Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 389

 

                                  “Идф ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын даргад

                                                        холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                                 Танхимын тэргүүн М.Батсуурь,                                     

Шүүгчид:                                     Г.Банзрагч,

                                                    Д.Мөнхтуяа,

                                                   П.Соёл-Эрдэнэ,

Илтгэгч шүүгч:                          Б.Мөнхтуяа,

Нарийн бичгийн дарга:            Д.Мөнхцэцэг.

Нэхэмжлэлийн шаардлага: “Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/219 дүгээр тушаалын “Идф” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0278 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2018/0367 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Д, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т нар.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0278 дугаар шийдвэрээр: Гаалийн тухай хуулийн 138 дугаар зүйлийн 138.1, 138.1.6, 138.3, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т заасныг тус тус баримтлан “Идф ” ХХК-иас Гаалийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/219 дүгээр тушаалын “Идф ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2018/0367 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0278 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. “ ...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2018/0367 дугаартай магадлалыг гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэсэн үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

4. а/ 221/МА2018/0367 дугаартай магадлалын Хянавал хэсэгт “Хариуцагчаас маргаж буй тушаалын үндэслэлээ нэхэмжлэгч хуулийн этгээдэд татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг олгохдоо хуульд заасан сонгон шалгаруулах ажиллагаа явуулаагүй тул хүчингүй болгосон гэж тайлбарласан байна. Гаалийн тухай хуулийн 138 дугаар зүйлийн 138.1-д “Гаалийн баталгаат бүсэд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл нь дор дурдсан төрөлтэй байна”, 138.3-т “Энэ хуулийн 138.1.6-д заасан зөвшөөрлийг гаалийн удирдах төв байгууллагаас баталсан журмын дагуу сонгон шалгаруулалтын үндэс дээр олгоно” гэж заасантай 2017 оны А/162 дугаар тушаал нийцээгүй тул маргаан бүхий А/219 тушаал гарах үндэслэл болжээ. Аж ахуй үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д заасан үндэслэл байхгүй байхад тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон гэх боловч хууль бусаар олгосон тусгай зөвшөөрлийг Гаалийн ерөнхий газрын дарга 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/219 дүгээр тушаалаар хүчингүй болгосон нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 9 дүгээр зүйл 9.1.4-д “Зөвхөн хуульд заасан тохиолдолд тусгай зөвшөөрөл олгох” зарчим, шаардлагад нийцсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна” гэжээ.

5. Давж заалдах шатны шүүх нь Гаалийн тухай хуулийн 138.1, 138.1.6, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 9 дүгээр зүйл, 9.1.4-т заасныг хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь, уг хэргийн нэхэмжлэлийн шаардлага нь “Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/219 дугаартай тушаалыг хүчингүй болгох” байсан болохоос 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 52 дугаар тушаал буюу анх тусгай зөвшөөрөл олгосон тушаалын хүрээнд байгаагүй юм.

6. Шүүх татваргүй барааны дэлгүүр ажиллуулах зөвшөөрөл олгох үед хэрэглэвэл зохих дээрх хуулийн заалтыг хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн нь хэргийг буруу шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Мөн нөгөөтэйгүүр, Гаалийн Ерөнхий газар, түүний дарга нь хууль хэрэгжүүлэгч этгээд бөгөөд тусгай зөвшөөрлийг олгохдоо хуулийг хэрхэн хэрэгжүүлснийг энгийн нэгэн компани мэдэх боломжгүй бөгөөд хуулийг зөв хэрэгжүүлээгүйгээс компани хохирох ёсгүй юм. Өнөөдрийн байдлаар манай компани нь зөвхөн татваргүй барааны дэлгүүр ажиллуулах гэж оруулж ирсэн их хэмжээний бараа, дэлгүүр ажиллуулах гэж түрээсэлсэн байрны мөнгө, уг дэлгүүрийн тохижилт гээд их хэмжээний хохирол амсахад хүрээд байна.

7. б/ 221/МА2018/0367 дугаартай магадлалын Хянавал хэсэгт “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйл 8.4 “Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана", Гаалийн тухай хуулийн 271, 1.1 “Гаалийн үйл ажиллагааг өдөр тутмын зохион байгуулалтын удирдлагаар хангах, Захиргааны ерөнхий хуулийн 48.2.2 “Хууль бус захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10.1.5 “Тусгай зөвшөөрлийг сунгах, хүчингүй болгох” гэж тус тус заасныг үндэслэн хууль бус захиргааны актаа хүчингүй болгож шийдвэрлэснийг хууль бус гэж үзэх боломжгүй энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна” гэжээ.

8. Захиргааны хэргийн аль ч шатны шүүх захиргааны акт хууль бус эсэхийг шалгахдаа тухайн захиргааны актын хууль зүйн үндэслэл буюу тушаалын удиртгал болсон хуулийн заалтыг шалгаж тухайн тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан эсэхийг шалгах ёстой. Гэтэл Анхан шатны шүүх, Давж заалдах шатны шүүх хоёулаа маргаан бүхий Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/219 дугаартай тушаалын хууль зүйн үндэслэл болсон дээрх заалтанд бодитой үндэслэл бүхий үнэлэлт дүгнэлт өгөөгүй, харин тушаалд дурдагдаагүй заалтаар /Гаалийн тухай хуулийн 138.1, 138.3, ААТЗТХ-н 9.1.4 зэрэг/ шийдвэрээ зөвтгөсөн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

9. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 1, 43 дугаар зүйлийн 43.1-т зааснаар хариуцагч маргаан бүхий тушаалыг гаргахдаа хуульд заасан журмын сонсох ажиллагаа явуулж, гарсан захиргааны актаа мэдэгдэх ёстой байжээ” гэж дүгнэсэн атлаа энэ нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохооргүй байна” гэж заасныг өмгөөлөгчийн зүгээс эс зөвшөөрч “Захиргааны ерөнхий хуулийн үзэл баримтлал нь захиргааны байгууллагын дур зоргоороо аашлах, хууль зөрчих асуудлыг хязгаарлах, иргэд, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах үүднээс захиргааны акт гаргах журмыг хуульчилж өгсөн бөгөөд хэрэв уг хуульд тусгасан захиргааны акт гаргах процессыг зөрчиж гарсан бол уг захиргааны акт хүчин төгөлдөр бус байхаар зохицуулсан.

10. Гэтэл шүүх захиргааны актыг гарах журмыг зөрчсөн гэж дүгнэсэн атлаа захиргааны актыг хүчингүй болох хэмжээний зөрчил биш гэж үзсэн нь цаашид захиргааны байгууллага захиргааны актыг гаргах журмыг баримтлахгүй, дур зоргоороо аашлах боломжийг бүрдүүлж байгаагаас гадна, иргэд, хуулийн этгээдийн захиргааны актыг гарах үйл ажиллагаанд оролцох, захиргааны актыг гарсан эсэхийг мэдэх эрхэд халдсан шүүхийн шийдвэр боллоо гэж үзэж байна” гэсэн гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргасан ба давж заалдах шатны шүүх гомдлын тус хэсгийн хэрхэн дүгнэсэн нь тодорхойгүй, тогтоолдоо энэ талаар дурдаагүй нь давж заалдах гомдлыг бүрэн шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

11. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс захиргааны акт гаргах хуулийн бодит үндэслэл байгаагүй гэж маргасан бөгөөд тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл буюу Гаалийн тухай хуулийн 138.4, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйл, 14.1.1.тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан; 14.1,2.хуулийн этгээд татан буугдсан; 14.1.3.тусгай зөвшөөрлийг авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон; 14.1,4.тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн; 14.1.б.тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй гэсэн нөхцөлийн аль ч нөхцөл бий болоогүй байхад тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь хууль бус гэж маргасан.

12. Гэтэл шүүх маргаан бүхий захиргааны актын хууль зүйн хүрээнд бус татваргүй барааны дэлгүүр анх олгосон тушаалын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байх тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны б дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2018/0367 дугаартай магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүсье” гэжээ.

13. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

14. Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/219 дүгээр тушаалаар Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д заасныг үндэслэн “Идф ” ХХК-д /тус газрын даргын 2017 оны А/162 дугаар тушаалаар/ олгосон Улаанбаатар хот дотор татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, үндэслэлийг “...тусгай зөвшөөрлийг хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулалтаар олгоогүй” гэж тодорхойлжээ. 

15. Шүүхүүд Гаалийн болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг маргааны үйл баримтад зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

16. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлүүдийг тодорхойлсон ба 48.2.2-т бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн бол тухайн хууль бус захиргааны актыг хүчингүй болгохоор хуульчилжээ.

17. Гаалийн тухай хуулийн 138 дугаар зүйлийн 138.1-д “Гаалийн баталгаат бүсэд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл нь дор дурдсан төрөлтэй байна”; 138.1.6-д “татваргүй барааны дэлгүүр ажиллуулах”; ...138.3-т “Энэ хуулийн 138.1.6-д заасан зөвшөөрлийг гаалийн удирдах төв байгууллагаас баталсан журмын дагуу сонгон шалгаруулалтын үндсэн дээр олгоно”, мөн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь дараахь эрхтэй; ...10.1.5-т “тусгай зөвшөөрлийг..., хүчингүй болгох” гэж тус тус заасан.           

18. Хариуцагч Гаалийн ерөнхий газрын дарга нь дээрх Гаалийн тухай хуулийн 138 дугаар зүйлийн 138.3-т заасныг зөрчиж, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/162 дугаар тушаалаар нэхэмжлэгч “Идф ” ХХК-д тусгай зөвшөөрлийг олгохдоо эдгээр хууль, журамд зааснаар сонгон шалгаруулалт явуулаагүй, зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан өргөдөл, хүсэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг олгосон нь тогтоогдсон, энэ нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн буюу уг тусгай зөвшөөрлийг авах сонгон шалгаруулалтад бусад этгээдээс оролцох, тэгш шударгаар өрсөлдөх боломжийг хязгаарласан хууль бус захиргааны актыг гаргасан байна.

19. Иймээс Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/219 дүгээр тушаалаар нэхэмжлэгч “Идф ” ХХК-д олгосон татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь дээрх хуулиудын зүйл, заалтуудад нийцсэн, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлгүй талаар 2 шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв болжээ.

 20. Харин шүүхүүд хэргийг шийдвэрлэхдээ тухайн маргаанд хэрэглэвэл зохих Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-д заасныг хэрэглээгүй, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүй байх тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Д-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0278 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2018/0367 дугаар магадлалын 1 дэх заалтын “...9 дүгээр зүйлийн 9.1.4” гэсний дараа “Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2” гэж нэмж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хяналтын гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогот хэвээр үлдээсүгэй.

 

        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     М.БАТСУУРЬ

          ШҮҮГЧ                                                               Б.МӨНХТУЯА