Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 1495

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х.З-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2020/01134 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Х.З-ын хариуцагч Б.Д-, Б.До- нарт холбогдуулан гаргасан автомашин худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 50 000 000 төгрөг, хохирол 3 150 000 төгрөг, нийт 53 150 000 төгрөг гаргуулах үндсэн, 14 910 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Т- нь 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 67-80 УНЕ улсын дугаартай Toёота Ланд Крузер 200 маркийн автомашиныг ямар ч будаг, замаска хийгдээгүй, эвдрэл гэмтэлгүй гэж танилцуулсан. Урьдчилгаа 50 000 000 төгрөгийг түүний дансанд нь байршуулж, манай гэрийн гадаа машиныг үлдээн, 10 хоногийн дараа үлдэгдэл 10 500 000 төгрөгийг шилжүүлэх, үзлэг, оношлогоо хийлгэсний дараа Х.З-ын нэр дээр тээврийн хэрэгслийг шилжүүлэхээр тохиролцсоноор Ц.Т- автомашиныг манай хашаанд үлдээгээд түлхүүр, тээврийн хэрэгслийн гэрчилгээг аваад явсан. Маргааш нь уг автомашиныг хүнд үзүүлэхэд засварт орсон байна гэхээр нь Ц.Т- рүү автомашинаа ав, би авахаа болилоо, надад худлаа хэлсэн байна гэхэд тэрээр тэгье гэснээс хойш утсаа авахаа больсон. Ингээд би цагдаагийн байгууллагад хандсан. Мөрдөн шалгах ажиллагаагаар дээрх автомашин нь Б.Д-, Б.До- нарынх болох нь тогтоогдсон ба Ц.Т- нь Б.Д-, Б.До- нарын аман зөвшөөрлөөр автомашиныг худалдсан болох нь тэдний гэрчээр мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдсон. Ц.Т- нь 50 000 000 төгрөгийг Б.До-гийн Хаан банкны данс руу шилжүүлж, Б.До-гээс Б.Д-ын данс руу шилжүүлэгдэн, уг мөнгөөр Б.Д- зээлээ төлсөн болох нь тогтоогдсон. Х.З- нь дээрх 50 000 000 төгрөгийг Хаан банк дахь өөрийн жилийн 5,4 хувийн хүүтэй, хугацаагүй хадгаламжаас авч өгсөн. Хэрэв хадгаламжиндаа хэвээр байсан бол хүү нь 3 150 000 төгрөг болох байсан. Энэ нь Ц.Т- рүү шилжүүлснээс хойших буюу 15 сарын хугацааны хүү гэж тооцож байна. Хариуцагч нараас болж өнөөдрийг хүртэл хохирсоор байна. Х.З- нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байгаа тул урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 50 000 000 төгрөгийг буцаан шаардаж байгаа. Худалдагч тал гэрээний дагуу авто машиныг үзлэг оношилгоонд оруулах, биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул гэрээг цуцалж, шилжүүлсэн мөнгөө, хохирлын хамт шаардах эрхтэй. Иймд Б.Д-, Б.До- нартай байгуулсан автомашин худалдах, худалдах авах гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт төлсөн 50 000 000 төгрөг, хадгаламжийн хүү 3 150 000 төгрөг, нийт 53 150 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Х.З- нь Б.Д-ын 65 000 000 төгрөгөөр зарах байсан 67-80 УНЕ улсын дугаартай Toёота Ланд Крузер 200 маркийн автомашиныг танилаараа яриулж, шалгаж үзээд 60 500 000 төгрөгөөр авсан. Тухайн үед бид тохиролцоход уг автомашин нь 2008 онд үйлдвэрлэгдсэн, Монголд тодорхой хугацаанд хэрэглэгдэж байсан гэдгийг ойлгож, бүх нөхцөлийг зөвшөөрч авсан. Х.З- нь үлдэх төлбөрийг 10 хоногт багтаан төлөх, 10 хоногийн дотор гэрээнээс татгалзаж болох талаар тохиролцсон. Тухайн үед автомашиныг Х.З-ын Дарь-Эхийн хашаанд байрлах гараашид нь үлдээж, автомашины гэрчилгээ, түлхүүрийг 10 хоногийн дараа төлбөр төлөх, гэрээнээс татгалзах хугацаа дуусахаар өгөхөөр тохиролцсон. Гэтэл тэр үеэс худалдан авагч нь сураггүй болж, утас нь холбогдохгүй байсаар 2019 он гараад, цагаан сарын дараа Цагдаагийн байгууллагаас дуудаж,тайлбар өг гэсэн. Цагдаагаас энэ асуудлыг шалгаад, хэргийг хэрэгсэхгүй болгосон ба цагдаагийн шаардсанаар түлхүүр, гэрчилгээг өгсөн. Х.З- нь 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр үлдэгдэл мөнгөө өгөх, мөн энэ өдрөөр гэрээнээс татгалзах хугацаа дуусгахаар тохиролцжээ. Гэтэл нэхэмжлэгч нь тохирсон хугацаандаа төлбөрөө төлөөгүй, мөн гэрээнээс татгалзах тухай гомдлоо хугацаандаа гаргаагүй тул гомдол гаргах, гэрээнээс татгалзах эрхээ алдсан. Иймд нэхэмжлэгчид Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх үүсэхгүй. Худалдагч нь уг тээврийн хэрэгслийг худалдахдаа биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг шилжүүлсэн бөгөөд үүнийг тухайн үед худалдан авагч нь өөрийн биеэр хүлээн зөвшөөрч, төлбөрийн 85 орчим хувийг төлж барагдуулан, өөрийн мэдлийн гараашид хүргүүлсэн. Энэ нь тухайн үед уг тээврийн хэрэгсэл нь биет байдлын доголдолгүй байсныг нотолсон нотолгоо юм. Гэрээний гол нөхцөл болох тээврийн хэрэгслийн гадна байдлыг мэргэжлийн эсвэл зохих байгууллагаар хэмжүүлж, шалгаж, эд хөрөнгөө хүлээн авах, энэ байдлаар эд хөрөнгөө аваагүй бол худалдан авагч Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т зааснаар шаардах эрхээ алдана гэж Улсын дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаар зөвлөмжид дурдсан. Худалдагч нь худалдан авагчид уг автомашиныг худалдан авахыг шаардаагүй, харилцан тохиролцсоны үндсэн дээр худалдан авсан. Худалдсан тээврийн хэрэгсэл нь тухайн оны улсын үзлэг оношилгоонд орсон, биет байдлын болон эрхийн доголдолгүй тээврийн хэрэгслийг шилжүүлсэн нь Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.3 дахь хэсэгт заасантай нийцэж байна. Өөрөөр хэлбэл үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхээргүй бол эд хөрөнгийг биет байдлын болон эрхийн доголдолгүй гэж үзнэ.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд талуудын хооронд зээлийн болон мөнгөн хадгаламжийн гэрээ хийгдээгүй ба хадгаламжийн мөнгөний хүү төлөх эрх үүсээгүй. Нэхэмжлэгч нь 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр танил талаар яриулж, Тоёота Ланд Крузер 200 маркийн автомашиныг хямд үнээр худалдан авсан. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч Б.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анх 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Да хүрээ техникийн захаас дүү Д.Доржсүрэнгийн эзэмшлийн 65.000.000 төгрөгөөр зарж байсан 67-80 УНЕ улсын дугаартай Тоёота Ланд Крузер 200 маркийн автомашиныг Х.З- нь танилаараа яриулан 60 500 000 төгрөгөөр худалдан авах болсон. Урьдчилгаанд 50 000 000 төгрөгийг шилжүүлж, үлдэх төлбөрийг 10 хоногт багтаан төлөхөөр тохиролцсон. Гэтэл худалдан авагч гэрээний үүргээ зөрчин төлбөрийг төлөөгүй, улмаар холбогдох боломжгүй болсон. Иймд Х.З-аас автомашины төлбөрийн үлдэгдэл 10 500 000 төгрөг, банк бус санхүүгийн байгууллагад төлсөн 14 сарын хүү 4 410 000 төгрөг, нийт 14 910 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч Б.Д-, Б.До- нар үндэслэлгүй, худал тайлбар гаргаж байна. Сөрөг нэхэмжлэлээр шаардаж байгаа зүйл нь уг автомашиныг авахын тулд 100 000 000 төгрөгийг банк бус санхүүгийн байгууллагаас зээлсэн гэж байна. Б.Д- нь автомашины ченж, маргаан бүхий 67-80 УНЕ улсын дугаартай автомашиныг худалдаж аваад, засаж янзалсан тухайгаа мэдүүлсэн байдаг. Зөвхөн уг автомашиныг худалдаж авах гэж банк бус санхүүгийн байгууллагаас 100 000 000 төгрөг зээлсэн гэсэн нь үндэслэлгүй байна. Банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан нь иргэн Х.З-т хамааралгүй. Х.З- нь худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байх тул үлдэгдэл төлбөр, хохирлыг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1, 227 дүгээр зүйлийн 227.1-д тус тус зааснаар хариуцагч Б.Д-, Б.До- нараас 50 000 000 /тавин сая/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.З-т олгож, Х.З-аас 67-80 УНЕ улсын дугаартай Тоёота Ланд Крузер 200 маркийн автомашиныг гаргуулж, хариуцагч Б.Д-, Б.До- нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 150 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Х.З-аас 14.910.000 төгрөг гаргуулах тухай Б.Д-ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 258 дугаар зүйлийн 258.3-т зааснаар Х.З- нь 67-80 УНЕ улсын дугаартай Ланд Крузер 200 маркийн автомашиныг хадгалж, бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй болох дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х.З-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 473 300 төгрөгөөс 423 700 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, илүү төлсөн 49 600 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн данснаас гаргуулж, буцаан олгох, хариуцагч Б.Д-, Б.До- нараас 407 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.З-т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Б.Д-аас сөрөг нэхэмжлэлд төлсөн 265 500 төгрөгөөс 232 500 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, илүү төлсөн 33 000 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн данснаас гаргуулж, Б.Д-д буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 03444 тоот, 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 03724 тоот захирамжаар тус тус шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар авсан арга хэмжээ нь давах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол тэдгээрийг хянан шийдвэрлэх хугацаагаар хэвээр байхыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А давж заалдах гомдолдоо:

... Шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 16.2 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй хэт нэг талыг барьж худалдагчийн эрх зүйн байдлыг дордуулсан, дээрх хуулийн 37 дугаар зүйлд зааснаар нотлох баримтыг гарган өгсөн боловч хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд ач холбогдолтой байх үнэлвэл зохих нотлох баримтыг үнэлээгүй нь худалдагчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзнэ.

Талуудын байгуулсан гэрээнд хуульд зааснаар гэрээнээс татгалзах хугацаагаа 10 хоног байхаар тохирсон, энэ өдөр үлдэгдэл төлбөрөө төлөхөөр гэрээнд тусгагдсан байхад түүнийг баримтгүйгээр үгүйсгэсэн, маргааны гол шалтгаан болох худалдсан тээврийн хэрэгсэл нь эд хөрөнгийн болон биет байдлын доголдолтой, уг доголдлыг нэхэмжлэгч нь тухайн тээврийн хэрэгсэлд учруулсан байхаар холбогдох байгууллагаас тодорхойлсон тодорхойлолтыг хэрэгт хавсаргасан боловч түүнийг үнэлээгүй, нэхэмжлэгч нь ашиглалтын явцад учруулсан байж болзошгүй нөхцөл байдал үүссэн байхад түүнийг анзаараагүй нэхэмжлэгчид ашигтай шийдвэр гаргасан байна.

Нэхэмжлэгч нь цагдаагийн байгууллагад иргэн Ц.Т-ийг залилангийн гэмт хэрэг үйлдсэн, өөрөөр хэлбэл түүнд залилуулсан энэ нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болзошгүй тул шалгаж өгнө үү гэсэн өргөдөл байх бөгөөд цагдаагийн байгууллага түүнийг 2 удаагийн өргөдөл гомдлоор шалгаж гэмт хэргийн шинжгүй байна гэх шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Үүнийг шүүх гэрээнээс татгалзах илэрхийлэл гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар 6 сарын дотор гэрээнээс татгалзах гомдлоо гаргахаар хуульчилсан байх бөгөөд нэхэмжлэгч нь энэ хугацаанд иргэний шүүхэд гомдлоо гаргаагүй байна. Шүүх хуралдааны явцад иргэд хоорондын гэрээний харилцааг зөвхөн Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэний шүүх шийдвэрлэнэ гэж тайлбарласан ба шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг хэрэглэж хэрэгт авагдаагүй баримтад үнэлэлт өгч хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах шалтгаанаа эд хөрөнгийн доголдолтой гэж үзэн гэрээнээс татгалзах нэхэмжлэлээ 2020 онд гаргасан ба энэ нь хөөн хэлэлцэх хугацааны хувьд гэрээнээс татгалзах эрх үүсэхгүй. Тухайн тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авахдаа өөрийн хэрэгцээнд зориулж унаж хэрэглэх тухайгаа хэлсэн ба тээврийн хэрэгслийн гадна үзэмжийг шалгаруулах уралдаанд оролцохоор худалдан авч байгаа талаа гэрээнд тусгаагүй нь уг машиныг гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг эд хөрөнгийн доголдолгүй гэж үзнэ хэмээн Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт заасан.

Нэхэмжлэгч нь хариуцагчид эд хөрөнгийн доголдлын талаар хэлсэн, үүнээс шалтгаалан гэрээнээс татгалзаж байгаа тухайгаа хэлсэн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч нь баримтаар гарган өгөөгүй байхад шүүх аман тайлбарт ач холбогдол өгөн хэргийг нэхэмжлэгч талд ашигтайгаар шийдвэрлэсэнд гомдолтой тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч Х.З- нь хариуцагч Б.Д-, Б.До- нарт холбогдуулан автомашин худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 50 000 000 төгрөг, хохиролд 15 сарын хадгаламжийн хүү 3 150 000 төгрөг, нийт 53 150 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Б.Д-, Б.До- нар нь “автомашиныг шалгаж авсан, доголдолгүй эд хөрөнгө хүлээлгэн өгсөн, шаардах эрхээ алдсан” гэх үндэслэлээр эс зөвшөөрч, хариуцагч Б.Д- автомашины үлдэгдэл төлбөр 10 500 000 төгрөг, банк бус санхүүгийн байгууллагад төлсөн 14 сарын хүү 4 410 000 төгрөг, нийт 14 910 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

Хариуцагч Б.Д-, Б.До- нар нь Ц.Т-өд Тоёота Ланд Крузер 200 маркийн автомашин худалдах аман зөвшөөрөл олгосны үндсэн дээр Ц.Т- нь Х.З-т 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 67-80 УНЕ улсын дугаартай Тоёота Ланд Крузер 200 маркийн автомашиныг 60 500 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, урьдчилгаанд 50 000 000 төгрөг авч, автомашиныг хүргэн өгч, улмаар автомашины үзлэг оношилгоо хийлгэх, тээврийн хэрэгслийн бичиг баримт, эзэмших эрхийг шилжүүлэн өгөх, 10 хоногийн дараа үлдэгдэл 10.500.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон, автомашины өмчлөгч нь Б.До-, мөнгийг дансаар хүлээн авсан этгээд нь түүний эхнэр  Б.Д- болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

 

Хариуцагч нар нь Х.З-т автомашинаа худалдсан талаар маргаагүй бөгөөд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж  шүүх дүгнэсэн нь хууль зөрчихгүй.

 

Ц.Т-ийн хувьд төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн байх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болох тул Б.Д-, Б.До- нарыг хариуцагчаар татсан нь Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2, 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсэгт нийцнэ.

 

            Нэхэмжлэгч Х.З- нь Ц.Т-өөс автомашиныг хүлээн авсны дараа автомашинд будаг, замаска хийлгэсэн, засварт орсон гэх үндэслэлээр гэрээнээс татгалзаж, энэ тухайгаа Ц.Т-өд мэдэгдсэн боловч утсаа хааж холбогдох боломжгүй болсон, улмаар 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст гомдол гаргасан болох нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 4895 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын тогтоол, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн мөрдөгчийн магадлагаа зэргээр тогтоогдсон байна. /хх 4-23/

 

            Нэхэмжлэгчээс цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулсан ажиллагааны явцад автомашинд будаг, замаска хийлгэсэн, засварт орсон нь тогтоогдсон, худалдагч энэ талаар үнэн зөв мэдээлэл өгөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч буюу худалдан авагч Х.З- нь худалдагч талын үйлдлийг эрүүгийн журмаар шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандаж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан шалгаад залилах гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байх бөгөөд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар 6 сарын дотор гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийн доголдлын  талаар гомдол гаргасан гэж үзнэ.

 

Хэргийн дээрх нөхцөл байдлаас үзвэл нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.

 

Худалдагчийн тухайд Иргэний хуулийн 188 дугаар зүйлийн 188.1, 243 дугаар зүйлийн 243.2 дахь хэсэгт заасны дагуу худалдаж буй эд хөрөнгийн талаар үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй.

 

Хэргийн баримтаар худалдагч тал хуулиар хүлээсэн дээрх үүргийг зөрчсөн нь тогтоогдсон, худалдан авагч тал гэрээний зүйлийн доголдлын талаар хуульд заасан хугацаанд гомдол гаргасан тул шүүх урьдчилгаанд төлсөн 50 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосон нь Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт нийцнэ.  

Харин хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас хадгаламжийн хүү 3 150 000 төгрөгөөр шууд хохирсон гэж үзэх боломжгүй бөгөөд шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлж, биет байдлын доголдолгүй эд хөрөнгө шилжүүлсэн гэж үзэх нөхцөл байдал зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул автомашины үлдэгдэл төлбөр 10 500 000 төгрөг, банк бус санхүүгийн байгууллагад төлсөн зээлийн хүү 4 410 000 төгрөг, нийт 14 910 000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй.

 

            Гэрээний зүйл доголдолтойн улмаас гэрээг цуцалсан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Д-, Б.До- нараас 50 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.З-т олгож, Х.З-аас 67-80 УНЕ улсын дугаартай Тоёота Ланд Крузер 200 маркийн автомашиныг гаргуулж, хариуцагч Б.Д-, Б.До- нарт олгох нь хуульд нийцнэ.

 

            Анхан шатны шүүх худалдах, худалдан авах гэрээний зүйл нь доголдолтой байсан, доголдлын талаар хуульд заасан хугацаанд гомдол гаргасан, гэрээнээс татгалзах үндэслэл бүрдсэн болон гэрээний зүйлийг харилцан буцаах нөхцөл бүрдсэн талаарх хэргийн нөхцөл байдалд үндэслэлтэй дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно.

 

            Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2020/01134 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    А.МӨНХЗУЛ

 

                                           ШҮҮГЧИД                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

А.ОТГОНЦЭЦЭГ