Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2022/ДШМ/29

 

М.Санжаадоржид холбогдох хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж,

 Прокурор/Тосонцэнгэл сумаас ZOOM/-р    Б.Чулуунхүү

Шүүгдэгч   М.Санжаадорж

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Одбаяр, Д.Эрдэнэтуяа

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч /Тосонцэнгэл сумаас ZOOM/-р  Т.Пүрэвдорж

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишигийн даргалж шийдвэрлэсэн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч М.Санжаадоржийн өмгөөлөгч Б.Одбаярын давж заалдах гомдлоор М.Санжаадоржид холбогдох 2024000550042 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 07 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ИЦ92021014 регистрийн дугаартай Боржгон овогт Мөнхцэцэгийн Санжаадорж,

Шүүгдэгч М.Санжаадорж нь 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 07 дугаар сарын 05-нд шилжих шөнө 02 цагийн орчим Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төвөөс 3 километр орчим зайд “Хар үзүүр” гэх газарт 79-60 ГАҮ улсын дугаартай “Dongfeng” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад орон нутгийн засмал зам дээр зогсоож, автомашинаа замаас чөлөөлөөгүйгээс Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10-т заасан “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас түүний араас 53-01 ЗАА улсын дугаартай “Suzuki Escuda” маркийн тээврийн хэрэгсэл мөргөж, 53-01 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.Ишдоржийн амь нас хохирч, зорчигч Ц.Жамбалцүлтэмийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх:

1. Шүүгдэгч Боржгон овогт Мөнхцэцэгийн Санжаадоржийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироож, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Санжаадоржийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж,

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар шүүгдэгч М.Санжаадоржид гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэж,

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Санжаадорж нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдаж,

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Санжаадорж нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдаж,

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Санжаадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг тоолж,

7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч М.Санжаадоржоос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны буюу техникийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргасан зардалд 200,000 төгрөгийг гаргуулж шинжлэх ухаан техникийн их сургуулийн зөвлөх инженер И.Базаррагчаад олгож,

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч М.Санжаадоржоос хохирол төлбөрт нийт 17,935,5231 төгрөгийг гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Пүрэвдоржид 12,224,608 /арван хоёр сая хоёр зуун хорин дөрвөн мянга зургаан зуун найм/ төгрөг, хохирогч Ц.Жамбалцүлтэмд 4,480,123 /дөрвөн сая дөрвөн зуун наян мянга нэг зуун хорин гурав/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Цүлтэмд 1,230,500 /нэг сая хоёр зуун гучин мянга таван зуу/ төгрөгийг тус тус олгож, хохирогч Ц.Жамбалцүлтэмийн 85,000 төгрөг гаргуулах, иргэний нэхэмжлэгч Ц.Цүлтэмийн 526,240 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар амь хохирогч Т.Ишдоржийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Пүрэвдоржийн буяны ажлын зардал 4,148,832 төгрөг, Suzuki escudo” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 15,000,000 төгрөг, амь хохирогчийн хүүхдүүдэд тэжээгчээ алдсан тэтгэмжийн зөрүү болон хүүхдүүдэд тэтгэлэг тогтоолгох тухай, хохирогч Ц.Жамбалцүлтэмийн бусад зардал 519,100 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардал гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

11. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүд мэт зүйл 1 ширхэг, банзны хугархай 2 ширхгийг устгаж, ослын гурвалжин тэмдэг 1 ширхгийг шүүгдэгчид буцаан олгож, шүүгдэгч М.Санжаадоржийн 1250777 дугаартай “В” ангиллын жолооны үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж,

12. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

13. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Санжаадорж түүний өмгөөлөгч Б.Одбаяр нарын давж заалдах шүүхэд гаргасан гомдлын агуулга:

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул тус шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолыг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч танилцаад зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах журмаар дараах гомдлыг гаргаж байна.

Үүнд: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 022 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор М.Санжаадоржийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироож нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.Санжаадоржийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн.

Гэвч миний үйлчлүүлэгч М.Санжаадоржийн холбогдсон дээрх гэмт хэрэг маань 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 05-ны өдөрт шилжих шөнө гарсан бөгөөд Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж, мөн сарын О6-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т "2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн" хунд хамаарахаар хуульчилсан. Тус хуулийн 12.12-т *...яллагдагч, шүүгдэгч, ялтны энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамааруулна...". 5.2-т "Энэ хуулийн 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно.. гэж тус тус заасан байна. Миний үйлчлүүлэгч М.Санжаадоржийн холбогдсон дээрх гэмт хэрэг маань Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарахаар байхад анхан шатны шүүхээс тус хуулийг хэрэглээгүй нь миний үйлчлүүлэгч М.Санжаадоржийн эрх зүйн байдлыг дордуулж байна гэж үзэж байна. Тийм учраас Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 022 оны 01 дугаар сарын 10-ний өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссэнийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан миний үйлчлүүлэгч М.Санжаадоржийн эрх зүйн байдлыг дээрдүүлж.өгнө үү

Шүүгдэгч М.Санжаадоржийн өмгөөлөгч Б.Одбаяр давж заалдах шүүхэд гаргасан тайлбартаа:

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байгаа. Миний үйлчлүүлэгч М.Санжаадоржийг 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Замын хөдөлгөөний дүрмийн 14.10 дугаар зүйлийг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироож нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, мөрдөн шалгах ажиллагаа 2 жилийн хугацаанд явагдсаны эцэст анхан шатны шүүх хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.Санжаадоржийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн. Дээрх гэмт хэрэг маань 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 05-ны өдөрт шилжих шөнө гарсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд байх хугацаанд Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж, 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т "2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт хамаарахаар хуульчилсан. Тэгэхээр шүүгдэгч М.Санжаадоржийн үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан хугацаанаас өмнө үйлдэгдсэн учраас Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгох саналыг гаргаж байсан. Гэвч өнөөдрийн байдлаар анхан шатны шүүхийн 03 дугаартай шийтгэх тогтоолд Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэж өгөөч гэсэн миний саналд эрх зүйн дүгнэлт хийгээгүй. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.12 дугаар зүйлд яллагдагч, шүүгдэгч, ялтны энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамааруулна гэж заасан. Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд 2015 оны Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тэнссэн хугацааг хэрэгсэхгүй болгоно гэсэн зохицуулалт тус Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлд маш тодорхой зааж өгсөн байгаа. Үүнээс харахад Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлд заасан Өршөөлийн тухай хуульд хамаарахгүй зүйл заалт нь М.Санжаадоржийн холбогдсон 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь байхгүй. Эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс түүнд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасны дагуу тэнссэн хугацааг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасны дагуу өршөөн хэрэгсэхгүй болгох хуулийн боломжит нөхцөл байдал байгаа бөгөөд үүнийг заавал хэрэглэх ёстой байтал анхан шатны шүүх үүн дээр ямар нэгэн эрх зүйн дүгнэлт хийлгүй М.Санжаадоржийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Уг хэрэг хянан шийдвэрлэгдсэнээс хойш олон хоног өнгөрсний дараа давж заалдах шатны шүүхийн хурал зарлагдсан байгаа. Энэ хугацаанд давж заалдах журмаар гаргасан гомдлыг удаа дараа хүлээн авахаас татгалзсан нөхцөл байдал гаргасан. Тийм учраас давж заалдах гомдолд дурдсаны дагуу М.Санжаадоржийн эрх зүйн байдлыг аль болох дээрдүүлэхийн тулд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийг ашиглах бүрэн боломжтой байна. Миний үйлчлүүлэгч М.Санжаадоржийг Шинжлэх ухаан технологийн сургуулийн багш нарын буюу шинжээч нарын дүгнэлтээр Замын хөдөлгөөний дүрмийн 14.10-д заасан хэсгийг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироож, нэг хүн хүнд бэртсэн гэсэн зүйл ангиар захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн байна гэж буруутгасан. Замын хөдөлгөөний дүрмийн 14.10 дугаар заалтад хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна гэсэн зохицуулалтыг зөрчсөн гэж байгаа. Үүнээс харах юм бол хэргийн бодит нөхцөл байдал ямар байсан ба ачааны чиргүүлтэй том тэрэг байсан. Зайлшгүй зогсолт хийсэн үү? үгүй юу гэдгийг үзсэн холбогдох материал байна уу? гэхээр. Авто тээврийн үндэсний төвийн шинжээч тухайн тээврийн хэрэгслийн жаннамны боолт суларсан тул тоггүй болсон учраас тээврийн хэрэгсэл зайлшгүй зогсолт хийсэн байна гэх дүгнэлтийг гаргасан. Хориглосон газар гэдэг нь Замын хөдөлгөөний дүрмийн 14.8, 14.9 дүгээр зүйлүүдэд тодорхой заасан. Тэгэхээр яг хэрэг болсон газар буюу Тосонцэнгэл сумаас 5 км зайтай Хар үзүүр гэх газарт ямар нэгэн байдлаар түр болон удаан зогсохыг хориглосон тэмдэг, тэмдэглэгээ огт байдаггүй. Хохирогч нарын зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой мэдүүлгүүдийг өгдөг. “Өөдөөс машины гэрэл гялбаад гэнэт гараад ирсэн учраас огцом дарж осол, аваараас зайлсхийсэн” гэдэг байдлаар мэдүүлэг өгдөг. Гэтэл яг хэргийн нөхцөл байдлыг хараад үзэхээр тэнд өгсүүр замын тэмдэг гарснаас хойш 300-400 метрийн цаана тухайн аваар осол болсон байдаг. Өөрөөр хэлбэл харагдах орчин нээлттэй, тухайн өдөр бэлгийн тооллын шинийн 15 буюу тэргэл сартай, Цаг уур орчны шинжилгээний төвөөс авсан цаг агаарын нөхцөл байдлыг тодруулсан баримтад ямар нэгэн салхи шуурга, үүлшилт байхгүй цэвэр тунгалаг байсан талаарх агуулга бүхий тайлбарыг өгдөг. Тэгэхээр энэ хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоохдоо дээрх нөхцөл байдлыг анхан шатны шүүх төдийлөн анхаарч үзээгүй юм болов уу гэсэн нөхцөл байдал ажиглагдаж байгаа. Хэдийгээр энэ хэрэгт нэг хүний амь нас хохирч, нэг хүн хүнд бэртсэн байгаа, өмгөөлөгч нарын зүгээс удаа дараа эмгэнэл илэрхийлж хэргийн бодит нөхцөлүүдийг ойлгоосой гэсэндээ тайлбарлаж байсан. Хохирогч нарын ар гэрийн зүгээс маш их хүнд хэцүү туссан асуудлууд байгаа хэдий ч яг энэ хэргийн нөхцөл байдал нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой зүйл юм. Анхан шатны шүүхийн 03 дугаартай шийтгэх тогтоолд зөвхөн 3 шинжээчийн дүгнэлт буюу Замын хөдөлгөөний дүрмийн 14.10-д заасан хориглосон газар зайлшгүй зогсолт хийсэн жолооч тээврийн хэрэгслийг даруй чөлөөлөх арга хэмжээ авах ёстой. Тус 3 шинжээч нь “би л байсан бол 3 минутын дотор наад машиныг чинь зайлуулна, эсвэл ослын тэмдэг тавиад анхааруулах ёстой. Эсвэл тэр урсгал сөрөөд зогссон гээд байгаа тээврийн хэрэгслийг хойноо аваарын гэрлийг нь асаалгаж зогсох ёстой байсан” гэж мэргэжлийн шинжээч өөрөө дүгнэдэг. Гэтэл өнөөдөр М.Санжаадоржийн тухайд тухайн мэргэжлийн хүн мөн үү гэхээр биш. Тээврийн хэрэгсэл жолоодож яваа жолооч юм. Тийм учраас дээрх нөхцөл байдлыг авч үзэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү гэв.

Шүүгдэгч М.Санжаадоржийн өмгөөлөгч Д.Эрдэнэтуяа давж заалдах шүүхэд гаргасан тайлбартаа:

Д.Одбаяр өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдлын хүрээнд биш бүхэлд нь хянах үүрэгтэй. Тийм учраас хэргийг бүхэлд нь хянаж өгөөч гэсэн хүсэлтийг гаргаж байна. Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирч, хор уршиг учирсан зүйл байгаа. Гэтэл зам тээврийн ослын шалтгааныг огт тогтоож чадаагүй гэж үзэж байгаа. Ослын шалтгааныг бүрэн тогтоох ажиллагааг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн шинжээч нарын дүгнэлт байдаг. Гэтэл энэ дүгнэлт гарахаас өмнө буюу ослын шалтгаан тогтоогдоогүй байхад мөрдөгч 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хэргийг хүлээж аваад 22-ны өдөр шууд Өлзийжаргал, Жамбалчүлтэм нарыг хохирогчоор тогтоогоод М.Санжаадоржийн эсрэг ажиллагааг чиглүүлж эхэлсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчим зорилтод үл нийцэж байгаа. М.Санжаадорж Замын хөдөлгөөний дүрмийн 14.10-д зааснаар хориглосон газар зайлшгүй зогсолт хийсэн бол тухайн хэсгийг нэн даруй чөлөөлөх үүрэгтэй байдаг. Гэтэл талийгаач Ишдорж бол тээврийн хэрэгсэл жолоодож явсан ингэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэдэг нь хэрэгт авагдсан байсан нотлох баримтын хүрээнд шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон. Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д согтууруулах ундаа хэрэглэсэн, сэтгэцэд нөлөөлөх бодис, хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгсэл жолоодохыг хатуу хориглосон байдаг. Мөрдөгч хэргийн газрын үзлэг, гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэсэн гэдэг. Гэтэл хэргийн газрын үзлэг хийхдээ мөрдөгч нь хэргийн талаар мэдүүлээд байгаа гэрч Чүлтэмээс биологийн дээж цус авалгүй тухайн хэргийг шалгах ажиллагааг явуулсан. Ингээд Чүлтэмийн мэдүүлэгт “Шумуултын голын бетонон гүүр өнгөрөөд гүдгэр, гүвээтэй хэсгийн орой дээр гармагц урдаас гэрэл гялбаад машин мөргөсөн” гэдэг. Гэтэл яг бодит байдал дээр гүдгэр, гүвээтэй хэсэг байгаа гэсэн замын тэмдэг, тэмдэглэгээ байдаггүй. Миний хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг өнөөдрийг хүртэл гардаж аваагүй бөгөөд анхан шатны шүүхээс шууданд хийсэн гэсэн болов ч шуудан дээр очиж асуухад огт таны нэр дээр бичиг баримт ирээгүй байна гэсэн гэв.

Шүүгдэгч М.Санжаадорж давж заалдах шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний хувьд хохирогч нараасаа бүгдээс нь уучлалт хүсье. Би гарсан хохирол төлбөрийг хохирогч нарт 2022 оны 12 дугаар сар гэхэд төлж барагдуулах бодолтой байгаа. Иймд намайг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Пүрэвдорж/Тосонцэнгэл сумаас ZOOM/-р давж заалдах шүүхэд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүх энэ хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн гэж үзэж байгаа. Мөн анхан шатны шүүхээс нээлттэй үлдээсэн хохирлыг энэ хурлаар нэг мөр хянан шийдвэрлэж өгөөч гэв.

Прокурор Б.Чулуунхүү /Тосонцэнгэл сумаас ZOOM/-р дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхээс М.Санжаадоржийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 03 дугаартай шийтгэх тогтоол гарсан байгаа. Энэ хэргийн үйл баримтын тухайд М.Санжаадорж нь 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төвөөс 3 км зайд Хар үзүүр гэх газар 79-60 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад орон нутгийн замд зогсоож авто машинаа замаас чөлөөлөөгүйгээс Замын хөдөлгөөний дүрмийн 14.10-т заасныг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохирч, нэг хүний биед хүнд гэмтэл учирсан байгаа.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, хориглосон газар зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох хурдан нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна. Харанхуй үед болон үзэгдэх орчин хангалтгүй нөхцөлд тээврийн хэрэгслийн урд, ард гэрэл ойлгуур болон тэмдэг, тэмдэглэгээг байршуулаагүй бол Замын хөдөлгөөний дүрэмд заасан аюулгүй байдлыг хангаагүйн улмаас хүний амь нас хохирч, хүний эрүүл мэндэд хохирол учирсан байна гэж дүгнэж анхан шатны шүүхээс М.Санжаадоржид 4 жилийн хугацаагаар жолоодох эрхийг хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаатай тэнсэж шийдвэрлэсэн байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хувьд тухайн шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтаар М.Санжаадоржийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэж үзэж байна. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд ялаас өршөөж хасахыг хуульчилсан байдаг. Тус хуулийн 6.2 дугаар хэсэгт зааснаар М.Санжаадоржийн холбогдсон буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг багтаасан байгаа. Тухайн заалтад гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна гэж заасан бөгөөд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанаас хасахаар заасан зүйл байхгүй. Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасан тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгох зохицуулалт нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэгжилтээс өмнө шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон тохиолдолд хэрэглэхээр зохицуулсан зохицуулалт байгаа.

Тийм учраас Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр үнэн зөв дүгнэлт хийсэн гэж үзэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.  

Шүүгдэгч М.Санжаадорж нь 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө 02 цагийн орчим Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ар үзүүр гэх газарт 79-60 ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад орон нутгийн засмал зам дээр тоггүй болсон гэх шалтгааны улмаас замаа чөлөөлөхгүйгээр Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10-т заасан “хориглосон газар зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухай хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж зогссоны улмаас 53-01 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.Ишдоржийн амь нас хохирч, зорчигч Ц.Жамбалцүлтэмийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэргийн үйл баримт анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогджээ.  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Пүрэвдоржийн “...дүү Ц.Цүлтэм утас авч осолд орчихлоо Ишдорж ах өнгөрчихлөө гэхээр нь хаана юм бэ гэж асуухад Хар үзүүр өнгөрөөд засмал зам дээр гэж хэлсэн. Ослын газарт очихоор явж байтал өөдөөс машины гэрэл гялбаад байхаар нь автомашиныхаа гэрлийг хол дээр тавиад очиход чиргүүлтэй банз ачсан ачааны автомашин ертөнцийн зүгээр зүүн урдаас баруун хойшоо чиглэлтэй банз ачсан ачааны автомашин ертөнцийн зүгээр зүүн урдаас баруун хойшоо чиглэлтэй замын зорчих хэсэг дээр байсан ачааны машины урдуур нь тойрч гараад баруун гар тийш эргээд далан руу орж талийгаач ахынхаа машин дээр очоод үзэхэд талийгаач ах амьдыг шинжгүй амьсгалахгүй зүрхний цохилтгүй зүүн талын хүүхэн хараа нь өргөссөн, баруун нүд бүлтэрсэн байдалтай нас барсан байсан ... гэсэн мэдүүлэг,

 Хохирогч Ц.Жамбалцүлтэмийн “...би ах Цүлтэмийн хамт Т.Ишдоржийн хөдөө гэрт нь очиж хоноод маргааш малыг нь тарина гээд шөнө талийгаач ах Ишдорж ах Цүлтэм нарын хамт 00 цаг өнгөрч байхад шатахуун авчхаад дэлгүүрээс ундаа аваад засмал замаар ертөнцийн зүгээр зүүн урдаасаа баруун хойшоо чиглэлтэй хар үзүүр өөд өгсөөд явж байсан. Би суудлын голд нойр хүрэхгүй байхаар нь гэдийгээд унтах санаатай зүүрмэглээд явж байсан. тэгээд юу ч санахгүй 2-3 хоногийн дараа Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт сэрэхэд зам тээврийн осолд орсон гэдгийг манай аав надад хэлсэн “ ... гэсэн мэдүүлэг,

Гэрч Ц.Цүлтэмийн “...Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас гарч хар үзүүр гэх нэршилтэй газрын Шумуултайн голын бетонон гүүр өнгөрөөд явж байгаад авто замын гүдгэр, гүвээтэй хэсгийн орой дээр гартал бидний урдаас нэгэн машин гэрлээ тусгаад зогсож байгаа харагдсан. Тэгтэл талийгаач жолоодож явсан гэрлээ тусгаад зогсож байгаа харагдсан. Тэгтэл талийгаач жолоодож явсан машиныхаа холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлээд хэсэгхэн зуур явж байтал нэгэн хатуу зүйл рүү машин мөргөөд онхолдсон. Тэгээд хэсэг зуурт миний ухаан санаа балартаж нэг ухаан орсон чинь машин замын  хажуу талын шүрэн далан уруудаад явж байхаар нь би гар карданыг нь гараараа таттал машин зогссон. Машин зогсонгуут хурдны хайрцгийн арааны залгуурыг салгасан. Тэгээд би машины хаалгыг онгойлгож машинаас буугаад талийгаач ахыг нэрээр нь дуудтал талийгаачийн зүгээс хариу өгөхгүй болохоор нь би жолоочийн суудал нь хойш гэдийж тахийсан, талийгаачийн толгой хэсэг нь арын суудал руу унжсан байдалтай, ямар ч дуу авиа гарахгүй болсон байсан. Ингээд талийгаачийг нас барсныг мэдээд жолоочийн хажуу талыг суудлыг аравч дэрийг дэрлүүлж орхиод тэр дороо өөрийн төрсөн дүү Ц.Жамбалцүлтэмийг машины арын хаалгыг онгойлгон машинаас буулгаад газар хэвтүүлсэн. Тэгээд бидний урдаас машиныхаа гэрлээ тусгаад зогсож байсан машины хүмүүс рүү тусламж дуудсан боловч уг хүмүүс ирэхгүй болохоор нь өөдөөс нь явган очиход машины жолооч нь сайн танил Өнөрцэцэг гэгч хүн байхаар нь утсыг нь гуйж нагац ах Пүрэвдоржийн 88005652 дугаарын гар утас руу залгатал авахгүй байсан... гэсэн мэдүүлэг,

Гэрч Ё.Өнөрцэцэг, иргэний хариуцагч Д.Азжаргал, Ж.Дашзэвэг, О.Дэмбэрэл нарын мэдүүлэг, Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 000000030 дугаартай “... Амь хохирогчийн биед гэмтэл учирсан байна. Авто ослын гэмтэл, гавал тархины битүү гэмтэл, нүүрийг нэлэнхийд нь хамарсан буцарч, няцарсан хугарал, суурь ясны хугарал, тархины суурь хэсгийн эдийн няцрал, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, зүүн эгэм, зүүн 2, 3, 4 -р хавирганы хугарал, зүүн нүдний бүлтрэл, зүүн нүдний урд хэсгийг дайрсан эрүүний ооч, баруун сарвууны ар хэсэгт шарх, цээжний зүүн дээд хэсэг, баруун сарвууны ар хэсэг, баруун шуу, баруун сарвууны ар хэсэгт шарх, цээжний зүүн дээд хэсэг, баруун сарвууны ар хэсэг, баруун шуу, баруун мөрөнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.Зүүн нүдний бүлтрэлд гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт, зүүн эгэм, зүүн 2,3,4,-р хавирганы хугарал гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна.Бусад гэмтлүүд нь үхэлд нөлөөлсөн тул гэмтэл тогтоох боломжгүй. Гавал тархины битүү гэмтэл, нүүрийг нэлэнхийг нь хамарсан буцарч, няцарсан хугарал, суурь ясны хугарал, тархины суурь хэсгийн эдийн няцрал, зөөлөн  бүрхүүл доорх цус харвалт гэмтлүүд нь үхэлд хүргэхэд нөлөөлсөн... шинжээчийн дүгнэлт,

2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 000000249 дугаартай шинжээчийн”...Ц.Цүлтэмийн биед тархи доргилт, хамрын нуруунд сорви гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн  дүгнэлт    болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч М.Санжаадоржийн үйлдлийг прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн асуудалд хууль зүйн оновчтой дүгнэлт хийж, үйлдлийг зөв зүйлчилж шийдвэрлэсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилго, зарчимд нийцсэн байна.

 Шүүгдэгч М.Санжаадоржийн өмгөөлөгч Б.Одбаяр давж заалдах гомдолдоо... М.Санжаадоржийн холбогдсон хэрэг нь 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 05-ны өдөрт шилжих шөнө гарсан бөгөөд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж, мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжтой тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн  5.2-т зааснаар тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч М.Санжаадорж нь үйлдсэн гэмт хэрэг нь 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 05-ны өдөрт гарсан бөгөөд Монгол улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж, мөн сарын 06-ны өдөр дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т зааснаар өршөөлийн хуулийн үйлчлэлд хамаарч байна. хамаарч байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “энэ хуулийн 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно гэжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч М.Санжаадоржийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.Санжаадоржийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга  хэмжээ авч шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй боловч Өршөөлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийг хэрэглээгүй шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасныг хэрэглэж, шүүгдэгч М.Санжаадоржид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Энэ нь Эрүүгийн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд  өөрчлөлт оруулах үндэслэлд хамаарч байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах  нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн  1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн

 3 дахь заалтыг “2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 д зааснаар шүүгдэгч М.Санжаадоржид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Санжаадоржид ...” хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн 4.5 дугаар заалтуудыг тус тус хүчингүй болгож,  6, 7, 8, 9, 10, 11, 12,13 дахь заалтуудыг 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 гэж дугаарлаж, шүүгдэгч М.Санжаадорж түүний өмгөөлөгч Б.Одбаяр нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ    Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД  Ш.БАТТОГТОХ

 Ж.БАТТОГТОХ