Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 0092

 

 

 

 

 

 

 

      Н.М холбогдох

                                             эрүүгийн хэргийн тухай

 

                                             

           Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

    Прокурор                                                     Г.Э

    Шүүгдэгч                                                      Н.М

    Шүүгдэгчийн өмгөөлөгч                           О.С

Хохирогч                                                      И.С

 Нарийн бичгийн дарга                            Г.Отгонтуяа нарыг оролцуулан

 

 Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандахын даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 338 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Н.М-н давж заалдах гомдлоор Н.М холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Б овогт Н-н М

Н.М нь М.У-тай бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө   аймгийн    сумын   багийн     тоотод оршин суух иргэн П.Б-н байшингийн цонхны төмөр хамгаалалтыг эвдэн орж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан,

2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр       аймгийн      сумын      багийн     тоотод хашаанд иргэн И.С-н нүүрэн тус газарт нь мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

   2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр      аймгийн   сумын     багийн         тоот хашаанд иргэн Б.М-н нүүрэн тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Н.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

Шүүгдэгч Б овогт Н-н Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлахыг завдсан гэмт хэргийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Шүүгдэгч Н-н Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 2.3-т зааснаар шүүгдэгч Н.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 2 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М оногдуулсан 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мын цагдан хоригдсон 23 хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Н.М давж заалдах гомдолдоо:

 

... Би өөрийн үйлдсэн 2022 оны 03 дугаар сарын 12-ноос 03 дугаар сарын 13-нд шилжих шөнө ирсэн Б-н гэрт У-г дагаж орсон нь үнэн. Энэ хэргийнхээ талаар гэм буруугаа шууд хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлж барагдуулсан. Энэ хэргийн хорих ялаас гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлоо төлсөн байгаа байдалд хорих ялыг багасгах хуулийн заалтыг хэрэглэж надад оногдуулсан 2 жилийн хорих ялыг багасгаж, уг ял дээр Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан ялыг нэмж хэрэглэж шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн тухайд би шүүхээс оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрч байгаа болно.

Би өөрөө бичиг үсэг мэдэхгүй тул энэ өргөдлөө өмгөөлөгчөөрөө бичүүлж, гарын үсгээ зурлаа. Энэ өргөдөлд илэрхийлсэн санаа хүсэлт нь шүүгдэгч Н.М минийх болно гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Н.М тайлбартаа: ... Хорих ялыг багасгаж өгнө үү ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч О.С тайлбартаа: ... Шүүгдэгч нь хохирогч нарт учруулсан хохирлоо төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар оногдуулсан хорих ялын хугацааг багасгаж өгнө үү ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Э дүгнэлтдээ: ... Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглээгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Н.Мын гаргасан гомдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.

Шүүгдэгч Н-н М нь М.У-тай бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө    аймгийн        сумын      багийн         тоотод оршин суух П.Б-н байшингийн цонхны төмөр хамгаалалтыг эвдэн орж эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан,

2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр       аймгийн       сумын     тоотод хашаанд И.С-н нүүрэн тус газарт нь мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр     аймгийн      сумын       багийн         тоот хашаанд Б.М-н нүүрэн тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Мын гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцээд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлахыг завдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

 

Мөн шүүгдэгч Н.Май бүлэглэж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хохирогч П.Б-н байшингийн цонхны төмөр хамгаалалтыг эвдэн орж эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг үйлдэхээр завдсан М.У-н үйлдлийг тусгаарлаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Шүүгдэгч Н.М нь ... 2 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү... гэсэн гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээс гадна гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийн шинж чанарт тохируулан шийдвэрлэхээр хуульчилсан.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж заасан бөгөөд хуульд зааснаар шүүгдэгчид 2 жилийн хорих ял оногдуулсан нь шүүгч өөрийн дотоод итгэл үнэмшлээр оногдуулсан шийдвэр гэж үзэж байна.

Түүнээс гадна гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд тусгахдаа гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэхээр хуульчилсан байна.

Шүүгдэгч Н.М нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, бусад хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд шүүгдэгч Н.Мын давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 338 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын

... 3.7 дугаар зүйлийн 1 дэх ... гэсний дараа ... 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 ... гэж нэмж, ... 2 жилийн ... гэснийг ... 1 жилийн ... гэж,

 

3 дахь заалтын ... 3.7 дугаар зүйлийн 1 дэх ... гэсний дараа ... 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 ... гэж нэмж, ... 2 жилийн хугацаагаар ... гэснийг ... 1 жилийн ... гэж, ... 2 жил 2 сарын ... гэснийг ... 1 жил 2 сарын ... гэж,

 

4 дэх заалтын ... 2 жил 2 сарын ... гэснийг ... 1 жил 2 сарын ... гэж тус тус өөрчилж тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч Н.Мын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.ЦЭЦЭГМАА

               ШҮҮГЧ                                                           С.УРАНЧИМЭГ

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      З.ХОСБАЯР