Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
Хэргийн индекс | 128/2023/1016/З |
Дугаар | 128/ШШ2024/0390 |
Огноо | 2024-05-07 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 128/ШШ2024/0390
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *** ХХК
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч***
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.М***, Г.Ж*** /цахимаар/
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн *** дугаар тушаалыг хүчингүй болгож, *** ХХК-ийн *** дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг сэргээхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхжин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М*** нар ирсэн байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж*** /цахимаар/ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч *** ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн *** дугаар тушаалыг хүчингүй болгож, *** ХХК-ийн *** дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг сэргээхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Хэргийн үйл баримтын талаар
2.1. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаар тушаалаар *** ХХК-д Хан-Уул дүүрэг, Хүүшийн аманд байрлах, *** га газар ашиглах эрх олгож, мөн яамны сайдын 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн *** дугаар тушаалаар *** ХХК-д ашиглуулахаар олгосон газрын А А талбайн *** м.кв газрыг ашиглах эрхийг хүчингүй болгосон.
2.2. Нэхэмжлэгчээс 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан нэхэмжлэлд тус шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШЗ2023/9110 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан нэхэмжлэлээр 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШЗ2023/9763 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэжээ.
3.Нэхэмжлэгч *** ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
“*** ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Хүүшийн амны хязгаарлалтын бүсэд газар ашиглуулахаар *** дугаар бүхий гэрчилгээ олгосон.
Тусгай хамгаалалттай газар ашиглах хууль журмын дагуу менежментийн төлөвлөгөө, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, нарийвчилсан үнэлгээнүүдийг холбогдох байгууллагуудаар заасан хугацаанд хийлгэсэн. Газар нутгийн хамгаалалт, нөхөн сэргээлт, зохистой ашиглалтыг сайжруулах зорилгоор менежментийн төлөвлөгөөний хүрээнд инженер, геодезийн судалгаа хийж, зургийн дагуу дэд бүтцүүдийг татсан. /*** / Бохир ус зайлуулах даралттай шугамын холболтын ажил, автозамын ажил, цахилгааны үндсэн тэжээл татах ажил зэргийг тус тус хийж төслийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа.
Гэвч дээрх ашиглуулахаар олгосон газрын А талбай (*** м.кв)-н ашиглах эрхийг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй” гэсэн үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн *** дугаар тушаалаар хүчингүй болгосон юм.
Тухайн газрын ашиглалтын эрхийг олгосноос хойш бидний зүгээс багагүй хэмжээний хөрөнгө оруулалт хийж, хамт олны хөлс, хүчээр чамгүй их ажлыг амжуулаад төслийнхөө үндсэн зорилгыг хэрэгжүүлэх энэ үед бидэнд урьдчилан мэдэгдэлгүйгээр бидний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх шийдвэр гаргасан бөгөөд шууд цуцалсан тушаалыг хүлээн авч мэдсэн болно.
Нэхэмжлэлийн шаардлага: Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргахдаа хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох тухай Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд Бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээх бөгөөд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж заасан байтал дээрх газар ашиглалтын эрхийн хүрээнд манай байгууллагын авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, гүйцэтгэсэн ажил, бодит үр дүнгийн талаар нарийн тодорхой судалгаагүйгээр нөхцөл байдлыг тогтоосон гэж үзэхээр байна. Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-д оролцогчийг сонсох, тайлбар гаргуулж нотлох баримт цуглуулах талаар хуульчилсан байдаг боловч захиргааны байгууллагаас шийдвэр гаргахдаа манай компанийн тайлбарыг гаргуулаагүй, тийм боломж олгоогүй, сонсох ажиллагаа явуулахгүйгээр бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн юм.
Манай компанийн газар ашиглах эрхийг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй” гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон бөгөөд Монгол Улсын Дээд Шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолын 1.10-т “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно гэж тус заасан.
Гэтэл 2020 оноос эхлэн 2022 оныг дуустал үргэлжилсэн Ковид цар тахлын аюул нь дэлхий дахиныг хамарсан давагдашгүй хүчин зүйл байсныг шийдвэр гаргагч захиргааны байгууллага тооцон үзээгүй, цар тахлын хүнд хэцүү нөхцөл байдалтай зохицон, бүхий л бололцоо, боломжоо шавхан санхүүгийн хямрал, хүний эрхийн тодорхой хязгаарлалттай үед ч дээр заасан ажлуудыг зохих хууль, журам, төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэснийг харгалзан үзэлгүй хүчингүй болгох шийдвэр гаргасан нь үндэслэлгүй юм.
Манай компанийн зүгээс 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр *** албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Б***д *** дугаар тушаалыг дахин хянаж, хүчингүй болгосон шийдвэрээ өөрчилж өгөхийг хүссэн хүсэлт илгээсэн боловч хуульд заасан хугацаанд хариу ирүүлээгүй.
Иймд гомдлыг хүлээн авч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн *** дугаар тушаалыг хүчингүй болгож, өгнө үү.” гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн *** дугаар сайдын тушаалаар манай *** ХХК-ийн Хүүшийн ам дахь *** га газрын зарим хэсэг буюу *** га газрыг цуцалсан.
Нэгдүгээрт: Захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоогоогүй, 25 дугаар зүйлд заасан ашиг сонирхол зөрчигдөж байгаа талд сонсох ажиллагаа хийгээгүй, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан санал авах, тайлбар гаргах боломж олгоогүй, мэдээлэл цуглуулаагүй, нотлох баримт гаргуулаагүй гэх шалтгаанаар гаргасан захиргааны акт нь журам зөрчсөн.
Хоёрдугаарт: 2020 оноос хойш дэлхий даяар үүссэн ковидын нөхцөл байдлыг шийдвэр гаргахдаа анхаарч үзээгүй. Энэ асуудлыг нотлох шаардлагагүй. Хоёр жил ашиглаагүй гэдэг үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалсан. Шийдвэр гаргахдаа Засгийн газар болон Нийслэлийн онцгой комиссын тогтоол шийдвэрийг анхаарч үзээгүй, аж, ахуй нэгж болон иргэдийн эрхийг хязгаарласан үйлдлүүд гаргасан. Тухайн үе Ковидын тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль хэрэгжиж байсан цаг үе юм.
Гуравдугаарт: *** ХХК-иас шийдвэрийг хүлээж аваад, Байгаль орчин аялал жуулчлалын сайдад энэ шийдвэрийг дахин хянаж үзнэ үү, манай эрх ашгийг сэргээж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байсан. Гэтэл амаар болон бичгээр ямар нэгэн хариу өгч байгаагүй. 12 дугаар сард шинэчилсэн байдлаар гэрчилгээ олгосон. Энэ гэрчилгээн дээр манай компанийн хүсэлтээр байгууллага хоорондын үйл ажиллагааны дөхөм байдлаар хандаж *** ХХК-д 0.5 га газрыг шилжүүлсэн. Энэ хүсэлтийг Богдхан уулын хамгаалалтын захиргаа яаманд өгч хүсэлтийг хангасан. Гэрчилгээ гарахад *** ХХК-д олгосон газрыг цуцлаад А болон Б хэсгийг хэвээр үлдээсэн гэрчилгээ олгосон. Байгаль орчин аялал жуулчлалын яам сайдад өгсөн санал нь дэмжигдээд хэвээр гарсан гэсэн ойлголттой болсон. Утсаар лавласан гэтэл хариу өгье гэж хэлээд хариу өгөөгүй.
Хоёр захиргааны байгууллагыг ялгаж, салгаж үзмээр байгаа юм. Богдхан Уулын хамгаалалтын захиргааны үүрэг, зорилго, чиглэл, үйл ажиллагаа нь хяналт, шалгалт хийх юм. Хяналт, шалгалтын байгууллага нь шийдвэр гаргаж аж, ахуй нэгж, иргэний эзэмшиж, ашиглаж байгаа талбайг хүчингүй болгох эрх бүхий субъект биш. Байгаль орчин аялал жуулчлалын сайд бол газар ашиглах, эзэмших эрхийг хүчингүй болгох субъект. Богдхан Уулын хамгаалалтын захиргаа санал гаргаж Байгаль орчин аялал жуулчлалын сайд шийдвэр гаргасан гэж байгаа юм. Саналын дагуу нотлох баримт, сонсох ажиллагаа хийгдсэн юм уу, эрх нь зөрчигдөж байгаа этгээдээс ямар нэгэн тайлбар авсан юм уу. Эдгээр ажиллагааг хянаж үзээгүй байгаа юм. Хэрэв эдгээр ажиллагааг хийсэн бол холбогдох нотлох баримтыг яагаад гаргаж өгөхгүй байгаа юм гэдэг асуудлууд байна.
Газрыг зориулалтын дагуу ашиглаж зам, цахилгаан, бохирын шугамуудыг Вива сити болон Яармагийн замаас татаж хийсэн. Эдгээр нь А хэсэгт шууд холбогдохоор төлөвлөгдсөн. Одоо барилга барихад зам, цахилгаан, бохирын шугам бэлэн байгаа. 2023 оны 12 дугаар сарын 04-ны өдөр газар ашиглах эрх гэрээг Богдхан Уулын хамгаалалтын захиргаатай байгуулсан. А даалгавар байгаа. Анх газар ашиглах гэрчилгээг 2015 онд авч, 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гэрээ байгуулсан. Дэд бүтцийг ажил гэж харахгүй байна. Захиргааны ерөнхий хуулийг захиргааны байгууллага үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх ёстой. Шийдвэр гаргах ажиллагааны нөхцөлийг нэгдүгээрт зөрчсөн. Мөн маргаан бүхий захиргааны акт нь бусад хууль, Монгол улсын Үндсэн хууль, тогтоол, шийдвэрүүдтэй нийцээгүй. Тиймээс маргаан бүхий захиргааны акт үндэслэлгүй байна.
Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас *** дугаар шийдвэрийг гаргасан ажиллагаа нь Монгол улсын Үндсэн хууль болон ердийн хуулийн хэм хэмжээ зэрэг эрх зүйн шаардлагуудыг хангаагүй, хууль бус шийдвэр байгаа тул хүчингүй болгож, газар ашиглах эрхийг сэргээж өгнө үү.” гэв.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М*** шүүхэд гаргасан тайлбартаа:
“...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн *** дугаар “Газар ашиглах эрхийг хэсэгчлэн хүчингүй болгох тухай” тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн гарсан.
Мөн тус тушаалыг гаргахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаар албан бичгээр ирүүлсэн саналд дурдсанаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаартай тушаалаар олгогдсон газрыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаартай тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно.” гэж тайлбарласан байдаг. Иймд нэхэмжлэгч нь газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн *** дугаар тушаал үндэслэлтэй байх тул *** ХХК-аас Байгаль аялал, жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Хариуцагчийн хувьд шүүхэд бичгээр гаргаж өгсөн хариу тайлбараа бүхэлд нь дэмжиж байна. Тухайн нэхэмжлэгчийн ашиглагдаж буй газар Богдхан Уулын дархан цаазат газарт хамаардаг. Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь тусдаа нэгж байгууллага буюу Байгаль орчин аялал жуулчлалын яамны харьяа байгууллага. Тус байгууллага тухайн Хүүшийн аманд хяналт шалгалт хийж газраа ашиглахгүй байгаа иргэн, аж ахуй нэгжүүд дээр холбогдох саналыг Байгаль орчин аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн. Энэхүү хүргүүлсэн шалгалтын хариунд *** ХХК-ийг газар дээрээ үйл ажиллагаа явуулдаггүй гэсэн шалгалтын хариу гарсан. Тийм учраас Газрын тухайн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.6-д заасан үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэлтэй байна гэх холбогдох саналын хүргүүлсэн байдаг. Тусгай хамгаалалттай газрын тухай хуульд заасны дагуу тухайн ирсэн саналыг үндэслээд Байгаль орчин аялал жуулчлалын сайд өөрийн бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэгчийн анх олгосон газраас холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Бодит байдал дээр маргаан бүхий газар дээр ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа явуулсан, барилга байгууламж барьсан нөхцөл байдлууд байгаагүй. Захиргааны хэрэг үүсгэсэн шатнаас эхлээд болон шүүхээс хийсэн үзлэг дээр ч тодорхой харагдаж байгаа. Нэхэмжлэгч компанид нэг гэрчилгээгээр газар олгосон. Олгосон нэгж талбар нь тус тусдаа байршилд байгаа болохоос биш газар ашиглах эрхийг олгосон гэрчилгээ нэг учраас нэг ашиглалтыг шаардана.
Хариуцагч захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт бол газрыг 2 жил ашиглаагүй гэх үндэслэл тайлбартай гарсан. Нэхэмжлэгчийн дэд бүтцийн ажил хийж байсан гэх нөхцөл байдлыг үгүйсгээгүй. Сайдын тушаал, санал, тэмдэглэл, Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны гэрээ дүгнэх хуудас зэргүүдтэй хариуцагч тал маргахгүй. Эдгээр үйл баримтыг захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 45 дүгээр зүйлийн 45.1-д зааснаар захиргааны актад заасан ерөнхий алдааг засах бүрэн боломжтой.
Хэргийн материалд авагдсан нотлох баримт, газрын үзлэг зэрэг үйл баримтаас нэгтгээд дүгнэхэд Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа тухайн үед саналыг хүргүүлсэн. Байгаль орчин аялал жуулчлалын яаманд ирсэн саналд сонсох ажиллагааны тэмдэглэл, хариу тайлбар зэрэг үйл баримтад тусгай хамгаалалттай газрыг хянан шалгах дүгнэлтээр зөвлөлийн гаргасан шийдвэр дээр сайд гарын үсэг зурж тушаал албажиж гарсан. Хариуцагч байгууллагын гаргасан шийдвэртэй холбоотой нэхэмжлэгч газрыг ашиглахаар, тодорхой үйл ажиллагаа явуулахаар нөхцөл байдлыг хангаж байсан байна. Хариуцагч байгууллагын гаргасан хэд хэдэн актууд хоорондоо зөрчилтэй үйл баримтууд байна. Гэхдээ үүнийг тодорхой хуулийн хүрээнд засах боломжтой. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, эвлэрэх эрх олгогдоогүй. Тиймээс захиргааны байгууллагын гаргасан шийдвэрийг хамгаалж оролцох үүргийн хүрээнд тодорхой үйл ажиллагаа, хяналт шалгалтыг явуулсан. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан захиргааны акт гаргах процесс ажиллагааг хэрэгжүүлсэн. Сонсох ажиллагаа явуулсан, хариу тайлбарт авагдсан эдгээр үйл баримтууд хэргийн материалд авагдсан. Нэхэмжлэгчийн цуцлагдсан талбай дээр үйл ажиллагаа явуулсан болон барилга байгууламж барьсан нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа юм. Нэхэмжлэгч талаас цар тахлын нөхцөл байдлын улмаас газраа ашиглаж чадаагүй гэсэн тайлбар өгч байна. Үүнтэй холбоотой Газрын тухайн хуулийн зүйл заалтыг тайлбарласан хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон баримт байхгүй байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн *** дугаар тушаалыг дахин шинэ акт гарах хүртэлх хугацаагаар 1 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч *** ХХК дараах үндэслэлээр маргасан.
2.1.Захиргааны байгууллагаас шийдвэр гаргахдаа манай компанийн тайлбарыг гаргуулаагүй, тийм боломж олгоогүй, сонсох ажиллагаа явуулаагүй.
2.2. 2020 оноос 2022 оныг дуустал үргэлжилсэн Ковид цар тахлын давагдашгүй хүчин зүйлийг тооцон үзээгүй, цар тахлын хүнд хэцүү нөхцөл байдалтай зохицон, бүхий л бололцоо, боломжоо шавхан санхүүгийн хямралтай үед ч зохих хууль, журам, төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэснийг харгалзан үзэлгүй хүчингүй болгох шийдвэр гаргасан.
2.3. Манай компанийн зүгээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад *** дугаар тушаалыг дахин хянаж, хүчингүй болгосон шийдвэрээ өөрчилж өгөхийг хүссэн боловч хуульд заасан хугацаанд хариу ирүүлээгүй.
3. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаар тушаалаар нэхэмжлэгч *** ХХК-д *** га газрыг Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар болох Хүүшийн аманд аялал, жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэсэн. /х.х-231/
4.Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн *** дүгээр албан бичгээр тус компанийн газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт хүргүүлсэн. /х.х 139/
5. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн *** дугаар тушаалаар *** ХХК-д ашиглуулахаар олгосон газрын А талбайг хэсэгчлэн хүчингүй болгож, /х.х-138/
Мөн сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаар тушаалаар “...*** ХХК-ийн ... ашиглалтын В талбайн *** кв.м газрыг хэсэгчлэн цуцалж, үлдэх А талбайн ** м.кв, Б талбайн *** кв.м газрын ашиглах зориулалтыг өөрчилсөн. /х.х-137/
6.Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн *** дугаар тушаалаар хэсэгчлэн цуцлагдсан *** ХХК-ийн А талбайг мөн сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаар тушаалаар ашиглах зориулалтыг өөрчлөхөөр шийдвэрлэсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн *** дугаар гэрчилгээг /х.х-107/ шинэчлэн олгохдоо А талбайг хүчин төгөлдөр байгаагаар оруулсан байна.
7.Түүнчлэн хариуцагчаас *** ХХК-ийн газар ашиглах эрхийг хэсэгчлэн хүчингүй болгосон үндэслэлээ “...А талбайг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй тул Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу тухайн аж ахуйн нэгжийн А талбайн *** м.кв газрын ашиглах эрхийг хүчингүй болгосон” гэж тайлбарлажээ.
8. Гэвч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн *** дүгээр /х.х-122/ Газар ашиглах гэрээ дүгнэх хуудсаар *** ХХК нь *** га газраа зориулалтын дагуу ашиглаж байгаа талаар дүгнэсэн, түүнчлэн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Газрын төлбөр тооцоо нийлсэн акт, /1х.х-12/ 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар тус тус газрын төлбөр тооцоог хийсэн. /х.х-154/
9.Хариуцагчаас Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1-д “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болно: 1/ Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр; 2/ тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн. 3/тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх хүчингүй болсон.” гэж заасан үндэслэл бүрэн тогтоолгүйгээс нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалсан.
Түүнчлэн сайдын 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн *** дугаар тушаалаар хэсэгчлэн цуцлагдсан *** ХХК-ийн А талбайг мөн сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаар тушаалаар “...*** ХХК-ийн ... үлдэх А талбайн ... ашиглах зориулалтыг өөрчлөх”-өөр шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна.” гэж заасан шаардлагыг хангаагүй.
10.Тодруулбал, *** ХХК-ийн Газар ашиглах гэрээ дүгнэх хуудас, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаар тушаал, *** дугаар газар ашиглах гэрчилгээ зэрэг баримтаар Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн *** дугаар тушаалаар *** ХХК-ийн А талбайг ашиглах эрхийг хүчингүй болгосон гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.
Иймээс *** ХХК-ийн А талбайн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн *** дугаар тушаалыг хариуцагчаас шийдвэрлэж, дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасныг баримтлан Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн *** дугаар тушаалыг хариуцагч Байгаль орчин аялал жуулчлалын сайдаас шийдвэрлэж, дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагчаас *** ХХК-ийн газар ашиглах хүсэлтийг шийдвэрлээгүй тохиолдолд *** ХХК-ийн А талбайн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн *** дугаар хүчингүй болох бөгөөд шүүхийн шийдвэрээр тогтоосон 1 сарын хугацаа нь энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоологдохыг дурдсугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН