Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 116/ШШ2024/0004

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

                  Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Давааням даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

                  Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,  оршин суух, *******ын ******* /РД:*******/

             Хариуцагч: Дорнод аймгийн Засаг дарга нарын хооронд үүссэн  “******* сумын 6-р баг, Өнөр гудамжинд байршилтай автомашины гражийн зориулалттай 2850м2 талбай бүхий объектын доорх газрын эзэмших эрхийг олгож өгөхийг хүссэн хүсэлтийг шийдвэрлэж өгөхгүй байгаа Аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, газрын эзэмших эрхийг Ш.*******т олгохыг даалгуулах”-тай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

                 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М., хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, Г.*******, гэрч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                  Нэг: Нэхэмжлэлийн шаардлага:

             1.1. Нэхэмжлэгч Ш.******* нь Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан, “******* сумын 6-р баг, Өнөр гудамжинд байршилтай автомашины гражийн зориулалттай 2850м2 талбай бүхий объектын доорх газрын эзэмших эрхийг олгож өгөхийг хүссэн хүсэлтийг шийдвэрлэж өгөхгүй байгаа Аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, газрын эзэмших эрхийг Ш.*******т олгохыг даалгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан[1].

                 Хоёр: Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

                2.1. Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Орон нутгийн өмчийн албаны даргын 2003 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаартай “Эрхийн бичиг”-ээр аймгийн ИТХ-ын 2003 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 78 дугаар тогтоол, шийдвэрийг үндэслэн Орон нутгийн өмчийн албанаас зохион байгуулсан бусад хэлбэрээр /баримтлах доод үнээр грашийн барилга/ хувьчлагдсан эд хөрөнгө /объект/-ыг 3 500 000 төгрөгөөр Дорнод аймгийн ******* сумын иргэн ******* овогтой ******* нь худалдан авсан тул хөрөнгө эзэмших эрх бичгээр олгов гэжээ[2].

          2.2. Дорнод аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 14/02 дугаар тогтоолын  тавдугаар хавсралтаар “******* сумын 6-р баг, Өнөр гудамж, ******* нэгж талбарын дугаар бүхий, автоамшины гаражийн зориулалттай, 2850м2 газрыг давуу эрхээр  эзэмшүүлэхээр баталжээ.[3]

               2.3. Иргэн Ш.******* нь 2021 оны 12 дугаар сарын 17, 2022 оны 06 дугаар сарын 08, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрүүдэд Дорнод аймгийн Засаг дарга, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт тус тус хандан “...өмч хувьчлалаар худалдан авч, 20 гаруй жил барилгын үйл ажиллагааны чиглэлээр ашиглаж буй гражийн барилгын доорх газрыг эзэмших” хүсэлт гаргасан байна.

                2.4. Дорнод аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас бүртгэлээр хүлээн авч,[4] аймгийн Засаг даргаас Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандан 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 5/121 тоот албан бичгээр[5] “...Ш.*******ын хүсэлтийг судалж, саналаа ирүүлэх”-ийг даалгаж, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас аймгийн Засаг даргад хандан 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/063 тоот албан бичгээр[6] “...Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу дуудлага худалдаа явуулах тухай” захирамжийн төсөл боловсруулан, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1/894[7] тоот, 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 2/728[8] тоот албан бичгүүдээр “...Ш.*******т Иргэний хуулийн дагуу барилгын доорх газрыг эзэмшүүлэх”-ээр захирамжийн төсөл боловсруулан хүргүүлж байсан байна.

                2.5. Нэхэмжлэгчээс Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосны дагуу нэхэмжлэгчээс 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр бүрдүүлбэр ханган ирүүлсэн байна.

                   Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

              3.1. Нэхэмжлэгч Ш.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М. шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ш.******* нь Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2003 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 78 дугаартай тогтоолыг үндэслэн Орон нутгийн өмчийн албанаас зохион байгуулсан, 2003 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дуудлага худалдаа болон худалдах хувьчлах хэлбэрээр хувьчлагдсан Дорнод аймгийн ******* сумын 1-р баг “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ний баруун талд байрлах хуучнаар Автобус баазын 2850м2 талбай бүхий гражийн барилгыг 3 500 000 төгрөгөөр үнэлэгдсэн ханшаар худалдан авч, тухайн үл хөдлөх хөрөнгийн үнийг төлснөөр Орон нутгийн өмчийн албаны 2003 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаартай эрхийн бичгээр баталгаажиж, иргэн *******ын өмчлөл эзэмшилд 20 жил ашиглагдаж байгаа юм. Энэ хугацаанд газрын эзэмшлийн асуудлаар төр захиргааны аль ч байгууллагаас ямар нэгэн асуудал гарч байгаагүй бөгөөд нэхэмжлэгч нь уг объектыг барилгын материал сэлбэг худалдан борлуулах, \автын\ үйл ажиллагаандаа агуулахын зориулалтаар ашиглаж байсан. Уг объектыг өөр зориулалтаар ашиглахаар хүүдээ шилжүүлэх зорилгоор хөөцөлдөх үед 2021 онд уг объектын доорх газрын эрхийн асуудал хөндөгдөж ирсэн. Иргэн бол газрын хамт л эзэмших эрх олголоо гэж ойлгосон. Тухайн үед 2003 онд төрийн болон орон нутгийн өмчийн мэдлийн үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулахдаа, түүний салшгүй бүрдэл хэсэг болох газрын эзэмших эрхийн асуудлыг тухайн үед хамтатган шийдвэрлэдэггүй байсан байна. Энэ талаар иргэнд өмнө ямар нэгэн шаардлага тавьдаг байсангүй. Газрын эзэмших эрхийн асуудлаа шийдвэрлүүлэхээр ******* нь 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Газрын харилцаа, Барилга, хот байгуулалтын газар, Аймгийн Засаг дарга нарт хандан газар эзэмших тухай өргөдөл гаргасан боловч хариу өгөөгүй. 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр мөн өргөдөл бичиж, хүсэлтийг шийдвэрлэж өгөхийг хүссэн. Хариу өгөөгүй учир 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дахин газар эзэмших өргөдөл хүсэлтийг шийдвэрлэгдээгүй талаараа дурдаж өргөдөл өгсөн. Гэтэл 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Газрын харилцаа, Барилга, хот байгуулалтын газрын хэлтсийн дарга О.Алтантуяа утсаар яриад танай газрын асуудал шийдэгдсэн. Газрын дуудлага худалдааны үнэ 26 890 000 төгрөгийг Төрийн сангийн дансанд хий гээд данс өгсөн. Оны сүүл болсон учир гүйлгээнүүд хаагдсан, шилжүүлж амжилгүй, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шилжүүлсэн байсан. Гэтэл ондоо багтаж мөнгө нь ороогүй учир дахин шинээр шийдвэрлэгдэнэ гэсэн. Тэр үед бас л уулзсан, бидний өмнөх өргөдөл материалын дагуу 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал хэлэлцээд тогтоол гаргасан. “Давуу эрхээр эзэмшүүлэх газрын байршил хэмжээ” гэсэн уг тогтоолын 5-р хавсралтаар манай 2850м2 газрыг олгох шийдвэр гарсан. 2023 оны 09 дүгээр сард ГХБХБГ-т очиж өргөдлийн хариу хүсэлтийг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ гэж хүсэлт тавьж ороход 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр захирамжийн төсөл бичээд аймгийн Засаг даргад хүргүүлсэн гэсэн. 2023 оны 11 дүгээр сард ...аймгийн Засаг даргын газрын асуудал хариуцсан *******тай очиж уулзаж дээрх асуудлыг тавихад, ГХБХБГазрын ирүүлсэн бичгийг үзэж танилцаагүй байсан. Ингээд шүүхэд нэхэмжлэлээ гаргах хүртэл ямар ч хариу өгөөгүй байна. Ийнхүү газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэж өгөхгүй байгаагаас өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөө захиран зарцуулах, хөрөнгө оруулалт хийх, өмчлөлийн эрхээ үр хүүхдэдээ бэлэглэх шилжүүлэх, зориулалтыг өөрчлөн ашиглах ямар ч боломжгүй байна. Иргэний хуулийн 85-р зүйлийн 85.2-т “...барилгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна”. Иймд барилга объектыг нэгэнт хувьчилж худалдсан атлаа түүний үндсэн бүрдэл хэсэг болсон газрын эзэмших эрхийг олгож өгөхийг хүссэн хүсэлтийг шийдвэрлэж өгөхгүй байгаа аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасны дагуу 20 жил эзэмшиж өмчилж байгаа ******* сумын 6-р баг, Өнөр гудамжинд байршилтай автомашины гражийн зориулалттай 2850м2 талбай бүхий объектын доорх газрын эзэмших эрхийг нэн тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй Ш.*******т газар эзэмших эрх олгож шийдвэрлэхийг даалгаж өгнө үү” гэжээ.

                3.2. Хариуцагч Дорнод аймгийн Засаг дарга М.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...2003 онд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Орон нутгийн өмчийн албанаас зохион байгуулсан дуудлага худалдаанд оролцож худалдан авсан ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хуучнаар автобус баазын барилгын доорхи газрын эзэмших эрхийг баталгаажуулах хүсэлтийг судалж үзэхэд тухайн барилга байгууламжийг эзэмших эрхийн бичгийг авсан боловч барилгын доорх газрыг эзэмших эрхийн гэрчилгээг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу аваагүй байна. Монгол Улсын Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу барилгын доор газрыг давуу эрхээр эзэмшүүлэх талаар шийдвэр гаргах боломжгүй байна. Иймд ******* сумын 6 дугаар багийн Өнөр гудамжинд байршилтай автомашины гражийн зориулалттай 2850м2 талбай бүхий объектын доорх газрын эзэмших эрхийг олгож шийдвэрлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

               3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Уг иргэний хувьд 2003 онд дуудлага худалдаанд оролцож дээрх объектийг худалдаж авсан байдаг. Тухайн үед өмчийн гэрчилгээг төрийн захиргааны байгууллагаас олгосон. Гэвч иргэний хувьд газар болон үл хөдлөх хөрөнгийг бүртгүүлэлгүйгээр өнөөдрийг хүргэсэн байдаг. Ингээд 2021 онд анх бүртгэл үүсгүүлэх тухай хүсэлтээ гаргаж өгсөн. Бид асуудлыг шийдвэрлэх гэж хичээсэн. Гэвч уг утга бүхий хүсэлтийг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу шийдвэрлэхээр заасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хэлж байгаа “давуу эрх” гэдэг асуудал хуулинд тодорхой тусгагдаагүй байдаг. ******* болон түүний хүүтэй нь уулзаж ярилцаж байсан. Мөн албан бичгээр ч гэсэн нэг удаа хариуг хүргүүлж байсан. Газрын суурийн үнэлгээгээр үнийг тогтоож газрыг олгох боломжтой талаар ярилцсан. Тухайн мөнгөн дүнг нэхэж авсан мэт зүйлийг ярьж байна. Бид энэ асуудал сөхөгдөж эхэлсэн үеэс гарц гаргалгааг хайж эрэлхийлж эхэлсэн. Ингээд газрын дуудлага худалдааны төлбөрийг төлүүлэх боломжтой гэж ярилцсан, мөнгө төлөх талаар сануулсан. Иргэний хувьд он дамнуулж төлбөрийг төлсөн нь газрыг олгох боломжгүй болсон. Хуулийн зүйл заалт байхгүй байгаа учраас Засаг даргын хувьд асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

             3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай талаас энэ асуудлыг шийдвэрлэхээр тодорхой ажиллагаа хийж, шийдвэрийг ч гэсэн гарган хүргэж өгсөн. 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1/2790 тоот албан бичиг заасны дагуу төлөвлөгөөнд тусгаж ажилласан. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу шийдвэрлэхээр заасан байдаг. Үүний дагуу ******* сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж шийдвэрлэх ёстой байсан. Энэ нь ******* сумын Засаг даргаас тодорхой ажиллагааг хийх ёстой байсан гэсэн үг юм. Аймгийн Засаг даргаас гаргах ёстой шийдвэрүүдийг гаргаж ирсэн. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эс үйлдэхүй гаргаагүй. Улсын бүртгэлийн хэлтсээс хариуг мөн хүргүүлж ажилласан. Монгол Улсын Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-т “10 буюу түүнээс дээш жил хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан бол тэргүүнд ээлжинд асуудлыг шийдвэрлэнэ” гэж дурдсан байдаг. Нэхэмжлэгч талын хувьд хууль ёсоор эзэмшиж байсан гэдэг нь асуудал үүсгээд байдаг. Тухайн иргэний хувьд 2003 оноос хойш өмчөө баталгаажуулах боломжтой байсан. Энэ шийдвэрийг өөрөө шийдвэрлэхгүйгээр олон жилийг өнгөрөөсөн нь төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаа биш юм. Шийдвэр гарсны дараа эрхээ баталгаажуулах хүсэлт гаргах эрх нь иргэнд л байсан байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

                  3.5. Гэрч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би *******ын төрсөн хүү нь юм. Анх 2004 онд тийм гражтай болсон гэж сонсож байсан. ...2023 оны 11 дүгээр сард уулзах үед шүүхэд хандах хэрэгтэй гэж мэдэгдсэн, ...манай аав Ш.******* нь Дорнод аймагт 1980 оноос 2013 оныг хүртэл амьдарч байсан бөгөөд өөрөө барилгын компанитай юм. Барилгын материал, агуулахын чиглэлээр ашиглаж, эд хөрөнгөө байршуулж эхэлсэн. Цаашдаа барилгын материалын үйлдвэрлэл явуулах хүсэлтэй байгаа. ...Автобус баазын асуудалтай холбоотой бүхий л асуудлыг аавынхаа өмнөөс хөөцөлдөх итгэмжлэлийг би авсан. Хүсэлтийг аавынхаа нэрээр гаргадаг” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

               1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

                 2. Нэхэмжлэгчээс “******* сумын 6-р баг, Өнөр гудамжинд байршилтай автомашины гражийн зориулалттай 2850м2 талбай бүхий объектын доорх газрын эзэмших эрхийг олгож өгөхийг хүссэн хүсэлтийг шийдвэрлэж өгөхгүй байгаа Аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, газрын эзэмших эрхийг Ш.*******т олгохыг даалгуулах тухай” шаардлага гаргасан.

                   3. Нэхэмжлэгчид тухайн газрыг эзэмшүүлэх хууль зүйн үндэслэл бүрдсэн эсэх талаар:

              3.1. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ цахим систем болон төрийн үйлчилгээний нэгдсэн цахим системээр дамжуулан гаргана”, 32.2-т “Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана”, 32.2.1-т “овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний бүртгэлийн дугаар”, 32.2.2-т “эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харъяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг” гэж заасан.

             3.2 .Нэхэмжлэгч нь газар эзэмших тухай хүсэлтээ Газрын тухай хуульд заасан хэлбэрээр, зохих бүрдүүлбэрийг ханган гаргаагүй хэдий ч аймгийн Засаг даргаас өргөдлийг буюу газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхээр зохих байгууллагад даалгаж байсан байна.

3.3.Хариуцагчаас нэхэмжлэгчид 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1/2790 дугаар албан бичгээр[9] хариу өгсөн гэж тайлбарладаг ч нэхэмжлэгч албан бичгийг хүлээн аваагүй гэж маргадаг. Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “...Б.******* нь хувиараа болон аавтайгаа хамт Засаг даргатай хэд хэдэн удаа уулзаж байсан. Тэгэхэд Засаг дарга “Шийдвэрлэж болохгүй асуудал үүсээд байна” гэж мэдэгдэж байсан. Ингээд Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандах эрхтэй гэдгийг тайлбарласан” гэж тайлбарласнаас үзэхэд газар эзэмших эрх олгохоос татгалзаж буйгаа биечлэн уулзаж, мэдэгдсэн байна.

               3.4. Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2-т “Иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж заасан.

              3.5. Газар эзэмшүүлэх нь төрийн нийтийн өмчийг хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр бусдын эзэмшилд шилжүүлэх харилцаа юм.

           3.6. Уг харилцааг Газрын тухай хуулиар нарийвчлан зохицуулсан бөгөөд тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 33 дугаар зүйлд “Газар эзэмшүүлэх шийдвэр гаргах”, 33 дугаар зүйлийн 33.1.1-т “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана” гэж заасан.

               3.7. Иргэнд газар эзэмшүүлэх үндэслэл нь: Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д  “...гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар”, 29.2-д “...гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар”, 29.3-д “...газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэнд гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан ...давуу эрхээр эзэмшүүлэх” хүрээнд зохицуулагдсан байна. 

              3.8. Нэхэмжлэгч нь тухайн газрыг “авто машины гражийн, барилгын” чиглэлээр буюу аж ахуйн үйл ажилагааны зориулалтаар эзэмших хүсэлтэй байгаа нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 буюу “Газрын тухай хуулийн 29.1-29.3-т заасан зориулалт”-нд хамаарахгүй, түүнчлэн барилгын сууриар 2850мхэмжээтэй байгаа нь хуульд заасан иргэнд гэр бүлийн хэрэгцээнд эзэмшүүлэх газрын хэмжээнээс хэтэрсэн байна.

                   3.9. Иймд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасны дагуу газар эзэмшүүлэх боломжгүй байна.

                3.10. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж заасан.

                3.11. Нэхэмжлэгчийн эзэмшихийг хүсч буй газар нь дээрх хуулийн заалтын дагуу дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэх зохицуулалтанд хамаарч байна.

                 3.12. Хэрэгт авагдсан баримтаар, уг газрыг эзэмшүүлэх талаар дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт явагдаагүй байх тул иргэнд эзэмшүүлэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн газар эзэмших тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэхгүй байгаа нь хууль зүйн үндэслэлтэй.

                    4. Нэхэмжлэгчийн “Өмчлөх эрх зөрчигдсөн” гэх үндэслэлийн тухайд:

              4.1. Нэхэмжлэгч Ш.*******ын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө гэж тодорхойлж буй объектод үзлэг хийж, гэрэл зургийг хавсаргаж авахад[10], Дорнод аймгийн ******* сумын 6-р баг, Өнөр гудамжинд байршилтай “... ертөнцийн зүгээр зүүн талаас Тагнуулын газартай залгаа, баруун талаас тухайн объекттой залгаа “******* хотхон” гэх хаягтай шинээр баригдаж буй барилга, барилгыг тойроод болон объектын талыг хашаалсан хашаатай, хойд талаас барилгын техникүүд, автомашин овоолсон шороо байрлах, урд талаас овоолсон шороо, барилгын хашааны хэсэг байх бөгөөд овоолсон шорооноос урагш төв зам” бүхий байршилд уг объект байв.

             4.2. Нэхэмжлэгч нь орон нутгийн өмчийн албанаас олгосон Хөрөнгө эзэмших “Эрхийн бичиг”-ээр өмчлөх эрх олгогдсон, тухайн хөрөнгийн өмчлөх эрхийг Улсын бүртгэлд бүртгүүлээгүй, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж аваагүй гэж тайлбарладаг бөгөөд Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 04/218 дугаар албан бичгээр “... “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн баруун талд байрлах 2850 м2 талбай бүхий автомашины гражийн барилга нь иргэн Ш.******* /РД: *******/-ын өмчлөлд бүртгэлгүй байна” [11] гэсэн байна.

                 4.3. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ”, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл дараах төрөлтэй байна”, 8.1.1-д “эд хөрөнгө өмчлөх эрхийн” гэж тус тус заажээ.

              4.4. Дээрх зохицуулалтаар үл хөдлөх өмчлөх эрх Улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэх тул тухайн барилгын хувьд нэхэмжлэгч Ш.*******т Орон нутгийн өмчийн албанаас олгосон Хөрөнгө эзэмших “Эрхийн бичиг”-ээр өмчлөх эрх үүсээгүй байна.

              4.5. Хуульд заасны дагуу өмчлөх эрх үүсээгүй тул  “...газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэж өгөхгүй байгаагаас би өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөө захиран зарцуулах, хөрөнгө оруулалт хийх, өмчлөлийн эрхээ үр хүүхэддээ бэлэглэх шилжүүлэх, зориулалтыг өөрчлөн ашиглах ямар ч боломжгүй болж хохироод байна” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

               4.6. Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх нь газар эзэмших эрхээс тусдаа хууль зүйн ойлголт бөгөөд өмчийг захиран зарцуулах, бэлэглэх шилжүүлэх, зориулалтыг өөрчлөх зэрэг нь өмчлөх эрх үүссэний үндсэн дээр үүсэх эрхүүд юм. 

               4.7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах...” гэж зааснаар даалгах шаардлагын хувьд захиргааны хууль бус татгалзал, эс үйлдэхүй тогтоогдож, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол нэхэмжлэл хангагдах зохицуулалттай.[12]

               4.8. Тухайн газрын хувьд дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт явагдаагүй тул нэхэмжлэгчид эзэмшүүлэхгүй байгаа нь хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэгчийн хувьд үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх үүсээгүй тул түүний хувьд “өмчлөх эрх” зөрчигдсөн гэж үзэх боломжгүй.

                  4.9. Нөгөө талаас, даалгах нэхэмжлэлийн шаардлага хангагдах удаах нөхцөл нь захиргааны байгууллагаас гаргахыг шаардаж буй захиргааны акт нь хүчин төгөлдөр үйлчилж буй эрх зүйн зохицуулалтын хувьд боломжтой байх учиртай бөгөөд шүүхээс захиргааг хууль зөрчихөд хүргэсэн шийдвэр гаргахыг даалгах боломжгүй.[13]

             5. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Давуу эрхээр эзэмшүүлэх”-ээр баталсан, нэхэмжлэгч нь уг газрыг давуу эрхээр эзэмших эрхтэй гэх үндэслэлийн тухайд:

              5.1. Нэхэмжлэгчээс “...Иргэний хуулийн 85-р зүйлийн 85.2, 105 дугаар зүйлийн 105.1-д заасны дагуу 20 жил эзэмшиж, өмчилж байгаа ...объектын доорх газрын эзэмших эрхийг нэн тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй” гэж тайлбарладаг.

                 5.2. Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т зааснаар, “...байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна” гэсэн заалт нь “эд юмсын бүрдэл хэсэг” гэсэн ойлголтыг тодохойлсон хууль зүйн тодорхойлолт бөгөөд түр зуурын хэрэгцээ хангах зориулалттайгаас бусад, байнгын зориулалттай газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байх зарчмыг тодорхойлсон заалт юм.

              5.3. Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д “Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна” гэж заасан.

                    5.4. Дээрх зохицуулалт нь эд хөрөнгийг “хууль ёсоор” эзэмшигчийн хувьд тэргүүн ээлжинд өмчлөх эрх олж авах давуу эрхийн зохицуулалт юм.

                5.5. Газрын харилцаанд, тухайлбал газар эзэмших, өмчлөх харилцаа нь тусгайлсан хууль тогтоомжоор зохицуулагдах бөгөөд  мөн нэхэмжлэгч нь хууль ёсны эзэмшил, ашиглалт дахь газраа өмчлөх тухай хүсэлт гаргаж маргаагүй тул Иргэний хуулийн дээрх зохицуулалт хамааралгүй.

                 5.6. Газрын тухай хуульд зааснаар давуу эрхээр газар эзэмших зохицуулалт нь: “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өөрийн хөрөнгөөр байгуулсан хиймэл нуур, цөөрөм, усан сан, өсгөж үржүүлсэн ан амьтан, тарьж ургуулсан ойн төгөл, аж ахуйн ашигт ургамлын доорх газрыг багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлт, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн давуу эрхээр эзэмшүүлж болно”, 29 дүгээр зүйлийн 29.3-д “Багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн, тариалангийн газрыг газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан Засгийн газраас тогтоосон журмын дагуу давуу эрхээр эзэмшүүлж болно“ гэсэн хүрээнд хязгаарлагдаж байна.

                 5.7. Мөн хэрэгт авагдсанаар Дорнод аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 14/02 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтаар “Давуу эрхээр эзэмшүүлэх газрын байршил, хэмжээ”-г  ...6-р баг, Өнөр гудамж, 2116: Автомашины гараж, 2850м2” гэж тогтоосон байх боловч газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх нь аймгийн Засаг даргын эрх хэмжээнд хамаарч, зөвхөн хуульд заасан үндэслэл журмаар эзэмшүүлэх үүрэгтэй тул дээрх тогтоол нь давуу эрхээр заавал нэхэмжлэгчид тухайн газрыг эзэмшүүлэх хууль зүйн үүрэг үүсгэхгүй.

                   5.8. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                  1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч Ш.*******ын ******* сумын 6-р баг, Өнөр гудамжинд байршилтай автомашины гражийн зориулалттай 2850м2 талбай бүхий объектын доорх газрын эзэмших эрхийг олгож өгөхийг хүссэн хүсэлтийг шийдвэрлэж өгөхгүй байгаа Аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, газрын эзэмших эрхийг Ш.*******т олгохыг даалгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

                 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

                   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     В.ДАВААНЯМ

 

 

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 1, 19-20-р хуудас

[2] Хавтаст хэргийн 4-р хуудас

[3] Хавтаст хэргийн 7, 21-22-р хуудас

[4] Хавтаст хэргийн 55, 58, 59-р хуудас

[5] Хавтаст хэргийн 80-р хуудас

[6] Хавтаст хэргийн 77-р хуудас

[7] Хавтаст хэргийн 44-р хуудас

[8] Хавтаст хэргийн 47-р хуудас

[9] Хавтаст хэргийн 61-р хуудас

[10] Хавтаст хэргийн 90-94-р хуудас

[11] Хавтаст хэргийн 35-р хуудас

[12] УДШ-ийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Дугаар 00/ХТ2022/0074 тогтоол

[13] УДШ-ийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Дугаар 001/ХТ2020/0192 тогтоол