Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 1497

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Т-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2020/01013 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Т-ийн хариуцагч М.И-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 19 440 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Т- миний бие М.И-тай харилцан тохиролцож, 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 8 000 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Тус зээлээ дахин 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл сунгасан бөгөөд зээлийн хугацаанд 240 000 төгрөгөөр 4 удаа, 70 000 төгрөгөөр нэг удаа төлсөн. Түүнээс хойш нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр тооцоо нийлэн “Төлбөр барагдуулах гэрээ” байгуулсан болно. Тооцоо нийлэхэд үлдэгдэл 12 960 000 төгрөг болж байсан. 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан “Төлбөр барагдуулах гэрээ”-ний 4 дүгээр дүйлийн 4.2-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх алдангийг хоног дутам 38 800 төгрөг төлөх бөгөөд нийт үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар алданги 6 480 000 төгрөг болж байгаа. Нийт тооцоо нийлэх үеийн гэрээний төлбөр болон алдангийн хамт 19 440 000 төгрөгийг М.И-гаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 8 000 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэйгээр гэрээ хийсэн боловч 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр уг гэрээг дуусгавар болгосон. Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 74-20 тоотод оршин суух хаягтай Б.Т-ийг Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат 1-29 тоотод оршин суух хаягтай М.И-тай харилцан тохиролцож, гэрээ дуусгавар болох албан ёсны бичгийн нотлох баримт үйлдсэн. Энэ нотлох баримтыг бичгийн хэлбэрээр биш амаар хэлээд ийм нотлох баримт Б.Т-т байдаг. Өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчид энэ нотлох баримтыг гаргаж өгөөгүйд би харамсаж байна. Басмаагийн Түмэнцэцэг, Басмаагийн Батзориг, Басмаагийн Тогтохбаяр нь мөнгө зээлдэг, олон удаа мөнгө зээлж байсан. Зээлийн гэрээн дээр нь би өмгөөлөгчөөр ажиллаж, зээлийн гэрээг дуусгавар болгох удаа дараа олон жил тооцоо нийлэх тухай гэрээ, олон хүний өр авлагыг нилээн хэдэн жил хийсэн. Испаниас мөнгө орж ирэхээс өмнө, соната 2 машины ард мөнгийг ачаад хүмүүст зээлийн гэрээ хийж, зээлийн гэрээний өр барагдуулах ажлыг би хариуцдаг байсан. Надаар дамжуулж зарим зээлээр өгөх мөртлөө барьцаа хөрөнгө муутай, султай нөхцөл байдал үүсэх хүнд та өмгөөлөгч хүн юм чинь та өөрийнхөө өмч хөрөнгөөр баталгаа болгоод зээлийн гэрээ хийчих гэж гуйгаад хэд хэдэн удаагийн үйлдлээр хийсэн. Дуусгавар болсон гэрээг би өдөр сартай нь хэлж чадна. Би Хаан банкинд данстай, тэр дансыг хаасан, надад хохиролтой байна. Б.Т- 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээ гэгчээр далайлгаад, энэ их мөнгийг би энэ насандаа өгч чадахгүй, өгөхгүй. Бүх зээлийн гэрээг хаагаад 27 400 000 төгрөгийг өгч байсан удаатай гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч М.И- /РД:УХ65091516/-аас 19 440 000 /арван есөн сая дөрвөн зуун дөчин мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Т- /РД:ПЮ72051903/-т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255 150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 255 150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч М.И- давж заалдах гомдолдоо:

... Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Нэхэмжлэлийн харьяаллын хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйл 14.1 дэх хэсэгт зааснаар “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэсэн заалтыг илч зөрчжээ. М.И- миний бие Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат, 1 дүгээр байрны 29 тоотод оршин суудаггүй болно. Зээлийн гэрээний хүү 8 000 000 төгрөгийн зээл авсан бөгөөд ингэхдээ зээлийн гэрээний хугацаанд 3 сарын зээлийн хүүг төлсөн бөгөөд зээлийн гэрээний гэрээний хугацааг сунгаагүй болно. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар анз нь торгууль алданги гэсэн 2 төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалтыг зөрчин хүү алдангийг давхар тооцсон байна. Хариуцагч би үндсэн төлбөр болох 8 000 000 төгрөг өгөхөө хүлээн зөвшөөрч байна. Үлдэх 11 400 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу өмгөөлөгч авах, эсрэг талын шаардлага хариу тайлбар өгөх, хуурамч нотлох баримтыг нотлох баримтаас хасуулах зэрэг эрхийг эдлэх нөхцөл боломжоор хангагдаагүй бөгөөд илт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т заасан “Хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоох” мөн хуулийн 69.5 дахь хэсэгт “Шүүхийн хуулийн 69.1-д заасан арга хэмжээг авахдаа үйлдвэрлэл үйлчилгээний хэвийн ажиллагааг алдагдуулах, орлого олох эх үүсвэрийг хаах үр дагаварт хүргэж болохгүй” зэрэг зүйл заалтуудыг тус тус зөрчсөн байна. Миний дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгээр хориглоогүй бүх дансны зарлагыг хаасан. М.И- миний бие ганцхан Хаан банкны данстай бөгөөд энэ дансны гүйлгээг хаасан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч Б.Т- нь хариуцагч М.И-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19 440 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Зохигчдын хооронд байгуулагдсан 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлдэгч М.И- нь зээлдүүлэгч Б.Т-ээс 8000 000 төгрөг 3 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцсон, зээлийн мөнгийг хүлээн авч 1 030 000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдсон байна.

 

            Зохигчид гэрээ байгуулагдсан болон зээлийн эргэн төлсөн хэмжээний тухайд маргаагүй, харин зээлийн үлдэгдэл төлбөрийн хэмжээ 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 12 960 000 төгрөг гэж тооцсоныг хариуцагч эс зөвшөөрч, 2013 оны зээлийн гэрээг сунгаагүй тул хүү тооцох үндэслэлгүй гэж маргажээ.

 

            Хэрэгт 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний хугацааг талууд харилцан тохиролцож сунгасан баримт авагдаагүй, нэхэмжлэгчийн зааж буй хэргийн 28 дугаар талд авагдсан баримт нь гэрээний хугацааг сунгасан агуулгагүй, харин зээл төлөх тооцооллыг бичсэн агуулгатай байна.

 

            Иймд 3 сарын хугацаатай зээлийн гэрээний хугацаа дууссан, 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс хойш хүү тогтоосон гэрээг талууд бичгээр байгуулаагүй гэж үзэх бөгөөд уг хугацаанаас хойш хүү тооцож шаардах нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт нийцэхгүй.

 

            Талуудын хооронд бичгээр байгуулагдсан зээлийн гэрээний нөхцлөөр зээлдэгч М.И-д нийт 8 720 000 төгрөгийн төлбөрийн үүрэг үүссэнээс төлсөн 1030 000 төгрөгийг хасвал 7 690 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байх бөгөөд гэрээний хугацааг сунгаагүй байхад хүү нэмж тооцон үлдэгдэл төлбөрийг алдангийн хамт 12 960 000 төгрөг гэж шаардаж байгааг хангах үндэслэлгүй.

 

            Дээрхээс үзвэл 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн байдлаарх зээлийн үлдэгдэл нь 7 690 000 төгрөг байх тул гэрээгээр тохиролцсоны дагуу алдангийг тооцон 50 хувиар хязгаарлан нийт 11 535 000 төгрөгийг /7 690 000 + 3845 000/ хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасанд нийцэх юм.

 

Анхан шатны шүүх талууд 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний хугацааг харилцан тохиролцож сунгаагүй байгаа хэргийн нөхцөл байдлыг зөв үнэлээгүйгээс шийдвэр үндэслэл бүхий болоогүйг дээрх байдлаар залруулах боломжтой байна.

 

            Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт хариуцагчаас гаргуулах төлбөрийн хэмжээг өөрчилсөн, мөн нэхэмжлэлийг хангасан дүнд нийцүүлэн улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилсөн өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2020/01013 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын   ”19 440 000 /арван есөн сая дөрвөн зуун дөчин мянган/ төгрөгийг” гэснийг “11 535 000 төгрөгийг”  гэж, “олгосугай” гэснийг “олгож, үлдэх 7 905 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “255 150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэснийг “199 510 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 200 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    А.МӨНХЗУЛ

 

                                           ШҮҮГЧИД                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

А.ОТГОНЦЭЦЭГ