| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2017/0123/Э |
| Дугаар | 368 |
| Огноо | 2017-12-07 |
| Зүйл хэсэг | 150.2., |
| Улсын яллагч | Т.Жаргалсайхан |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 368
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,
улсын яллагч Т.Жаргалсайхан,
хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н,
шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан /ҮД:2-260/,
гэрч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э-ийн Т-д холбогдох эрүүгийн 201626031296 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 05-нд Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү, нөхрийн хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ******* тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт Э-ийн Т,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Э.Т нь Хаан банкны Хан-Уул салбарын харъяа “Номин юнайтед” тооцооны төвийн ахлах теллерээр ажиллаж байхдаа хувийн ашиг сонирхлын үүднээс албан тушаалын байдлаа ашиглан “Хаан” банкны гүйцэтгэх захирлын 2007 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 1309 тоот тушаалаар батлагдсан “Хаан банкны АТМ-ийн үйл ажиллагааны журмын” 2.4, Кассын үйл ажиллагааны журмын 2.2.3.16, Ажлын байрны тодорхойлолт 2.1, 2.20, Хөдөлмөрийн гэрээний 3.2.9 дэх заалтуудыг тус тус зөрчиж тус салбарт байрлах КА573, КА574 дугаартай АТМ машин цэнэглэх ёстой байсан мөнгөнөөс 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 13.000.000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 1.000.000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 1.000.000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 1.000.000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 1.000.000 төгрөгийг авч хувьдаа завшиж Хаан банканд 17.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Э.Т нь Хаан банкны Хан-Уул салбарын харъяа “Номин юнайтед” тооцооны төвийн ахлах теллерээр ажиллаж байхдаа Хаан банкны АТМ-ийн үйл ажиллагааны журам, Кассын үйл ажиллагааны журам, Ажлын байрны тодорхойлолт, Хөдөлмөрийн гэрээ зэргийн холбогдох заалтуудыг зөрчиж тус салбарын КА573, КА574 дугаартай АТМ машин цэнэглэх ёстой байсан мөнгөнөөс 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 13.000.000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 1.000.000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 1.000.000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 1.000.000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 1.000.000 төгрөгийг тус тус хувьдаа авч ашиглан Хаан банканд нийт 17.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Э.Т-ын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...Мэдүүлэг өгөхгүй, урьд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд үнэн зөв, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, нэмж ярих зүйл байхгүй...13.960.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Хохиролд бэлнээр 10.500.000 төгрөгийг төлсөн, 3.460.000 төгрөгийг хохирогч байгууллагад төлөхөөр тохиролцсон....” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н-гийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...Хаан банкны Хан-Уул салбарын харъяа “Номин юнайтед” тооцооны төвийн ахлах теллерээр ажиллаж байсан Э.Т нь АТМ цэнэглэхдээ дутагдал гаргаснаас нийт 13.960.000 төгрөгийн хохирол учруулсан. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байгаа. 10.500.000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэгдэл 3.460.000 төгрөгийг 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар гэрээ байгуулсан. Иймд “Номин юнайтед” тооцооны төвөөс хохирол төлбөр 100 хувь барагдсан гэж үзэж байгаа. Э.Т нь Хаан банканд ахлах теллер болтлоо дэвшин ажиллаж байсан болохоор манай байгууллагын зүгээс гомдол санал байхгүй тул шүүхээс түүнд хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Гэрч Б.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...Гүйлгээ хийх эрх нь ахлах теллерийн ажил үүргийн хуваарьт байгаа. АТМ машинд гүйлгээ хийхэд теллер, цахим бүртгэлийн ажилтан, захирал оролцож болно...Ахлах теллерт нууц код байдаг. Бусад теллерт ч нууц код байгаа, кодоороо нэвтэрдэг...өөрийнхөө нууц үгийг бусдад задруулахгүй байх үүрэг хүлээдэг...Э.Т нь 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 13.000.000 төгрөгийн дутагдал гаргасан. Би жирэмсний амралтаас 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр ажилдаа орж 3-4 программ зэрэгцүүлж тулгаж сурдаг хугацаа шаардлагатай учраас би сарын дараа сурсан. Ахлах теллерт тухайн программ дээр ажиллах эрх, зааварчилгаа байдаг. Тэгээд би 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл шалгасан байгаа. Э.Т нь нуун дарагдуулах үүднээс санаатайгаар үйлдлүүд хийсэн. Үндсэн дүнг нуун дарагдуулж илүүдсэн үү, дутагдсан уу гэдэг нь тодорхойгүй хугацаа өнгөрсөн...Манайх дотооддоо программын түвшинд хэрхэн ажиллах талаар анхаарч байгаа. АТМ цэнэглэлт тооцооны төв дээр хийгдэхгүй, төвөөс хийгддэг болсон...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
3. Хаан банкны хууль эрх зүйн газраас Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1хх-ийн 5/
4. Хохирогч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин юнайтед салбарт Э.Т нь 2011 оноос ажилласан. Уг салбарт Э.Т нь ахлах теллерээр ажиллаж байсан. Э.Т нь ерөнхийдөө теллерүүдээ удирдана мөн Номин юнайтед тооцооны төвийн АТМ-ыг цэнэглэдэг юм...Э.Т нь ажиллаж байх хугацаандаа 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр...13.000.000 төгрөгөөр АТМ цэнэглэх ёстой байснаас уг мөнгөөр АТМ цэнэглэлгүй бүгдийг өөртөө авч завшсан, 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр мөн АТМ-д цугласан мөнгийг орлогод тушаахдаа 1.000.000 төгрөгийг завшсан, 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр мөн АТМ-д цугласан мөнгийг орлогод тушаахдаа 1.000.000 төгрөгийг завшсан, 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр АТМ-д цугласан мөнгийг орлогод тушаахдаа 1.000.000 төгрөгийг завшсан байна. 2016 оны 7 дугаар сард АТМ-ны цэнэглэлтийн тайлан нь кассын тайлантай зөрсөн юм. Тэгээд...банкны дотоод аудитын газраас шалгалт явуулахад дээрх зөрчлүүд илэрсэн. Э.Т нь өөрөө АТМ цэнэглэсэн тухай акт үйлдээд тэр актаа кассанд аваачиж тушаадаг. Тухайн үед кассанд акт...тайлангаа өгөхдөө анх банкнаас авч гарсан АТМ цэнэглэх гэж байсан мөнгөөр тайлан, актаа үйлдсэн байсан учраас тухайн үедээ мэдэгдэхгү байсан. Тэгээд кассын зөрүүгээр энэ бүгд илэрч тогтоогдсон юм...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 11/
5. Гэрч Д.Н-ын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…цэнэглэж байгаа хүн өөрөө АТМ цэнэглэлтийн мөнгөнөөс мөнгө аваад АТМ-ыг дутуу мөнгөөр цэнэглэж болно. Гэхдээ АТМ-ны Лог болон баримт дээр мөнгө нь зөрүүтэй харагдана...Тиймээс АТМ өөрөө мөнгийг дутуу, эсвэл илүү татна гэсэн тохиолдол байхгүй харин АТМ цэнэглэж байгаа хүн АТМ цэнэглэлтийн мөнгийг илүү юм уу дутуу оруулж болох юм...Тухайн АТМ цэнэглэж байгаа хүн АТМ-ыг цэнэглэхдээ мөнгөн дүнг дутуу ч цэнэглэж болно, мөнгөн дүнг илүү ч цэнэглэж болно. Өнөөдрийн АТМ цэнэглэлтийн мөнгөнөөс дутаасан мөнгөө маргааш нөхөж хийн нэмж цэнэглэж болно. Гэхдээ мөн адил АТМ-ны баримт, Логын тайланд мөнгөн дүн зөрүүтэй гарна....АТМ цэнэглэх үед кассын баримтан дээрх мөнгөн дүн, АТМ-ны баримт, Логын тайлангийн мөнгөн дүн хоорондоо таарч байх ёстой юм...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 224/
6. Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Э.Т нь манай Номин юнайтед тооцооны төвд 2014 оны 4 дүгээр сард ахлах теллерээр томилогдсон. Өмнө нь Зүүн 4-н замын тооцооны төвд теллерээр ажиллаж байсан. Э.Т-ын ажлын байрны тодорхойлолтод тэрээр касс дахь бэлэн мөнгөний хадгалалт хамгаалалт, удирдлага бүртгэлийг зохих журмын дагуу явуулах, ажлын байрны тодорхойлолтын 2.20 дахь заалтад АТМ-ны үйл ажиллагааны журмыг мөрдлөг болгон ажиллаж өдөр бүр АТМ-ны гүйлгээ үлдэгдлийн тулгалтыг хийж байх, мөн АТМ-ны зузаатгалыг 3-аас доошгүй хүнтэй ханган ажиллах, АТМ дэх бэлэн мөнгөний үлдэгдэлд харъяа салбар нэгжийн захирал, эрхлэгч, ахлах теллерийн бүрэлдэхүүнтэй сард 2-оос доошгүй акт үйлдэн баримтжуулна гэж заасан байдаг. Ажлын байрны тодорхойлолтын дагуу ахлах теллер Э.Т нь 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2 ширхэг орлогын АТМ-ыг хариуцаж эхэлсэн...Э.Т-ын эрхээр өөр хүн гүйлгээ хийх боломжгүй. Э.Т нь өөрийн 09580 гэсэн кодтой. Нууц кодыг нь өөрөө л мэднэ. Э.Т нь нууц кодоо бусдад задруулахгүй байх үүрэгтэй. Э.Т нь дээрх 9-н үйлдлийн 8-н үйлдэлд өөрийнхөө эрхээр, кодоор гүйлгээ хийсэн байсан. Харин 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 13.000.000 төгрөгийн гүйлгээг 14607 дугаартай теллер Г.Ш-эр гүйлгээг хийлгүүлэн мөнгө авсан байсан. Тухайн үед Г.Ш-д Э.Т нь гүйлгээ хийх шаардлагатай байна гэж хэлээд түүний эрхээр гүйлгээ хийлгэж мөнгө авахуулсан байсан. Тэр өдөр Г.Ш-ийн касс дахь бэлэн мөнгөний үлдэгдэл их байсан юм. Э.Т нь өөрөө кассыг хариуцдаг. АТМ цэнэглэсний акт баримт үйлдэх ёстой. Гэхдээ дээрх 9-н өдөр Э.Т нь акт үйлдээгүй байсан. Дээрх мөнгөний дутагдлыг бид нар АТМ-ны программаас олж мэдсэн юм...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 24-25/
7. Гэрч Б-ийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би 2015 оны 7 дугаар сарын 25-ны Номин юнайтед төвийн Хаан банкны салбарт теллерээр ажилд орсон. 2016 оны 02 дугаар 01-ний өдрөөс цахим банк хариуцсан ажилтан болсон. Миний ажил үүргийн хуваарь гэвэл бүх цахимыг хариуцана гэсэн үг. Мөн АТМ-нд гүйлгээ хийх гэж байгаа харилцагч нарт гүйлгээг зааж өгөн мөн АТМ цэнэглэх багт оролцоно. Би Э.Т-ын удирдлага доор АТМ цэнэглэхэд АТМ-ны программд цэнэглэсэн мөнгөн дүнг оруулна. АТМ цэнэглэх багт Э.Т, Г.Агиймаа, Г.Ш нар байна. Миний үүрэг гэвэл АТМ-д мөнгөн дүнгийн программыг оруулна...2016 оны 02 дугаар сарын 01, 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрүүдэд би ажил дээрээ байсан. Гэхдээ уг 2 өдөр АТМ-ийг цэнэглээгүй. Бусад өдрүүдэд нь би АТМ цэнэглэхэд байсан. Тэр үед би АТМ-д мөнгөний дүнг программд оруулсан. Э.Т нь өөрийнхөө эрхээр программд гүйлгээ хийдэг учраас би хяналт тавих боломжгүй юм. Өөрөө хэлбэл надад тэдэн төгрөгөөр АТМ цэнэглэнэ гээд касснаас авсан мөнгөө надад өгөөд би тэр мөнгийг нь аваад АТМ-д хийн программд нь мөнгөн дүнг нь оруулна. Э.Т нь надад касснаас тэдэн төгрөг АТМ цэнэглэхэд авсан гэж хэлдэггүй тэр бол өөрийнх нь эрх мэдлийн асуудал. Надад харин кассаас мөнгө авсны дараа мөнгийг өгч тэдэн төгрөгөөр АТМ-ийг цэнэглэнэ шүү гэж хэлээд өгнө би тэр мөнгийг нь тоолж аван АТМ-ны кассанд хийдэг юм. Дээрх өдрүүдэд надад хэдэн төгрөг өгч АТМ цэнэглүүлснийг би одоо санахгүй байна. Би Э.Т-ын эрхээр гүйлгээ хийж байгаагүй. Би түүний эрх болон эрхийн кодыг нь мэдэхгүй. Ахлах теллер Э.Т нь өөрийн компьютертэй түүн дээрээ өөрөө л сууж ажлаа хийнэ. Би түүний компьютер дээр сууж ажиллаж байсан гэхдээ өөрийнхөө эрхээр гүйлгээ хийдэг. Кассыг Э.Т хариуцдаг юм. Би АТМ-д мөнгө хийн мөнгөн дүнг тохируулж АТМ-ийг цэнэглэсний дараа ахлах теллерт АТМ-ийг цэнэглэсэн буюу АТМ-нээс гарч ирсэн 11 баримтыг өгдөг юм. 1 удаа АТМ цэнэглэхэд нийт 11 баримт үйлдэгддэг юм. Ахлах теллер Э.Т нь өөрөө АТМ-нээс мөнгө авч, дараа нь кассанд АТМ цэнэглэсэн баримтаараа хаадаг юм...Ахлах теллер Э.Т нь надад АТМ-ны мөнгө дууссан байна. АТМ цэнэглэх шаардлагатай байна гэдэг байсан. Тэгээд ахлах теллер Э.Т нь касснаас АТМ цэнэглэх бэлэн мөнгөө аваад гүйлгээгээ өөрөө хийдэг байсан. Би түүний авч өгсөн бэлэн мөнгийг аваад АТМ-ны кассанд хийгээд АТМ-ыг лацаддаг байсан. АТМ цэнэглэх бүрт ахлах теллер Э.Т-ын хяналтын доор АТМ-ыг цэнэглэдэг байсан. АТМ цэнэглэхэд Э.Т бид 2-той хааяа ВИП теллер байна, хааяа заалны теллер байдаг байсан. Хэрвээ би байхгүй үед ахлах теллер нь аль нэг теллертэй АТМ-ыг цэнэглэнэ. Ахлах теллер байхгүй үед төв Хаан банкнаас мэргэжилтэн теллер ирж хамт цэнэглэнэ. Гэхдээ ахлах теллер Э.Т нь 2015 оны 12 дугаар сараас 2016 оны 6 дугаар сар хүртэл өөрөө АТМ-ыг цэнэглэж байсан. Дээрх хугацаанд төв Хаан банкнаас мэргэжилтэн ирж АТМ-ыг цэнэглэж байгаагүй Э.Т өөрөө л АТМ-ыг цэнэглэдэг байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 26/
8. Гэрч Г.Ш-ийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би одоо сайн санахгүй байна. Гэхдээ би тухайн өдөр гүйлгээний баримтаас үзэхэд 13.000.000 төгрөгийг АТМ цэнэглэнэ гээд зааснаас бэлнээр гаргасан байсан. Ахлах теллер Э.Т нь ихэнхдээ тэдэн төгрөг АТМ цэнэглэхэд хэрэгтэй байна тэдийг гарга гэхээр нь түүний хэлсний дагуу мөнгийг гаргадаг байсан. Ахлах теллер тухайн үед надаас 13.000.000 төгрөг авсан учраас АТМ цэнэглэсэн гэж бодсон...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 201/
9. Хаан банкны Хан-Уул салбарын харъяа “Номин Юнайтед” тооцооны төвийн КА573, КА574 дугаартай АТМ машины цэнэглэсэн орлого, зарлагын баримт, АТМ машины “Лог” тайлан /1хх-ийн 119-183/
10. Шүүгдэгч Э.Т-ын ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, Эд хөрөнгө хариуцах ажилтантай байгуулах эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ /1хх-ийн 37-39, 41-48/
11. Шүүгдэгч Э.Т-ын орон сууцны ипотекийн зээлийн гэрээний хуулбар /1хх-ийн 71-83/
12. Хаан банкны АТМ-н үйл ажиллагааны журам /1хх-ийн 193-199/
13. Монгол банкны шинжээчийн дүгнэлт:
-Хаан банкны дотоод аудитын тайланд “АТМ-ын ашиглалын үлдэгдэл 19.748.000 төгрөг байна” гэж тусгасан байна. Хавтаст хэрэгт хавсарган ирүүлсэн АТМ-ын гүйлгээний дэлгэрэнгүй хуулга, АТМ-ын лог файл, зарлагын баримт зэрэгтэй тулган үзэхэд АТМ-ыг дутуу цэнэглэсэн мөнгөн дүн 13.960.000 төгрөг байна.
-Хаан банкны Хан-Уул салбарын харъяа Номин Юнайтед тооцооны төвийн АТМ-ын логын тайлангаас үзэхэд тус төвийн КА573, КА574 дугаартай АТМ-д 13.960.000 төгрөгийн дутагдал гарсан байна. /1хх-ийн 207-210/
14. Шинжээч Ө.Т-ы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “…КА573, КА574 дугаартай АТМ-ээс 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр касснаас 13.000.000 төгрөг гарсан боловч АТМ цэнэглэгдээгүй, 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр мөн 1.000.000 төгрөг авсан боловч АТМ цэнэглэгдээгүй, 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр касснаас 58.000.000 төгрөг гарсан боловч АТМ 59 сая төгрөг буюу 1.000.000 төгрөгөөр илүү цэнэглэсэн. 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр мөн 1.000.000 төгрөг авсан боловч АТМ цэнэглээгүй, 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр мөн 28.500.000 төгрөг касснаас аваад 27.500.000 төгрөгөөр цэнэглэн 1.000.000 төгрөгөөр дутуу цэнэглэсэн, 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 8.000.000 төгрөг авсан боловч 7.000.000 төгрөгөөр цэнэглэж 1 сая төгрөг дутаасан. 2016 оны 6 дугаар сарын 10-нд 30 сая төгрөг авсан боловч 32.040.000 төгрөгөөр буюу 2.040.000 төгрөгөөр илүү цэнэглэсэн. 2016.02.01, 2016.02.29, 2016.03.29, 2016.04.06, 2016.05.18, 2016.05.27, 2016.06.10-ны өдрүүдэд нийт КА573, КА574 дугаартай АТМ-д 13.960.000 төгрөгийн дутагдал гарсан байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 212/
15. Яллагдагч Э.Т-ын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр АТМ цэнэглэнэ хэмээн 13.000.000 төгрөгийг касснаас бэлнээр аваад АТМ-ыг цэнэглэлгүй тухайн мөнгийг би өөрөө авч хувьдаа хэрэглэсэн...Би 2013 оны 7 дугаар сард 8 хувийн байрны зээлд хамрагдсан. Уг байр нь одоогийн бид нарын амьдарч байгаа Баянгол дүүргийн 20 дугаар хороо Бөөний худалдааны нэгдлийн 1-27-20 тоот байр юм...2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр манай салбарт АТМ тавигдсан юм. Уг АТМ-ыг цахим банкны ажилтан Н.Б-...бид хоёр хамт цэнэглэх ёстой юм. Миний ажлын байрны тодорхойлолтонд АТМ цэнэглэнэ хэмээн заасан байдаг юм. Бид 2 АТМ-ыг цэнэглэхдээ би касстай холбоотой гүйлгээг нь хийн Н.Б нь АТМ дээрх гүйлгээг хийнэ /би мөнгийг нь авч өгөөд Н.Б АТМ-д хийдэг/. Би касснаас бэлэн гүйлгээ хийж бэлнээр аваад Н.Б-д өгнө. Хэрвээ касс мөнгө байхгүй бол теллерүүдээс авна. Би мөн кассаа давхар хариуцдаг юм. Ажиллаж байх хугацаандаа би 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр би касснаас 13.000.000 төгрөгийг АТМ-д хийх гүйлгээ гэж авсан боловч АТМ-д нэг ч мөнгө хийлгүй би тухайн мөнгийг өөрөө авчихсан юм. Тухайн үед Н.Б байгаагүй. Би тухайн өдөр гадуур явж байгаад орой 18 цагийн үед ажил дээр ирсэн. Тэр үед Г.Ш-ийг касс хаах үед нь 13.000.000 төгрөгийг АТМ цэнэглэнэ хэмээн авсан. Кассын тайлан дээр би уг 13.000.000 төгрөгөөр АТМ цэнэглэсэн гэж тусгасан. Уг 13.000.000 төгрөгийг би хувь хүмүүсээс зээлсэн өрөндөө өгсөн...Үлдсэн мөнгийг нь би мөн бага саг зээлсэн мөнгөндөө өгөөд дууссан...Би 13.000.000 төгрөгийг л авсан...АТМ цэнэглэхэд шалгаж тоолсон акт үйлдэнэ. Мөн АТМ-ээс гарч ирсэн баримтыг акттай хамт хавсарган хадгалах ёстой. Би дээрх 13.000.000 төгрөгт ямар нэгэн баримт үйлдээгүй юм...Би авсан мөнгөө өгөх гээд илүү мөнгөөр АТМ-ыг буцаан цэнэглэж байгаагүй...Гүйлгээ нь байгаа юм чинь би цэнэглэсэн гэсэн үг. Гүйлгээнүүд нь миний эрхээр хийгдсэн байсан...Миний домайн кодыг мэдэх хүн миний эрхээр гүйлгээ хийж болно...Манай дотоод журамд домайн кодыг нууцалж бусдад задруулахгүй байх ёстой гэж заасан байдаг. Миний кодыг Н.Б, Г.Ш, захирал нар мэддэг байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 215-216/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Т нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 217/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулах эрүүгийн хариуцлагыг “...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заасан бол 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт “...таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлсэн буюу эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй байна.
Тиймээс прокуророос шүүгдэгч Э.Т-д холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэг болгон өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Т нь Хаан банкны Хан-Уул салбарын харъяа “Номин юнайтед” тооцооны төвийн ахлах теллерээр ажиллаж байхдаа Хаан банкны АТМ-ийн үйл ажиллагааны журам, Кассын үйл ажиллагааны журам, Ажлын байрны тодорхойлолт, Хөдөлмөрийн гэрээ зэргийн холбогдох заалтуудыг зөрчиж тус салбарын КА573, КА574 дугаартай АТМ машин цэнэглэх ёстой байсан мөнгөнөөс 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 13.000.000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 1.000.000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 1.000.000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 1.000.000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 1.000.000 төгрөгийг тус тус хувьдаа авч ашиглан Хаан банканд нийт 17.000.000 төгрөгийн хохирол учруулсныг аж ахуйн нэгж, байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсаны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг давтан үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Э.Т-ыг аж ахуйн нэгж, байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсаны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Монгол банкны шинжээчийн дүгнэлтээр /1хх-ийн 207-210/ 13.960.000 төгрөг гэж тогтоосон бөгөөд уг хохирлын хэмжээг улсын яллагч, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас хүлээн зөвшөөрч маргахгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, шударгаар хүлээн мэдүүлсэн, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Э.Т нь АТМ цэнэглэхдээ дутагдал гаргаснаас нийт 13.960.000 төгрөгийн хохирол учруулсан...10.500.000 төгрөгийг төлж барагдуулсан,...“Номин юнайтед” тооцооны төвөөс хохирол төлбөр 100 хувь барагдсан гэж үзэж байгаа. Э.Т нь Хаан банканд ахлах теллер болтлоо дэвшин ажиллаж байсан болохоор манай байгууллагын зүгээс гомдол санал байхгүй тул шүүхээс түүнд хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, түүний хувийн байдал /...28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн эдийн засагч мэргэжилтэй.../, гэмт хэрэг гарсан болсон шалтгаан, нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг зэргийг харгалзан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй буюу мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 жилийн хугацаагаар тогтоон түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.
2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт “...Хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн эрэгтэй...ялтны хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлнэ...” гэж зааснаар шүүгдэгч нарын эдлэх 3 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид /нээлттэй хорих байгууллагад/ эдлүүлэхээр заалаа.
Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Б овогт Э-ийн Т-д холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Б овогт Э-ийн Т-ыг аж ахуйн нэгж, байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсаны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар Б овогт Э-ийн Т-ыг тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Э.Т-ын эдлэх 3 /гурав/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид /нээлттэй хорих байгууллагад/ эдлүүлсүгэй.
5. Э.Т-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
6. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Т-д тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТБОЛОР