Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2024/0202

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Гомдол гаргагч: ***** ХХК

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.У*******

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч О.Х

Гомдлын шаардлага: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн ***** ХХК-д оногдуулсан 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн **** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У, хариуцагч О.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гомдол гаргагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн ***** ХХК-д оногдуулсан 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн **** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлагаар маргаж байна.

2.Маргааны үйл баримтыг дурдвал

2.1.Иргэн Э.Ө 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ...***** ХХК ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргаж ёстой байтал гаргаж өгөхгүй, удаа дараа мэдэгдсэн боловч шийдвэрлэж өгөхгүй байгаа талаар Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст өргөдөл гаргажээ.

2.2.Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийх тухай 23 дугаар удирдамжаар 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн ажлын 10 хоног хяналт, шалгалт хийж гүйцэтгэхээр баталжээ.

2.3.Дээрх хяналт шалгалтын удирдамжийн дагуу Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ***** ХХК-д төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийсэн байна.

2.4.Тус хяналт, шалгалтын үеэр ***** ХХК нь иргэн Э.Ө байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.1 дэх заалтад заасан цалин болон ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг хугацаанд нь олгоогүй болох нь тогтоогджээ.

2.5.33 дугаартай ***** ХХК-д холбогдох зөрчлийн хэрэг нээж, 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай **** дугаар шийтгэлийн хуудас оногдуулжээ.

2.6.Тус шүүх гомдол гаргагч ***** ХХК-ийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн ***** ХХК-д оногдуулсан 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн **** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч О.Х холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

3.Гомдол гаргагч гомдлын шаардлагын үндэслэлдээ: Манай компани нь Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч О.Х 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн **** дугаартай шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, тухайн шийтгэлийн хуудас нь бодит байдалд нийцэхгүй, үндэслэлгүй байх тул дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч О.Х*******ын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн **** дугаартай шийтгэлийн хуудаст "Э.Өээлжийн амралтын цалинг цагт нь олгоогүй гэж ажил олгогч болох манай компанийг буруутгаж 5 /тав/ сая төгрөгийн торгууль ногдуулж, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөнджээ.

Гэтэл манай компани Э.Ө ээлжийн амралтын цалинд 2,094,586 төгрөгийг ажлын цагт ногдох үндсэн цалин болох 1,485,023 төгрөг дээр нэмэж тооцон хуульд зааснаар холбогдох татвар, шимтгэлийг хасаж тооцон нийт 2,594,528 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр *** ХААН банкин дахь **** дугаартай дансанд шилжүүлсэн.

Өөрөөр хэлбэл, шийтгэлийн хуудас гарахаас 3 хоногийн өмнө Э.Ө ээлжийн амралтын цалинг түүний дансанд шилжүүлсэн нь шийтгэлийн хуудаст заасан "ээлжийн амралтын цалинг олгоогүй гэх үндэслэлийг үгүйсгэж, шийтгэлийн хуудаст заасан үндэслэл нь бодит байдалд нийцэхгүй болохыг нотолж байна.

Э.Ө хувьд манай компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ ажилтны санаачилгаар цуцлах хүсэлтээ 2023 оны 11 дүгээр сарын 01- ний өдөр гаргасан бөгөөд Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу тойрох хуудсаа зуруулж ажил хүлээлцэх, ажил олгогч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон шийдвэр гаргах, хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болж байгаа ажилтны хувьд компанийн зүгээс ээлжийн амралтын хугацааг тооцон гаргах, Э. Ө хувьд хийж гүйцэтгэсэн ажил болон гүйцэтгэл дутуу ажлаа ажил олгогчид тайлагнах, компаниас түүнд хүлээлгэн өгсөн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг нягтлах, шалгах, *** оронд ажиллах ажилтныг хөдөлмөрийн зах зээлээс олох, хүний нөөцийг бүрдүүлэх зэргээр хөдөлмөрийн гэрээний талуудын зүгээс хийж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай ажиллагааны үед улсын байцаагч О.Х шийтгэлийн хуудас бүхий шийдвэрээ яаран гаргаж манай компанийг 5,0 сая төгрөгөөр торгож бидний хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн.

Манай "***** ХХК нь иргэн Э.Ө 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.4-т "Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болж байгаа ажилтанд ажилласан хугацаанд нь ногдох ээлжийн амралтын тооцоо хийж, цалинг бодож олгоно", 9.2.1-т "Ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажил олгогчид бичгээр мэдэгдсэн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсанд тооцогдоно. гэж тодорхой зохицуулж өгсөн.

Гэтэл Э.Ө нь ажилтны санаачилгаар хөдөлмөрийн харилцааг цуцлах хүсэлтээ 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажил олгогчид өгөөд ажил олгогчоос тухайн асуудлыг шийдвэрлээгүй байхад ажлын байраа дур мэдэн орхиж явсан.

Энэ үед *** ажлын байрыг зарлах, хүний нөөц бүрдүүлэх, *** ажлын байрны тодорхойлолтоор хариуцаж байсан ажил алба эзгүйдэж, дотоод зохицуулалт хийх, ажиллах хүчийг хуваарилах, компанийн үйл ажиллагааг хэвийн эрсдэлгүй явуулах зэрэг шаардлагууд үүсч, компани дотооддоо ажлууд хийх шаардлагатай болсон.

Улмаар гэрээнд заасан 30 хоногийн хугацаа 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болж, түүний ажилласан хоног, ээлжийн амралтын хугацааг тооцох, цалин олговор олгоход шаардлагатай тооцооллууд хүний нөөц, нягтлан ажилтнуудын хооронд хийгдэж 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр цалин болон ээлжийн амралтын цалинг Э. Ө олгосон.

Тодруулбал, Э. Ө олгох ээлжийн амралтын 15 хоногийн хугацаа хөдөлмөрийн гэрээ ажилтны санаачлагаар дуусгавар болсон өдөр болох 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцогдож улмаар 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр цалин болон ээлжийн амралтын цалинг тооцож Э.Ө олгосон. Энэ нь хууль болон гэрээнд заасан хугацааны хувьд "***** ХХК нь ямар ч зөрчил үүсгээгүйг нотлон харуулж байгаа бөгөөд хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн О.Х*******ын "*** ээлжийн амралтын цалинг цагт нь олгоогүй гэх шийтгэлийн хуудас бодит байдалд нийцэхгүй, үндэслэлгүй болохыг нотлон харуулж байна.

Түүнчлэн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч О.Х нь Захиргааны Ерөнхий хуульд заасан оролцогчийг сонсох ажиллагаа хийгээгүй, нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогчийн эрх, оролцоог хангах зэрэг хуульд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхгүй яаран шийдвэр гаргасан нь манай дотоод гэрээ, хөдөлмөрийн гэрээний талуудын хөдөлмөрийн харилцааны бодит нөхцөл байдлыг ойлгох боломжийг түүнд олгосонгүй гэж бид үзэж байна.

Иймд Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч О.Х "***** ХХК-д оногдуулсан 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн **** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

4.Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ***** ХХК барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манайд Э.Ө гэх иргэн ажиллаж байгаад ажлаас халагдсан. Ажлаас халагдахдаа өөрийн санаачлагчаар 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүсэлтээ гаргаж өргөдлөө өгөөд ажлынхаа байрыг хаяж явсан. Э.Ө ээлжийн амралтын цалинг хугацаанд нь олгоогүй гэх үндэслэлээр Хан-Уул дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хяналтын улсын байцаагч О.Х 5 сая төгрөгийн шийтгэл ногдуулсан. Манай хувьд Э.Ө хөдөлмөрийн гэрээ 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан. Энэ хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.4-т хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болоход ажилласан хугацааны ээлжийн амралтын тооцоог хийж цалинг татаж олгоно. 9.2.1-т ажилтан хөдөлмөр эрхлэх харилцааг цуцлах тухай ажил олгогчид бичгээр мэдэгдсэн өдрөөс хойш 30 хоног өнгөрөхөд ажлын байраа орхих эрхтэй бөгөөд энэ талаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдана гэж гэрээндээ заасан. Э.Ө 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүсэлт гаргаад манайхаас ямар нэгэн шийд хүлээлгүйгээр ажлын байраа орхисон.

Энэ хугацаанд манайд Б.Ө оронд ажиллах ажлын байрыг нөхөх, хүний нөөцөө бүрдүүлэх гэх мэт шаардлага үүссэн. Хөдөлмөрийн гэрээнд тохиролцсоныхоо дагуу 1 сарын хугацаанд өөр хүн олж томилох гэх мэт энэ ажлуудыг хийж байсан. Э.Ө нэгэнт гарах нь тодорхой юм байна гэж үзэн ажиллаж байсан цалин болон ээлжийн амралтын цалинг олгоно гэдэг нь тодорхой байсан. 30 хоног нь өнгөрөөд ээлжийн амралт нь 12 дугаар сарын 01-ээс тооцогдож эхэлж байсан. Ээлжийн амралт олгох журмаар 13 хоног ээлжийн амралт эдлэх боломжтой байсан. 2023 оны 11 дүгээр сарын 01-нд хүсэлт гаргаад 12 дугаар сарын 01-нд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болохоор үүнээс хойш ээлжийн амралтын хугацаа тоологдох байсан.

Энэ хугацаанд хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хяналтын улсын байцаагч О.Х шалгалтаа явуулж эхэлсэн. Шалгалтыг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд шалгалтаа хийнэ гэж тогтоож өгсөн байсан. Улсын байцаагчийн шалгалтын арга дээр ээлжийн амралтын тооцоо хийсэн талаар тодруулан шалгана гэсэн байсан. Энэ үед н.Б гэх хүн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцоод явж байсан. Энэ хүн өнөөдрийн байдлаар ажлаас чөлөөлөгдсөн. Манайх 12 дугаар сарын 15 гэхэд ээлжийн амралттай холбоотой цалинг олгож асуудлыг шийдэх боломжтой хугацаа байсан. Гэтэл 12 дугаар сарын 08-ны өдөр манайд 5 сая төгрөгийн торгуул оногдуулсан нь бодит байдалд нийцэхгүй байна. Ээлжийн амралт тооцох хөдөлмөрийн гэрээнд заасан манай эрх ашгийг хөндсөн гэж үзэж энэ шийтгэлийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан. Бид 12 дугаар сарын 08-нд ээлжийн амралт болон цалин олгосон баримтыг нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн. гэв.

5.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч О. Х би, 2023 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр егр цахим программаар иргэн Э. Ө өргөдлийг хүлээн авч, төлөвлөгөөт бус шалгалтын удирдамж батлуулан хяналт шалгалтыг эхлүүлсэн. Төлөвлөгөөт бус шалгалт хийж, өргөдөлд дурьдсан асуудал үндэслэлтэй эсэхийг тогтоохоор ХУД 15 хороо, ХААН таверт байрлах "*****" ХХК-ны оффист очиход захирал нь байхгүй, төлөөлөн уулзах хүн байхгүй гэж төрийн хяналт шалгалтад саад учруулж байсан. 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хохирогчийн мэдүүлэг авч, гомдол мэдээллийг прокурорт бүртгүүлсэн. "***** ХХК-аас № *** тоот албан бичгээр тус байгууллагын хуулийн зөвлөх С.Б хууль ёсны төлөөлөгчөөр томилуулахаар өгсөн хүсэлтийг үндэслэн**** эрхзүйн хэлбэрээр хууль ёсны төлөөлөгчөөр томилон холбогдогчийн мэдүүлэг авсан.

Холбогдогчийн мэдүүлгээр ажлаас гарсан тушаалыг гомдлын дагуу шалгалт орсны дараа гаргаж өгсөн ба тухайн үед ч ээлжийн амралтын цалинг олгоогүй байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар бүлгийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх заалт, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны*** тоот Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.3 дахь заалтаар ээлжийн амралтын цалин нь цалин хөлсний бүрэлдэхүүнд ордог. Мөн хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын *** тоот "Ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцох журам"-ын 2.8 дахь заалтаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болмогц ажилтантай ээлжийн амралтын тооцоо хийх ёстой. Мөн хөдөлмөрийн тухай хуулийн 83.6 дахь заалт /Ажил олгогч ажилтанд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тухай шийдвэр, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, бусад баримт бичгийг хөдөлмөр эрхлэлтийн хугацаа дуусгавар болсон өдөр хүлээлгэн өгөх цалин хөлс, олговор тэтгэмжийг хууль, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд заасны дагуу олгох үүрэгтэй.

Ажилтан Э. Ө хөдөлмөрийн гэрээний 3.1 дэх заалтаас харахад тус байгууллага нь сар бүрийн 5 ба 20-ны өдөр цалингаа 2 удаа хуваан олгоно гэсэн ба тухайн ажилтны тойрох хуудас нь 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өгсөн ч, цалинг болон ажлаас халагдсан тушаалыг хугацаанд нь олгоогүй болох нь баримт бичиг хохирогчийн болон холбогдогчийн мэдүүлгээр нотлогдсон тул хялбаршуулсан журмаар торгууль ногдуулан шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл цалинг ажилтан гомдол гаргаад хэрэг хянан шалгах явцад буюу 2023.12.08-нд олгосон нь хөдөлмөрийн гэрээнд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр саатуулсан Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь заалт /Ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй эсхүл саатуулсан/-ын зөрчил байсан. гэжээ.

6.Хариуцагч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Иргэн Э.Ө 2023 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр харьяа орон нутгийн хөдөлмөр халамжийн хэлтэст ажлаас халсан тушаал, шийдвэр гаргаж өгөхгүй байна, ээлжийн амралтын цалин олгохгүй байна гэсэн гомдол ирүүлсэн. Үүний хүрээнд ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу чөлөөт бус хяналт шалгалт эхлүүлэн удирдамж гарган шалгасан. Эхний ээлжид зөрчлийн шинж байгаа эсэхийг тодорхой мэдэхгүй байсан учир Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг удирдлага болгон хяналт шалгалт эхлүүлсэн. Гэтэл гомдол гаргагч компани хяналт шалгалтдаа хамрагдахгүй, очихоор захирал байхгүй гэх мэтээр хяналт шалгалтад саад учруулах байдал үүсэж байсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6 дахь заалтад ажил олгогч нь ажилтанд хөдөлмөр эрхлэлтийн хугацаа дуусгавар болгосон шийдвэр, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, бусад баримтыг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болсон үед хүлээлгэн өгөх, цалин олговор, тэтгэмжийг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу олгох үүрэгтэй гэж заасан. Энэ хүнийг 2023 оны 11 дүгээр сард ажлаас гаръя гээд хүсэлт гаргасны дагуу тойрох хуудас зурагдсан баримт, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу бүрдүүлсэн зөрчлийн материал дотор авагдсан байгаа. Өөрөөр хэлбэл тойрох хуудас гэдэг нь энэ байгууллагад ямар нэгэн өр төлбөр байхгүй ажлаас гарах боломжтой гэдгийг нь хүлээн зөвшөөрч бүх дарга нар нь гарын үсгээ зурсан. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар ээлжийн амралтын цалин нь цалин хөлсний бүрэлдэхүүн хэсэгт орж байгаа. Хөдөлмөр, нийгэм хамгаалалтын сайдын ээлжийн амралт олгох, ээлжийн амралт тооцох журмын 2.8 дахь заалтаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болмогц ээлжийн амралтын тооцоог хийх ёстой байсан. Гомдол гаргагч байгууллагын тушаал 11 дүгээр сарын 30-ны өдөр гарсан байсан. Хөдөлмөрийн тухай хуульд ажлаас халсан тушаал шийдвэр гарсан л бол даруй тэр хүний бичиг баримтыг цалин хөлсний хамт өгөх ёстой гэж зохицуулсан байна.

Манайх хөдөлмөрийн дотоод журмаа үндэслээд нэг сарын дотор олгох ёстой гэж хэлээд байгаагаас харахад дотоод журам нь өөрөө хуульд нийцээгүй байгааг харуулж байна. Баримтад хөдөлмөрийн дотоод журмаа хавсаргаж өгөөгүй. Нэхэмжлэлд хавсаргаж өгсөн баримтаас харахад хөдөлмөрийн гэрээнд заасан баримтаа сар бүрийн 5, 20-ны өдөр олгоно гэж заасан байна. Тэгэхээр цалингаа 5-д олгох байхад хугацаагаа хэтрүүлчихсэн. Тиймээс хүндэтгэж үзэх шалтгаан байхгүй байсан гэдэг нь баримтуудаар нотлогдож байна. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх хуулийн хүрээнд томилон шалгах хүнээ тухайн үед хуулийн зөвлөх н.Б******* гэх хүнийг томилж өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Үүний дагуу хууль ёсны төлөөлөгчөөр томилоод холбогдогчийн мэдүүлэг авахад тийм ээ, манайх цалинг нь олгоогүй гэсэн. Энэ байдал удаа дараа давтагддаг. Захирал нь хүмүүс ажлаас гарахад тушаалыг нь гаргаж өгөхгүй хүний эрхийг байнга зөрчдөг гэдгийг тухайн үед хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан н.Б******* мэдүүлэг дээр хэлсэн. Манайх энэ торгуулийг хүлээн зөвшөөрч байна гээд гарын үсгээ зураад хялбаршуулсан журмаар шийтгэлийн хуудсаа авсан. Энэ компанитай холбоотой ирж байгаа гомдол анх удаагийнх биш. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч гомдол гаргагчийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2.Гомдол гаргагчаас ... Хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа захиргааны ерөнхий хуульд заасан оролцогчийг сонсох ажиллагааг хийгээгүй мөн нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг цуглуулах үүргээ хэрэгжүүлэлгүйгээр маргаан бүхий захиргааны актыг гаргасан. гэж, хариуцагчаас ... Зөрчлийн холбогдогч буюу гомдол гаргагчийн хууль ёсны төлөөлөгчийг оролцуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан холбогдох хууль тогтоомж зөрчсөн зүйл байхгүй маргаан бүхий захиргааны акт нь хууль тогтоомжийн хүрээнд гарсан шийдвэр. гэж тус тус маргажээ.

3.Иргэн Э.Ө 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ... ***** ХХК ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргаж ёстой байтал гаргаж өгөхгүй, удаа дараа мэдэгдсэн боловч шийдвэрлэж өгөхгүй байгаа талаар Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст өргөдөл гаргасан байна.

4.Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийх тухай 23 дугаар удирдамжаар 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн ажлын 10 хоног хяналт, шалгалт хийж гүйцэтгэхээр баталжээ.

5. Дээрх хяналт шалгалтын удирдамжийн дагуу хариуцагч Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч О.Х***** ХХК-д төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийсэн байна.

6.Тус хяналт, шалгалтын үеэр ***** ХХК нь иргэн Э.Ө байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.1 дэх заалтад заасан цалин болон ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг хугацаанд нь олгоогүй зөрчил илэрчээ.

7.Дээрх зөрчилтэй холбоотойгоор хариуцагч Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч О.Х /цаашид хариуцагч гэх/ нь маргаан бүхий 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай **** дугаар шийтгэлийн хуудсыг бичсэн байна.

8.Дээрх шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч ***** ХХК-ийг хөдөлмөрийн гэрээнд заасан цалинг олгох хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр саатуулсан, Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь заалтыг зөрчсөн гэх зөрчлийг гаргасан гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2-т заасны дагуу 5000 /таван мянга/ нэгж буюу 5.000.000,00 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

9.Иргэн Э.Ө нь ***** ХХК-ийн Санхүүгийн төлөвлөлтийн менежерийн албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гаргаж, тус өдрөө тойрох хуудсыг эрх бүхий албан тушаалтнуудаар зуруулж, тооцоог дуусгаж, ажлаа хүлээлгэн өгсөн байна.

10.Дээрх хүсэлт, тойрох хуудсыг үндэслэн гомдол гаргагч ***** ХХК-ийн захирлын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/294 дүгээр тушаалаар иргэн Э.Ө*******ыг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэжээ.

11.Иргэн Э.Ө ажлаас чөлөөлсөн дээрх тушаал гарсантай холбоотойгоор гомдол гаргагч ***** ХХК-аас 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр иргэн *** 2023 оны 10 дугаар сарын цалин гэх 2,594,528.00 төгрөгийг иргэн *** дансанд шилжүүлсэн байна.

12.Иргэн Э.Ө нь хариуцагчид ... ***** ХХК нь миний гаргасан хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж миний ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг хуульд заасан хугацаанд гаргаж өгөхгүй байна. Мөн цалин хөлс, ээлжийн амралтын мөнгийг хугацаанд нь гаргаж өгөхгүй байна. гэх агуулгаар гомджээ.

13.Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйл.Цалин хөлс, 101.1.Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ. гэж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Журам батлах тухай*** дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.3.Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 101.1-д заасан үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшуулал орно., Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Журам батлах тухай А/191 дүгээр тушаалаар батлагдсан ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцох журмын 2.8.Ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, дуусгавар болгох үед олгогч нь ажилтантай ээлжийн амралтын тооцоог дараах байдлаар хийнэ.Үүнд: 1/ажилтанд ажилласан хугацаанд нь ногдох ээлжийн амралтын цалинг олгох; гэж тус тус заажээ.

14.Хууль болон журмын дээрх заалтуудаас үзвэл, ээлжийн амралтын цалин нь цалин хөлсд орохоор байх бөгөөд ажил олгогч нь ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох үед ээлжийн амралтын тооцоог хийж түүнтэй холбоотой цалин хөлсийг олгох үүрэгтэй байна.

15.Хөдөлмөрийн хуулийн 83 дугаар зүйл.Ажил хүлээлцэх, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосон тухай шийдвэр гаргах, 83.6.Ажил олгогч ажилтанд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тухай шийдвэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, бусад баримт бичгийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон өдөр хүлээлгэн өгөх, цалин хөлс, олговор, тэтгэмжийг хууль, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд заасны дагуу олгох үүрэгтэй. гэж зааснаас үзвэл мөн ажил олгогч нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан ажилтны ажлаас чөлөөлөгдсөн шийдвэрийг гаргаж өгч, холбогдох тооцоог дуусгаж, цалин хөлсийг олгох үүрэгтэй байна.

16.Маргаан бүхий тохиолдолд, иргэн Э.Ө нь 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байхад гомдол гаргагч ***** ХХК нь иргэн *** ажлаас чөлөөлөгдөх тушаалыг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гаргаж, ээлжийн амралтын цалинг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр олгосон нь дээрх хууль, журмыг зөрчсөн байна гэж үзэхээр байна.

17.Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл, гомдол гаргагчийн дээрх үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйл.Хөдөлмөрийн тухай хууль зөрчих, 9.2.ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан; гэж заасны дагуу шийтгэл оногдуулсан хариуцагчийн үйлдлийг буруутгах үндэслэлгүй байна.

18.Иймд дээрх үндэслэлээр гомдол гаргагч ***** ХХК-аас Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид холбогдуулан гаргасан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн ***** ХХК-д оногдуулсан 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн **** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6, Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагч ***** ХХК-аас Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид холбогдуулан гаргасан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн ***** ХХК-д оногдуулсан 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн **** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.