Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 370

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

           улсын яллагч Н.Анхбаяр,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Д.Ганбат /ҮД:0-216/,

шинжээч Л.Гансүх, Д.Батзориг,

гэрч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ын А-д холбогдох эрүүгийн 201724000224 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 22-нд Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Соёл урлагийн их сургуулийн Ардын хөгжмийн 3 дугаар курсын оюутан, ам бүл 5, эх, эгч, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, ****** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт Б-ын А

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.А нь 2017 оны 3 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 02 цагийн үед Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Өлзийт хороолол явах чиглэлийн Айдсын давааны замд **-** УНҮ улсын дугаартай Toyota Prius загварын автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “...жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Л.Б-ыг мөргөж амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.А нь 2017 оны 3 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 02 цагийн үед Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Өлзийт хороолол явах чиглэлийн Айдсын давааны замд **-** УНҮ улсын дугаартай Toyota Prius загварын автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “...жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Л.Б-ыг мөргөж амь насыг хохироосон болох нь:

1. Шүүгдэгч Б.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”... 2017 оны 3 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө ахыгаа аваад Өлзийт хороолол явах чиглэлийн Айдсын давааны замд явж байхад саарал өнгийн хувцастай хүн эхлээд гэрэлд орж ирсэн. Тэгээд хурдаа сааруулаад зүүн гар тийшээ дараад эргээд баруун гар тийшээ дарахад дахиад нэг хүн орж ирээд зогсоох арга хэмжээ авах боломж бололцоо олдоогүй мөргөчихсөн. Маш богино хугацаанд болсон...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т-ийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”...18.856.253 төгрөгийн хохирол нэхэмжилж байгаа. 20.000.000 төгрөгийн зардал гарснаас шашин зан үйлтэй холбоотой зардлыг нэхэмжлээгүй. Оршуулгын зардал 8.896.000 төгрөг, бензин, хүнсний мөнгө 413.694 төгрөг, 5.056.000 төгрөг, ресторанд орсон мөнгө 1.720.000 төгрөг, талийгаачийн төрсөн эгч Солонгос улсад байсан. Солонгос улсаас эгчийнх нь ирсэн нэг талын зардал 352.100 вонн болсон ба тухайн үеийн ханшаар бодоход 764.057 төгрөг болсон. Солонгос улсаас эгч нь ажил явдлын зардал 500 долларыг шилжүүлсэн ба тухайн өдрийн ханшаар бодоход 1.225.000 төгрөг болсон...Замын голд зогсож байсан хүнийг очиж дайрсан явдал нь шүүгдэгч машин тэрэг барих чадвар байхгүй, дадлага туршлага муутай, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй явж байсан учраас энэхүү гэмт хэрэг гарсан. Учрах аюулыг харсан бол машинаа зогсоох арга хэмжээ авах ёстой. Гомдолтой байна. Өнөөдрийг хүртэл хугацаанд шүүгдэгч нэг ч удаа харилцаагүй, туслалцаа дэмжлэг үзүүлээгүй, ухамсаргүй хүмүүс. Шүүхээс хохирлын хэмжээг тогтоосон хэмжээнд хохирлоо нэхэмжлэх саналтай байна. Шүүгдэгч хохирлоо барагдуулаагүй, хийсэн хэргээ хүлээхгүй байгаа тул гомдолтой байна...Шүүгдэгч Б.А хохирогчийг дайрснаа ч мэдэхгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

3. Шинжээч Л.Гансүхийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”...Хавтаст хэрэгт авагдсан тухайн үеийн нөхцөл байдлаас техникийн дүгнэлтийг гаргадаг. А цэгээс 18 метр газарт шидэгдсэн байна. Эхний явган зоригчийг хараад хурдаа сааруулсан бол дараагийн зорчигчийг мөргөлөө гэхэд 18 метр газар шидэгдэхгүй. Хэрвээ 30-40 км/цагийн хурдтай явж байгаад эхний явган зорчигчийг хараад тоормос гишгэхэд машины хурд 20 км/цаг болж буурах ёстой. Ийм учраас Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзсэн байгаа...Жолооч хүн эрсдлийг тооцож хөдөлгөөнд оролцох ёстой. Тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах ёстой байсан...Явган зорчигч Л.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9 “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах”, 3.4 “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн байна...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр талийгаачийн цусанд 2,4 промилли спиртийн агууламж илэрсэн, ходоодны шингэнд 5.7 илэрсэн байна гэж дүгнэлт гаргасан байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

4. Шинжээч Д.Батзоригийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”...Анх Г.Г-ыг харсан цэг 8 метр 10 см байна...Хавтаст хэрэгт авагдсан өөрсдийнх нь мэдүүлгээр 30-40 км/цагийн хурдтай гэсэн байна...Замын хөдөлгөөний дүрмэнд зааснаар дээд хурд нь 60 км/цаг байгаа. Заавал 60 км/цаг явах шаардлага байхгүй, 1 км/цагийн хурдтай явсан ч болно...Гэрэлтүүлэг байхгүй...40 км/цагийн хурдтай явж байсан тээврийн хэрэгсэлд зогсоох арга хэмжээ авахад 10 метр орчим явж байж бүрэн зогсох боломжтой...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

5. Гэрч Б.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”...Хэрэг болох үед би зорчигчийн урд суудалд явсан. Улаанбаатараас Төв аймаг руу явах зам буюу Айдсын давааны замд болсон. Хэрэг болох үед харанхуй, үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан. Айдсын давааг давах үед гэнэт цагаан хувцастай хүн зорчих хэсэг дээр сөрсөн байдалтай гарч ирсэн. Тэгээд тухайн хүний зүүн гар талаар, машины баруун гар талаар тойрч гарсан. Тэгээд буцаад урсгал руу ороход маш богинохон хугацаанд хүн гарч ирж мөргүүлсэн. Тухайн үед өмнө нь урьдчилан харах боломжгүй хугацаа байсан...Талийгаачийг жолоочийн талаар мөргөсөн. Жолоочийн талын салхины шил цөмөрч орж ирсэн. Машины хажуугийн хэсэг буюу жолоочийн өөдөөс мөргөгдсөн...Машин 30-40 км/цаг хурдтай явсан...Би машиныхаа заалтыг тухайн үед харахад 30 км/цагийн хурдтай явж байсан. Машины заалтыг би үргэлж харж явдаг. Б.А болон миний бие Айдсын даваагаар 6 жил явсан...Би тухайн үед маш их сандарч тэвдсэн байсан. Жолооч бид хоёр машинаасаа бууж тусламж үзүүлэх ёстой гэсэн байр сууринаас хандсан. Гэтэл талийгаач замын хажууд унасан байсан. Анх талийгаачийг унасан байсныг хараагүй байсан. Машинаас гарч ирэхэд хүн байхгүй байсан. Э.Э замын эсрэг талаас цаад талд чинь хүн уначихлаа гэсэн. Сүүлд машин дээр очиж харахад тухайн үед сандраад машиныг парклаагүй араагаа N дээр тавьсан байсан. Одоо бодоход тухайн үед машин цахилгаан мотороор ажиллаж байгаад бензин мотор нь ажиллах үед өнхөрсөн юм шиг байсан...Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Би ч эрүүл байсан... Осол болсны дараа төрсөн ахтай нь холбогдож буяны үйл ажиллагаанд нь оролцъё гэж ярьсан боловч 9911..дугаарыг өгсөн. Тухайн хүнтэй холбогдоход  маргааш уулзъя ажилтай байна гэсэн. Дараа нь утсаар ярихад ээжийн бие муу байна, та нартай уулзуулах боломжгүй байна гэсэн...Тухайн үед маш хэцүү байсан. Эхний хүн орж ирэхэд сандрал болсон, эхний хүнээс зайлуулж дараагийн хүн гарч ирэхэд зогсоох боломжгүй байсан. Маш богинохон хугацаанд болсон...Тоормос гишгэсэн. Г.Г-ыг гэрэлд орж ирэхэд маш хурдан тоормос гишгэсэн, би маш сайн санаж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            6. Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 6-11, 13/

            7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би Л.Б-ын ээжийнх нь төрсөн ах нь байгаа юм...Осол хэрэг гарсан тухай 2017 оны 3 дугаар сарын 30-ны өглөө Замын цагдаа дээр ирээд мэдсэн...Осол хэрэг гардаг өдрийн өглөө л гэрээсээ гарсан гэсэн...Гэр бүлтэй байж байгаад 2015 онд гэр бүлээ цуцлуулчихсан байсан...Оршуулгын зардалд ойролцоогоор 20 орчим сая төгрөг гаргаад байгаа. Би нарийвчилсан тооцоог гаргаж баримтаар өгнө...Энэ хэрэг гарахын өмнө мөн л Э.Э дуудаж авч явснаас уг хэрэг гарсан гэж үзэж байна. Маш сайн шалгах хэрэгтэй гэж бодож байна. Тухайн үед хэдэн төгрөгтэй явсан бүү мэд. Үнэхээр их гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 35-36/

            8. Иргэний хариуцагч Б.Бг-ийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “...Toyota Prius маркийн **-** УНҮ дугаартай автомашин миний өөрийн эзэмшлийн автомашин юм, гэхдээ надад мөнгөний хэрэг болоод Гуртын тавилан ББСБ-д 800.000 төгрөгөнд машинаа тавьсан, би зээлээ төлөөд дуусгаж байгаа, энэ сар сүүлийн сар нь юмаа...Тухайн үед Б.А нь миний зөвшөөрлөөр уг автомашиныг унаад явж байсан, осол болох үед байгаагүй, автомашинд ямар нэгэн явах эд ангийн, мөн тоормосонд эвдрэл гэмтэл байхгүй байсан...Бид нар хохирогчийн ар гэртэй холбоотой байгаа, саяхнаас л хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ахтай холбогдсон байгаа, одоогийн байдлаар бид 3.000.000 төгрөг бэлдчихээд л байна, ер нь бол төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 115-116/

            9. Гэрч Л.Н-ын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би хөдөө гадаа ажилтай явчихдаг учраас манай гэр бүл ээж бид нар ярьж байгаад ээжийн төрсөн ах Д.Т гэдэг хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулахаар болсон...Манай дүү бол дуугуй төлөв даруу хамт олонтой эвсэг тусархуу хүн байсан юм. Албан ёсоор 2015 онд нөхрөөсөө салаад хүү, ээжийн хамт амьдардаг байсан юм...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 70-71/

            10. Гэрч Э.Э-гийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 11 цаг болж байхад манай их сургуулийн найз Л.Б надруу залгаад би танайх руу очиж байна гэсэн. Тэгээд би гэртээ байж байсан ба хамтдаа Манзширийн хийд явъя гэхээр нь тэгье гэсэн. Манзшир ороод эргээд 18 цаг өнгөрч байхад...Өлзийт хороололд манай хадам аав Цогтийнд ирсэн ба би талийгаачийг ирэхэд хадмындаа байсан юм. Төв аймгаас наашаа Өлзийт хороолол руу гарахдаа дэлгүүрээс нэг шил 0,5 граммын архи, хоёр Нийслэл пиво аваад тэрийгээ манай хадмын гадаа машиндаа уусан. Энэ үед бид хоорондоо элдэв зүйл яриад 23 цаг хүртэл суугаад...гэрлүү орж унтахаар болоод би нялх хүүхэдтэй учраас түрүүлээд гэрлүүгээ орсон. Удалгүй манай нөхөр араас ороод ирсэн ба би машиных нь түлхүүрийг аваад гэрлүү орж ирээд байж байхад...талийгаачтай хамт явсан залуу нь хашаа даваад гүйгээд явчихлаа гэсэн. Тэрийн дараа талийгаач хоёулаа хойноос нь яваад аваад ирье тэгэхгүй бол болохгүй гээд байхаар нь би машиныг тань бариад яваад очъё гээд Өлзийтийн пост хүрэх гээд зогсож байсан ба талийгаач буугаад эргээд суу гэсэн чинь нөгөөдөх нь салаавч гаргаад хоорондоо муудаад байсан. Тэгээд нөгөө залуу пост өнгөрөөд гүйгээд явчихсан. Талийгаач тухайн үед нөгөө залууг машиндаа суулгаад эргээд аваад явъя гэсэн бодолтой байсан учраас дахин араас нь очоод гуйтал дахин гүйгээд явчихсан. Тэгэнгүүт нь би ер нь...найзыгаа аваад эргээд харъя гээд замын баруун гар талруу замаа чөлөөлөөд зогсоод буух гэж байхад хот талаас нэг машины гэрэл гараад машины гэрэлд саарал өнгийн хувцастай хүн бултаж байгаа нь харагдаад удаагүй байхад тас хийх чимээ гараад би машинаасаа буугаад яанаа миний найз хааччихваа гээд хэлээд байж байхад хот талаасаа нэг том машин орж ирээд гэрэл гараад замын хажуу талруу хартал талийгаач замын хажуу талд хэвтэж байсан. Ингээд бөөн юм болоод байж байхад нөгөө залуу эргэж ирээд талийгаачийн толгой дээр нь суучихсан би юу хийчихвээ миний хайраа босоод ирээчээ гээд хашгираад байсан...Осол хэрэг гарсан зам ямар ч гэрэлтүүлэг байхгүй уруу зам байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 73-74/

            11. Гэрч Г.Г-ын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2017 оны 3 дугаар сарын 28-ны орой талийгаач Л.Б утсаар...маргааш өглөө Заяа гээд манай найзынд оччихоод Манзшир оръё гээд залгасан. Тэгээд өглөө 09 цаг болж байхад талийгаач өөрийнхөө 34-07 гэсэн дугаартай Т.Приус маркийн автомашинтай Хайлаастад ирээд тэндээсээ Өлзийт хороолол руу талийгаачийн найз Заяагийнд очсон. Тэндээсээ нөхөр хүүхдийг нь аваад машиндаа 4-үүлээ Төв аймаг ороод...Тэндээсээ Манзшир гээд нэг амралтын газарт очоод хэсэг зуур...байгаад эргээд 18 цаг болж байхад хөдлөөд замаасаа нэг шил 0,5 граммын архи, хоёр лааз пиво аваад Өлзийт хороонд ирээд Заяагийн аавын гадаа нь очоод машин дотроо байж байгаад нөгөө архийг би найзынх нь нөхөртэй ууж байгаад архи дуусангуут дахиж нэг архи аваад мөн хоёр лааз пиво аваад хашаан дотор нь орж байгаад ууцгаасан. Талийгаач бид хоёр нөгөө айлд ороод хоол идчихээд эргээд машиндаа хэсэг суугаад ярилцаж байгаад айлд орж хонох үгүйгээсээ болоод хоорондоо маргалдтал талийгаач намайг тэгвэл чи зайл п... минь гэсэн. Тэгэхээр нь би нөгөө айлын хашааг даваад хот орохоор гараад явсан. Тэгээд Өлзийт хорооллоос гараад хотруу салдаг пост өнгөрөөд явж байхад талийгаач машинаа найз Заяагаараа жолоодуулчихсан хажуугаар орж ирээд суучихаач гэхээр нь би чадахгүй гэж хэлчихээд хот талруугаа эргэж ч харалгүй замын хажуугаар алхаад явж байхад гэнэт ард түс хийгээд явчихаар нь эргээд хартал нэг машин жаахан хөндлөн байрлалтай зогсож байхаар нь гүйгээд очтол замын хажууд талийгаач хэвтэж байсан...Би замын баруун гар талд алхаж явсан ба хажуугаар талийгаачийг мөргөсөн машин гараад явсан...Би замын хажуу талын хэсгээр явж байсан...Замаар машин багатай байсан. Тас харанхуй байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 76-77/

            12. Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2017 оны 3 дугаар сарын 29-ний орой миний жолоодож явсан машин эвдрээд дүү Б.А-ийг ах Б.Бг-ийн машиныг аваад намайг ирээд аваач гэж дуудсан тэгээд 02 цагийн орчимд Улаанбаатар хотоос гараад Өлзийт хороонд байдаг гэрлүүгээ явсан. Би машины жолоочийн хажуугийн урд суудал дээр суугаад дүү Б.А машиныг жолоодоод ойролцоогоор 30 орчим км/цагийн хурдтай явж байтал гэнэт цайвар саарал өнгийн хувцастай хүн замын голд гараад ирсэн. Энэ үед би сандал дээр хойшоогоо налаад...суучихсан явж байсан тэгсэн дүү нөгөө хүнийг мөргөхгүйн тулд жолоогоо зүүн гар тийш дарсан тэгээд баруун гар тийш дартал түс тас хийгээд явчихсан. Би тухайн үед саарал хувцастай хүнийг яаж мөргөчихөөгүй юм бэ гэж бараг шахуу бодож амжаагүй байхад л тас хийгээд явчихсан. Б.А өдөр болгон тэр замаар гэрлүүгээ явдаг ба Айдсын даваагаар ер нь их болгоомжтой явдаг байсан. Ингээд тас хийсний дараа машинаас буугаад хартал эсрэг урсгалд хойшоогоо хараад зогсож байсан машин гэрэлд саарал өнгийн малгайтай бэлтгэлийн цамцтай эрэгтэй хүн зогсож байснаа өөдөөс алхсан. Тэгтэл өмнөөс хот талруугаа хараад зогсож байсан машинаас нэг эмэгтэй бууж гарч ирээд наана чинь нэг эмэгтэй хүн байх ёстой гэж хэлсэн. Тэгээд эргэн тойронд хайгаад явж байхад хот талаас нэг том автомашин гарч ирээд нөгөө машины гэрэлд замын хажууд нэг хүн хэвтэж байгаа харагдсан...Би сэрүүн урагшаагаа хараад явж байсан...Осол хэрэг болох үед машины гэрэлд гялбасан зүйл байхгүй...Замын зорчих хэсгийн бараг шахуу голд явж байсан. Гэнэт л гуйваад гараад ирсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 86-87/

            13. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №690:

                        -Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр их, бага тархины орой болон суурь хэсгийг нилэнхүйд нь хамарсан зөөлөн бүрхүүлийн доорх тархмал цус харвалт, цээжний зүүн талын 1, 2, 3-р хавирга, зүүн атгаал яс, баруун дунд чөмөгний далд хугаралууд, зүүн мөрний үений мултрал, дух, баруун, зүүн хацар, эрүү, хүзүү, цээж, бүсэлхий нуруу, зүүн бугалга, сарвуу, баруун шуу, сарвуу, зүүн, баруун гуя, өвдөг, шилбэнд шарх, цус хуралт, зулгаралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой, шинэ гэмтлүүд байна. Үүссэн дарааллыг тогтоох боломжгүй.

                        -Талийгаачийн биед үхэлд шууд хүргэх архаг хууч өвчин эмгэг тогтоогдсонгүй.

                        -Талийгаач нь дээрх хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ.

                        -Талийгаачийн цусанд 2,4 промилли спиртийн агууламж илэрсэн нь дунд зэргийн согтолтыг харуулж байна. Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис тодорхойлох шинжилгээний стандарт ажлын заавар байхгүй тул шинжилгээ хийх боломжгүй байна гэжээ.

                        -Талийгаач нь А (II)-р бүлгийн цустай байна. /1хх-ийн 97-99/

            14. Техникийн шинжээчийн дүгнэлт №213:

                        -Toyota Prius маркийн **-** УНҮ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Баатар овогтой Б.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

                        -Явган зорчигч Лхагвасүрэн овогтой Л.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9 “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

                        -Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна.

          -Хохирогчийн санал хүсэлт:

                        -Хавтаст хэргийн материалд жолоодох эрхийн үнэмлэхтэй байна.

                        -Жолооч тээврийн хэрэгслийг осол болсноос хойш гүйцэт зогсоогоогүй эсэхэд хариулт өгөх боломжгүй болно. /1хх-ийн 108-109/

            15. Техникийн шинжээчийн дүгнэлт №319:

                        -Toyota Prius маркийн **-** УНҮ улсын дугаартай автомашин жолоодож явсан Б.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

                        -Явган зорчигч Л.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9 “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах”, 3.4 “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

                        -Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна.

                        -30-40 км/цаг хурдтай суудлын автомашин нь бүрэн зогсолт хийхэд дундаж замын урт 10 м байх боломжтой. /1хх-ийн 196-197/

            16. Яллагдагч Б.А-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 3 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө би Т.Приус 10 маркийн **-** УНҮ улсын дугаартай автомашины жолоодон Хүнсний 1 дүгээр дэлгүүрээс хамаатны ах Б.Б-ыг аваад Өлзийт хороолол руу харих гээд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Төв аймаг руу явах замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаагаа чиглэлтэй зорчих хэсгээр ойролцоогоор 30-40 орчим км/цагийн хурдтай Айдсын даваа уруудаад явж байхад замын голд буюу миний зорчин явсан эгнээнд саарал өнгийн хувцастай хүн замын голоор алхаад өөдөөс ирж байсан тэгэхээр нь би тэр хүнийг тойрч гарах гээд зүүн гар талруугаа буюу эсрэг урсгалруу дарж хурдыг сааруулаад буцаагаад баруун гар талруугаа дартал дахиад өөдөөс нэг хүн гараад ирэхээр нь дахин зүүн гар талруугаа буюу эсрэг урсгалруу дартал гэнэт түс хийгээд явчихсан. Тэгтэл миний машины баруун урд хэсгийн салхины шилэнд хүн мөргүүлчих шиг болсон. Тэгээд буугаад гараад иртэл замын баруун талд нэг эмэгтэй хүн жалганд уначихсан хэвтэж байсан. Харин би тухайн үед нилээн сандрахдаа машиныхаа речак буюу араагаа дутуу түлхээд буучихсан юм шиг байсан түүнээс болоод манай машин өнхөрөөд замынхаа зүүн гар талруугаа буугаад...зогсчихсон байсан. Тэгээд манай хамаатны ах Б.Б нь осол хэргийн талаар дуудлага өгсөн. Тэгээд замын цагдаагийн газрын бүрэлдэхүүн ирж хэмжилт хийсэн...Замын хөдөлгөөн сийрэг, харанхуй, зорчих хэсэг гэрэлтүүлэггүй, үзэгдэх орчин хязгаарлагдмал, тухайн зам нь бага зэрэг уруу тахир зам байсан...Манай хамаатны ах Б.Бг-ийн эзэмшлийн автомашин...Би явган зорчигчийг их л ойрхон зайнаас харсан яг хэр зайнд харснаа санахгүй байна...Өөдөөс бол машин ирээгүй байсан...Би машиныхаа ойрын гэрлийг асаасан байсан...Би эрүүл явж байсан...Би 2013 оны жолооч, В ангилалтай, жолоо бариад 3 орчим жил болж байна...Гэнэт хүн гарч ирсэн болохоор би их сандарсан байсан тийм болохоор тээврийн хэрэгслийг би зогсоож чадаагүй юм...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 128-129/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.А нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 131/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №690, техникийн шинжээчийн дүгнэлт №213, №319 зэргийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгч Б.А-ийн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний улмаас ямар нэгэн хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож үйлдсэн гэж үзнэ.

Тээврийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбат нь “...Талийгаачийг мөргөсөн юм уу гэдэг талаар маргаан байгаа. Хохирогчийг шууд очоод мөргөсөн юм уу гэхээр машины баруун урд буюу хажуу талаас гупер дохионы тэндээс хонхойсон баримт нотолно. Урдаасаа мөргөгдсөн байна уу хажуу талаасаа мөргөгдсөн байна уу гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа. Хохирогч ямар хэмжээний согтолттой байсан юм бэ гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. Хохирогчийн биеэ авч явах чадвар хэр байсан юм бэ гэхээр хохирогч нь хүнд зэргийн согтолттой байсан гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байгаа...Хэргийн газрын үзлэг дээр 8.1 метр гэж үзсэн байгаа. Ийм зайнд 30-40 км/цагийн хурдтай явж байсан машиныг зогсоох боломжгүй гэдгийг шинжээчийн дүгнэлтээр машин 10 метр яваад зогсоно гэж гарсан нь тухайн машиныг зогсоох боломжгүй байсан гэдэг нь нотлогдож байна...Шүүгдэгч Б.А-ийг болгоомжгүйгээр энэхүү хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэхгүй...Хууль зөрчсөн үйлдэл байгаагүй, хохирогчийн буруутай үйлдлийн улмаас осол болсон. Шүүгдэгч Б.А-ийг гэм буруугүй гэж үзэж байна...Шүүгдэгч Б.А, гэрч Б.Б нарын мэдүүлгээр хохирогч нь өөдөөс гүйж ирж байсан нь тогтоогддог...Машиныг зогсоох боломж байхгүй байсан гэв...” гэж маргасан нь:

            гэрч Э.Э-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…найзыгаа аваад эргээд харъя гээд замын баруун гар талруу замаа чөлөөлөөд зогсоод буух гэж байхад хот талаас нэг машины гэрэл гараад машины гэрэлд саарал өнгийн хувцастай хүн бултаж байгаа нь харагдаад удаагүй байхад тас хийх чимээ гараад би машинаасаа буугаад яанаа миний найз хааччихваа гээд хэлээд байж байхад хот талаасаа нэг том машин орж ирээд гэрэл гараад замын хажуу талруу хартал талийгаач замын хажуу талд хэвтэж байсан...Осол хэрэг гарсан зам ямар ч гэрэлтүүлэг байхгүй уруу зам байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 73-74/,

            гэрч Г.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…Өлзийт хорооллоос гараад хотруу салдаг пост өнгөрөөд явж байхад талийгаач машинаа найз Заяагаараа жолоодуулчихсан хажуугаар орж ирээд суучихаач гэхээр нь би чадахгүй гэж хэлчихээд хот талруугаа эргэж ч харалгүй замын хажуугаар алхаад явж байхад гэнэт ард түс хийгээд явчихаар нь эргээд хартал нэг машин жаахан хөндлөн байрлалтай зогсож байхаар нь гүйгээд очтол замын хажууд талийгаач хэвтэж байсан...Би замын баруун гар талд алхаж явсан ба хажуугаар талийгаачийг мөргөсөн машин гараад явсан...Би замын хажуу талын хэсгээр явж байсан...Замаар машин багатай байсан. Тас харанхуй байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 76-77/,

            гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “…ойролцоогоор 30 орчим км/цагийн хурдтай явж байтал гэнэт цайвар саарал өнгийн хувцастай хүн замын голд гараад ирсэн. Энэ үед би сандал дээр хойшоогоо налаад...суучихсан явж байсан тэгсэн дүү нөгөө хүнийг мөргөхгүйн тулд жолоогоо зүүн гар тийш дарсан тэгээд баруун гар тийш дартал түс тас хийгээд явчихсан. Би тухайн үед саарал хувцастай хүнийг яаж мөргөчихөөгүй юм бэ гэж бараг шахуу бодож амжаагүй байхад л тас хийгээд явчихсан...Тэгээд эргэн тойронд хайгаад явж байхад хот талаас нэг том автомашин гарч ирээд нөгөө машины гэрэлд замын хажууд нэг хүн хэвтэж байгаа харагдсан...Замын зорчих хэсгийн бараг шахуу голд явж байсан...гэнэт цагаан хувцастай хүн зорчих хэсэг дээр сөрсөн байдалтай гарч ирсэн. Тэгээд тухайн хүний зүүн гар талаар, машины баруун гар талаар тойрч гарсан. Тэгээд буцаад урсгал руу ороход маш богинохон хугацаанд хүн гарч ирж мөргүүлсэн...Талийгаачийг жолоочийн талаар мөргөсөн...Машин 30-40 км/цаг хурдтай явсан...талийгаач замын хажууд унасан байсан...эхний хүнээс зайлуулж дараагийн хүн гарч ирэхэд зогсоох боломжгүй байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 86-87, шүүх хуралдааны тэмдэглэл/

            цогцост хийсэн шүүх эмнэлгийн “...их, бага тархины орой болон суурь хэсгийг нилэнхүйд нь хамарсан зөөлөн бүрхүүлийн доорх тархмал цус харвалт, цээжний зүүн талын 1, 2, 3-р хавирга, зүүн атгаал яс, баруун дунд чөмөгний далд хугаралууд, зүүн мөрний үений мултрал, дух, баруун, зүүн хацар, эрүү, хүзүү, цээж, бүсэлхий нуруу, зүүн бугалга, сарвуу, баруун шуу, сарвуу, зүүн, баруун гуя, өвдөг, шилбэнд шарх, цус хуралт, зулгаралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо...Талийгаач нь дээрх хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ...” гэсэн шинжилгээ №690 /1хх-ийн 97-99/,

            техникийн шинжээчийн “...Toyota Prius маркийн **-** УНҮ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Баатар овогтой Б.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлт №213 /1хх-ийн 108-109/

            техникийн шинжээчийн “...Toyota Prius маркийн **-** УНҮ улсын дугаартай автомашин жолоодож явсан Б.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна...30-40 км/цаг хурдтай суудлын автомашин нь бүрэн зогсолт хийхэд дундаж замын урт 10 м байх боломжтой...” гэсэн дүгнэлт №319 /1хх-ийн 196-197/

шүүгдэгч Б.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...ойролцоогоор 30-40 орчим км/цагийн хурдтай Айдсын даваа уруудаад явж байхад замын голд буюу миний зорчин явсан эгнээнд саарал өнгийн хувцастай хүн замын голоор алхаад өөдөөс ирж байсан тэгэхээр нь би тэр хүнийг тойрч гарах гээд зүүн гар талруугаа буюу эсрэг урсгалруу дарж хурдыг сааруулаад буцаагаад баруун гар талруугаа дартал дахиад өөдөөс нэг хүн гараад ирэхээр нь дахин зүүн гар талруугаа буюу эсрэг урсгалруу дартал гэнэт түс хийгээд явчихсан...миний машины баруун урд хэсгийн салхины шилэнд хүн мөргүүлчих шиг болсон. Тэгээд буугаад гараад иртэл замын баруун талд нэг эмэгтэй хүн жалганд уначихсан хэвтэж байсан...Гэнэт хүн гарч ирсэн болохоор би их сандарсан байсан тийм болохоор тээврийн хэрэгслийг би зогсоож чадаагүй юм...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 128-129/

шинжээч Л.Гансүхийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ”...18 метр газарт шидэгдсэн байна. Эхний явган зоригчийг хараад хурдаа сааруулсан бол дараагийн зорчигчийг мөргөлөө гэхэд 18 метр газар шидэгдэхгүй. Хэрвээ 30-40 км/цагийн хурдтай явж байгаад эхний явган зорчигчийг хараад тоормос гишгэхэд машины хурд 20 км/цаг болж буурах ёстой. Ийм учраас Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзсэн байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр хангалттай няцаагдаж байна гэж шүүх үзлээ.

Өөрөөр хэлбэл тухайн үед явган зорчигч Л.Б /талийгаач/ нь шүүгдэгчийн жолоодон явсан тээврийн хэрэгслийн өөдөөс гүйж ирсэн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа бөгөөд шүүгдэгч Б.А, гэрч Б.Б нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр эхний явган зорчигч Г.Г-ыг тойрон гарах үед тоормос гишгэж тээврийн хэрэгслийн хурд багассан гэх боловч дараагийн явган зорчигч Л.Б-ыг /талийгаач/ гарч ирэхэд дээрх байдлаар тээврийн хэрэгслийн хурд багассан бол талийгаачид шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан гэмтлүүд үүсэхгүй, мөн 18 метр зайд шидэгдэх боломжгүй тул шүүгдэгч Б.А-ийг тээврийн хэрэгслийн хурдыг сааруулаагүй буюу тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авалгүй Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасныг зөрчсний улмаас Л.Б-ыг /талийгаач/ мөргөж амь насыг нь хохироосон гэж үзнэ.

Тодруулбал шүүгдэгч Б.А нь 2017 оны 3 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 02 цагийн үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Өлзийт хороолол явах чиглэлийн Айдсын давааны замд **-** УНҮ улсын дугаартай Toyota Prius загварын автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “...жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг зөрчиж зам хөндлөн гарч явсан явган зорчигч /талийгаач/ Л.Б-ын баруун талаас мөргөж /хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн үед авсан гэх зургаас харахад баруун хөлний шилбэ хэсгийн баруун тал, баруун ташаа, толгойн хэсгийн баруун чамархай хэсгээр эхэлж мөргүүлсэн болох нь тодорхой харагдаж байгаа/, уг мөргөлтийн улмаас талийгаач замын хажуу руу шидэгдэж бие нь “их, бага тархины орой болон суурь хэсгийг нилэнхүйд нь хамарсан зөөлөн бүрхүүлийн доорх тархмал цус харвалт, цээжний зүүн талын 1, 2, 3-р хавирга, зүүн атгаал яс, баруун дунд чөмөгний далд хугаралууд, зүүн мөрний үений мултрал, дух, баруун, зүүн хацар, эрүү, хүзүү, цээж, бүсэлхий нуруу, зүүн бугалга, сарвуу, баруун шуу, сарвуу, зүүн, баруун гуя, өвдөг, шилбэнд шарх, цус хуралт, зулгаралт” бүхий гэмтэл учирч дээрх хавсарсан гэмтлийн улмаас хохирогч /талийгаач/ нас барсныг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Мөн цогцост хийсэн шүүх эмнэлгийн  “...Талийгаачийн цусанд 2,4 промилли спиртийн агууламж илэрсэн нь дунд зэргийн согтолтыг харуулж байна...” гэсэн шинжилгээ №690 /1хх-ийн 97-99/, техникийн шинжээчийн “...Явган зорчигч Лхагвасүрэн овогтой Л.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9 “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлт №213, №319 /1хх-ийн 108-109, 196-197/ зэргээр уг гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн болох нь тогтоогдож байна.

            Иймд шүүгдэгч Б.А-ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гомдолтой байна. Өнөөдрийг хүртэл хугацаанд шүүгдэгч нэг ч удаа харилцаагүй, туслалцаа дэмжлэг үзүүлээгүй, ухамсаргүй хүмүүс. Шүүхээс хохирлын хэмжээг тогтоосон хэмжээнд хохирлоо нэхэмжлэх саналтай байна. Шүүгдэгч хохирлоо барагдуулаагүй, хийсэн хэргээ хүлээхгүй байгаа тул гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг, түүний хувийн байдал /...23 настай, Соёл урлагийн их сургуулийн Ардын хөгжмийн 3 дугаар курсын оюутан.../, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар улсын яллагчаас санал болгосон 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зохимжтой гэж үзлээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ...” гэж, 4 дэх хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно...” гэж заасныг тус тус журамлан шүүгдэгчийн эдлэх 2 жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт жолоодох эрхийг заавал хасахаар хуульчилсан байх тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, цаашид гарч болзошгүй үр дагавар зэргийг харгалзан, шүүгдэгч Б.А-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг 3 жилийн хугацаагаар тогтоовол зохино.

Талийгаач Л.Б-ын асрамжинд түүний 10 настай хүү А овогтой А  байсан болох нь төрсний гэрчилгээний хуулбар /1хх-ийн 48/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т-ийн мэдүүлэг /1хх-ийн 35-36/,  гэрч Л.Н, Д.Э, Л.Б нарын мэдүүлэг /1хх-ийн 70-71, 184,  186/ зэргээр тогтоогдож байгаа бөгөөд хавтаст хэрэгт талийгаач нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан эсэх талаарх баримт авагдаагүй, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс энэ талаар нэхэмжлэл гаргаагүй тул тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоох асуудлыг шүүхээс шийдвэрлэх боломжгүй юм.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь тэжээгчээ алдсаны тэтгэврээ хуульд зааснаар /Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль/ шаардагдах нотлох баримтаа /нийгмийн даатгалын дэвтэр, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн баталгаа, нас барсны гэрчилгээ гэх мэт/ бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлая.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 18.856.253 төгрөг нэхэмжилсэн боловч 2.553.702 төгрөгийн баримт хэрэгт авагдаагүй буюу баримтаар тогтоогдохгүй байгаа бөгөөд харин хавтаст хэрэгт 16.302.551 төгрөгийн баримт авагдсанаас 1.989.057 төгрөгийг гаргуулах боломжгүй байна.

Учир нь хэрэгт авагдсан 16.302.551 төгрөгийн баримтуудад үзлэг хийхэд гадаад улсаас ирсэн хүний замын зардал /764.057 төгрөг/, талийгаачийн ажил явдалд хэрэглүүлэхээр гадаад улсаас шилжүүлсэн мөнгө /1.225.000 төгрөг/ зэрэг баримтуудыг гэмт хэргийн улмаас учирсан шууд зардлын нотлох баримтаар үнэлэн хохирлын дүнд тооцуулах үндэслэлгүй гэж үзлээ.

Мөн гэмт хэрэг гарах үед шүүгдэгч Б.А-ийн жолоодон явсан гэх **-** УНҮ улсын дугаартай Toyota Prius загварын автомашин иргэний хариуцагч Б.Бг-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох нь тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх-ийн 68/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1хх-ийн 69/, иргэний хариуцагч Б.Бг-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн  “...Toyota Prius маркийн **-** УНҮ дугаартай автомашин миний өөрийн эзэмшлийн автомашин юм, гэхдээ надад мөнгөний хэрэг болоод Гуртын тавилан ББСБ-д 800.000 төгрөгөнд машинаа тавьсан, би зээлээ төлөөд дуусгаж байгаа,...Тухайн үед Б.А нь миний зөвшөөрлөөр уг автомашиныг унаад явж байсан,...одоогийн байдлаар бид 3.000.000 төгрөг бэлдчихээд л байна, ер нь бол төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 115-116/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд  хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж заасны дагуу иргэний хариуцагч Б.Бг-ээс нийт 14.313.494 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т-д олгох нь зүйтэй.

Иргэний хариуцагч Б.Бг нь Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж зааснаар гэм буруутай этгээдээс буюу шүүгдэгч Б.А-ээс өөрт учирсан хохирол төлбөрөө нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлая.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн Б.А-ийн В ангиллын ****** тоот жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлүүлэхээр заалаа.

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт Б-ын А-ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б овогт Б-ын А-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Б.А-ийн эдлэх 2 /хоёр/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.  Б.А-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ***** тоотод оршин суух иргэний хариуцагч Б овогт Б-ийн Б-ээс нийт 14.313.494 /арван дөрвөн сая гурван зуун арван гурван мянга дөрвөн зуун ерэн дөрөв/ төгрөгийг гаргуулж, Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, ****** тоотод оршин суух, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т овогт Д-ийн Т-д  олгосугай.

6. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Б.Б нь гэм буруутай этгээдээс буюу шүүгдэгч Б.А-ээс өөрт учирсан хохирол төлбөрөө нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь тэжээгчээ алдсаны тэтгэврээ нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн Б.А-ийн В ангиллын ****** тоот жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.А-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

10. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.

11.  Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

12. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР