| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 183/2023/03295/И |
| Дугаар | 183/ШШ2024/03410 |
| Огноо | 2024-08-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 183/ШШ2024/03410
| 2024 оны 08 сарын 26 өдөр | Дугаар 183/ШШ2024/03410 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, М н ХК-ийн байранд байрлах, М ХК /РД:0000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, Туул гол, 00А, 00 дугаар тоотод байрлах, А ХХК /РД:0000/-д холбогдох,
18,575,047.5 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх нэхэмжлэлийг 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авсан.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ё.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.
1.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч XXК нь манай компанитай 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 22/05 дугаартай түрээсийн гэрээ байгуулан Хан-Уул дүүргийн 00-р хороо, Үйлдвэр /17042/,Чингисийн өргөн чөлөөнд байршилтай ХК-ийн барилгаас 260 м.кв хэсэг талбайг агуулахын үйл ажиллагаа явуулах зориулалтаар түрээсэлсэн. Хариуцагч нь автомашинаар ачаа тээвэрлэх, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа хийх, менежментийн зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ба талбайг тус чиглэлийн дагуy aгyулах болгон ашиглаж байсан. Түрээсийн зүйл болох талбайг 2022 оны 10 сарын 25-ны өдрөөс 2023 оны 12 сарын 31 хүртэл ашиглуулж, эзэмшүүлэх хугацаатай гэрээг байгуулсан. Манай байгууллага нь гэрээ байгуулсан өдрөөс хариуцагчид тус талбайд бараа бүтээгдэхүүнээ байршуулан эзэмших ашиглах боломжоор бүрдүүлсэн. Талбайн хувьд өөр түрээслэгч байхгүй, гэрээнд заасан зориулалтаар шууд ашиглах бүрэн боломжтой биет байдлын болон эрхийн ямар нэг доголдолгүй байсан ба хариуцагчид тус талбайг ашиглах боломжгүй нөхцөл байдал үүсгээгүй. Гэтэл түрээслэгч нь 2023 оны 2 дугаар сарын түрээсийн төлбөрийг тухайн сарын 10-ны дотор төлөх байсан боловч түрээсийн төлбөрийг төлөх талаар удаа дараа мэдэгдсэн, нэхэмжлэх өгсөн боловч төлөлт хийх талаар ямар ч хариу өгөөгүй. Үүнээс үүдэн тухайн сарын ус цахилгаан, хог, дулааны төлбөрүүдийг хойшлуулахад хүрч байсан ч манай байгууллага үүнд хүлээцтэй хандаж гэрээг үргэлжлүүлэхийн тулд хариуцагч талыг 1 сар хүлээсэн. Тус хугацаанд хариуцагчаас ямар ч төлөлт орж ирээгүй тул 2023 оны 3 сарын 7-ны өдөр түрээсийн талбайн ус цахилгааныг таслахаас аргагүй нөхцөлд хүрсэн. Ийнхүү 2023 оны 3 дугаар сарын 9-ны өдөр хариуцагчаас Агуулах хүлээлгэн өгөх тухай гэх түрээсийн талбайг 3 сарын 15-ны дотор бүрэн чөлөөлж хүлээлгэж өгөх болсныг мэдэгдсэн албан бичиг ирсэн. Агyулах хүлээлгэн өгөх албан бичиг талбайг гэрээний хугацаанаас өмнө суллах болсон шалтгаан үндэслэл дурдаагүй байдаг. Мэдэгдэл ирснээс хойш манай байгууллага 2023 оны 3 сарын 13-нд гэрээг хугацаанаас өмнө цуцлахад түрээсийн гэрээнд зааснаар 1 сарын өмнө мэдэгдсэн байх шаардлагатай тул гэрээг 4 сарын 9-ны өдрийг хүртэлх 3 сарын түрээсийн төлбөр өмнөх сарын төлбөртэй хамт төлөхийг сануулсан мэдэгдэл өгсөн. Гэвч хариуцагч нь 2023 оны 03 сарын 10-ны өдөр манай байгууллагад мэдэгдэхгүйгээр агуулахыг чөлөөлөн түрээсийн талбайг түгжиж явсан байдаг. Хариуцагч түрээсийн талбайн 1 дүгээр сарын ашиглалтын зардал, 2 дугаар сарын түрээсийн төлбөрийг Түрээсийн гэрээний 2.4-т зааснаар сар бүрийн түрээсийн төлбөрийг өмнөх сарын ашиглалтын зардалтай хамт нэхэмжлэхийн дагуу тухайн сарын 10-ны дотор урьдчилан төлөх үүрэг хүлээсэн боловч 2023 оны 2 сарын 10-ны дотор гэрээнд заасан хугацаанд төлөлгүй гэрээний үүргээ зөрчсөн. Мөн гэрээний 3.3-т зааснаар Түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах бол санал гаргасан тал нь нөгөө талдаа нэг сарын өмнө саналаа, цуцлах үндэслэлийн хамт бичгээр мэдэгдэнэ гэж зааснаар хариуцагч нь 3 сарын 9-нд буюу түрээсийн гэрээг цуцлах саналаа гаргаснаас хойш 1 сарын дараа гэрээг дуусгавар болгохоор заасан байтал түрээсийн талбайг хүлээлгэж өгөх түрээсийн төлбөр төлөх зэрэг үүргээ биелүүлэлгүй гэрээний дагуу хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Хариуцагчийн түрээсийн төлбөрт, ашиглалтын зардал, алдангийг тооцон 2023 оны 1 дүгээр сарын төлбөрийн үлдэгдэл нь ашиглалтын зардал цахилгаан 131,046.3 төгрөг, ашиглалтын зардал ус-30,000 төгрөг, ашиглалтын зардал дулаан 576,539.6 төгрөг, ашиглалтын зардал хог 40,000 төгрөг. 2023 оны 2 дугаар сарын төлбөр түрээсийн төлбөр 5,200,000 төгрөг, ашиглалтын зардал цахилгаан 144,485 төгрөг, ашиглалтын зардал ус-45,000 төгрөг, ашиглалтын зардал дулаан 891,618 төгрөг, ашиглалтын зардал хог 60,000 төгрөг. 2023 оны 3 дугаар сарын төлбөр түрээсийн төлбөр 5,200,000 төгрөг. Алданги 2023 оны 2 сарын 10-ны төлбөрийг 2023 оны 6 сарын 13-ныг хүртэл 123 хоногоор тооцон гаргахад 3,676,215.33 төгрөг болсон. Иргэний хуулиар анзын нийт үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүй тооцвол 2,988,792.95 төгрөг. Алданги-2023 оны 3 дугаар сарын 10-ны төлбөрийг 2023 оны 6 сарын 13-ныг хүртэл 95 хоногоор тооцон гаргахад 3,267,565.66 төгрөг. Нийт: 18,575,047.5 төгрөгийг манай байгууллагад төлөхөөр байна. Иймд хариуцагч ХХК-иас нийт 18,575,047.5 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч Ё. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч XXК нь манай компанитай 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 22/05 дугаартай түрээсийн гэрээ байгуулан ажиллаж байсан. 2023 оны 01 дүгээр сар хүртэл төлбөрөө төлөөд явж байсан. 02 дугаар сараасаа алга болсон. 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гарах болсон гэсэн албан бичиг өгөөд явсан. Өөрсдөө биечлэн уулзаагүй. Улмаар өөрсдөө эд зүйлээ бидэнд мэдэгдэхгүй аваад явсан байсан. 1 сарын төлбөрийн үлдэгдэл 2 сарын түрээс ашиглалтын зардал төлөөгүй. 03 дугаар сарын 10-ны өдөр гарч байгаагаа албан бичгээр өгсөн учраас 3 дугаар сар болон 6 дугаар сарын түрээсийн төлбөр холбогдох зардлыг нэхэмжилж байна. 2,3 дугаар сарын түрээсийн төлбөр ашиглалтын зардал, 2023 оны 01 дүгээр сарын ашиглалтын зардлыг төлөөлөөгүй. Гэрээнд зааснаар 1 сарын дотор мэдэгдэнэ гэж заасан байдаг. Гэтэл 2023 оны 03 дугаар сарын 10-нд албан бичиг өгсөн учраас бид нар 3 сарын түрээсийн төлбөр болон ашиглалтын зардлыг шаардах ёстой гэж үзэж байна. гэжээ.
Хариуцагчаас хариу тайлбар ирүүлээгүй байна.
Нэхэмжлэгчээс шүүхэд төлөөлөх итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж, ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн түрээсийн гэрээ, ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 23-01 дугаартай албан бичиг, ХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 29/23 дугаар мэдэгдэл хүргэх тухай албан бичиг, ХК-ийн 2023 оны 2-р сарын түрээсийн орлогын тооцоо 1 сарын ашиглалтын зардлын баримт,
Хариуцагч ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг тус тус ирүүлжээ.
Нэхэмжлэгч ХК нь хариуцагч ХХК-д холбогдуулан 18,575,047.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Шүүхээс хариуцагчийн төлөөлөгч Б. 2023 оны 8 сарын 3-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан. Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2023 оны 3 сарын 25-ны өдөр, 2024 оны 8 сарын 26-ны өдөр тус тус зарлаж шүүхэд мэдүүлсэн утасны дугаараар холбогдсон. Мөн шүүхэд мэдүүлсэн оршин суугаа хаягаар албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн боловч тус хаягт оршин суудаггүй болох нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны засаг даргын 2024 оны 4 сарын 25-ны өдрийн 345 дугаар тодорхойлолт, Цагдаагийн албан хаагчийн 2024 оны 5 сарын 2-ны өдрийн илтгэх хуудас, хаяг шалгасан тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2.-д Зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ. гэж, 77 дугаар зүйлийн 77.8-д Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй ... гэж тус тус заажээ.
Хариуцагч нь оршин байрлах хаяг өөрчлөгдсөн бол шүүхэд мэдэгдээгүй, шүүхээс шүүх хуралдааныг товыг лавлах үүргээ биелүүлээгүй байх тул шүүх хуралдааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хянан хэлэлцэв.
1.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч й XXК нь манай компанитай 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 22/05 дугаартай түрээсийн гэрээ байгуулж 260 м.кв талбай түрээслүүлсэн. Хариуцагч нь 2023 оны 1 сараас төлбөрөө төлөлгүй байсаар 2023 оны 3 сарын 9-ний өдөр түрээсийг зогсоож түрээсийн талбайг хүлээлгэн өгөхөө мэдэгдсэн. Гэрээний 3.3-т гэрээг хугацаанаас өмнө цуцлах бол 1 сарын өмнө мэдэгдсэн гэсний дагуу 2023 оны 4 сарын 9-ний өдрөөр тасалбар болгон түрээсийн төлбөрийг зогсоож, ашиглалтын зардлыг хамт 18,575,047 төгрөг гаргуулж өгнө үү.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тодорхойлох хэсэгт заасан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ХК нь хариуцагч ХХК-тай 2022 оны 10 сарын 25-ны өдөр 22/05 дугаар түрээсийн гэрээг байгуулж, уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, үйлдвэр, чингисийн өргөн чөлөөнд байрлалтай барилгаас 260 м.кв талбайг 2022 оны 10 сарын 25-ны өдрөөс 2023 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ХХК-д түрээслэх, хариуцагч ХХК нь түрээсийн төлбөрт сар бүр 5,200,000 төгрөг төлөхөөр талууд харилцан тохиролцжээ.
3.Түрээсийн гэрээ хүчин төгөлдөр эсэх, гэрээг цуцалсан хугацаа, гэрээний үнийн дүн буюу түрээсийн төлбөрийн хэмжээний талаар талууд маргаагүй.
4.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгч Монгол нэхмэл ХК нь хариуцагч Ай ХХК-иас түрээсийн төлбөр шаардах эрхтэй.
5.Нэхэмжлэгч ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Аг 2023 оны 1,2 дугаар сарын түрээсийн төлбөр тус бүр 5,200,000 төгрөг, гэрээний 4.23-д заасны дагуу нэг сарын төлбөр, ус, дулаан, алданги нийт 18,575,047 төгрөг шаардсан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн задаргааг үндэслэл бүхий гэж дүгнэв.
6.Хариуцагч нь 2023 оны 1,2 дугаар сарын түрээсийн төлбөр 10,400,000 төгрөг, 2023 оны 1,2 дугаар сарын ус дулаан хогны төлбөр 1,918,688 төгрөг, нийт 12,318,688 төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул нэхэмжлэгч ХК нь хариуцагчаас шаардах эрхтэй.
Мөн 2022 оны 10 сарын 25-ны өдөр 22/05 дугаар түрээсийн гэрээний 3.23 дахь хэсэгт Түрээслэгч тал түрээсийн гэрээ цуцлах тухайгаа нэг сарын өмнө албан ёсоор бичгээр мэдэгдэж байх үүрэгтэй. Хэрэв гэрээ цуцлах тухай мэдэгдлээ заасан хугацаанаас хожимдуулж мэдэгдэл уг мэдэгдлийг хүчингүйд тооцож уг хугацааны төлбөрийг түрээслүүлэгчид төлнө. гэж заасан байх ба хариуцагч ХХК нь 2023 оны 3 сарын 8-ны өдөр агуулах хүлээлгэх өгөх тухай албан бичгийг нэхэмжлэгчид ирүүлсэн байна. Иймд тус гэрээг хугацаанаас өмнө цуцлах нөхцөл бүрдсэн гэж үзэн хариуцагч А ХХК-иас 5,200,000 төгрөгийг гаруулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Харин хариуцагчийн шаардсан алданги тооцсон хоног, аргачлал тодорхой бус байх тул алданги 1,056,399 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, хариуцагч ХХК-иас 17,518,688 төгрөг гаргуулж, үлдэх 1,056,399 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т зааснаар хариуцагч ХХК-иас 17,518,688 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ХК-д олгож, үлдэх 1,056,399 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 245,543 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА