Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2022/ДШМ/1061

 

 

Б.Од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Доржмаа,

шүүгдэгч Б.Огийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал, Ж.Давааням,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 2022/ШЦТ/604 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Огийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал, Ж.Давааням нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Од холбогдох 2110019140148 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Бийн О, 1980 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:-/,

урьд, Дорноговь аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан;

            Шүүгдэгч Б.О нь 2020 оны 8 дугаар сард урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг далимдуулж, хохирогч Б.Быг “Замын-Үүд Улаанбаатарын хооронд явдаг том оврын автомашинуудад түлш худалдвал маш их ашигтай байна, түлшний явуулын түгээгүүр хийх боломжтой автомашин хамтран худалдан авч ашгаа хуваая, сард 8 сая төгрөг олох юм байна, сар бүр 2.500.000 төгрөгийг өгч байя, явцын дунд чамаас авсан 15.000.000 төгрөгийг буцааж өгөөд худалдаж авсан автомашинаа өөрийн болгож авна” гэх байдлаар хуурч, 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 15.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, “Майти” загварын - улсын дугаартай автомашиныг -ы гадаа авч явж, Б.Бд 15.000.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

хохирогч Б.Бд “БНХАУ-аас нүүрсний тээвэрт явуулах машин оруулж ирж түрээслүүлэн ашиг олох боломжтой байна” гэж итгүүлж, 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 02 дугаар сарын хооронд БНХАУ-аас 2 ширхэг “Howo” загварын автомашиныг чиргүүлийн хамт оруулж ирэх, түүний гаалийн татвар, сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээ нэрийдлээр хохирогч Б.Бы Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, - тоот гэрээсээ шилжүүлсэн нийт 133.238.200 төгрөгийг авч залилсан, хохирогч Б.Бд нийт 148.238.200 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: шүүгдэгч Б.Огийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Б овогт Бийн Ог Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар үргэлжилсэн үйлдлээр хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б овогт Бийн Ог 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Б.О цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, иргэний нэхэмжлэгч “П” ХХК-д төлөх төлбөргүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Огээс 103.238.200 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Бд олгож, Гэр бүлийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсгийн 71.1.1 дэх заалтыг баримтлан 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, бага насны Б овогт Огийн Мөнххүслэнгийн асран хамгаалагчийг тогтоох асуудлыг шийдвэрлэхийг харьяалах Баянгол дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Огийн өмгөөлөгч Ж.Давааням давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Б.Бы Хаан банкин дахь - тоот данснаас шүүгдэгч Б.Огийн - тоот данс руу 20.000.000 болон 15.000.000 төгрөгөөр тус тус шилжүүлсэн 35.000.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцсон нь үндэслэлгүй юм. Учир нь, шүүгдэгч Б.О нь хохирогчид нүүрсний тээвэрт явуулах зорилгоор ачааны авто машин авахад нь мөнгө хэрэгтэй байгаа тухайгаа илэрхийлж, машин авахад нь шаардлагатай байгаа 35.000.000 төгрөгийг зээлдүүлэхийг хохирогчоос хүссэн. Улмаар хохирогч нь 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр уг мөнгийг шүүгдэгчийн данс руу “Зээл Баас” гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Хохирогч, шүүгдэгч нар уг үйл баримтын талаар шүүх хуралдааны явцад мэдүүлсэн бөгөөд хохирогч энэ талаар маргаагүй. Хууль зүйн ойлголтын хувьд бусдын эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлж, хуурч мэхлэхийг залилах гэмт хэрэгт тооцдог. Харин гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсэж, гэрээний биелэлтийн талаар талууд мэдээлэл солилцож байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргаан буюу гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нь “нүүрс тээвэрт зориулж ачааны машин авна” гэж хэлээд хохирогчоос 35.000.000 төгрөг зээлж авсан. Уг мөнгөн дээр өөртөө байсан мөнгийг нэмээд - УАР улсын дугаартай “Хово” загварын авто машиныг худалдан авсан. Энэ тухайгаа хохирогчид мэдэгдсэн бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан Зээлийн гэрээний харилцаа үүссэн. Тиймээс шүүгдэгч нь хохирогчид зээлийн төлбөр болгож 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 2.000.000 төгрөгийг “-” гэсэн утгатайгаар, 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 3.500.000 төгрөгийг “- М” гэсэн утгатайгаар, 2020 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 5.500.000 төгрөгийг “- ХҮҮ” гэсэн утгатайгаар тус тус төлсөн. Гэтэл шүүх уг мөнгийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож, шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд хохирогчоос шүүгдэгчид зээлдүүлсэн 35.000.000 төгрөгтэй холбоотой тухайлсан хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Хэрвээ Зээлийн гэрээний дагуу шилжүүлэн авсан мөнгийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож байгаа бол Зээлийн гэрээний дагуу төлсөн зээл, түүний хүүгийн төлбөрийг ч мөн хохирлоос хасах учиртай.

Шүүгдэгч Б.О нь Хаан банкин дахь - тоот данснаас хохирогч Б.Бы - тоот дансанд 5 удаагийн гүйлгээгээр 13.500.000 төгрөг төлсөн. Тодруулбал, 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 500.000 төгрөгийг “даатгал”, 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 2.000.000 төгрөгийг “даатгал”, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 2.000.000 төгрөгийг “-”, 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 3.500.000 төгрөгийг “- М”, 2020 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 5.500.000 төгрөгийг “- ХҮҮ” гэсэн гүйлгээний утгатайгаар тус тус шилжүүлсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс дээрх мөнгийг хохирлоос хасуулах санал, дүгнэлтээ илэрхийлсэн. Гэтэл анхан шатны шүүх уг мөнгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос хасаж тооцоогүй бөгөөд шийтгэх тогтоолын 18 дугаар талд “....хохирогч Б.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ Огийн Хаан банкны - тоот данснаас миний Хаан банкны - тоот дансанд 18.570.000 төгрөг орсныг тухайн худалдан авсан автомашины гэрчилгээ, оношилгоо, дугаар авах, даатгал хийлгэх гэх зэрэг зардлуудад зарцуулсан, үүнийг нэхэмжилсэн хохирлоос хасаж тооцсон талаар мэдүүлсэн, энэхүү мэдүүлгийг мөн шүүх хуралдаанд өгсөн” гэжээ. Харин хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаас үзэхэд хохирогч нь шүүгдэгчид 148.238.200 төгрөгийн хохирол учруулсан байх боловч шүүгдэгчээс хохирогчид төлсөн 13.500.000 төгрөгийг хасаж тооцоогүй. Тиймээс шүүх 148.238.200 төгрөгийн хохирлоос шүүгдэгчээс хохирогчид төлсөн 45.000.000 төгрөгийг хасаж, үлдэх хэсэг болох 103.238.200 төгрөгийг хохирогчид олгохоор шийдвэрлэсэн. Хэрэв хохирогчид учирсан хохирол болох 148.238.200 төгрөгөөс хохирогчид төлсөн 13.500.000 төгрөгийг хасаж тооцоод, үлдсэн 134.738.200 төгрөгөөс шүүгдэгчээс хохирогчид төлсөн 45.000.000 төгрөгийг хасаж тооцвол үлдэгдэл хохирол 89.738.200 төгрөг болох байсан. Түүнчлэн анхан шатны шүүх хохирогчийн мэдүүлгээс өөрөөр, шүүгдэгчээс хохирогчид буцаан төлсөн 13.500.000 төгрөгийн талаарх өмгөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заасантай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэгт зээлийн хүү тооцогдохгүй бөгөөд хохирогчоос шүүгдэгчийн хүлээн авсан бүх мөнгийг хохиролд тооцсон тохиолдолд шүүгдэгчээс хохирогчид буцаан төлсөн бүх мөнгийг мөн адил хохирлоос хасаж тооцох нь хуульд нийцнэ.

Шүүх “...2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр товлогдсон гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцсон прокурор Н.Пүрэвтогтох нь Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророор томилогдсон шалтгаанаар ирээгүй, ... прокурор Л.Төгсжаргал улсын яллагчаар оролцохоор хүрэлцэн ирсэн. ...Харин дээрх хуулийн 34.12 дугаар зүйлд заасан анхан шатны шүүх хуралдааныг эхнээс нь явуулах тухай заалт нь гэм буруугийн шийдвэр гарахын өмнөх шатанд улсын яллагч солигдвол шүүх хуралдааныг эхнээс нь явуулах үндэслэл гэж ойлгогдохоор байна. Түүнчлэн төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцсон прокурор солигдож өөр прокурор улсын яллагчаар үргэлжлүүлэн оролцоход шүүх хуралдааныг шинээр явуулах үндэслэл болохгүй гэж дүгнэсэн бөгөөд гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсны дараа шүүх хуралдааныг шинээр явуулж гэм бурууг дахин хэлэлцэх нь гэм буруугийн зарчимд нийцэхгүй гэж дүгнэсэн. ...” гэжээ.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд цаашид үргэлжлүүлэн оролцох боломжгүй бол тэдгээрийг сольж болно. Энэ тохиолдолд анхан шатны шүүх хуралдааныг эхнээс нь явуулах ба тэдгээрт хавтаст хэргийн материал танилцуулна. Хавтаст хэргийн материалтай танилцах хугацааг тэдний хүсэлтийг харгалзан шүүх тогтооно’’ гэж заасан байна. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсны дараа шүүх хуралдааныг шинээр явуулахгүй байх талаар заагаагүй байх бөгөөд харин ч анхан шатны шүүх хуралдааныг эхнээс нь явуулахаар заажээ. Түүнчлэн шүүх улсын яллагчийг хэргийн материалтай танилцах боломжоор хангаж, шүүх хуралдааныг 1 удаа хойшлуулсан боловч улсын яллагч Л.Төгсжаргал нь гэм буруугийн шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцоогүйгээс шүүгдэгч нь хохирогчид 45.000.000 төгрөгийг нөхөн төлснийг мэдээгүй улмаас хохирол огт төлөгдөөгүй үндэслэлээр шүүгдэгчид 4 жил хорих ял оногдуулах саналтай байгаа тухайгаа илэрхийлсэн. Хэрэв улсын яллагч гэм буруугийн шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцсон бол шүүгдэгчээс хохирогчид 45.000.000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн болохыг мэдэх байсан бөгөөд энэ нь шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийн саналд нөлөөлөх боломжтой байсан байж болох юм.

Шүүгдэгч нь анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдааны дараа Зээлийн гэрээний барьцаанд “П” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсан - УАР улсын дугаартай “Хово” загварын авто машины өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан бөгөөд уг авто машиныг худалдан борлуулах эсхүл хохирогчид хохиролд тооцон хүлээлгэн өгөх байдлаар хохирлыг нөхөн төлөх боломжтой болсон. Мөн шүүгдэгч нь гэмт хэрэгт холбогдохоос өмнө шатахуун, түлшний бизнес эрхэлж байсан болох нь /1хх 227, 2хх 4/ хэрэгт авагдсан Хаан банкин дахь түүний дансны хуулгаас тодорхой харагддаг. Тэр ч утгаараа шүүгдэгч нь уг бизнесийн үйл ажиллагаатай холбоотой бусдаас авах авлагатай бөгөөд уг авлагаар сая “А” ББСБ-ын 20 сая төгрөгийн барьцаанд байсан - УАР улсын дугаартай Хово загварын авто машиныг барьцаанаас чөлөөлж, хохирогчид 45 сая төгрөгийн хохирол тооцон хүлээлгэн өгсөн. Түүнтэй адилаар одоо “Д” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газрын барьцаанд 10 сая төгрөгийн барьцаанд байгаа - ДГА улсын дугаартай “Маяти” загварын авто машиныг барьцаанаас чөлөөлж, хохирол тооцуулан өгөх, хэрэв хохирогч хүлээн авахаас татгалзвал бусдад худалдан борлуулаад мөнгийг нь хохирогчид өгч хохирол барагдуулах боломжтой юм. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлж, түүнийг нийгэмшүүлэхэд оршдог. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан хорих ялыг хэвээр үлдээсэн тохиолдолд шүүгдэгчээс хохирогчид хохирол нөхөн төлөх хугацаа, мөн хугацаагаар хойшлох болохыг шүүх харгалзан үзэхийг гэж хүсэж байна.

Иймд дээрх байдлыг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсгийн 1.4 дахь заалтад зааснаар шүүгдэгчид оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 54.738.200 (148.238.200 хохирол 45.000.000, хохирогчид нөхөн төлсөн 35.000.000, зээлийн төлбөр 13.500.000, хохирогчид буцаан төлсөн 54.738.200 үлдэгдэл хохирол) төгрөгийг гаргуулан хохирогчид олгохоор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Б.Огийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Холбогдогчийн өмгөөлөгчийн хувьд хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд судлан үзэхэд, хохирогч гэх Н.Б болон холбогдогч Б.О нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан Зээлийн гэрээ болон 476 дугаар зүйлд заасан Хамтран ажиллах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэж, анхан шатны шүүхэд Б.Од холбогдох хэргийг цагаатгах байр сууринаас өмгөөллийн үйл ажиллагаа явуулсан билээ. Анхан шатны шүүх “...Гэрээний эрх зүйн харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсэж, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцох, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэдэг зохицуулалттай. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт “Тээвэрлэлтийн гэрээ”-ээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 380.2 дахь хэсэгт “Зорчигч буюу ачаа, тээшийг тээвэрлэх нөхцөл, тээвэрлэлтийн талаар талуудын хүлээх хариуцлага нь хууль, хуульд нийцсэн тодорхой төрлийн дүрмээр тодорхойлогдоно” гэж хуульчилсан байх бөгөөд шүүгдэгч Б.Огийн хохирогч Б.Баас мөнгө шилжүүлэн авсан үйлдэл, улмаар тээврийн хэрэгслийг барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалж, зээл авч, өөрийн хэрэгцээнд мөнгийг зарцуулсан үйлдлийг тээвэрлэлтийн гэрээ хийсэн гэж үзэх, тус гэрээний нөхцөл үүссэн гэж үзэх үндэслэлгүй. Өмгөөлөгчийн дурдсанчлан тээвэрлэлтийн гэрээ гэж үзвэл тээвэрлэгч нь хэн эсэх, тээвэрлүүлэгч нь хэн эсэх, хохирогч, шүүгдэгч нь нүүрсний олборлолт, эсхүл нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулдаг, ачаа тээшийг тогтоосон газарт хүргэх зэрэг үйл ажиллагаа явуулдаг субъект буюу иргэн, хуулийн этгээд биш байх бөгөөд иргэний эрх зүйн харилцаа гэж хуулийг илтэд үндэслэлгүйгээр тайлбарлаж буй өмгөөлөгчдийн дүгнэлт үндэслэлгүй юм.” /шийтгэх тогтоолын 17-18 дахь талд/ гэжээ. Иргэний хуульд зааснаар Зээлийн гэрээ болон Хамтран ажиллах гэрээг талууд заавал бичгээр байгуулахыг шаардаагүй байх бөгөөд талуудын хоорондын тохиролцоо, агуулгын хувьд харахад Зээлийн болон Хамтран ажиллах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн болох нь хохирогч гэх Б.Бы Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон холбогдогч Б.Огийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг зэргээс харагддаг.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр хугацаа тохиролцоогүй байсан бөгөөд үйл ажиллагаанаас орж ирсэн орлогоос тодорхой хувийг зээлийн хүү болон үндсэн зээлийн төлөлтөд шилжүүлж байхаар харилцан тохиролцсон. Энэ нь түүний зээлийн хүү нэртэйгээр Б.Б мөнгө шилжүүлж байсан банкны хуулганаас тодорхой харагдана. Б.Огийн хувьд Зээл болон Хамтран ажиллах гэрээний оролцогчийн хувьд зээлийг төлж чадахгүй нөхцөл байдал үүссэнээ Б.Бд тухай бүр тодорхой хэлж ярилцаж байгаагүйгээс талуудын хооронд үл ойлголцол үүссэн гэж үзэхээр байна. Үнийн өсөлт болон тээвэрлэн оруулж ирэх зэргээс шалтгаалан Б.Баас зээлсэн мөнгө хоёр том оврын автомашиныг оруулж ирэхэд бүрэн хүрэлцээгүй тул илүү шаардлагатай байгаа зардлыг тээврийн компаниас зээлж хоёр том оврын автомашинуудыг оруулж ирсэн. Дээрх 2021 оны 01 дүгээр сард нүүрс тээврийн хоёр том оврын машинуудыг оруулж ирээд 2021 оны 02, 03 дугаар саруудад нүүрс, тээврийн экспорт хийгдэж байхад тухайн гэрээт байсан тээврийн компаниар хоёр том оврын автомашинаар тээврийн үйл ажиллагаа явуулсан бөгөөд 2 сарын хугацаанд явуулсан ажлын хөлсөөр хоёр том оврын автомашиныг оруулж ирэхэд гарсан нэмэлт зардлыг төлөх боломж олдсон болно.

Зээл болон Хамтран ажиллах гэрээ амжилттай хэрэгжиж дуусах нь Монгол Улсаас БНХАУ руу нүүрсний экспортоос шууд хамааралтай байсан бөгөөд Нүүрсний экспортын зогсолтоос хамааран тээврийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсноос Зээлийн төлөлтийг хийх боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл, нүүрсний экспорт зогссон нь Б.Огийн бизнесийн үйл ажиллагааны хувьд түүнээс хамааралгүйгээр давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй хүнд нөхцөл үүссэнээс Б.Бд зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүг өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Энэ нь нотлох шаардлагагүй үнэн буюу нийтэд илэрхий баримт юм. Харин энэ нөхцөл байдлаа Б.Бд тайлбарлан хэлээгүй нь Б.Огийн буруу бөгөөд мөн түүнчлэн нүүрсний экспортыг хэзээ эхлэхийг мэдэхгүй байж “удахгүй эхлэхээр автомашинуудаа тээвэрт явуулан зээлүүдээ төлнө” гэж хөнгөмсгөөр найдсан нь Б.Огийн буруутай үйлдэл гэдэгтэй маргахгүй. Гэвч энэ нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл биш юм. Талуудын хооронд зээлийн төлөлт хэвийн үргэлжилж байсан бол маргаан үүсэхгүй гэдэг нь ойлгомжтой бөгөөд Зээлийн гэрээний эргэн төлөлт, Хамтран ажиллах гэрээний эргэн төлөлт зэрэг нь зээлдэгч, хамтран ажиллах гэрээний оролцогч тал болох Б.Огээс үл хамаарах шалтгаанаар тээврийн үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болсон үйл баримт байхад Б.Огийн үйлдлийг Эрүүгийн хуульд заасан Залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэх нь эргэлзээтэй. Анхан шатны шүүх Б.Ог урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Б.Быг залилан мэхэлсэн гэж үзсэн. Харин хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад Б.О нь урьдын харилцааны явцад бий итгэлийг урвуулан ашиглаж Б.Бы эзэмшиж, ашиглаж байсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан зүйл байхгүй бөгөөд түүнтэй урьдын харилцааны явцад бий болсон итгэлцлийн үндсэн дээр Б.Бтай харилцан тохиролцсоны дагуу Зээлийн болон хамтран ажиллах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан. Гэтэл талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь илэрхий эргэлзээ бүхий байхад эрх зүйн харилцааг зөв тодорхойлохгүйгээр буюу Б.Огийн үйлдлийг шууд Эрүүгийн хуульд заасан Залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй гэж үзэн анхан шатны шүүхээс ял оногдуулсныг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 2022/ШЦТ/604 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Өмгөөлөгч нарын хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хооронд Тээвэрлэлтийн гэрээний шинжтэй эрх зүйн харилцаа үүссэн гэж огт маргаж байгаагүй бөгөөд анхан шатны шүүхийн тогтоолд бичигдсэн асуудлыг огт мэдээгүй болно. ...” гэв.

Прокурор О.Доржмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.О, хохирогч Б.Б нарын хооронд урдын хувийн харилцаа байсан. Уг харилцаагаа шүүгдэгч далимдуулж хохирогчийн итгэлийг олж, түүнээс авсан мөнгөө зориулалтын дагуу ашиглаагүй. Хохирогч Б.Б нь Б.Од яагаад мөнгө өгөөд байна вэ гэдэг дээр өмгөөлөгч нар ач холбогдол өгөхгүй байна. Өмгөөлөгч Ж.Даваанямаас “нүүрс тээвэрлэх зорилгоор машин авахаар мөнгө авсан” гэж тайлбарлаж байна. Шүүгдэгч Б.О хоёр аргаар мөнгийг авсан байдаг. Эхлээд 2020 оны 8 дугаар сард “түлшний машинаар нүүрс тээвэрлэдэг машинуудад түлш зөөвөрлөж түгээх ашигтай юм байна. Хоёулаа нийлж машин авъя. Яваандаа чамаас авсан мөнгөө төлөөд машинаа буцаагаад өөрийнхөө нэр дээр авна” гэж хэлээд мөнгийг авсан. Хохирогч Б.Бтай “мөнгөө буцааж төлсний дараа машиныг өөртөө шилжүүлж авна. Ингэж авах хүртлээ сар болгон 8.000.000 төгрөгийн ашигтай ажиллана. Үүнээс 2.500.000 төгрөгийг төлнө” гэж тохиролцсон байдаг. Гэвч 2020 оны 8 сард машины мөнгийг авчхаад хоёр сарын дараа буюу 2020 оны 10 сард ярьж байсан зүйл нь өөрчлөгдөөд, нүүрс тээвэрлэх машин авъя гэж хэлсэн байдаг. Гэтэл өмгөөлөгч Ж.Даваанямаас “... өмнө нь зээлсэн мөнгөө өгсөн. Тэр нь иргэний эрх зүйн харилцаа байсан. Дараа нь нүүрсний машин авах санал тавьсан” гэж яриад байна. Хохирогч ойлгохдоо зээлүүлсэн мөнгөнийхөө хариуд сар болгон 2.500.000 төгрөгийн ашгийг Б.Огээс авах юм байна. Уг ашигтай ажил дууссаны дараа надад 15.000.000 төгрөгийг буцааж өгөөд, дараа нь Б.Огийн нэр дээр машиныг шилжүүлж өгөх юм байна гэж ойлгосон гэдэг. Б.О нь Б.Бы итгэлийг олохын тулд түлш тээвэрлэх машиныг Б.Бы нэр дээр шилжүүлж өгсөн. Дараа нь банкнаас зээл авах гэсэн юм миний нэр дээр машинаа шилжүүлээд өгөөч гэхээр нь Б.Б машиныг Б.Огийн нэр дээр шилжүүлсэн. Улмаар Б.О машиныг барьцаалж зээл авсан. Нөгөө л 15.000.000 төгрөгийг өгөөгүй. 2021 оны 2 дугаар сар хүртэл мөнгийг нь авчхаад алга болсон. Залилах гэмт хэргийн гол шинж бол хохирогч итгэсэн байдаг. Итгэсний үндсэн дээр өөрийнхөө мөнгийг шилжүүлж өгдөг. Зээлийн гэрээ, хамтран ажиллах гэрээ гэж маргах ямар ч үндэслэлгүй. Хохирогч мэдүүлгээ тогтвортой өгсөн. Хохирогчийн мэдүүлгийг дансны хуулгууд болон машиныг өөрийнхөө нэр дээрээс Б.Огийн нэр дээр шилжүүлж өгөөд байгаа баримтууд давхар нотолдог. Прокурор эрх хэмжээнийхээ хүрээнд яллах дүгнэлт үйлдэх явцдаа хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хохирлын хэмжээг өөрчилж яллах дүгнэлт үйлдсэн. 13.500.000 төгрөгийг хохирлоос хасаж тооцоогүй гэж байна. Энэ нь хохирогчид буцаан төлсөн хохирлын мөнгө биш юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.12 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж байна. Гэм буруугийн шүүх хуралдаан болоод гэм буруутайд тооцсон байхад дахиад шүүх хуралдааныг эхлүүлээд дахиад гэм буруутайд тооцох нь зохимжгүй. Прокурор хүндэтгэн үзэх шалтгаантайн улмаас шүүх хуралд оролцож чадаагүй байдаг. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаад хорих ялыг торгуулийн ял болгож өөрчилж өгнө үү гэж байна. Үүнд татгалзах зүйл байхгүй. Шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулснаар хохирол төлөгдөж, хүүхдийн эрх ашиг хамгаалагдах байх. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Огийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал, Ж.Давааням нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арвандолдугаар зүйлд заасан гэмт хэргийн үйл баримтыг тогтоохдоо гэмт этгээдийн гэмт үйлдлийн сэдэлт, санаа зорилго, арга хэлбэр, хохирогчид учирсан хохирлын хэмжээг нарийвчлан тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.

Хэргийн материалыг шинжлэн судлахад, хохирогч Б.Б нь мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ найз Ц.Агээс 10.000.000 төгрөг зээлж шүүгдэгч Б.Од шилжүүлсэн гэх боловч хавтас хэрэгт авагдсан бичгийн баримт болон банкны дансны хуулгаар тогтоогдохгүй байгаагаас гадна энэхүү асуудал нь Б.Б, Ц.А нарын хоорондох иргэний эрх зүйн харилцаа тул хохирлоос хасаж бодит хохирлыг тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.О нь 2020 оны 8 дугаар сард урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг далимдуулж, хохирогч Б.Быг “Замын-Үүд Улаанбаатарын хооронд явдаг том оврын автомашинуудад түлш худалдвал маш их ашигтай байна, түлшний явуулын түгээгүүр хийх боломжтой автомашин хамтран худалдан авч ашгаа хуваая, сард 8 сая төгрөг олох юм байна, сар бүр 2.500.000 төгрөгийг өгч байя, явцын дунд чамаас авсан 15.000.000 төгрөгийг буцааж өгөөд худалдаж авсан автомашинаа өөрийн болгож авна” гэх байдлаар хуурч, 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 15.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, “Майти” загварын - улсын дугаартай автомашиныг -ы гадаа авч явж, Б.Бд 15.000.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

хохирогч Б.Бд “БНХАУ-аас нүүрсний тээвэрт явуулах машин оруулж ирж түрээслүүлэн ашиг олох боломжтой байна” гэж итгүүлж, 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 02 дугаар сарын хооронд БНХАУ-аас 2 ширхэг “Howo” загварын автомашиныг чиргүүлийн хамт оруулж ирэх, түүний гаалийн татвар, сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээ нэрийдлээр хохирогч Б.Бы Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, - тоот гэрээсээ шилжүүлсэн нийт 123.238.200 төгрөгийг авч залилсан, хохирогч Б.Бд нийт 138.238.200 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Бы “...Би Б.О гэх эмэгтэйг 2010 оноос хойш таньдаг болсон. Би урьд өмнө Б.Огээр дамжуулан БНХАУ-ын Эрээн хотоос бараа материал авчруулдаг байсан. 2020 оны 8 дугаар сард Б.О над руу утсаар яриад “чамтай уулзах хэрэг байна. ...” гэж хэлэхээр нь би уулзаад ярилцаж байхад “Замын-Үүдэд том оврын авто машинуудад түлш зарвал маш ашигтай, 3 тонн түлш тээвэрлэдэг, авто машин худалдаж авъя, би үзэж харсан зарж байгаа хүн нь 20,000,000 төгрөгийн үнэтэй юм байна, чи 15,000,000 төгрөгийг гаргачих, би 5,000,000 төгрөгийг гаргая. Сард 8 сая төгрөг олох юм байна. Олсон ашгийн 2.500.000 төгрөгийг сар болгон чамд өгч байя, явцын дунд чамаас гарсан 15.000.000 төгрөгийг чамд буцаагаад өгнө, тэгээд би худалдаж авсан машинаа өөрийн болгоод авна” гэж хэлэхээр нь зөвшөөрсөн. ...“би чиний дансанд 5,000,000 төгрөг шилжүүлье, чи очоод машинаа авчих” гэж хэлэхээр нь би ... дансаар 20.000.000 төгрөг шилжүүлж аваад тухайн тээврийн хэрэгслийг би өөрийнхөө нэр дээр болгож шилжүүлэн авсан. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Баянхошуунаас тухайн тэвээрийн хэрэгслийг аваад 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр өөрийн амьдарч байгаа Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жаргалан Эко хотхоны 25-Аа тоотоос Б.О ирээд аваад явсан. 2020 оны 9 дүгээр сар, 10 дугаар сард Б.Отэй ярьж байсан түлшний ашгийн мөнгө гэж 5.000.000 төгрөгийг над руу шилжүүлээд үүнээс хойш надад ямар нэгэн мөнгө өгөхгүй байсан. ...“Түлш борлогдохгүй байна, ковид гээд машин явахгүй байна” гэж хэлсэн. 2020 оны 10 дугаар сард Б.О над руу утсаар яриад “Таван Толгой, Цагаан хадны хооронд нүүрс тээврийн авто машин явуулах юм бол ашигтай байна, хоёулаа хамтарч автомашин авъя, би Өмнөговь аймагт очоод байж байна, тэндээ хариуцаад байж байна, чи нэг машин авчих, би нэг машин авна, чи миний авах гэж байгаа машинд 35.000.000 төгрөг зээлчих, тэгээд би Өмнөговь аймагт хариуцуулаад явуулаад байна, энэ хоёр авто машин чиний нэр дээр байна” гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. 2020 оны 11 дүгээр сарын 18-аас 2021 оны 01 дүгээр сарын 21-ний хооронд 97.218.200 төгрөгийг БНХАУ-ын Эрээн хотоор дамжиж “Хово” загварын хоёр авто машин, хоёр чиргүүлийн мөнгө гэж Б.Отэй ярилцсан 35.000.000 төгрөг ... шилжүүлсэн. ...2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр, түлшний мөнгө гээд 810.000 төгрөг, 02 дугаар сарын 16-ны өдөр замын мөнгө гээд 360.000 төгрөг шилжүүлсэн. Би Б.О гэдэг хүнд нийт 133.118.200 төгрөг шилжүүлсэн. 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хоёр ширхэг урал борхов 1.700.000 төгрөг, хоёр ширхэг гогцоо 140.000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр тээврийн хэрэгслийн гэрчилгээний үнэ, төмөр номер, оношилгоо зэрэгт 119.800 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 7-ны өдөр төмөр өндөрлөгөөнд 719.800 төгрөгийн үнэ бүхий зүйлүүдийг авч өгч байсан. ...“Миний зээл бүтэх гээд байна, миний нэр дээр шилжүүлж өгөөч, 2-3 хоног болоод мөнгө чинь дансанд чинь орно” гэж хэлэхээр нь би Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мишээл Экспо төвийн нэг цэгийн үйлчилгээнд очоод - ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон улсын дугаарыг Баньдийн Огийн нэр дээр болгож өгсөн. ...“У” ХХК-н Б.О нар огт мөнгө болон эд материалын хөрөнгө оруулалт хийгээгүй. Би өөрийн 100 хувь зардал гаргаж хоёр авто машин, хоёр чиргүүлийн хамтаар авсан. ...Б.О надад ямар нэгэн мөнгө өгөөгүй. ...Б.Од өгсөн байгаа мөнгө буцааж авмаар байна. ...” /1хх 22-25, 28-31/,

гэрч Ц.Агийн “...Би Бтай 2000 оноос хойш өнөөдөр хүртэл найзалж, нөхөрлөж байна. ...2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “Нүүрсний тэрэг авах гэж байгаа юм, найзад нь мөнгө дутаад байна, зээлэх мөнгө байна уу” гэж асуухаар нь “мөнгө байгаа, яаж авах вэ” гэж асуусан чинь “найз нь чамд нэг дансны дугаар өгье, энэ данс руу мөнгө хийчих” гэж хэлээд надаа - тоот данс руу өөрийн Хаан банкны - тоот данснаас 11 дүгээр сарын 25-ны 19 цаг 53 минутад шилжүүлсэн, утга дээр нь “Баяраа машины үнэ - дугаар” гээд бичсэн. ...Ооноо буюу Б.О гэдэг эмэгтэй байдаг. ...Б надад хэлэхдээ “О гэдэг эмэгтэйд мөнгө болон автомашин өгөөд залилуулсан” гэж хэлж байсан. ...” /1хх 46-48/,

гэрч Т.Бын “2020 оны 8, 9 дүгээр сард манай компани дээр Б гэдэг хүн 22-48 улсын дугаартай ... авто машинаараа Өмнөговь аймагт тээвэрт явдаг байсан. Тэгтэл 2020 оны 10 дугаар cap байна уу, 11 дүгээр сард манай компани дээр ирээд надтай уулзаад авто “машиныхаа тоог нэммээр байна, БНХАУ-аас авто машиныг оруулж ирэхэд туслаач, танай компанийн нэр дээр оруулж тээвэрт яваад хурдан шуурхай мөнгийг чинь өгөх боломжтой байна, танай компаниас ямар нэгэн мөнгө авахгүй танай компанид өгөх мөнгийг түргэн шуурхай төлж дуусгана” гэж хэлэхээр нь би ... Оюунбилэг захиралд танилцуулсан чинь ... зөвшөөрсөн. ...Би Б гэдэг хүнтэй хоёр авто машин оруулж ирэхээр гэрээ хийсэн. Би БНХАУ-ын Эрээн хотоос авах машинаа олсон гэж хэлсэн. Манай компани тухайн 2 авто машины үнэ болон гаалийн татвар гэх мөнгөнүүдийг гаргасан байдаг. Миний санаж байгаагаар 70 орчим сая төгрөг Б гэдэг хүнд өгөөд 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Монгол Улсын Замын-Үүд гаалиар том оврын тээвэрт явах хоёр авто машин орж ирсэн. Тухайн хоёр орж ирсэн авто машин нь манай компанийн нэр дээр орж ирээд ажил гүйцэтгэж байгаад манай компанид өгөх ёстой байсан мөнгөнөөс тодорхой хэмжээний мөнгийг өгөөд үлдсэн мөнгө өгөхгүй байж байгаад ... бид нар Б гэдэг хүнээс мөнгөө авахаар болсон чинь Б тухайн авто машиныг ББСБ-т барьцаанд тавиад манай компанид өгөх ёстой байсан мөнгөө бүрэн гүйцэд өгөөд манай компанийг хохиролгүй ... болгосон байгаа. ...” /1хх 57-59/,

гэрч Т.Бын “...2020 оны 10 дугаар сард “У” ХХК-тай гэрээ байгуулж хамтарч ажиллаж байсан. - УАР 5819 УАР улсын дугааруудтай тээврийн хэрэгслийг О БНХАУ-аас захиалаад гаалийн бүрдүүлэлтийг нь “У” ХХК хийгээд тухайн хоёр тээврийн хэрэгсэл “У” ХХК-ийн нэр дээр ... тээвэрт явж байгаад 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд У ХХК-тай гэрээ хийж 40.000.000 төгрөг гаргаж би 10.000.000 төгрөг гаргасан. О болохоор уг хоёр авто машиныг БНХАУ-д худалдаж авсан байсан болохоор энэ хоёр авто машиныг гаалиар оруулж ирэхэд татвар болон ачиж оруулж ирсэн тээврийн зардал нь 50.000.000 төгрөг болж байсан учраас яахын аргагүй “У” ХХК-ийн нэр дээр явж 40.000.000 төгрөгийг төлж барагдуулахаас өөр аргагүй болоод тээвэрт яваад “У” ХХК-д өгөх ёстой байсан мөнгөж өгч гэрээгээ дуусгавар болгоод “У” ХХК-д ямар нэгэн өр төлбөргүй болсон байгаа. ...Мөнгө төлж дуусгасны дараа нь О тухайн хоёр тээврийн хэрэгслийг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. Надад байсан - УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг О “надаа шилжүүлээд өгчих, би ББСБ-д барьцаанд тавьж, зээл авч хүнд мөнгө өгөх хэрэгтэй байна” гэж хэлээд авч байсан. ...” /1хх 62-64/,

гэрч Б.Үын “...О гэдэг хүн ... “Д” ХХК авто ломбардад - дугаартай түлшний автомашиныг 10.000.000 төгрөгийн барьцаанд тавих гэж ирэхэд нь ... тухайн тээврийн хэрэгслийн үнэлгээг гаргаад 10.000.000 төгрөгөөр үнэлж, О гэдэг хүний 5- тоот данс руу 10.000.000 төгрөгийг шилжүүлж, ... өнөөдрийг хүртэл ... “Д” ХХК-ийн автомашин байрлуулах хашаанд байрлуулсан байгаа. ...” /1хх 67-69/,

гэрч Б.Цийн “...Би О М нарыг огт харж байгаагүй, танихгүй. Эдгээр хүн манай байгууллага дээр 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ирээд зээл авах хүсэлт гаргасны дагуу - УАР улсын дугаартай “Хово” маркийн ачааны зориулалтай чиргүүлийн хамт тээврийн хэрэгслийг барьцаалж, 20.000.000 төгрөгийг 18 сарын хугацаатай зээлж авсан байдаг. Тухайн тээврийн хэрэгсэл маань Жы М гэх хүний нэр дээр бүртгэлтэй байсан бөгөөд О хамтран зээлдэгчээр оролцож гарын үсэг зурж зээл авсан байгаа. ...” /1хх 110-112/,

иргэний нэхэмжлэгч “П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дгийн “...Харин манай байгууллага дээр ... Б гэж хүн ирээд “би Огийн нөхөр нь байгаа юм, танай байгууллага дээр - УАР улсын дугаартай “Хово” маркийн авто машиныг барьцаанд тавиад тээвэрт явна, засвар үйлчилгээ хийх шаардлагатай байгаа учраас 3.000.000 төгрөг өгөөч” гэж хэлсэн. Тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээ ... О гэдэг хүний нэр дээр байсан. Б тэр өдрөө намайг Отэй холбож өгсөн. Би Огээс “хэзээ тээвэрт явуулах юм” гэж асуусан чинь “авто машин Сэлэнгэ аймгаас ирж байгаа, ирэхээр нь тээвэрт явуулна” гэж хэлсэн. Ингээд бид 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулан - УАР улсын дугаартай “Хово” маркийн авто машиныг өөрийн нэр дээр болгож аваад Огийн Хаан банкны - тоот данс руу 3.000.000 төгрөг шилжүүлсэн. Одоо болтол манай компани О гэдэг хүнээс мөнгө болон тухайн тээврийн хэрэгсэл тээвэрт яваагүй байгаа. ...Бид нар Отэй холбогдоод асуухаар “машин эвдэрсэн, сэлбэг нь ирэхгүй байна” гэж ярьж байсан. Сүүлд 2022 оны 02 дугаар сард би Отэй утсаар холбогдсон чинь “миний машиныг надаас өөр хүнд өгч болохгүй шүү, ирэх юм бол надад хэлээрэй гэж хэлж байсан. ...Тээвэрт явахаараа 3.000”000 төгрөгийг буцаагаад өгнө” гэж ярьж байсан. ...Би бодитоор бол хараагүй, анх гэрээ хийхэд Б зургийг нь харуулж байсан. ...” /1хх 35-37/,

Б.Огийн яллагдагчаар өгсөн “...Б.Баас мөнгөн дүнгээр 50.000.000 төгрөг авсан. Б.Бд машинд захиалж өгнө гэж хэлээд 85.000.000 төгрөг авсан байгаа нийт 135.000.000 төгрөгийн хохирол учруулсан байгаа. Б.Бд түлшний мөнгө өгнө гэж 4.000.000 төгрөг өгөөд тээвэрт явуулсны ашиг гээд 8.000.000 төгрөг өгсөн байгаа. Ингээд нийт үлдэгдэл 123.000.000 төгрөг огт өгөөгүй байгаа. ...2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Замын-Үүдийн Хаан банкны салбараас - ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаанд тавиад 20.000.000 төгрөгийн зээл авсан. ...- ДГА улсын дугаартай авто машин миний нэр дээр бүртгэлтэй байгаа. ...Би Улаанбаатар хотод байрлах “Алтан нохой” ББСБ-т барьцаанд тавиад 10.000.000 төгрөгийн зээл авсан. Энэ авто машин одоо Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Алтан нохой” ББСБ-ийн хашаанд байгаа. ...- ДГА улсын дугаартай тээвэр хэрэгсэл 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Б.Б тухайн тээврийн хэрэгслийг худалдаж аваад би 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр би өөрийн нэр дээр шилжүүлж аваад 2021 оны 8 дугаар сард “Алтан Нохой” ББСБ-д өгч 10.000.000 төгрөгийн зээл авсан. Энэ авто машин тухайн ББСБ-ын хашаанд байгаа унахгүйгээр зээл авахаар нэр шилжихгүй. Энэ авто автомашин одоо асаагаад явахад ямар ч асуудалгүй хөдөлгөөнд оролцоно. ...” /1хх 78-80, 83-85/ гэсэн мэдүүлгүүд,

тээврийн хэрэгслийн лавлагаанууд /2хх 21-23, 27/, хохирогч Б.Бы Хаан банк дахь - дугаарын дансны хуулга /1хх 204-218/, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 219-223, 225, 2хх 15-18/, гэрч Ц.Агийн Хаан банк дахь - дугаартай данснаас 2020 оны 11 дүгээр сарын 25- ны өдөр Хаан банкны - дугаарын дансанд 10.000.000 төгрөгийг “Баяраа машины үнэ” утгатай шилжүүлсэн хуулга /1хх 224/, шүүгдэгч Б.Огийн Хаан банк дахь - дугаарын дансны хуулга /1хх 227-250/, “Д” ХХК, Б.О нарын хооронд байгуулсан 228 дугаартай 10.000.000 төгрөгийн зээлийн гэрээ, 228 дугаартай - ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалсан барьцааны гэрээ /1хх 201/, А ББСБ, Б.О нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулах эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай фидуцийн гэрээ, уг гэрээгээр - УАР улсын дугаартай “Howo” загварын ачааны тээврийн хэрэгсэл, 57-19 АА Liang Shan загварын чиргүүл зэргийг зээлийн барьцаанд барьцаалсан тухай /2хх 181-185/, “П” ХХК, Б.О нарын хооронд байгуулсан 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хамтран ажиллах гэрээ /1хх 129-136/, “П” ХХК-аас Б.Од 3.000.000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /2хх 137/, Б.О “П” ХХК-тай хамтран ажиллах гэрээ 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 27- ний өдрийг хүртэл 2 жилийн хугацаагаар байгуулсан, уг гэрээний нийтлэг үндэслэл хэсэгт “Эрдэнэс таван” толгой уурхайн Цагаан хад хүртэлх уртын чиглэлд нүүрс тээвэрлэх, компанийн нэрээр тээвэрлэлт хийж, ашиг хүртэх, компанид хэлэлцэн тохирсон урамшууллыг төлөх, тээвэрлэгч /Б.О/-д тээвэрлэлтийн хөлсийг тогтоосон хугацаанд олгох тухай хэлцэл хийсэн гэрээ /2хх 129-136/, 5829 УАР улсын дугаартай “Хово” загварын тээврийн хэрэгслийн эзэмшигчээр “П” ХХК бүртгэлтэй тухай тээврийн хэрэгслийн лавлагаа /2хх 21, 137/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба Б.Огийн хохирогч Б.Быг үргэлжилсэн үйлдлээр хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, Б.Бд нийт 138.238.200 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэм буруутай үйлдлүүдийг бодитой тогтоож, гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.О нь 2020 оны 8 дугаар сард урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг далимдуулж, хохирогч Б.Быг “Замын-Үүд Улаанбаатарын хооронд явдаг том оврын автомашинуудад түлш худалдвал маш их ашигтай байна, түлшний явуулын түгээгүүр хийх боломжтой автомашин хамтран худалдан авч ашгаа хуваая, сард 8 сая төгрөг олох юм байна, сар бүр 2.500.000 төгрөгийг өгч байя, явцын дунд чамаас авсан 15.000.000 төгрөгийг буцааж өгөөд худалдаж авсан автомашинаа өөрийн болгож авна.” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Б.Баас - улсын дугаартай “Майти” загварын автомашиныг авч, Б.Бд 15.000.000 төгрөгийн, улмаар “БНХАУ-аас нүүрсний тээвэрт явуулах машин оруулж ирж түрээслүүлэн ашиг олох боломжтой байна” гэж хуурч, 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 02 дугаар сарын хооронд БНХАУ-аас 2 ширхэг “Howo” загварын автомашиныг чиргүүлийн хамт оруулж ирэх, түүний гаалийн татвар, сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээ нэрийдлээр хохирогч Б.Бд нийт 123.238.200 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “...Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн.” гэсэн шинжийг бүрэн агуулсан байна.

Шүүгдэгч Б.Огийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Б.Огийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч Б.О нь Хаан банкин дахь Б.Бы - дугаартай депозит дансны “...2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр “mashinii une 0704uaa” 20.000.000 төгрөг /тухайн өдөр Б.Огээс 5,070,000 төгрөг хохирогчид шилжүүлсэн/, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “зээл Баас” 20.000.000, 15.000.000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “машины үнэ -” 15.000.000, 15.000.000, 13.800.000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “bayaraa mashinii une -” 11.900.000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “tom mashinii zasvar, duguini une” 10.468.200 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдөр “mashin une -” 4.000.000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 8-ны өдөр “mashin hujaa tatvart” 7.000.000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр “duguin torsov” 300.000, 30.000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр “mashinii tatvar” 9.450.000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр “diesel fuel” 810.000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 7-ны өдөр “Bayaraa-s zamiin tatvar” 120.000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр “howo zamiin mongo” 360.000 төгрөг, ...” хуулга /1хх 204-218/-аар хохирогч Б.Бд нийт 138.238.200 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

Мөн дээрх дансны дезит хуулгаар “...2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр “daatgal” 500.000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр “-” 2.000.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “-” 2.000.000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “- m” 3.500.000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “- huu” 5.500.000 төгрөг, ...” хуулга /1хх 204-218/-аар шүүгдэгч Б.Од нийт 13.500.000 төгрөгийн Б.Бд дансаар өгсөн баримттай байна.

Түүнчлэн 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн бэлэн мөнгө хүлээлцсэн тухай баримтаар хохирогч Б.Б нь шүүгдэгч Б.Огийн охин Ж.Мас 45.000.000 төгрөг хүлээж авсан, мөн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр “тээврийн ашиг” гэж 3.649.000 өгсөн зэрэг нийт 62.149.000 төгрөгийг хохирогч Б.Бд өгсөн болно.

Давж заалдах шатны шүүх, шүүгдэгч Б.О нь хохирогч Б.Быг хуурч, төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь авч, нийт 138.238.200 төгрөгийн хохирол учруулснаас 62.149.000 төгрөгийг /1хх 204-218/ хохирол төлснийг дурдаж, үлдэх хохирол 76.089.200 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Бд олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.О нь хохирогчид тодорхой хэмжээгээр хохирол төлсөн, хөдлөх эд хөрөнгөөрөө хохирол төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшин гэм буруугаа хүлээж байгаа, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Б.Ог анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялыг өөрчлөн тухайн зүйлд зааснаар 15.000 нэгж буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар хөнгөрүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Дээрх торгох ялаас Б.Огийн нийт цагдан хоригдсон 63 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, нийт торгох ялаас 945.000 төгрөгийг хасаж тооцон, торгох ялын нийт хэмжээг 14.055.000 /арван дөрвөн сая тавин таван мянга/ төгрөгөөр тогтоож, уг ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Иймд магадлалд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Б.Огийн өмгөөлөгч Ж.Давааням, Ч.Өнөржаргал нарын “хохирол, төлбөр болон хорих ялыг торгох ялаар солиулах” талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 2022/ШЦТ/604 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б овогт Бийн Ог 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Б овогт Бийн Ог 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. ...” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Огээс 103.238.200 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Бд олгосугай. ...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Огээс 76.089.200 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Бд олгосугай. ...” гэж тус тус өөрчлөлт оруулж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон 63 /жаран гурав/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож нийт 945.000 төгрөгөөр тогтоож, Б.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 15.000.000 төгрөгөөр торгох ялаас 945.000 төгрөгийг хасаж, нийт торгох ялын хэмжээг 14.055.000 /арван дөрвөн сая тавин таван мянга/ төгрөгөөр тогтоосугай.” гэсэн,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 14.055.000 /арван дөрвөн сая тавин таван мянга/ төгрөгийг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. ...” гэсэн тус тус нэмэлт заалтыг оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Огийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал, Ж.Давааням нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авсугай.

3. Шүүгдэгч Б.Од цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчлөн, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэрээр 63 /жаран долоо/ хоног цагдан хоригдсоныг дурдаж, нэн даруй сулласугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.АРИУНХИШИГ

            ШҮҮГЧ                                                                        М.ПҮРЭВСҮРЭН

            ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ