгууллага болон мэргэжлийн хяналтын албанд хүргүүлнэ” гэж зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дээрх тайлангаа гаргаж, Ашигт малтмалын газрын Геологийн албанд хүргүүлснийг мөн хуулийн 33.2-т заасны дагуу төрийн захиргааны байгууллага ... баталгаажуулахаар байна.

Гэвч нэхэмжлэгч нь 2014, 2015 оны тайлангаа хуульд заасан хугацаанд АМГ-ын Геологийн алба болон Мэргэжлийн хяналтын албанд хүргүүлж баталгаажуулалт хийлгээгүй байх тул тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангаж ажилласан гэж үзэхээргүй байна.

Мөн нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “… Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.3-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрөл дуусгавар болох боломжтой. Маргаан бүхий актын агуулга ойлгомжтой, тодорхой байх гэсэн материаллаг эрх зүйн шаардлагыг хангаж чадаагүй” гэж дурджээ.

Хариуцагчийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 467 дугаар шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-д заасныг үндэслэн тус хуулийн 31 дүгээр зүйлд заасан нөхцөлийг хангаагүй учраас “Б” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан тул “тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан” үндэслэлээр тусгай зөвшөөрлийн эрх дуусгавар болохоор заасан хуулийн 53.1.1-д заасан үндэслэл бүрдсэн байна. Иймээс утга агуулгын хувьд ойлгомжгүй зүйл байхгүй, Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан шаардлагыг хангасан байна.

Мөн гомдолд “... тайлан хянуулах төлбөр шилжүүлсэн огноог дараа оны 2 сарын 15-ны дотор шилжүүлсэн гэж тайлангаа тухайн хугацаанд хүргүүлсэн ...” гэх боловч хэрэгт авагдсан 2014, 2015 оны тайлангийн нүүр хуудсанд хүлээж авч хянасан АМГ-ын Геологийн алба хүлээн авсан огноо нь 2014 оны тайланг 2015 оны 12 дугаар сарын 17-нд, 2015 оны тайланг 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гэж, Мэргэжлийн хяналтын албаны батлагаажуулсан огноо нь 2014 оны тайланг 2016 оны 07 дугаар сарын 27, 2015 оны тайланг 2016 оны 07 дугаар сарын 21 гэж тэмдэглэснээс үзэхэд гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Гомдолд “... Өргөдлийг хуульд заасан 10 хоногийн хугацаанд шийдвэрлээгүй ...” гэх боловч шийдвэрлээгүй, ... Ашигт малтмалын газар хайгуулын ажлын төлөвлөгөөг хүлээж авсан тул сунгуулах хүсэлтийг эерэгээр шийдвэрлэнэ гэсэн хүлээлт байсан, ... Ашигт малтмалын тухай хуулийн 56.3-т зааснаар мэдэгдэл хүргүүлээгүй хуульд заасан өргөдөл шийдвэрлэх журам зөрчсөн ...” гэх боловч эдгээр нь шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй.

Нэхэмжлэгч нь “хайгуулын ажлаа бүрэн хийж, төлбөрөө хугацаанд нь төлсөөр өдийг хүрсэн, энэ талаарх нотлох баримтыг шүүх бодитой үнэлээгүй, хайгуул хийсэн талбайгаа онцгой эрхийн дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл авах эрх ноцтой зөрчигдөж байна” гэх боловч тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчийн адилаар хангаж ажиллах үүрэгтэй, гэтэл нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд хийсэн хайгуулын ажлын тайлангаа төрийн захиргааны байгууллагаар батлуулах үүргээ гүйцэтгээгүй байх тул маргаан бүхий актыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2017/0699 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Б” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Э.ХАЛИУНБАЯР 

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ