| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2017/0376/Э |
| Дугаар | 372 |
| Огноо | 2017-12-12 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Г.Ганчимэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 372
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар, Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Б овогт Б-ийн О, Б овогт Б-ын Э, өсвөр насны шүүгдэгч Б овогт Н-ийн Г нарт холбогдох эрүүгийн 1710001860176 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Г.Ганчимэг, өсвөр насны шүүгдэгч Н.Г, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Нямдорж, шүүгдэгч Б.О, Б.Э, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Уранчимэг, О.Баярбаясгалан нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 2000 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 нас 02 сар 28 хоногтой, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 3, өвөө эмээгийн хамт Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, ********** тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Н-ийн Г ,
2. Монгол Улсын иргэн, 1999 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 нас 02 сар 22 хоногтой, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол-Солонгосын хамтарсан Политехник коллежийн тоног төхөөрөмжийн засварчны 3 дугаар курсын оюутан, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, ********** тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б-ийн О ,
3. Монгол Улсын иргэн, 1999 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 18 нас 08 сар 24 хоногтой, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, 2 эгчийн хамт Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо ********** тоот хаягт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б-ын Э ,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
1. Өсвөр насны шүүгдэгч Н.Г нь Б.О, Б.Э нартай бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 23 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо ****** тоотод оршин суух иргэн А.Ц-ийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг хөшин нэвтрэн орж DVD тоглуулагч 1 ширхэг, уртасгагч залгуур 1 ширхэгийг тус тус хулгайлж 6500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
2. Шүүгдэгч Б.О нь насанд хүрээгүй байхдаа Б.Э, өсвөр насны Н.Г нартай бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 23 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо ****** тоотод оршин суух иргэн А.Ц-ийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг хөшин нэвтрэн орж DVD тоглуулагч 1 ширхэг, уртасгагч залгуур 1 ширхэгийг тус тус хулгайлж 6500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
3. Шүүгдэгч Б.Э нь өсвөр насны Н.Г, Б.О нартай бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 23 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо ****** тоотод оршин суух иргэн А.Ц-ийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг хөшин нэвтрэн орж DVD тоглуулагч 1 ширхэг, уртасгагч залгуур 1 ширхэгийг тус тус хулгайлж 6500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Талуудын хүсэлтээр хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч, бэхжүүлсэн яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Н.Г-оос шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа би бүрэн хүлээн зөвшөөрч байгаа. Маргах зүйл байхгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Надад РС тоглох мөнгөний хэрэг байсан юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг,
2. Шүүгдэгч Б.О-аас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Болсон хэргийн талаар маргаан байхгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хохирогч А.Ц гэх айл нь нэг сар гаруй хугацаанд эзэнгүй байсан. РС тоглоход мөнгө хэрэгтэй байсан тул мөнгө олох зорилгоор тэр айл руу бид нар орсон. Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин ийм гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна. Манай аав маань өөд болсон, ээж Багануур дүүрэгт амьдардаг. Би ээжээсээ тусдаа байж, одоо сургуульд сурч байгаа.
Цагдаагаас хохирогчийн хохиролд “140.000” төгрөгийг төл гэсэн тул бэлнээр төлсөн. Бид гурав багаасаа тоглож өссөн. Тухайн айл руу орох санаачилгыг бүгд ярилцаж байгаад гаргасан. Тэгээд тэр айлын хашаанд ороод, хашаан дотор нь байсан төмрөөр хаалгыг нь хөшиж онгойлгосон. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг,
3. Шүүгдэгч Б.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Мөнгө олж РС тоглох зорилгоор айл руу орсон. Б.О “айл руу оръё” гэсэн. Дотор нь мөнгө болох эд зүйл байвал зарах гэж байсан. Би үйлдсэн хэрэгтээ харамсаж байна. Дахин ийм гэмт хэрэг хийхгүй. Одоо би эмээтэйгээ байгаа. Б.О-ыг 140.000 төгрөгийн хохирол төлсөн гэдгийг бид хоёр мэдээгүй байсан. Одоо мэдэж байна. Надад өөр хийсэн гэмт хэрэг байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг,
4. Өсвөр насны шүүгдэгч Н.Г-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Нямдоржийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
Манай хүү Н.Г багаасаа эмээ, өвөөтэйгөө хамт өссөн. Ээж нь бага байхад нь өвчний учир өнгөрөөд олон жил болж байгаа. Би өөрөө хүүхдээсээ тусдаа амьдардаг. Хүүхэддээ тавих хараа хяналтаа сулруулсан миний буруу. Би цаашид хүү Н.Г-ийн хүмүүжил, төлөвшилд нь анхаарч байх болно. Хүү Н.Г маань манай эхнэрийн аав, ээжийн асрамжинд байдаг. Би ойр ойрхон очиж уулздаг...” гэсэн мэдүүлэг
Эрүүгийн 1710004860176 дугаартай хэргээс:
1. Хохирогч А.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 02 цагийн орчимд хороололд байж байхад миний утас руу манай ах залгаад “танай гэрт хулгайч ороод байна” гэж ярьсан тэгээд би Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо ****** тоот хашаанд ирэхэд ах Чулуунбаатар цагдаа нартай хамт байсан. Тэгээд би очиж үзэхэд манай гэрийн хаалганы цоожийг юмаар хөшиж эвдэлсэн байсан. Намайг гэрт орж эд зүйлээ үзэхэд DVD тоглуулагч, уртасгагч алга болсон байсан тул Цагдаад өргөдөл өгсөн. 2007 онд Нарантуул захаас DVD тоглуулагчийг 50.000 төгрөгөөр, уртасгагчийг 2017 оны 03 сард 10.000 төгрөгөөр худалдаж авсан. Би одоо DVD тоглуулагчаа 15.000 төгрөгөөр, уртасгагчийг 5.000 төгрөгөөр үнэлж байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 21х/,
2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 5-8хх/,
3. “EVD” гэсэн бичиглэлтэй саарал өнгийн, хуучин DVD тоглуулагч 1 ширхэг, цагаан өнгийн хуучин уртасгагч залгуур 1 ширхэг зэрэг эд зүйлийг Б.О-аас хураан авч, А.Ц-д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 16х/,
4. Хулгайд алдагдсан гэх эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт /хэргийн 17х/,
5. Хохирогч А.Цэвээндоржийн “...алдагдсан эд зүйлсээ буцаан авсан, одоо ямар нэгэн гомдол санал байхгүй, миний өргөдлийг хааж өгнө үү” гэсэн Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст бичгээр гаргасан өргөдөл, хүсэлт /хэргийн 90х/,
6. Шүүгдэгч Б.Э-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:
“...2017 оны 09 дүгээр сарын 08-ны 22:00 цагийн үед Б.О-ын эгчийнх нь гэрт очиж Б.О-тай уулзаад, бид хоёр сагс тоглож байтал Н.Г хүрч ирсэн. Тэгээд “Н.Г мөнгө хэрэгтэй байна, хулгай хийх үү” гэж асуугаад “тэгье” гээд, бид гурав “2 цагийн дараа шөнө болохоор уулзъя” гээд гэр гэр лүүгээ явсан. 2 цагийн дараа бие биерүүгээ утсаар яриад, худаг дээр уулзаад айл руу очсон. Хашааг нь давж ороод, төмөр аваад гэрийнх нь хаалганы цоожийг эвдэж дотогшоо ороод DVD тоглуулагч, уртасгагч залгуур хоёрыг аваад гэрээс нь гарсан. Хашааных нь баруун талд байж байтал хүн ирэх чимээ гараад бид 3 зугтаасан. Б.О хулгайлсан эд зүйлийг бариад зугтааж байгаад баригдсан байсан. Н.Г, бид хоёр маргааш нь цагдаа дээр ирсэн. Бид гурав мөнгө олж PC тоглоомын газар хонохын тулд хулгай хийсэн. Бид нарыг хулгай хийхэд уруу татсан, татан оролцуулсан хүн байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин гэмт хэрэг үйлдэхгүй, хөнгөн шийдвэрлэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хэргийн 58х/,
7. Өсвөр насны шүүгдэгч Н.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:
“...2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 23:00 цагийн орчим өөрийн найзууд болох Б.Э, Б.О нарын хамт бид гурав айлаас хулгай хийхээр Хан-Уул дүүргийн 12-р хороо Биокомбинатын Био төвийн ард байрлах гэр хорооллын модон хашаатай, цэнхэр өнгийн төмөр хаалгатай айлын хашааг бид гурав баруун талаас нь давж орсон. Хашаан дотор нь нэг Монгол гэр байсан. Тэр гэрийн хаалганы цоожийг, тус хашаан дотор нь байсан төмрөөр хөшиж эвдэж онгойлгоод гэр лүү нь орсон. Гэр лүү нь анх ороход гэрийн эд хогшил нь эмх замбараагүй байсан ба гэрийн хойморт байх зурагтны тавиурын доор байсан саарал өнгийн DVD тоглуулагч, мөн уртасгагч залгуурыг аваад, Б.О-ад өгөөд гэрээс гарсан. Хашаанаас бид гурав гартал араас хүн хөөгөөд эхлэхээр нь бид гурав зугтаасан ба хулгайлсан эд зүйлээ барьж явсан Б.О баригдаад, Б.Э бид хоёр цаашаагаа зугтаасан. Тэгээд бид гэр, гэртээ харьж хувцасаа сольчихоод, би Б.Э-ынд хоносон. Тэгээд өглөө нь цагдаагаас дуудаад Б.Э, бид хоёр цагдаа дээр ирсэн. РС тоглох гэж хулгай хийсэн юм. Хулгай хийдэг гэдгийг мэдэхгүй, тэр өдөр л тийм санаа орж ирсэн. Бид нар өмнө нь хулгай хийж байгаагүй, өөр цагдаа дээр шалгагдаж байгаагүй. Надад өөр үйлдсэн хэрэг байхгүй. Хулгайн хэргийг хэн нэгэн насанд хүрсэн этгээд дарамталж, айлгаж байгаад хийлгэсэн асуудал байхгүй ээ. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, дахин ийм зүйл хийхгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 48х/,
8. Шүүгдэгч Б.О-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:
“...2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр эгчийнхээ гэрт байж байтал найз Б.Э ирээд “гарч тоглоё” гээд хамт гарсан. Бид хоёр гудамжинд найз Н.Г-той таарсан. Н.Г тэгэхэд “мөнгө хэрэгтэй байна, хийх ажил байна уу” гэж асуухад нь “ямар ажил байхав дээ” гэж хэлсэн. Н.Г “хойно нэг ажил байгаа, цуг явъя” гээд бид гурав гэр хорооллын гудамж руу хойшоогоо явсан. Тэгээд явж байгаад нэг айлын гадаа ирсэн. Б.Э бид хоёр “яах гэж байгаа юм” гэж асуухад “энэ айл эзэнгүй байгаа, хулгай хийе” гэхээр нь бид хоёр хамт тэр айлын хашааг давж ороод, хашаан дотор нь байсан төмрөөр гэрийнх нь хаалганы цоожийг Н.Г, Б.Э хоёр хөшиж эвдээд хаалгыг нь онгойлгосон.
Тэгээд бид гурав гэр лүү ороход гэрийнх нь эд зүйл жаахан замбараагүй байсан, бид гурав үнэ хүрэх эд зүйл хайгаад Н.Г, Б.Э хоёр уртасгагч залгуур, DVD тоглуулагч хоёрыг аваад надад өгөөд, бид гурав гэрээс гараад айлын хашааны мухарт гурвуулаа байж байтал эрэгтэй хүн “хөөе байж бай” гээд дуудсан чинь Н.Г, Б.Э хоёр намайг “уртасгагч, DVD тоглуулагч хоёроо аваад араас ирээрэй” гээд зугтаасан. Би араас нь гүйж байтал нэг эрэгтэй хүн намайг барьж аваад цагдаад хүлээлгэж өгсөн. Энэ хэргийг үйлдэхэд насанд хүрсэн хүн хүч хэрэглэж айлган сүрдүүлсэн асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 53х/,
9. Шүүгдэгч Б.Э-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:
“...2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр орой 22 цагийн үед Б.О-тай сагс тоглохоор эгчийнх нь гэрт очиж Б.О-ыг дуудаж гаргаж ирээд бид хоёр сагс тоглосон. Тоглож байхад Н.Г ирээд “орой та хоёр гарах юм уу” гэж асуусан бид хоёр “гарна” гээд Н.Г “мөнгө хэрэгтэй байна, хулгай хийх үү” гэж асуухад Б.О бид хоёр “тэгье” гээд 2 цагийн дараа шөнө уулзахаар болоод, шөнө 12:00 цагийн үед худаг дээр уулзсан. Тэгээд гурвуулаа “яаж мөнгө олох вэ” гэж яриад гудамжаар алхаж байтал гэр нь цоожтой айл харагдахаар нь бид 3 хашааг нь давж ороод төмөр аваад, гэрийнх нь хаалганы цоожийг эвдэж дотогшоо ороод DVD тоглуулагч, уртасгагч залгуур хоёрыг аваад тэр гэрээс гарсан.
Тэгээд бид гурвуулаа гудамжны үзүүрт очоод сууж байтал хүн ирэх чимээ гараад бид гурав зугтаасан, Б.О хулгайлсан эд зүйлээ бариад зугтааж байгаад баригдсан. Н.Г бид хоёр маргааш нь цагдаа дээр өөрсдөө ирсэн. Н.Г анх “мөнгө хэрэгтэй байна” гэхээр нь найздаа туслах гээд айл руу орж эд зүйл авсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй, хөнгөн шийдвэрлэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хэргийн 58х/ болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох Хан-Уул дүүргийн 8, 12 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 63х, 65х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 66х, 67/, Монгол-Солонгосын Политехник коллежийн тодорхойлолт /хэргийн 77х/, нас тоолсон тэмдэглэл /хэргийн 70х, 74х/, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн тодорхойлолт /хэргийн 89х/, гэрч Ц.Цэрэнпагва /хэргийн 33-34х/, Ч.Бүрэнжаргал /хэргийн 35-36х/, С.Нямлхагва /хэргийн 27х/ нарын мэдүүлэг, шүүгдэгч Б.Э-ын шагнагдаж байсан талаарх батламж, дурсамжуудын хуулбар /хэргийн 81-88х/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Нэр бүхий шүүгдэгч нарыг яллагдагчаар болон хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, өсвөр насны шүүгдэгч Н.Г, шүүгдэгч Б.О, Б.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
1.1. Гэм буруугийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч Н.Г, мөн шүүгдэгч Б.О нь арван найман насанд хүрээгүй байхдаа, шүүгдэгч Б.Э нар нь тус тус бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 23:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, ****** тоотод оршин суух иргэн А.Ц-ийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг хөшиж эвдэн, гэрт нь нэвтрэн орж DVD тоглуулагч 1 ширхэг, уртасгагч залгуур 1 ширхэгийг тус тус хулгайлан 6500 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
- хохирогч А.Ц-ийн: “...2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 02 цагийн орчимд хороололд байж байхад миний утас руу манай ах залгаад танай гэрт хулгайч ороод байна гэж ярьсан тэгээд би Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо ****** тоот хашаанд ирэхэд ах Чулуунбаатар цагдаа нартай хамт байсан. Тэгээд би очиж үзэхэд манай гэрийн хаалганы цоожийг юмаар хөшиж эвдэлсэн байсан. Намайг гэрт орж эд зүйлээ үзэхэд DVD тоглуулагч, уртасгагч алга болсон байсан. 2007 онд Нарантуул захаас DVD тоглуулагчийг 50.000 төгрөгөөр, уртасгагчийг 2017 оны 03 сард 10.000 төгрөгөөр худалдаж авсан. Би одоо DVD тоглуулагчаа 15.000 төгрөгөөр, уртасгагчийг 5.000 төгрөгөөр үнэлж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 21х/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 5-8х/,
- “EVD” гэсэн бичиглэлтэй саарал өнгийн хуучин DVD тоглуулагч 1 ширхэг, цагаан өнгийн хуучин уртасгагч залгуур 1 ширхэг зэрэг эд зүйлийг Б.О-аас хураан авч, А.Ц-д хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 16х/,
- Эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт /хэргийн 17х/ болон шүүгдэгч Н.Г, Б.О, Б.Э нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” шууд санаатай гэмт үйлдлийг “Хулгайлах” гэмт хэрэгт тооцох юм.
Иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх болон орон байрны халдашгүй дархан байдал нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан байхаар, Эрүүгийн хуулийн зорилго тодорхойлсон хуулийн 1.1 дэх хэсэгт заасан.
Өсвөр насны шүүгдэгч Н.Г, шүүгдэгч Б.О, шүүгдэгч Б.Э нар нь 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн орой 23:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, ****** тоотод оршин суух иргэн А.Ц-ийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг хөшиж эвдэн, гэрт нь нэвтрэн орж DVD тоглуулагч 1 ширхэг, уртасгагч залгуур 1 ширхэгийг тус тус хулгайлан авч, бусдын эд хөрөнгөд 6500 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтын “хүн байнга амьдрах орон байранд” нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авах буюу “Хулгайлах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэж дүгнэв.
Хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу “хүн байнга амьдрах орон байранд” нэвтэрч үйлдсэн нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг үлэмж ихэсгэсэн, материаллаг бус, гэмт хэргийн хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байхаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тухайлан зааж зохицуулсан.
Мөн нэр бүхий шүүгдэгч нар нь “ажил хийх үү, мөнгө хэрэгтэй байна, гарах уу” гэх зэргээр хэлэлцэн тохирч, мөнгө олж PC тогтоомын газарт хонох гэсэн нэгдмэл нэг санаа зорилготойгоор, эзэнгүй байгаа айлыг хайж сонгон, улмаар хашааг нь давж, гэрийнх нь хаалганы цоожийг хөшиж эвдлэн гэрт нь нэвтрэн орж, мөнгө болох эд зүйлийг авч, дээрх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн бүлэглэн гүйцэтгэгч нар байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Н.Г, шүүгдэгч Б.О, Б.Э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тэдний гэм буруутай дээрх үйлдэлд тохирсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолвол зохих байдлыг шалгаж тогтоосон, хэргийн бүрдэл хангагдсан байна.
Иймд нэр бүхий өсвөр насны шүүгдэгч Н.Г, шүүгдэгч Б.О, Б.Э нарыг бүлэглэн “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.
1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж,
мөн зүйлийн 4 дэх хэсэгт хохирлын хэмжээг тодорхойлохдоо “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг, “үлэмж хэмжээний хохирол” гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг, “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг тооцох, “нэгж” нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тус тус хуульчилсан.
Дээрх хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч А.Ц-ийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг хөшин нэвтрэн орж авсан DVD тоглуулагч 1 ширхэг, уртасгагч залгуур 1 ширхэгийн эд зүйлийн үнэлгээг 6500 төгрөг гэж үнэлсэн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээ /хэргийн 17х/ баримт хэрэгт авагдсан ба энэ нь бага хэмжээний хохиролд тооцогдох юм.
Шүүгдэгч нар DVD тоглуулагч 1 ширхэг, уртасгагч залгуур 1 ширхэгийг биет байдлаар нь хохирогчид хүлээлгэн өгсөн, хохирогч А.Ц нь “алагдсан эд зүйлээ буцааж авсан, одоо ямар нэгэн гомдолгүй, санал байхгүй...” тухайгаа илэрхийлсэн зэрэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хэргийн 16х/, хохирогчийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл болон хэргийн материалтай танилцсан тэмдэглэл /хэргийн 90х, 94х/ баримтаар тус тус нотлогдсон тул шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцон төлөх төлбөргүй гэж үзнэ.
1.3. Эрүүгийн хариуцлагын талаархи:
Гэмт хэрэг гарсан 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар өсвөр насны шүүгдэгч Н.Г нь 2000 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 16 нас 11 сар 23 хоногтой, шүүгдэгч Б.О нь 1999 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 17 нас 11 сар 18 хоногтой байсан, шүүгдэгч Б.Э нь 1999 оны 03 дугаар сарын 19-ний өдөр төрсөн 18 нас 05 сар 21 хоногтой байсан ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх энэ өдрийн байдлаар Н.Г нь 17 нас 02 сар 28 хоногтой буюу арван найман насанд хүрээгүй, шүүгдэгч Б.О 18 нас 02 сар 22 хоногтой, Б.Э 18 нас 08 сар 24 хоногтой болох нь тус тус хэрэгт авагдсан тэдгээрийн төрсний бүртгэлийн лавлагаа баримт /хэргийн 69х, 71х, 73х/, нас тоолсон тухай тэмдэглэл /хэргийн 70х, 72х, 74х/ баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн байна.
Шүүгдэгч Н.Г, Б.О, Б.Э нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй нь хэргийн 65-67 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул тэднийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд тэдгээр нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг хохирогч А.Ц-д нөхөн төлж барагдуулсан, энэ хэргийн хохирогч А.Ц нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа илэрхийлсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Өсвөр насны шүүгдэгч Н.Г, шүүгдэгч Б.О, Б.Э нар нь “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болох нь нэгэнт тогтоогдсон, нэр бүхий шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг арилгасан, шүүгдэгч Н.Г нь 18 насанд хүрээгүй, ШУТИС-ийн Механик инженерийн сургуульд суралцдаг, шүүгдэгч Б.О нь насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн хэдий ч одоо 18 насанд хүрсэн, Монгол Солонгосын Политехник коллежийн тоног төхөөрөмжийн засварчны 3 дугаар дамжааны оюутан, мөн шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг үйлдэх үедээ 18 нас 05 сартай байсан зэрэг тэдний нас, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж гэм буруугаа ухамсарлаж буй хувийн байдал зэргийн тус тус харгалзан “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, мөн “гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт эрүүгийн хариуцлага нь тохирсон байх” шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх, шүүгдэгч Н.Г, Б.О, Б.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, мөн, гэмт хэрэг үйлдэх үед 17 нас 11 сартай байсан шүүгдэгч Б.О, 18 нас 05 сартай байсан Б.Э нар нь одоо 18 нас хүрсэн хэдий ч тэдгээрийн нас, хувийн байдал зэргийг харгалзан “арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх журмыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэж болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 5 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял болох 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эдлэх ялыг хоёр дахин багасгах” журмын дагуу тооцож, шүүгдэгч Б.О, Б.Э, Н.Г нарт тус бүр 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.О-ын өмгөөлөгч О.Баярбаясгалан: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлд өсвөр насны хүнд оногдуулах ялын төрлийг зааж өгсөн. Иймд Б.О-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү...” гэсэн,
шүүгдэгч Н.Г, Б.Э нарын өмгөөлөгч Б.Уранчимэг: “...Шүүгдэгч Б.Э нь насанд хүрсэн, өсвөр насны Н.Г нь 17 настай байгаа. Шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж заасныг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, өсвөр насны Н.Г-т хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах боломжтой...” гэсэн саналыг тус тус гаргаж мэтгэлцсэн.
Шүүгдэгч нар бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйлс хулгайлсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “...хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан, гэмт хэргийн ангиллаар мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнд” гэмт хэрэгт тооцогдох ба тухайн зүйл, хэсэгт “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан, хорихоос өөр төрлийн ял шийтгэлгүй, нөгөө талаар хорих ял шийтгүүлж болох гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгаж болохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, “хүнд” гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг дангаар хэрэглэж болохгүй гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 үгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаас гадна өсвөр насны хүнд хорих ял оногдуулахыг тэнсэж, хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйл, 8.7 дугаар зүйлийн зохицуулалт нь анх удаа хөнгөн гэмт хэрэг, тухайлбал Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд хамаарах эрх зүйн зохицуулалт юм.
Иймд нэр бүхий шүүгдэгч нарын үйлдсэн тухайн гэмт хэрэгт нь оногдуулахаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заагаагүй ялын төрлийг шүүх сонгон хэрэглэх боломжгүй бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим зөрчигдөх, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэх зөрчлийг үүсгэх тул өмгөөлөгч О.Баярбаясгалан, Б.Уранчимэг нарын “нэр бүхий өсвөр насны шүүгдэгч нарт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, аль эсхүл хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх” талаарх гаргасан саналыг шүүх хүлээн авах хуулийн үндэслэлгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.О, Б.Э, Н.Г нар нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон хохирол тооцон төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Б-ийн О, Б овогт Б-ын Э, Б овогт Н-ийн Г нарыг бүлэглэн, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 заалт, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.О, Б.Э, Н.Г нарт, тус бүрийг 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.О, Б.Э, Н.Г нарт оногдуулсан 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоосугай.
4. Энэ хэрэгт нэр бүхий шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, тэдгээрийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч А.Ц гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон Б.О, Б.Э, Н.Г нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Б.О, Б.Э, Н.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Б.О, Б.Э, Н.Г нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД