Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
Хэргийн индекс | 128/2023/0928/З |
Дугаар | 128/ШШ2024/0249 |
Огноо | 2024-03-19 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 128/ШШ2024/0249
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *** ХХК
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.А
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.М
Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай *** дүгээр тушаалыг хүчингүй болгуулах.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай *** дүгээр тушаалыг хүчингүй болгуулах шаардлагаар маргаж байна.
2.Маргааны үйл баримтын талаар дурдвал:
2.1.Анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Газар ашиглах эрх олгох тухай ****дугаар тушаалаар Налайх дүүргийн нутаг дэвсгэр, Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолборт газрын Өндөр улааны өвөр хязгаарлалтын бүсэд *** ХХК-д 0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар олгожээ.
2.2.Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай *** дугаар тушаалаар Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолборт газрын Өндөр улааны өвөр хязгаарлалтын бүсэд *** ХХК-д ашиглуулахаар олгосон газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй тул Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 443 дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу тухайн аж ахуйн нэгжийн 4 га газрын ашиглах эрхийг хүчингүй болгожээ.
2.3.Тус шүүх нэхэмжлэгчээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай *** дүгээр тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: *** ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ****дугаартай тушаалаар 4,0 га газар ашиглах эрхийг авсан. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр *** дугаартай тушаал гарган манай компанид мэдэгдэлгүйгээр манай газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны *** дугаартай тушаалд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсгийг үндэслэсэн, мөн тушаалын 1- д "...газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй..." гэж дурдсан байна.
*** ХХК нь өөрийн газрыг ашиглахаар бэлтгэж байх явцад бусдын хууль бус үйлдлээс шалтгаалан газар ашиглах боломж олдоогүй. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд бодит нөхцөл байдлыг тогтоолгүй тушаал гаргасныг хууль, тогтоомж зөрчиж байна гэж үзэж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасныг удирдлага болгон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн *** дугаартай тушаалыг хүчингүй болгож өгөхийг хүсье. гэжээ.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: *** ХХК Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 11 сарын 17-ны өдрийн ****дугаар тушаалаар Налайх дүүргийн нутаг дэвсгэрт Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын Өндөр улаан нуур хязгаарлалтын бүсэд 4 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар олгохоор зөвшөөрсний дагуу 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр газар ашиглах гэрчилгээгээ авсан. Улмаар 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гурван талт гэрээг байгуулсан бөгөөд энэ хугацаанд гурван үндсэн шалтгааны улмаас тухайн газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан. Газар ашиглуулах гэрчилгээ олгосноос хойш буюу 2019-2021 оны хооронд гурван жилийн хугацаанд Ковид-19 цар тахалтай байсан. Энэ нь нийтэд илэрхий үйл баримт байсан.
Манай зэргэлдээ хашааны хүмүүс хашаагаа илүү барьсан хууль бус үйл ажиллагааны улмаас газраа ашиглаж чадахгүй байсан бол 2023 оны 05 дугаар сарын сүүлээр эдгээр хүмүүс хашаагаа буулгасан. Бид газраа зориулалтын дагуу ашиглах боломжтой болоод тухайн газартаа тог татах болон хашаа барих зэргээр үйл ажиллагаагаа хийж эхэлж байсан боловч хариуцагчаас 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн *** дүгээр тушаалаар манай газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.6-д заасныг үндэслэн ашиглуулахаар олгосон газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй гэж үзэн цуцалсан. Энэ шийдвэр нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэн өөрсдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар шүүхэд хандсан. 2018 оны 12 дугаар сарын 28-нд гэрчилгээ гарч хууль ёсны дагуу тухайн газраа ашиглах боломжтой болсон боловч 2019 онд дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал гарч Монгол Улсын Засгийн газар болон Нийслэлийн Онцгой комиссоос удаа дараагийн шийдвэрээр нийтээр болон хэсэгчилсэн хөл хорио тогтоож, үндсэндээ 3 жилийн турш хэсэгчлэн болон нийтийн хөл хориотой бүхий л ажил зогсонги, ямар нэгэн үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй, бүх нийтээрээ эдийн засгийн хүнд нөхцөл байдалтай байсан. Түүнчлэн манай ашиглалтын газрын зэргэлдээх газар эзэмшигч нь хашаагаа манай компанид олгогдсон газар руу оруулан барьсан. Ингэж барихдаа хамгийн ашиглах боломжтой талбайтай хэсгээр нь оруулж барьсан. Олон тооны байшин барихаар газрыг нь ухаж сэндийчсэн, бохирын ёонкс, сагсны шийд зэргийг байрлуулсан байсан.
Эдгээр нь шүүхээс хийсэн үзлэг болон нэхэмжлэгчээс захиргааны байгууллагуудад тухайн хууль бус үйлдлийг таслан зогсоох, газраа зориулалтын дагуу ашиглах боломжтой байдлаар шийдвэрлэж өгөөч гэх албан бичгүүдээр тогтоогдож байгаа. Бид хууль бус эзэмшлээс чөлөөлж, өөрсдийн газраа зориулалтын дагуу ашиглах, хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлж эргэлтийн цэгийг бэхжүүлэхээр холбогдох захиргааны байгууллагуудад удаа дараа бичгээр болон амаар хандаж байсан боловч шийдвэрлэж өгдөггүй байсан. Энэ нь хэрэгт авагдсан Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Хамгаалалтын захиргаа, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан бичгүүдээр тогтоогдоно. Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай байсан ч бид нар өөрсдийнхөө газрыг ашиглахаар захиргааны байгууллагуудад хууль бус үйлдлийг нь таслан зогсоож газрыг чөлөөлж өгөөч гэж удаа дараа хандаж байсан. Хандах бүрд захиргааны байгууллага ганцхан айлын хашааг нураах гэж ганцхан танай төлөө явахгүй. Бид 10, 20 болгож байж газар чөлөөлөх ажлыг хийж эхэлнэ гээд бид нарыг хүлээж авдаггүй байсан. Хууль бус үйлдэл хийсэн газарт хандахлаар бусдын өмчид хууль бусаар халдвал цагдаагийн байгууллагад хандана гэх зэргээр ямар ч үйлдэл хийх боломжгүй байдалтай байлгадаг байсан.
2023 оны 05 сард газраа буулгаад ашиглаж эхлэх гэж байтал хоёр сарын дараа захиргааны байгууллагаас газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэсэн. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан. Хариуцагч маргаан бүхий актын үндэслэлдээ 2-оос дээш дээш жил ашиглаагүй гэдэг үндэслэлийг заасан. Тус хуулийн 40.1.6-г үндэслэсэн хэр нь 2-оос дээш жил аж ашиглаагүй гэж байгаа. Хуулийг үгчлэн ойлгох шаардлагатай. Дараалан ашиглаагүй гэх нөхцөл байдал байгаагүй гэсэн үг. Энэ хуулийн заалтыг хүчин төгөлдөр Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолд тайлбарласан байгаа. Уг тогтоолын 1.10-д Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг гэнэтийн давагдашгүй өвчний, эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн хоёр жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу ашиглаагүй байхыг ойлгоно гэж хүчин төгөлдөр Улсын Дээд шүүхийн тайлбарт тайлбарласан. Хуульд дараалан 2 жил ашиглаагүй бол гэж заасан байхад 2-оос дээш жил ашиглаагүй гэж хууль заагаагүй үндэслэлийг маргаан бүхий актын үндэслэл болгосон. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх нь гурван талт гэрээ байгуулснаар үүсэж байгаа. Манай гэрээ 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан бөгөөд гэрээ байгуулагдсанаас хойш уг хугацаа болоогүй байсан. гэв.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд **** ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан "Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн *** дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай" шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн *** дүгээр "Газар ашиглах эрх хүчингүй болгох тухай" тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.4.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн **** ХХК-д олгосон газрыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.", 27 дугаар зүйлийн 27.4.2. "саналыг бичгээр авах" гэж тус тус заасан.
Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэсэн ба тус албан бичигт сонсох ажиллагааг явуулсан, нэхэмжлэгч компаниас сонсох ажиллагааны хариуг хүргүүлсэн талаарх албан бичгүүдийг хавсаргасан байдаг. Нэхэмжлэгч **** ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ****дугаар тушаалаар Горхи- Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Өндөр улааны өвөр хязгаарлалтын бүсэд 4 га газрыг ашиглах эрхтэй болсон ч тус газраа 2023 оны хүртэл ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй болох нь 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр явуулсан хээрийн судалгааны зургаар тогтоогддог.
Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн *** дүгээр тушаал хууль зүйн үндэслэлтэй байх тул ***** ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
2.Нэхэмжлэгчээс ... Хариуцагч нь маргаан захиргааны актаар манай компанийг газраа хүндэтгэн шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй. гэж, хариуцагчаас ... *** ХХК нь дээрх эзэмшлийн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газар эзэмших гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. гэж тус тус маргажээ.
3.Нэхэмжлэгч ****** ХХК нь хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай *** дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
4.Анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Газар ашиглах эрх олгох тухай *** дугаар тушаалаар Налайх дүүргийн нутаг дэвсгэр, Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолборт газрын Өндөр улааны өвөр хязгаарлалтын бүсэд **** ХХК-д ** га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэжээ.
5.Дээрх тушаалыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалтай нутгийн удирдлагын газраас нэхэмжлэгч *** ХХК-д маргаан бүхий 4,0 га талбай бүхий газрыг ашиглах эрхийн **** дугаартай гэрчилгээг бичиж олгосон байна.
6.Нэхэмжлэгч **** ХХК нь 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Налайх дүүргийн Засаг дарга нартай Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах №2022/06 дугаартай гэрээг 5 жилийн хугацаатайгаар байгуулжээ.
7.Нэхэмжлэгч нь дээрх байдлаар газар ашиглах эрхээ хэрэгжүүлж байхад нь маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Газар ашиглах эрхийн хүчингүй болгох тухай *** дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн байна.
8.Маргаан бүхий дээрх тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.4.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/255 дугаар тушаалаар байгуулагдсан Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл-ийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хуралдсан 14 дүгээр хурлаас гарсан шийдвэрийг тус тус үндэслэн нэхэмжлэгч *** ХХК-ийг маргаан газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
9.Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 2020 оны 04 дүгээр сарын 20-ны *** тоот албан бичгээр Өндөр улааны өврийн хязгаарлалтын бүсэд газар ашиглагч **** ХХК-аас газар ашиглалттай холбоотой маргаан үүссэн талаар хандаад байна.
Иймд газар ашиглалтын байдалд хяналт тавьж, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр олгосон солбицлоор эргэлтийн цэгийг бэхжүүлэх, үүссэн зөрчил маргааныг арилган тус компанид мэдэгдэж, мэдээллийг 2020 оны 06 дугаар сарын 04-ний дотор ирүүлнэ үү. гэх агуулга бүхий албан бичгийг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд хүргүүлж байсан байна.
10.Нэхэмжлэгч *** ХХК нь 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 47 дугаар албан бичгийг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд хүргүүлжээ.
11.Уг албан бичигт:... Ковид-19 цар тахлын хөл хорио, эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор газар ашиглалт эхлүүлэх боломжгүй байсан. Мөн зэргэлдээх газар эзэмшигчээс манай компанид олгогдсон талбайгаас хашаагаа татахыг удаа дараа шаардаж ирсэн болно. Энэ жил бүтээн байгуулалт эхлүүлэхээр төлөвлөж албан ёсны тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагаар эргэлтийн цэг тавиулах гэтэл зэрэгцээ газрын хүмүүс хууль бусаар барьсан хашаагаа буулгахгүй гэж маргаан үүсгээд байна.Өнгөрсөн жил уг маргаантай холбоотой Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандаж тодруулга, албан шийдвэр авсан болно.
Иймд тухайн байгууллага, хувь хүний газар ашиглалтын байдалд хяналт тавьж, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр олгосон солбицлоор манай компанийн газрын эргэлтийн цэгийг яаралтай бэхжүүлж, маргааныг шийдвэрлэж өгөхийг хүсье. гэжээ.
12.Мөн нэхэмжлэгч ***** ХХК нь 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ... Хөрш хуулийн этгээдийн хууль бус үйл ажиллагааны улмаас өөрийн эзэмшлийн газрыг хуулийн дагуу эзэмшиж, ашиглаж чадахгүй үүнийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. гэх агуулга бүхий албан бичгийг Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн байна.
13. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа нь 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2/430 дугаар албан бичгийг нэхэмжлэгч *** ХХК-д хүргүүлжээ.
14.Дээрх албан бичигт:... Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө., 57.4 Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна. гэж заасны дагуу Налайх дүүргийн Засаг даргад хандан асуудлаа шийдвэрлүүлнэ үү. гэжээ.
15.Дээрх нөхцөл байдлуудаас үзвэл, нэхэмжлэгч *** ХХК нь хөрш хуулийн этгээдийн хууль бус үйл ажиллагааны улмаас маргаан бүхий газраа зориулалтын дагуу ашиглаж чадаагүй гэж үзэхээр байна.
16.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл.Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, 40.1.Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.6.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй. гэж тус тус заажээ.
17.Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-т Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ... Мөн зүйл, хэсэгт заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно. гэж тайлбарлажээ.
18.Маргаан бүхий тохиолдолд, нэхэмжлэгч нь *** юанийн үнэ бүхий хашааг Бүгд Найрамдах Хятад Ард улсаас авчирч, маргаан бүхий газартаа бариулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхээс хийсэн газрын үзлэгээр тогтоогдож байна.
19.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, хариуцагч нь маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг нь хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль бус бөгөөд үндэслэлгүй байна.
20.Тодруулбал, нэхэмжлэгч нь бусдын хууль бус үйл ажиллагааны улмаас өөрийн газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй нөхцөл байдал үүссэн байх бөгөөд мөн маргаан бүхий газраа зориулалтын дагуу ашиглахаар хөрөнгө оруулалтыг хийж, хашаа бариулсан байна.
21.Иймд дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, хариуцагч нь маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийг маргаан бүхий газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч *** ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай *** дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
22.Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М гаргасан хүсэлтээр 2024 оны 02 дугаар сарын 21-ний, 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаануудыг хойшлуулсан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт нь хүндэтгэн үзэх шалтгаантай талаар холбогдох баримтыг хавсаргаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4.-т Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно. гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106,3.1, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *** ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн *** дүгээр тушаалыг хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.