| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2017/0390/Э |
| Дугаар | 376 |
| Огноо | 2017-12-14 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Эсэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 376
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,
улсын яллагч Г.Эсэн,
шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Ц-ийн А-д холбогдох эрүүгийн 1710008220237 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 15-нд Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Моус Тайч” ресторанд тогооч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ******* тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Т овогт Ц-ийн А
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ц.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Ш-ын гэрээс 49 инчийн “Хеннес” загварын LCD зурагт, пүүз, куртик зэргийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Ц.А нь 2017 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ***************** тоотод иргэн Э.Ш-ын гэрт хамт байхдаа хохирогчийг ариун цэврийн өрөөнд нүүрээ угааж, бие засахаар орсон байхад нь 49 инчийн “Хеннес” загварын LCD зурагт, пүүз, куртик зэргийг эзэмшигчид нь мэдэгдэлгүй нууцаар сэм авч өөрийн эзэмшилд оруулан Э.Ш-т 1.180.000 /эд зүйлийн үнэлгээгээр/ төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Ц.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...Мэдүүлэг өгөхгүй, урьд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд үнэн зөв, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, нэмж ярих зүйл байхгүй...Би тухайн зурагтыг хаана зарснаа санахгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Эд зүйлийн үнэлгээ: “...49 инчийн “Хеннес” маркийн LCD зурагт 650.000 төгрөг,...”КD” хар өнгийн пүүз 450.000 төгрөг,...Улаан өнгийн өвлийн куртик 80.000 төгрөг...” /хх-ийн 4/
3. Хохирогч Э.Ш-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Болорчулуун, Ц.А гэх хоёр 10-н жилийн найзуудтайгаа 13 дугаар хорооллын Аялгуу нэртэй караокед 21:00 цагийн орчим орсон. Тэгээд бид гурав тэндээ нийт 2 шил Болор нэртэй 0,75 литрийн архи уусан. Болорчулуун түрүүлээд гэрлүүгээ харьлаа гээд яваад Ц.А бид хоёр үлдсэн байсан. Бид хоёр тэндээсээ цагийг нь сайн санахгүй байна 03:00 цагийн орчим гарч яваад тэндээсээ такси бариад манай гэрлүү ирсэн. Ирэх замаараа шууд 1 ширхэг 2 литрийн пиво аваад ирсэн. Гэртээ ороод тэрийгээ задлаад дээрээс нь уух гэж байгаад нойл руу ороод нүүр гараа угаагаад бие засчихаад 5-10 минутын дараа гараад ирсэн чинь зурагт байхгүй байсан. Гарч яваад гэрийн хяналтын камерыг үзэхэд миний пүүз болон куртикийг авч явж байгаа нь бичигдсэн байсан. Тэгээд цагдаа дуудсан. Ц.А-той дараа нь уулзахад би авчихсан юм уучлаарай төлж өгнө гэсэн зүйл ярьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6/
4. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 207-1-р байрны...үүдний хэсгийг харуулсан received_125351034819305 нэртэй хяналтын камерын бичлэгийг нээхэд 1 минутын бичлэг байх ба Хяналтын камерын бичлэг 2017.10.30-ны 06 цаг 47 минут орчмын бичлэг байх ба 00:31 секунд хүртэл үүдний хэсгийг харуулж байснаа 00.32 секундээс хойш орцны гадна хэсгийг харуулав. 00:37 секундэд үүдний хаалга онгойж гадуураа хүрэн улаан өнгийн хувцастай хүн зүүн гартаа гутал мэт хэлбэртэй зүйл барьж нуруундаа юм үүрээд орцноос гараад явав. 00:49 секундэд байрны булан тойроод эргэхэд баруун гартаа том хар өнгийн хавтгай зүйл барьсан байгаа нь бичигдсэнийг тэмдэглэлд тусгав...” /хх-ийн 27/
5. Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн тогтоол: “...Sony CD-R 700MB “207.1-1 тоот” 1710008220230 гэх бичигтэй саарал өнгийн Сиди 1 ширхэг...эд мөрийн баримтыг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Астра Вилла хотхоны хамгаалалтын албанаас хураан авсан...” /хх-ийн 26/
5. Яллагдагч Ц.А-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Болорчулуун, Э.Ш гэх хоёр 10-н жилийн найзуудтайгаа 13 дугаар хорооллын Аялгуу нэртэй караокед 21:00 цагийн орчим орсон. Тэгээд бид гурав тэндээ нийт 2 шил Болор нэртэй 0,75 литрийн архи уусан. Тэгээд би нилээн согтчихсон нэг харсан чинь Болорчулуун явчихсан Э.Ш бид хоёр үлдчихсэн байсан. Бид хоёр тэндээсээ цагийг нь сайн санахгүй байна 00:00 цагийн орчим гарч тэндээсээ такси бариад Э.Ш-ын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Астра Вилла хотхонд байдаг гэрийнх нь гадаа буугаад тэндээсээ пиво авахаар бид хоёр такситайгаа 19-ийн автобусны буудал дээр очиж нэг 2 литрийн пиво аваад буцаж гэрт нь ирсэн. Тэгээд тэрийгээ хувааж ууж байсан. Тэгээд нэг мэдсэн чинь би тэдний гэрээс нь гарчихсан зурагтыг нь барьчихсан зам дагуу харанхуй замаар явж байсан. Нэг такси зогсоож суусан. Би өглөө сэрсэн чинь хорооллын эцэст Нямдаваа гэх найзындаа унтаж байсан....Э.Ш над руу 10 дугаар сарын 31-ний өдөр...залгаад...зурагт болон куртик, пүүз гурваа асуусан...Би согтуудаа архи уух гээд л хулгайлаад гарчихсан юм...Нойл орчихсон байсан гэсэн. Гэхдээ би тэрийг нь санахгүй байна...Би энэ үйлдэлдээ харамсаж байна. Хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24, 25/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.А нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Ц.А нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ***************** тоотод иргэн Э.Ш-ийн гэрт хамт байхдаа хохирогчийг ариун цэврийн өрөөнд нүүрээ угааж, бие засахаар орсон байхад нь 49 инчийн “Хеннес” загварын LCD зурагт, пүүз, куртик зэргийг эзэмшигчид нь мэдэгдэлгүй нууцаар сэм авч өөрийн эзэмшилд оруулан Э.Ш-т 1.180.000 /эд зүйлийн үнэлгээгээр/ төгрөгийн хохирол учруулсныг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Иймд шүүгдэгч Ц.А-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.А-ийн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдсон бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг /240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх/ хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, хохирогч Э.Ш-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...гомдол санал байхгүй ээ,...хүлээлгэх хариуцлагад маргаангүй,...яллагдагчтай сайн дураар эвлэрсэн,...” гэсэн тайлбар /хх-ийн 45, 48/, хохирлыг төлөх талаар гаргасан баталгаа /хх-ийн / зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад шүүгдэгч Ц.А-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий 1 ширхэг дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Ц-ийн А-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т овогт Ц-ийн А-ийг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Ц.А-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг сануулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий 1 ширхэг дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТБОЛОР